Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 06 сарын 21 өдөр

Дугаар 2021/ДШМ/29

 

Э.Цод холбогдох  эрүүгийн хэргийн талаар

Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Долгормаа даргалж, шүүгч З.Энхцэцэг, ерөнхий шүүгч Л.Наранбаяр нарын бүрэлдэхүүнтэйгээр шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй хийв.

Шүүх хуралдаанд:

Нарийн бичгийн дарга                                    Г.Чинзориг 

Прокурор                                                          С.Алтай

Хохирогчийн өмгөөлөгч                                  Д.Галтогтох

Шүүгдэгчийн өмгөөлөгч                                  М.Энхтуяа нар оролцов.

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 2021/ШЦТ/148 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч А.Г-нгаргасан давж заалдах гомдлоор Э.Цод холбогдох эрүүгийн _____ дугаартай хэргийг 2021 оны 6 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Л.Наранбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Дорнод аймгийн Хэрлэн суманд 1995 оны 07 дугаар сарын 27-ны өдөр төрсөн, 26 настай, эрэгтэй, Б овогт Э. Ц. Урьд:

- Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 339 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 жил 7 сарын хугацаагаар тэнссэн,

- Сүхбаатар аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 99 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 4 жилийн хорих ялаар шийтгүүлсэн.

Шүүгдэгч Э.Ц нь Б.Бтэй хамтран 2019 оны 01 дүгээр сараас 02 дугаар сарын хооронд машин механизм буюу “Чансаа” маркийн мотоцикл ашиглан Дорнод аймгийн Булган сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр “Цагаан-Өндөр” гэх газар бэлчээрт байсан хохирогч А.Г-надуун сүргээс 35 тооны адуу хулгайлж 21,900,000 төгрөгийн хохирол учруулсан,

мөн ганцаараа 2018 оны 12 дугаар сарын 26-аас 27-нд шилжих шөнө машин механизм буюу “Даюун” маркийн _________улсын дугаартай мотоцикл ашиглан Дорнод аймгийн Хэрлэн сумын 5 дугаар багийн нутаг “Дэхт” гэх газар бэлчээрт байсан хохирогч Э.А-надуун сүргээс 9 тооны адуу хулгайлж 6,750,000 төгрөгийн хохирол учруулсан,

2019 оны 04 дүгээр сараас 05 дугаар сарын хооронд машин механизм буюу “Чансаа” маркийн улсын дугааргүй мотоцикл ашиглан Дорнод аймгийн Булган сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр “Булган-Уул” гэх газар бэлчээрт байсан хохирогч П.Т-н адуун сүргээс 24 тооны адуу хулгайлж 52,400,000 төгрөгийн хохирол тус тус учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Нямдэлэг шүүгдэгч Э.Цыг бусдын олон тооны малыг хулгайлсан гэж дүгнэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн байна.

Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 2021/ШЦТ/148 дугаар шийтгэх тогтоолоор:

- Шүүгдэгч Б овогт Э. Цыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан бусдын олон тооны малыг хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож,

- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э. Цод 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэж,

- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Цод Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 4 жилийн хорих ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 2 жил 9 сар 21 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 6 жил 9 сар 21 хоногийн хорих ялаар тогтоож,

- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Цод оногдуулсан 6 жил 9 сар 21 хоногийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,

- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Цын цагдан хоригдсон 289 /хоёр зуун наян ес/ хоногийг эдлэх ялд оруулан тооцож,

- Монгол Улсын Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Цоос гэмт хэргийн улмаас учруулсан гэм хорын хохиролд 59,500,000 төгрөгийг гаргуулж, хохирогч А.Гт 10,750,000 төгрөгийг, хохирогч Э.Ад 6,750,000 төгрөгийг, хохирогч П.Тт 42,000,000 төгрөгийг тус тус олгож,

- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Цоос гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгслийн үнэ  1,800,000 төгрөгийг гаргуулж гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөхөд зарцуулж, илүү гарсан тохиолдолд улсын орлого болгож,

- Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй болохыг тус тус дурдаж,  баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн _______ регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байранд хүргүүлж,

- Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Цод авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, ... шийдвэрлэжээ.

Хохирогч А.Г 2021 оны 06 дугаар сарын 02-ны өдөр гаргасан давж заалдах гомдолдоо: “Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, шүүхийн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэж байна.

1. Анхан шатны шүүх нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэж, шүүгдэгч Э.Цын үйлдэлд тохирох зүйлчлэлийг хэрэглэлгүйгээр хөнгөрүүлж зүйлчилсэн гэж үзэж байна. Учир нь:

Э.Цыг анх Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Бусдын олон тооны малыг хулгайлах” гэсэн зүйлээр эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан. Хэрэг шалгах явцад Э.Ц нь хохирогч Э.А-н9 тооны адуу, хохирогч А.Г-н35 тооны адуу, хохирогч Төмөр-Очирын 24 тооны адууг хулгайлсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн учир хэрэгт хяналт тавьж байсан прокурор Б.Төрболд нь яллагдагчаар татах тогтоолд өөрчлөлт оруулж Э.Цын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 буюу “байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон” гэх зүйл ангиар зүйлчилсэн байсан. Гэтэл үүний дараа хэрэгт хяналт тавьж байсан прокурор өөрчлөгдөж Д.Нямдэлэг прокурор хэргийг хянаж, яллагдагчаар татах тухай тогтоолд дахин өөрчлөлт оруулж Э.Цын үйлдлийг Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөрүүлэн зүйлчилсэн байна. Энэ талаар хохирогч бидэнд танилцуулаагүй, анхан шатны шүүх хурал дээр мэдсэн.

Шүүгдэгч Э.Ц нь 2017 оны 1 сарын дундуур бусдын 1 тооны адууг хулгайлсан, мөн 2018 оны 4 сарын эхээр бусдын 1 тооны адууг хулгайлсан, 2018 оны 5 сарын сүүлээр бусдын 1 тооны үхрийг хулгайлсан. Энэ үйлдэлдээ Дорнод аймаг дахь Сум дундын шүүхээр шийдүүлж 1 жил 7 сарын хугацаагаар тэнссэн. Үүний дараа буюу тэнсэнгийн хугацаандаа 2018.12.01-ний өдрөөс 03-ны өдрийн хооронд бусдын 5 тооны адуу, 46 тооны адууг тус тус хулгайлсан. Энэ үйлдэлдээ Сүхбаатар аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 4 жилийн хорих ялаар шийтгүүлсэн. Тэрээр Сүхбаатар аймгийн шүүхээс хорих ял авахаасаа өмнө хохирогч Э.А-н9 тооны адуу, А.Г миний 35 тооны адуу, Төмөр-Очирын 24 тооны адууг тус тус хулгайлсан байсан. Өөрөөр хэлбэл тэрээр хуулийн байгууллагад баригдсан нийт 8 удаагийн хулгайн үйлдлээрээ бусдаас нийт 124 адуу, 1 үхэр хулгайлсан байна.

Гэтэл шүүх, прокурор энэ байдалд дүгнэлт хийлгүйгээр зүйлчлэлийг хөнгөрүүлж ял оногдуулсан. Шүүгдэгч Э.Ц нь гар, хөл бүтэн хөдөлмөрийн насны залуу хүн. Тэр бусадтай адил хөдөлмөрлөж амьдрахын оронд бусдын өчнөөн жилийн турш хүйтэнд хөрч, халуунд гандаж байж бий болгосон өмчийг, малыг хулгайлж амьдарч ирсэн. Ийм байхад прокурор яагаад Э.Цыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12  дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д заасан “байнга үйлдэж, амьдралын эх үүсвэр болгосон” гэх зүйл ангийг хүчингүй болгосон бэ гэдгийг ойлгохгүй байна. Шүүгдэгч Э.Цыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12  дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д заасан “байнга үйлдэж, амьдралын эх үүсвэр болгосон” гэх зүйл ангиар эрүүгийн хариуцлага хүлээлгэх ёстой.

2. Э.Цод ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн буруу хэрэглэсэн гэж үзэж байна.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э. Цод 4 жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.” гэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. 

Шүүгдэгч нь урьд өмнө малын хулгайн гэмт хэргээр 2 удаа шүүхээр орж эрүүгийн хариуцлага хүлээж байсан бөгөөд шүүх хуралдаан бүр дээр “гэмшиж байна, дахин гэмт хэрэг хийхгүй, хохирол төлбөрийг барагдуулна” гэж байсан нь харагддаг боловч тэрээр хэзээ ч өөрийн бурууг ухамсарлах, гэмших санаа бодолгүй болох нь тодорхой харагддаг. Өмнө нь малын хулгайн хэргээр 1 жил 7 сарын хугацаагаар тэнсэж байсан. Тэнссэн хугацаанд дахин гэмт хэрэг үйлдсэн байдал, олон жилийн турш хөдөлмөрөө зориулж өсгөж, үржүүлсэн адуун сүргийг азаргаар нь хуу хамж хөөж авчраад том, жижиг гэж ялгахгүй бүгдийг нь алж, хядаж мөнгө болгож буй байдал, хохирогч Э.А, А.Г, П.Т нарт хохирлоосоо нэг ч төгрөг төлөөгүй байдал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...санаатай гэмт хэргийг хоёр, түүнээс дээш удаа үйлдсэн, гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн” гэх эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал байсаар байхад шүүх дөрөвхөн жилийн хорих ял оноосныг маш их гайхаж байна.

Шүүгдэгчид оногдуулсан 4 жилийн хорих ял нь түүний үйлдсэн гэмт хэрэг, хохирогч нарт учирсан хор уршигт яагаад ч тохирохгүй, хэт бага болсон гэж үзэж байна. Тэрээр хэрэгт шалгагдаж байх явцад хохирол төлбөрийг барагдуулах тал дээр ямар ч сэтгэл гаргаагүй, бид нарыг хохино гэсэн байдалтай л байсан. Мөн эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн хүнд ял оногдуулахдаа гэмт хэрэг тус бүрд ял оногдуулж нэмж нэгтгэн нийт эдлэх ялын төрөл, хэмжээг тогтооно” гэж заасан.

Шүүгдэгч Э.Ц нь хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтаар 2018.12.26-аас 27-нд Э.А-н9 тооны адууг, 2019 оны 01 сараас 02 сарын хооронд А.Г миний 35 тооны адууг Б.Батцэндтэй хамтарч хулгайлсан, 2019 оны 4 сараас 5 сарын хооронд П.Т-н24 тооны адууг тус тус хулгайлсан. Дээрх хэргүүд нь тус тусдаа үйлдэгдсэн гэмт хэргүүд байхад тус тусад нь ял оногдуулж нэмж нэгтгэлгүйгээр 4 жил хорих ял оногдуулсан нь хуулийг ноцтой зөрчсөн асуудал бөгөөд шүүгдэгч Э.Цод ял завшуулсан гэж үзэхээр байна.

3. Нотолбол зохих ёстой зарим зүйлийг хангалттай нотлоогүй байхад хэргийг шийдвэрлэсэн гэж үзэж байна.

Шүүгдэгч Э.Ц нь 3 удаагийн үйлдлээр хулгайлсан адуунаас 50-аад адууг махлаж зарсан гэдэг нь харагддаг. Гэтэл үүнийг ганцаараа хийх ямар ч боломж байхгүй. Нэг адууг махлахад хамгийн багаар бодоход 1 хүн хэрэг болно. Адууг уургалах, хазаарлах амийг нь таслах гэх мэт олон үйлдлүүдэд заавал хэн нэгэнтэй хамтарсан байх ёстой. 35, 24, 9-өөр нь тууж ирсэн адууг нэг цаг хугацаанд бүгдийг нь махлаагүй байсан. Өөрөөр хэлбэл 14-өөр нэг удаа, 7-оор нэг удаа, 4-өөр нэг удаа гэх мэтээр махалсан байдаг. Энэ үед махлаагүй үлдсэн адууг яасан байх вэ гэдэг асуудал гарч ирнэ. Шүүгдэгчийг адууны махаа зарж борлуулаад, аймгийн төвд архидаж, зугаа цэнгэл хөөж байх хугацаанд үлдсэн адууг хэн маллаж, тогтоож байсан бэ гэдгийг нарийн шалгаагүй. Энэ мэт дээрх үйлдэлд шүүгдэгчид тусалж байсан хүн нь гэмт хэргийн хамтрагч байх ёстой. Хамгийн түрүүнд сэжиглэж буй хүн бол шүүгдэгчийн төрсөн дүү болох Төртогтох юм. Хулгайлсан адуу болгоноо гэрийнхээ ойролцоо авчраад, увуулж цувуулаад махлаж, зарж борлуулж байхад гэр бүлийнх нь хүмүүс хулгай хийж ирснийг мэдэхийн дээдээр мэдэх л байсан. Тэд шүүгдэгчийн хууль бус үйлдлийг цагдаагийн байгууллагад хэлж мэдэгдээгүй нь түүнтэй гэмт хэрэг үйлдэхэд хамтран оролцсон байх магадлал маш өндөр байна. Энэ байдлыг шалган тогтоох ёстой гэж үзэж байна.

Үүнээс гадна Г.Чинзориг, Г.Баттулга нар нь мөн Э.Цтой хулгайн гэмт хэрэгт хамтран оролцсон байх магадлалтай. Учир нь тэд өөрсдийн портер маркийн тээврийн хэрэгслээр Цын хулгайлж ирсэн адууны махыг 3 удаа аймгийн төв рүү зөөж ирсэн байдаг. Гэрийнхээ гадаа биш хөдөө хээр махалсан байдлыг хараад ямар ч хүн хууль бус зүйл байна гэдгийг мэдэх  нь тодорхой. Ганц удаагийн үйлдэл байж болох юм. Гэвч 3 удаа хөдөө хээрээс адууны махыг ачиж авсан байдаг. Энэ байдлыг мөн цагдаагийн байгууллагад мэдэгдээгүй нь Цтой хулгайн гэмт хэрэгт хамтран оролцсон байх магадлалтай байна. Үүнийг шалгаагүй.

Ц 3 удаагийн үйлдлээр 68 тооны адуу хулгайлсан бөгөөд эдгээрээс 59 адууг махалж, зарж борлуулсан болох нь харагддаг. Гэтэл хэрэгт цугларсан баримтаас харахад автомашинаар нийт 30-аад тооны адууг уван цувуулж зөөсөн болох нь харагддаг. Үлдсэн 30-аад тооны адууг хэзээ, хэнтэй, ямар тээврийн хэрэгслээр хаана зарж борлуулсан болох нь тогтоогдоогүй байна. Үүнийг нарийвчлан тогтоох нь гэмт хэрэгт хамтран оролцогч байсан эсэхийг тодруулахад чухал ач холбогдолтой юм. Эдгээрийг нэмж шалгуулах шаардлагатай байна.

4. Хохирогч нарт учирсан хохирлыг барагдуулах тал дээр ажиллагаа хийгээгүй.

Шүүгдэгч Э.Цын эд хөрөнгийг бүрэн шалгаагүй. Түүнд мал байдаг эсэхийг тодруулаагүй. Ц нь хулгайлсан адууны махыг зарж борлуулахдаа өвөө Жуков болон өөрийн нэр дээр гарал үүслийн бичиг гаргуулан авсан байдаг. Гарал үүслийн бичгийг малын А данстай хүнд өгдөг. Үүнээс гадна тэрээр анхан шатны шүүх хурал дээр өөрт нь хурдан удмын хэдэн адуу байдаг гэж мэдүүлж байсан. Гэтэл мөрдөн байцаалтын шатанд түүнийг малын А данстай эсэхийг тодруулаагүй.

5. Шийтгэх тогтоолын 6 дугаарт “Монгол Улсын Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Цоос гэмт хэргийн улмаас учруулсан гэм хорын хохиролд 59,500,000 төгрөгийг гаргуулж, хохирогч А.Гт 10,750,000 төгрөгийг, хохирогч Э.Ад 6,750,000 төгрөгийг, хохирогч П.Тт 42,000,000 төгрөгийг тус тус олгосугай” гэснийг зөвшөөрөхгүй байна.

Шүүгдэгч Э.Ц манайхаас 35 тооны адуу хулгайлсан. Нийт хохирол нь 21,500,000 төгрөг болсон. Гэтэл шүүхээс нийт хохирлын 50 хувь буюу 10,750,000 төгрөгийг Э.Цоос гаргуулж шийдвэрлэсэн. Үлдэх 50 хувийг Б.Батцэндээс гаргуулахаар шийдвэрлэсэн. Энэ нь Э.Цын хэргээс Б.Батцэндийн хэргийг тусгаарлсантай холбоотой бөгөөд Б.Батцэндийн хэргийг тусгаарласныг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Прокуророос Б.Батцэндийн хэргийг тусгаарласан талаар хохирогч надад мэдэгдээгүй. Шүүх хурал дээр орох үед л түүний хэргийг тусгаарласан болохыг мэдсэн.

Шүүхээс Б.Батцэндийг манай 35 тооны адууг хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцоогүй атлаа 10,750,000 төгрөгийг гаргуулж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна. Анхан шатны шүүхийн шийдвэрээр надад учирсан хохирол болох 10,750,000 төгрөг алга болчихлоо.

Иймд дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр прокурорт буцааж өгнө үү.” гэжээ.

Шүүх хуралдаанд оролцсон хохирогчийн өмгөөлөгч Д.Галтогтох гаргасан тайлбар, саналдаа: Хохирогчийн гаргасан давж заалдах гомдлыг бүрэн дэмжиж байна. Мөрдөн байцаагч, прокурорын зүгээс ямар зорилгоор хулгай хийгээд байгааг тодруулаагүй гэж үзэж байна. Мөн хохирогчийн зүгээс Э.Цод хэт хөнгөн ял оногдуулсан гэж үзэж байна. Гэмт хэргийн нөхцөл байдлын хувьд 20, 30-аар нь мал хулгайлдаг. Түүнийгээ нядалж зардаг байгаа. Маш олон тооны малыг хулгайлдаг. Хулгай хийж амьжиргаагаа залгуулдаг. Мөн хохирол төлбөр төлөх тал дээр идэвхитэй үйлдэл огт гаргадаггүй. Нотлох ёстой зүйлсийг нарийвчлан тогтоогоогүй байна. Энэ их малыг ганцаараа туух хэцүү. Мөн ганцаараа нядлаад борлуулсан гэхэд итгэл төрөхгүй байна. Тиймээс хамтран оролцогч байгаа эсэхийг шалгах хэрэгтэй. Мөн малыг нядлаад аймгийн төв рүү оруулахад тээврийн хэрэгсэл ашиглах ёстой байдаг. Гэтэл хоёр л тээврийн хэрэгсэл яригдаж байгаа. Тиймээс энэ бүхнийг нарийвчлан шалгах ёстой байсан санагдаж байна. Э.Ц шүүх хуралдаан дээр “Надад хэдэн хурдан удмын адуу байгаа” гэж хэлсэн байсан. Хэрэв тийм бол зарж борлуулаад хохирлыг барагдуулах ёстой санагдаж байна. Хохирогчийн хувьд хохирлоо авч чадаагүй. 35 тооны адуу алдаад 2 тооны даага л буцааж авсан харагддаг. Эрүүгийн хуулийг ноцтой зөрчсөн байх тул хэрэгт нэмэлт ажиллагаа хийж өгнө үү гэж хүсч байна.

Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч М.Энхтуяа гаргасан тайлбар, саналдаа: Урьд нь олон удаа гэмт хэрэг үйлдэж байсан гэж ярьж байна. Гэтэл энэ үйлдэлдээ тухай бүрт нь ял хариуцлагаа хүлээж явсан. Мөн “амьжиргаа залгах эх үүсвэр болгосон” эсэхийг шалгаж үзээд нотлогдоогүй тул эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилсэн гэдгийг хэлэхийг хүсч байна. Хамтран оролцогчийг ч бүрэн шалгасан. Э.Цын өөрийн гэсэн ямар нэг хөрөнгө байхгүй. Өвөө нь Жуков гэж нилээн малтай хүн байсан тул Э.Цын хувьд өвөөгийнхөө нэрийг барьж явдаг байсан. Хулгайлсан малаа тууж явахдаа заримыг нь алдсан гэдгээ ч хэлсэн. Амьдралын эх үүсвэр болгоод ар гэртээ хоол унд залгасан зүйл байхгүй. Мөн Э.Цын дүүг шалгасангүй гэж хэлээд байх шиг байна. Гэтэл дүү дээрээ очоод “манай найзын адуу юм. Энийг 2, 3 хоног хараад өгчих” гэж хэлээд л даалгаад үлдээсэн. Тэрнээс биш хамтран хулгай хийсэн зүйл байхгүй. Батцэнгэл гэж хүний хэрэг хэрэг бүртгэл, мөрдөн байцаалтын шатанд явж байгаа. Энэ хүний хувьд сүлжээ байгуулсан зүйл харагддаг. Гэхдээ хэв шинжийн хувьд тусгаарлагдсан байгаа. Тиймээс хохирлыг хоёр хуваахаар шүүхийн шийдвэрт тусгагдсан гэв.

Шүүх хуралдаанд оролцсон прокурор С.Алтай гаргасан дүгнэлтдээ: Энэ хэргийн хувьд хохирогч, түүний өмгөлөөгчийн зүгээс гомдол гаргасан байна. Байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон байтал хөнгөн зүйлчилсэн гэж тайлбарласан байна. Энэ шаардлагыг гэхдээ хангахгүй байсан. Олон тооны мал хулгайлсан тул зохих зүйлчлэлээр зүйлчилсэн. Мөн хөнгөн ял оногдуулсан гэж үзсэн байна. Шүүх өөрийн эрх мэдлийн хэмжээнд хуульд заасан хорих ялыг оногдуулсан байгаа. Мөн Батцэндтэй хамтран үйлдсэн нэг хэрэг байдаг. Бусад хэргийн хувьд хамтран оролцогч тогтоогдоогүй. Хохирлыг хувааж оногдуулсан. Э.Цын хувьд 10 950 000 төгрөг төлөхөөр заагдсан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэж хүсч байна гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх хохирогч А.Г-ндавж заалдах гомдлыг үндэслэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан үзлээ.

Шүүгдэгч Э.Ц нь ганцаараа болон бусадтай хамтран, 2018 оны 12 дугаар сараас 2019 оны 05 дугаар сарын хооронд, 3 удаагийн үйлдлээр, 68 тооны адуу хулгайлж, 81,050,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь хэрэгт авагдсан, шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдсон гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүх хуралдааны шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг бүрэн нотолсон, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хуульд заасан журмыг  зөрчөөгүй, анхан шатны шүүх хэргийг зөв зүйлчилсэн байна.

Хохирогч А.Г-ндавж заалдах гомдлын тухайд давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дараах дүгнэлтэд хүрэв.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 3.1-д заасан “Энэ гэмт хэргийн байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон” гэх хүндрүүлэх шинж нь нэг төрлийн гэмт хэргийг харьцангуй удаан хугацаанд үйлдэж дадал зуршил болсон, гэмт хэрэг үйлдэх замаар олсон ашиг орлогыг өөрийн болон гэр бүл, хамаарал бүхий хүмүүсийнхээ амьжиргааг тогтвортой залгуулах эх үүсвэр болгосон хэвшмэл шинжтэй үйлдлийг ойлгохоор хуульчлагдсан. Гэтэл шүүгдэгч Э.Цын үйлдэл нь тооны хувьд Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 3.1-д заасан “байнга” гэсэн шинжийг хэлбэрийн талаас хангаж буй боловч тэрээр хууль бусаар олсон орлогыг өөрийн болон гэр бүлийн, түүнчлэн хамаарал бүхий хүмүүсийнхээ амьжиргааны хэрэгцээг хангах үндсэн эх сурвалж болгосон гэж үзэх нөхцөл байдал хангалттай тогтоогдоогүй байна.

Анхан шатны шүүх шүүгдэгчид ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй ба оногдуулсан ялын хэмжээ нь эрүүгийн хариуцлагын зорилго, шударга ёсны зарчимтай харшилсан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлд зааснаар, давж заалдах шатны шүүх нь анхан шатны шүүхээр хэлэлцээгүй, тогтоогдоогүй нөхцөл байдал, шинжлэн судлаагүй нотлох баримтыг шийдвэрийн үндэслэл болгохгүй тул, давж заалдах гомдолд дурдсан “хэрэгт хамтран оролцон байх боломжтой бусад хүмүүсийг шалгаагүй” гэх үндэслэлээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгох үндэслэлгүй юм.

Э.Цын нэр дээрх малын А дансны талаар лавлагаа аваагүй гэх шалтгаанаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцаах шаардлагагүй бөгөөд уг ажиллагааг шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад хийх боломжтойг тэмдэглэх нь зүйтэй.

Шүүгдэгч Э.Ц нь хохирогч А.Г-надууг Б.Батцэндтэй хамтран хулгайлсан гэх дүгнэлт дээр үндэслэн хэргийг шийдвэрлэсэн учраас хохирлын тал хэсгийг шүүгдэгч Э.Цоор төлүүлэхээр тогтоосон шүүхийн шийдвэрийг буруутгах үндэслэлгүй байна.

Дээр дурдсан үндэслэлүүдээр, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогч А.Г-ндавж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, мөн зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 2021/ШЦТ/148 тоот шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогч А.Г-ндавж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүгдэгч Э.Цын 2021 оны 05 дугаар сарын 05-наас 2021 оны 06 дугаар сарын 21-ны хооронд цагдан хоригдсон 47/дөчин долоо/ хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлд зааснаар энэхүү магадлалыг эс зөвшөөрвөл, анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэх үндэслэлээр магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Ж.ДОЛГОРМАА                         

                  ШҮҮГЧИД                                               З.ЭНХЦЭЦЭГ

                                                                                  Л.НАРАНБАЯР