Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 12 сарын 20 өдөр

Дугаар 1078

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Өлзийсайхан даргалж, тус шүүхийн хуралдааны “4” дүгээр танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Ж*******ын Н*******гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Улсын ерөнхий прокурор, Төрийн хууль цаазын тэргүүн зөвлөх М.Э******* болон Прокурорын мэргэжлийн зөвлөлд холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: 

“Прокурорын мэргэжлийн зөвлөлийн 2016 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн Ж.Н******* надад холбогдох илт хууль бус дүгнэлтийг хүчингүй болгуулах;

-Улсын ерөнхий прокурорын 2016 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн Б/47 тоот “Ажлаас чөлөөлөх тухай” тушаалыг хүчингүй болгож, өмнө эрхэлж байсан ажил,  албан тушаалд эгү******* тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэх өдөр хүртэл хугацаагаар болон төрийн алба хаасан хугацааны нэмэгдлийг тус тус тус гаргуулах;

-Ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийж, баталгаажуулахыг Улсын ерөнхий прокурорт даалгах”-ыг хүссэн шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ж.Н*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч  Б.Г*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ү*******, О.М*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ундрал нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 Нэг. Нэхэмжлэгч Ж.Н******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 

“...Ж.Н******* би 2000 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Увс аймгийн Прокурорын газарт хяналтын прокуророор, улмаар 2002 онд ял эдлүүлэх ажиллагаанд хяналт хариуцсан прокуророор, 2011 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын 2 дугаар Прокурорын газарт хяналтын прокуророор, 2012 оны 3 дугаар сарын 13-ны өдрөөс Булган аймгийн Прокурорын газарт хэрэг бүртгэлт, мөрдөн байцаах ажиллагаанд тавих хяналтын прокуророор тус тус томилогдон ажиллаж, прокурорын байгууллагад нийт 15 жил 5 сар гаран ажилласан болно. Ажиллаж байх хугацаанд жил болгон аймгийн прокурортой бүтээгдэхүүн нийлүүлэх үр дүнгийн гэрээ байгуулан гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлж ирсэн бөгөөд Увс аймагт прокуророор ажиллаж байх хугацаанд 2 удаа байгууллагын аварга, тэргүүний прокурор, ял эдлүүлэх болон захиргааны зөрчлийн хэрэг бүртгэлийн чиглэлээр 3 жил дараалан 1-р байрт, мөн 2015 онд Булган аймагт аймгийн тэргүүний ажилтан, Засаг даргын жуух гэх мэт шагналуудаар шагнагдаж байсан прокурорын мэргэшлийн түвшин тогтоох шалгалтанд 2014 оноос урьд нь удаа дараа “онц” үнэлгээтэй дүгнүүлж ирсэн билээ.

Гэтэл Улсын Ерөнхий Прокурорын 2016 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн Б/47 тоот тушаалаар Прокурорын байгууллагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 17.1.4, 43 дугаар зүйлийн 43.1.5 “Прокурорын мэргэжлийн зөвлөлийн ажиллах журам-ын” 5 дугаар зүйлийн 5.12 дахь заалтыг тус тус баримтлан намайг эрхэлсэн ажилдаа “тэнцэхгүй” гэх үндэслэлээр ажлаас чөлөөлсөн байх тул эс зөвшөөрч дараах хууль зүйн үндэслэлээр тус захиргааны хэргийн шүүхэд энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна. Үүнд: 

Нэгд: Прокурорын мэргэжлийн зөвлөлийн 2016 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн дүгнэлтийг надад холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

1.1. Булган аймгийн Прокурорын газрын хэрэг бүртгэлт, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хяналт хариуцсан хяналтын прокурор Ж.Н******* би 2015 онд хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан 162 эрүүгийн хэрэгт хяналт тавьж ажилласнаас 52 эрүүгийн хэрэгт прокурорын яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн ба үүнээс 5 эрүүгийн хэрэг тухайлбал: 201406000063, 201406000191, 201406000308, 201506000087, 201506000130 тоот дугаартай хэрэг шүүхээс хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтанд буцаж ажлын гологдолд тооцогдсон болно. Эдгээр шүүхээс нэмэлт хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтад буцсан 5 эрүүгийн хэргээс 3 хэрэг нь 2014 оны хэрэг бөгөөд шүүхэд шилжүүлэхийн өмнө аймгийн прокуроруудын зөвлөгөөнөөр хэлэлцүүлсэн 3 хэрэг байсан юм.

Гэтэл намайг 5 хэрэг нэмэлт мөрдөн байцаалтанд буцаасан гэх үндэслэлээр Булган аймгийн Прокурорын газрын дэргэдэх зөвлөлийн хурлаар хэлэлцэж, улмаар аймгийн прокурор, хууль цаазын итгэмжит зөвлөх Б.Э*******ын саналын дагуу “Мэргэжлийн зөвлөл”-өөр хэлэлцүүлэхээр болсон юм.

Прокурорын байгууллагын тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.3-т заасны дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2007 оны 11 дүгаар сарын 22-ны өдрийн 264 дүгээр зарлигаар “Прокурорын мэргжлийн зөвлөлийн ажиллах журам”-ыг баталсан байна.

Дээрх журмын “Дөрөв” дэх хэсгийн 4.5-д заасны дагуу Улсын ерөнхий прокурорын дэргэдэх Прокурорын мэргэжлийн зөвлөлөөс уг журмын 4.8-д заасан а/ Эрх зүйн мэдлэгийн түвшинг тогтоох зорилгоор урьдчилан бэлтгэсэн сонжуураар шалгалт авч, дүгнэх, б/ Мэргэжлийн үйл ажиллагаатай нь холбоотой дасгал ажиллуулах замаар сэтгэн бодох чадварыг нь тогтоож, үнэлгээ өгөх, в/ Ажил хэргийн чадвар тогтоох зорилгоор ярилцлага хийж, үнэлгээ өгөх, г/ Хяналтын ажлын чанар, үр дүнгийн талаар судалгаа авч, ажилтай нь биечлэн танилцах замаар үнэлгээ, дүгнэлт өгөх” чиглэлээр шалгах ба эдгээр үзүүлэлтийн нийлбэр дүнгээр намайг 54 оноо гэж дүгнэж, ажил мэргэжилдээ “тэнцэхгүй” гэж дүгнэлт гаргасанд гомдолтой байна.

Прокурорын мэргэжлийн зөвлөлөөс миний асуудлыг хэлэлцэж дүгнэлт гаргахдаа журмын 5.6-д заасныг зөрчсөн гэж үзэж байна:

Түүнчлэн журмын 4.9-ийн “Прокурорын үйл ажиллагаа, мэргэшлийн түвшинг шалгаж дүгнэх, үнэлгээ өгөх үйл ажиллагаа нь Улсын ерөнхий прокурорын тушаалаар тусгайлан баталсан журам заавраар зохицуулагдана” гэж заасныг анхаарахгүйгээр Прокурорын мэргэжлийн зөвлөл нь 2015 онд мөрдөн байцаалтад буцсан 5 эрүүгийн хэргийн талаарх үзүүлэлтийг хамааруулж дүгнэлт хийсэн нь Прокурорын үйл ажиллагаа, мэргэжил /мэргэшил/ түвшинг шалгах, үнэлгээ өгөх аргачилсан зааварт заасанд нийцээгүй болно.

Улсын Ерөнхий Прокурорын 2013 оны А/65 тоот тушаалаар баталсан “Прокурорын үйл ажиллагаа, мэргэшлийн түвшинг шалгах, дүгнэх журам”-ын 4.4-т “Шалгалтын дүнг зөвшөөрөгүй бол танилцуулснаас хойш 10 хоногийн дотор Ажлын хэсгийн ахлагч буюу Прокурорын Мэргэжлийн Зөвлөлийн даргад гомдол гаргаж болно” гэж заасны дагуу гомдол гаргаж дахин шалгалт авч өгөх тухай хүсэлтийг Мэргэжлийн зөвлөлийн дарга УЕП-ын орлогч Г.Э*******ад хандаж гаргасан боловч хүсэлтэд минь албан ёсоор хариу өгөөгүй.

Намайг прокурорын байгууллагад 16 дахь жилдээ ажиллаж байгаа, урьд өмнө шалгалт өгсөн үнэлгээ зэргийг харгалзан үзэж уг журмын 4.11-т “Улсын Ерөнхий Прокурорын дэргэдэх Зөвлөлийн хуралдаанаас ажлын хэсгийн үнэлгээ, дүнг өөрчлөх, дахин шалгалт авахаар шийдвэр гаргаж болно.”  гэж заасны дагуу дахин шалгалт авах бүрэн боломжтой атал аваагүй, мөн журмын 3.6-т “Ажлын хэсгийн гишүүн тухайн прокурорын хяналтын ажлын чанар, үр дүнгийн үзүүлэлттэй урьдчилан танилцах ба шаардлагтай тохиодолд бүртгэл, судалгаатай нь тулгах, тайлбар тодорхойлолт авах зэргээр дүгнэнэ” гэж зааснаар хяналтын прокурор миний шүүхэд мөрдөн байцаалтад буцсан хэргийн шалтгаан нөхцлийг тодруулж тайлбар, тодорхойлолт аваагүй зэрэг нь намайг ажлаас халах зорилготой байсныг харуулж байна.

1.2. Түүнчлэн” Прокурорын мэргэжлийн зөвлөлийн ажиллах журам”-ын 1.2-т “Зөвлөл нь үйл ажиллагаандаа шударга ёс, хууль дээдлэх зарчмыг сахиж, Монгол Улсын Үндсэн хууль, Прокурорын байгууллагын тухай хууль, холбогдох бусад хууль, энэ журам болон тэдгээрт нийцү******* гаргасан Улсын Ерөнхий Прокурорын тушаал, журмыг баримтална”, 3.3.2-т “Шалгалтын явц байдал, холбогдох материалтай танилцаж, нэмэлт үүрэг чиглэл өгөх”, 5.4-т “Шалгалтын дүнгийн талаар гишүүд шалгалтыг бүрэлдэхүүнээс асуулт асууж, хариулт авах, шалгалттай холбоотой баримт, материалтай танилцах, хэрэв прокурор хуралдаанд биечлэн оролцож байгаа бол түүнээс асуулт асуух, тайлбар авар, санал бодлыг нь сонсох зэргээр хуралдааныг явуулна” гэж заасныг тус тус зөрчиж надаас асуулт асуугаагүй, шүүхээс хэрэг мөрдөн байцаалтад буцах болсон шалтгаан нөхцөл байдлыг тодруулаагүй, тайлбар гаргах, санал бодлоо чөлөөтэй илэрхийлэх боломжоор хангаагүй, прокурорын үйл ажиллагаа, мэргэжлийн түвшин , хяналтын ажлын чанар, үр дүн, бусад ажлын талаар тал бүрээс нь бүрэн бодитой дүгнэлт хийгээгүй хэт нэг талыг баримталж дүгнэлт гаргасан гэж үзэж байна.

1.3. Мэргэжлийн зөвлөлийн гишүүн Баяржаргал прокурор миний 2014, 2015 онд хичнээн хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтад хянагдах ёстой гэх үзүүлэлтүүдийг 2014, 2015 оны жилийн эцсийн байдлаар шалгаж нягтлаагүй, 2016.02.01-нд хяналтын ажлын үзүүлтэнд надаар нөхөж гарын үсэг зуруулсан, түүнчлэн шалгалтад заавал аргачилсан дэс дараалалаар цээжилсэн байхыг шаардаж тухайлбал: эрүүгийн хэрэг үүсгэх үндэслэлийг заавал дэс дараалалаар хэлүүлэх, 1 үндэслэл хэлээгүй байхад оноо хасах зэргээр шалгасан зэрэг нь мэргэжлийн зөвлөлийн дүгнэлт хууль ёсны үндэслэлтэй гарсан гэж үзэхгүй байна.

Дээрх байдлаар мэргэжлийн зөвлөлийн дүгнэлтийг хууль бус гэж үзэж байгаа тул хүчингүй болгож өгнө үү.

Хоёр: Улсын Ерөнхий Прокурорын 2016 оны 02 дугаар сарын 24-ны өдрийн Б/47 тоот “Ажлаас чөлөөлөх тухай” тушаалыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

2.1 Прокурорын мэргэжлийн зөвлөлийн хууль бус үндэслэлгүй дүгнэлтийг үндэслэж гаргасан Улсын Ерөнхий Прокурорын 2016 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн Б/47 тоот тушаал нь мөн адил хууль бус, үндэслэлгүй тушаал юм.

Прокурор нь Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар төрийн захиргааны буюу төрийн жинхэнэ албан хаагч тул бөгөөд мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д “Төрийн албан хаагч, иргэнээс мэргэшлийн шалгалт авах, төрийн албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлэх, түүнийг томилох, чөлөөлөх, албан тушаалд дэвшүүлэх, албан тушаалаас бууруулах зэрэг асуудлаар хууль тогтоомж, стандартыг зөрчих, түүнчлэн дээрх үйл ажиллагаатай холбогдсон шударга бус тодохойлолт, гэрчилгээ, баталгаа гаргахыг хориглоно.” гэж заасныг зөрчин Монгол Улсын иргэн миний Төрийн албанд ажиллах, нэр төртэй байх, хууль ёсны эрх ашгийг зөрчсөн шийдвэр болсон гэж үзэж байна.

Миний бие энэхүү хууль бусаар ажлаас чөлөөлсөн тухай тушаалыг албан ёсоор гардаж, хүлээн аваагүй болно.

Төрийн жинхэнэ албан хаагч тул Төрийн албаны тухай хуулийн холбогдох зүйл заалтыг баримтлах бөгөөд Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6-д “Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой, энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн хуулиар зохицуулна” гэж заажээ.

Хэрэв төрийн жинхэнэ албан хаагч, прокурор намайг “ажил, албан тушаалдаа тэнцэхгүй”  гэж үзэж буй тохиолдолд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-д “Ажил олгогч энэ хуулийн 40.1.1, 40.1.2-т заасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцлах тухайгаа ажилтанд нэг сарын өмнө мэдэгдэнэ...”  42 дугаар зүйлийн 42.1-д “Ажил олгогч энэ хуулийн 37.1.6, 40.1.1, 40.1.2, 40.1.3-т заасан үндэслэлээр ажлаас халагдсан ажилтанд нэг сар, түүнээс дээш хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх тэтгэмж олгоно.” гэж тус тус зааснаар тухайн ажилтанд 1 сарын өмнө мэдэгдэх үүргээ захиргааны байгууллага хэрэгжүүлээгүй, нэг удаагийн тэтгэмжийг надад олгохгүйгээр ажлаас чөлөөлсөн нь хууль бус гэж үзэж байна. 

Монгол улсын Дээд шүүхийн 2006 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 33 дугаар “Хөдөлмөрийн тухай хуулийн зарим, зүйл заалтыг тайлбарлах тухай“, 15.2-т “Хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2- заасан “ажилтан мэргэжил, ур чадварын хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэхгүй болсон нь тогтоогдсон“ гэдгийг ажилтны энэ байдлын талаар салбарын буюу тухайн байгууллагын мэргэжил, ур чадварын түвшин тогтоох комисс, аттестатчиллын комиссын албан ёсны дүгнэлт, шийдвэр гарсан байхыг ойлгоно” гэж , мөн тогтоолын 17-д “Хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-д заасан “сарын өмнө мэдэгдэх” тухай заалтыг хэрэгжүүлэхдээ хөдөлмөрийн гэрээг өөрийн санаачлагаар цуцлах тухайгаа ажил олгогч нь ажилтанд уг хугацааны өмнө бичгийн хэлбэрээр мэдэгдэж, гарын үсэг зурж батагаажуулна” гэж тайлбарласан дээрх хуулийн заалтуудыг ноцтой зөрчсөн гэж үзнэ. 

Түүнчлэн Монгол Улсын Дээд шүүхийн 2012 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн                “Хөдөлмөрийн эрх зүйн харилцаанаас үүссэн маргаантай хэргийг хянан шийдвэрлэхэд анхаарах асуудал” зөвлөмжид мөн зүйлийн 40.5-д заасны дагуу ажилтанд нэг сарын өмнө мэдэгдэх үүргээ ажил олгогч биелүүлсэн эсэх”-ийг анхаарах хэрэгтэй хэмээн заажээ.

Ийнхүү хуулийн 1 /нэг/ сарын өмнө мэдэгдэх гэдгийг тухайлан зааж өгсөн нь тухайн ажилтанд өөр ажил хайх боломж хугацааг хуулиар олгосон атал надад хуулийн боломж олгохгүйгээр гэнэт ажлаас чөлөөлсөн нь өрх толгойлон амьдралаа авч яваа надад үнэхээр хүнд тусаж байна.

Мөн энэхүү шүүхэд хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтад буцаасан 5 хэргийн 2 хэрэгт нь сахилын шийтгэл сануулах, цалингийн 10% хасуулах болон зэрэг дэвийн нэмэгдэлийн 189.076 төгрөгийг хасах арга хэмжээ авагдсан тул нэг төрлийн сахилгын шийтгэлд давхардуулан ажлаас чөлөөлөх арга хэмжээ авсан гэж үзэж байна. 

Миний бие төрийн албанд 16 жил тасралтгүй тогтвортой ажилласан байхад төрийн алба хаасан нэмэгдлийг 2010 оноос хойш өгөөгүй, удаа дараа хүсэлт гаргаж байсан боловч олгоогүй тул холбогдох Төрийг албаны тухай хууль болон Засгийн газрын 1995 оны 96 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтад заасны дагуу төрийн алба хаасны нэмэгдлийг нөхөж олгож өгнө үү.

Иймд дээр дурьдсан үндэслэлээр Улсын Ерөнхий Прокурорын 2016 оны 02 дугаар сарын 21-ны өдрийн Б/47 тоот тушаалыг хүчингүй болгож, урьд өмнө эрхэлж байсан ажил албан тушаалд эргү******* тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэх  өдөр хүртэл хугацаагаар гаргуулах,  энэ хугацааны нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийж, баталгаажуулж өгнө үү.” гэжээ. 

Хоёр. Хариуцагч Улсын ерөнхий прокурорын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн 2016 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: 

“...1. Булган аймгийн прокурорын газрын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах үйл ажиллагаанд хяналт тавих ажил хариуцсан хяналтын прокурор Ж.Н*******гийн үйл ажиллагаа, мэргэшлийн түвшинг Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2007 оны 264 дүгээр зарлигаар баталсан журмын дагуу шалгаж дүгнэхэд нийлбэр дүнгээрээ 54 оноо буюу “хангалтгүй” үнэлгээ авч, прокурорын албан тушаалд “тэнцэхгүй” гэсэн 01 дүгнэлтийг Прокурорын мэргэжлийн зөвлөл 2016 оны 02 дугаар сарын 19-ний өдөр гаргасан.

2. Монгол Улсын Ерөнхийлөгчийн дээрх журмын 5.12-т “Прокурорын албан тушаалд “тэнцэхгүй” гэсэн дүгнэлт гарсан нь тухайн прокурорыг Прокурорын байгууллагын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.5-д зааснаар албан тушаалаас нь чөлөөлөх үндэслэл болох бөгөөд Мэргэжлийн Зөвлөл энэ талаарх дүгнэлтийг Улсын Ерөнхий Прокурорт хүргүүлнэ” гэж зааснаар Улсын Ерөнхий Прокурорт уг дүгнэлтийг ирүүлсэн.

3. Прокурорын мэргэжлийн зөвлөлөөс прокурорын албан тушаалд “тэнцэхгүй” гэсэн дүгнэлт ирүүлсэн бол тухайн прокурорыг чөлөөлөх талаар” Прокурорын байгууллагын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.5-д “мэргэжлийн түвшин, ажил хэргийн чадварын хувьд эрхэлсэн ажилдаа тэнцэхгүй тухай мэргэжлийн зөвлөлийн дүгнэлт гарсан.” гэж хуульчилсан тул Улсын Ерөнхий Прокурор 2016 оны 2 дугаар сарын 24-ний өдрийн Б/47 дугаар тушаалаар Ж.Н*******г прокурорын албан тушаалаас чөлөөлсөн болно.

Иймд Ж.Н*******гийн нэхэмжлэлийн шаардлага хууль зүйн үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү.”  гэжээ.

Гурав. Хариуцагч Прокурорын мэргэжлийн зөвлөлийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн 2016 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: 

“...Нэхэмжлэгч Ж.Н*******гийн гаргасан шаардлагуудаас “Прокурорын мэргэжлийн зөвлөлийн 2016 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн  Ж.Н******* надад холбогдох илт хууль бус дүгнэлтийг хүчингүй болгуулах” гэсэн шаардлага нь Прокурорын мэргэжлийн зөвлөлд хамааралтай байх тул дээрх шаардлагыг эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна. Үндэслэл нь:

Прокурорын мэргэжлийн зөвлөлийн үйл ажиллагаа явуулах эрх зүйн үндсийг Прокурорын байгууллагын тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д “Прокурорын үйл ажиллагаа, мэргэжлийн түвшинг шалгаж, дүгнэх Улсын ерөнхий прокурорын орлогч толгойлсон орон тооны бус мэргэжлийн зөвлөл ажиллана”, 42.2-т “Нийт прокурорын үйл ажиллагаа мэргэшлийн түвшинг гурван жилд нэг удаа шалгаж, дүгнэнэ”, 42.3-т “Мэргэжлийн зөвлөлийн бүрэлдэхүүн, ажиллах журмыг Ерөнхийлөгч батална” гэж тогтоож өгсний дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2007 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 264 дугаартай зарлигийн 1 дүгээр хавсралтад “Прокурорын мэргэжлийн зөвлөлийн ажиллах журам”-ыг 2 дугаар хавсралтаар зөвлөлийн бүрэлдэхүүнийг тус тус баталсан.

Мөн дээрх зарлигийн хавсралтаар батлагдсан журамд нийцү******* Улсын ерөнхий прокурорын 2013 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн А/65 дугаартай тушаалын хавсралтаар “Прокурорын үйл ажиллагаа, мэргэшлийн түвшинг шалгах, дүгнэх журам”-ыг батлан гаргасан. 

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2007 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 264 дугаартай зарлигийн 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Прокурорын мэргэжлийн зөвлөлийн ажиллах журам”-ын 3 дугаар зүйлд Зөвлөлийн чиг үүрэг, эрх хэмжээг тодорхойлж өгсөн.

Дээрх журмын 3 дугаар зүйлийн 3.1.2 дахь заалтад заасан “Улсын Ерөнхий Прокурор, түүний орлогч, туслахууд, аймаг, нийслэл, тээврийн прокурорын саналын дагуу тодорхой нэг болон хэд хэдэн прокурорын мэргэшлийн түвшинг шалгаж, дүгнэх” гэсэн чиг үүргийн хүрээнд Булган аймгийн прокурор Б.Э*******аас 2016 оны 10 дугаар сарын 16-ны өдөр 1/426 дугаартай албан бичгээр гаргасан саналын дагуу тус прокурорын газрын хяналтын прокурор Ж.Н*******гийн үйл ажиллагаа, мэргэшлийн түвшинг шалгаж, үнэлэлт дүгнэлт өгсөн болно. Тодруулбал, Улсын ерөнхий прокурорын орлогч, Прокурорын мэргэжлийн зөвлөлийн дарга Г.Э******* дээрх саналыг хүлээн авч, холбогдох шалгалтын ажиллагаа хийлгүүлэхээр Нийслэлийн прокурорын орлогч, Прокурорын мэргэжлийн зөвлөлийн гишүүн Д.Бд даалгасны дагуу хяналтын прокурор Ж.Н*******гийн ажлыг 2014 он, 2015 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн байдлаар газар дээр нь очиж биечлэн шалгаж, 2015 оны 12 дугаар сарын 24-ний өдөр 10 дугаартай танилцуулгаар “Мэргэшлийн түвшин тогтоох шалгалтанд хамруулах” санал гаргасан.

Дээрх саналын дагуу Прокурорын мэргэжлийн зөвлөлийн даргын 2016 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 01 дугаартай шийдвэрээр прокурорын үйл ажиллагаа, мэргэшлийн түвшинг шалгаж дүгнэх ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг баталж, 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдөр мэргэшлийн түвшин тогтоох шалгалт авч, 2016 оны  02 дугаар сарын 19-ний өдөр шалгалтын дүнг Прокурорын мэргэжлийн зөвлөлийн хуралдаанаар хэлэлцэж, “Прокурорын албан тушаалд тэнцэхгүй” гэсэн 01 дугаартай дүгнэлт гаргасан болно. 

Ж.Н******* нэхэмжлэлдээ “2014 оноос урьд нь удаа дараа “онц” үнэлгээтэй дүгнүүлж ирсэн билээ” гэжээ. 

Улсын Ерөнхий Прокурорын газрын архивт хадгалагдаж буй материалуудтай танилцахад Увс аймгийн прокурор ын гаргасан 2006 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 1/48 дугаартай саналын дагуу тэрээр Прокурорын мэргэжлийн зөвлөлөөр хэлэлцэгдэж байжээ.

Мөн 3 жил тутамд зохион байгуулагддаг шалгалтад ямар үнэлгээ авч байсантай танилцахад 2007, 2011 онд “Онц”, 2013 онд 63.4 оноо буюу  “Дундаж” үнэлгээ авч байсан байна.

“Прокурорын мэргэжлийн зөвлөлөөс миний асуудлыг хэлэлцэж дүгнэлт гаргахдаа журмын 5.6-д заасныг зөрчсөн гэж үзэж байна” гэжээ.

Журмын 5 дугаар зүйлийн 5.6-д “Гүйцэтгэсэн ажлынхаа үнэн зөвийг Мэргэжлийн Зөвлөлийн гишүүн Зөвлөлийн өмнө хариуцах ба хэрэв түүний өгсөн үнэлгээ нь бодитой биш хийгдсэн, эсвэл зөрүүтэй байдал илэрвэл шаардлагатай хэрэг материал, холбогдох баримт бичиг, мэдээ, тайланг нарийвчлан шалгаж, дүгнэлтийг өөрчлүүлнэ” гэж заасан бөгөөд Прокурорын мэргэжлийн зөвлөлийн гишүүний өгсөн үнэлгээ бодит биш хийгдсэн, зөрүүтэй байдал илэрсэн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй, хэрхэн яаж зөрчсөн гэж үзэж байгаа нь тодорхойгүй байна.

“Түүнчлэн журмын 4.9-ийн “Прокурорын үйл ажиллагаа, мэргэжлийн түвшинг шалгаж дүгнэх, үнэлгээ өгөх үйл ажиллагаа нь Улсын ерөнхий прокурорын тушаалаар тусгайлан баталсан журам заавраар зохицуулагдана” гэж заасныг анхаарахгүйгээр Прокурорын мэргэжлийн зөвлөл нь 2015 онд мөрдөн байцаалтад буцсан 5 эрүүгийн хэргийн талаарх үзүүлэлтийг хамааруулж дүгнэлт хийсэн нь зааварт заасан нийцээгүй болно” гэжээ.

Прокурорын мэргэжлийн зөвлөлөөс Ж.Н*******г прокурорын албан тушаалд тэнцээгүй гэсэн дүгнэлтийг гаргахдаа зөвхөн “Мөрдөн байцаалтад буцсан 5 эрүүгийн хэргийн талаарх үзүүлэлтийг хамааруулж, дүгнэлт хийсэн” гэж дурьдсан нь үндэслэлгүй байна.

Улсын ерөнхий  прокурорын 216 оны A/65 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан журмын 3 дугаар зүйлийн 3.1-д заасны дагуу 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдөр дараах чиглэлээр мэргэшлийн түвшин тогтоох шалгалт авч, шалгалтанд авсан үнэлгээг үндэслэн, Прокурорын мэргэжлийн зөвлөлийн хуралдаанаар хэлэлцэж гаргасан болно. Үүнд: 1/ Гэмт хэргийн зүйлчлэл, гэмт хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой бодлого бодох шалгадтанд  6 оноо, 2/ Прокурорын хяналтын эрх зүйн хэлбэрүүд, бусад бичиг баримтын төсөл боловсруулахад 4 оноо, 3/ Үндэсний монгол бичгийн шалгалтанд 10 оноо, 4/ Ярилцлаганд 14 оноо, 5/ Хяналтын ажлын чанар, үр дүнгийн үзүүлэлт,ажил байдлын тодорхойлолтыг үндэслэн ажлыг нь биечлэн шалгасан шалгалтанд 20 оноо, нийт 54 оноо авч, “Хангалтгүй” гэсэн үнэлгээ авсан.

“Улсын ерөнхий прокурорын 2013 оны А/65 тоот тушаалаар батлагдсан “Прокурорын үйл ажиллагаа, мэргэшлийн түвшин шалгах, дүгнэх журам”-ын 4.4-т “Шалгалтын дүнг зөвшөөрөхгүй бол танилцуулсанаас хойш 10 хоногийн дотор Ажлын хэсгийн ахлагч буюу Прокурорын мэргэжлийн зөвлөлийн даргад гомбол гаргаж болно” гэж заасны дагуу гомдол гаргаж дахин шалгалт авч өгөх тухай хүсэлтийг Мэргэжлийн зөвлөлийн дарга УЕП-ын орлогч Г.Э*******ад хандаж гаргасан боловч хүсэлтэд минь албан ёсоор хариу өгөөгүй... Уг журмын 4.11-т “Улсын ерөнхий прокурорын дэргэдэх Зөвлөлийн хуралдаанаас ажлын хэсгийн үнэлгээ, дүнг өөрчлөх, дахин шалгалт авахаар шийдвэр гаргаж болно” гэж заасны дагуу дахин шалгалт авах бүрэн боломжтой атал аваагүй” гэжээ.

Ж.Н******* нь 2016 оны 02 дугаар сарын 05-ны өдөр Улсын ерөнхий прокурорын орлогч, Прокурорын мэргэжлийн зөвлөлийн дарга Г.Э*******ад хандан гаргасан хүсэлтэндээ... “2016 оны 02 дугаар сарын 01-ний өдөр прокурорын үйл ажиллагаа, мэргэшлийн түвшин тогтоох шалгалтанд орж, хангалтгүй дүн авсандаа би маш ихээр гэмшиж байна. Миний хувьд өөрийн эцэг 72 настай Доржийн Ж******* нь 3 удаа цус харвалт өгч эмнэлэгт хэвтэж хүнд хагалгаанд орсон бөгөөд би аавыгаа эмнэлэгт асрах зэрэг нөхцөл байдлуудаас шалтгаалан шалгалтандаа бэлдээгүйдээ бусдаас ичиж, сэтгэл санааны хувьд хүнд байгаа ба би дахин шалгалтанд орох хүсэлтэй байна” гэж дурдсан бөгөөд шалгалтын дүнг эс зөвшөөрсөн талаар ямар нэгэн гомдол гаргаж байгаагүй. Өөрөөр хэлбэл, шалгалтын үнэлгээ буруу дүгнэгдсэн, өгвөл зохих оноог өгөөгүй гэх мэтээр шалгалтын дүнтэй холбогдуулан гомдол гаргаагүй. 

Мөн Ерөнхийлөгчийн 264 дүгээр зарлигийн 1 дүгээр хавсралтаар батлагдсан журамд ахин шалгалт авах зохицуулалт байхгүй тул дахин шалгалт авах боломжгүй талаар түүнд 99******* дугаарын утсаар холбогдон мэдэгдсэн болно.

Түүний нэхэмжлэлд дурдсан Улсын ерөнхий прокурорын А/65 дугаартай тушаалын хавсралтаар батлагдсан журмын 4.11 дэх хэсэгт заасан заалтын тухайд тодорхой нэг болон хэд хэдэн прокурорын үйл ажиллагааг шалгасан дүнг хэлэлцэх зохицуулалт биш бөгөөд харин нийт прокурорын үйл ажиллагаа мэргэшлийн түвшинг гурван жилд нэг удаа шалгаж, дүгнэсэн дүнг хэлэлцэхтэй холбоотой зохицуулалт юм.

“Мөн журмын 3.6-т “Ажлын хэсгийн гишүүн тухайн прокурорын хяналтын ажлын чанар, үр дүнгийн үзүүлэлттэй урьдчилан танилцах ба шаардлагатай тохиолдолд бүртгэл, судалгаатай нь тулгах, тайлбар тодорхойлолт авах зэргээр дүгнэнэ” гэж зааснаар хяналтын прокурор миний шүүхэд мөрдөн байцаалтад буцсан хэргийн шалтгаан нөхцөлийг тодруулж тайлбар, тодорхойлолт аваагүй зэрэг нь намайг ажлаас халах зорилготой байсныг харуулж байна” гэжээ.

Прокурорын мэргэжлийн зөвлөлийн гишүүн Д.Б нь хяналтын прокурор Ж.Н*******гийн хяналтын ажлын ур чадвар, үр дүнг 2014, 2015 оны 11 дүгээр сарын 09-ний байдлаар газар дээр нь биечлэн очиж шалгасан бөгөөд энэ талаар түүний 2014 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 10 дугаартай танилцуулганд тодорхой дүгнэгдсэн байгаа.

“Хэрэв прокурор хуралдаанд биечлэн оролцож байгаа бол түүнээс асуулт, асуух, тайлбар авах, санал бодлыг нь сонсох зэргээр хуралдааныг явуулна” гэж заасныг тус тус зөрчиж надаас асуулт асуугаагүй, шүүхээс хэрэг мөрдөн байцаалтад буцах болсон шалтгаан нөхцөл байдлыг тодруулаагүй, тайлбар гаргах, санал бодлоо чөлөөтэй илэрхийлэх боломжоор хангаагүй” гэжээ.

Ерөнхийлөгчийн 2007 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 264 дугаартай зарлигийн 1 дүгээр хавсралтаар “Прокурорын мэргэжлийн зөвлөлийн ажиллах журам”-ын 5 дугаар зүйлийн 5.1-д Зөвлөл нь прокурорын үйл ажиллагаа, мэргэшлийн түвшинг шалгасан дүнг хуралдаанаас хэлэлцэж шийдвэрлэх бөгөөд хуралдаанд нийт гишүүдийн 50-иас доошгүй хувь оролцсоноор ирц бүрдсэнд тооцно” гэж заасны дагуу шалгалтын дүнг хуралдаанаас хэлэлцэж дүгнэлт гаргасан бөгөөд уг журмын 5.4-т заасны дагуу хуралдааныг явуулж, тэмдэглэл хөтөлсөн, Хуралдаанд Прокурорын мэргэжлийн зөвлөлийн дарга Г.Э******* Ж.Н*******гаас “Мэргэжлийн зөвлөлийн гишүүний дүгнэлттэй холбогдуулан санал тайлбар байна уу” гэж асуухад Ж.Н******* Санал тайлбар, гомдол байхгүй. Шудрага шалгагдсан. Харин би өөрөө хангалттгүй дүн авсандаа гэмшиж байна” гэж тайлбар өгч байсан.

“Мэргэжлийн зөвлөлийн гишүүн Б прокурор нь миний 2014,2015 онд хэчнээн хэрэгт хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтад хянагдах ёстой гэх үзүүлэлтүүдийг 2014, 2015 оны жилийн эцсийн байдлаар шалгаж нягтлаагүй, 2016.02.01-нд хяналтын ажлын үзүүлэлтэнд надаар нөхөж гарын үсэг зуруулсан, түүнчлэн шалгалтад заавал аргачилсан бус дэс дарааллаар нь хэлүүлэх, 1 үндэслэл хэлээгүй байхад оноо хасах зэргээр шалгасан зэрэг нь мэргэжлийн зөвлөлийн дүгнэлт хуудь ёсны үндэслэлтэй гарсан гэж үзэхгүй байна” гэжээ

Зөвлөл нь үйл ажиллагаандаа шударга ёс, хууль дээдлэх зарчмыг сахиж, Монгол Улсын Үндсэн хууль, Прокурорын байгууллагын тухай хууль, холбогдох бусад хууль, энэ журам болон тэдгээрт нийцү******* гаргасан Улсын ерөнхий прокурорын тушаал журмыг баримтлан ажилласан бөгөөд ямарваа нэгэн хууль, заавар журам зөрчсөн үйлдэл гаргаагүй.

Мэргэжлийн зөвлөлийн гишүүд шалгалт авахдаа журам зөрчөөгүй болох нь Ж.Н*******гаас авсан шалгалтын материалаас тодорхой харагдана. Миний бие Д.Ү******* Прокурорын мэргэжлийн зөвлөлийн нарийн бичгийн хувьд 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдөр зохион байгуулагдсан шалгатанд байлцаж тэмдэглэл хөтөлсөн бөгөөд Прокурорын мэргэжлийн зөвлөлийн гишүүн Л.Б түүнээс шалгалт авахдаа заавал дэс дарааллаар нь хэлэхийг шаардсан зүйл байхгүй, харин бүрэн гүйцэд хариулаагүй байдлыг харгалзан үнэлгээ өгсөн болно.

Ж.Н******* нь Прокурорын мэргэжлийн зөвлөлийн дүгнэлтийг илт хууль бус гэж үзэж байгаа үндэслэл нь тодорхой бус байгаа болохыг дурдах нь зүйтэй байна.

Иймд Прокурорын мэргэжлийн зөвлөлийн 2016 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 01 дугаартай дүгнэлтийг илт хууль бус гэж үзэх үндэслэлгүй тул Ж.Н*******гийн гаргасан “Прокурорын мэргэжлийн зөвлөлийн 2016 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн Ж.Н******* надад холбогдох илт хууль бус дүгнэлтийг хүчингүй болгуулах” гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх нэхэмжлэгч, хариуцагч, нэхэмжлэгчийн өмгөөлөгч болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, түүний хууль зүйн үндэслэл, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжү******* хэрэгт авсан бичмэл нотлох баримтуудад үнэлэлт өгч, дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг нь хангаж, үлдэх хэсгийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Нэг. “Улсын ерөнхий прокурорын 2016 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн Б/47 дугаар “Ажлаас чөлөөлөх тухай” тушаалыг хүчингүй болгож, өмнө эрхэлж байсан ажил, албан тушаалд эгү******* тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэх өдөр хүртэл хугацаагаар болон төрийн алба хаасан хугацааны нэмэгдлийг тус тус тус гаргуулах; ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийж, баталгаажуулахыг Улсын ерөнхий прокурорт даалгах” нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Маргаан бүхий Улсын ерөнхий прокурорын 2016 оны Б/47 дугаар тушаал  нь Прокурорын байгууллагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.4, 43 дугаар зүйлийн 43.1.5, Прокурорын мэргэжлийн зөвлөлийн ажиллах журмын 5 дугаар зүйлийн 5.12 дахь хэсэгт заасан заалтыг үндэслэн мэргэжлийн түвшин, ажил хэргийн чадварын хувьд эрхэлсэн ажилдаа “тэнцэхгүй” гэж дүгнэгдсэн тул Булган аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ж.Н*******г 2016 оны 02 дугаар сарын 26-ны өдрөөр тасалбар болгон үүрэгт ажлаас нь чөлөөлж, “Хууль цаазын зөвлөх” зэрэг дэвийг хүчингүйд тооцож, прокурорын үнэмлэх, энгэрийн тэмдэг болон холбогдох бусад тооцоог хийхийг Булган аймгийн прокурор /Б.Э*******/-т үүрэг болгожээ. 

Хариуцагч Улсын ерөнхий прокурорын 2016 оны Б/47 дугаар тушаал нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь заалтын “...хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.”, Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “...хууль дээдлэх нь төрийн албаны үндсэн зарчим мөн.”, 11 дүгээр зүйлийн 11.1-д  “Төрийн албан тушаалыг эрхэлж, бүрэн эрхээ хэрэгжүүлсний төлөө төрөөс цалин хөлс авч, ажиллах нөхцөл баталгаагаар хангагдан ажиллаж байгаа этгээдийг төрийн албан хаагч гэнэ.”, 11 дүгээр зүйлийн 11.4-т “Төрийн жинхэнэ албан хаагчийн эрх зүйн байдлыг энэ хууль болон хууль тогтоомжийн бусад актаар тогтооно.”, 27 дугаар зүйлийн 27.1.1-д “төрийн албан хаагчийн цалин хөлс, нөхөх төлбөр, ...авах,”, 27.2.1-д “энэ хуулийн 25 дугаар зүйл, 26.1.3-т зааснаас бусад тохиолдолд төрийн албанаас халагдахгүй байх;”, 40 дугаар зүйлийн 40.1-д “Төрийн албан хаагч, иргэнээс мэргэшлийн шалгалт авах, ...төрийн албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлэх, түүнийг ...чөлөөлөх, ...асуудлаар хууль тогтоомж, стандартыг зөрчихийг ...хориглоно.”, Прокурорын байгууллагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.5-д “Прокурор төрийн албаны тухай хууль тогтоомжид заасан төрийн албан хаагчийн ажиллах нөхцөл, баталгаа, нэмэгдэл баталгаа, түүнд олгох цалин хөлс, ...энэ хуульд заасан баталгаагаар хангагдана.” гэсэн заалтуудыг тус тус зөрчиж нэхэмжлэгч Ж.Н*******г ажлаас чөлөөлсөн нь дараах эрх зүйн үр дагаврыг үүсгэж, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн болох нь тогтоогдож байна. 

1.1. Улсын ерөнхий прокурорын “Ажлаас чөлөөлөх тухай” 2016 оны Б/47 дугаар тушаал нь Прокурорын байгууллагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.4-т “харьяа прокурорыг томилох, чөлөөлөх, урамшуулах, сахилгын шийтгэл оногдуулах”, 43 дугаар зүйлийн 43.1.5-д “мэргэжлийн түвшин, ажил хэргийн чадварын хувьд эрхэлсэн ажилдаа тэнцэхгүй тухай мэргэжлийн зөвлөлийн дүгнэлт гарсан.”, Прокурорын мэргэжлийн зөвлөлийн ажиллах журмын 5 дугаар зүйлийн 5.12-т “Прокурорын албан тушаалд “тэнцэхгүй” гэсэн дүгнэлт гарсан нь тухайн прокурорыг Прокурорын байгууллагын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.5-д зааснаар албан тушаалаас нь чөлөөлөх үндэслэл болох бөгөөд Мэргэжлийн Зөвлөл энэ талаарх дүгнэлтийг Улсын ерөнхий прокурорт хүргүүлнэ.” гэсэн заалтуудыг тус тус үндэслэн төрийн албанаас чөлөөлсөн тушаал гарсан байна.

Төрийн албаны тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1 дэх заалтад заасан “...бүх шатны шүүхийн шүүгч, прокурор;” нь Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуульд заасан журмын дагуу үндэсний болон хүн амын аюулгүй байдлыг хангах, хууль дээдлэх үндсэн зарчмыг сахиулах, нийгмийн хэв журмыг хамгаалахтай холбогдсон төрийн тусгай чиг үүргийг хэрэгжүүлэх төрийн тусгай албан тушаалд хамаарах бөгөөд мөн хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ж.Н******* нь “төрийн жинхэнэ албан хаагч”, 27 дугаар зүйлийн 27.1, 27.2 дахь хэсэгт заасан “төрийн албан хаагчийн баталгаа”-гаар тус тус хангагдана.  

Учир нь Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин зургадугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Төрийн албан хаагчийн ажиллах нөхцөл, баталгааг хуулиар тогтооно.” гэж хуульчилсан бөгөөд тус заалтын “хуулиар” гэдэг нь Үндсэн хуульчилсан /органик/ хууль болох Төрийн албаны тухай хуулиар төрийн албан хаагчийн эрх зүйн байдал, баталгааг зохицуулж, мөн хуульд заасан үндэслэлээр төрийн жинхэнэ албан хаагчийн баталгаа, эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөх “үндсэн хэм хэмжээ” болно. 

Харин хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “...прокурорын байгууллага, прокурор нь төрийн тусгай албанд орж байгаа, ...тус тусдаа хуулиар зохицуулагдаж байгаа, ...тэрэнд ажиллах албан хаагчийг томилох, чөлөөлөх, халах, хариуцлага хүлээлгэх асуудал бол тус тусынхаа хуулиар зохицуулагддаг, үүгээрээ ялгаатай байдаг” гэж маргаж байгаа боловч:

Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин зургадугаар зүйлийн 3 дахь заалтад “Монгол Улсын прокурорын байгууллагын тогтолцоо, зохион байгуулалт, үйл ажиллагааны эрх зүйн үндсийг хуулиар тогтооно.” гэж хуульчилсан бөгөөд Үндсэн хуульчилсан хууль болох Прокурорын тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “Энэ хуулийн зорилт нь Монгол Улсын Үндсэн хуульд заасан прокурорын чиг үүргийг хэрэгжүүлэх, Монгол Улсын прокурорын байгууллагын тогтолцоо, зохион байгуулалт, үйл ажиллагааны эрх зүйн үндсийг тогтоохтой холбогдсон харилцааг зохицуулахад оршино.” гэжээ. 

Ийм учраас Прокурорын байгууллагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.5-д “Прокурор төрийн албаны талаархи хууль тогтоомжид заасан төрийн албан хаагчийн ажиллах нөхцөл, баталгаа, нэмэгдэл баталгаа, ...тэтгэмжээс гадна энэ хуульд заасан баталгаагаар хангагдана.” гэж хуульчилсан байна. 

Өөрөөр хэлбэл, Улсын ерөнхий прокурор нь Прокурорын байгууллагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.4-т заасны дагуу харьяа прокурорыг томилох, чөлөөлөх бүрэн эрхтэй боловч хариуцагч уг бүрэн эрхээ хэрэгжүүлэхийн тулд, тодруулбал Төрийн албаны тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1, 11 дүгээр зүйлийн 11.2 дахь хэсэгт заасан төрийн жинхэнэ албан хаагчийг төрийн албанаас чөлөөлөх тохиолдолд Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин зургадугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу Үндсэн хуульчилсан хууль болох Төрийн албаны тухай хуулийн холбогдох заалт, хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэгч Ж.Н*******гийн төрийн жинхэнэ албан хаагчийн баталгаа, “үндсэн эрх”-д халдана. 

 Гэтэл маргаан бүхий 2016 оны Б/47 дугаар тушаал нь Төрийн албаны тухай хуульд заасан төрийн жинхэнэ албан хаагчийг ажлаас чөлөөлөх хууль зүйн үндэслэлийг баримтлалгүй нэхэмжлэгч Ж.Н*******г мэргэжлийн түвшин, ажил хэргийн чадварын хувьд эрхэлсэн ажилдаа “тэнцэхгүй” гэж дүгнэгдсэн гэсэн үндэслэлээр Прокурорын байгууллагын тухай хуулийг баримтлан ажлаас нь чөлөөлсөн нь хууль бус, нөгөө талаас нэхэмжлэгчийн “...Хэрэв төрийн жинхэнэ албан хаагч, прокурор намайг “ажил, албан тушаалдаа тэнцэхгүй”  гэж үзэж буй тохиолдолд ...Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6-д “Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой, энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн хуулиар зохицуулна” гэж, ... Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-д “Ажил олгогч энэ хуулийн 40.1.1, 40.1.2-т заасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцлах тухайгаа ажилтанд нэг сарын өмнө мэдэгдэнэ...”,  42 дугаар зүйлийн 42.1-д “Ажил олгогч энэ хуулийн ...40.1.2, 40.1.3-т заасан үндэслэлээр ажлаас халагдсан ажилтанд нэг сар, түүнээс дээш хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх тэтгэмж олгоно.” гэж тус тус зааснаар тухайн ажилтанд 1 сарын өмнө мэдэгдэх үүргээ захиргааны байгууллага хэрэгжүүлээгүй, нэг удаагийн тэтгэмжийг надад олгохгүйгээр ажлаас чөлөөлсөн нь хууль бус, ...хуулийн 1 /нэг/ сарын өмнө мэдэгдэх гэдгийг тухайлан зааж өгсөн нь тухайн ажилтанд өөр ажил хайх боломж хугацааг хуулиар олгосон атал надад хуулийн боломж олгохгүйгээр гэнэт ажлаас чөлөөлсөн нь өрх толгойлон амьдралаа авч яваа надад үнэхээр хүнд тусаж байна.” гэсэн тайлбар үндэслэлтэй болох нь нотлогдож байна. 

Түүнчлэн хариуцагч Улсын ерөнхий прокурорын маргаан бүхий 2016 оны Б/47 дугаар тушаалын 1 дэх заалтад “...2016 оны 02 дугаар сарын 26-ны өдрөөр тасалбар болгон үүрэгт ажлаас нь чөлөөлсүгэй.” гэж заасан байхад хариуцагчаас нотлох баримтаар гаргасан Ажлыг хүлээлцсэн тэмдэглэлд “...2016 оны 02 дугаар сарын 25-ны өдөр  нэхэмжлэгчийн ажлыг шууд хүлээж авч, холбогдох хавтаст хэрэг, прокурорын 276 дугаартай энгэрийн тэмдэг, прокурорын ажлын үнэмлэх зэргийг хураан авсан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь заалтын “шударга ёс, ...тэгш байдал, ...хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.”, Тавин зургадугаар зүйлийн 1 дэх заалтын “Прокурор хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавьж, шүүх хуралдаанд төрийн нэрийн өмнөөс оролцоно.” гэсэн заалт болон төрийн жинхэнэ албан хаагчийн хувьд эдлэх хууль ёсны баталгааг зөрчсөн болох нь тогтоогдож байна. 

1.2. Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2007 оны 264 дүгээр зарлигаар батлагдсан Прокурорын мэргэжлийн зөвлөлийн ажиллах журмын 1.2-т  “Зөвлөл нь шударга ёс, хууль дээдлэх зарчмыг сахиж, Монгол Улсын Үндсэн хууль, Прокурорын байгууллагын тухай хууль, холбогдох бусад хууль, ...журмыг баримтална.”, Улсын ерөнхий прокурорын 2013 оны А/65 тоот тушаалаар баталсан Прокурорын үйл ажиллагаа, мэргэшлийн түвшинг шалгах, дүгнэх журмын 1.1-д  “Энэхүү журмын зорилго нь прокурорын үйл ажиллагаа, мэргэшлийн түвшинг шалгаж, үнэлэлт, дүгнэлт өгөхөд оршино.”, 2.1-д “Шалгалтын товыг шалгалт эхлэхээс 2 сараас доошгүй хугацааны өмнө гаргаж, ...мэдэгдэнэ.” гэсэн заалтуудаас дүгнэхэд уг шалгалтанд оролцож мэргэшлийн түвшинг шалгуулах прокурорын хувьд болон шалгалтыг авах байгууллагад бэлтгэл ажлыг хангахад зориулсан заалт бөгөөд нэхэмжлэгч Ж.Н*******гийн хувьд:

Прокурорын мэргэжлийн зөвлөлийн ажиллах журмын 3.1.2-т “...аймаг, ...прокурорын саналын дагуу тодорхой нэг болон хэд хэдэн прокурорын мэргэшлийн түвшинг шалгаж, дүгнэх” гэж заасны дагуу Булган аймгийн прокурор, хууль цаазын итгэмжит зөвлөх Б.Э*******ын Прокурорын мэргэжлийн зөвлөлийн даргад хүргүүлсэн 2015 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн “Санал хүргүүлэх тухай” 1/428 дугаар  албан бичгийг үндэслэн дээрх шалгалтад хамрагдсан боловч Прокурорын үйл ажиллагаа, мэргэшлийн түвшинг шалгах, дүгнэх журмын 1.1, 2.1-д заасан “шалгалтын зорилго, зарчим”, “шалгалтын тов буюу хугацаа”, “нийтлэг журам”-ууд Прокурорын мэргэжлийн зөвлөлийн ажиллах журмын 3.1.1-д заасан үйл ажиллагаа, мэргэшлийн түвшинг шалгуулж, дүгнүүлэх бусад прокуроруудтай нэг адил үйлчилнэ.

Гэтэл хэрэгт авагдсан нотлох баримтаар Прокурорын мэргэжлийн зөвлөлийн даргын 2016 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 01 дүгээр  шийдвэр гарч, нэхэмжлэгч Ж.Н*******гаас Прокурорын үйл ажиллагаа, мэргэшлийн түвшинг шалгах, дүгнэх журамд заасны дагуу шалгалт авах ажлыг 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдөр зохион байгуулж, бэлтгэл ажил хангахыг Мэргэжлийн зөвлөлийн нарийн бичгийн дарга Д.Ү*******д даалгасан байна. 

Үүний дагуу нэхэмжлэгч Ж.Н******* нь Прокурорын мэргэжлийн зөвлөлийн даргын 01 дүгээр шийдвэр гарснаас хойш 5 хоногийн дараа буюу 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдөр мэргэшлийн түвшин тогтоох шалгалтад  орж, улмаар 54 оноо буюу “Хангалтгүй” үнэлгээ авсан  үйл баримт тогтоогдож байна.  

Мөн нэхэмжлэгч Ж.Н*******гийн Улсын ерөнхий прокурорын орлогчид 2016 оны 02 дугаар сарын 05-ны өдөр гаргасан хүсэлтэд  “...өөрийн эцэг 72 настай Доржийн Ж******* нь 3 удаа цус харвалт өгч эмнэлэгт хэвтэж хүнд хагалгаанд орсон бөгөөд аавыгаа асрах зэрэг нөхцөл байдлуудаас шалтгаалан шалгалтандаа бэлдээгүйдээ ...дахин шалгалтанд орох хүсэлттэй байна.” гэх шалтгааныг дурдсан хүсэлтийг тэмдэглэх нь зүйтэй гэж үзэв. 

Учир нь Прокурорын үйл ажиллагаа, мэргэшлийн түвшинг шалгах, дүгнэх журмын 4.11-т “Улсын ерөнхий прокурорын дэргэдэх Зөвлөлийн хуралдаанаас ажлын хэсгийн үнэлгээ, дүнг өөрчлөх, дахин шалгалт авахаар шийдвэр гаргаж болно.” гэж заасан нь уг журмын зорилго, зарчимтай нийцэж байх тул нэхэмжлэгч Ж.Н*******гийн хувьд хариуцагч тус журмын дээрх заалтыг сонгон хэрэглэх боломжтой байсан байна. 

Иймд Төрийн албаны тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д “Төрийн албан хаагч, иргэнээс мэргэшлийн шалгалт авах, ...төрийн албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлэх, түүнийг ...чөлөөлөх, ...асуудлаар хууль тогтоомж, стандартыг зөрчихийг ...хориглоно.” гэж заасны дагуу Прокурорын байгууллагын тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д заасан Прокурорын мэргэжлийн зөвлөлийн ажиллах журмын 1.2, Прокурорын үйл ажиллагаа, мэргэшлийн түвшинг шалгах, дүгнэх журмын 1.1, 2.1-д заасан зарчим, зорилго, нийтлэг журмыг зөрчсөн болох нь тогтоогдож байна.

1.3. Хариуцагч Улсын ерөнхий прокурорын 2010 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 172 дугаар тушаалаар  нэхэмжлэгч Ж.Н*******д төрийн алба хаасан хугацааны нэмэгдлийг 10 хувиар тооцож олгох шийдвэр гарсан боловч тус тушаалын дагуу олгоогүй болох нь хэрэгт нотлох баримтаар авагдсан Булган аймгийн туслах прокурор, хууль цаазын ахлах зөвлөх П.Шижиртуяагаас шүүхэд ирүүлсэн 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн “...2012 оны 3 дугаар сарын 13-ны өдрөөс 2016 оны 02 дугаар сарын 24-ны өдрийн хооронд хяналтын прокуророор ажиллаж байсан Ж.Н******* нь төрийн алба хаасан хугацааны нэмэгдэл 5 хувиар авч байсан болно.” гэсэн 2/658 дугаар албан бичгээр  болон удаа дараа хариуцагчид гаргаж байсан нэхэмжлэгчийн санал болон хүсэлт хүргүүлэх тухай албан бичгүүдээр  нотлогдож байна. 

Иймд Төрийн албаны тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-д “Төрийн албан хаагчид албан тушаалын бүрэн эрхээ хэрэгжүүлсний төлөө төрөөс цалин хөлс олгоно.”, 28.2.3-т “төрийн тусгай албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчийн хувьд албан тушаалын цалин болон ...төрийн алба хаасан хугацааны, ...зэрэг нэмэгдлээс;”, Прокурорын байгууллагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.5-д “Прокурор төрийн албаны тухай хууль тогтоомжид заасан төрийн албан хаагчийн ажиллах нөхцөл, баталгаа, нэмэгдэл баталгаа, түүнд олгох цалин хөлс, ...энэ хуульд заасан баталгаагаар хангагдана.” гэсэн заалтыг тус тус зөрчсөн болох нь тогтоогдож байна. 

1.4. Нэхэмжлэгч Ж.Н*******г Улсын ерөнхий прокурорын 2016 Б/47 дугаар тушаалаар 2016 оны 02 дугаар сарын 26-ны өдрөөр тасалбар болгон төрийн албанаас “мэргэжлийн түвшин, ажил хэргийн чадварын хувьд эрхэлсэн ажилдаа “тэнцэхгүй” гэж дүгнэгдсэн гэсэн үндэслэлээр чөлөөлсөн болох нь нэгэнт тогтоогдсон, хариуцагч маргаан бүхий актыг хууль зүйн үндэслэлтэй гэж маргаж байгаа боловч хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.4, 27 дугаар зүйлийн 27.1, 27.2, 40 дүгээр зүйлийн 40.1, Прокурорын байгууллагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.5, Прокурорын мэргэжлийн зөвлөлийн ажиллах журмын 1.2, Прокурорын үйл ажиллагаа, мэргэшлийн түвшинг шалгах, дүгнэх журмын 1.1, 2.1-д заасан заалтуудыг зөрчсөн болох нь нотлогдож байх тул Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6 дахь хэсэг, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчийн сарын үндсэн цалинг /цалингийн дэлгэрэнгүй: 2016 оны 1, 2 саруудад /үндсэн цалин 822.070 төгрөг, удаан жилийн нэмэгдэл 41104, зэргийн нэмэгдэл 189076, онцгой албаны нэмэгдэл 82207, нийт 1134457 төгрөгийн цалингаар тооцож, ажилгүй байсан хугацааны 9 сар 13 хоног /1134457х9сар=10210113/ 1134457:21.2=53512х14=749169/ нийт 10.959.282 төгрөг /арван сая есөн зуун тавин есөн мянга хоёр зуун наян хоёр/-ийг болон төрийн алба хаасан хугацааны нэмэгдлийг 10 хувиар тооцож зөрүү төгрөгийг Ж.Н*******д олгох, ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэх нь зүйтэй байна гэж дүгнэв.

Иймд Үндэслэх хэсгийн 1.1, 1.2, 1.3, 1.4-т дурдсан хууль зүйн үндэслэлүүд болон хэрэгт авагдсан нотлох баримт, хэргийн оролцогчдын тайлбараас дүгнэхэд нэхэмжлэгч Ж.Н*******гийн гаргасан дээрх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна гэж дүгнэв.

Хоёр. “Прокурорын мэргэжлийн зөвлөлийн 2016 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн Ж.Н******* надад холбогдох илт хууль бус дүгнэлтийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Хариуцагч Улсын ерөнхий прокурор нь маргаан бүхий 2016 оны Б/47 дугаар тушаалыг гаргахдаа Прокурорын байгууллагын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.5, Прокурорын мэргэжлийн зөвлөлийн ажиллах журмын 5.12 дахь заалтыг үндэслэн Прокурорын мэргэжлийн зөвлөлийн 2016 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн хурлаас мэргэжлийн түвшин, ажил хэргийн чадварын хувьд эрхэлсэн ажилдаа “тэнцэхгүй” гэж дүгнэгдсэн тул нэхэмжлэгч Ж.Н*******г ажлаас чөлөөлсөн болно. 

Иймд дээр дурдсан хариуцагчийн 2016 оны Б/47 дугаар тушаалыг Үндэслэх хэсгийн Нэгд дурдсан хууль зүйн үндэслэлүүдээр хүчингүй болгож шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн зөрчигдсөн уг эрх, хууль ёсны  ашиг сонирхол нь сэргэж хангагдах учир тус нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв. 

 

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.4, 106.3.7, 106.3.13 дахь заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, 11.4, 27 дугаар зүйлийн 27.1.1, 27.2.1, 40 дүгээр зүйлийн 40.1, Прокурорын байгууллагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.5-д заасан заалтыг тус тус баримтлан нэхэмжлэгч Ж.Н*******гийн “Улсын ерөнхий прокурорын 2016 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн Б/47 дугаар “Ажлаас чөлөөлөх тухай” тушаалыг хүчингүй болгож, өмнө эрхэлж байсан ажил, албан тушаалд эгү******* тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Монгол Улсын ерөнхий прокурорын 2016 оны Б/47 дугаар тушаалыг хүчингүй болгож, түүнийг өмнө эрхэлж байсан ажил, албан тушаалд эгү******* томилсугай.

2. Прокурорын байгууллагын тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Ж.Н*******гийн “Прокурорын мэргэжлийн зөвлөлийн 2016 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн Ж.Н******* надад холбогдох илт хууль бус дүгнэлтийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

3. Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, 28 дугаар зүйлийн 28.1, 28.2.3, Прокурорын байгууллагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.5, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг тус тус баримтлан ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор болох 10.959.282 /арван сая есөн зуун тавин есөн мянга хоёр зуун наян хоёр/ төгрөгийг болон төрийн алба хаасан хугацааны нэмэгдлийг 10 хувиар тооцож зөрүү төгрөгийг Ж.Н*******д олгох, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн бичилт хийхийг Улсын ерөнхий прокурорт даалгасугай. 

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчийг улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй. 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Л.ӨЛЗИЙСАЙХАН