Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 04 сарын 19 өдөр

Дугаар 101/ШШ2023/01984

 

 

 

 

 

 

                                2023       04          19

                   101/ШШ2023/01984

           

 

 

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Г даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч:  “Х” ХХК /рд:/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч:  Н.Т /рд:/-д холбогдох,

 

133,425,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Б, хариуцагчийн төлөөлөгч А.П, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Анар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1.         Нэхэмжлэгч “Х” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүний төлөөлөгч Б.Б нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн Н.Таас 2018 оны 12 сарын 04-ны өдрийн 18/14 тоот төлбөр тооцоог барагдуулах гэрээний дагуу төлөх ёстой 100,000,000 /нэг зуун сая/төгрөгөөс төлөгдөөгүй үндсэн төлбөр 88,950,000 /наян найман сая есөн зуун тавин мянга/ төгрөг, үүнээс гэрээний 5-р зүйлд заасны дагуу 0,5% алданги 44,475,000 /дөчин дөрвөн сая дөрвөн зуун далан таван мянга/ төгрөг нийт 133,425,000 /нэг зуун гучин гурван сая дөрвөн зуун хорин таван мянга/ төгрөгийг гаргуулах.

Н.Т нь Х ХХК-тай БЗД-ийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 09 сарын 24-ны өдрийн 101/ШШ2018/0 дугаартай захирамжийн дагуу манай компанид төлөх 100,000,000 /нэг зуун сая/ төгрөгийг төлөх талаар 2018 оны 12 сарын 04-ны өдрийн 18/14 тоот төлбөр тооцоог барагдуулах гэрээг хийсэн. Н.Тд гэрээний дагуу барилга засварын ажил олж өгсөн боловч ганцхан удаа 2019 онд эмнэлгийн гадна фассадны ажил хийж гүйцэтгэж 1,250,000 /нэг сая хоёр зуун тавь/ мянган төгрөгийг манай байгууллагын дансанд шилжүүлсэн байдаг. Үүнээс хойш удаа дараа ажлын санал тавихад ажиллах бригад байхгүйгээс гадна төсөвт өртөг нь хямдхан байна гэсэн нэрийдлээр ажилладаггүй байсан. Харин өөрөө өнөөдрийг хүртэл нийт 11,050,000/арван нэгэн сая тавин мянга/ төгрөгийг төлсөн байна. Иймд төлөгдөөгүй үлдэгдэл үндсэн төлбөр болон алдангийн хамт 133,425,000 /нэг зуун гучин гурван сая дөрвөн зуун хорин таван мянга/ төгрөгийг гаргуулах.

1а. Хариуцагчаас төлбөр барагдуулах гэрээний дагуу 88 950 000 төгрөг, гэрээнд зааснаар алданги 44 475 000 төгрөг, нийт 133 425 000 төгрөг нэхнэ. Утга нь анх хариуцагч нь нэхэмжлэгчтэй орон сууц зээлээр авах гэрээ байгуулсан. Орон сууцыг Тын нэр дээр гэрчилгээ гаргаагүй байсан бөгөөд ББСБ нь зээл олгох болсон тул орон сууцыг өмчлөлд шилжүүлбэл зээл олгоно гэсэн тул нэр шилжүүлсэн, Улмаар ББСБ-д гэрчилгээг хүргүүлсэн. Гэтэл эргээд уулзахад зээл олгох боломжгүй болсон тул өмчлөгч Тд гэрчилгээг өгсөн гэсэн. Гэтэл хариуцагч нь орон сууцыг өөр ББСБ-д 60 саяын барьцаанд тавьсан байсан. Ингээд бид шүүхэд хандахад зээл судлуулахдаа бусдын өмчлөлд өгсөн байсан. Улмаар цагдаад хандсан боловч эрүүгийн асуудал биш гэсэн. Дахиад шүүхэд хандахад бусдад 80 саяар зарсан байсан. Үүний улмаас бид эвлэрлийн гэрээ байгуулсан. Энэ эвлэрлийн гэрээг баталсан. Бид байраа авч чадахгүй бол Таас байрын үнэ болох 257 саяыг авах асуудал үүсэхээр байсан тул авсан хүн нь 80 саяар авсан тул 100 саяар буцааж авбал байрыг шилжүүлнэ гэсэн. Т мөн адил 100 саяыг төлчихвөл байрыг суллаж өгнө гэсэн. Ингээд бид 100 саяыг төлсөн. Үүний дагуу байрыг буцааж шилжүүлж аваад Т байраа чөлөөлж өгсөн. Ингэхдээ байрны ашиглалтын зардалд 5 саяын төлбөртэй байсан байдаг. Үүнийг өнөөдрийг хүртэл төлөөгүй. Улмаар төлбөр барагдуулах гэрээ хийсэн бөгөөд үүнийг хийхдээ хуурсан зүйл байхгүй. Ингэхдээ төлбөр барагдуулах боломжийг ярилцсан. Бид 5 сарын хугацаа өгсөн. Хавар ажил эхлэхэд төлнө гэсэн. Хүчээр хийсэн бол ингэж бичигдэхгүй. Бид 55 саяд барилгын ажил олж өгнө гэсэн ба учир нь Т барилгын компанитай гэсэн юм. Олж өгсөн ажлын хөлсний 50 хувиар төлж байхаар тохирсон. Гэвч мөнгө нь төлөгдөхгүй явсаар байгаад 2023 оны 4 сар болсон байна. Гэрээний хугацаа дууссанаар хойш 2 жил гаран болсон ба 11 050 000 төгрөг л төлсөн байдаг. Иймд төлсөн төлбөрийг хасаж тооцсон юм. Хүчээр албадан гарын үсэг зуруулсан гэдгийг юугаар нотлох вэ. Олон жил шүүх цагдаагаар явсан хүн бүгдийг мэдэж байгаа юм. Мөнгө өгсөн үндэслэл нь эвлэрлийн гэрээ юм. Харин ч 257 саяын өрөнд орох байсныг нь хамгаалсан юм. Эвлэрлийн гэрээ хүчин төгөлдөр хүчин төгөлдөр гэсэн боловч нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэдэг нь ойлгомжгүй байна. Эвлэрлийн гэрээнд тэр 61 сая болон 50 саяын асуудлыг шийдсэн бөгөөд 11 сая төгрөг үлдэнэ гэдгийг заасан байдаг юм.  Захирамжаар эвлэрлийн гэрээний нэхэмжлэлд хамааралгүй хэсгийг батлаагүй юм. 89 төгрөгөө олон жил аваагүй тул 100 сая төгрөг болгож өгөхөөр л тохирсон. Энэ нь Иргэний хуульд нийцнэ. Эхлээд ажил өгөөд 1 250 000 төгрөг орж ирсэн юм. Дараа нь ажил өгөхөөр зугтаадаг болсон. Сүүлдээ ажлын хөлсийг хямд гэдэг бөгөөд бригадгүй болсон гэсэн юм. Өөр ажилд ороод хийж чадахгүй гэсэн юм. Ажилд орсон, сайн ажиллаад шагнуулах тул мөнгөө төлнө гэсэн. 11 сая төгрөг нь олон жил хохироосон тул нэмж өгөхөөр болсон юм. Т-д Х нь 89 дээр Тийн 11-ийг нэмээд 100-г өгсөн. Гэхдээ гэрээг хүсэл зоригоор хийсэн. Надад хугацаа өгөөч гээд л ингэж тохирсон юм. Алдангийг гэрээний 3-т заасан. 2020.10.1 хойш өдрийн 88 саяас бодоод 50 хувиар тооцсон юм. Иргэний хуулийн 225 зааснаар хугацаа өгсөн боловч үр дүн гараагүй. Бид хариуцагчид маш их тусалсан юм. Иргэний хуулийн 222-т зааснаар үүрэг гүйцэтгэгч хугацаа хэтрүүлсэн гэж үзэж байгаа юм. Төлбөр барагдуулах гэрээний 5 саяыг 11-д оруулаад тооцоод байгаа юм. Иргэний хуулийн 56.1-д хэд хэдэн үндэслэл байдаг. Гэрээ байгуулах эрхгүй этгээд хийсэн гэж байна. Хийн тамга дарагдаад төлөөлж хийсэн юм гэв.

 

2.         Хариуцагч Н.Т нь шүүхэд, түүний төлөөлөгч А.П нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч Н.Т би “Х” ХХК-ийн зүгээс 2023 оны 1 сарын 19-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан байгаатай танилцаад зөвшөөрөхгүй байгаа тул дараах тайлбарыг гаргаж байна. Үүнд:

Х” ХХК-ийн зүгээс 2018 онд тус шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд уг иргэний хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байх үед талууд эвлэрсэн билээ. Миний хувьд “Х” ХХК-д тухайн үед 61,000,000 (жаран нэгэн сая) төгрөг өгсөн байсан. Тэгээд уг мөнгөний 50 сая төгрөгийг нь зогсоолын төлбөрт тооцож, 11 сая төгрөг үлдсэн. Уг мөнгөн дээр “Х” ХХК-ийн зүгээс 89 сая төгрөг нэмж, нийт 100 сая төгрөг болгож, М.Түмэнжаргалд өгөхөөр тохиролцсон байдаг. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч “Х” ХХК-ийн зүгээс гаргасан мөнгө нь 89 сая төгрөг юм. Бидний уг тохиролцоогоор төлбөрийг би барилгын ажил хийж, “Х” ХХК нь барилгын ажил надаар хийлгэж төлөхөөр нэгэнт тохиролцсон. Уг тохиролцоо одоо ч хүчин төгөлдөр байгаа. Ийнхүү тохиролцсон учраас дараа нь миний зүгээс ч барилгын ажлыг нь хийж өгөхөөр хичээл зүтгэл гаргасан. Бодит байдал нь дээр дурдсанаар 89 сая төгрөгт ажил хийж өгөх байсан. Бүр “Х” ХХК-ийн захиалгаар барилга угсралтын ажил хийх байсан ч нэхэмжлэгч нь ажлаа огт санал болгодоггүй. Өөр ажил буюу зах зээлийн ханшнаас хэт доогуур, эсхүл хугацаа нь хэт тулсан буюу гүйцэтгэх боломжгүй, өрөнд орох магадлалтай гэх мэт надад илт хохиролтой хийх боломжгүй ганц нэг ажилд зуучлаад орхисон. Одоо бодоод байхад намайг хуурч, эвлэрэл хийсэн юм болов уу ч гэж бодох юм. Өөрсдийнх нь ажлыг бол одоо ч хийхэд бэлэн. Гэтэл “Х” ХХК нь тохиролцсоныхоо дагуу үүргээ гүйцэтгээгүй хэсэг хугацаа өнгөрсөн бөгөөд удалгүй ковид цар тахал дэгдэж, барилгын ажил зогсонги байдалд орсон байдаг. Мөнх-Оюун захирал утасны дугаар өгч тэр дугаараар нь холбогдож Баянбүрдэд байршилтай 16 давхар орон сууцны подвальд нь хүн хийхэд хүндрэлтэй бохир заваан хог хаягдалтай, хүний бохир ялгадас ихтэй хэцүү нөхцөлтэй байсан боловч орчныг цэвэрлэж бетонон шалны өнөлгөөний ажлыг 6 хүн 3 хоног цалингүй хийсэн. Хэдий маш хэцүү байсан ч төлөх төлбөрөөсөө хасахын тулд тус ажлыг сайн хийж гүйцэтгэсэн. 3 хоног ажилласны дараа Мөнх-Оюун тус ажлыг цааш хийх боломжгүй болсон гэж хэлснээр ажил хийгдээгүй. Чингис гэх залуутай утсаар холбогдуулж ажил очиж үз гэдэг. Очоод үзэхээр ажил санал болгогч нь ямар нэг байдлаар илт цааргалдаг. Учир нь: Хүмүүст өөрт нь мөнгийг нь өгөхгүй бол энэ хүмүүс чинь ажлаа дуусгаад биднээс мөнгө нэхнэ тийм болохоор дэмий байхаа гэж хэлдэг. Х компанийн М, Б, менежер гэх Ч нарыг дуудсан цагт нь очдог байсан. Нэхэмжлэлд “Төлбөр барагдуулах гэрээ” гэгчийг хавсаргаж, уг баримтыг үндэслэж буйг зөвшөөрөхгүй. Нэхэмжлэгч нь 100 айлд байрлах барилгын материалын дэлгүүрийн 2 давхарт байрлах компанийнхаа оффист дуудаад, намайг хэтэрхий дорд үзэж, баахан загнаж, энэ гэрээн дээр гарын үсэг зураад л эндээс гарна шүү, хэрвээ гарын үсэг зурвал 5 жилийн хугацаа олгоно гэж, бас танай компанийн бичиг баримт /өөр нэг компанийн баримтыг барьцаалсан байсан)-ыг буцаан өгнө гэж шахан шаардаж, 2018 оны 12 сарын 4-ний “Төлбөр тооцоо барагдуулах гэрээ”-н дээр гарын үсэг зуруулсан. Уг баримт дээр үнийн дүнг нь хүртэл үндэслэлгүйгээр 100 сая болгон өсгөж, алданги гэх мэтээр бичиж, намайг илт хохироосон. Би ямар нэгэн тохиролцоо хийгээгүй. Надтай уулзана гэхээр нь барилгын ажлаа хийлгэх гэж байгаа юм байна гэж бодоод очтол гэнэт бичиж хэвлэсэн гэрээ гаргаж ирээд хуурч, бас сүрдүүлж гарын үсэг зурахыг шаардсан. Үнийн дүнгийн хувьд ч хэт өсгөж, нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй байна. Ганцын задгайд Монгол гэрт амьдардаг бид яаж ийм их хэмжээний мөнгийг төлөх билээ. Нөхөр маань ажилгүй. Би одоо Монгол бөөгийн зан үйл болон бариа засал хийн амь зогоож байна. Тухайн үед бол би орон сууцыг нь Т-д барьцаалж, 50 сая төгрөг авсан байсан. Гэтэл зээл чөлөөлж байна гээд Батжаргалд шилжүүлсэн байсан бөгөөд тухайн үед бас намайг шахалтад оруулж, 100 сая төгрөгөөр тохиролцсон. Гэтэл одоо бүр 133,425,000 төгрөг болгоод нэхэж байна. Би одоо яах юм бэ. Нэхэмжлэгч нь хүнийг хуурч, айлган сүрдүүлж, шахаж, самгардуулж байгаад гарын үсэг зуруулсан баримтаараа дахиад их хэмжээний мөнгөний өрөнд оруулах гэж санаархаж байна. Уг нь 89 сая төгрөгийн ажил хийх асуудал байсан бөгөөд уг мөнгөнөөс миний төлсөн 11,950,000 төгрөгийг хасвал 77,050,000 төгрөгийн ажил хийх тооцоо л үлдсэн байх ёстой. Тиймээс нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй байна.

2а. Нэхэмжлэгчийн хэлж байгаа эхний хэсэг нь 2018 оны захирамжаар шийдсэн хэргийг яриад байна. Ингэж шийдэхдээ эвлэрлийн гэрээгээр шийдсэн юм. Энэ захирамжид 89 сая төгрөгт ажил гүйцэтгэж өгөхөөр тохирсон юм. Гэтэл энэ хэргийн шаардлага нь өөр байгаа юм. Хуурч хийсэн гэрээний дагуу 100 саяас 11 саяыг төлсөн гээд алданги ярьж байна. Гэтэл өмнөх шийдэгдсэн хэргийг ярих шаардлагагүй юм. Нэхэмжлэлийн хүрээнд тайлбар хийхэд өмнө нь талууд эвлэрсэн. Хариуцагч урд нь 61 сая төгрөг төлсөн байсан. Х нь 89 сая төгрөг төлсөн байдаг. Төлбөр барагдуулах гэрээг хуурч хийсэн. Бүх бичиг баримтыг нь аваад үлдсэн байсан юм. Компанийхаа хувьцааг хүнд зарах болоод бичиг баримтаа авах гэтэл эргээд хэлнэ гэсэн боловч хэлээгүй. Үүнээс болоод худалдан авах хүн нь больсноор хохирсон. Гэтэл гэнэт яриад баримт бичгээ ав гэхээр нь очтол бэлдсэн гэрээ гаргаж ирээд гарын үсэг зурвал бүх бичиг баримтыг чинь өгөөд 5 жилийн хугацаа өгнө гэсэн байдаг. Энэ хугацаанд эвлэрлийн гэрээг шаардахгүй гэсэн байдаг. Ингээд уншилгүй гарын үсэг зурсан юм. Бэлтгэсэн гэрээн дээрээ хуурч гарын үсэг зуруулсан байдаг юм. Хууль зүйн мэдлэггүйн улмаас гарын үсэг зурчихсан байдаг юм. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. 100 сая гэдгийг зөвшөөрөхгүй байгаа юм. Эвлэрлийн гэрээнд мөнгөн дүн 89 сая төгрөг байсан. 11 саяын ажил хийсэн тул 77 950 000 төгрөгийн ажил хийх үүрэг л үлдсэн байгаа юм. Нэхэмжлэгчийн хэлээд байгаа 100 саяыг төлөх үүрэг байгаагүй. Хүч хэрэглэсэн гээгүй хуурч мэхэлсэн л гэж байгаа юм. Ажил олж өгсөн бол хийх байсан. Гэтэл олж өгсөн ажил нь хэт бага ханштай эсхүл хугацаа хэт тулсан хэт хохиролтой ажил байсан тул зарим ажлыг хийгээгүй юм. Энэ гэрээ нь хүчин төгөлдөр бус гэрээ юм. Төлбөр барагдуулах гэрээ нь уян хатан биш эсрэгээрээ хатуу гэрээ юм. Эвлэрлийн гэрээг төлөөлөгч байгуулах эрхгүй байсан юм. Хуурч хийсэн хэлцэл, гэрээний чөлөөт байдлыг зөрчсөн хэлцэл юм гэв.

 

3.         Зохигчид шүүхэд дараах баримтыг ирүүлсэн.

3а. Нэхэмжлэгчээс Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 09 дүгээр сарын 24-ны өдрийн 0 дүгээр захирамжийн хуулбар /хх4-6/, 2018 оны 12 дугаар сарын 04-ны өдрийн 18/14 дугаар төлбөр барагдуулах гэрээний хуулбар /хх7/, баталгааны хуулбар /хх8/, харилцагчийн гүйлгээний баримт /хх9/, Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн тодорхойлолт /хх10/

3б. Хариуцагчаас 2018 оны 09 дүгээр сарын 24-ны өдрийн эвлэрлийн гэрээний хуулбар /хх61/, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 09 дүгээр сарын 24-ны өдрийн 03019 дүгээр захирамжийн хуулбар /хх62-66/, “Т” ХХК-н дүрмийн хуулбар /хх67-67/, М компанийн тодорхойлолт 2 ширхэг /хх69, 70/, гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хх71/

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

 

      ҮНДЭСЛЭХ нь:

1.         Шүүх дараах үндэслэлээр хариуцагчаас 116,925,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 16,500,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

2.         Нэхэмжлэгч “Х” ХХК нь гэрээний үүрэгт үндсэн төлбөр 88,950,000 төгрөг, алданги 44,475,000 төгрөг, нийт 133,425,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан.

 

3.         Хариуцагч Н.Т нь нэхэмжлэгчийг 89,000,000 төгрөг төлсөн бөгөөд үүнээс өөрийн төлсөн 11,950,000 төгрөгийг хасаад үлдэх 70,050,000 төгрөгтэй тэнцэх хэмжээний ажил гүйцэтгэхээр тохиролцсон гэж маргаж байна.

 

4.         Нэхэмжлэгч нь зохигчид орон сууц худалдах худалдан авах гэрээ байгуулж, улмаар хариуцагч нь үнийг төлөх зорилгоор зээл авахын тул орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг өөрийн нэр дээр гаргуулсан. Гэвч тохиролцсон газраас зээл авалгүй харин өөр газраас зээл авсан боловч орон сууцны үнийг төлөөгүй бөгөөд өмчлөх эрхийг бусдад шилжүүлсэн байсан. Улмаар уг орон сууц дахин бусдад худалдагдсан байсан тул 265,000,000 төгрөгийн үнэ бүхий орон сууцыг бусдын өмчлөлд үлдээхгүй, мөн хариуцагчийг энэ хэмжээний төлбөрт оруулахгүйн тулд түүний өмнөөс өөрөөс 89,000,000 төгрөг гаргаж, дээр нь хариуцагчийн өмнө нь төлсөн 11,000,000 төгрөгийн нэмж нийт 100,000,000 төгрөг төлснөөр орон сууцны өмчлөх эрхийг буцаан шилжүүлж авсан гэж тайлбарласан. Энэхүү тайлбар нь Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 09 дүгээр сарын 24-ны өдрийн 03019 дүгээр захирамжийн хуулбараар агуулгын хувьд тогтоогдож байна. /хх4-6/

Цаашлаад зохигчид шүүгчийн захирамжийг биелүүлэх зорилгоор 2018 оны 12 дугаар сарын 04-ны өдөр төлбөр тооцоо барагдуулах гэрээг байгуулсан байна. /хх7/

4а. Дээрх үйл баримтууд болон хариуцагч нь орон сууц, авто зогсоолын үнэнд нийт 61,000,000 төгрөг төлсөн, үүнээс 50,000,000 төгрөгийг авто зогсоолын төлбөрт тооцсон, түүнчлэн орон сууцыг өмчилсөн байсан этгээдэд 100,000,000 төгрөг төлсөн талаар хэн аль нь маргаагүй.

 

5.         Хариуцагч нь энэхүү төлбөр тооцоо барагдуулах гэрээг хуурч мэхлэх замаар байгуулсан гэж маргасан боловч өөрийн тайлбарыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасан үүргийн дагуу нотлоогүй. Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д зааснаар гэрээг талууд чөлөөтэй байгуулах бөгөөд агуулгыг өөрсдөө тодорхойлдог. Төлбөр тооцоо барагдуулах гэрээнд хариуцагч нь гарын үсэг зурсан эсэх талаар маргаагүй.

5а. Зохигчдын эвлэрлийн гэрээг баталсан шүүгчийн захирамжийн огноо болон төлбөр тооцоо барагдуулах гэрээний огнооноос үзэхэд цаг хугацааны хувьд хариуцагч нь төлбөрөө төлөхгүй байсан тул төлөх боломж олгох зорилгоор зарим төлбөрийг мөнгөн хэлбэрээр, зарим хэсгийг ажил гүйцэтгэх замаар төлөхөөр тохиролцсон гэх нэхэмжлэгчийн тайлбар нотлогдсон гэж үзэхээр байна.

5в. Эдгээрээс үзэхэд төлбөр тооцоо барагдуулах гэрээ нь хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэх хариуцагчийн төлөөлөгчийн тайлбар үндэслэлгүй бөгөөд уг гэрээ нь хүчин төгөлдөр байна. Мөн хариуцагч нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа үлдэх төлбөрт ажил гүйцэтгэхэд татгалзахгүй гэснийг дурдах нь зүйтэй.

 

6.         Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 09 дүгээр сарын 24-ны өдрийн 0 дугаар захирамжаас үзэхэд орон сууц нь Н.Т-н өмчлөлд шилжсэн байсан бөгөөд түүний төлөөлөгч Б нь эвлэрлийн гэрээ байгуулж, 100,000,000 төгрөг хүлээн авсан талаар баталгаа гаргажээ. /хх8/

 

7.         Дээрх үйл баримтыг харьцуулан дүгнэвэл төлбөр тооцоо барагдуулах гэрээнд зааснаар хариуцагчид 100,000,000 төгрөг төлөх үүрэг үүссэн гэж шууд үзэх боломжгүй. Тодруулбал, зохигчид орон сууц худалдах худалдан авах гэрээнээс татгалзаж, улмаар гэрээний зүйл нь бусдын өмчлөлд шилжсэнтэй холбогдуулан эвлэрлийн гэрээ байгуулж, шүүх баталсан байна. Иймд зохигчдын хооронд үүссэн үндсэн эрх зүйн харилцааг анхаарах нь зүйтэй. Цаашлаад, төлбөр тооцоо барагдуулах гэрээнд заасан 100,000,000 төгрөгт хариуцагчийн өмнө нь төлсөн 11,000,000 төгрөг багтсан байна. Иймд гэрээнээс татгалзсантай холбогдуулан нэхэмжлэгчид учирсан хохирол нь 89,000,000 төгрөг юм.

7а. Хариуцагч нь тохиролцсон ёсоор нийт 11,050,000 төгрөгийн ажил гүйцэтгэсэн талаар зохигч хэн аль нь маргаагүй тул гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн нь 77,950,000 төгрөг байна.

7б. Энэхүү гүйцэтгээгүй үүргийн мөнгөн дүнг хариуцагч зөвшөөрч байх боловч алданги төлөх үндэслэлгүй, харин нэмж ажил гүйцэтгэнэ гэж маргасан. Төлбөр тооцоо барагдуулах гэрээнд зааснаар зарим төлбөрийг ажил гүйцэтгэх хэлбэрээр төлөхөөр тохиролцсон байх боловч үндсэн үүрэг нь мөнгөн төлбөр төлөх юм. Улмаар нэхэмжлэгч нь хариуцагчийг ажил гүйцэтгэхээс татгалзсан, хариуцагч нь боломжит ажлыг гүйцэтгэхээс татгалзаагүй гэх тайлбараа хэн аль нотлоогүй тул шүүхэд нэхэмжлэл гаргах замаар үндсэн үүргийг гүйцэтгүүлэх үндэслэлтэй юм.

7в. Төлбөр тооцоо барагдуулах гэрээнд зааснаар төлбөрийг 2020 оны 10 дугаар сарын 01-ны өдөр төлж дуусгах байсан бөгөөд хэрэв хугацаа хэтэрвэл 0.5 хувийн алданги төлөхөөр тохиролцжээ. Ийнхүү тохиролцохдоо алдангийг хоногоор тооцох эсэх талаар заагаагүй боловч Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д хоног тутам алданги тооцохоор зохицуулсан тул хоног тутам тооцох үндэслэлтэй.

7г. Төлбөр тооцоо барагдуулах гэрээний хугацаа дууссанаас хойш шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл 2 жил, 111 хоног буюу нийт 841 хоног хугацаа хэтэрсэн байна. Энэ хугацаанд алдангийг тооцвол 1 хоногт 389,750 /77,950,000*0.5%/ төгрөг, 841 хоногт 327,779,750 төгрөг тооцогдох боловч Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т зааснаар алдангид 38,975,000 /77,950,000*50%/ төгрөг тооцох боломжтой.

7д. Дээрх үндэслэлээр хариуцагчаас үндсэн төлбөр 77,950,000 төгрөг, алданги 38,975,000 төгрөг, нийт 116,925,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 16,500,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

8.         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар шүүхээс эрх зүйн маргаан хянан шийдвэрлэх үйлчилгээ үзүүлэхтэй холбогдуулан зохигчид төлөх мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ. Улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгчээр төлүүлэх бөгөөд нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох журамтай. Мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан тохиолдолд хангасан хэсэгт холбогдох хураамжийг хариуцагчаас гаргуулна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

        ТОГТООХ нь:

1.         Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.1, 186 дугаар зүйлийн 186.1, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар хариуцагч Н.Таас 116,925,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “Х” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 16,500,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2.         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 826,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 742,575 төгрөг, Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн 100200300941 тоот данснаас 925 төгрөг гаргуулж, тус тус нэхэмжлэгчид олгосугай.

3.         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоног өнгөрөөгөөд түүнээс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Д.ГАНБОЛД