Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 05 сарын 18 өдөр

Дугаар 215/МА2023/00019

 

 

Б.А-ийн нэхэмжлэлтэй

    иргэний хэргийн тухай

 

Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Энхтөр даргалж, шүүгч Ц.Оюун-Эрдэнэ, Ш.Баттогтох нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар,

Говь-Алтай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 133/ШШ2023/00143 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Говь-Алтай аймгийн ................. сумын ......... дугаар баг ... - ... тоотод оршин суух Б овгийн Б.А-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Говь-Алтай аймгийн ............сумын .............. багт оршин суух Б овгийн О.Б-д холбогдох,

Ноолуурын үнэ 8,086,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг 2023 оны 05 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, шүүгч Ш.Баттогтохын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.А, түүний өмгөөлөгч Ж.Д, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Баасансүрэн нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэлийн шаардлага: Ноолуурын үнэ 8,086,000 төгрөг гаргуулах тухай.

2. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл: Иргэн Б овогтой А миний бие нь Говь-Алтай аймгийн ............сумд 2021 оны 06 дугаар сарын эхээр ноолуур өндөр үнэтэй зарагдаж байна гэхээр нь ноолуур зарахаар очсон. ............сумд очоод иргэн Б уулзаж ноолуур авах эсэх талаар асуухад хар өнгийн 203.8 кг ноолуурыг 1 кг 113,000 төгрөг, цагаан өнгийн 8.7 кг ноолуурыг 1 кг-ыг 133,000 төгрөгөөр тооцож нийт 24,163,000 төгрөгөөр худалдаж авахаар тохиролцож ноолуурынхаа үнийг 14 хоногийн дотор төлье гэж хэлээд миний ноолуурыг авч үлдсэн. Анх ноолуур авахдаа бэлнээр 163,000 төгрөгийг төлсөн. Харин үлдэгдэл 24 сая төгрөгийг 14 хоногийн дотор өгнө гэсэн. О.Б нь дээр дурьдсан хугацаандаа төлж барагдуулаагүй. Удаа дараа утсаар ярьж холбогдож нэхэж байж 2021 онд Б нь өөрийн болон бусдын дансаар дамжуулан 12,700,000 төгрөг өгсөн. Миний бие Цагдаагийн байгууллагад 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр өргөдөл гаргаж шалгуулсан боловч иргэний эрх зүйн харилцаа үүссэн байна гэж үзэн 2022 оны 12 дугаар сарын 29-ний өдөр 213 дугаар Прокурорын тогтоолоор Хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзаж шийдвэрлэсэн. Түүнээс хойш О.Б нь үлдэгдэл төлбөрийг төлөх хугацаа өгөөч ээ би хүү тооцож өгье гэж хэлээд 2022 оны 1 дүгээр сараас 2022 оны 10 дугаар сар хүртэл хүү гэж бага багаар нийт 3,214,000 төгрөгийг миний данс руу шилжүүлсэн байдаг. Гэтэл миний бие үндсэн үлдэгдэл ноолуурын үнээ авъя гэж Говь-Алтай аймгийн шүүхийн Тамгын газрын дэргэдэх Эвлэрүүлэн зуучлах газарт хандсан боловч хүлээн зөвшөөрөөгүй. Миний хувьд тухайн ноолуурын мөнгөндөө хүү тооцоогүй бөгөөд энэ хүн миний ноолуурыг зарж олсон мөнгөөрөө эргэлдүүлж илүү ашиг олж авч, төлбөрөө хугацаандаа төлөөгүйгээс болж надад маш их хохирол учруулж байгаа болно. Иймд хариуцагч иргэн О.Баас миний ноолуурын үнэ болох 24 сая төгрөгөөс 12,700,000 төгрөг, мөн хүүнд төлсөн гэх 3,214,000 төгрөгийг хасаад үлдэгдэл үнэ болох 8,086,000 төгрөгийг хуулийн дагуу гаргуулж өгнө үү. 204 килограмм ноолуур өгөхдөө зарим нь минийх, заримыг нь би худалдаж авсан, зарим нь манай ах дүүсийн ноолуур байсан. ............сумд ирээд ноолуур авч байгаа хүмүүсийг асуугаад 112.000 төгрөгт авч байгаа гэхээр нь дахиад жоохон үнэтэй авч байгаа газар байна уу гэхэд О.Б гэдэг хүн авч байгаа гэсэн. Өнгийн ноолуурыг 113.000 төгрөг, цагаан ноолуур 133.000 төгрөгөөр авч байгаа. Зээлээр авбал 7-14 хоногт үнийг барагдуулна, бид нар найдвартай хүн гэхээр нь итгээд ноолуураа зээлсэн. Тэгэхэд ноолуурын мөнгийг өгөөгүй. Удаа дараа нэхэж байж 12.700.000 төгрөгийг аваад үлдэгдэл мөнгөө өгөхгүй байхаар нь 2021 оны 11 дүгээр сард цагдаагийн газар хандсан. Та хоёр тохиролцож өгч авалцсан юм байна. Энэ хүн мөнгөө төлнө гэж байна. Өгөхгүй бол дараа дараагийн шатанд хандаад аваад өгье гэж хэлсэн. О.Бын өөрийнх нь бичиж өгсөн падаан баримт болж байгаа. Би 2022 он гараад үлдэгдэл мөнгөө өгье гэхээр нь тэгье гэж хэлсэн. Тэрнээс өмнө мөнгөний хэрэгцээ гараад удаа дараа очиж мөнгөө нэхэж байсан. Утсаа авахгүй тохиолдолд зөндөө гарсан. Заримд нь би тэтгэврийн зээл авч өгсөн. 11.300.000 төгрөгөө авъя гэхээр албан ёсоор байгуулсан гэрээ байхгүй учир үндсэн мөнгөнөөс хасдаг юм байна. Би зөндөө хохирч байна. 8.086.000 төгрөгийг гарцаагүй авна. Үүнээс доош орох үндэслэл байхгүй. Ах дүү нартаа 8 сая төгрөгийн өртэй явж байдаг. О.Б өөрөө шүүх хуралдаанд оролцсон бол арай өөр өнцгөөс харах байсан байх. Зөвшөөрөөд 14 хоногт өгнө гэж хэлсэн. Би падаан бичүүлж авсан гэжээ.

 

3. Хариуцагчийн тайлбар: Тус шүүхэд хянан хэлэлцэгдэж байгаа Б.А нэхэмжпэлтэй О.Бад холбогдох иргэний хэрэгт хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч миний бие нэхэмжлэлийг гардан аваад О.Бийн зүгээс дараах байдлаар тайлбарлаж байгааг хүргэж байна. О.Б нь ............ сумын А гэдэг хүнээс 203,8 кг өнгийн ноолуур, 8,7 кг цагаан ноолуур авсан. Тухайн үед мөнгөгүй байгаагаа хэлэхэд манай ээжийг гуйгаад зээврээр ч болтугай аваадах гээд надад өгсөн. Манай сумд ноолуурыг 2 янзын үнэ худалдаж авдаг Баянхонгор аймгийн залаа жинстийн цагаан ямааны ноолуур буюу нарийн ширхэгтэй ноолуурыг өндөр үнэтэй авагддаг бөгөөд тухайн үед 130,000 төгрөгийн ханштай байсан. Харин манай аймгийн бусад сумдын ноолуурын ханш доогуур үнэтэй байдаг бөгөөд бүдүүн ширхэгтэй байдаг бөгөөд ............ сумын ноолуур бүдүүн ширхэгтэй байдаг. Иймээс бүдүүн ширхэгтэй өнгийн ноолуурыг 85,000, цагаан ноолуур 95,000 төгрөгийн ханшаар авч байсан. Иймд 8,7 кг цагаан ноолуур *95,000 төгрөг = 826,500 203,8 кг өнгийн ноолуурыг 85,000 төгрөг = 17,323,000 төгрөг болж нийт 18,149,500 төгрөг болсон миний зүгээс 15,914,000 төгрөг өгсөн 2,235,500 төгрөгийн үлдэгдэлтэй байна гэсэн тайлбарыг өгч байгаа болно. О.Б нь Улаанбаатар хотод эмчилгээтэй байгаа тул итгэмжлэгдсэн төлөөлөгч томилж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулж байгаа. Энэ хүний зүгээс тодорхой хэмжээний тайлбар өгсөн. ............ сум ............сум хоёрын ноолуурыг харьцуулахад өөр ноолуур байдаг. Нарийн микронтой ноолуур ирдэг учир үнэтэй байдаг. Манай аймгийн зарим сумаас ирсэн ноолуур өөр өөр байдаг. ............ сумаас ирсэн ноолуур бүдүүн ширхэгтэй учир хямд авсан гэж тайлбарласан. Итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс Говь-Алтай аймгийн Статистикийн хэлтсээс ноолуурын үнэ авахуулсан. Тэр үнэлгээг авахуулахад цагаан ноолуур 115.000 төгрөг, өнгийн ноолуур 110.000 төгрөгийн үнэтэй байсан. Тэгээд статистикийн дүн мэдээгээр эвлэрэх боломжтой байна гэхэд тэрийг боломжтой гэж үзээд эрхийг надад олгосон байгаа. Өөрсдийнх нь хэлж байгаагаар цагаан ноолуурыг 95.000 төгрөг, өнгийн ноолуурыг 85.000 төгрөгөөр авч байсан гэж мэдүүлдэг. Дундаж ханш ийм байсан гэхэд болно гэдэг байдлаар зөвшөөрлийг өгсөн. Тэгэхээр талууд хугацаа тохирч болох юм байна. Энэ хүмүүсийн дүнгийн тухайд 581.500 төгрөгийн зөрүүтэй байгаа. Эвлэрнэ гэвэл тодорхой хугацаанд мөнгийг өгөх талаас саналаа хэлж байна. Өгөх зүйл байгаа гэдгээ хэлж байсан гэжээ.

 

Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б овгийн О.Б-аас ноолуурын үнэ 8,086,000 /найман сая наян зургаан мянган/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б овгийн Б.А-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 144,326 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч О.Баас 144,326 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Ад олгож ..... шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх албадлагын шинжтэй, гомдол мэдээлэл шалгаж авсан өөрөөр хэлбэл О.Быг өөрийг нь шалгаж байхдаа гэрчээр өөрийнх нь эсрэг авсан мэдүүлгийг нь иргэний хэргийн нотлох баримт болгож хэргийг шийдвэрлэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь О.Б нь тухайн мэдүүлгийг өгөхдөө жирэмсэн байсан бөгөөд дутуу төрөх гээд хэвтэрийн дэглэм сахиж эмнэлэгт хэвтэхээр аймгийн төвд ирсэн байхад нь эрүүгийн мөрдөгч дуудаж төл төлөхгүй бол хорино цагдана гэж айлгаад би хэлсэн бүгдийг нь төлөхөөр тухайн үед зөвшөөрсөн гэдэг тайлбарыг итгэмжлэгдсэн төлөөлөгч надад тайлбарлаж байсан.

Иймээс иргэд хооронд ноолуур худалдаж авахаар тохиролцсон үнэ нь зах зээлийн ханшаас өндөр тохиролцох боломжгүй, ............ сумын ноолуурыг нарийн микронтой өөрөөр хэлбэл Баянхонгор аймгийн Залаа жинстийн цагаан ямааны ноолуурыг Говь-Алтай аймгийн сумдын ноолуураас өндөр үнэтэй авдаг байсан бөгөөд тухайн ноолуурын ханшаар Б-д ноолуур зарсан гэж нэхэмжилж байгаа бөгөөд нэхэмжлэгчээс Б-ын бичиж өгсөн зарлагын баримт гэж гаргаж өгсөн баримт нь тухайн ноолуурын үнийг янз янзаар бичсэн засвартай, нэхэмжилж байгаа дүнг нь барихгүй байдаг бөгөөд Б бичсэн гэдгийг ч нотлохгүй байдаг. Харин Говь-Алтай аймгийн Статистикийн хэлтсээс авсан тухайн үеийн ноолуурын үнэ ханшаар бодож Б ноолуурын үнийг гаргах боломжтой гэж үзэж байгаа болно. Үүнд 203.8 кг өнгийн ноолуур 110000=22418000, 8,7кг цагаан ноолуур *115000=1000500 нийт 23418500 төгрөг-өгсөн 15914000 = 7504500 төгрөг өгнө. Анхан шатны шүүх 8086000 төгрөг гаргахаар шийдвэрлэснийг нь хүлээн зөвшөөрөх боломжгүй учир нэхэмжлэлийн зарим хэсэг буюу 581500 төгрөгийг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч түүний өмгөөлөгч: Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх саналтай байна гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасан бүрэн эрхийнхээ хүрээнд зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаж анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэгч Б.А нь О.Бад холбогдуулан ноолуурын үнийн үлдэгдэл 8,086,000 төгрөг гаргуулахаар шаарджээ.

Нэхэмжлэгч Б.А нь хар өнгийн 203.8 кг ноолуурыг 1 кг нь 113,000 төгрөг, цагаан өнгийн 8.7 кг ноолуурыг 1 кг нь 133,000 төгрөгөөр тооцож нийт 24,163,000 төгрөгөөр худалдаж авахаар тохиролцож, бэлнээр 163,000 төгрөгийг төлсөн. Үлдэгдэл 24 сая төгрөгийг 14 хоногийн дотор өгнө гэсэн. 2021 онд Б нь өөрийн болон бусдын дансаар дамжуулан 12,700,000 төгрөг өгсөн. 2022 оны 1 дүгээр сараас 2022 оны 10 дугаар сар хүртэл хүү гэж бага багаар нийт 3,214,000 төгрөгийг миний данс руу шилжүүлсэн. Одоо үлдэгдэл 8,086,000 төгрөг гаргуулна гэж тайлбарлаж байна.

 

3. Хариуцагч тал нь тухайн үеийн ноолуурын зах зээлийн ханш нь ...бүдүүн ширхэгтэй өнгийн ноолуурыг 85,000, цагаан ноолуур 95,000 төгрөгийн ханшаар авч байсан. Иймд 8,7 кг цагаан ноолуур *95,000 төгрөг = 826,500 203,8 кг өнгийн ноолуурыг 85,000 төгрөг = 17,323,000 төгрөг болж нийт 18,149,500 төгрөг болсон миний зүгээс 15,914,000 төгрөг өгсөн 2,235,500 төгрөгийн үлдэгдэлтэй байна... гэж маргажээ.

4. Талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах худалдан авах гэрээний харилцаа үүссэн байна.

5. Хариуцагч О.Б нь 2021 оны 06 сарын эхээр нэхэмжлэгч Б.Агаас 203,8 кг өнгийн ноолуур, 8,7 кг цагаан ноолуурыг үнийг дараа төлөх нөхцөлтэйгээр худалдан авсан болохыг талууд хүлээн зөвшөөрч маргахгүй байна.

6. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.А нь хэлэлцэн тохиролцсон ёсоор 203,8 кг өнгийн ноолуур, 8,7 кг цагаан ноолуурыг хариуцагч О.Бад нийлүүлсэн тул ноолуурын үнийг гаргуулахаар шаардах эрхтэй байна.

 

7. Харин талууд тухайн ноолуурыг хэдэн төгрөгөөр худалдах, худалдан авахаар тохиролцсон, одоо хэдэн төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй болох нь маргааны зүйл болжээ.

Говь-Алтай аймгийн Прокурорын газрын 2021 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн 213 дугаар Прокурорын тогтоолоор ...1. Иргэн Б.Агаас 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр гаргасан Говь-Алтай аймгийн ............сумын төвд оршин суух Б.А нь 2021 оны 06 дугаар сард Б-д цагаан өнгийн 8.7 кг ноолуурыг килограммыг нь 133000 төгрөгөөр, хар өнгийн 203.8 кг ноолуурыг килограммыг нь 113000 төгрөгөөр, нийт 24186000 төгрөгөөр худалдсан бөгөөд 10.000.000 төгрөгийг өгч, үлдэгдэл 14.000.000 төгрөгийг өгөхгүй байна... гэх хэрэг бүртгэлийн ГМ-395/1612 дугаартай гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзаж шийдвэрлэжээ.

 

8.  Маргааны үйл баримтын нотлогдсон байдал:

Б.А гомдлын дагуу явуулсан эрүүгийн хэрэг бүртгэх ажиллагааны явцад гэрчээр өгсөн мэдүүлэгтээ О.Б нь 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр “...Би 2021 оны 06 дугаар сард ............суманд Б.А гэх хүнээс ноолуур авсан. Би 200 гаруй кг ноолуур 24,186,500 төгрөгөөр авсан. Би 186,500 төгрөг бэлнээр өгөөд үлдэгдэл 24,000,000 төгрөгийг борлуулчихаад өгье гэсэн. Би цувуулаад 10,000,000 төгрөг өгсөн. Үлдэгдэл мөнгийг 2 хуваагаад өгнө. Сарын сүүлээр 7,000,000 төгрөг, 12 сард үлдэгдлийг өгнө” гэж мэдүүлж байжээ.

Эндээс дүгнэхэд О.Б нь ноолуурын үнэ нийт 24,186,500 төгрөг болсон, үүнээс 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн байдлаар Б.Ад 14,000,000 төгрөгийн үлдэгдэл төлбөртэй байгаа гэдгийг хүлээн зөвшөөрч байсан нь дээрх баримт бичигт авагдсан мэдээллээр тогтоогдож байна.

 

9. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А нь шүүх хуралдаанд ............... сум ............сум хоёрын ноолуурыг харьцуулахад өөр ноолуур байдаг. Нарийн микронтой ноолуур ирдэг учир үнэтэй байдаг. Манай аймгийн зарим сумаас ирсэн ноолуур өөр өөр байдаг. ............ сумаас ирсэн ноолуур бүдүүн ширхэгтэй учир хямд авсан гэж тайлбарласан. Итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс Говь-Алтай аймгийн Статистикийн хэлтсээс ноолуурын үнэ авахуулсан. Тэр үнэлгээг авахуулахад цагаан ноолуур 115.000 төгрөг, өнгийн ноолуур 110.000 төгрөгийн үнэтэй байсан. Тэгээд статистикийн дүн мэдээнд тусгагдсан үнээр ноолуурын үнийг тооцож эвлэрэх боломжтой гэж тайлбарлажээ.

Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д Гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй гэж зааснаар талууд харилцан тохиролцсоны үндсэн дээр гэрээний нөхцөл, үнийг чөлөөтэй тодорхойлох эрхтэй байна.

Хэрэгт нотлох баримтаар ирүүлсэн 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн Гэрчээс мэдүүлэг авсан тэмдэглэл болон зохигчдын шүүхэд гаргасан тайлбар, ноолуур худалдан авах үедээ худалдан авагч талаас худалдагч талд олгосон зарлагын баримт зэргээр талууд гэрээ байгуулах үед хар өнгийн 203.8 кг ноолуурыг 1 кг нь 113,000 төгрөг, цагаан өнгийн 8.7 кг ноолуурыг 1 кг нь 133,000 төгрөгөөр тооцож худалдахаар харилцан тохиролцсон болох нь тогтоогдож байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тухайн үеийн зах зээлийн ханшаар тооцож төлөх боломжтой гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй байна.

Хар өнгийн 203.8 кг ноолуурыг килограмм тутмыг нь 113.000 төгрөгөөр, цагаан өнгийн ноолуурыг килограммыг нь 133.000 төгрөгөөр тооцож үзвэл 24.186.500 төгрөг болж байна.

10. Нэхэмжлэгч Б.А нь ...О.Б нь үлдэгдэл төлбөрийг төлөх хугацаа өгөөч ээ би хүү тооцож өгье гэж хэлээд 2022 оны 1 дүгээр сараас 2022 оны 10 дугаар сар хүртэл хүү гэж бага багаар нийт 3,214,000 төгрөгийг миний данс руу шилжүүлсэн байдаг. Хариуцагч иргэн О.Баас миний ноолуурын үнэ болох 24 сая төгрөгөөс 12,700,000 төгрөг, мөн хүүнд төлсөн гэх 3,214,000 төгрөгийг хасаад үлдэгдэл үнэ болох 8,086,000 төгрөгийг хуулийн дагуу гаргуулж өгнө үү... гэж тайлбарласнаас тооцож үзэхэд О.Баас нийт 15,914,000 төгрөгийг шилжүүлсэн гэдэгтэй зохигч маргаагүй байна.

Зохигчид ноолуурын нийт үнэ 24,186,500 төгрөгөөс ноолуур авах үед бэлнээр 186,500 төгрөг өгч 24,000,000 төгрөг үлдсэн. Үүнээс 15,914,000 төгрөгийг цувуулан төлсөн гэж тооцож үзэхэд нийт үлдэгдэл 8,086,000 төгрөг байна гэж дүгнэн шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байна.

11. Иймд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч О.Баас ноолуурын үнийн үлдэгдэл 8,086,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.Ад олгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй, шүүх албадлагын шинжтэй цагдаад гаргасан өргөдөл, өөрийн эсрэг өгсөн мэдүүлгийг үндэслэн нэхэмжлэлийг хангасан нь үндэслэлгүй гэх гомдлыг хүлээн авах боломжгүй байна. Уг баримт бичиг нь хуульд харшилсан, нотлох баримтын шаардлага хангахгүй гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагад холбогдох үйл баримтыг бодитой тогтоож, хэргийг шийдвэрлэхдээ хэргийн оролцогчийн эрхийг зөрчөөгүй, зохигчдын тайлбар, хэргийн нотлох баримтыг тухайн хэрэгт ач холбогдолтой эргэлзээгүй талаас нь үнэлж, хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн байна.

 

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Говь-Алтай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 133/ШШ2023/00143 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А-ийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 19.000 төгрөгийг улсын төсвийн орлогод  үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 167.5 дахь хэсэг, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор, анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлан хэрэглэсэн үндэслэлээр хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Ч.ЭНХТӨР

                               ШҮҮГЧИД                            Ц.ОЮУН-ЭРДЭНЭ

                                                                       Ш.БАТТОГТОХ