Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 08 сарын 29 өдөр

Дугаар 73

 

“Х Г” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Хэргийн индекс: 135/2019/00484/и

          Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Нарангэрэл даргалж, шүүгч С.Энхжаргал, Л.Амарсанаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

           Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 585 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч “Х Г” ХХК-ийн  нэхэмжлэлтэй,

Хариуцагч Н.Э-од холбогдох,

          “5.737.000 төгрөг гаргуулах” тухай иргэний  хэргийг

          Хариуцагч Д.Э-ын гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн

          2019 оны 07 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, шүүгч Л.Амарсанаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Оюунчимэг, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мандуул нар оролцов.

Нэхэмжлэгч “Х Г” ХХК-иас:

Н.Э- нь тус компаниас 2018 оны 09 сарын 01-ний өдрөөс 2018 оны 09 сарын 26-ны өдрийн хооронд дизелийн түлш худалдан аваад, үнийг нь төлөөгүй бөгөөд 2018 оны 11 сарын 23-ны өдөр тооцооны үлдэгдлийг 2 талаасаа тооцож үзэхэд 5.737.000 төгрөгийн төлбөртэй болох нь тогтоогдсон тул тооцооны үлдэгдлийн баталгаа хийсэн юм. Гэтэл Н.Э- нь хүлээн зөвшөөрсөн төлбөрөө төлөхгүй, утсаа авахгүй, эхнэрт нь хэлээд байхад ирж уулзахгүй байна. Иймд тооцоо нийлсэн баримт, зарлагын баримтуудыг үндэслэн 5.737.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч Н.Э-оос :

Иргэн Н.Э- би 2018 оны 09 сард хувиараа ажил хийж байх явцдаа
“Х Г” ХХК-иас дизель түлшийг авсан нь үнэн. Гэхдээ одоо дээрх компанид 5.737.000 төгрөг төлөх ёсгүй бөгөөд миний тооцсоноор төлөх мөнгө зөрж байна. Иймд “Х Г” ХХК-иас нэхэмжилсэн 5.737.000 төгрөгийг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм. Надаас илүү мөнгө нэхэмжилж байна гэж үзэж байна. Би дээрх мөнгөтэй холбоотой дизель түлшийг тус компаниас сар гаруй хугацаанд цувуулж авсан бөгөөд миний тооцоогоор 4.500.000 төгрөг авсан гэж үзэж байна гэжээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 585 дугаар шийдвэрээр:

            Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар хариуцагч Н.Э-оос 5.737.000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “Х Г” ХХК-д олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 106.742 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.Э-оос улсын тэмдэгтийн хураамжид 106.742 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “Х Г” ХХК-д олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч Н.Э- давж заалдсан гомдолдоо:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэтэрхий нэг талыг барьж зөвхөн “Х Г” ХХК-д ашигтай, намайг хохироосон шийдвэр гаргасан гэж үзэж байна. “Х Г” ХХК-иас цувуулж нийт 4.500.000 төгрөгийн үнэ бүхий дизелийн түлш авсан байхад надаас 5.737.000  төгрөгийн түлш авсан гэж илүү мөнгө нэхэмжилж, шүүх үүнийг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй юм.

Би тухайн үед авсан түлшээ хувийн тэмдэглэлийн дэвтэрт бичиж тэмдэглэдэг байсан ба энэ дэвтрээ гээгдүүлсэн тул нотлох баримтаар гаргаж хэрэгт хавсаргах боломжгүй байсан юм. Би өөрийн авсан түлшний үнэ болох 4.500.000 төгрөгийг төлөхөд татгалзах зүйлгүй бөгөөд илүү нэхэмжилсэн 1.237.000 төгрөгийг төлөхөөс татгалзаж, байгаа тул шүүх асуудлыг хуулийн хүрээнд үнэн зөв шийдвэрлэж өгнө үү.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч “Х Г” ХХК хариуцагч Н.Э-од холбогдуулж худалдаж авсан дизель түлшний үнэ 5.737.000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан, хариуцагч Н.Э- 4.500.000 төгрөгийн дизелийн түлш худалдаж авсан нь үнэн бөгөөд илүү  нэхэмжилсэн 1.237.000 төгрөгийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.

Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн, хариуцагч Н.Э- гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй гэж дүгнээд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн байна.

Давж заалдах шатны шүүх хариуцагч Н.Э-ын 1.237.000 төгрөг төлөхөөс татгалзсан тухай давж заалдсан гомдлоор хэргийг хянаад хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд талуудын шүүхэд гаргасан тайлбар зэргийг үнэлээд дараах дүгнэлтийг хийлээ.

Зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан зарлагын баримтууд, тооцооны үлдэгдлийн баталгаа зэрэг баримтаас үзвэл худалдагч тал Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө буюу 5.737.000 төгрөгийн үнэ бүхий дизель түлшийг худалдан авагчийн өмчлөлд 2018 оны 09 дүгээр 01-ний өдрөөс 2018 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн хооронд 3 удаагийн шилжүүлгээр шилжүүлж гэрээгээр тохирсон үүргээ биелүүлсэн болох нь хэргийн 5-9 дүгээр талд авагдсан бичгийн баримтуудаар нотлогдоно.

Харин худалдан авагч тал болох Н.Э- худалдан авсан дизель түлшний хэмжээний талаар маргаагүй боловч худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлөөгүй бөгөөд гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй гэж үзнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2-т “шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох буюу нотлох баримтыг цуглуулах буюу гаргаж өгөх үүрэгтэй” гэж заасны дагуу хариуцагч Н.Э- 1.237.000 төгрөг төлөхөөс татгалзсан татгалзлаа нотолж шүүхэд нотлох баримт  ирүүлээгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д зааснаар шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мэтгэлцэх үндсэн дээр хэрэгжүүлэх бөгөөд хариуцагч Н.Э- анхан шатны шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр оролцоогүй бөгөөд шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагчийн эзгүйд шүүх хуралдааныг хийж, хэргийг хянан шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй, мэтгэлцэх зарчим хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны бүх шатанд хэрэгждэг бөгөөд  хариуцагч нь хэдийгээр давж заалдсан гомдол гаргасан боловч давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцоогүй болно.

            Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, хууль буруу хэрэглээгүй, хэрэгт авагдсан бичгийн баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж хэргийг зөв шийдвэрлэсэн байх тул хариуцагч Н.Э-ын шүүх хэтэрхий нэг талыг барьж шийдвэрлэсэн, төлбөрөөс 1.237.000 төгрөг төлөхөөс татгалзаж байна  гэх давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж, шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

           1. Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 585 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Н.Э-ын давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагч Н.Э-оос давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 106.742 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар  талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногт  шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах  үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг  мэдэгдсүгэй.

 

 

                             ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  О.НАРАНГЭРЭЛ

                                                                ШҮҮГЧИД                                  С.ЭНХЖАРГАЛ

                                                                                                                   Л.АМАРСАНАА