Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 04 сарын 21 өдөр

Дугаар 102/ШШ2023/01571

 

 

 Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Доржнамжин даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хэргийн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч:Говьсүмбэр аймаг, ... тоотод оршин суух, эмэгтэй, Х... овогт П...ийн О...,

Хариуцагч:Баянгол дүүрэг, ... өөрийн байранд байрлах, .... Улаанбаатар Т... зам,

Нэхэмжлэлийн шаардлага:17 000 000 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:Нэхэмжлэгч П.О..., өмгөөлөгч Г.Э.., хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Э..., Г.Г.., Б.Т..., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Назгүль нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч П.О... нь Монгол Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар Т... замд холбогдуулан 17 000 000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.Үүнд:

УБТЗ-ын Замын ... ангийн дарга Б.А....ын 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн ... дүгээр тушаалын 2 дах заалтаар П.О... нь 1986 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Т... замд ажилд орж тасралтгүй 33 жил 3 өдөр ажилласан тул 18 сарын дундаж цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмжийг бодож олгохоор тушаал гаргаж ерөнхий нягтлан бодогчид даалгасан ба 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн ... дугаартай орлогч дарга М.Э...ын гаргасан тушаалаар өмнө нь ангийн даргын гаргасан жилийг маань 21 жил 2 сар ажилласан гэж 2 сарын дундаж цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмжийг бодож олгохыг ерөнхий нягтланд даалгасан.

Гэтэл УБТЗ-ын Замын ... ангийн нягтлан бодогч миний тасралтгүй ажилласан нэмэгдлийг бодож олгохдоо хөдөлмөрийн гэрээ цуцлах эрх үүрэг байхгүй орлогч дарга М.Э...ын 2019 оны 10 дугаар сарны 11-ний өдрийн ... дугаар тушаалыг үндэслэн 8 сарын цалин орлоготой тэнцэх 14 000 000 төгрөгийг олгосон байсан.

Би тасралтгүй ажилласны нэмэгдлийг 8 сарын цалин хөлстэй тэнцэх хэмжээгээр олгосон байсныг тодруулахад таны ажилласан жил тасарсан байна, 1998 оны ... сараас 1998 оны 7 дугаар сар хүртэл нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийгдээгүй байна гэсэн хариу өгсөн.Би Т... замын байгууллагаас ажлаас халагдаж байгаагүй хэрэв ажлаас халагдаж байсан бол хөдөлмөрийн гэрээ цуцалж ажлаас халагдсан тушаал болон нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийх ёстой байсан.Дээрх таслагдсан гээд байгаа хугацааг Аймгийн нийгмийн даатгалын хэлтсийн улсын байцаагчийн 2019 оны 10 дугаар сарын 14-ны өдрийн 42 дугаартай актаар П.О...ийн өргөдлийг шалгаж үзэхэд П.О... 1995 оны 08-12 сар, 1999 оны 11-12 сар, 2000 оны 1-2 сарын хугацаанд хүүхэд асрах чөлөөтэй байх хугацааны, мөн 1997 оны 07-12 сар, 1998 оны 01-07 сарын нийгмийн даатгалын шимтгэлийг тайлагнаагүй орхигдуулсан зөрчил илэрсэн гэж үзэж тус актыг УБТЗ-ын Замын ... ангийн дарга Б.А...., нягтлан бодогч П.Д... нар зөвшөөрч актаар төлүүлэхээр тогтоосон 82 368 төгрөгийн шимтгэлийг нөхөн төлсөн.

Иймд миний Т... замын байгууллагад 33 жил 3 өдөр ажилласан хугацааны олгогдоогүй үлдсэн 10 сарын дундаж цалинтай тэнцэх хэмжээний мөнгө болох 17 000 000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна гэв.

Хариуцагч хариу тайлбартаа:Улаанбаатар Т... зам хувь нийлүүлсэн нийгэмлэгийн Замын ... ангийн замын 2 дугаар хэсгийн замчин П.О... нь өндөр насны тэтгэвэрт гарахдаа УБТЗ-аас олгосон тэтгэмжийг дутуу олгосон үндэслэлээр 17 000 000 төгрөгийн тэтгэмж нэмж авах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна.

УБТЗ ХНН-ээс өндөр насны тэтгэвэрт гарч буй ажилтнууддаа УБТЗ ХНН-ийн даргын 2016 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн ... тоот тушаалаар батлагдсан Улаанбаатар Т... зам ХНН-т тасралтгүй ажилласны нэмэгдлийг шинэчлэн батлах тухай журам, Хамтын гэрээнд заасныг тус тус баримтлан УБТЗ-д ажилласан хугацаагаар нь тодорхой тэтгэмж нэг удаа олгодог болно.

Нэхэмжлэгч П.О... нь анх 1986 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс УБТЗ-ын Замын ... ангид 1 дүгээр зэргийн замчнаар ажиллаж эхэлсэн ба 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн өндөр насны тэтгэвэрт гарах өргөдөл, хүсэлтийг харгалзан Замын ... ангийн даргын 2019 оны 10 дугаар сарын 04 өдрийн ... тушаалаар хөдөлмөрийн гэрээг цуцалж шийдвэрлэсэн.

Харин Замын ... ангийн орлогч даргын 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 1-1-22 тушаалаар П.О... нь Т... замд тасралтгүй ажилласан хугацаа нь тасарсан нь тогтоогдсон тул тушаалд нэмэлт өөрчлөлт оруулж ажлаас чөлөөлсөн тушаалыг журамд нийцүүлж зөвтгөж гаргасан.

Нэхэмжлэгч П.О... нь УБТЗ ХНН-т 33 ба түүнээс дээш жил ажилласан гэж нийт 18 сарын дундаж цалин хөлстэй тэнцэх тэтгэмж авах ёстой гэх шаардлага нь үндэслэлгүй юм.

УБТЗ ХНН-ийн даргын 2016 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн ... тоот тушаалаар батлагдсан Улаанбаатар Т... зам ХНН-т тасралтгүй ажилласан хугацааг тооцох журмаар тасралтгүй ажилласан хугацааг тооцох болон тус хугацааг тасарсан, эсхүл үргэлжлүүлэн тооцох нөхцөлүүдийг тодорхой зааж өгсөн ба нэхэмжлэгч П.О...ийн хувьд тус журмын 5-т “...өөрийн хүсэлтээр ажлаас халагдах...бол Т... замын системийн байгууллагад ажилласан хугацааг тасарсанд тооцно. гэж заасан нөхцөл буюу өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдсөн үйл баримт тогтоогддог.

Тус журмын 8-т УБТЗ-д Т... замын хоёр байгууллагын хоорондын тохиролцоогоор нэг байгууллагаас нөгөөд шилжсэн болон өөрийн хүсэлтээр ажлаас халагдсан ажилтанд 1 сарын дотор Т... замын өөр байгууллагад ажилд орсон тохиолдолд урьд нь ажилласан хугацааг тасарсанд тооцохгүй гэж заажээ.

Нэхэмжлэгчийн хувьд түүний ажлаас чөлөөлөгдөх хүсэлтийг үндэслэн Замын ... ангийн даргын 1997 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 232 тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн.Улмаар 1 жилийн дараа буюу 1998 оны 7 дугаар сарын 10-ны өдөр ажилд дахин орох хүсэлт гаргасан хүсэлт гаргасны дагуу Замын ... ангийн 1998 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн 161 тушаалаар Замын ... ангийн бетон цехэд 1 дүгээр зэргийн бетончноор ажилд орсон нь ажилласан жил тасарсан нь тогтоогдож байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2, 154.2.2-т зааснаар нэхэмжлэгч нь уг тэтгэмжийн зөрүүний талаар маргааныг Хөдөлмөрийн маргаан таслах комиссоор шийдвэрлүүлэх урьдчилан шийдвэрлэх журмыг зөрчин шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 156 дугаар зүйлд зааснаар байгууллагын дэргэдэх хөдөлмөрийн маргаан таслах комисст хандан асуудлаа шийдвэрлүүлэх шаардлагатай бөгөөд хэрэв комиссын шийдвэрийг эс зөвшөөрвөл мөн хуулийн 154.8-т зааснаар комиссын шийдвэрийг шүүхэд давж заалдах боломжтой.Иймд дээр дурдсан нөхцөл байдлуудыг харгалзан үзэж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв./хх 93-94/

Нэхэмжлэгчээс:Улаанбаатар Т... замын Замын ... ангийн даргын 2019 оны 10 дугаар сарын 4-ний өдрийн П.О...тэй байгуулсан хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай ... тоот тушаал, 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн П.О...тэй байгуулсан хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай ... тоот тушаал, Улаанбаатар Т... замын Замын ... ангийн даргын 2019 оны 10 дугаар сарын 7-ны өдрийн ... дугаар тодорхойлолт, Говь-Сүмбэр аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн лавлагаа, Нийгмийн даатгалын ерөнхий газрын Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, Говь-Сүмбэр аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээс 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдөр, 2022 оны 9 дүгээр сарын 7-ны өдрүүдэд Улаанбаатар Т... замын Замын ... ангид явуулсан баримтууд, Говь-Сүмбэр аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн улсын байцаагчийн 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн Нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай 42 дугаартай акт, байнга оршин суугаа хаягийн лавлагаа, төрсний бүртгэлийн лавлагаа, Д.Б...ын төрсний гэрчилгээ,  Улаанбаатар Т... замын Чойр дах Замын ... ангиас 1987 оны 5 дугаар сарын 15-ны өдөр олгосон хөдөлмөрийн дэвтэр, ... дугаартай Нийгмийн даатгалын дэвтэр, Төрийн банкны мөнгөн шилжүүлгийн баримт, Цалин хөлсний тодорхойлолт,  цалингийн тооцооны картыг шүүхэд өгсөн./хх 3, 4, 5, 6-7, 8-9, 10-11, 12, 13, 14, 15, 16-17, 18-31, 32, 33, 34/

Хариуцагчаас:Замын даргын 2016 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн “Тасралтгүй ажилласны нэмэгдлийг шинэчлэн батлах тухай” ... тушаалаар батлагдсан “Тасралтгүй ажилласны нэмэгдлийг шинэчлэн батлах тухай” тушаал, хавсралт, УБТЗ ХНН-ийн МТЗ-чдын ҮЭ-ийн 2018-2019 оны Хамтын гэрээ, Замын ... ангийн “Хөдөлмөрийн дотоод журам”, Замын ... ангийн орлогч даргын ажлын байрны тодорхойлолт, Улаанбаатар Т... замын Чойр дахь замын ... ангийн даргын 1986 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 312 дугаар тушаал, 1988 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 319 дугаар тушаал, 1997 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 232 дугаар тушаал, 1998 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн 161 дугаар тушаал, Замын ... ангийн дарга Б.А....ын ээлжийн амралт олгох хуудас, П.О...ийн хүсэлтийг  шүүхэд өгсөн. /хх 95-104,105-107, 112, 113/

            Нэхэмжлэгчийн хүсэлтээр Улаанбаатар Т... замын Замын ... ангиас ирүүлсэн баримтуудыг (хх 86-88) шүүх бүрдүүлсэн байна.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон.Үүнд:Би 1986 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Т... замд ажилд орж тасралтгүй 33 жил 3 өдөр ажилласан тул 18 сарын дундаж цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмжийг авах байсан.Гэтэл намайг 21 жил 2 сар ажилласан гэж 8 сарын цалин орлоготой тэнцэх 14 000 000 төгрөгийг надад олгосон байсан.

Иймд Т... замын байгууллагад 33 жил 3 өдөр ажилласан хугацааны олгогдоогүй үлдсэн 10 сарын дундаж цалинтай тэнцэх хэмжээний мөнгө болох 17 000 000 төгрөгийг гаргуулна гэж тайлбарласан.

Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн.Үүнд:П.О... 1986 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс УБТЗ-ын Замын ... ангид 1 дүгээр зэргийн замчнаар ажиллаж эхэлсэн, 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн өндөр насны тэтгэвэрт гарах хүсэлтийг үндэслэн хөдөлмөрийн гэрээг цуцалж шийдвэрлэсэн.

П.О... 1997 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 232 тушаалаар ажлаас чөлөөлөгдөж, 1998 оны 7 дугаар сарын 10-ны өдөр ажилд дахин орсон байгааг тасалдсан гэж үзнэ.Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2, 154.2.2-т зааснаар нэхэмжлэгч нь уг тэтгэмжийн зөрүүний талаарх маргааныг Хөдөлмөрийн маргаан таслах комиссоор шийдвэрлүүлэх урьдчилан шийдвэрлэх журмыг зөрчин шүүхэд нэхэмжлэл гаргасан байна, нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж тайлбарласан.

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Улаанбаатар Т... замын Замын ... ангийн даргын 2019 оны 10 дугаар сарын 4-ний өдрийн П.О...тэй байгуулсан хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай ... тоот тушаал, 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн П.О...тэй байгуулсан хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай ... тоот тушаал, Улаанбаатар Т... замын Замын ... ангийн даргын 2019 оны 10 дугаар сарын 7-ны өдрийн ... дугаар тодорхойлолт, Говь-Сүмбэр аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн лавлагаа, Нийгмийн даатгалын ерөнхий газрын Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, Говь-Сүмбэр аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээс 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдөр, 2022 оны 9 дүгээр сарын 7-ны өдрүүдэд Улаанбаатар Т... замын Замын ... ангид явуулсан баримтууд, Говь-Сүмбэр аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн улсын байцаагчийн 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн Нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай 42 дугаартай акт, байнга оршин суугаа хаягийн лавлагаа, төрсний бүртгэлийн лавлагаа, Д.Б...ын төрсний гэрчилгээ,  Улаанбаатар Т... замын Чойр дах Замын ... ангиас 1987 оны 5 дугаар сарын 15-ны өдөр олгосон хөдөлмөрийн дэвтэр, ... дугаартай Нийгмийн даатгалын дэвтэр, Төрийн банкны мөнгөн шилжүүлгийн баримт, Цалин хөлсний тодорхойлолт,  цалингийн тооцооны карт, Замын даргын 2016 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн “Тасралтгүй ажилласны нэмэгдлийг шинэчлэн батлах тухай” ... тушаалаар батлагдсан “Тасралтгүй ажилласны нэмэгдлийг шинэчлэн батлах тухай” тушаал, хавсралт, УБТЗ ХНН-ийн МТЗ-ЧД-ын ҮЭ-ийн 2018-2019 оны Хамтын гэрээ, Замын ... ангийн “Хөдөлмөрийн дотоод журам”, Замын ... ангийн орлогч даргын ажлын байрны тодорхойлолт, Улаанбаатар Т... замын Чойр дахь замын ... ангийн даргын 1986 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 312 дугаар тушаал, 1988 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 319 дугаар тушаал, 1997 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 232 дугаар тушаал, 1998 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн 161 дугаар тушаал, Замын ... ангийн дарга Б.А....ын ээлжийн амралт олгох хуудас, П.О...ийн хүсэлт, талуудын тайлбар зэрэг нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

Улаанбаатар Т... замын замын ... ангийн дарга Б.А....ын 2019 оны 10 дугаар сарын 4-ний өдрийн ... дугаар тушаалаар тэтгэвэрт гарах эрх үүссэн тул замын 2 дугаар хэсгийн замчин П.О...ийн хүсэлтийг харгалзан 2019 оны 10 дугаар сарын 4-ний өдрөөр хөдөлмөрийн гэрээг цуцалж, П.О... нь 1986 оны 10 дугаар сарын 1-ний өдөр Т... замд ажилд орж тасралтгүй 33 жил 3 өдөр ажилласан тул 18 сарын дундаж цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмжийг бодож олгохыг нягтлан бодогч П.Д...д даалгасан байна./хх-3/

  Улаанбаатар Т... замын замын ... ангийн орлогч дарга М.Э...ын 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн ... дугаар тушаалаар дээрх 2019 оны 10 дугаар сарын 4-ний өдрийн ... дугаар тушаалыг хүчингүй болгож, 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдрөөр хөдөлмөрийн гэрээг цуцалж, П.О... нь 1986 оны 10 дугаар сарын 1-ний өдөр Т... замд ажилд орж тасралтгүй 21 жил 2 сар ажилласан тул 8 сарын дундаж цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмжийг бодож олгохыг нягтлан бодогч П.Д...д даалгасан байна./хх-4/

Улаанбаатар Т... замын замын ... ангийн дарга Б.А....ын 2019 оны 10 дугаар сарын 7-ны өдрийн ... дугаар тодорхойлолтод-“П... овогтой О... нь 1968 онд төрсөн, тус байгууллагад 1986 оны 10 дугаар сарын 1-ний өдөр замчнаар ажилд орж хэвийн бус нөхцөлөөр 33 жил тасралтгүй ажилласан нь үнэн болно” гэжээ./хх-5/

Говь Сүмбэр аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 245 дугаартай УБТЗ-ын Замын ... ангийн захиргаанд хаягласан баримтад-“П...ийн О... нь 2019 оны 10 дугаар сарын 14-нд өндөр насны тэтгэвэр тогтоолгох өргөдөл гарган мөн өдрөөр улсад нийт 33 жил ажилласнаар тэтгэвэр тогтоолгон авч байна.Ажилласан жил тооцох үед 1998 оны 03-07 сарын /нийт 05 сар/ нийгмийн даатгалын шимтгэлийн тайлан манай архивт байхгүй, нийгмийн даатгалын дэвтэр баталгаажаагүй тул улсын байцаагчийн актаар төлүүлж ажилласан хугацаанд оруулан тооцсон болно” гэжээ./хх-10/

Говь Сүмбэр аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2022 оны 4 дүгээр сарын 7-ны өдрийн 130 дугаартай УБТЗ-ын ... ангийн дарга Б.А....од хаягласан баримтад-“П...ийн О... нь1995 оны 8 дугаар сараас 12 дугаар сар, 1999 оны 11 дүгээр сараас 12 дугаар сар, 2000 оны 1 дүгээр сараас 11 дүгээр сар хүртэлх хугацаанд хүүхдээ асрах чөлөөтэй байсан байна.1997 оны 7 дугаар сараас 12 дугаар сар, 1998 оны 1 дүгээр сараас 7 дугаар сарын нийгмийн даатгалын шимтгэлийг тайлагнаагүй орхигдуулсан зөрчилд улсын байцаагчийн 2019 оны 10 дугаар сарын 14-ний 42 дугаар тоот акт тогтоож нийгмийн даатгалын шимтгэлийг төлүүлсэн болно” гэжээ./хх-11/

Говь Сүмбэр аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн улсын байцаагчийн 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн Нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай 42 дугаар актад-“П.О...ийн өргөдлийн дагуу шалгаж үзэхэд П.О...ийн 1995 оны 8-12, 1999 оны 11-12, 2000 оны 1-2 сарын хүүхдээ асрах чөлөөтэй байсан хугацааны, мөн 1997 оны 7-12, 1998 оны 1-7 сарын нийгмийн даатгалын шимтгэлийг тайлагнаагүй орхигдуулсан зөрчил илэрчээ,...актаар төлүүлэхээр тогтоосон шимтгэл 54 912 төгрөг, алданги 27 456 төгрөг, нийт 82 368 төгрөгийг...2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн төлөхийг УБТЗ-ын ... ангийн дарга, нягтлан бодогч нарт актаар хариуцуулав” гэснийг  УБТЗ-ын ... ангийн дарга Б.А...., нягтлан бодогч П.Д... нар зөвшөөрсөн байх бөгөөд уг актад маргаагүй байна./хх-12/

Говь Сүмбэр аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээс өмгөөлөгч Г.Э...д 2022 оны12 дугаар сарын 14-ний өдөр өгсөн хариудаа:”...П.О... нь улсад 33 жил ажиллаж, хүнд нөхцөлөөр тэтгэвэр тогтоогдсон,...4.1997 оны 7 дугаар сарын 1-нээс 1998 оны 7 дугаар сарын 1 хүртэл 1 жил УБТЗ-ын замын ... ангид бетончин” гэжээ./хх-52/

Улаанбаатар Т... замын Чойр дах замын III ангийн даргын 1997 оны 9 дүгээр сарын 4-ний өдрийн “Шилжүүлэн ажиллуулах тухай” 22... тушаалд:”...... хэсгийн замчин П.О...ийг 4 дүгээр хэсэгт тор шалгагч, замчнаар” шилжүүлэн ажиллуулсан байна./хх-69/

П.О...ийн 1998 оны 6 дугаар сарын 29-ний өдөр Замын ... ангийн байрны комисст гаргасан өргөдлийн төгсгөлд нь “П.О...ийг бетон цехэд бетончноор авч ажиллуулъя” гэсэн цохолтыг хийсэн байсан./хх-113/

Дээр дурдсан баримтуудаас үзэхэд П.О... нь Замын ... ангид тасралтгүй 33 жил ажилласан болох нь баримтаар тогтоогдсон байна гэж үзэх бөгөөд нэхэмжлэгч болон ажил олгогчийн хооронд үүссэн хөдөлмөрийн эрхийн харилцаа нь П.О...ийг ажлаас чөлөөлсөн өдрөөр дуусгавар болсон байна.

Монгол Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар Т... зам, МТЗ-чдын ҮЭ-ийн холбооны 2018-2019 оны хамтын гэрээний ... зүйлийн 3.11-т “Т... замын байгууллага, салбар нэгжид ажиллаж байгаа өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх үүсэж хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар болон ажилтны өөрийн хүсэлтээр цуцлагдсан бол Т... замд тасралтгүй ажилласан доор дурдсан хугацааг харгалзан 18 хүртэл сарын дундаж цалин, хөлстэй тэнцэх хэмжээний тэтгэмжийг нэг удаа олгоно”, 3.11.1-т “Эмэгтэйчүүд ...33 ба түүнээс дээш жилд арван найман сар” гэж зааснаар П.О... нь 18 хүртэл сарын дундаж цалин, хөлстэй тэнцэх хэмжээний тэтгэмжийг авах байснаас 8 сарын дундаж цалин, хөлстэй тэнцэх хэмжээний тэтгэмжийг авч, үлдсэн 10 сарын дундаж цалин, хөлстэй тэнцэх хэмжээний тэтгэмж түүнд олгогдоогүй байгааг нэхэмжлэгчийн эд хөрөнгийн эрхэд хохирол учруулж, олох байсан орлогыг үндэслэлгүй бууруулсан гэж үзэхээр байна.

Дээрх эрхийг сэргээх талаар Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1-т Гэм хорыг арилгах үүрэг бүхий этгээд нөгөө талын зөрчигдсөн эрхийг гэм хор учруулахаас өмнөх байдалд сэргээх үүрэгтэй.Зөрчигдсөн эрхийг сэргээх боломжгүй, эсхүл харьцангуй их зардал гарахаар бол гэм хорыг мөнгөөр нөхөн төлж болно, 229 дүгээр зүйлийн 229.1-т Үүрэг бүхий этгээд нь гэм хорыг арилгахдаа эд хөрөнгөд учруулсан бодит хохирол болон олох ёстой байсан орлогыг нөхөн төлөх үүрэгтэй гэж зааснаар хариуцагч байгууллага нь нэхэмжлэгчид олговол зохих тэтгэмжийн дутуу хэмжээгээр нэхэмжлэгчид учирсан хохирлыг арилгах үүрэгтэй байна. 

Нэхэмжлэгч нь өндөр насны тэтгэвэрт гарах эрх үүссэн, ажлаас чөлөөлөгдсөн өдрөөс талуудын хооронд үүссэн хөдөлмөрийн гэрээний харилцаа дуусгавар болсон байх тул энэхүү маргааныг Хөдөлмөрийн тухай хуулиар шийдвэрлэхгүй бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн /1999 он/ 129 дүгээр зүйлийн 129.1-т Хөдөлмөрийн гэрээний талууд энэ хуулийн 129.2-т зааснаас бусад тохиолдолд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах эрхтэй гэж заасан хөөн хэлэлцэх хугацаанд хамаарахгүй ба харин Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.4-т заасан хөөн хэлэлцэх хугацаа хамаарах тул хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байна.

Хариуцагч байгууллагаас П.О...т 8 сарын сарын дундаж цалин, хөлстэй тэнцэх хэмжээний тэтгэмжийг бодож олгосон дүнтэй харьцуулж тооцоход 10 сарын сарын дундаж цалин, хөлстэй тэнцэх хэмжээний тэтгэмжид 17 000 000 төгрөг шаардаж байгааг үндэстэй гэж үзэж, хариуцагч байгууллагаас 17 0000 000 төгрөг гаргуулж П.О...т олгох үндэслэлтэй гэж дүгнэж байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 242 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч байгууллагаас 242 950 төгрөгийг гаргуулан П.О...т олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.1-т заасныг баримтлан Монгол Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар Т... замаас 17 000 000 /арван долоон сая/ төгрөг гаргуулан П...ийн О...т олгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 242 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Монгол Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар Т... замаас 242 950 төгрөг гаргуулан П.О...т олгосугай.

            3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг  зохигчид гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

                    

                      ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           З.ДОРЖНАМЖИН