Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 04 сарын 13 өдөр

Дугаар 102/ШШ2023/01437

 

 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Доржнамжин даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч:Чингэлтэй дүүргийн ... хаягт байрлах, регистр ..., Т... банк ХХК,

Хариуцагч:Баянгол дүүргийн ... тоотод оршин суух, регистр ..., Ж...ийн Б...,

Нэхэмжлэлийн шаардлага:14 712 973 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Л..., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Назгүль нар оролцов.

/Хариуцагч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй бөгөөд нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр түүний эзгүйд хэргийг хянан хэлэлцэв/

                                                         ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч  Т... банк ХХК нь хариуцагч Ж.Б...д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 14 712 973 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.Үүнд:

Ж.Б... нь 2020 оны 3 дугаар сарын 6-ны өдөр Т... банкнаас 25 000 000 төгрөгийн бизнесийн зээлийг, жилийн 19,2 хувийн хүүтэй, 40 сарын хугацаатай авсан, зээлийн гэрээний хугацаа 2023 оны 7 дугаар сард дуусна, зээлдэгч 2022 оны 7 дугаар сарын 15-ны өдрөөс хойш төлөлт хийгээгүй, зээл, зээлийн хүүгийн төлбөрийг төлөхгүй 202 хоног хугацаа хэтэрсэн байна.Б.Т...ийн аав хариуцагч Ж.Б...тай 2022 оны 12 дугаар сарын 8-ны өдөр утсаар ярихад Т...ийг гадаад явсан гэж хэлсэн.

Одоо зээлийн гэрээний үндсэн төлбөр 13 060 468 төгрөг, үндсэн хүүгийн төлбөр 1 597 706 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 54 797 төгрөг нийт 14 712 973 төгрөг хуримтлагдсан байна.Иймд Ж.Б...аас зээл, зээлийн хүүгийн төлбөр 14 712 973 төгрөгийг, улсын тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч Ж.Б... нь тайлбар өгөөгүй.

Нэхэмжлэгчээс:Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, зээлийн гэрээ, барьцааны гэрээ, харилцах дансны харилцагчийн хуулга, хүү тооцооллын хүснэгт, Т... банканд Б.Т...ийн гаргасан хүсэлтүүд, Т... банкнаас Б.Т...т хүргүүлсэн мэдэгдлүүдийг шүүхэд гаргаж өгсөн, /8-22/ хариуцагчаас шүүхэд баримт өгөөгүй.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй гэж үзэв.

Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон.Үүнд: Ж.Б... зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй тул үндсэн зээлийн үлдэгдэл 13 060 468 төгрөг, үндсэн хүүгийн төлбөр 1 597 706 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 54 797 төгрөг нийт 14 712 973 төгрөг гаргуулна гэж тайлбарласан.

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зээлийн гэрээ, барьцааны гэрээ, харилцах дансны харилцагчийн хуулга, хүү тооцооллын хүснэгт, Т... банканд Б.Т...ийн гаргасан хүсэлтүүд, Т... банкнаас Б.Т...т хүргүүлсэн мэдэгдлүүд, нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

Б.Т..., Ж.Б... нар Т... банк ХХК-тай 2020 оны 3 дугаар сарын 6-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, 25 000 000 төгрөгийг, жилийн 19,20 хувийн хүүтэй, 40 сарын хугацаатай зээлснээр талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-т зааснаар зээлийн гэрээний үүргийн харилцаа үүссэн байна./хх 8-11/

Б.Т..., Ж.Б... нар Т... банк ХХК-тай 2020 оны 3 дугаар сарын 6-ны өдөр барьцааны гэрээ байгуулж, 112 248 133 төгрөгийн үнэ бүхий бараа материалыг барьцаалсан байна./12-13/

Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1-т зааснаар зээлдэгч нар нь хамтран үүрэг гүйцэтгэгчид байх бөгөөд тэдний хамтран хүлээх үүрэг нь зээлийн гэрээгээр үүссэн байна.

Т... банк ХХК нь зээлийн мөнгөн хөрөнгийг зээлдэгч Б.Т...ийн харилцан дансанд шилжүүлсэн болох нь харилцах дансны хуулгаар нотлогдож байна./хх 14-15/

Т... банк ХХК-д зээлдэгч Б.Т... нь 2020 оны 3 дугаар сарын 9-ний өдөр, 2021 оны 12 дугаар сарын 1-ний өдөр зээлийн гэрээний үүргийг биелүүлэхийг зөвшөөрсөн баримт бичиж өгсөн байна./хх19-20/

Мөн Т... банк ХХК-аас Б.Т...т 2021 оны 3 дугаар сарын 9-ний өдөр, 2021 оны 11 дүгээр сарын 9-ний өдөр зээлийн гэрээний үүрэг биелүүлэх тухай мэдэгдэл өгсөн байна./хх 21-22/

Дээрх баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч байгууллага нь зээлийн гэрээний мөнгөн хөрөнгийг Б.Т...т шилжүүлж өгсөн, зээлийн гэрээний үүргийг Б.Т...ээс шаардаж байсан, тэрээр Б.Т... нь зээлийн гэрээний үүргийг зөвшөөрч байжээ.

Нөгөө талаар зээлдэгч Б.Т...ийг Монгол улсад байхгүй гэх үндэслэлээр дээрх зээлийн гэрээний үүргийг Ж.Б... дангаар хариуцах боломжгүй байна.

Дээрх үндэслэлээр Т... банк ХХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь үндэстэй гэж дүгнэв.

Хариуцагч Ж.Б... нь шүүхээс Т... банк ХХК-ийн нэхэмжлэлийг гардаж авахаас татгалзаж, улмаар баримтуудад гарын үсэг зурахаас татгалзсан болохыг дурдаж байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 231 514 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1-т заасныг баримтлан Ж.Б...аас 14 712 973 төгрөг гаргуулах тухай Т... банк ХХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 231 514 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигчид, тэдний төлөөлөгч нар шийдвэрийг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

                         

                       ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                         З.ДОРЖНАМЖИН