Булган аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 03 сарын 21 өдөр

Дугаар 132/ШШ2023/00144

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Булган аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Хишигдэлгэр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Өмнөговь аймаг Ханбогд сум *-р багт оршин суух, Т******* нар овогт Н*******ын О*******ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Булган аймаг, Хангал сум, * дүгээр баг, Хялганат, дан ** дугаар байр, * тоотод оршин суух, Ц******* овогт Н*******ын У*******д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Бусдын хууль бус эзэмшлээс орон сууцыг албадан чөлөөлүүлэх тухай үндсэн нэхэмжлэлтэй, орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай 132/2021/00428 индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч Н.О******* /цахимаар/

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б******* /цахимаар/

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.О*******

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Лхагвасүрэн нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч Н.О******* нь хариуцагч Н.У*******д холбогдуулан бусдын хууль бус эзэмшлээс орон сууцыг албадан чөлөөлүүлэх нэхэмжлэлийг 2021 оны 9 дүгээр сарын 8-ны өдөр гаргаж байсан боловч шүүх хуралдааны шатанд Булган аймаг Сэлэнгэ сумын * дугаар баг, Сэлэнгэбүрэн Залуус-* гудамжны**** тоот хаягт байршилтай орон сууцны өмчлөгчөөр тогтоолгоно гэж нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж, үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Н.О******* миний бие Булган аймгийн Сэлэнгэ сум, * дугаар баг, Сэлэнгэбүрэн Залуус-*гудамжны ** ** ** тоот хаягт байршилтай 178.66 мкв талбайтай хувийн орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийн хууль ёсны өмчлөгч билээ. Гэвч тус орон сууцны ** тоот хаягт Н.У******* нь хууль бусаар оршин сууж байна. Миний бие нь Н.У*******тай орон сууцыг чөлөөлж өгөх талаар ярилцаж байсан боловч тодорхой ойлголцолд хүрээгүй болно. Захиргааны хэргийн анхан шатны шүүх миний өмчлөлийн гэрчилгээг хүчингүй болгосон тул Сэлэнгэ сумын * дугаар баг, Сэлэнгэбүрэн Залуус* гудамжны **  тоот Орон сууцны өмчлөгчөөр тогтоож өгнө үү гэв.

2.Хариуцагч хариу тайлбартаа: Миний бие Эрдэнэт хотын Хялганат тосгонд 1976 онд шилжин ирж, Мод бэлтгэлийн Аж Ахуйн Уурын зууханд операторчин, машинистаар ажилд орж байсан. Одоогоор Булган аймгийн Хангал сумын Хялганат багт оршин сууж байна. 1981 онд тус Мод бэлтгэлийн Аж Ахуйн харьяа орон сууцнаас /Булган аймгийн Сэлэнгэ сумын Сэлэнгэ бүрэн Залуусын -* гудамж ** тоотыг /миний эзэмшилд байр өгсөн. Ингээд 1991 онд Мод бэлтгэлийн аж ахуй татан буугдах үед тухайн байрыг дуудлага худалдаанд оруулах үед ягаан тасалбараар амьдарч байгаа байраа худалдан авах боломжтой болсон. Энэ үед Н.О*******ийн нэр дээр Борхүү гэх /түүний хамаатан /хүн 33 тасалбараар зарим тасалбар уг байрны оршин суугчийнх худалдан авах шийдвэр гарах үед оршин суугч Д.Самбуу, Б.Ганбаатар, Ц.Ишгомбо бид нар маргаан үүсгэсний үр дүнд бид ягаан тасалбараа өгч байраа тус тус өмчлөн авсан. Бидэнд өмчлөх эрхийн баримтыг олгох бичиг өгнө гэж байгаад МБАА татан буугдснаас хойш эзэнгүй болж, баримт өгөх хүн олдохгүй, сүүлдээ мэдэх хүнгүй болсон. Энэхүү баримт архивт бүрэн хадгалан үлдээгүй болохыг нэхэмжлэл ирэх үед мэдсэн. Н.О******* нь хэдэн жил манай багт амьдардаг байхдаа ямар ч орон гэргүй Түцэнд амьдардаг байсан бөгөөд энэхүү байрыг өөрийнх гэж үзсэн, мөн хувьцаагаар авсан бол биднээс аль хэдийн авч, амьдрах байсан. Намайг 1981 оноос өнөөдрийг хүртэл уг байранд амьдрахад хэн ч уг байрыг надаас өөр эзэмшиж, өмчилж байгаагүй бөгөөд Н.О******* гэх хүн энэ олон жилийн хугацаанд уг байрны өмчлөгч гэж хэлж ярьж, бидэнтэй уулзаж ч байгаагүй. Хялганат тосгоны дутуу архивлагдсан баримтыг үндэслэн сүүлийн үед байрыг авах гэсэн оролдлого гарч байна.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Актлахад аль хэдийн бэлэн болсон, ашиглалтын хугацаа дууссан хэдий ч өөр орох орон байхгүй учир өөрийн орон гэрээ маш олон удаа засварлан, хадгалж хамгаалан амьдарч өнөөдрийг хүрсэн буюу 40 жил амьдарсан байна. 2004 онд 15 жилийн хугацаагаар надад тухайн орон байрны газрыг өмчлүүлж өгсөн бөгөөд 2019 онд хаягжилт тодорхой болохоор шинэ хаягаар гэрчилгээг гаргана гэж байсан боловч одоогоор газрын хаягжилтын асуудлууд бүрэн гүйцэт шийдвэрлэгдээгүй хүлээгдэж байтал энэ хүн орон сууцны гэрчилгээ гаргуулж авсан тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

3.Хариуцагч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Н.У******* миний өмчлөлийн Булган аймгийн Сэлэнгэ сумын 3-р баг Сэлэнгэ бүрэн Залуус * гудамж *** тоот 3 өрөө орон сууцыг 1981 оноос өнөөдрийг хүртэл хууль ёсны дагуу эзэмшиж, өмчилж байна. 1991 оны өмч хувьчлах дуудлага худалдаа болоход өөр өөрийн эзэмшиж байсан байранд албан ёсоор маргаан үүсгэн, өөрийн өмчлөлдөө ягаан тасалбараар уг байрыг өмчлөн авсан боловч баримт бичгийн дутуу архивлалт, байгууллага татан буугдсантай холбоотойгоор өмчлөх эрхээ нотлох баримт бүрдээгүй. Гэсэн хэдий ч бид тухайн хөрөнгийг илээр, шударгаар 40 жилийн хугацаанд хууль ёсны дагуу эзэмшиж, өмчилж байсан учир тухайн орон сууцыг өмчлөх эрхтэй гэж үзэж байна.Тухайн хөрөнгийг зохих ёсоор ашиглаж, арчлан хамгаалж, хууль ёсны дагуу эзэмшиж байгаа бөгөөд тус хөрөнгө байгаа газар эзэмшлийн гэрчилгээг хууль ёсны дагуу олгосон учир давуу эрхээр өмчлөх эрхтэй гэж үзэж байна. Мөн тус байранд 4 айл байдаг бөгөөд байрны талбайн хэмжээ 178.66 м.кв биш.

Иймд Н.У******* намайг тус 3 өрөө байрны өмчлөгч болохыг тогтоож өгнө үү гэжээ.

4.Сөрөг нэхэмжлэлд гаргасан нэхэмжлэгчийн тайлбар: Булган аймаг Сэлэнгэ сумын Сэлэнгэбүрэн Залуус -* гудамжны ** тоот байр минийх тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэв.

3.Нэхэмжлэгчээс дараах нотлох баримтуудыг гаргаж өгсөн.

-000823*** дугаартай Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээний нотариатчаар баталгаажуулсан хуулбар /хэргийн 4-р хуудас/

4.Хариуцагчаас дараах баримтуудыг ирүүлсэн байна.

-Н.У*******гийн хүн ам, өрхийн бүртгэлийн дэвтрийн хуулбар /хэргийн 15-24-р хуудас/,

-Н.У*******гийн 1976 оны 5 дугаар сарын 20-ны өдөр нээсэн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар /хэргийн 25-27-р хуудас/,

-2021 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн Сэлэнгэ сумын газрын даамлын тодорхойлолт /хэргийн 28-р хуудас/,

-Булган аймгийн Сэлэнгэ сумын Засаг даргын 2004 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн захирамж, хавсралтын хуулбар /хэргийн 29-30-р хуудас/,

-2019 оны 7 дугаар сараас 2021 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн хоорондох цахилгааны төлбөр төлсөн баримт /хэргийн 31-37-р хуудас/,

-Эрдэнэт хот болон Хялганат хорооны өмч хувьчлалын комиссын хамтарсан хурлын 1991 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн протоколын хуулбар /хэргийн 38-р хуудас/,

-Хялганат хорооноос дуудлагын худалдаанд орсон байрнуудын судалгааны хуулбар /хэргийн 39-41-р хуудас/,

ҮНДЭСЛЭХ нь:

1.Нэхэмжлэгч Н.О*******ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож  шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

2.Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Булган аймаг, Сэлэнгэ сум, 3 дугаар баг, Сэлэнгэбүрэн Залуус-3 гудамж, 312 тоот хаягт байрлах орон сууцны өмчлөгчөөр тогтоож өгнө үү гэв.

3.Хариуцагч тухайн орон сууцыг 1981 оноос өнөөдрийг хүртэл эзэмшиж, амьдарч байгаа тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэж тайлбарлаж байна.

4.Хариуцагч сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа миний өмчлөлийн Булган аймгийн Сэлэнгэ сумын 3-р баг Сэлэнгэбүрэн Залуус 3 гудамж 312 тоот 3 өрөө орон сууцыг 1981 оноос өнөөдрийг хүртэл хууль ёсны дагуу эзэмшиж, өмчилж байна. 1991 оны өмч хувьчлах дуудлага худалдаа болоход өөр өөрийн эзэмшиж байсан байранд албан ёсоор маргаан үүсгэн, өөрийн өмчлөлдөө ягаан тасалбараар уг байрыг өмчлөн авсан тул өмчлөгчөөр тогтоолгон гэж тодорхойлж байна..

5.Нэхэмжлэгч Н.О******* сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэв.

 6.Хэрэгт авагдсан нотлох баримт болон зохигчийн тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

7.Хялганат хороонд 1991 оны 12 дугаар сарын 01-ний өдөр явагдсан дуудлага худалдааны протоколд ... өрсөлдөгчгүй тул бүгд анхны үнээр нь худалдан авав. Байр худалдан авсан хүмүүсийн нэрсийг жагсаав гэсний  3 дугаарт “Дан байр №75, 33 ширхэг  тасалбар Н.О*******” гэж тэмдэглэгдсэн /хх-ийн 96-р хуудас/ байх тул  нэхэмжлэгч Н.О******* Дан байрны 75 тоотыг 1991 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн дуудлага худалдаанд оролцож, худалдан авсан  болох нь тогтоогдож байна.

            Гэвч уг протоколд “Худалдан авагчид 15 хоногийн дотор материалаа бүрдүүлсний дараа хөрөнгө эзэмших эрхийн гэрчилгээг олгохоор тогтов” /хх-ийн 96-р хуудас/ гэжээ. Энэхүү дуудлага худалдааны протоколоос харахад дуудлага худалдаанд оролцож, байр худалдан авсан иргэд тодорхой бичиг баримтыг бүрдүүлэн өмч хувьчлалын комисст өгснөөр худалдан авсан байраа өөрийн эзэмшилд авсныг нотлох баримт бичгийг олгохоор шийдвэрлэсэн байна. Гэтэл нэхэмжлэгч Н.О******* нь Өмч хувьчлалын комисст материалаа бүрдүүлэн өгөөгүйн улмаас түүнд эрхийн гэрчилгээг олгоогүй үйл баримт шүүх хуралдааны явцад мэдүүлсэн түүний “эрхийн гэрчилгээ олгоогүй” гэх тайлбараар тогтоогдож байна.

8.Дээрх дуудлага худалдааны протоколын хавсралт “Хялганат хорооноос дуудлагын худалдаанд орсон байрнуудын судалгаа”-нд нийт 57 байрны мэдээлэл орсон бөгөөд уг мэдээлэлд “байрны дугаар, авсан хүний нэр, албан тушаал, байрны орц сууцын тоо, худалдагдах үед амьдарч байсан айлын тоо, худалдан авсан хүн тухайн байранд амьдардаг эсэх” болон “айлуудын нэрс” зэргийг тусгаж, маргаантай эсэх талаарх тэмдэглэгээг хийхдээ маргаантай бол “+” тэмдгээр, маргаангүй бол “-“ тэмдэгээр /хх-ийн 39-41-р хуудас/  тэмдэглэсэн байх ба нэхэмжлэгчийн өмчлөгчөөр тогтоолгох гэж буй орон сууц тухайн үеийн хаягаар 75 дугаартай дан байр нь “+” тэмдэглэгээтэй, маргаантай байсан нь хариуцагчийн тухайн байр дуудлага худалдаа болох үед маргаантай байгаад амьдарч байсан хүмүүс нь ягаан тасалбараа өгч авсан гэх тайлбараар нотлогдож байна. Тухайн орон сууцанд дуудлага худалдаа болох үед хариуцагч Н.У******* амьдарч байсан болох нь түүний 1981 оноос хойш одоог хүртэл маргаан бүхий орон сууцанд амьдарч байгаа гэх тайлбар Хялганат хорооноос дуудлагын худалдаанд орсон байрнуудын судалгааны 3 дугаарын айлуудын нэрс хэсгийн бичилтээр тогтоогдож байна.

Мөн тухайн судалгаанд дүгнэлтэд хийхэд дуудлага худалдаагаар авсан эзэн нь өөрөө амьдарч байсан байрны ард “-“ тэмдэг, дуудлага худалдаагаар авсан эзэн нь өөрөө амьдарч байгаагүй байрны ард “+” тэмдэг тавьсан байгаа нь /хх-ийн 39-41-р хуудас/ ” +” тэмдэглэгээ хийгдсэн байр маргаантай байсан нь давхар нотлогдож байна.

9.2021 оны 7 дугаар сарын 7-ны өдөр Булган аймгийн Сэлэнгэ сумын * дугаар баг, Сэлэнгэбүрэн залуус * дугаар гудамж, ** ** * * тоот хаягт байршилтай 178.66 мкв талбайтай хувийн орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр нэхэмжлэгч Н.О*******ийг бүртгэсэн үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг нэхэмжлэгч Н.О******* хэрэгт өгсөн байна. /хэргийн 4-р хуудас/,

Гэтэл Б.Гантөмөр, Х.Болдбаатар, Н.У******* нар нь Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд Булган аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдуулан Булган аймгийн Сэлэнгэ сумын 3 дугаар баг, Сэлэнгэ бүрэн залуус * дугаар гудамж, **  тоот 3 өрөө, ** тоот 3 өрөө, ** тоот 2 өрөө орон сууцнуудын өмчлөгчөөр Н.О*******ийг бүртгэсэн үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-0411000*** тоот дугаартай 000823*** тоот гэрчилгээ олгож, өмчлөх эрхийг бүртгэсэн улсын бүртгэлийг хүчингүй болгох тухай нэхэмжлэл гаргаснийг 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 42 дугаартай шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн байна. /хх-ийн 196-202-р хуудас/,

10.Иймд дээрх үндэслэлүүдээр Н.О******* нь маргаан бүхий 3 өрөө орон сууц /одоогийн хаягаар Булган аймгийн Сэлэнгэ сум *-р баг Сэлэнгэбүрэн Залуус *гудамжны *** тоот орон сууц/-ыг дуудлага худалдаагаар авсан боловч тухайн орон сууцанд маргаан үүсч эзэмших эрхээ баталгаажуулаагүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх зүйтэй байна.

Сөрөг нэхэмжлэлийн тухайд

            11.Хариуцагч нь маргаан бүхий 3 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Энэхүү нь нэхэмжлэл нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3-д зааснаар шүүхэд хандахаас өмнө Улсын бүртгэлийн байгууллагад хандаж, өмчлөх эрхээ бүртгүүлэхээр байх тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох хуульд нийцнэ.

            12.Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураажинд төлсөн 70200 төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг Төрийн сангаас буцаан гаргуулж, хариуцагчид олгохоор шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 117, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 100 дугаар зүйлийн 100.1, 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэгт зааснаар Н.О*******ийн нэхэмжлэлтэй, Н.У*******д холбогдох Булган аймгийн Сэлэнгэ сум, * дугаар баг, Сэлэнгэбүрэн Залуус-* гудамжны ** тоотод байрлах орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай үндсэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Н.У*******гийн нэхэмжлэлтэй, Н.О*******д холбогдох, Булган аймгийн Сэлэнгэ сум, * дугаар баг, Сэлэнгэбүрэн Залуус-* гудамжны ** тоотод байрлах орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлтэй хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 59 дүгээр зүйлийн 59.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70,200 төгрөгийг Төрийн сангаас буцаан гаргуулж, хариуцагчид олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Л.ХИШИГДЭЛГЭР