Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 02 сарын 16 өдөр

Дугаар 102/ШШ2023/00784

 

 

 

 

 

2023 оны 02 сарын 16 өдөр

   Дугаар 102/ШШ2023/00784

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Гандиймаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг 1 дүгээр хороо тоотод оршин суух Х овогт Э Б /РД:  /

 

Хариуцагч: Баянгол дүүрэг 4 дүгээр хороо өөрийн байр Б З Д Т Г

 

Ажилгүй байсан хугацааны дутуу олгосон цалин 5,422,957 төгрөг гаргуулах, мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын нөхөн бичилт хийхийг даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв. 

 

Шүүх хуралдааны оролцогчид: нэхэмжлэгч Э.Б, хариуцагчийн төлөөлөгч Б.А

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Мөнгөнсаран

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Э.Б нь хариуцагч Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газарт холбогдуулан ажилгүй байсан хугацааны дутуу олгосон цалин 5,422,957 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын нөхөн бичилт хийхийг даалгах шаардлага гаргасан. Уг шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

 

1.1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 560 дугаартай шийдвэрээр хариуцагч Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын 2021 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн Б/282 дугаартай тушаалыг хүчингүй болгож, Э.Бг Баянгол дүүргийн 6 дугаар хорооын зохион байгуулагчийн албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг 2021 оны 3 дугаар сарын 25-ны өдрөөс 2022 оны 7 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл хугацаагаар тооцон гаргуулж, мөн хугацааны эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, бичилт хийхийг даалгаж шийдвэрлэсэн.

 

1.2. Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газраас ажилгүй байсан хугацааны цалинд 14,804,537 төгрөг олгосон ба тухайн цалинг тооцохдоо 2021 оны 3 дугаар сарын цалин хөлсийг оруулалгүй тооцсоноос 5,422,957 төгрөгийн цалин дутуу олгосон. Мөн одоог хүртэл ажилгүй байсан хугацааны эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөөгүй, шүүхийн  шийдвэрийг биелүүлээгүй байна гэжээ.  

 

2. Хариуцагч Б З Д Т Гнэхэмжлэлийг дараах үндэслэлээр зөвшөөрөхгүй байна. Үүнд:

 

2.1. Нэхэмжлэгчид ажилгүй байсан хугацааны олговорт 14,804,537 төгрөг олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлж шүүхийн шийдвэрийг бүрэн биелүүлсэн тул нэхэмжлэгчийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

3. Нэхэмжлэгчээс дараах нотлох баримтуудыг гаргаж өгсөн байна. Үүнд: нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, иргэний үнэмлэхний лавлагаа, Б З Д Т Гдаргын 2022 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн Б/417 дугаартай тушаал, 2022 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн Б/351 дугаартай тушаалыг гаргаж өгсөн байна. /ХХ-3-7  дугаар тал/

4. Хариуцагчаас дараах нотлох баримтуудыг гаргаж өгсөн байна. Үүнд: Б З Д Т Гдаргын 2022 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн Б/417 дугаартай тушаал, 2022 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн Б/351 дугаартай тушаал, төлбөрийн хүсэлт, Э.Бгийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолт, цалингийн карт, дундаж цалин хөлс тодорхойлох журам, Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газарт ажиллаж буй даатгуулагчийн 2021-2022 оны нөхөн тайлан нийгмийн даатгалын шимтгэл ногдуулалт, Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газрын нийгмийн даатгалын шимтгэл төлөлт зэрэг баримтуудыг гаргаж өгсөн байна. /ХХ-28-33, 60, 61, 70-79 дугаар тал/

 

5. Шүүхийн санаачлагаар болон хариуцагч талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг бүрдүүлсэн. Үүнд: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 560 дугаартай шийдвэр, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар, Нийгмийн даатгалын ерөнхий газар, Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсээс нэхэмжлэгчийн эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх лавлагаа, холбогдох баримт /ХХ-43-53, 68-69 дугаар тал/

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангах үндэслэлтэй байна. Учир нь:

 

2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Б З Д Т Гнь Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 560 дугаартай шийдвэрийн дагуу эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж бичилт хийгээгүй ба ажилгүй байсан хугацааны цалинд 5,422,957 төгрөгийг дутуу олгосон, дутуу олгосон цалин гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг даалгаж өгнө үү гэжээ.

 

3. Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр эс зөвшөөрсөн. Үүнд: Нэхэмжлэгчид ажилгүй байсан хугацааны олговорт 14,804,537 төгрөг олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлж Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг бүрэн биелүүлсэн тул нэхэмжлэгчийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.  

 

4. Хэрэгт авагдсан нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

4.1. Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын 2021 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн Б/282 дугаар тушаалаар Э.Бг Баянгол дүүргийн 6 дугаар хорооны зохион байгуулагчийн ажлаас чөлөөлжээ. Уг тушаал нэхэмжлэгч эс зөвшөөрч шүүхэд гомдол гаргасан байх ба Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 560 дугаар шийдвэрээр дээрх тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгчийг урьд эрхэлж байсан ажилд нь эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг 2021 оны 3 дугаар сарын 25-ны өдрөөс 2022 оны 7 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл хугацаанд тооцон олгох, мөн хугацааны нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг даалгаж шийдвэрлэжээ. Дээрх шийдвэр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 110 дугаар зүйлийн 110.1.1 дэх хэсэгт зааснаар хуулийн хүчин төгөлдөр болсон байна.

 

Дээрх шийдвэрийн дагуу нэхэмжлэгчид 14,804,537 төгрөгийг ажилгүй байсан хугацааны цалинд тооцож олгосон болох нь зохигчдын тайлбар, Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын 2022 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн Б/351, 2022 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн Б/417 дугаар тушаалаар тогтоогдсон, энэ асуудлаар талууд маргаагүй.

 

Харин дээрх цалин хөлсийг тооцохдоо Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/192 дугаар тушаалаар батлагдсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ыг зөрчиж, 2021 оны 3 дугаар сарын цалин хөлсийг оруулан тооцоогүйгээс 5,422,957 төгрөгийн цалин хөлсийг дутуу олгосон гэж маргажээ.

 

Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/192 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын 2.3 дахь хэсэгт “Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу ажилтанд олгох дараах олговор, тэтгэмжийг тооцох дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтны сүүлийн 3 сарын цалин хөлсөөр тооцно” гэж заасан. Энэхүү журмыг 2022 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө. Иймд дээрх журамд заасан аргачлалаар нэхэмжлэгчийн 2022 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 2022 оны 7 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл хугацааны цалин хөлсийг тооцож олгоно. Үүнээс өмнөх хугацааны цалин хөлсийг тооцохдоо Нийгэм хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 55 дугаар тушаалаар батлагдсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын 7-д зааснаар тухайн ажилтны сүүлийн 3 сарын дундаж цалин хөлсөөр тодорхойлно.

 

2021 оны 3 дугаар сарын 25-ны өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл хугацаанд ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг сүүлийн 3 сар буюу 2020 оны 12, 2021 оны 1,2 дугаар сарын дундаж цалин хөлсөөр тодорхойлвол /3,323,763 : 3 сар = 1,107,921 төгрөг, 1,107,921 төгрөг : 21.5 ажлын өдөр= 51,531 төгрөг, 51,531 төгрөг х 190 ажилгүй байсан хугацаа/ = 9,790,890 төгрөг болж байна.  

2022 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 2022 оны 7 дугаар сарын 18-ны өдөр хүртэл хугацаанд ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг сүүлийн 3 сар буюу 2020 оны 12, 2021 оны 1,2 дугаар сарын дундаж цалин хөлсөөр тодорхойлвол /3,323,763 : 3 сар = 1,107,921 төгрөг, 1,107,921 төгрөг : 21 ажлын өдөр= 52,758 төгрөг, 52,758 төгрөг х 131 ажилгүй байсан хугацаа/ = 6,911,298 төгрөг болж байна. Иймд ажилгүй байсан нийт 321 өдрийн дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорт 16,702,188 төгрөг олгохоос ажил олгогч нь 14,804,537 төгрөгийг олгосон тул зөрүү 1,897,651 төгрөгийг хариуцагчаас гаргуулж олгох, нэхэмжлэлээс 3,545,306 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.

Хөдөлмөрийн тухай хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэгт “Цалин хөлс нь үндсэн цалин, нэмэгдэл, нэмэгдэл хөлс, ээлжийн амралтын цалин, шагнал урамшууллаас бүрдэнэ” гэж заасан. Иймд цалин хөлсний бүрэлдэхүүнд ээлжийн амралтын цалин хамаарах болох нь тодорхой байна.

Ажилтан ажлаас халагдах үед ажил олгогч нь ээлжийн амралтын тооцоог заавал хийх бөгөөд ажилтанг ажлаас халагдах үед биеэр эдлээгүй ээлжийн амралтын хугацааг тооцож ээлжийн амралтын цалин /хуучин журмаар олговор/ олгоно. Энэхүү журмаар хариуцагч нь нэхэмжлэгчтэй ээлжийн амралтын тооцоог хийж, 2021 оны 3 дугаар сард ээлжийн амралтын олговрыг олгосон байна. Иймд ажилтныг үндэслэлгүйгээр ажлаас халсан тохиолдолд түүнд ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг нөхөн олгохдоо сүүлийн 3 сарын цалин хөлсний дундажаар тодорхойлно. Өөрөөр хэлбэл тухайн хугацаанд ажиллаж байсан бол бодитоор хэдий хэмжээний цалин хөлс авах байсныг ажиллаж байсан хугацааны цалин хөлсний дундажаар тогтоох нь хуульд нийцнэ. Иймд 2021 оны 3 дугаар сарын цалин хөлс нь ажил олгогчийн ээлжийн амралтын тооцоог хийж, мөнгөөр олгох үүрэгтэй нь холбоотой олгогдсон бөгөөд ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтны дундаж цалин хөлсийг тодорхойлоход хамаарахгүй. 

Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7 дахь хэсэгт зааснаар ажил олгогч нь хуульд заасан хэмжээгээр шимтгэл төлөх, тайлагнах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлснийг баталгаажуулах үүрэгтэй. Энэхүү үүргээ хариуцагч 14,804,537 төгрөгийн хэмжээнд биелүүлсэн гэж нийгмийн даатгалын шимтгэл ногдуулалтын нөхөн тайланг ирүүлсэн боловч Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар, Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсээс нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны шимтгэл төлөгдөөгүй болохыг тодорхойлсон байна. Иймд нэхэмжлэгчид олговол зохих 16,702,188 төгрөгөөс тооцож, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын шимтгэлийг төлөхийг хариуцагчид даалгах нь зүйтэй.

Э.Бгийн нэхэмжлэл гомдлоор авч хэлэлцэх хэргийн шаардлагатай хамааралтай тул Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөнө. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 45,312 төгрөг гаргуулан улсын орлогод оруулж, улсын орлогоос 116,669 төгрөг буцаан гаргуулж нэхэмжлэгч Э.Бд олгов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.5, 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагчаас 1,897,651 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Х овогт Э Бд олгосугай.   

 

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7 дахь хэсэгт зааснаар Э.Бгийн 2021 оны 3 дугаар сарын 25-ны өдрөөс 2022 оны 7 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлөлтийг 16,702,188 төгрөгөөс тооцож сар бүрээр нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгасугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч Б-с улсын тэмдэгтийн хураамжид 45,312 төгрөг гаргуулж улсын орлогод оруулж, улсын орлогоос 116,669 төгрөг буцаан гаргуулж нэхэмжлэгч Э.Бд олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                              Т.ГАНДИЙМАА