Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 06 сарын 12 өдөр

Дугаар 210/МА2023/01164

 

2023 оны 06 сарын 12 өдөр

Дугаар 210/МА2023/01164

 

 

А-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Нямбазар даргалж, шүүгч Э.Энэбиш, шүүгч Т.Бадрах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 102/ШШ2023/01571 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: А-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: УБТЗ-д холбогдох,

17,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Т.Бадрах илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч А-, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ш.Оюумаа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Энхсүх, Б.Туул, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга: А- нь Улаанбаатар төмөр замд замчнаар 1986 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдөр хүртэл тасралтгүй 33 жил 3 өдөр ажиллаж байгаад хөнгөлөлттэй нөхцөлөөр өндөр насны тэтгэвэрт гарсан.

Улаанбаатар төмөр замын Замын 3 дугаар ангийн дарга Г-ын 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн Б-1-21 дүгээр тушаалаар А- нь 33 жил 3 өдөр ажилласан тул 18 сарын дундаж цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж олгохоор шийдвэрлэсэн.

Гэтэл орлогч дарга Э-ын 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн Б-1-22 дугаар тушаалаар 21 жил 2 сар ажилласан гэж 2 сарын дундаж цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмжийг бодож олгохыг ерөнхий нягтлан бодогчид даалгаснаар 8 сарын цалин орлоготой тэнцэх 14,000,000 төгрөгийг олгосон.

Тасралтгүй ажилласны нэмэгдлийг 8 сарын цалин хөлстэй тэнцэх хэмжээгээр олгосон байсныг тодруулахад “таны ажилласан жил тасарсан байна, 1997-1998 онд нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийгдээгүй байна” гэсэн хариу өгсөн. Энэ тасалдсан гээд байгаа хугацааг Говь-Сүмбэр аймгийн нийгмийн даатгалын хэлтсийн улсын байцаагчийн 2019 оны 10 дугаар сарын 14-ны өдрийн 42 дугаартай актаар шалгаад А-ийн 1995 оны 08-12 сар, 1999 оны 11-12 сар, 2000 оны 1-2 сарын хугацаанд хүүхэд асрах чөлөөтэй байх хугацааны, мөн 1997 оны 07-12 сар, 1998 оны 01-07 сарын нийгмийн даатгалын шимтгэлийг тайлагнаагүй орхигдуулсан зөрчил илэрсэн гэж үзсэн, тус актыг Улаанбаатар төмөр замын Замын 3 дугаар ангийн дарга Г-, нягтлан бодогч Д- нар зөвшөөрч актаар төлүүлэхээр тогтоосон 82,368 төгрөгийн шимтгэлийг нөхөн төлсөн.

Иймд 33 жил 3 өдөр ажилласан хугацааны олгогдоогүй үлдсэн 10 сарын дундаж цалинтай тэнцэх хэмжээний мөнгө 17,000,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга: Замын 3 дугаар ангийн орлогч даргын 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 1-1-22 тушаалаар А- нь төмөр замд тасралтгүй ажилласан хугацаа нь тасарсан нь тогтоогдсон тул өмнөх тушаалд нэмэлт өөрчлөлт оруулж ажлаас чөлөөлсөн тушаалыг журамд нийцүүлж зөвтгөж гаргасан.

Нэхэмжлэгчийн хувьд түүний ажлаас чөлөөлөгдөх хүсэлтийг үндэслэн Замын 3 дугаар ангийн даргын 1997 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 232 тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн. Улмаар 1 жилийн дараа буюу 1998 оны 07 дугаар сарын 10-ны өдөр ажилд дахин орох хүсэлт гаргасан хүсэлт гаргасны дагуу Замын 3 дугаар ангийн 1998 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 161 тушаалаар бетончноор ажилд орсноор ажилласан жил тасарсан нь тогтоогдож байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2, 154.2.2-т зааснаар нэхэмжлэгч нь уг тэтгэмжийн зөрүүний талаар маргааныг Хөдөлмөрийн маргаан таслах комиссоор шийдвэрлүүлэх урьдчилан шийдвэрлэх журмыг зөрчин шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.1 дэх хэсэгт заасныг баримтлан УБТЗ-аас 17,000,000 төгрөг гаргуулан А-т олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 242,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч УБТЗ-аас 242,950 төгрөг гаргуулан А-т олгож шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгчээс шүүхэд нэхэмжлэл гаргах үндэслэл болж буй эрх зүйн харилцаа нь хөдөлмөрийн харилцаанаас үүссэн ажилтан, ажил олгогч нарын хоорондох маргаантай асуудал тул энэхүү харилцааг илүү нарийвчлан зохицуулсан хууль болох Хөдөлмөрийн тухай хуулийг баримталж шийдвэрлэх ёстой байсан. Гэтэл шүүхээс маргаан бүхий харилцааг иргэний хуулийн гэм хор учруулснаас үүсэх үүргийн харилцаа гэж үзэн Иргэний хуулийн 228, 229 дүгээр зүйлүүдийг үндэслэн шийдвэрлэсэн нь хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн.

Гомдол гаргах эрх нь хөдөлмөрийн гэрээний тал өөрийн эрхийг зөрчигдсөнөө мэдсэн буюу тухайлбал хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгасан, түүнтэй холбоотой олговор, тэтгэмж олгох эсэх тухай шийдвэрээ хүлээн авсан өдрөөс эхлэн үүсдэг. Энэхүү хугацаа тоологдож дууссанаар шүүхэд гомдол гаргах эрх дуусгавар болно. Нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлөх тухай УБТЗ-ын Замын 3 дугаар ангийн даргын Б-1-22 тоот тушаал нь 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдрөөр тасалбар болгон гарч Улаанбаатар төмөр замд тасралтгүй ажилласан хугацаанд ногдох 8 сарын тэтгэмжийг олгохоор заасан тушаалыг нэхэмжлэгч гардаж авсан өдрөөс эхлэн эрх зөрчигдсөн гэдгээ мэдсэн гэж үзнэ.

Хөдөлмөрийн тухай хуулийн /1999 оны/ 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт “Хөдөлмөрийн гэрээний талууд энэ хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т зааснаас бусад тохиолдолд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор хөдөлмөрийн маргаан таслах байгууллагад гомдлоо гаргах эрхтэй” гэж заасан.

Гэтэл нэхэмжлэгч нь шүүхэд гомдлоо 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж үзэхээр байхад Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.4-т заасан хугацаагаар хөөн хэлэлцэх хугацаагаар тооцсон нь алдаатай байна.

Хэрэгт нэхэмжлэгчийн ажлаасаа чөлөөлөгдсөн хугацаанд хуучин ажил олгогчдоо хандаж гаргасан өргөдөл болон тухайн хугацаан дахь нийгмийн даатгалын шимтгэл төлөлт нь ажил олгогчоос төлөгдөөгүй байгааг бодитой дүгнээгүй. Түүнчлэн дундаж цалин хөлсийг тодорхойлсон баримт хэрэгт авагдаагүй байхад 17,000,000 төгрөгийг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болсон.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

5. Давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгч талын гаргасан тайлбарын агуулга: Анхан шатны шүүх хэргийг зөв шийдвэрлэсэн тул гомдлыг хүлээн зөвшөөрөхгүй. Хариуцагч тал гомдолдоо энэ маргааныг Зөрчлийн тухай хууль болон Хөдөлмөрийн тухай хуулийн ямар заалтыг баримталж, хэрхэн шийдвэрлэх байсан талаар тодорхой дурдаагүй байна. А- 1968 онд төрсөн бөгөөд тухайн байгууллагад тасралтгүй 33 жил ажилласан болох нь хэргийн баримтаар тогтоогдсон, энэ талаар шүүх зөв дүгнэсэн.

Нэхэмжлэгч нь зөрчигдсөн эрхээ мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш 3 сарын дотод хөдөлмөрийн маргаанаа шийдвэрлүүлэх гомдол гаргах эрхтэй бөгөөд түүний гомдол гаргасан хугацаа нь тус хугацаанд хамаарч байна. Иймд Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.4-т заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй. 14,000,000 төгрөгийн тэтгэмжийг 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авсан.

Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1, 229 дүгээр зүйлийн 229.1 дэх хэсэгт заасныг баримтлан хэргийг шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

2. Нэхэмжлэгч А- нь дутуу олгогдсон тэтгэмж 17,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргасан.

 

3. Хэрэгт авагдсан баримтаар дараах үйл баримт тогтоогдсон байна. Үүнд:

3.1. Улаанбаатар төмөр замын замын 3 дугаар ангийн даргын 2019 оны 10 дугаар сарын 4-ний өдрийн Б-I-21 дугаар тушаалаар тэтгэвэрт гарах эрх үүссэн тул замын 2 дугаар хэсгийн замчин А-ийн хүсэлтийг харгалзан 2019 оны 10 дугаар сарын 4-ний өдрөөр хөдөлмөрийн гэрээг цуцалж, А- нь 1986 оны 10 дугаар сарын 1-ний өдөр төмөр замд ажилд орж тасралтгүй 33 жил 3 өдөр ажилласан тул 18 сарын дундаж цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж олгохоор шийдвэрлэсэн /хх 3/,

3.2. Улаанбаатар төмөр замын замын 3 дугаар ангийн даргын 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн Б-I-22 дугаар тушаалаар дээрх 2019 оны 10 дугаар сарын 4-ний өдрийн Б-I-21 дугаар тушаалыг хүчингүй болгож, 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдрөөр хөдөлмөрийн гэрээг цуцалж, А- нь 1998 оны 07 дугаар сарын 10-ны өдөр төмөр замд ажилд орж тасралтгүй 21 жил 2 сар ажилласан тул 8 сарын дундаж цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмжийг олгохоор шийдвэрлэсэн /хх 4/,

3.3. А- нь Улаанбаатар төмөр замын замын 3 дугаар ангийн даргын 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн Б-I-22 дугаар тушаалд зааснаар 8 сарын дундаж цалинтай тэнцэх тэтгэмжид 14,000,000 төгрөгийг 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авсан.

 

4. Анхан шатны шүүх маргааны зүйлд хамаарах хөдөлмөрийн харилцааг нарийвчлан зохицуулсан хуулийг буруу тайлбарлаж, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсний улмаас нэхэмжлэгчийн гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааны талаар алдаатай эрх зүйн дүгнэлт өгчээ. Үүнээс шалтгаалан шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

Энэхүү алдааг давж заалдах шатны шүүхээс залруулан дүгнэх боломжтой гэж үзэв.

 

4.1. Хариуцагч нь Хөдөлмөрийн тухай хууль /1999 он/-ийн 40 дүгээр зүйлийн 40.1.3, 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт зааснаар өндөр насны тэтгэвэр авах эрх үүссэн ажилтан А-тэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, түүнд хамтын гэрээнд заасан тэтгэмжийг олгожээ.

Ийнхүү тэтгэмж олгохдоо А-ийн төмөр замд тасралтгүй ажилласан хугацааг 33 жил 3 өдрөөр тооцолгүй 21 жил 2 сараар тооцсон хариуцагчийн шийдвэрийн  улмаас 17,000,000 төгрөгийн тэтгэмж дутуу авсан гэж нэхэмжлэгч маргаж буй нь Хөдөлмөрийн тухай хууль /1999 он/-ийн 3 дугаар зүйлийн 3.1.8-д заасан хөдөлмөрлөх эрх, түүнтэй холбогдсон хууль ёсны ашиг сонирхлын хүрээнд хөдөлмөрийн гэрээний талуудын хооронд үүссэн хөдөлмөрийн ганцаарчилсан маргаанд хамаарч байна.

 

4.2. Хөдөлмөрийн тухай хууль /1999 он/-ийн 128 дугаар зүйлийн 128.1.1-д Хөдөлмөрийн маргаан таслах комиссын шийдвэрийг энэ хуулийн 127 дугаар зүйлд заасны дагуу давж заалдсан гомдлыг шүүх хянан шийдвэрлэнэ, 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт “хөдөлмөрийн гэрээний талууд энэ хуулийн 129.2-т зааснаас бусад тохиолдолд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах эрхтэй” гэж заасан.

А- нь 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хамтын гэрээний дагуу олгож буй тэтгэмжийг хүлээн авсан болохоо тайлбарласан тул энэ өдрийг нэхэмжлэгчийн эрхээ зөрчигдсөн гэдгийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдөр гэж үзнэ.

Нэхэмжлэгч нь 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдөр эрхээ зөрчигдсөнийг мэдсэн атлаа 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан нь Хөдөлмөрийн тухай хууль /1999 он/-ийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт заасан гомдол гаргах гурван сарын хугацааг хэтрүүлсэн байна.

Иймд нэхэмжлэгч хуульд заасан гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн учир нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

4.3. Нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар шүүхэд нэхэмжлэл гаргах хугацааг хэтрүүлсэн нь хүндэтгэн үзэх шалтгаантай байсан болохыг баримтаар нотлоогүй.

 

5. Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 102/ШШ2023/01571 дугаар шийдвэрийг хүчингүй болгож,

Хөдөлмөрийн тухай хууль /1999 он/-ийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч УБТЗ-д холбогдох тэтгэмж 17,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч А-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 242,950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

                           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Д.НЯМБАЗАР

 

                                           ШҮҮГЧИД                                       Э.ЭНЭБИШ

 

                                                                                                 Т.БАДРАХ