Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 02 сарын 28 өдөр

Дугаар 210/МА2024/00405

 

 

 

 

 

2024 оны 02 сарын 28 өдөр

Дугаар 210/МА2024/00405

 

 

 

 

2024 02 28 210/МА2024/00405

 

Г.А Г.Ц- нарын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Д.Золзаяа, Э.Энэбиш нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 сарын 18-ны

өдрийн 102/ШШ2023/04678 дугаар шийдвэртэй

Г.А Г.Ц- нарын нэхэмжлэлтэй, Г.У-т холбогдох

Баянгол дүүргийн 14 дүгээр хороо, А байрны 00- тоотод байх орон сууцны хамтран өмчлөгчөөс Г.А Г.Ц- нарыг хассан хэлцлийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгож, холбогдох бүртгэлийг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг зохигчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Э.Энэбишийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Г.А Г.Ц-, хариуцагч Г.У-, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: Бид Баянгол дүүргийн 14 хороо, А байрны 00- тоотын 29 м.кв, 2 өрөө орон сууцанд талийгч аав Н.Г-, төрсөн эгч Г.У-ийн хамт амьдарч байх үедээ Орон сууц хувьчлах тухай хуульд заасны дагуу 1997 онд тус орон сууцны хамтран өмчлөгч болж улсын бүртгэлд бүртгүүлсэн. Бидний эцэг Н.Г- нь 2000 оны 05 сарын 12-ны өдөр нас барсан ба төрсөн эгч Г.У- нь дээрх орон сууцнаас бидний эцэгт ногдох хэсгийг бидэнд мэдэгдэлгүй ганцаараа өвлөн авсан байсан. Ингээд эцгийн өв залгамжлагчаар улсын бүртгэлд орон сууцны өмчлөгчөөр бүртгүүлэхдээ мөн Г.А Г.Ц- биднийг тухайн орон сууцны өмчлөлөөс хамтран эзэмшигч хасуулах тухай хэлцлийг 2002 оны 05 сарын 15-ны өдөр хуурамчаар үйлдэж, бидний Баянгол дүүргийн 14 хороо, А байрны 00- тоот орон сууцны хамтран өмчлөгчөөс хасуулж, дангаар өмчлөх эрхтэй болсон байна.

Хамтран өмчлөгчөөс хасагдах хэлцлийг тухайн хамтран өмчлөгчийн зөвшөөрлөөр хийх ёстой байтал биднээс зөвшөөрөл аваагүй, бид гарын үсэг зураагүй, тус хэлцлийг хийх үед бид байгаагүй, хүсэлт гаргаагүй , мөн хэн нэгэнд төлөөлөх эрх олгоогүй байхад баримт бичгийг хуурамчаар үйлдсэн байна. Хэлцэл хийсэн гэх 2002 оны 05 сарын 15-ны өдөр Г.А- нь Монголд байгаагүй бөгөөд 2001-2006 он хүртэл Швед болон Герман улсуудад амьдарч байсан төдийгүй, 2002 онд Шведэд өөрийн охиноо төрүүлж байсан.

Гэтэл эгч Г.У- нь биднийг дээрх 26 тоот орон сууцны хамтран өмчлөгчөөс 2002 онд хасуулсан болохыг эгч Г.У-ийн нэхэмжлэлтэй, Г.Д-д холбогдох иргэний хэрэгт биднээс гэрчийн мэдүүлэг авах үед олж мэдсэн ба үүнээс өмнө орон сууцны хамтран өмчлөгчөөс хасагдсаныг мэдээгүй. Иймд хүчин төгөлдөр бус гэрээг үндэслэн Баянгол дүүргийн 14 хороо, А байрны 00- тоот орон сууцны хамтран өмчлөгчөөс Г.А Г.Ц- нарыг хассан хэлцлийг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, холбогдох бүртгэлийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: Нэхэмжлэгч нар энэхүү маргаж байгаа орон сууц нь миний орон сууц гэдгийг шүүхэд ирэхээсээ өмнө мэдэж байсан. Би өөрийн хуримтлуулсан мөнгөөр энэхүү Баянгол дүүргийн 14 хороо, А байрны 00- тоот орон сууцыг 1996 оны 12 сарын 14-ний өдөр Л.А- гэх хүнээс 4,9 сая төгрөгөөр хувьчлагдаагүй байхад худалдаж авсан. Удалгүй 1997 оны 8 сард хөдөөгөөс аав, ээж, дүү нар хотруу нүүж ирээд энэ байранд амьдрахаар гуйхад нь түр суулгахаар зөвшөөрч амьдруулсан.

Орон сууцны хувьчлал явагдах үед би Герман улсаас аавдаа итгэмжлэл өгч, аав тус орон сууцны үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг гаргуулан авахаар хөөцөлдсөн ба энэ үедээ өөрийн болон дүү Г.А Г.Ц- нарыг хамтран өмчлөгчөөр гэрчилгээнд бичүүлсэн байсан. Үүнийг тухайн үед би мэдээд ааваас тодруулахад буцаагаад хасалт хийлгэчихнэ гэж байсан. Гэвч намайг Герман улсаас 2000 оны 5 сард ирэхэд аав, ээж хоёр өвчтэй байсан, аав 2000 оны 05 сарын 12-ны өдөр нас барсан зэроэг хэцүү үе таарсан. Би дараа нь 2002 оны 05 сарын 15-ны өдөр Г.А Г.Ц- хоёртой ярилцаад өөрсдийн биеэр нотариатч дээр очиж энэхүү хэлцлийг зохих журмын дагуу хийсэн тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэжээ.

 

3. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн тайлбарын агуулга: 2002 оны 05 сарын 15-ны өдөр Г.У-, Г.А-, Н.Г-, Г.Ц- нарын 4 хүний өмчлөл бүхий Баянгол дүүргийн 14 хороо, А байрны 00- тоотод орших 29 м.кв, 2 өрөө орон сууцны өмчлөгч Н.Г- 2000 оны 05 сарын 12-ны өдөр нас барсан учир түүнд ногдох хэсгийг өвлөхөөр хууль ёсны өвлөгч Г.У- өвлөх эрхийн гэрчилгээ авахаар хүсэлт гаргасныг үндэслэн ногдох хэсгийг охин Г.У-т өвлүүлэн гэрчилгээ олгож, өв залгамжлалын бүртгэлийн дэвтрийн 2020 оны 05 сарын 15-ны өдрийн бүртгэлийн 01 дугаарт Г.У-, хамтран өмчлөгчид болох Г.А Г.Ц- нарыг бүртгэлийн дэвтэрт гарын үсэг зуруулан гэрчилсэн байна.

Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн байгууллага нь өвлөх эрхийн гэрчилгээг үндэслэн Г.У-, Г.А Г.Ц- нарын дундын өмчлөлд орон сууцыг бүртгэн өмчлөх эрхийн гэрчилгээг олгожээ. Тухайн өдрөө өмчлөгч өөрчлөгдөж Г.У-, Г.А Г.Ц- нарын нэр дээрх үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гармагц талууд хамтран өмчлөгч хасагдах хэлцэл хийсэн байна. Энэ нь 2002 оны гэрээний бүртгэлийн 35 дугаарт бүртгэгдэж гэрчлэгдсэн. Тухайн үед гэрээний талуудыг биеэр байлцуулан иргэний үнэмлэхээр нь хувийн байдлыг тогтоож, гэр бүлийн гишүүдтэй тохиролцсоны үндсэн дээр тусдаа амьдрах болсон шалтгаанаар хамтран өмчлөгчөөс хасуулахаар хүсэл зоригоо илэрхийлсэн байх ба холбогдох хэлцэл болон бүртгэлийн дэвтэрт гарын үсэг тус тус зурсан байна. Иймд Г.У-, Г.А Г.Ц- нарын хооронд хийсэн гэрээ нь хүчин төгөлдөр гэрээ тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй гэжээ.

 

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5, 56.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Г.Ц-, Г.А- нарын нэхэмжлэлийн шаардлагаас 2002 оны 05 сарын 15-ны өдрийн Г.У-, Г.Ц- нарын орон сууцны өмчлөлөөс хамтран өмчлөгч хасуулах тухай хэлцлийг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож, Г.Ц-г Баянгол дүүргийн 14 хороо, А байрны 00- тоотод байх 19 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцны өмчлөгчөөс хассан бүртгэлийг хүчингүй болгож, дахин бүртгэхийг Улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгаж, нэхэмжлэгч Г.А-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 372,000 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас 186,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч нарт олгож шийдвэрлэжээ.

 

5. Нэхэмжлэгч Г.А-ийн давж заалдах гомдлын агуулга: Хуульд зааснаар хамтран өмчлөгчөөс хасах хэлцлийг хамтран өмчлөгчийн зөвшөөрөлтэйгээр хийх ёстой байтал надаас зөвшөөрөл авалгүй, миний гарын үсгийг хуурамчаар зурж хийсэн нь удаа дараагийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон. Миний хувьд таван удаагийн шинжээчийн дүгнэлтээр миний гарын үсгийн талаар янз бүрийн байдлаар дүгнэлт гарсан. Хариуцагч Г.У-ийн хүсэлтээр хийгдсэн сүүлчийн шинжээчийн дүгнэлтээр миний гарын үсэг биш гэж дүгнэсэн байхад шүүх ...Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтүүд хороондоо зөрүүтэй байна... гэж дүгнэхдээ яагаад энэ дүгнэлтийг үндэслээгүй талаар тодорхой тайлбарлаагүй байна. Хэлцэл хийгдсэн гэх 2002 оны 05 сарын 15-ны өдөр миний бие Монгол Улсад байгаагүй бөгөөд 2001-2006 он хүртэл Швед, Герман улсуудад амьдарч байсан учир сүүлийн шинжээчийн дүгнэлт нь бодит байдалд нийцсэн дүгнэлт юм. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг өөрчилж, миний нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

6. Хариуцагч Г.У-ийн давж заалдах гомдлын агуулга: Шүүх Г.А Г.Ц- нарын нэхэмжлэлээс 2002 оны 05 сарын 15-ны өдрийн Г.У-, Г.Ц- нарын хооронд хийсэн орон сууцны өмчлөлөөс хамтран өмчлөгч хасуулах тухай хэлцлийг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5, 75 дугаар зүйлийн 75.1 дэх заалтыг үндэслэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаж чадсангүй гэж үзэж байна.

6.1. Г.У-, Г.Ц- нарын хооронд хийсэн дээрх хэлцлийг эрх зүйн чадамжгүй этгээдийн хийсэн хэлцэл гэж дүгнэсэн үндэслэлийг Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2 дахь хэсэгт зааснаар тодорхойлохдоо нэхэмжлэгч нар өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэл гаргаагүй тул үл хөдлөх хөрөнгийг хэний хөрөнгөөр худалдаж авсан нь энэхүү маргаанд ач холбогдолгүй. Харин өмчлөгч нарын нэрийг улсын бүртгэлийн гэрчилгээнээс хассан хэлцэл хүчин төгөлдөр бус байх эсэхийг дүгнэх нь зүйтэй гэсэн атлаа хэрэгт цугларсан бусад нотлох баримтууд, маргааны үндэслэлд дүгнэлт хийж Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.3 дахь хэсэгт заасныг өргөн утгаар нь дүгнэж чадаагүйд гомдолтой байна. Өөрөөр хэлбэл би өөрийн өмчийг өмчлөгч бус этгээдийн өмчлөгчөөр бүртгүүлсэн улсын бүртгэлээс хасуулах хэлцлийг хийсэн.

6.2. Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг харгалзан үзэлгүйгээр Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1 дэх хэсэгт заасан хөөн хэлэлцэх ерөнхий хугацааг баримтлан нэхэмжлэгч нарын зүгээс ямарч баримтгүйгээр мэдсэн үе гэж хэлсэн үгээр дүгнэсэнд гомдолтой байна. Г.Ц- нь 2002 оны 05 сарын 15-ны өдөр 18 насанд хүрэхэд 2 сар дутуу байсан гэдгийг шүүх дүгнэсэн, энэ хугацаанаас хойшхи 20 жилийн хугацаанд Г.Ц- нь Монгол Улсад байнга оршин сууж байсан, нэхэмжлэл гаргах хүртлээ хөөн хэлэлцэх ерөнхий хугацааны талаас ч бага хугацаагаар гарч орж байсан нь хэрэгт баримтаар авагдсан.

6.3. Орон сууц хувьчлалын үед Монголын нийт хүн ам хүүхэд, хөгшидгүй орон сууц хувьчлалд хамрагдаж өмчтэй болох боломжтой эсэх талаар сонирхож, хэн, ямар орон сууцны өмчлөгч болж байгаагаа мэдэж байсан нь нийтэд ил зүйл болохыг шүүх харьцуулан үзэж хөөн хэлэлцэх хугацааг тоолох нь хууль зүйн үндэслэлтэй байсан ч шүүх ийнхүү дүгнэж чадаагүй нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн тогтоох хэсгийн 1 дэх хэсэгт нэхэмжлэгч Г.Ц-гийн нэхэмжлэлтэй холбоотой хэсгийг хүчингүй болгож, нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

7. Нэхэмжлэгч Г.А-ийн давж заалдах гомдолд гаргасан хариуцагчийн тайлбарын агуулга: Нэхэмжлэгч Г.А-ийн давж заалдах журмаар гаргасан гомдол нь үндэслэлгүй гэж үзэж байна. Г.А- нь 4-5 жилийн турш Герман, Швед улсад байсан гэжээ. Гэвч би урилга явуулж Германруу татсан ба урилгын 3 сарын хугацаандаа Монголруу буцаасан. Г.А- нь өөрөө тухайн хэлцлийг хийсэн гэх нотлох баримт нь хэрэгт авагдсан. 2002 оны 05 сарын 15-ны өдөр Г.А-ийн зөвшөөрөлтэйгөөр, түүний эдийн засаг муутай, хэцүү амьдралтай байхад нь Дарь эхэд би өөрийнхөө мөнгөөр хашаа, байшин авч өгсөн. Гэвч Г.А- намайг байхгүй байхад миний өөрийн өмчлөлийн орон сууцанд өмч хувьчлалын үед хамтран өмчилсөн гэжээ.

 

8. Хариуцагч Г.У-ийн давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгч Г.Ц-гийн тайлбарын агуулга: Давж заалдах гомдлыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Орон сууцны хамтран өмчлөгчөөс хасуулсан маргаан бүхий хэлцлийг хийхэд би байгаагүй бөгөөд гарын үсэг зураагүй. Мөн тухайн хэлцэл хийгдэж байх үед би 18 насанд хүрээгүй байсан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

9. Хариуцагч Г.У-ийн давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгч Г.А-ийн тайлбарын агуулга: Хэлэх тайлбар байхгүй. Хэргийг үнэн зөв шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хянаад, зохигчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрт хууль хэрэглээ, найруулгын шинжтэй өөрчлөлт оруулав.

 

2. Нэхэмжлэгч Г.А Г.Ц- нар хариуцагч Г.У-т холбогдуулан Баянгол дүүргийн 14 хороо, А байрны 00- тоотод байх орон сууцны хамтран өмчлөгчөөс Г.А Г.Ц- нарыг хасуулах тухай хэлцлийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгож, уг хэлцлийг үндэслэн дээрх орон сууцны хамтран өмчлөгчөөс Г.А Г.Ц- нарыг хассан улсын бүртгэлийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3. Г.А-, Г.У- нарын хооронд 2002 оны 05 сарын 15-ны өдөр хийгдсэн Орон сууцны өмчлөлөөс хамтран өмчлөгч хасуулах тухай хэлцлийг хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэхгүй гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болсон байна.

3.1. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дээрх хэлцэлд зурагдсан гарын үсгийн бичвэрүүд нь Г.А-, Г.У- нарын гарын үсэг мөн эсэхийг тогтоолгохоор шүүх шинжээч томилж, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 04 сарын 15-ны өдрийн 1244 дугаар, мөн оны 07 сарын 17-ны өдрийн 2957 дугаар, 2021 оны 08 сарын 13-ны өдрийн 1482 дугаар, 2022 оны 02 сарын 01-ний өдрийн 3190 дугаар, мөн оны 07 сарын 08-ны өдрийн 1933 дугаартай дүгнэлтүүд гарсан нь хоорондоо агуулгын зөрүүтэйг анхан шатны шүүх зөв дүгнэжээ. Шинжээчийн дүгнэлт нь бусад нотлох баримтын адил үнэлэгдэнэ. Анхан шатны шүүх шинжээчийн дүгнэлтийг хэрэгт авагдсан бусад нотлох баримт, зохигчийн тайлбартай харьцуулан дүгнэж, талууд орон сууцны өмчлөлөөс Г.А-ийг хасуулах тухай хэлцлийг нотариатаар гэрчлүүлэн улсын бүртгэлд бүртгүүлсэн нь Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2, 43.2.3-т заасан бичгээр хийх хэлцэлд тавигдах шаардлагыг хангасан, тэдгээрийн хооронд хэлцэл хийгдсэн гэж дүгнэсэн нь үндэслэлтэй байна.

 

4. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлж, маргааны үйл баримтыг зөв тогтоожээ.

 

4.1. Нэхэмжлэгч Г.А-ийн 2001-2006 онд Монгол Улсад байгаагүй, Швед улсад амьдарч байсан гэх тайлбар нь түүнийг 2001-2003 оны хооронд Монгол Улсын хилээр нэвтэрсэн бүртгэл авагдаагүй тухай Хил хамгаалах ерөнхий газрын 2019 оны 2-5а/12753 тоот, мөн Гадаад хэргийн яамны 2020 оны албан бичигт ...Монгол Улс нь Шведийн Хаант Улсад суугаа Элчин сайдын яамыг 2008 онд байгуулж, 2009 онд үйл ажиллагааг нээсэн, Г.А-т 2006 онд Швед улс дахь консулын газраас нутаг буцах үнэмлэх олгох боломжгүй... байсныг илэрхийлсэн албан бичгээр тус тус үгүйсгэгджээ. Анхан шатны шүүх нэхэмжлэгч Г.А-ийн 2002 оны 09 сард гадаадад хүүхдээ төрүүлсэн үйл явдал нь түүнийг 2002 оны 05 сарын 15-ны өдөр нотариатчид өөрийн биеэр бичиг баримттайгаа хүрэлцэн ирснийг үгүйсгэхгүй гэх анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгахгүй. Иймээс энэ талаархи нэхэмжлэгчийн тайлбар хэргийн баримтаар тогтоогдоогүй байна. /хх1-124, хх2-11 дэх тал/

4.2. Дээрх үндэслэлээр нэхэмжлэгч Г.А-ийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүх нэхэмжлэгч Г.А-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохдоо найруулгын алдаа гаргасныг залруулж, шийдвэрийн тогтоох хэсэгт нэхэмжлэгч Г.А-ийн хариуцагч Г.У-т холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай гэж давж заалдах шатны шүүхээс өөрчилнө.

 

5. Анхан шатны шүүх Г.Ц-, Г.У- нарын хооронд 2002 оны 05 сарын 15-ны өдөр хийгдсэн Орон сууцны өмчлөлөөс хамтран өмчлөгч хасуулах тухай хэлцлийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоож шийдвэрлэсэн нь зөв боловч нэхэмжлэгч Г.Ц-г эрх зүйн чадамжгүй этгээд гэж дүгнэсэн нь хууль хэрэглээний хувьд алдаатай болсныг давж заалдах шатны шүүхээс залруулан дүгнэв.

5.1. Иргэний хуулийн 18 дугаар зүйлийн 18.1, 18.2 дахь хэсэгт зааснаар 7 хүртэлх насны этгээд болон сэтгэцийн өвчний улмаас өөрийн үйлдлийн учир холбогдлыг ойлгохгүй, өөрийгөө зөв удирдаж чадахгүй болсон этгээдийг шүүх иргэний эрх зүйн чадамжгүйд тооцсоныг эрх зүйн чадамжгүй этгээд гэж тодорхойлдог. Гэтэл Г.Ц- нь 2022 оны 05 сарын 15-ны өдөр дээрх хэлцлийг Г.У-тэй хийх үедээ 17 настай байсан учир түүнийг эрх зүйн чадамжгүй этгээд гэж үзэхгүй. Энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт буруу байна.

5.2. Нэхэмжлэгч Г.Ц- дээрх хэлцлийг хийх үедээ 17 нас 10 сартай байсныг анхан шатны шүүх зөв тогтоосон бөгөөд тэрээр Иргэний хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсэгт зааснаар иргэний эрх зүйн бүрэн бус чадамжтай байжээ. Иргэний эрх зүйн бүрэн чадамж буюу иргэн өөрийн нэрээр эрх олж, үүрэг хүлээх чадвар 18 насанд хүрснээр бий болох учир Г.Ц-гийн хувьд мөн хуулийн 16 дугаар зүйлийн 16.3 дахь хэсэгт зааснаас бусад хэлцлийн хувьд хууль ёсны төлөөлөгчийн бичгээр олгосон зөвшөөрлийн үндсэн дээр хэлцэл хийх эрх үүснэ. Орон сууцны өмчлөлөөс хамтран өмчлөгч хасуулах тухай хэлцэл хийх зөвшөөрлийг Г.Ц-д түүний хууль ёсны төлөөлөгчөөс олгосон нь хэргийн баримтаар тогтоогдоогүй тул уг хэлцлийг хуулиар зөвшөөрөгдөөгүй буюу Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д зааснаар хууль зөрчиж хийгдсэн хэлцэл гэж үзнэ. /1хх.73/

 

6. Нэхэмжлэгч нар нь хариуцагчид холбогдуулан Баянгол дүүргийн 14 хороо, А байрны 00- тоотод байх орон сууцны хамтран өмчлөгчөөс Г.А Г.Ц- нарыг хассан хэлцлийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгож, улмаар уг бүртгэлийг хүчингүй болгуулах шаардлагыг гаргасан.

6.1. Хэлцлийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох нь нэхэмжлэлийн бие даасан шаардлага болохгүй харин нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болдог учир шүүх хэлцэл хүчин төгөлдөр бус болох нь тогтоогдсон нөхцөлд уг хэлцлийн үр дагаврыг арилгах эсэх асуудлыг шийдвэрлэнэг. Шүүхээс Г.Ц-, Г.У- нарын хооронд хийсэн хэлцлийг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоосон учир Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт Энэ хуулийн 56.1-д заасан хэлцэл хийсэн талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй гэж зааснаар нэхэмжлэгч Г.Ц- нь 2002 оны 05 сарын 15-ны өдрийн Орон сууцны өмчлөлөөс хамтран өмчлөгч хасуулах тухай хэлцлийг үндэслэн түүнийг орон сууцны хамтран өмчлөгчөөс хассан улсын бүртгэлийг хүчингүй болгохыг шаардах эрхтэй.

6.2. Шүүх хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг хянан шийдвэрлэх учиртайг анхан шатны шүүх анхаараагүйг давж заалдах шатны шүүхээс залруулж, хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагавар болох маргаж буй 2 өрөө орон сууцны хамтран өмчлөгчөөс нэхэмжлэгч Г.Ц-г хассан улсын бүртгэлийг хүчингүй болгохыг улсын бүртгэлийн байгууллагад даалгаж шийдвэрт өөрчлөлт оруулна. Иймд шийдвэрийн үндэслэх хэсэгт маргаан бүхий хэлцэл нь хууль зөрчсөн хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоосон байдлыг дүгнэж, хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагавар болох Баянгол дүүргийн 14 хороо, А байрны 00- тоотод орших 29 м.кв талбайтай, улсын бүртгэлийн Ү-00000000 дугаартай, 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн хамтран өмчлөгчөөс Г.Ц-г хассан улсын бүртгэлийг хүчингүй болгохыг улсын бүртгэлийн байгууллагад даалгасан өөрчлөлтийг анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт оруулна.

6.3. Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсэгт зааснаар улсын бүртгэлийн байгууллагын тогтолцоо нь улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага, түүний орон нутаг дахь газар, хэлтэс, тасаг, улсын бүртгэлийн ажилтан, хилийн чанадад ажиллаж байгаа Монгол Улсын Дипломат төлөөлөгчийн газрын консулын ажилтнаас бүрдэхээр хуульчилжээ. Иймд эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийг Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар тухайн үл хөдлөх эд хөрөнгө оршин байгаа нутаг дэвсгэрийн харьяаллын буюу Баянгол дүүрэгт орших улсын бүртгэлийн байгууллага хийх журамтай байна. Энэ агуулгаар Улсын бүртгэлийн ерөнхий газар нь бүртгэлийн чиг үүргийг хариуцан гүйцэтгэхгүй тул бүртгэл хийх байгууллагыг ерөнхий нэршлээр буюу анхан шатны шүүхийн шийдвэрт Улсын бүртгэлийн ерөнхий газарт гэснийг залруулж улсын бүртгэлийн байгууллагад гэсэн агуулгатай өөрчлөлтийг шүүхийн шийдвэрт мөн оруулах нь зүйтэй.

 

7. Нэхэмжлэгч нар орон сууцны хамтран өмчлөгчөөс хасагдсан болохоо 2019 онд мэдсэн тухайгаа тайлбарлаж Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх дэх Г.У-ийн нэхэмжлэлтэй, Г.Д-, М.О нарт холбогдох иргэний хэрэгт 2019 оны 06 сарын 03-ны өдөр Г.А-ийн өгсөн гэрчийн мэдүүлгийг нотлох баримтаар шүүхэд гаргажээ. Нэхэмжлэгч Г.Ц-гийн эрх нь зөрчигдсөн тухай мэдсэн хугацааг анхан шатны шүүх Г.А-ийн гэрчийн мэдүүлэг өгсөн цаг хугацаа болох ... оны ... сарын .. өдрөөсэхлэн тоолж, талуудын хооронд гэрээний үүрэгтэй холбоотой харилцаа үүсээгүй үндэслэлээр хөөн хэлэлцэх тусгай хугацаа хэрэглэгдэхгүйг дүгнэж, Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1 дэх хэсэгт заасан хөөн хэлэлцэх ерөнхий хугацааны дотор нэхэмжлэгч нэхэмжлэлээ гаргасан гэсэн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй байна. Иймд нэхэмжлэгч нарын шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн, уг хугацааг хэлцэл хийсэн 2002 оноос эхлэн тоолно гэх үндэслэлээр гомдол гаргасан хариуцагчийн давж заалдлыг хангах үндэслэлгүй байна.

 

8. Дээрх үндэслэлээр зохигчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний болон найруулгын өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 сарын 18-ны өдрийн 102/ШШ2023/04678 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтыг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт заасныг баримтлан Баянгол дүүргийн 14 дүгээр хороо, А байрны 00- тоотод орших 29 м.кв талбайтай, улсын бүртгэлийн Ү-2205001555 дугаартай, 2 өрөө, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн хамтран өмчлөгчөөс Г.Ц-г хассан улсын бүртгэлийг хүчингүй болгохыг улсын бүртгэлийн байгууллагад даалгаж, хариуцагч Г.У-т холбогдох хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг арилгуулах тухай нэхэмжлэгч Г.А-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, зохигчийн давж заалдах гомдлыг хангахгүй орохисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч Г.Ц-гийн төлсөн 186,000 төгрөг, хариуцагч Г.У-ийн төлсөн 70,200 төгрөгийг тус тус улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЗОЛЗАЯА

 

ШҮҮГЧИД Д.ЗОЛЗАЯА

 

Э.ЭНЭБИШ