Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 04 сарын 06 өдөр

Дугаар 102/ШШ2023/01342

 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Доржнамжин даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч:Баянгол дүүргийн ... тоотод оршин суух, эмэгтэй, Т... овогт Г...ын А...,

Нэхэмжлэгч:Баянзүрх дүүргийн ... тоотод оршин суух, эрэгтэй, Т... овогт Г...ын Ц...,

Хариуцагч:Баянгол дүүргийн ... тоотод оршин суух, эмэгтэй, Т... овогт Г...ын У...,

Баянгол дүүргийн ... тоотод байршилтай орон сууцны хамтран өмчлөгчөөс Г.А..., Г.Ц... нарыг хассан бүртгэлийг хүчингүй болгуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:Нэхэмжлэгч Г.А..., Г.Ц..., хариуцагч Г.У..., өмгөөлөгч О.О..., бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд С.Г...ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.П..., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Назгүль нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Г.А..., Г.Ц... нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Бид улсын бүртгэлийн ... дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүргийн ... тоот, 29 м.кв, 2 өрөө орон сууцанд талийгч аав Н.Г..., төрсөн эгч Г.У...ийн хамт амьдарч байсан бөгөөд орон сууц хувьчлах тухай хуульд заасан журмын дагуу 1997 оны 9 дүгээр сарын 5-ны өдрөөс хойш бид тухайн орон сууцны хамтран өмчлөгч болж улсын бүртгэлд бүртгүүлсэн. Бидний эцэг Н.Г... 2000 оны 5 дугаар сарын 12-ны өдөр нас барсан ба бидний төрсөн эгч Г.У... нь бидэнд мэдэгдэлгүй ганцаараа өв залгамжлах эрхийн гэрчилгээ гаргуулан авсан байсан.Ингээд өв залгамжлалаар тухайн орон сууцны өмчлөгчдийн бүртгэлд өөрчлөлт оруулахдаа 2002 оны 5 дугаар сарын 15-ны өдөр “Орон сууцны өмчлөлөөс хамтран өмчлөгч хасуулах тухай” хэлцлийг хуурамчаар үйлдэж, бидний хамтран өмчлөх эрхтэй Баянгол дүүргийн ... тоот орон сууцнаас биднийг хасуулж, дангаар өмчлөх эрхтэй болсон байна.Хуульд зааснаар хамтран өмчлөх эрхээс хасах тухай хэлцлийг хамтран өмчлөгчийн зөвшөөрөлтэйгөөр хийх ёстой байтал биднээс зөвшөөрөл авалгүй, бидний гарын үсгийг хуурамчаар дуурайж зурж хийсэн байна.Тус хэлцлийг хийх үед бид байгаагүй, өөрсдөө хүсэлт гаргаагүй, гэрээнд гарын үсэг зураагүй, хэн нэгэнд төлөөлөх эрхийн итгэмжлэл ч олгоогүй.Өөрөөр хэлбэл 2002 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн “орон сууцны өмчлөлөөс хамтран өмчлөгч хасуулах тухай” хэлцэлд бид хүсэл зоригоо илэрхийлсэн ямар ч үйлдэл хийгээгүй юм.Хэлцэл хийгдсэн гэх 2002 оны 5 дугаар сарын 15-ны өдөр Г.А... нь Монголд байгаагүй бөгөөд 2001-2006 он хүртэл Швед болон Герман улсуудад амьдарч байсан төдийгүй, 2002 онд Шведэд өөрийн охиноо төрүүлж байсан.Гэтэл эгч Г.У... нь бидэнд мэдэгдэлгүйгээр биднийг Баянгол дүүргийн ... тоот орон сууцны хамтран өмчлөгчөөс хасуулсан болохыг эгч Г.У...ийн нэхэмжлэлтэй манай ах /дүү/ Г.Д...д холбогдох иргэний хэрэгт биднээс гэрчийн мэдүүлэг авах үед олж мэдсэн.Биднийг өмчлөгчөөс хасуулсан бүртгэлийг бид мэдээгүй.Иймд хүчин төгөлдөр бус гэрээг үндэслэн Баянгол дүүргийн ... тоот орон сууцны хамтран өмчлөгчөөс Г.А..., Г.Ц... биднийг хассан бүртгэлийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Г.Ц... шүүх хуралдаанд тайлбарлахдаа:Нэхэмжлэлийн үндэслэл шаардлага нь маргаантай хэлцэл дээр зурагдсан гарын үсэг минийх биш, би 4 удаа гарын үсэг дээр шинжилгээ хийлгэсэн.Шүүхийн шинжилгээг үндэслэж хэргийг шийдвэрлэж өгнө үү.Бид хоёрын нэр байгаа гэдгийг ч мэдээгүй.Би Д... гэх хүний нэрийг байх ёстой гэж бодоод байгаа, байх ёстой хүний нэр яагаад байхгүй байна вэ гэж маргаад байгаа.Тэр хүний хүч хөдөлмөр орсон гэж үзэж байгаа.Г.Д...д баримт байхгүй, Г.У... бичиг баримттай, Г.Д... энэ байранд амьдраад 30 гаруй жил болж байна, байр Г.Д...д хамааралтай, Г.Д...гийн хөрөнгө байгаа юм.

Нэхэмжлэгч Г.А... шүүх хуралдаанд тайлбарлахдаа:Би 2002 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр Швед улсад очиж охиноо төрүүлсэн байсан, би 2002 онд Монгол улсад байгаагүй, гэрээнд гарын үсэг зураагүй, нотариат дээр очоогүй.Г.У...ийн нэхэмжлэлтэй манай ах /дүү/ Г.Д...д холбогдох иргэний хэрэгт биднээс гэрчийн мэдүүлэг авах үед Баянгол дүүргийн ... тоот орон сууцны хамтран өмчлөгчөөр бүртгэгдсэн, мөн хасагдсан тухай мэдсэн.Энэ байранд Г.Д... амьдардаг, энэ байр Г.Д...д хамааралтай, Г.Д...гийн хөрөнгө байгаа юм.Бидний хөрөнгө биш зөвхөн Г.Д...г бодож байна гэв.

Хариуцагч хариу тайлбартаа:Гэрч Б.Д...аас татгалзаж байна.Миний байр гэдгийг нэхэмжлэгч нар шүүхэд ирэхээс өмнө мэдэж байсан.Би өөрийн хуримтлуулсан мөнгөөр Баянгол дүүргийн ... тоот орон сууцыг хувьчлагдаагүй байхад нь Л.А... гэдэг хүнээс 1996 оны 12 дугаар сарын 14-ны өдөр 4,9 сая төгрөгөөр худалдаж авсан, 1997 оны 8 сард хөдөөгөөс аав, ээж,  дүү нарын хамт нүүж ирээд миний байранд ах Баяртай хамт амьдрахаар гуйхад нь өөрийн эзэмшлийн орон сууцандаа түр суулгаж байсан. Орон сууцны хувьчлал явагдаж байхад би Германаас аавд итгэмжлэл өгч явуулаад аав үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн гэрчилгээг хөөцөлдөж авахдаа өөрийнхөө болон миний хоёр дүү Г.А..., Г.Ц... нарыг гэрчилгээнд бичүүлсэн байсныг аавд хэлэхэд буцаагаад хасалт хийлгэчихнэ гэж байсан.

Намайг Германаас 2000 оны 5 сард ирэхэд аав, ээж хоёр өвчтэй хэцүү үе байсан, аав 2000 оны 5 дугаар сарын 12-ны өдөр нас барсан, би 2002 оны 5 дугаар сарын 15-ны өдөр Г.А..., Г.Ц... хоёртой ярилцаад өөрсдийн биеэр нотариат дээр очиж энэ хэлцлийг дүрэм журмын дагуу хийсэн тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэв.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд тайлбартаа:2002 оны 5 дугаар сарын 15-ны өдөр Г.У..., Г.А..., Н.Г..., Г.Ц... нарын 4 хүний өмчлөл бүхий Баянгол дүүргийн ... тоот 29 м.кв 2 өрөө Ү-..., үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ ... дугаартай орон сууцны өмчлөгч Н.Г... 2000 оны 5 дугаар сарын 12-ны өдөр нас барсан учраас түүнд ногдох хэсгийг өвлөхөөр хууль ёсны өвлөгч Г.У... өвлөх эрхийн гэрчилгээ авах тухай хүсэлт гаргасан, түүний хүсэлтээр орон сууцны өвлүүлэгчид ногдох хэсгийг охин Г.У...т өвлүүлэн гэрчилгээ олгохдоо өв залгамжлалын бүртгэлийн дэвтрийн 2020 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн бүртгэлийн 01 дугаарт Г.У..., хамтран өмчлөгчид болох Г.А..., Г.Ц... нарыг бүртгэлийн дэвтэрт гарын үсэг зуруулан гэрчилсэн байна.Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн байгууллага нь өвлөх эрхийн гэрчилгээг үндэслэн Г.У..., Г.А..., Г.Ц... нарын дундын өмчлөлд орон сууцыг бүртгэн өмчлөх эрхийн гэрчилгээг олгосон байна.Тухайн өдрөө өмчлөгч өөрчлөгдөж Г.У..., Г.А..., Г.Ц... нарын нэр дээр үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гармагц талууд хамтран өмчлөгч хасагдах хэлцэл хийсэн байна.Энэ нь 2002 оны гэрээний бүртгэлийн 35 дугаарт бүртгэгдэж гэрчлэгдсэн.Тухайн үед гэрээний талуудыг биеэр байлцуулан, иргэний үнэмлэхээр хувийн байдлыг тогтоож, гэр бүлийн гишүүдтэй тохиролцсоны үндсэн дээр тусдаа амьдрах болсон шалтгаанаар хамтран өмчлөгчөөс хасуулахаар хүсэл зоригоо илэрхийлсэн байх ба холбогдох хэлцэл болон бүртгэлийн дэвтэрт гарын үсэг тус тус зурсан байна.Тиймээс Г.У..., Г.А..., Г.Ц... нарын хооронд байгуулсан хамтран өмчлөгч хасуулах тухай гэрээ хүчин төгөлдөр гэрээ, иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй гэв.

Нэхэмжлэгч нараас:Иргэний үнэмлэхийн хуулбар, Г.У...ийн өмчлөлийн Баянгол дүүргийн ... тоотод байршилтай, 29 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцны гэрчилгээ, нэхэмжлэгч Г.Ц...гийн гадаад паспортын хуулбар, Г.У...ийн төрсний гэрчилгээний хуулбар, орон сууц хөлслүүлэх гэрээ, орон сууц өмчлөх эрхийн гэрчилгээ, Г.У..., Г.Д... нарын паспортын хуулбарыг шүүхэд өгсөн./1хх 31, 51-52, 115-118, 2хх 61, 62-63, 64-65/

Хариуцагчаас:Г.У...ийн гадаад паспортын хуулбар, Монголын хуульчдын холбооны мэргэжлийн хариуцлагын хорооноос Г.У...т өгсөн хариу, Хаан банкны мөнгөн шилжүүлгийн баримт, Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны засаг даргын 2022 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн тодорхойлолтыг шүүхэд өгсөн./2хх 95-96, 3хх 31-32, 69, 70/

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээс:Гэрээний 2002 оны бүртгэлийн дэвтрийн нүүр, Орон сууцны өмчлөлөөс хамтран өмчлөгч хасуулах тухай хэлцлүүдийг шүүхэд өгсөн./3хх 25-27/

Талуудын хүсэлтээр Г.А...ийн гэрчээр өгсөн мэдүүлэг, Нийслэлийн орон сууц хувьчлах товчоонд 1997 оны 9 дүгээр сарын 2-ны өдөр Г.У...ийн гаргасан өргөдөл, үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн мэдүүлэг, хотын орон сууц хувьчлах товчооны баримт, 1996 оны 12 дугаар сарын 14-ны өдөр У..., Б... нарын Д..., А... нартай хийсэн хэлцэл, мөнгө тушаасан баримтууд, Ч.Баяртын нас барсны бүртгэлийн лавлагаа, Г.А...ийн гэрлэлтийн бүртгэлийн болон гэрлэлт цуцлалтын бүртгэлийн лавлагаа, Орон сууцны өмчлөлөөс хамтран өмчлөгч хасуулах тухай 2002 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн Г.У..., Г.А... нар болон Г.У..., Г.Ц... нарын хооронд хийгдсэн хэлцэл, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн .. дугаар шинжээчийн дүгнэлт, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн 2957 дугаар шинжээчийн дүгнэлт, Монгол улсаас ХБНГУ-д суугаа элчин сайдын яамны баримт, U... болон А... фэйсбүүк хаягийн мессенжерээр харилцсан цахим баримтад үзлэг хийсэн тэмдэглэл, Г.Б...г гэрчээр асуусан тэмдэглэл, .... мэйл хаягт байгаа баримтад үзлэг хийсэн тэмдэглэл, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн ... дугаар шинжээчийн дүгнэлт, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн ... дугаартай шинжээчийн дүгнэлт, Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны засаг даргын 2022 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн тодорхойлолт, Хүн ам, өрхийн бүртгэлийн дэвтэр, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 7 дугаар сарын 8-ны өдрийн ... дугаар шинжээчийн дүгнэлт, холбогдох баримтууд, үзлэгийн тэмдэглэлийг шүүх бүрдүүлсэн./1хх 53,  54, 55, 56-57, 58, 59-99, 126, 132-133, 136-137,155-159, 217-221, 248-249, 2хх 50-53, 74-75, 85-92, 146-151, 234-250, 3хх 1-19, 70-78, 87-171, 179-187/

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй гэж үзэв.

Нэхэмжлэгч нар дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон.Үүнд:Бид Г.У...тэй 2002 оны 5 дугаар сарын 15-ны өдөр орон сууцны өмчлөлөөс хамтран өмчлөгч хасуулах тухай хэлцлийг хийгээгүй байхад энэ хүчин төгөлдөр бус гэрээг үндэслэн хийсэн Баянгол дүүргийн ... тоотод байршилтай орон сууцны хамтран өмчлөгчөөс биднийг хассан бүртгэлийг хүчингүй болгуулна гэж тайлбарласан.

Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн.Үүнд:Энэ байрыг би өөрийнхөө мөнгөөр авсан миний байр, аав эд нарыг бүртгүүлсэн байсан, эд нар нотариат дээр биеэр очиж орон сууцны өмчлөлөөс хамтран өмчлөгчөөс хасуулах тухай хэлцлийг хийсэн, нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж тайлбарласан.

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Нийслэлийн орон сууц хувьчлах товчоонд 1997 оны 9 дүгээр сарын 2-ны өдөр Г.У...ийн гаргасан өргөдөл, үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн мэдүүлэг, хотын орон сууц хувьчлах товчооны баримт, 1996 оны 12 дугаар сарын 14-ны өдөр У..., Баржав нарын Д..., А... нартай хийсэн хэлцэл, мөнгө тушаасан баримтууд, Орон сууцны өмчлөлөөс хамтран өмчлөгч хасуулах тухай 2002 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн Г.У..., Г.А... нар болон Г.У..., Г.Ц... нарын хооронд хийгдсэн хэлцэл, Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2019 оны 11 дүгээр сарын 4-ний өдрийн 7/8497 дугаартай баримт, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн ... дугаар шинжээчийн дүгнэлт, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн ... дугаар шинжээчийн дүгнэлт, Монгол улсаас ХБНГУ-д суугаа элчин сайдын яамны баримт, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн 1482 дугаар шинжээчийн дүгнэлт, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн 3190 дугаартай шинжээчийн дүгнэлт, Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны засаг даргын 2022 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн тодорхойлолт, Хүн ам, өрхийн бүртгэлийн дэвтэр, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 7 дугаар сарын 8-ны өдрийн ... дугаар шинжээчийн дүгнэлт, талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

Г.У...ийн Нийслэлийн орон сууц хувьчлах товчоонд 1997 оны 9 дүгээр сарын 2-ны өдөр гаргасан Баянгол дүүргийн ... тоотод байршилтай орон сууцыг хувьчилж авах тухай өргөдөл болон үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн мэдүүлэгт хамтран өмчлөгчөөр Г.А..., Н.Г..., Г.Ц... гэж бичигдсэн байна./1хх-34, 60/

Баянгол дүүргийн ... тоотод байршилтай орон сууцны өмчлөх эрх нь анх 1997 оны 10 дугаар сарын 6-ны өдөр Г.У..., Г.А..., Н.Г..., Г.Ц... нарын өмчлөлд бүртгэгдсэн болох нь Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2019 оны 11 дүгээр сарын 4-ний өдрийн 7/8497 дугаартай баримтаар нотлогдож байна./1хх-59/

Н.Г... 2000 оны 5 дугаар сарын 12-ны өдөр нас барсан, Г.У...т 2002 оны 5 дугаар сарын 15-ны өдөр 84 дугаартай нотариатчаас хууль ёсоор өв залгамжлах эрхийн гэрчилгээ олгож, Баянгол дүүргийн ... тоотод байршилтай, эрхийн улсын бүртгэлийн Ү... дугаарт бүртгэлтэй, орон сууцыг Г.У...т өвлүүлсэн байна./1хх-58, 59, 68/

Г.У... нь 2002 оны 5 дугаар сарын 15-ны өдөр Г.А..., Г.Ц... нартай тус тусад нь орон сууцны өмчлөлөөс хамтран өмчлөгч хасуулах тухай хэлцэл хийж, эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлд мэдүүлэг гаргасан байна./1хх-72, 73, 74/

Улмаар Баянгол дүүргийн ... тоотод байршилтай, 19 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр Г.У...ийг бүртгэж, үл хөдлөх өмчлөх эрхийн ... дугаартай гэрчилгээг 2002 оны 5 дугаар сарын 15-ны өдөр олгосон байна.

Нэхэмжлэгч нар нь 2002 оны 5 дугаар сарын 15-ны өдөр Г.У...тэй нотариат дээр очиж дээрх хэлцлийг хийгээгүй гэж маргаж, энэхүү хүчин төгөлдөр бус хэлцлийг үндэслэж хийсэн бүртгэлийг хүчингүй болгохыг хүсэж байх боловч зохигч талуудын хооронд 2002 оны 5 дугаар сарын 15-ны өдөр хийгдсэн “Орон сууцны өмчлөлөөс хамтран өмчлөгч хасуулах тухай” хэлцлүүдийг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоосон эрх бүхий байгууллагын шийдвэр болон баримтгүй байна.

Талуудын хүсэлтээр 2002 оны 5 дугаар сарын 15-ны өдөр хийгдсэн орон сууцны өмчлөлөөс хамтран өмчлөгч хасуулах тухай хэлцэлд зурагдсан гарын үсгийн бичвэрт хийгдсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн ... дугаар, 2020 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн .. дугаар, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн .. дугаар, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн .. дугаар, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 7 дугаар сарын 8-ны өдрийн ... дугаартай дүгнэлтүүд нь хоорондоо зөрүүтэй байна.

Нөгөө талаар нэхэмжлэгч нарын эд хөрөнгийн өмчлөх эрх ашиг бодитоор зөрчигдсөн байна гэж үзэх боломжгүй байна.

Учир нь нэхэмжлэгч нар нь Баянгол дүүргийн ... тоотод байршилтай, 19 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцны өмчлөгч байсан, улмаар өмчлөгчөөс хасагдсан тухайгаа Г.Д...д холбогдох иргэний хэрэгт гэрчийн мэдүүлэг өгөх үед мэдсэн, улмаар энэ байранд Г.Д... амьдардаг, түүний хөрөнгө гэж тайлбарлаж байна.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нар Баянгол дүүргийн ... тоотод байршилтай, 19 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр 1997 оны 10 дугаар сарын 6-ны өдөр бүртгэгдсэнээс хойш Г.Д...д холбогдох иргэний хэрэгт гэрчийн мэдүүлэг өгсөн үе хүртэлх хугацаанд тухайн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч гэдгээ мэдээгүй байсан, одоо зөвхөн Г.Д...гийн хөрөнгийг, эрх ашгийг хамгаалах гэж байгаа гэх агуулгаар нэхэмжлэлийнхээ үндэслэлийг тайлбарлаж байна.

Иймд Баянгол дүүргийн ... тоотод байршилтай орон сууцны хамтран өмчлөгчөөс Г.А..., Г.Ц... нарыг хассан бүртгэлийг хүчингүй болгох тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь үндэстэй гэж үзэв.

Г.Д... нь өөрийнхөө үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийг зөрчигдсөн гэж үзвэл хуульд заасан үндэслэл, журмын дагуу эрх бүхий байгууллагад хандахад энэхүү шийдвэр саад болохгүйг дурдах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.4-т заасан үндэслэлгүй байх тул Баянгол дүүргийн ... тоотод байршилтай орон сууцны хамтран өмчлөгчөөс Г.А..., Г.Ц... нарыг хассан бүртгэлийг хүчингүй болгуулах тухай Г.А..., Г.Ц... нарын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 372 000 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэрийг зохигчид, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч, гуравдагч этгээд, түүний төлөөлөгч  нар гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             З.ДОРЖНАМЖИН