Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 06 сарын 24 өдөр

Дугаар 585

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 135/2019/00484/и

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Оюунцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар  

 

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймгийн .. сум, “Х.ш.г” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Дархан-Уул аймгийн Дархан сум, .. баг, .. байрны ..тоотод оршин суух Н.Э-д холбогдох,

 

"Дизел түлшний үнэ 5,737,000 төгрөг гаргуулах” тухай шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

 Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Адъяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Х.ш.г” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Н.Э нь тус компаниас 2018 оны 09 сарын 01-ний өдрөөс 2018 оны 09 сарын 26-ны өдрийн хооронд дизелийн түлш худалдан аваад, үнийг нь төлөөгүй бөгөөд 2018 оны 11 сарын 23-ны өдөр тооцооны үлдэгдлийг 2 талаасаа тооцож үзэхэд 5,737,000 төгрөгийн төлбөртэй болох нь тогтоогдсон тул тооцооны үлдэгдлийн баталгаа хийсэн юм. Гэтэл Н.Э нь хүлээн зөвшөөрсөн төлбөрөө төлөхгүй, утсаа авахгүй, эхнэрт нь хэлээд байхад ирж уулзахгүй байна. Иймд тооцоо нийлсэн баримт, зарлагын баримтуудыг үндэслэн 5,737,000 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэв.

 

Хариуцагч Н.Э шүүхэд гаргасан тайлбартаа: “Иргэн Н.Э би 2018 оны 09 сард хувиараа ажил хийж байх явцдаа Х.ш.г ХХК-иас дизель түлшийг авсан нь үнэн. Гэхдээ одоо дээрх компанид 5,737,000 төгрөг төлөх ёсгүй бөгөөд миний тооцсоноор төлөх мөнгө зөрж байна. Иймд Х.ш.г ХХК-иас нэхэмжилсэн 5,737,000 төгрөгийг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм. Надаас илүү мөнгө нэхэмжилж байна гэж үзэж байна. Би дээрх мөнгөтэй холбоотой дизель түлшийг тус компаниас сар гаруй хугацаанд цувуулж авсан бөгөөд миний тооцоогоор 4,500,000 төгрөг авсан гэж үзэж байна” гэжээ.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “Х.ш.г” ХХК нь хариуцагч Н.Эод холбогдуулан худалдан авсан дизель түлшний үнэ нийт 5,737,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хариуцагч Н.Э нь дизель түлш худалдан авсан нь үнэн боловч илүү мөнгө нэхэмжилж байх тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж тайлбар гаргасан байна.

Зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан зарлагын баримтууд, тооцооны үлдэгдлийн баталгаа зэргээс дүгнэхэд талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн байна.

 

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ.

 

Энэхүү хуульд заасны дагуу худалдагч тал болох нэхэмжлэгч “Х.ш.г” ХХК нь тохиролцсон хэмжээний дизель түлшийг худалдан авагч талд шилжүүлэн өгсөн, хариуцагч Н.Э хүлээн авсан болох нь хариуцагч Н.Эын шүүхэд гаргасан “...Х.ш.г ХХК-иас дизель түлшийг авсан нь үнэн” гэсэн тайлбар, 2018 оны 09 дүгээр сарын 01, 2018 оны 09 дүгээр сарын 15, 2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн зарлагын баримтууд, талуудын үйлдсэн тооцооны үлдэгдлийн баталгаа зэргээр тогтоогдож байх бөгөөд шилжүүлсэн түлшний хэмжээний талаар талууд маргаагүй байна.

 

Хариуцагч Н.Э нь шүүхэд гаргасан тайлбартаа худалдан авсан дизель түлшний үнэд 5,737,000 төгрөг төлөх ёсгүй, 4,500,000 төгрөгийг төлөх тооцоо гарч байна гэсэн агуулга бүхий тайлбар гаргасан байгаа боловч энэхүү тайлбараа нотлоогүй, нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.2.2-т “шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй”, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д “Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй” гэж тус тус заасны дагуу хариуцагч Н.Э нь 5,737,000 төгрөгийг төлөхөөс татгалзсан татгалзлаа нотлох үүргээ биелүүлээгүй байна.

Мөн хэрэгт авагдсан тооцооны үлдэгдлийн баталгаа гэх баримтаар нэхэмжлэгч “Х.ш.г” ХХК-ийн захирал Т.Ч болон хариуцагч Н.Э нар нь 2018 оны 11 сарын 23-ны өдрийн байдлаар тооцоо нийлж, нийт 5,737,000 төгрөгийн өр төлбөр гарсныг харилцан баталгаажуулж, талууд гарын үсэг зурсан байна. Хариуцагч Н.Э нь энэхүү баримтыг үгүйсгээгүй, баримт үйлдсэнээс хойш төлбөр төлсөн болох нь тогтоогдохгүй байх тул хариуцагч Н.Эыг дизель түлшний үнэ болох 5,737,000 төгрөгийг төлөх үүргээ биелүүлээгүй гэж үзэх үндэслэлтэй байна.

Иймд хариуцагч Н.Эоос дизель түлшний үнэд нийт 5,737,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “Х.ш.г” ХХК-д олгож шийдвэрлэх нь зүйтэй байна гэж үзлээ.

 

Хариуцагч Н.Э нь шүүх хуралдааны товыг мэдсэн боловч шүүх хуралдаанд ирээгүй бөгөөд шүүхэд “...шүүх хуралд авга ахын бие муудаж, Ховд аймагруу явах болсон тул шүүх хуралд оролцож чадахгүй болсныг бичгээр мэдэгдэж байна” гэж өргөдөл гэх бичгийг  ирүүлсэн байна. Энэхүү өргөдлийг шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлт гэж үзэх боломжгүй байна.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т “хариуцагч... хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол нэхэмжлэгч хэргийг түүний эзгүйд хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргаж болно. Энэ тохиолдолд шүүх нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэнэ” гэж заасны дагуу хариуцагчийн эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

            1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар хариуцагч Н.Эоос 5,737,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “Х.ш.г” ХХК-д олгосугай.

 

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 106,742 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.Эоос улсын тэмдэгтийн хураамжид 106,742 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “Х.ш.г” ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

    

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              М.ОЮУНЦЭЦЭГ