Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 03 сарын 22 өдөр

Дугаар 221/MA2017/0223

 

 

 

 

 

2017 оны 03 сарын 22 өдөр         Дугаар 221/МА2017/0223       Улаанбаатар хот

Ж.Нарантуяагийн нэхэмжлэлтэй                                                                                          захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Лхагвасүрэн даргалж, шүүгч Д.Батбаатар, шүүгч Н.Хонинхүү нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Г.Отгон-Өлзий, нэхэмжлэгч Ж.Нарантуяа, нэхэмжлэгч өмгөөлөгч Б.Ганпүрэв, хариуцагч Улсын ерөнхий прокурор, Төрийн хууль цаазын тэргүүн зөвлөх М.Энх-Амгалангийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Машбат, хариуцагч Прокурорын мэргэжлийн зөвлөлийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Үүлэн нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 1078 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлоор, Ж.Нарантуяагийн нэхэмжлэлтэй, Улсын ерөнхий прокурор, Төрийн хууль цаазын тэргүүн зөвлөх М.Энх-Амгалан болон Прокурорын мэргэжлийн зөвлөлд холбогдох захиргааны хэргийг шүүгч Н.Хонинхүүгийн илтгэснээр хянан хэлэлцэв.  

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 1078 дугаар шийдвэрээр:  Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, 11.4, 27 дугаар зүйлийн 27.1.1, 27.2.1, 40 дүгээр зүйлийн 40.1, Прокурорын байгууллагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.5-д заасан заалтыг тус тус баримтлан нэхэмжлэгч Ж.Нарантуяагийн “Улсын ерөнхий прокурорын 2016 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн Б/47 дугаар “Ажлаас чөлөөлөх тухай” тушаалыг хүчингүй болгож, өмнө эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлагын хангаж, Монгол Улсын ерөнхий прокурорын 2016 оны Б/47 дугаар тушаалыг хүчингүй болгож, түүнийг өмнө эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн томилж,  Прокурорын байгууллагын тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Ж.Нарантуяагийн “Прокурорын мэргэжлийн зөвлөлийн 2016 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн Ж.Нарантуяа надад холбогдох илт хууль бус дүгнэлтийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,  Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, 28 дугаар зүйлийн 28.1, 28.2.3, Прокурорын байгууллагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.5, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг тус тус баримтлан ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор болох 10.959.282 төгрөгийг болон төрийн алба хаасан хугацааны нэмэгдлийг 10 хувиар тооцож зөрүү төгрөгийг Ж.Нарантуяад олгох, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн бичилт хийхийг Улсын ерөнхий прокурорт даалгаж тус тус шийдвэрлэжээ.

Хариуцагч Улсын ерөнхий прокурор, Төрийн хууль цаазын тэргүүн зөвлөх М.Энх-Амгалангийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Машбат давж заалдах гомдолдоо: “Хариуцагч Улсын Ерөнхий прокурорын итгэмжлэгдсэн төлөөлөгч нь Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 1078 дугаар шийдвэрийг анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзэн эс зөвшөөрч, дараахь үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна. Нэг. Анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гомдлын үндэслэл: Шүүхийн шийдвэрийн Үндэслэх нь хэсэгт хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэж, хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй нь шийдвэрийг үндэслэл бүхий болж чадаагүй байна.Тухайлбал,

1. Шүүхэд шийдвэрлэгдсэн энэ маргаан нь Прокурорын мэргэжлийн зөвлөлийн 2016 оны 01 дүгээр дүгнэлт, түүнд үндэслэн гарсан Улсын ерөнхий прокурорын 2016 оны Б/47 дугаар тушаалаар прокурорыг албан тушаалаас чөлөөлсөн үйл баримтын талаарх эрх зүйн маргаан юм. Гэтэл анхан шатны шүүх маргааны үйл баримтад хамааралгүй болох Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь заалт, Дөчин зургадугаар зүйлийн 3 дахь хэсэг, Тавин зургадугаар зүйл, Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 8 дугаар зүйлийн 8.1.1, 11 дүгээр зүйлийн 11.1, 11.4, 27 дугаар зүйлийн 27.1.1, 27.2.1, 28 дугаар зүйлийн 28.1, 40 дүгээр зүйлийн 40.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5, 42 дугаар зүйлийн 42.1-д заасныг хэрэглэж маргааныг шийдвэрлэсэн нь шүүх хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн гэж үзэж байна.  Учир нь энэ маргаанд Үндсэн хуулийн заалтыг зөрчсөн тухай асуудал хэлэлцээгүй тул уг хуулийг хэрэглэх үндэслэл байгаагүй, түүнчлэн төрийн албан хаагчийн хууль зүйн тодорхойлолт, цалин хөлсний баталгаа, ажиллах нөхцөлийг тогтоосон зохицуулалтыг энэхүү маргаанаар хэлэлцээгүй болно. Мөн Үндсэн хууль зөрчсөн эсэх асуудлыг Үндсэн хуулийн цэц хянан шийдвэрлэдэг бөгөөд шүүх шийдвэрлэх хууль зүйн үндэслэлгүй болно.

2.Төрийн албаны тухай хуулийн 27.2.1-д "энэ хуулийн 25 дугаар зүйл, 26.1.3-т зааснаас бусад тохиолдолд төрийн албанаас халагдахгүй байх" гэснийг шүүх буруу тайлбарлаж хэрэглэсэн байх ба Ж.Нарантуяаг ажлаас халаагүй, харин Прокурорын байгууллагын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.5-д зааснаар чөлөөлсөн болно. Ж.Нарантуяа нь халагдаагүй тул Төрийн албаны тухай хуулийн дагуу төрийн бусад байгууллагад ажиллах эрх нь  нээлттэй  байгаа  болно.

3. Мөн прокурорыг чөлөөлөхөд Төрийн албаны тухай хуулийг баримтлах үндэслэл байхгүй юм. Учир нь Төрийн албаны тухай хуульд зааснаар төрийн албан хаагчийг тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн, төрийн алба хаах насны дээд хязгаарт хүрсэн, өөрийн санаачилгаар төрийн албанаас чөлөөлөгдөх хүсэлт гаргасан гэсэн 24 дүгээр зүйлд заасан үндэслэлээр чөлөөлдөг.  Эдгээр үндэслэлд Прокурорын байгууллагын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.5-д заасан "мэргэжлийн түвшин, ажил хэргийн чадварын хувьд эрхэлсэн ажилдаа тэнцэхгүй тухай мэргэжлийн зөвлөлийн дүгнэлт гарсан" бол чөлөөлнө гэсэн үндэслэл байхгүй болно. Энэ нь зөвхөн прокурор гэдгээр нь Прокурорын байгууллагын тухай хуульд тусгайлан зааж өгсөн, түүнийг чөлөөлөх талаарх нарийвчилсан зохицуулалт юм. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.5-д "Монгол Улсын Үндсэн хуулиас бусад хууль хоорондоо зөрчилдвөл тухайн харилцааг илүү нарийвчлан зохицуулсан хуулийн, тийм хууль байхгүй бол сүүлд хүчин төгөлдөр болсон хуулийн заалтыг хэрэглэнэ" гэж тодорхой хуульчилж өгсөн байхад Төрийн албаны тухай хуулийг хэрэглэх ёстой гэж шүүх үзсэн нь үндэслэлгүй юм.  Ж.Нарантуяаг хүчин төгөлдөр үйлчилж байгаа Прокурорын байгууллагын тухай хуулийн дээрх нарийвчлан зохицуулсан заалтыг баримталж чөлөөлсөн нь хэрэглэх ёстой хуулийг зөв хэрэглэсэн шийдвэр болно.

4. Улсын Ерөнхий прокурор нь Прокурорын байгууллагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.4-т заасны дагуу харьяа прокурорыг томилох, чөлөөлөх бүрэн эрхтэй боловч хариуцагч уг бүрэн эрхээ хэрэгжүүлэхийн тулд, тодруулбал Төрийн албаны тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1, 11 дүгээр зүйлийн 11.2 дахь хэсэгт заасан төрийн жинхэнэ албан хаагчийг төрийн албанаас чөлөөлөх тохиолдолд Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин зургадугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу Үндсэн хуульчилсан хууль болох Төрийн албаны тухай хуулийн холбогдох заалт, хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэгч Ж.Нарантуяагийн төрийн жинхэнэ албан хаагчийн баталгаа, "үндсэн эрх"-д халдана гэсэн нь үндэслэлгүй байна.

Шүүх эдгээр хуулийн заалтыг хэрэглэж тайлбарлахдаа хариуцагчийн ямар үйлдэл, ямар үйл баримт нь, ямар байдлаар эдгээр заалтыг зөрчөөд байгаа талаар уялдуулсан дүгнэлтийг огт өгч чадаагүй байна. Тодруулбал, Улсын Ерөнхий прокурор нь нэхэмжлэгч Ж.Нарантуяаг прокуророос чөлөөлөхдөө Төрийн албаны тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.4 дэх заалтын Улсын ерөнхий прокурорын "харьяа прокурорыг томилох, чөлөөлөх" бүрэн эрх, мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.1 дэх заалтын "энэ хуулийн 25 дугаар зүйл, 26.1.3-т зааснаас бусад тохиолдолд төрийн албанаас халагдахгүй байх" гэснийг яагаад зөрчсөн болохыг тогтоож, дүгнэсэн дүгнэлт байхгүй атлаа "зөрчсөн" гэсэн дүгнэлтийг хийсэн нь шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх зарчимд огт нийцээгүй болно. б.Төрийн албаны тухай хууль нь төрийн албан хаагчийн баталгаа, нийгмийн хамгаалал зэрэг нийтлэг зохицуулалтыг тусгасан хууль бөгөөд уг хуулийн агуулга, зарчим, ерөнхий зохицуулалт зэрэг концепцийн шинжтэй зүйл нь маргааны үндэс биш юм. Ер нь шүүх Төрийн албаны тухай хуулийн холбогдох заалтыг хэрэглээгүй гэсэн дүгнэлтийг цөөнгүй хийсэн нь үндэслэлгүй байна.

 Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.4-д "Шүүх тухайн маргаантай харилцааг зохицуулсан тухайлсан хууль байхгүй бол ерөнхийлөн зохицуулсан хуулийг хэрэглэнэ. Хэрэв тийм хууль байхгүй бол шүүх Монгол Улсын Үндсэн хуулийн агуулга, ерөнхий үндэслэл, үзэл санаанд нийцүүлэн шийдвэрлэнэ", 11.5-д "Монгол Улсын Үндсэн хуулиас бусад хууль хоорондоо зөрчилдвөл тухайн харилцааг илүү нарийвчлан зохицуулсан хуулийн, тийм хууль байхгүй бол сүүлд хүчин төгөлдөр болсон хуулийн заалтыг хэрэглэнэ", 11.7-д "Шүүх хууль хоорондоо зөрчилтэй болон хууль шударга бус, эсхүл нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харш гэсэн үндэслэлээр хуулийн хэм хэмжээг хэрэглэхээс татгалзах эрхгүй" гэж, Иргэний хуулийн 3 дугаар зүйлийн 3.3-т "... хууль хоорондоо зөрчилдвөл тухайн асуудлыг илүү нарийвчлан зохицуулсан хуулийн, тийм хууль байхгүй бол сүүлд хүчин төгөлдөр болсон хуулийн заалтыг хэрэглэнэ" гэж тус тус хуульчилсан нь уг асуудалд Төрийн албаны тухай хууль бус тухайн харилцааг илүү нарийвчлан зохицуулсан Прокурорын байгууллагын тухай хуулийг хэрэглэх ёстой гэсэн агуулга, зохицуулалттай байна. Мөн 2002 оны 06 дугаар сарын 28-ны өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн Төрийн албаны тухай хууль бус, 2002 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн буюу сүүлд хүчин төгөлдөр болсон гэдгээр нь Прокурорын байгууллагын тухай хуулийг хэрэглэсэн нь зөв байна. Прокурорыг томилох, чөлөөлөх, халах шийдвэрийг уг асуудлыг нарийвчлан зохицуулсан Прокурорын байгууллагын тухай хуулиар зохицуулдаг нь шүүгчийг томилоход Төрийн албаны тухай хуулийг баримталж бус, харин Шуугчийн эрх зүйн байдлын тухай хуулиар томилж, чөлөөлдөгтэй ижил юм.

Прокурор нь төрийн бусад албан хаагчтай адил Төрийн албаны тухай хуулийн үндсэн дээр Төрийн албаны зөвлөлд захиалга өгдөг, түүний үндсэн дээр сонгон шалгаруулалт явуулж, шалгарсан нь томилогддог албан тушаал биш бөгөөд ингэж томилж байсан тохиолдол байхгүй юм. Прокурорыг томилох, чөлөөлөх асуудлыг Прокурорын байгууллагын тухай хуулийн 2, 4 дүгээр зүйлд зааснаар нэгдмэл төвлөрсөн удирдлагатай, босоо тогтолцоотой, эрүүгийн хууль тогтоомжийн хэрэгжилтийг нэг мөр хангуулдаг байгууллагын хувьд Улсын Ерөнхий прокурор өөрийн бүрэн эрхийн хүрээнд шийдвэрлэдэг. Мөн прокурор нь тус хуулийн 5 дугаар зүйлийн 5.3-т зааснаар аливаа хэрэгт хяналт тавих, нотлох баримтанд үнэлэлт дүгнэлт өгөхдөө өөрийн дотоод итгэлээр ханддаг онцгой чиг үүрэг бүхий ажил юм.  Прокурорыг Прокурорын байгууллагын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1 дэх хэсэгт "Хуульч сонгон шалгаруулах тухай хуульд заасан сонгон шалгаруулалтад тэнцэж, гэрчилгээ авсан мэргэшлийн түвшин, ажил хэргийн чадвараар шаардлага хангасан, хуульчийн мэргэжлээр гурваас доошгүй, эсхүл прокурорын туслах ажилтнаар хоёроос доошгүй жил ажилласан, ял шийтгүүлж байгаагүй, хорин гурван нас хүрсэн Монгол Улсын иргэнийг прокуророор томилно." гэж заасны дагуу томилдог ба Ж.Нарантуяаг ч энэ шаардлагын үндсэн дээр өмнө нь прокуророор томилсон байдаг.

 Түүнчлэн прокурор нь Прокурорын байгууллагын тухай хуулийн 33 дугаар зүйлд заасан улс төрийн, 34 дүгээр зүйлд заасан эдийн засгийн, 35 дугаар зүйлд заасан нийгмийн, 36 дугаар зүйлд заасан хууль зүйн, 37 дугаар зүйлд заасан баталгаагаар тус тус хангагддаг болно. Энэ нь онцгой чиг үүрэг хэрэгжүүлдэг гэсэн утгаар нь Хууль тогтоогч Төрийн албаны тухай хуульд бус, харин Прокурорын байгууллагын тухай хуульд нарийвчлан оруулж өгсөн баталгаанууд юм. Мэргэжлийн түвшин, ажил хэргийн чадварын хувьд эрхэлсэн ажилдаа тэнцэхгүй талаар Прокурорын мэргэжлийн зөвлөлийн 2016 оны 01 дүгээр дүгнэлт гарсныг үндэслэн Улсын Ерөнхий прокурор 2016 оны 2 дугаар сарын 24-ний өдрийн Б/47 дугаар тушаалаар Ж.Нарантуяаг прокурорын албан тушаалаас чөлөөлөхдөө Прокурорын байгууллагын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.5 дахь заалтад "мэргэжлийн түвшин, ажил хэргийн чадварын хувьд эрхэлсэн ажилдаа тэнцэхгүй тухай мэргэжлийн зөвлөлийн дүгнэлт гарсан" бол чөлөөлнө гэж хуульчилсныг хэрэглэсэн нь зөв болно. б.Түүнчлэн хариуцагч Улсын Ерөнхий прокурорын "маргаан бүхий 2016 оны Б/47 дугаар тушаалын 1 дэх заалтад "...2016 оны 02 дугаар сарын 26-ны өдрөөр тасалбар болгон үүрэгт ажлаас нь чөлөөлсүгэй." гэж заасан байхад хариуцагчаас нотлох баримтаар гаргасан Ажлыг хүлээлцсэн тэмдэглэлд "...2016 оны 02 дугаар сарын 25-ны өдөр нэхэмжлэгчийн ажлыг шууд хүлээж авч, холбогдох хавтаст хэрэг, прокурорын 276 дугаартай энгэрийн тэмдэг, прокурорын ажлын үнэмлэх зэргийг хураан авсан нь ... хууль ёсны баталгааг зөрчсөн болох нь тогтоогдож байна." гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт "шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй" гэж хуульчилсныг зөрчсөн байна. Мөн Ж.Нарантуяаг прокуророос чөлөөлж, ажил хүлээн авсан нь түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй бөгөөд тэрээр 2016 оны 2 дугаар сарын цалин болох -919.909 төгрөгийг 2016 оны 02 дугаар сарын 03-ны өдөр бүтэн авсан болно.

7.Нэхэмжлэгч өөртөө 1 сарын өмнө мэдэгдэх үүргээ захиргааны байгууллага хэрэгжүүлээгүй, нэг удаагийн тэтгэмжийг надад олгохгүйгээр ажлаас чөлөөлсөн нь хууль бус, ...хуулийн 1 /нэг/ сарын өмнө мэдэгдэх гэдгийг тухайлан зааж өгсөн нь тухайн ажилтанд өөр ажил хайх боломж хугацааг хуулиар олгосон атал надад хуулийн боломж олгохгүйгээр гэнэт ажлаас чөлөөлсөн нь өрх толгойлон амьдралаа авч яваа надад үнэхээр хүнд тусаж байна" гэсэн тайлбарыг анхан шатны шүүх үндэслэлтэй гэж үзэн Хөдөлмөрийн тухай хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, Улсын ерөнхий прокурорын шийдвэрийг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5, 42 дугаар зүйлийн 42.1-д заасныг зөрчсөн гэж үзжээ. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-д "Ажил олгогч энэ хуулийн 40.1.1, 40.1.2-т заасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцлах тухайгаа ажилтанд нэг сарын өмнө мэдэгдэнэ...", 42 дугаар зүйлийн 42.1-д "Ажил олгогч энэ хуулийн ...40.1.2, 40.1.3-т заасан үндэслэлээр ажлаас халагдсан ажилтанд нэг cap, түүнээс дээш хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх тэтгэмж олгоно" гэж тус тус заасан байна. Хуулийн энэ зохицуулалт нь "хөдөлмөрийн гэрээ"-гээр ажиллаж байгаа ажилтанд холбогдох заалт байхад зохих хуулийн дагуу эрх бүхий албан тушаалтны шийдвэрээр томилогдож, чөлөөлөгддөг прокурорт холбогдуулан хэрэглэж байгаа нь шүүх хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн байна. Прокурорын ажлын үр дүнг хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, ял эдлүүлэх ажиллагаанд тавих хяналтын ажлын чанар, үр дүн, аргачилсан заавар, ажил дүгнэх шалгуур үзүүлэлтийн үндсэн дээр дүгнэдэг ба гэрээгээр дүгнэдэггүй болно. Прокурорын байгууллагын тухай хуульд мэргэжлийн түвшин, ажил хэргийн чадвар нь ажлын байрны шаардлага хангахгүй байгаа прокурорыг албан тушаалаас чөлөөлөхдөө 1 сарын өмнө мэдэгдэх, түүнийг өөр ажил хайх боломж олгох хуулийн шаардлага тогтоогоогүй болно. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч Ж.Нарантуяа нь: а/Өөрийнх нь хянаж, эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаа явуулсан хэрэг нь олон удаа шүүхээс буцсан нь прокурорын ажлыг үзүүлэлтийг гаргахад "хяналтын ажлын алдаанд тооцдог" гэж дүгнэдэг болохыг мэдэж байсан; б/Мэргэжлийн түвшингийн шалгалтанд тэнцэхгүй бол прокурорын албан тушаалаас чөлөөлөгдөх үндэслэл болохыг мэдэж байсан, өөрөө шалгалтандаа тэнцээгүй болохоо ч мэдэж байсан. Түүнчлэн Ж.Нарантүяа нь ажлаас халагдаагуй чөлөөлөгдсөн болно. Тиймээс түүнд тэтгэмж олгох, 1 сарын өмнө мэдэгдэх хууль зүйн үндэслэлгүй байна. Хоёр. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гомдлын үндэслэл: 1. Нэхэмжлэгч Ж.Нарантуяа нь Прокурорын мэргэжлийн зөвлөлийн 2016 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн дүгнэлтийг хүчингүй болгуулах, Улсын Ерөнхий прокурорын 2016 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн Б/47 дугаар тушаалыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан болно.

 Анхан шатны шүүх нэхэмжлэлийн нэг шаардлага болох Улсын Ерөнхий прокурорын 2016 оны Б/47 дугаар тушаалд хууль зүйн үндэслэлгүй дүгнэлт өгсөн атлаа нөгөө шаардлага болох Улсын Ерөнхий прокурорын тушаал гарах эрх зүйн үндэслэл болсон Прокурорын мэргэжлийн зөвлөлийн 2016 оны 01 дүгээр дүгнэлтэнд хууль зүйн дүгнэлт өгөлгүй орхигдуулан, маргааны үйл баримтыг бүрэн гүйцэд хяналгүй хэргийг шийдвэрлэсэн байна. Тухайлбал: Шийдвэрийн үндэслэх нь хэсгийн Хоёрт: "Иймд дээр дурдсан хариуцагчийн 2016 оны Б/47 дугаар тушаалыг Үндэслэх хэсгийн Нэгд дурдсан хууль зүйн үндэслэлүүдээр хүчингүй болгож шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн зөрчигдсөн уг эрх, хууль ёсны ашиг сонирхол нь сэргэж хангагдах учир тус нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв." гэсэн нь үндэслэлгүй бөгөөд ойлгомжгүй байна. Тушаал гарах эрх зүйн үндэслэл болсон дүгнэлт болон түүн дээр үндэслэн гарсан тушаалын үндэслэл, шалтгаан, цаг хугацааны дараалал, эрэмбийг алдагдуулж, байрыг сольж дүгнэсэн нь "шийдвэр үндэслэлгүй тул үндэслэсэн хууль нь хүчингүй гэсэн"-тэй ижил логикгүй, ойлгомжгүй дүгнэлт болсон байна.

Зүй нь шүүх нэхэмжлэл тус бүрт үндэслэл бүхий дүгнэлт хийх ёстой байсан ч, энэ үүргээ биелүүлээгүй болно. Өөрөөр хэлбэл, хяналтын прокурор Ж.Нарантуяагийн үйл ажиллагаа, мэргэшлийн түвшинг шалгаж дүгнэхэд нийлбэр дүнгээрээ 54 оноо буюу “хангалтгүй” үнэлгээ авч, прокурорын албан тушаалд “тэнцэхгүй” гэсэн дүгнэлтийн талаар анхан шатны шүүх хууль зүйн дүгнэлт өгөөгүй. Энэ нь маргааны гол үйл баримт, хэрэгт хамаарал, ач холбогдох бүхий нотлох баримтанд огт дүгнэлт өгөлгүйгээр нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн байна. Шүүх Ж.Нарантуяагаас шалгалт авах болсон шалтгаан нөхцөл, шалгалтын үнэлгээ дүн, түүнд үндэслэн гарсан дүгнэлтэнд дүгнэлт өгөх ёстой ба дүгнэлт өгөөгүй нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.4-т "Үндэслэх хэсэгт ... захиргааны актын хууль зүйн үндэслэл, түүнд өгөх тайлбар ..."-ыг тусгана гэж заасныг зөрчсөн. 2. Анхан шатны шүүх шийдвэртээ "Ж.Нарантуяагийн Улсын ерөнхий прокурорын орлогчид 2016 оны 02 дугаар сарын 05-ны өдөр гаргасан хүсэлтэд "... аавыгаа асрах зэрэг нөхцөл байдлуудаас шалтгаалан шалгалтандаа бэлдээгүйдээ ... дахин шалгалтанд орох хүсэлттэй байна" гэх шалтгааныг дурдсан хүсэлтийг тэмдэглэх нь зүйтэй гэжээ. Анхан шатны шүүх дээрх нөхцөл байдлын улмаас Прокурорын мэргэжлийн зөвлөлийг Ж.Нарантуяагаас дахин шалгалт авах үүрэгтэй байсан мэтээр дүгнэж байгаа нь илэрхий хууль бус байна.  Прокурорын үйл ажиллагаа, мэргэшлийн түвшинг шалгах, дүгнэх журмын 4.11-т "Улсын ерөнхий прокурорын дэргэдэх Зөвлөлийн хуралдаанаас ажлын хэсгийн үнэлгээ, дүнг өөрчлөх, дахин шалгалт авахаар шийдвэр гаргаж болно" гэж заасан. Журмын уг заалтыг шүүх хэрэглэхдээ шалгалтандаа тэнцээгүй хүн ямар нэг шалтгаан зааж дахин шалгалтад орох хүсэлт гаргах, хүсэлт гаргасан бол заавал дахин шалгалт авах, хүсэлт гаргагч нь өгөх эрхтэй гэсэн байдлаар тайлбарлажээ.

Шүүгч тус журмын дээрх заалтыг сонгон хэрэглэх боломжтой гэж дүгнэснийг эрх зүйн үндэслэл бүхий гэж үзэхгүй бөгөөд дахин шалгалт авах эсэх нь Прокурорын мэргэжлийн зөвлөлийн бүрэн эрхийн асуудал юм. Мөн дахин шалгалт авахыг сонгон хэрэглэх боломжтой гэсэн нь Прокурорын мэргэжлийн зөвлөлөөс нэгэнт дахин шалгалт авахгүй гэсэн байр суурийг үгүйсгэж, бүрэн эрхэд нь халдсан гэж үзэхээр байна. З. Анхан шатны шүүх шийдвэртээ "Улсын ерөнхий прокурорын 2010 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 172 дугаар тушаалаар нэхэмжлэгч Ж.Нарантуяад төрийн алба хаасан хугацааны нэмэгдлийг 10 хувиар тооцож олгох шийдвэр гарсан боловч тус тушаалын дагуу олгоогүй, 5 хувиар олгосон болох нь нотлогдсон" гэжээ. Улсын Ерөнхий прокурор энэ нэхэмжлэлийн шаардлагын тухайд хариуцагч биш бөгөөд түүний хувьд нэмэгдэл олгох шийдвэрийг бүрэн эрхийн хүрээнд гаргасан.

Харин Улсын ерөнхий прокурорын тушаалаар тогтоосон нэмэгдэлийг олгоогүй нь Булган аймгийн прокурор, прокурорын газрын үйл ажиллагаатай холбоотой байхад анхан шатны шүүх энэ байдалд бодитой дүгнэлт хийлгүй, хариуцагч биш этгээдээс төлбөр гаргуулахаар шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн. 4.            Шүүгч 2016 оны 03 дугаар сарын 18-нд захиргааны хэрэг үүсгэснээс хойш 12 удаа шүүх хурал хойшлуулахдаа 8 захирамж дээр гарын үсэг зурж, тамга дарж албажуулаагүй, 4 захирамж дээр тамга дараагүй, "захиргааны хэргийн шүүх хуралдааныг товлон зарлах тухай" 1 захирамжин дээр гарын үсэг зурж, тамга дарж  албажуулаагүй нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн /2002 оны/ 74 дүгээр зүйлийн 74.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн /2016 он/111 дүгээр зүйлийн 111.1 -д заасныг тус тус зөрчсөн. Мөн захирамжууд нь нотлох баримт ирүүлсэнийг нэхэмжлэгчид танилцуулах, ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах зэрэг үндэслэлгүй шалтгаанаар гарч байсан болно. 5.    Шүүгч Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.3-т "Шүүхийн шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг ... бүрэн эхээр нь бичгээр үйлдэж шүүгч, ... гарын үсэг зурна" гэж заасны дагуу шийдвэрээ 2017 оны 1 дүгээр сарын 03-ны дотор бичгээр гаргах байсан ч мөн оны 1 дүгээр 16-ны өдөр гаргаж хуульд заасан хугацааг 13 хоногоор хэтрүүлэн хэрэг хянан шийдвэрлэх журам зөрчсөн. Дээрх байдлуудаар шүүх хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн болох нь гомдолд дурьдсан үндэслэлүүдээр тогтоогдож байх тул Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 1078 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

 

Хариуцагч Прокурорын мэргэжлийн зөвлөлийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Үүлэн давж заалдах гомдолдоо:  “Хариуцагч Прокурорын Мэргэжлийн зөвлөлийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Үүлэн миний бие Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 1078 дугаартай шийдвэрийг 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр гардан авч дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт "Хариуцагч Улсын Ерөнхий прокурорын 2016 оны Б/47 дугаар тушаал нь Монгол улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь заалтын "... хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн", Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д "... хууль дээдлэх нь төрийн албаны үндсэн зарчим мөн." 11 дүгээр зүйлийн 11.1-д "Төрийн албан тушаалыг эрхэлж, бүрэн эрхээ хэрэгжүүлсний төлөө төрөөс цалин хөлс авч, ажиллах нөхцөл баталгаагаар хангагдан ажиллаж байгаа этгээдийг төрийн албан хаагч гэнэ.", 11 дүгээр зүйлийн 11.4-т "Төрийн жинхэнэ албан хаагчийн эрх зүйн байдлыг энэ хууль болон хууль тогтоомжийн бусад актаар тогтооно.", 27 дугаар зүйлийн 27.1.1-д "төрийн албан хаагчийн цалин хөлс, нөхөн төлбөр, ... авах,", 27.2.1-д "энэ хуулийн 25 дугаар зүйл, 26.1.3-т зааснаас бусад тохиолдолд төрийн албанаас халагдахгүй байх", 40 дүгээр зүйлийн 40.1-д "Төрийн албан хаагч, иргэнээс мэргэшлийн шалгалт авах, ... төрийн албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлэх, түүнийг чөлөөлөх ... асуудлаар хууль тогтоомж, стандартыг зөрчихийг хориглоно", Прокурорын байгууллагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.5-д "Прокурор төрийн албан тухай хууль тогтоомжид заасан төрийн албан хаагчийн ажиллах нөхцөл, баталгаа, нэмэгдэл баталгаа, түүнд олгох цалин хөлс, ... энэ хуульд заасан баталгаагаар хангагдана" гэсэн заалтуудыг тус тус зөрчиж нэхэмжлэгч Ж.Нарантуяаг ажлаас чөлөөлсөн нь дараах эрх зүйн үр дагаврыг үүсгэж, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн болох нь тогтоогдож байна" гэж дурьдсан нь ойлгомжгүй, ямар заалтуудыг хэрхэн яаж зөрчсөн талаар дүгнэлт хийгээгүй, Үндсэн хууль, Төрийн албаны тухай хууль, Прокурорын байгууллагын тухай хуулиудаас зарчим, баталгаа, цалин хөлс зэрэгтэй холбоотой заалтуудыг утга учиргүй хуулж бичсэн.

Мөн “... маргаан бүхий 2016 оны Б/47 дугаар тушаал нь Төрийн албаны тухай хуульд заасан төрийн жинхэнэ албан хаагчийг ажлаас чөлөөлөх хууль зүйн үндэслэлийг баримтлалгүй нэхэмжлэгч Ж.Нарантуяаг мэргэжлийн түвшин, ажил хэргийн чадварын хувьд эрхэлсэн ажилдаа "тэнцэхгүй" гэж дүгнэгдсэн гэсэн үндэслэлээр Прокурорын байгууллагын тухай хуулийг баримтлан ажлаас нь чөлөөлсөн нь хууль бус...” гэжээ. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.4-д “Шүүх тухайн маргаантай харилцааг зохицуулсан тухайлсан хууль байхгүй бол ерөнхийлөн зохицуулсан хуулийг хэрэглэнэ. Хэрэв тийм хууль байхгүй бол шүүх Монгол Улсын Үндсэн хуулийн агуулга, ерөнхий үндэслэл, үзэл санаанд нийцүүлэн шийдвэрлэнэ”, 11.5-д "Монгол Улсын Үндсэн хуулиас бусад хууль хоорондоо зөрчилдвөл тухайн харилцааг илүү нарийвчлан зохицуулсан хуулийн, тийм хууль байхгүй бол сүүлд хүчин төгөлдөр болсон хуулийн заалтыг хэрэглэнэ", 11.7-д "Шүүх хууль хоорондоо зөрчилтэй болон хууль шударга бус, эсхүл нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харш гэсэн үндэслэлээр хуулийн хэм хэмжээг хэрэглэхээс татгалзах эрхгүй" гэж Прокурорыг албан тушаалаас чөлөөлөхтэй холбоотой асуудлыг шийдвэрлэхдээ тухайлан, нарийвчлан зохицуулсан хууль болох Прокурорын байгууллагын тухай хуулийг хэрэглэх талаар заасан байхад нийтлэг зохицуулалттай Төрийн албаны тухай хуулийг хэрэглэх ёстой байсан гэж дүгнэж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна.

 Төрийн албаны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн, төрийн алба хаах насны дээд хязгаарт хүрсэн, өөрийн санаачилгаар албанаас чөлөөлөгдөх хүсэлт гаргасан тохиолдлуудад л төрийн жинхэнэ албан хаагчийг төрийн албанаас чөлөөлөх зохицуулалттай.

 Харин Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.2-д заасны дагуу "үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшин нь төрийн тухайн албан тушаал эрхлэх шаардлага хангахгүй болсон" тохиолдолд захиргааны санаачилгаар албан тушаал буруулж болохоор хуульчилсан. Прокурорын байгууллагын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.5-д "мэргэжлийн түвшин, ажил хэргийн чадварын хувьд эрхэлсэн ажилдаа тэнцэхгүй тухай мэргэжлийн зөвлөлийн дүгнэлт гарсан" гэсэн үндэслэлээр прокурорыг албан тушаалаас нь чөлөөлөхөөр нарийвчлан зохицуулсан тул энэ хуулийн заалтыг баримтлан Ж.Нарантуяаг прокурорын албан тушаалаас чөлөөлсөн нь хууль зүйн үндэслэлтэй байна. Шүүхийн шийдвэрийн 1.2. дахь хэсэгт "Улсын ерөнхий прокурорын 2013 оны А/65 тоот тушаалаар баталсан "Прокурорын үйл ажиллагаа, мэргэшлийн түвшинг шалгаж дүгнэх журам"-ын 2.1-д "Шалгалтын товыг шалгалт эхлэхээс 2 сараас доошгүй хугацааны өмнө гаргаж, ... мэдэгдэнэ" гэсэн заалтуудаас дүгнэхэд уг шалгалтанд оролцож мэргэжлийн түвшинг шалгуулах прокурорын хувьд болон шалгалтыг авах байгууллагад бэлтгэл ажлыг хангахад зориулсан заалт ... Прокурорын үйл ажиллагаа, мэргэшлийн түвшинг шалгах, дүгнэх журмын 4.11-т "Улсын ерөнхий прокурорын дэргэдэх Зөвлөлийн хуралдаанаас ажлын хэсгийн үнэлгээ, дүнг өөрчлөх, дахин шалгалт авахаар шийдвэр гаргаж болно" гэж заасан нь уг журмын зорилго, зарчимтай нийцэж байх тул нэхэмжлэгч Ж.Нарантуяагийн хувьд хариуцагч тус журмын дээрх заалтыг сонгон хэрэглэх боломжтой байсан байна. Иймд Төрийн албаны тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д "Төрийн албан хаагч, иргэнээс мэргэшлийн шалгалт авах, ... түүнийг ... чөлөөлөх, ... асуудлаар хууль тогтоомж, стандартыг зөрчихийг ...хориглоно." гэж заасны дагуу Прокурорын байгууллагын тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д заасан Прокурорын мэргэжлийн зөвлөлийн ажиллах журмын 1.2, Прокурорын үйл ажиллагаа, мэргэшлийн түвшинг шалгах, дүгнэх журмын 1.1, 2.1-д заасан зарчим, зорилго, нийтлэг журмыг зөрчсөн болох нь тогтоогдож байна" гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Учир нь: Прокурорын мэргэжлийн зөвлөл нь Монгол Улсын ерөнхийлөгчийн 2007 оны 264 дүгээр зарлигийн хавсралтаар батлагдсан "Прокурорын мэргэжлийн зөвлөлийн ажиллах журам"-ын 3 дугаар зүйлийн 3.1.1-д заасан "Нийт прокурорын үйл ажиллагаа, мэргэшлийн түвшинг 3 жилд нэг удаа шалгаж, дүгнэх", 3.1.2-д заасан "Улсын ерөнхий прокурор, түүний орлогч, туслахууд, аймаг, нийслэл, тээврийн прокурорын саналын дагуу тодорхой нэг болон хэд хэдэн прокурорын мэргэшлийн түвшинг шалгаж, дүгнэх", 3.1.3-д заасан "Прокурор өөрийн шийдвэрийг үндэслэлтэй гэж үзсэнтэй холбоотойгоор тухайн шийдвэрийн талаар мэргэжлийн үүднээс Зөвлөлийн дүгнэлт гаргуулахыг хүссэн тохиолдолд холбогдох хэрэг, материалыг хянаж дүгнэлт гаргана" гэсэн үндсэн 3 чиг үүргийг хэрэгжүүлэн ажилладаг.

Дээрх чиг үүргийн дагуу нийт прокурорын болон тодорхой нэг прокурорын мэргэшлийн түвшинг шалгаж дүгнэх хугацаа өөр өөр болох нь уг журмын 4 дүгээр зүйлийн 4.7-д заасан "Энэ журмын 3.1.1-д заасан прокурорын үйл ажиллагаа, мэргэшлийн түвшинг шалгаж, дүгнэх ажлыг явуулах хугацааг Улсын Ерөнхий прокурорын баталсан удирдамж, төлөвлөгөөгөөр зохицуулах ба 3.1.2-д заасан мэргэшлийн түвшинг шалгах, дүгнэх ажиллагааг тухайн асуудлаар өгсөн үүрэг, даалгавар, саналыг хүлээн авснаас хойш ажлын 15 хоногт багтаан гүйцэтгэнэ" гэсэн заалтаас тодорхой харагдана.

Нийт прокурорын үйл ажиллагаа, мэргэшлийн түвшинг дүгнэх ажлыг явуулах хугацааг Улсын Ерөнхий прокурорын баталсан удирдамж, төлөвлөгөөгөөр явуулахаар зохицуулсантай уялдаад шалгалтын товыг шалгалт эхлэхээс 2 сараас доошгүй хугацааны өмнө гаргаж, нийт прокурорын газруудад мэдэгдэж, шалгалтын дүнг Прокурорын мэргэжлийн зөвлөлийн хуралдаанаар хэлэлцсэний дараа Улсын Ерөнхий прокурорын дэргэдэх Зөвлөлийн хуралдаанаар хэлэлцдэг журамтай байсан.Харин тодорхой нэг прокурорын мэргэшлийн түвшинг шалгах, дүгнэх ажиллагааг тухайн асуудлаар өгсөн үүрэг, даалгавар, саналыг хүлээн авснаас хойш ажлын 15 хоногт багтаан гүйцэтгэхээр журамд заасан тул энэ хугацаанд багтаан прокурорын үйл ажиллагаа, мэргэшлийн түвшинг шалгаж, дүгнэх ажлыг явуулж, шалгалтын дүнг "Прокурорын мэргэжлийн зөвлөлийн ажиллах журам"-ын 5.1-д заасны дагуу Прокурорын мэргэжлийн зөвлөлийн хуралдаанаар хэлэлцэж, прокурорын албан тушаалд тэнцэх эсэх асуудлаар дүгнэлт гаргадаг.

Прокурорын албан тушаалд тэнцэхгүй гэсэн дүгнэлт гарсан тохиолдолд дүгнэлтийг Улсын Ерөнхий прокурорт хүргүүлдэг болохоос Улсын Ерөнхий прокурорын дэргэдэх Зөвлөлийн хуралдаанаар хэлэлцэх зохицуулалт байхгүй юм. Мэргэжлийн зөвлөлийн даргын хувьд "Прокурорын мэргэжлийн зөвлөлийн ажиллах журам"-ын 3 дугаар зүйлийн 3.3.1-д заасан "Прокурорын үйл ажиллагаа, мэргэшлийн түвшинг шалгах ажлыг удирдах зохион байгуулах" гэсэн бүрэн эрхийнхээ хүрээнд шийдвэр гаргаж, ажлын 15 хоногт багтаан шалгалт авах товыг тогтоодог болохыг дурьдах нь зүйтэй байна. Иймд шүүхийн шийдвэрт "Шалгалтын товыг 2 сарын өмнө мэдэгдэх болон Улсын Ерөнхий прокурорын дэргэдэх Зөвлөлийн хуралдаанаас ... дахин шалгалт авахаар шийдвэр гаргаж болно" гэсэн заалтыг хэрэглэх боломжтой байсан" гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Нэг зүйлийг тодруулж хэлэхэд Төрийн албаны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-д "Төрийн албан тушаалд тавих ерөнхий шаардлага нь хуульд өөрөөр заагаагүй бол тухайн албан тушаалыг эрхлэх мэдлэг, боловсрол, туршлага, ур чадвартай, мэргэшсэн байх явдал мөн" гэж, Прокурорын байгууллагын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-д "Хуульч сонгон шалгаруулах тухай хуульд заасан сонгон шалгаруулалтад тэнцэж, гэрчилгээ авсан мэргэшлийн түвшин, ажил хэргийн чадвараар шаардлага хангасан, хуульчийн мэргэжлээр гурваас доошгүй, эсхүл прокурорын туслах ажилтнаар хоёроос доошгүй жил ажилласан, ял шийтгүүлж байгаагүй, хорин гурван нас хүрсэн Монгол улсын иргэнийг прокуророор томилно" гэж тус тус заасан бөгөөд прокуророор томилогдсон төрийн тусгай албан хаагч уг шаардлагуудыг бүрэн хангаж ажиллах ёстой.

Үндсэн хуулийн 56 дугаар зүйлийн 1-д "Прокурор хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавьж, шүүх хуралдаанд төрийн нэрийн өмнөөс оролцоно" гэж заасан байдаг. Дээрх шаардлагуудыг хангаж чадаагүй хүн прокурорын албан тушаалд томилогдсоноор Үндсэн хуулинд заасан тусгай чиг үүргээ үнэнч шударгаар нэр төртэй биелүүлж, хүний эрх, эрх чөлөөг дээдэлж, хуулийг нэг мөр хэрэглэж, үндэслэл бүхий шийдвэр гаргаж ажиллана гэдэг нь эргэлзээтэй юм. Иймээс ч прокурорын үйл ажиллагаа, мэргэшлийн түвшинг шалган, дүгнэж, албан тушаалдаа тэнцэж буй эсэх талаар дүгнэлт гаргадаг байгууллага байх шаардлагатай бөгөөд энэ чиг үүргийг Прокурорын мэргэжлийн зөвлөл эрхлэн гүйцэтгэж байна.

Прокурорын мэргэжлийн зөвлөл дээрх чиг үүргийг хариуцан ажиллахдаа шударга ёс, хууль дээдлэх зарчмыг сахиж, Монгол Улсын үндсэн хууль, Прокурорын байгууллагын тухай хууль, Монгол улсын ерөнхийлөгчийн 2007 оны 264 дүгээр зарлигийн хавсралтаар батлагдсан "Прокурорын мэргэжлийн зөвлөлийн ажиллах журам" болон тэдгээрт нийцүүлэн гаргасан Улсын ерөнхий прокурорын тушаал, журмыг баримтлан Ж.Нарантуяагийн прокурорын үйл ажиллагаа, мэргэшлийн түвшинг дүгнэж, авсан онооных нь нийлбэр дүнгээр буюу 54 оноо авсан байдлыг харгалзан прокурорын албан тушаалд "тэнцэхгүй" гэсэн дүгнэлт гаргаж, Улсын ерөнхий прокурорт хүргүүлсэн.

Улсын Ерөнхий прокурор Прокурорын байгууллагын тухай хуульд заасны дагуу хяналтын прокурор Ж.Нарантуяаг албан тушаалаас нь чөлөөлсөн нь хууль зүйн үндэслэлтэй байна. Иймд Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.1-д заасны дагуу Ж.Нарантуяагийн нэхэмжлэлийг хангасан Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 1078 дугаартай шийдвэрийн хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Жич: Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Өлзийсайхан нь шүүх хуралдааныг удаа дараа үндэслэлгүйгээр хойшлуулсан, шүүх хуралдаанд оролцох талаар мэдэгдээгүй, шүүхийн шийдвэрийг 14 хоногийн дотор бичгээр үйлдээгүй /гардаж авсан өдөр буюу 2017.01.16-ны өдөр гаргасан/ зэрэг зөрчил гаргасан болохыг дурьдах нь зүйтэй гэж үзлээ” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн зарим шаардлага, түүний үндэслэлийг бүрэн гүйцэд тодруулаагүй, хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий нотлох баримтыг бүрэн гүйцэд бүрдүүлж, нэхэмжлэлийн шаардлага тус бүрт дүгнэлт хийлгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журамд нийцээгүй байх тул хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэв.

Нэхэмжлэгчээс “...Прокурорын мэргэжлийн зөвлөл нь 2015 онд мөрдөн байцаалтад буцсан 5 эрүүгийн хэргийн талаарх үзүүлэлтийг хамруулж дүгнэлт хийсэн нь буруу ... Шалгалтын дүнг хүлээн зөвшөөрөхгүй,  дахин шалгалт өгөх хүсэлт гаргахад албан ёсоор хариу өгөөгүй, ... мөрдөн байцаалтад буцсан хэргийн шалтгаан нөхцөлийг тодруулж тайлбар, тодорхойлолт аваагүй ...  шалгалт авахдаа заавал дэс дарааллаар хэлүүлэх, 1 үндэслэл хэлээгүй байхад оноо хасах зэргээр шалгасан. ...ажилтанд 1 сарын өмнө мэдэгдэх үүргээ захиргааны байгууллага хэрэгжүүлээгүй, нэг удаагийн тэтгэмжийг надад олгохгүйгээр ажлаас чөлөөлсөн, ... хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтад буцаасан 5 хэргийн 2 хэрэгт нь сахилгын шийтгэл сануулах, цалингийн 10% хасуулах болон зэрэг дэвийн нэмэгдэл хасах арга хэмжээ авагдсан тул нэг төрлийн сахилгын шийтгэлд давхардуулж хариуцлага тооцон ажлаас чөлөөлсөн ...” гэх үндэслэлээр “Прокурорын мэргэжлийн зөвлөлийн 2016 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн Ж.Нарантуяа надад холбогдох илт хууль бус дүгнэлтийг хүчингүй болгуулах, Улсын ерөнхий прокурорын 2016 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн Б/47 тоот “Ажлаас чөлөөлөх тухай” тушаалыг хүчингүй болгож, өмнө эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэх өдөр хүртэл хугацаагаар, төрийн алба хаасан хугацааны нэмэгдлийг тус тус гаргуулах, ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийж, баталгаажуулахыг Улсын ерөнхий прокурорт даалгуулах” гэсэн нэхэмжлэлийн шаардлага гарган маргажээ.

Харин хариуцагчаас “... Ж.Нарантуяа нь ... прокурорын үйл ажиллагаа, мэргэжлийн түвшинг тогтоох шалгалтаар “хангалтгүй” үнэлгээ авч, прокурорын албан тушаалд “тэнцэхгүй” гэсэн дүгнэлт гарсан, ... Мэргэжлийн зөвлөлийн дүгнэлтийг үндэслэн ажлаас нь чөлөөлсөн, ... Булган аймгийн прокурор Б.Эрхэмбаатараас ... гаргасан саналын дагуу ... Ж.Нарантуяагийн ... ажил байдлыг шалгасан ... Прокурорын мэргэжлийн зөвлөлийн гишүүний өгсөн үнэлгээ бодит биш хийгдсэн, зөрүүтэй байдал илэрсэн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй, хэрхэн яаж зөрчсөн гэж үзэж байгаа нь тодорхойгүй, ... шалгалтын дүнг эс зөвшөөрсөн талаар ямар нэгэн гомдол гаргаж байгаагүй. Өөрөөр хэлбэл шалгалтын үнэлгээ буруу дүгнэгдсэн, өгвөл зохих оноог өгөөгүй гэх мэтээр шалгалтын дүнтэй холбогдуулан гомдол гаргаагүй ... Зөвлөл нь ... журмыг баримтлан ажилласан бөгөөд ямарваа нэгэн хууль, заавар журам зөрчсөн үйлдэл гаргаагүй...” гэж нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргасан байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан “...тушаал гарах эрх зүйн үндэслэл болсон дүгнэлт болон түүн дээр үндэслэн гарсан тушаалын үндэслэл, шалтгаан, цаг хугацааны дараалал, эрэмбийг алдагдуулж, ...дүгнэсэн нь ...логикгүй, ойлгомжгүй ... шүүх нэхэмжлэл тус бүрт үндэслэл бүхий дүгнэлт хийх ... үүргээ биелүүлээгүй... шалгалт авах болсон шалтгаан нөхцөл, шалгалтын үнэлгээ дүн, түүнд үндэслэн гарсан дүгнэлтэд дүгнэлт өгөх ёстой ба дүгнэлт өгөөгүй нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.4-т заасныг зөрчсөн...” гэх давж заалдах гомдол үндэслэлтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-т “Хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүргийг захиргааны хэргийн шүүх гүйцэтгэнэ”, 32.2-т “Захиргааны хэргийн шүүх хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг байгууллага, албан тушаалтан, хүнээс гаргаж өгөхийг шаардах эрхтэй бөгөөд холбогдох этгээд шаардлагыг биелүүлэх үүрэгтэй”, 34 дүгээр зүйлийн 34.1-т “.Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр өөрийн дотоод итгэлээр үнэлнэ”, 106 дугаар зүйлийн 106.2-т “Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” 107 дугаар зүйлийн 107.4-т “Үндэслэх хэсэгт хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, хэргийг хянан шийдвэрлэхэд үндэслэл болгосон нотлох баримтыг үнэлж дүгнэсэн байдал, захиргааны актын хууль зүйн үндэслэл, түүнд өгөх тайлбар, шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон хэм хэмжээ, тэдгээрийг хэргийн бодит нөхцөл байдалд хэрхэн тайлбарлаж хэрэглэсэн тухайгаа тусгана”, 121 дүгээр зүйлийн 121.1.4-т “шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах”, 121.3.7-д “шүүх нэхэмжлэлийн болон гуравдагч этгээдийн бие даасан шаардлага, түүний зарим хэсэгт нь дүгнэлт өгөөгүй, эсхүл шийдвэрлэлгүй орхигдуулсан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн бол” гэж заажээ.

Шүүх нэхэмжлэгчийн “Прокурорын мэргэжлийн зөвлөлийн 2016 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн илт хууль бус дүгнэлтийг хүчингүй болгуулах” гэсэн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг буюу ямар шалтгааны улмаас тус дүгнэлтийг илт хууль бус буюу илэрхий алдаатай гэж үзсэн үндэслэлийг тодруулаагүй, нэхэмжлэлийн тус шаардлагатай холбогдуулан хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулж, тал бүрээс нь харьцуулан үзэж, үнэлэлт дүгнэлт хийлгүйгээр “ ...2016 оны Б/47 дугаар тушаалыг Үндэслэх хэсгийн нэгд дурдсан үндэслэлүүдээр хүчингүй болгож шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн зөрчигдсөн уг эрх, хууль ёсны ашиг сонирхол нь сэргэж хангагдах учир...” гэх дүгнэлтийг хийж тус нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь дээр дурдсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг тогтоосон Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1, 34 дүгээр зүйлийн 34.1, 106 дугаар зүйлийн 106.2, 107 дугаар зүйлийн 107.4-т заасантай нийцэхгүй байна.

Зүй нь шүүх нэхэмжлэлийн тус шаардлагын үндэслэлийг бүрэн гүйцэд тодруулж, тухайлбал, Прокурорын мэргэжлийн зөвлөл нь 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хийсэн нийслэлийн прокурор Д.Баяржаргалын шалгасан шалгалтын дүнд үндэслэн дүгнэлт гаргасан эсэх, ажлын чанар, үр дүнгийн үзүүлэлтийг гаргах маягтыг Улсын Ерөнхий прокурорын газраас урьдчилан боловсруулсан эсэх, тус шалгалтын үнэлгээг гаргахдаа үзүүлэлт тус бүрийг тодорхой шалгуур үзүүлэлтийн дагуу үнэлж дүгнэсэн эсэх зэрэг нэхэмжлэгчийн маргаж буй үндэслэл тус бүрт дүгнэлт өгч хэргийг шийдвэрлэх байжээ.

Түүнчлэн шүүх нэхэмжлэгчийн “төрийн алба хаасан хугацааны нэмэгдлийг гаргуулах” гэсэн нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийг бүрэн гүйцэд тодруулаагүй, хариуцагчийг зөв тодорхойлолгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.4-т ”Нэхэмжлэлийн шаардлагаар тодорхойлогдох захиргааны үйл ажиллагааг хэрэгжүүлсэн захиргааны байгууллага, албан тушаалтныг хариуцагч гэнэ”, 53 дугаар зүйлийн 53.3-т “Нэхэмжлэл нь энэ хуулийн 52.2, 52.3, 52.5-д заасан бүрдүүлбэр хангаагүй бол хүлээн авсан шүүгч 7-14 хоногийн хугацаа тогтоон нэхэмжлэгчид уг шаардлагыг хангах боломж олгоно” гэж заасантай нийцээгүй байна.

Тодруулбал, нэхэмжлэгч төрийн алба хаасан хугацааны нэмэгдлийг хэзээнээс тооцож, хичнээн төгрөг гаргуулахыг хүссэн, энэхүү нэмэгдлийг аваагүй талаар хэзээ мэдсэн, хариуцагч нь Улсын Ерөнхий прокурор мөн эсэх зэргийг тодруулж, дүгнэлт хийлгүйгээр “...төрийн алба хаасан хугацааны нэмэгдлийг 10 хувиар тооцож зөрүү төгрөгийг Ж.Нарантуяад олгох, ...ийг Улсын ерөнхий прокурорт даалгасугай...” гэж шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.3, 106 дугаар зүйлийн 106.2, 107 дугаар зүйлийн 107.4-т заасантай нийцэхгүй байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Машбат “... Шүүгч ... хэрэг үүсгэснээс хойш 12 удаа шүүх хурал хойшлуулахдаа 8 захирамж дээр гарын үсэг зурж, тамга дарж албажуулаагүй, 4 захирамж дээр тамга дараагүй, “захиргааны хэргийн шүүх хуралдааныг товлон зарлах тухай” 1 захирамжин дээр гарын үсэг зурж, тамга дарж албажуулаагүй...” гэж давж заалдах гомдол гаргасан байх боловч хэргийн материалаас үзэхэд шүүгчийн гарын үсэггүй, тамга дарж албажаагүй захирамж байхгүй болохыг, мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Үүлэн “...шүүх хуралдаанд оролцох талаар мэдэгдээгүй, шүүхийн шийдвэрийг 14 хоногийн дотор бичгээр үйлдээгүй...” гэх гомдол гаргасан байх боловч хэдний өдрийн шүүх хуралдааны товыг мэдэгдээгүй талаар тодорхой бичээгүй, тэрээр 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн хэргийг эцэслэн шийдвэрлэсэн шүүх хуралдаанд биечлэн оролцсон байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын эдгээр гомдол дурдсан үндэслэлээр шүүхийг буруутгах үндэслэлгүй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.1-т “Хэрэг хянан шийдвэрлэх шүүгч, шүүх бүрэлдэхүүн, шүүх хуралдаан даргалагчийг жил, хагас жил зэрэг тодорхой хугацаагаар тухайн шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнөөс хуваарь гарган томилж, Ерөнхий шүүгчийн захирамжаар албажуулна” гэж заасан байна.

 Хавтаст хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх шүүгчийг албажуулсан Ерөнхий шүүгчийн захирамж авагдаагүй байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.3.2-т “хууль бус бүрэлдэхүүнээр хэргийг хянан шийдвэрлэсэн” гэж заасны дагуу хэргийг дахин хэлэлцүүлэх нэг үндэслэл болсныг тэмдэглэв.

Түүнчлэн нэхэмжлэгч нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.2.4, 52.5-д заасны дагуу нэхэмжлэлийн шаардлага түүний үндэслэлийг буюу хэрхэн ямар шалтгааны улмаас маргаан бүхий актыг илт хууль бус /илэрхий алдаатай акт/ болохыг тогтоолгох, эсхүл хүчингүй болгуулахаар шаардах болсон шалтгаан үндэслэлээ өөрөө тодорхойлох, нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийн талаар нотлох баримтаа шүүхэд гаргаж өгөх, боломжгүй бол шүүхэд мэдэгдээгүй нотлох баримтын эх сурвалжийг заах үүрэгтэй,  мөн хуулийн 98 дугаар зүйлийн 98.2-т “Нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл, маргааны үйл баримт, захиргааны үйл ажиллагааны үндэслэлийг нотлох болон үгүйсгэх байдлаар мэтгэлцэнэ” гэж заасны дагуу нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг нотлох буюу хариуцагчийн шийдвэрийг үгүйсгэх хүрээнд, харин хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг няцаах буюу захиргааны акт түүний үндэслэлийг нотлох хэлбэрээр мэтгэлцэх зарчмыг хэрэгжүүлэх, харин шүүх мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д “Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй” гэж заасны дагуу нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх үүрэгтэй болохыг тус тус дурдах нь зүйтэй.   

Дээр дурдсан нөхцөл байдал засагдаагүй байхад давж заалдах шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байх тул хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.2, 121.3.3, 121.3.4, 121.3.7 дахь заалтыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 1078 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасугай. 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч нарыг улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлснийг дурдсугай.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, мөн шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

                                      ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:

                        ШҮҮГЧ                                                 Э.ЛХАГВАСҮРЭН

                        ШҮҮГЧ                                                 Д.БАТБААТАР

                        ШҮҮГЧ                                                 Н.ХОНИНХҮҮ