Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 05 сарын 29 өдөр

Дугаар 214/МА2023/00017

 

Н.О*******ийн нэхэмжлэлтэй иргэний

хэргийн тухай

 

Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Д.Азжаргал даргалж, шүүгч Б.Оюунцэцэг, шүүгч Л.Ариунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Булган аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 132/ШШ2023/00144 дүгээр шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Н.О*******ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Н.У*******д холбогдох

“Булган аймгийн С******* сумын 3 дугаар багийн С*******бүрэн З*******-3 гудамжны ... тоотод байрлах орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох үндсэн нэхэмжлэлтэй, тус орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай” сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэрэгт нэхэмжлэгч Н.О*******ийн давж заалдсан гомдлыг үндэслэн шүүгч Л.Ариунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Н.О******* /цахимаар/, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Билгүүн /цахимаар/, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Оюунбат, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Энхмаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Н.О*******ийн нэхэмжлэл, тайлбарын агуулга: “Н.О******* миний бие Булган аймгийн С******* сум, 3 дугаар баг, С*******бүрэн З*******-3 гудамжны .., .., .. тоот хаягт байршилтай 178.66 мкв талбайтай хувийн орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийн хууль ёсны өмчлөгч билээ. Гэвч тус орон сууцны ... тоот хаягт Н.У******* нь хууль бусаар оршин сууж байна. Миний бие нь Н.У*******тай орон сууцыг чөлөөлж өгөх талаар ярилцаж байсан боловч тодорхой ойлголцолд хүрээгүй болно. Захиргааны хэргийн анхан шатны шүүх миний өмчлөлийн гэрчилгээг хүчингүй болгосон тул С******* сумын 3 дугаар баг, С*******бүрэн З*******-3 гудамжны ... тоот орон сууцны өмчлөгчөөр тогтоож өгнө үү” гэжээ.

2. Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие Эрдэнэт хотын Хялганат тосгонд 1976 онд шилжин ирж, Мод бэлтгэлийн аж ахуйн уурын зууханд операторчин, машинистаар ажилд орж байсан. Одоогоор Булган аймгийн Хангал сумын Хялганат багт оршин сууж байна. 1981 онд тус Мод бэлтгэлийн аж ахуйн харьяа орон сууцнаас /Булган аймгийн С******* сумын С******* бүрэн З*******ын-3 гудамж ... тоотыг/ миний эзэмшилд байр өгсөн. Ингээд 1991 онд Мод бэлтгэлийн аж ахуй татан буугдаж байрыг дуудлага худалдаанд оруулах үед ягаан тасалбараар амьдарч байгаа байраа худалдан авах боломжтой болсон. Энэ үед Н.О*******ийн нэр дээр Б******* гэх /түүний хамаатан/ хүн 33 тасалбараар зарим тасалбар уг байрны оршин суугчийнх худалдан авах шийдвэр гарах үед оршин суугч Д.С*******, Б.Г*******, Ц.И******* бид нар маргаан үүсгэсний үр дүнд бид ягаан тасалбараа өгч байраа тус тус өмчлөн авсан. Бидэнд өмчлөх эрхийн баримтыг олгох бичиг өгнө гэж байгаад МБАА татан буугдснаас хойш эзэнгүй болж, баримт өгөх хүн олдохгүй, сүүлдээ мэдэх хүнгүй болсон. Энэхүү баримт архивт бүрэн хадгалан үлдээгүй болохыг нэхэмжлэл ирэх үед мэдсэн. Н.О******* нь хэдэн жил манай багт амьдардаг байхдаа ямар ч орон гэргүй түцэнд амьдардаг байсан бөгөөд энэхүү байрыг өөрийнх гэж үзсэн, мөн хувьцаагаар авсан бол биднээс аль хэдийн авч, амьдрах байсан. Намайг 1981 оноос өнөөдрийг хүртэл уг байранд амьдрахад хэн ч уг байрыг надаас өөр эзэмшиж, өмчилж байгаагүй бөгөөд Н.О******* гэх хүн энэ олон жилийн хугацаанд уг байрны өмчлөгч гэж хэлж ярьж, бидэнтэй уулзаж ч байгаагүй. Хялганат тосгоны дутуу архивлагдсан баримтыг үндэслэн сүүлийн үед байрыг авах гэсэн оролдлого гарч байна.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Актлахад аль хэдийн бэлэн болсон, ашиглалтын хугацаа дууссан хэдий ч өөр орох орон байхгүй учир өөрийн орон гэрээ маш олон удаа засварлан, хадгалж хамгаалан амьдарч өнөөдрийг хүрсэн буюу 40 жил амьдарсан байна. 2004 онд 15 жилийн хугацаагаар надад тухайн орон байрны газрыг өмчлүүлж өгсөн бөгөөд 2019 онд хаягжилт тодорхой болохоор шинэ хаягаар гэрчилгээг гаргана гэж байсан боловч одоогоор газрын хаягжилтын асуудлууд бүрэн гүйцэт шийдвэрлэгдээгүй хүлээгдэж байтал энэ хүн орон сууцны гэрчилгээ гаргуулж авсан тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй” гэжээ.

3. Хариуцагч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: “Н.У******* миний өмчлөлийн Булган аймгийн С******* сумын 3-р баг С******* бүрэн З******* 3 гудамж ... тоот 3 өрөө орон сууцыг 1981 оноос өнөөдрийг хүртэл хууль ёсны дагуу эзэмшиж, өмчилж байна. 1991 оны өмч хувьчлах дуудлага худалдаа болоход өөр өөрийн эзэмшиж байсан байранд албан ёсоор маргаан үүсгэн, өөрийн өмчлөлдөө ягаан тасалбараар уг байрыг өмчлөн авсан боловч баримт бичгийн дутуу архивлалт, байгууллага татан буугдсантай холбоотойгоор өмчлөх эрхээ нотлох баримт бүрдээгүй. Гэсэн хэдий ч бид тухайн хөрөнгийг илээр, шударгаар 40 жилийн хугацаанд хууль ёсны дагуу эзэмшиж, өмчилж байсан учир тухайн орон сууцыг өмчлөх эрхтэй гэж үзэж байна.Тухайн хөрөнгийг зохих ёсоор ашиглаж, арчлан хамгаалж, хууль ёсны дагуу эзэмшиж байгаа бөгөөд тус хөрөнгө байгаа газар эзэмшлийн гэрчилгээг хууль ёсны дагуу олгосон учир давуу эрхээр өмчлөх эрхтэй гэж үзэж байна. Мөн тус байранд 4 айл байдаг бөгөөд байрны талбайн хэмжээ 178.66 м.кв биш. Иймд Н.У******* намайг тус 3 өрөө байрны өмчлөгч болохыг тогтоож өгнө үү” гэжээ.

4. Нэхэмжлэгч Н.О******* сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбартаа: У******* хэрэгт сөрөг нэхэмжлэл гаргасан байна. С******* сумын 3-р баг С******* бүрэн З******* 3-р гудамж ... тоот миний өмчлөлийн байр тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэжээ.

5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 100 дугаар зүйлийн 100.1, 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэгт зааснаар Н.О*******ийн нэхэмжлэлтэй, Н.У*******д холбогдох Булган аймгийн С******* сум, 3 дугаар баг, С*******бүрэн З*******-3 гудамжны ... тоотод байрлах орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай үндсэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Н.У*******гийн нэхэмжлэлтэй, Н.О*******д холбогдох, Булган аймгийн С******* сум, 3 дугаар баг, С*******бүрэн З*******-3 гудамжны ... тоотод байрлах орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлтэй хэргийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 59 дүгээр зүйлийн 59.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70 200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг Төрийн сангаас буцаан гаргуулж, хариуцагчид олгож шийдвэрлэжээ.

6. Нэхэмжлэгч Н.О******* давж заалдсан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Нэхэмжлэгч Н.О*******ийн зүгээс 1991 оны 12 дугаар сарын 01-ний өдөр явагдсан дуудлага худалдаагаар тухайн үеийн дан байрны 75 тоот, одоогийн Булган аймгийн С******* сумын 3 дугаар баг С*******бүрэн з*******-3 гудамжны ... тоот байрыг дуудлага худалдаагаар худалдан авсан баримт хэрэгт тогтоогдсон. Иргэний хуулийн 178 дугаар зүйлийн 178.2-д “дуудлага худалдаагаар худалдсан зүйлийн үнийг бүрэн төлсөн үеэс худалдан авагч тухайн зүйлийн өмчлөгч болно” гэж зааснаас үзвэл Н.О******* тухайн орон сууцны үнэд хамаарах 30 ширхэг ягаан тасалбарыг шилжүүлэн өгсөн үеэс өмчлөх эрх үүсэх юм.

Өөрөөр хэлбэл шүүхийн шийдлээр Н.О******* тухайн орон сууцны үнэ төлсөн, өмч буюу хувьцаагаар хохирох эрсдэл учирч байна. Хууль зүйн зохицуулалтын хувьд аливаа эрх бүхий байгууллагад бүртгүүлээгүй гэх хэлбэрийн шаардлагаар хэрэгсэхгүй орхиж болохгүй. Н.О*******ийн хувьд тухайн орон сууцны үнийг түүний анхны өмчлөгч буюу төрд төлсөн байх тул анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэв. 

7. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Билгүүн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Тухайн байртай холбоотой нэхэмжлэл, сөрөг нэхэмжлэлийн шаардлага нь ижил байдлаар гарсан байдаг. Аль аль нь адилхан орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэл гаргасан. Гэтэл үүнийг шүүхээс 2 өөр байдлаар шийдвэрлэсэн. Хариуцагчийг орон сууцны өмчлөгчөөр тогтоолгоё гэтэл улсын бүртгэлтэй холбоотой захиргааны маргаан гэж дүгнэж шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэр ойлгомжгүй байна. Анхан шатны шүүх нэгийг нь орон сууцны өмчлөгч биш, нөгөөг нь улсын бүртгэлтэй холбоотой маргаан гэж 2 өөрөөр шийдсэн. Тиймээс анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлгүй байна. Мөн 2 төрлийн харьцуулалт байна. Нэхэмжлэгчийн зүгээс хэрэгт авагдсанаар дуудлага худалдаанд орж 33 ягаан тасалбараар үнийг төлж орон сууцыг худалдан авсан. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт тухайн байр маргаантай байсан гэж бичсэн. Хариуцагч тал тухайн орон сууцанд амьдарч байсан. Одоо хүртэл амьдарч байгаа үйл баримт тогтоогдсон. Энэ нөхцөлд аль талыг нь өмчлөгч гэж үзэх вэ?. Н.У*******гийн хувьд дуудлага худалдаанд оролцсон талаарх баримт байхгүй. Н.О******* тухайн байрыг ягаан тасалбараар үнийг нь төлж авсан. Ягаан тасалбарыг Н.У******* төлсөн үү, Н.О******* төлсөн үү?. Н.У******* ягаан тасалбарыг төлсөн талаарх баримт байхгүй. Талуудын гаргаж өгсөн нотолгоог харьцуулан үзэх хэрэгтэй. Олон жил энэ байранд амьдарч байгаа хүнийг өмчлөгчөөр тогтоох юм уу эсвэл байрны үнийг төлсөн хүнийг өмчлөгчөөр тогтоох юм уу?. Хариуцагчийн улсын бүртгэлийн байгууллагад ханд гэдэг. Харин нэхэмжлэгчийг ягаан тасалбараа төлснөөс үл хамаарч тухайн байрны өмчлөгч биш гэж шийдсэн. Н.О******* ягаан тасалбараараа хохироод үлдсэн. Үнэхээр ягаан тасалбараараа хохирсон бол ягаан тасалбараа хаанаас нэхэмжлэх талаар шийдвэртээ зааж өгөх хэрэгтэй. Энэ маргаанаас болоод нэхэмжлэгч тасалбараараа хохирч үлдэж болохгүй. Тасалбар өгөөгүй хүнийг эзэнгүй эд зүйлийн өмчлөгч гэж үзэхгүй. Төрийн өмчөөс Н.О******* энэ байрыг авсан гэдэг нь нотлогдож байна. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх боломжтой. Шүүх хууль хэрэглээний хувьд эргэлзээтэй шийдвэр гаргасан. Хэн хэн нь өмчлөгч биш гээд энэ асуудлыг улсын бүртгэлийн байгууллагаар шийдүүлэх ёстой байсан. Өмчлөгчөөр бүртгүүлээгүй тул чиний буруу гэж байна. Шүүх энэ асуудлыг шийдвэрлэх үү гэсэн маргаантай асуудал үүсч байна. Нэгдүгээрт хэргийн харъяалал, хоёрдугаарт нотлох баримтын хувьд хэнийг нь өмчлөгчөөр тогтоох асуудлыг шүүх үндэслэлгүй шийдсэн. Тиймээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэв.

8. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Оюунбат шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүх Н.О*******ийг тухайн орон сууцны өмчлөгч биш гэж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй. Н.У*******гийн хувьд тухайн байрны өмчлөгч мөн. Шүүхээс сөрөг нэхэмжлэлийг урьдчилан шийдвэрлэх журмаар шийдвэрлүүлэх шаардлагатай гэж үзсэн. Н.У******* нь шаардлагатай баримтаа бүрдүүлж улсын бүртгэлийн байгууллагаар уг асуудлыг шийдүүлэх болсон тул давж заалдах гомдол гаргаагүй. 1976 онд Уртанасан нь Хялганатын Мод бэлтгэлийн аж ахуйд ажилд орсон. Тэгээд 1981 онд тухайн орон сууцыг хууль ёсны дагуу эзэмшсэн байдаг. Н.У******* нь өнөөдрийг хүртэл энэ байрандаа амьдарч байгаа. Энэ байрнуудын маргаантай холбоотой хүмүүс дотор хамгийн өндөр настай хүн юм. Тухайн байрнуудтай холбоотой судалгаа хэрэгт авагдсан. Түүний 3 дахь хэсэгт Н.У******* гэсэн нэр бичигдсэн байгаа. Өнөөдрийг хүртэл энэ хүн хууль ёсны дагуу орон сууцны өмчлөгч нь юм. Хялганатын Мод бэлтгэлийн аж ахуйн өмч гэдэгт талууд маргадаггүй. Мод бэлтгэлийн аж ахуйгаас Н.У******* гуайд уг орон сууцыг эзэмшүүлсэн. 1991 онд дуудлага худалдаанд оруулах гэсэн боловч өмчлөлийн асуудлаар маргаантай байсан тул тухайн 75 тоот орон сууцанд эрхийн гэрчилгээ олгогдоогүй. 1991 оны 11 дүгээр сарын дуудлага худалдааны протоколын хавсралт баримтад нэхэмжлэгчийн нэр нь харагддаггүй. Хэрэв дуудлага худалдаагаар орон сууцыг авсан бол 15 хоногийн дотор эрхийн гэрчилгээгээ гаргуулах ёстой байсан. Тухайн үед 4 хүн ягаан тасалбараа өгсөн гэдэг. Н.У******* гуайн охин Сарнай, хүү Булгантамир, нөхөр Дэлгэр нарын регистрийн дугаараар холбогдох брокерын байгууллага руу албан бичиг явуулж шалгуулах гэсэн боловч энэ талаарх мэдээллийг гаргах боломжгүй гэсэн. Газар эзэмших эрхийн гэрчилгээг гаргуулсан. Хялганат тосгонд одоог хүртэл улсын бүртгэлийн эрхийн гэрчилгээгүй олон байр байгаа. Улсын бүртгэлийн гэрчилгээ олгохгүй байсан шалтгаан нь газар нутгийн маргаантай байсан. Хангалын газар нутагт орох уу, С******* сумын газар нутагт орох уу гэсэн маргаан удаан үргэлжилсэн. 2017 оноос энэ маргааны асуудал цэгцэрсэн. С******* сумын нутаг дэвсгэрт газар олгож эхэлсэн. Тэр болтол газар олголтыг зогсоож, эзэмших эрхийн гэрчилгээг сунгахгүй орхисон байсан. Одоо айлууд улсын бүртгэлийн гэрчилгээгээ авч эхэлсэн. Эхлээд газар эзэмших эрхийн гэрчилгээгээ авсны дараа орон сууцны асуудлыг шийдэх ёстой байсан. Хялганат тосгоны Мод бэлтгэлийн аж ахуйгаас эрх зүйн баримтууд дутуу гарсан. Тухайн байрнуудыг улсын бүртгэлд хэрхэн, яаж бүртгэх асуудлыг олон жил шийдвэрлэж чадаагүй. Бүх байранд гэрчилгээ олгогдоогүй. 40 гаруй жил хүмүүс нь байрандаа амьдарч байна. Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч тал тухайн байрны өмчлөгч болохоо нотолж чадаагүй. Энэ байранд нэг ч удаа амьдарч байгаагүй. Дуудлага худалдаагаар авсан гэх боловч үүнийгээ баталгаажуулаагүй, улсын бүртгэлд бүртгүүлээгүй. Энэ олон жил байраа мартсан байсан гэдэг тайлбар хэлдэг. Н.У*******гийн байртай холбоотой асуудалд нэхэмжлэгч тухайн байрны өмчлөгч болохоо нотолж чадаагүй. Н.У*******гйин хувьд уг байрыг 40 гаруй жил эзэмшсэн, хууль ёсны өмчлөгч нь юм. 1991 оны баримтад байрны эзэмшигч нь Н.Уртнасан байсан. Хүн ам, өрхийн бүртгэлийн дэвтрээр тухайн орон сууцанд Н.У******* нь өнөөдрийг хүртэл амьдарч байгаа талаар бүртгэл хийгдсэн байдаг. Энэ хугацаанд тог цахилгаан гэх мэт холбогдох төлбөрүүдийг төлсөн байдаг. Анхан шатны шүүх үндэслэл бүхий шийдвэр гаргаж, Н.У*******г өмчлөгч болохыг тогтоож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангах боломжтой байсан. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хэлснээр энэ хоёр хүний аль нэг нь өмчлөгч байна гэсэн асуудалд дүгнэлт хийж өгнө үү. Ягаан тасалбараа өгөөгүй юм уу гэж байна. Тухайн үед Мод бэлтгэлийн аж ахуйн орон сууцны байцаагчаар Тамир гэж хүн ажиллаж байсан. Тухайн үед Н.О*******д орон сууцны гэрчилгээ гаргаж өгөөгүй. Ягаан тасалбараа хэнд өгсөн, хаана байгааг нь гаргаж өгч чадахгүй байгаа. Тухайн үед энэ асуудлыг өөрөө хөөцөлдөөгүй. Ах Б******* гэдэг хүн нь хөөцөлдөж байсан. Н.Уртанасан гуай энэ талаар сайн мэдэж тайлбарлаж хэлдэг. Нэхэмжлэлийн шаардлагаа нотлох баримтыг хангалттай бүрдүүлж өгөөгүй тул анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байна. Одоо Хялганатад ийм байр цөөхөн хадгалагдаж үлдсэн. Түүний нэг нь энэ байр юм. Н.У*******гийн засан сайжруулалт хийсний үндсэн дээр уг байр бүрэн бүтэн үлдсэн” гэв.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Н.О*******ийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч Н.О******* нь “Бусдын хууль бус эзэмшлээс орон сууцыг албадан чөлөөлүүлэх тухай буюу Булган аймгийн С******* сумын 3 дугаар баг, С*******бүрэн з*******-3 гудамжны ... тоот хаягт байршилтай орон сууцнаас Н.У*******г албадан чөлөөлж өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг анх шүүхэд гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Булган аймгийн Хангал сумын Хялганат сумын З******* хотхоны дан байрны ...  тоот байрны өмчлөгч болохыг тогтоолгох”-оор нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт “Булган аймгийн С******* сум, 3 дугаар баг, С*******бүрэн З*******-3 гудамжны ...тоотод байрлах орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох” гэж залруулсан болох нь шүүх хуралдааны тэмдэглэлд нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хууль зүйн дүгнэлтээр тодорхойлогдно.

3. Хариуцагч Н.У******* болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Оюунбат нар “нэхэмжлэлийн шаардлагыг болон өөрчилсөн шаардлагыг тус тус эс зөвшөөрч хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэсэн хариу тайлбарыг шүүхэд гаргадаг ба “дээрхи маргаан бүхий орон сууцны өмчлөгч мөн болохыг тогтоолгох” тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасныг нэхэмжлэгч Н.О******* эс зөвшөөрч талууд мэтгэлцжээ.

4. Анхан шатны шүүх нэхэмжлэгч Н.О*******ийг маргаан бүхий 3 өрөө орон сууцыг дуудлага худалдаагаар авсан боловч эзэмших эрхээ баталгаажуулаагүй үндэслэлээр  нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3-д зааснаар шүүхэд хандахаас өмнө Улсын бүртгэлийн байгууллагад хандаж, өмчлөх эрхээ бүртгүүлэх үндэслэлээр сөрөг нэхэмжлэлийн шаардлагад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг нэхэмжлэгч эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан харин хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна гэсэн боловч давж заалдах гомдол гаргаагүй.

5.  Хэрэгт авагдсан баримтаар одоогийн Булган аймгийн С******* сум, 3 дугаар баг, С*******бүрэн З*******-3 гудамжны ... тоотод байрлах орон сууцыг 1991 оны 12 дугаар сарын 01-ний өдөр /тухайн үеийн ... дугаар дан байр/ явагдсан дуудлага худалдаагаар Н.О******* худалдан авсан бөгөөд худалдан авагч 15 хоногийн дотор материалаа бүрдүүлсний дараа хөрөнгө эзэмших эрхийн гэрчилгээг олгохоор тогтсон болох нь хэрэгт авагдсан протоколоор, орон сууцыг худалдан авсан иргэдэд 10 хувийн хөнгөлөлт үзүүлэн Н.О*******ээс нийт 30 ширхэг ягаан тасалбарыг хүлээн авсан болох нь тасалбар хүлээн авсан актаар тус тус  тогтоогдож байна. /1 дүгээр хх-147, 150/

5а. Хялганат хорооны өмч хувьчлалын комиссын бүртгэлээр 75 дугаар байрыг авсан Н.О******* нь тухайн байранд оршин суудаггүй бөгөөд маргаантай байгаа талаар тэмдэглэгдсэн байх ба оршин сууж байгаа айлуудын нэрс дотор хариуцагч Н.У*******гийн нэр байгаа болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон. /1 дүгээр хх -149/ 

5б. Нэхэмжлэгч Н.О******* 2021 оны 7 дугаар сарын 05-ны өдөр Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн мэдүүлэг гаргаж, өмчлөгч болохоо тогтоолгон улсын бүртгэлийн гэрчилгээ гаргуулахаар хүсэлт гаргасан бөгөөд Булган аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс түүнд  Булган аймгийн С******* сум, 3 дугаар баг, С*******бүрэн З*******-3 гудамжны ..., ..., ...тоот хаягт  байрлах 178.66 м.кв хувийн сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийн хууль ёсны өмчлөгч тул Ү-... дугаарт бүртгэж гэрчилгээг 2021 оны 7 дугаар сарын 05-ны өдөр олгосон байна.  /1 дүгээр хх -4, 143-145/ 

5в. Н.У*******, Б.Гантөмөр, Х.Болдбаатар нараас Булган аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдуулан Булган аймгийн С******* сум, 3 дугаар баг, С*******бүрэн З*******-3 гудамжны .., ..., ... тоот орон сууцнуудын өмчлөгчөөр Ү-.... дугаарт Н.О*******ийг бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгуулахаар Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба тус шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 42 дугаар шийдвэрээр нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн үйл баримт тогтоогдож байна. /1 дүгээр хх  196-202/ 

6. Өмч хувьчлах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 1-д Хувьчлалд улсын үйлдвэрийн газар, байгууллага (цаашид "үйлдвэрийн газар" гэх)-ын эд хөрөнгө хамаарна.” гэж зааснаар Хялганатын Ой модны үйлдвэрийн харьяаллын дан болон давхар байрнуудыг хувьчлах дуудлага худалдааг зохион байгуулсан нь хууль зөрчөөгүй.

6а. Өмч хувьчлах тухай хуулийн 9 дүгээр зүйлд Эд хөрөнгийг хувьчлах шийдвэр гаргасан байгууллага нь хувьчилсан эд хөрөнгийн шинэ өмчлөгчийн эрхийг нотолсон гэрчилгээ олгоно. гэж заасан ба дуудлага худалдаа зохион байгуулагчаас 15 хоногийн дотор материалаа бүрдүүлэн гэрчилгээ авах хугацааг тогтоосон байдаг.

6б. Нэхэмжлэгч Н.О******* дээрхи хугацааг хэтрүүлэн  /1991 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн 15 хоног тогтоосон/ 2021 оны 7 дугаар сарын 05-ны өдөр өмчлөгчөөр тогтоолгох хүсэлтээ эрх бүхий байгууллагад гаргасан ба 29 жил 5 сарын хугацаанд буюу дээрх он жилүүдэд хүндэтгэн үзэх шалтгаантай байсан нь нотлогдоогүй, шүүхийн хэлэлцүүлэгт мартсан байсан гэсэн тайлбарыг гаргадаг.

6в. Өмч хувьчлах тухай хуулийн 10 дугаар зүйлийн 2-т Хувьчлалтай холбогдон үүссэн эд хөрөнгийн маргааныг шүүх шийдвэрлэнэ. гэж заасан ба нэхэмжлэгчийн өмчлөх эрхийн талаарх маргааныг шийдвэрлэхэд хөөн хэлэлцэх хугацааг харгалзан үзэх ба түүнийг хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хугацаа хэтрүүлсэн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байхаас гадна талууд энэ талаар мэтгэлцээгүй, хариуцагчаас сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрт гомдол гаргаагүй тул давж заалдах шатны шүүх талуудын зарчимд нийцүүлэн энэ талаар дүгнэлт хийгээгүй болно.

7. Иргэний хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д өмчлөгч гэж хэн байж болох мөн хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д өмчлөх эрхийн талаар хуульчилсан ба нэхэмжлэгчийн тодорхойлсон Иргэний хуулийн 178 дугаар зүйлийн 178.2-т заасан Дуудлага худалдаагаар худалдсан зүйлийн үнийг бүрэн төлсөн үеэс худалдан авагч тухайн зүйлийн өмчлөгч болно гэсэн заалт нь тухайн маргаантай хамааралгүй.

Өөрөөр хэлбэл Иргэний хуулийн хоёрдугаар дэд бүлэг хөдлөх эд хөрөнгийн болон эрхийн барьцааны тусгай зохицуулалт хэсэгт хамаарах тухайн хуулийн заалт нь 1996 онд батлагдсан Шүүхийн шийдвэр биелүүлэх тухай хуультай харьцуулан хуульчилсан бөгөөд албадан дуудлага худалдааны болон бусдын удирдлагад шилжүүлэх замаар ипотекийн эрхийг хэрэгжүүлж, үүрэг гүйцэтгүүлэгчийн шаардлагыг хангах асуудлыг зохицуулсан байдгаараа онцлогтой тул нэхэмжлэгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй.

7а. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д “Энэ хуулийн 65.1.9-д заасан үндэслэл иргэний хэрэг үүсгэснээс хойш, 65.1.1, 65.1.3-65.1.8, 65.1.10-д заасан үндэслэл хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх үед тогтоогдвол хэргийг хэрэгсэхгүй болгоно. Энэ тухай шүүх тогтоол, шүүгч захирамж гаргана” гэж заасан ба анхан шатны шүүх сөрөг нэхэмжлэлийн шаардлагад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг хариуцагч түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нар эс зөвшөөрч гомдол гаргаагүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрсөн гэж үзнэ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасан эрхээ хэрэгжүүлж давж заалдах гомдол гаргаагүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

8. Анхан шатны шүүх маргааны үйл баримтын талаар зөв дүгнэлт хийсэн бөгөөд хууль зөв тайлбарлаж хэрэглэсэн, нотлох баримтыг хуульд заасны дагуу цуглуулсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан байх тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1., 167.1.1. дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Булган аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 132/ШШ2023/00144 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Н.О*******ийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар нэхэмжлэгч Н.О*******ийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжийн төлбөрт урьдчилан төлсөн 70 200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5., 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

         ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                Д.АЗЖАРГАЛ

 

 

                                             ШҮҮГЧИД                                 Б.ОЮУНЦЭЦЭГ

 

                                                                                     

                                                                                              Л.АРИУНЦЭЦЭГ