Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 06 сарын 05 өдөр

Дугаар 210/МА2023/01110

 

 

 

 

 

 

 

 

 

 

2023 06 05 210/МА2023/01110

 

 

ТБ ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Цогтсайхан даргалж, шүүгч Э.Энэбиш, шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 сарын 13-ны өдрийн 102/ШШ2023/01437 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч ТБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Ж.Б-д холбогдох, зээлийн гэрээний үүрэгт нийт 14,712,973 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Нямбазар илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Л, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.   Нэхэмжлэгч нэхэмжлэл, тайлбартаа: Ж.Б- нь 2020 оны 03 сарын 06-ны өдөр ТБ ХХК-аас 25,000,000 төгрөгийн бизнесийн зээлийг жилийн 19,2 хувийн хүүтэй, 40 сарын хугацаатай авсан. Зээлийн гэрээний хугацаа 2023 оны 07 сард дуусна. Зээлдэгч 2022 оны 07 сарын 15-ны өдрөөс хойш төлөлт хийгээгүй, зээл, зээлийн хүүгийн төлбөрийг төлөхгүй 202 хоног хугацаа хэтэрсэн. Б.Т-ийн аав хариуцагч Ж.Б-тай 2022 оны 12 сарын 08-ны өдөр утсаар ярихад Б.Т-ийг гадаад явсан гэж хэлсэн. Иймд үндсэн зээл 13,060,468 төгрөг, зээлийн хүү 1,597,706 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 54,797 төгрөг, нийт 14,712,973 төгрөгийг хариуцагч Ж.Б-аас гаргуулж өгнө үү гэжээ.

 

2.   Хариуцагч хариу тайлбар гаргаагүй болно.

 

3.   Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан Ж.Б-аас 14,712,973 төгрөг гаргуулах тухай ТБ ХХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 231,514 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

4.   Нэхэмжлэгч тал давж заалдах гомдолдоо: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.3 дахь хэсэгт нэхэмжлэгч нь хариуцагчийг өөр этгээдээр солих тухай хүсэлт гаргаагүй эсхүл зөвшөөрөөгүй бол шүүх хариуцагчийг сольж болохгүй, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ гэж тус тус заажээ. Анхан шатны шүүх хуулийг буруу хэрэглэн, хэт нэг талыг барьж нотлох баримтыг буруу үнэлсэн. Ж.Б- нь Төрийн банктай 2020 оны 03 сарын 06-ны өдөр байгуулсан зээлийн гэрээнд хамтран үүрэг хүлээсэн. Нэхэмжлэгч хэнийг хариуцагчаар сонгох нь хуулиар олгогдсон эрх юм. Иймд шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1.   Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлыг хангаж, шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

2.   Нэхэмжлэгч ТБ ХХК нь хариуцагч Ж.Б-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 13,060,468 төгрөг, зээлийн хүү 1,597,706 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 54,797 төгрөг, нийт 14,712,973 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ. /хх 1-2/

 

3.   Шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.1 дэх хэсэгт заасан хариуцагчид нэхэмжлэлийн хувийг гардуулах ажиллагааг хийсэн боловч хариуцагч Ж.Б- гарын үсэг зурахаас татгалзсан болох нь Нэхэмжлэл/ сөрөг нэхэмжлэл гардуулсан тухай баримт, түүнд хийсэн шүүгчийн туслахын тэмдэглэл-ээр тогтоогдож байна. /хх 29/

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.7 дахь хэсэгт зааснаар хариуцагч Ж.Б-ыг нэхэмжлэлийн хувийг гардан авсанд тооцох бөгөөд энэ нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад болохгүй юм.

 

4.   Улмаар, хариуцагч Ж.Б- нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2 дахь хэсэгт заасан нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүргээ биелүүлээгүй байна.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч Ж.Б-ыг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцох хууль зүйн үндэслэлтэй.

 

5.   ТБ ХХК болон Б.Т-, Ж.Б- нар 2020 оны 03 сарын 06-ны өдөр 103500566197 тоот Зээлийн гэрээ байгуулж, уг гэрээгээр зээлдүүлэгч нь 25,000,000 төгрөгийг жилийн 19,2 хувийн хүүтэй 40 сарын хугацаатай зээлдүүлэх, зээлдэгч нар зээлийн эргэн төлөлтийн хуваарьт заасан хугацаанд уг зээлийг зээлийн хүүгийн хамтаар буцаан төлөх, ийнхүү төлөөгүй тохиолдолд зээлийн хүүгийн 20 хувьтай тэнцэх хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөх нөхцөлийг тус тус харилцан тохиролцсон байна. /хх 8-11/

Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээний харилцаа гэж зөв тодорхойлжээ.

 

6.   Зээлдүүлэгч ТБ ХХК нь 2020 оны 03 сарын 06-ны өдөр зээлийн мөнгөн хөрөнгө болох 25,000,000 төгрөгийг зээлдэгч Б.Т-ийн эзэмшлийн ТБ ХХК дахь 385100015364 тоот данс руу шилжүүлэн өгч, зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн байна. /хх 14/

Зээлдэгч нар зээлийн эргэн төлөлтөд үндсэн зээл 11,939,531 төгрөг, зээлийн хүү 9,574,930 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 123,672 төгрөг, нийт 21,638,133 төгрөгийг төлсөн болох нь хэрэгт авагдсан Хүү тооцооллын хүснэгт-ээр тогтоогдож байна. /хх 18/

Зээлдэгч нар Зээлийн эргэн төлөлтийн хуваарь-ийг удаа дараа зөрчиж, 2022 оны 07 сарын 15-ны өдрөөс хойш төлөлт хийгээгүй байна. /хх 18/

ТБ ХХК нь зээлийн гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлэхийг зээлдэгч нарт мэдэгдсэн болох нь хэрэгт авагдсан мэдэгдлүүд, утсаар ярьсан тэмдэглэлээр нотлогдож байна. /хх 21-22, 23/

 

7.   Иймд нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт заасны дагуу зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт заасны дагуу үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг хариуцагчаас шаардах эрхтэй.

 

8.   Анхан шатны шүүх ...зээлийн гэрээний мөнгөн хөрөнгийг Б.Т-т шилжүүлэн өгсөн..., ...Б.Т-ийг Монгол улсад байхгүй гэх үндэслэлээр дээрх зээлийн гэрээний үүргийг Ж.Б- дангаар хариуцах боломжгүй... гэж дүгнэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байх тул давж заалдах шатны шүүх уг алдааг залруулна. Энэ талаарх нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлыг хангах үндэслэлтэй. Учир нь:

8.а. 2020 оны 03 сарын 06-ны өдөр 103500566197 тоот Зээлийн гэрээ-нд хариуцагч Ж.Б- нь гарын үсэг зурсан байх тул Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээний хамтран үүрэг гүйцэтгэгч болно.

8.б. Нэхэмжлэгч ТБ ХХК нь Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.3 дахь хэсэгт зааснаар өөрийн үзэмжээр аль ч үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн шаардах эрхтэй бөгөөд зээлийн мөнгөн хөрөнгийг Б.Т-т шилжүүлэн өгсөн нөхцөл байдал нь хариуцагч Ж.Б-ыг зээлийн гэрээний үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй.

 

9.   Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлтийг оруулах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.   Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 сарын 13-ны өдрийн 102/ШШ2023/01437 дугаар шийдвэрийн

тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч Ж.Б-аас 14,712,973 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ТБ ХХК-д олгосугай гэж өөрчлөн найруулж,

тогтоох хэсгийг 2 дахь заалтад ...56.1... гэснийг ...56.2... гэж, ...үлдээсүгэй гэснийг ...үлдээж, хариуцагч Ж.Б-аас улсын тэмдэгтийн хураамжид 231,514 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ТБ ХХК-д буцаан олгосугай гэж тус тус өөрчилж,

шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангасугай.

 

2.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч ТБ ХХК-аас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2023 оны 05 сарын 10-ны өдөр урьдчилан төлсөн 231,514 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЦОГТСАЙХАН

 

ШҮҮГЧИД Э.ЭНЭБИШ

 

Д.НЯМБАЗАР