Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 04 сарын 03 өдөр

Дугаар 210/МА2023/00712

 

 

 

 

 

 

 

 

 

2023 04 03 210/МА2023/00712

 

 

Э.Б-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Ш.Оюунханд, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 2 сарын 16-ны өдрийн 102/ШШ2023/00784 дугаар шийдвэртэй,

Э.Б нэхэмжлэлтэй, Б-т холбогдох,

Ажилгүй байсан хугацааны дутуу олгосон цалин 5,422,957 төгрөг гаргуулах, мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын нөхөн бичилт хийхийг даалгах тухай иргэний хэргийг зохигчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Э.Б, хариуцагчийн итгэмжлгэдсэн төлөөлөгч Б.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 560 дугаартай шийдвэрээр хариуцагч Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын 2021 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн Б/282 дугаартай тушаалыг хүчингүй болгож, Э.Б-г Баянгол дүүргийн 6 дугаар хорооын зохион байгуулагчийн албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг 2021 оны 3 дугаар сарын 25-ны өдрөөс 2022 оны 7 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл хугацаагаар тооцон гаргуулж, мөн хугацааны эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, бичилт хийхийг даалгаж шийдвэрлэсэн. Б-гаас ажилгүй байсан хугацааны цалинд 14,804,537 төгрөг олгосон ба тухайн цалинг тооцохдоо 2021 оны 3 дугаар сарын цалин хөлсийг оруулалгүй тооцсоноос 5,422,957 төгрөгийн цалин дутуу олгосон. Мөн одоог хүртэл ажилгүй байсан хугацааны эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөөгүй, шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй байна гэжээ.

 

2. Хариуцагч Б татгалзал, тайлбарын агуулга:

2.1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 560 дугаар шийдвэрээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, хариуцагч Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын 2021 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн Б/252 дугаар тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч Э.Б урьд эрхэлж байсан ажил, албан тушаал болох Баянгол дүүргийн 6 дугаар хорооны зохион байгуулагчийн албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг 2021 оны 03 дугаар сарын 25-ны өдрөөс 2022 оны 07 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл хугацаагаар тооцон хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгон, мөн хугацааны эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, холбогдох дэвтэрт нөхөн бичилт хийхийг Б-д даалгаж шийдвэрлэсэн байдаг. Б нь уг шүүхийн шийдвэрийг дараах байдлаар биелүүлсэн байна. Үүнд:

1. Дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын 2022 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн Б/332 дугаар тушаалаар Э.Б ажилд эгүүлэн томилсон.

2. Дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын 2022 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн А/278 дугаар тушаалаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 560 дугаар шийдвэрийг биелүүлж, улсын тэмдэгтийн хураамж болох 70,200 төгрөгийг төлсөн.

3. Дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын 2022 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн Б/351 дугаар тушаалаар Э.Баясгаланд ажилгүй байсан хугацааны олговор 11,242,012 төгрөг, 2022 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн Б/417 дугаар тушаалаар Э.Баясгаланд ажилгүй байсан хугацааны олговор болох 3,562,525 төгрөг, нийт 14,804,537 төгрөгийг олгосон.

4. Дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын 2022 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн Б/394 дүгээр тушаалаар Э.Баясгалангийн гаргасан хүсэлтийг үндэслэн ажлаас чөлөөлсөн. Дээрх дундаж цалин хөлсийг тооцон олгохдоо Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/192 дугаар тушаалаар батлагдсан дундаж цалин хөлс тодорхойлох журмын дагуу тооцон олгосон. Иймд Э.Баясгалангийн гаргасан нэхэмжлэл үндэслэлгүй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:

Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.5, 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б-гаас 1,897,651 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Харчин овогт Б-д олгож,

Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7 дахь хэсэгт зааснаар Э.Б-гийн 2021 оны 3 дугаар сарын 25-ны өдрөөс 2022 оны 7 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлөлтийг 16,702,188 төгрөгөөс тооцож сар бүрээр нөхөн бичилт хийхийг хариуцагч Б-д даалгаж,

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч Б-аас улсын тэмдэгтийн хураамжид 45,312 төгрөг гаргуулж улсын орлогод оруулж, улсын орлогоос 116,669 төгрөг буцаан гаргуулж нэхэмжлэгч Э.Б-д олгож шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгч Э.Б-гийн давж заалдах гомдлын агуулга:

4.1. Анхан шатны шүүхэд миний бие Б-д холбогдуулж 5,422,957 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг 1,897,651 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, үлдэх 3,545,306 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-д заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

Учир нь 2021 оны 03 сарын 25-ны өдрөөс 2021 оны 12 сарын 31-ний өдөр хүртэлх хугацааны цалинтай тэнцэх олговрыг Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын Сайдын 2005 оны 05 сарын 05-ны өдрийн 55 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан, мөн 2022 оны 01 сарын 01-ны өдрөөс 2022 оны 07 сарын 18-ны өдрийг хүртэл хугацааны цалинтай тэнцэх олговрыг Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12 сарын 06-ны өдийн А/192 дугаарын тушаалын хавсралтаар батлагдсан дундаж цалин хөлс тодорхойлох журмын дагуу сүүлийн 3 сарын цалин хөлсийн дунджийг тооцохдоо 2020 оны 12 сар, 2021 оны 1, 2 сарын цалин хөлсийн дунджаар тооцож, бодитоор хэдэн төгрөгийн цалин авах байсныг ажиллаж байсан хугацааны цалин хөлсний дунджаар тогтоох нь хуульд нийцсэн болохоор ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтны дундаж цалин хөлсийг тодорхойлоход хамаарахгүй хэмээн хасаж тооцсон. 

Би өөрийн нэхэмжилсэн 5,422,957 төгрөгийг тооцохдоо дундаж цалин хөлсийг Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын сайдын 2005 оны 55 тоот тушаал болон 2021 оны А/192 тоот тушаалын хавсралт дундаж цалин хөлс тодорхойлох журмын дагуу ажиллаж байсан сүүлийн 3 сар болох 2021 оны 01 сард авсан 939,664 төгрөг, 2021 оны 02 сард авсан 1.199,040 төгрөг, 2021 оны 03 сард авсан 1,670,094 төгрөгийн цалингийн нийлбэр 3,808,798 төгрөгөөс хоол, унааны мөнгийг хасаж үлдсэн 3,528,798 төгрөгийг Сайдын 2005 оны дундаж цалин хөлс тодорхойлох журмын 6-д хэрэв ажилтан дундаж цалин хөлсийг тодорхойлох хугацаанд хүндэтгэн үзэх шалтгаанаар /өвчтэй, чөлөөтэй байсан гэх мэт/ бүрэн ажиллаагүй, эсхүл ажилтны ажилласан хугацаа нь дундаж цалин хөлс тодорхойлохоор заасан хугацаанд хүрэхгүй тохиолдолд тухайн хугацаанд авсан цалин хөлсний нийлбэр дүнг ажилтны жинхэнэ ажилласан өдөр /цаг/-ийн тоонд хувааж нэг өдөр /цаг/-ийн дундаж цалин хөлсийг тодорхойлно.

Сайдын 2021 оны журмын 2.1.2-т нэг өдрийн дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо ажилтанд тодорхой хугацаанд олгосон цалин хөлсний нийлбэрийг тухайн хугацаанд ажилласан нийт өдрийн тоонд хувааж тооцно гэсний дагуу сүүлийн 3 сар ажилласан хоног болох 56 өдөрт хувааж 1 өдрийн цалинг 63,014 төгрөгөөр бодож нийт ажлын 321 өдөрт үржүүлэхэд 20,227,494 төгрөгөөс өөрийн авсан 14,804,537 төгрөгийг хасаж үлдэгдэл 5,422,957 төгрөгийг нэхэмжилсэн. Гэтэл шүүхээс 3,545,306 төгрөгийг нэхэмжилсэн хэсгийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй тул Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 2 сарын 16-ны өдрийн 102/ШШ2023/00784 дугаар шийдвэрийн 3,528,798 төгрөгийг хэрэгсэхгүй болгосон хэсгийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

5 Хариуцагч Б-д давж заалдах гомдлын агуулга:

5.1 Б 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн A/752 дугаар захирамжаар батлагдсан Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газрын Хөдөлмөрийн дотоод журамын 9 дүгээр зүйлийн 9.7 дахь хэсэгт албан хаагчид хоол, унааны зардлыг биеэр ирж ажилласан хоногт нь тооцон олгоно гэж заасан. Нэхэмжлэгчид шүүхийн шийдвэрээр ажилгүй байсан хугацааны нөхөн олговор олгохдоо биеэр ажиллаагүй тул хоол, унааны мөнгө олгох боломжгүй. Тухайлбал: 1 өдрийн хоол, унааны мөнгө /5000 төгрөг*321 /ажилгүй байсан нийт хоног =1,605,000 төгрөгийг олгох боломжгүй юм.

Э.Б-г Б-гийн 2021 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн Б/282 дугаар тушаалаар албан тушаалаас нь чөлөөлж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 560 дугаар шийдвэрийг үндэслэн тус дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын 2022 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн Б/332 дугаар тушаалаар ажилд эгүүлэн томилсон байдаг. Ээлжийн амралт бодох болон ажилдаа биеэр ирээгүй албан хаагчид хоол, унааны зардал олгогддоггүй үйл баримт нь нийтэд илэрхий, нийтээр дагаж мөрддөг тогтсон жишиг юм. Э.Баясгаланд 2021 оны 03 дугаар сард /ажлаас чөлөөлөх шийдвэр гарахаас нь өмнө/ 2021 оны ээлжийн амралт болох 14 хоногийн цалинг тооцон олгосон 321 хоногоос ээлжийн амралт болох 14 хоногийг хасч цалин хөлсийг тооцон олгох нь зүйтэй юм. Тиймээс 14 хоног*51,531=721,434 төгрөгийг олгох боломжгүй юм. Нийт 1,605,000+721,434=2,306,434 төгрөгийг нэхэмжлэгчид олгох боломжгүй.

Дээрх байдлаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 102/ШШ2023/00784 дүгээр шийдвэрийн Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газраас 1,897,651 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох гэж заасан шийдвэрийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

Давж заалдах гомдолд гаргасан хариуцагчийн тайлбар: Нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Нэхэмжлэгч нь дунджаар 940,000 төгрөгийн цалинтай бөгөөд 2021 оны 03 дугаар сард ажлаас чөлөөлөх шийдвэр гарахаас өмнө ээлжийн амралтаа бүтэн жилийн хугацаанд тооцож нийт 2,000,000 төгрөгийг авсан. Дундаж цалин хөлс тодорхойлох журамд заасны дагуу тооцохдоо ээлжийн амралт оруулсан 03 дугаар сарыг тооцоогүй. Тухайн ээлжийн амралтыг авсны дараа ажлаас чөлөөлөх шийдвэр гарч, 2021 оны 01, 02, 03 дугаар сарын ажилласан хугацаанд оногдуулан ээлжийн амралтын мөнгийг олгож, үлдсэн олговрыг буцаан татаж авсан. Мөн ээлжийн амралт нь жилд нэг удаа олгогддог учраас дундаж цалин хөлсөнд оролцуулах боломжгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий гарсан гэв.

 

Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн тайлбар: Хөдөлмөрийн тухай хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэгт цалин хөлс нь үндсэн цалин, нэмэгдэл, нэмэгдэл хөлс, ээлжийн амралтын цалин, шагнал урамшууллаас бүрдэнэ гэж заасан. Ажиллаж байсан тохиолдолд авах ёстой байсан цалингаас ээлжийн амралтын цалинг хасаж тооцсон. Хөдөлмөрийн тухай хууль болон журамд ажиллаж байсан тохиолдолд хэдэн төгрөгийг цалин авах байсныг үндэслэж, ээлжийн амралтын цалинг оролцуулахгүйгээр хасаж дундаж цалин хөлсийг тодорхойлно гэх заалт байхгүй. Анх нэхэмжлэл гаргахдаа хоол, унааны мөнгийг хасаж тооцсон бөгөөд 2021 оны 01, 02, 03 дугаар саруудын нийгмийн даатгалаар баталгаажсан цалин 3,808,798 төгрөг байна. Мөн 2021 оны 01, 02, 03 дугаар сард нийт 56 хоног ажилласан учраас хоол, унааны 5,000 төгрөгөөр үржүүлэн 280,000 төгрөгийг 3,808,798 төгрөгөөс хассан. Тухайн 3,528,798 төгрөгийн нийт ажилласан 56 хоногтоо хуваан 1 өдрийн цалинг бодож гаргасан. Анхан шатны шүүхээс 1,897,651 төгрөгийг хангаж, 3,545,306 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн гэв.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх зохигчийн гаргасан гомдлын хүрээнд хэргийг хянаад гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д зааснаар шийдвэрийг хэвээр үлдээв.

 

2.Нэхэмжлэгч Э.Б нь хариуцагч Б газарт холбогдуулан ажилгүй байсан хугацааны дутуу олгосон цалин 5,422,957 төгрөг гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3. Нэхэмжлэгч Э.Б нь Б-гын 2017 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн Б/283 тоот тушаалаар тус дүүргийн 6 дугаар хорооны зохион байгуулагчаар ажиллаж байгаад Б-гийн 2021 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн Б/282 дугаар тушаалаар хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгожээ.

 

3а. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 560 дугаар шийдвэрээр дээрх тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгчийг урьд эрхэлж байсан ажилд нь эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг 2021 оны 3 дугаар сарын 25-ны өдрөөс 2022 оны 7 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл хугацаанд тооцон олгох, мөн хугацааны нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг даалгаж шийдвэрлэжээ. /хх 43-50/

 

3б. Дээрх шийдвэрийн дагуу нэхэмжлэгчид хариуцагч байгууллага 14,804,537 төгрөгийг ажилгүй байсан хугацаанд урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт тооцож олгосон болох нь зохигчдын тайлбар, Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын 2022 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн Б/351 тоот, 2022 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн Б/417 тоот тушаалаар тус тус тогтоогдсон байна. Энэ талаар талууд маргаангүй байна. /хх 28-31/

 

4. Хариуцагчаас нэхэмжлэгчийн ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг гаргуулахдаа Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын  2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/192 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан дундаж цалин хөлс тодорхойлох журам-д заасан аргачлалаар нэхэмжлэгчийн 2022 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 2022 оны 7 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл хугацааны цалин хөлсийг тооцож олгоно. Үүнээс өмнөх хугацааны цалин хөлсийг тооцохдоо Нийгэм хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 55 дугаар тушаалаар батлагдсан дундаж цалин хөлс тодорхойлох журам-ын 7-д зааснаар тухайн ажилтны сүүлийн 3 сарын дундаж цалин хөлсөөр тодорхойлсон зөв болжээ.

 

Нэхэмжлэгчийн 2021 оны 3 дугаар сарын 25-ны өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл хугацаанд ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг сүүлийн 3 сар буюу 2020 оны 12 сар, 2021 оны 1, 2 дугаар сарын дундаж цалин хөлс 3,323,763 :3 сар 1,107,921 төгрөг, 1,107,921 төгрөг : 21.5 ажлын өдөр 51,531 төгрөг, 51,531*190 ажилгүй байсан хугацаа 9,790,890 төгрөг, мөн 2022 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 2022 оны 7 дугаар сарын 18-ны өдөр хүртэл хугацаанд ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг сүүлийн 3 сар буюу 2020 оны 12 сар, 2021 оны 1,2 дугаар сарын дундаж цалин хөлс 3,323,763 3 сар 1,107,921 төгрөг, 1,107,921 төгрөг : 21 ажлын өдөр52,758 төгрөг, 52,758 төгрөг х 131 ажилгүй байсан хугацаа/ = 6,911,298 төгрөг бөгөөд нийт 321 өдрийн дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорт 16,702,188 төгрөг ба ажил олгогч нь 14,804,537 төгрөгийг олгосон тул зөрүү 1,897,651 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй байна.

 

Нэхэмжлэгчийн ...Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын сайдын 2005 оны 55 тоот тушаал болон 2021 оны А/192 тоот тушаалын хавсралтаар дундаж цалин хөлс тодорхойлох журмын дагуу сүүлийн 3 сарын цалингийн нийлбэр 3,808,798 төгрөгөөс хоол, унааны мөнгийг хасаж үлдэх 3,528,798 төгрөгийг 3 сар ажилласан хоног болох 56 өдөрт хувааж 1 өдрийн цалинг 63,014 төгрөгөөр бодож нийт ажлын 321 өдөрт үржүүлэхэд 20,227,494 төгрөгөөс өөрийн авсан 14,804,537 төгрөгий хасаж, үлдэгдэл 5,422,957 төгрөгийг нэхэмжилж байна гэх агуулга бүхий давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй.

 

Учир нь талуудын хэн аль нь 2021 оны 3 дугаар сарын 25-ны өдрийг хүртэлх ажилласан өдрийн цалин хөлс дээр ээлжийн амралтын 14 хоногийн цалин болох 720,430 төгрөгийг оруулан тооцож өгснийг маргахгүй гэж байх тул сүүлийн 3 сарын тогтвортой цалинг 2020 оны 12 дугаар сар, 2021 оны 1, 2 дугаар сараар тооцож цалин хөлсийн дундажийг гаргаж шийдвэрлэсэн нь буруу биш байна.

 

Хариуцагчийн биеэр ажлаа хийгээгүй хугацааны 321 хоногийн хоол унааны мөнгө 1,605,000 төгрөгийг, ээлжийн амралтын цалин 721,434 төгрөгийг нэхэмжлэгчид олгох боломжгүй гэх гомдлыг хангах үндэслэлгүй.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэгт цалин хөлс нь үндсэн цалин, нэмэгдэл, нэмэгдэл хөлс, ээлжийн амралтын цалин хөлс, шагнал урамшуулалаас бүрдэнэ гэж заасан. Хуулиар олгохоор зохицуулсан цалин хөлсөнд ээлжийн амралтын цалин, мөн цалин хөлсний бүрдэл болох нэмэгдэл хөлсөнд хоол унааны мөнгө хамаарч байх тул ээлжийн амралтын цалин болон нэмэгдэл хөлсийг хасч тооцох боломжгүй. Дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, зохигчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 102/ШШ2023/00784 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 71,411 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч байгууллага нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БАТЗОРИГ

 

ШҮҮГЧИД Ш.ОЮУНХАНД

 

Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ