Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 06 сарын 12 өдөр

Дугаар 210/МА2023/01174

 

 

2023 оны 06 сарын 12 өдөр

Дугаар 210/МА2023/01174

 

 

А ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш даргалж, шүүгч Д.Бямбасүрэн, шүүгч Т.Бадрах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 101/ШШ2023/01984 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: А ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Б-д холбогдох,

133,425,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Т.Бадрах илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батчингис, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Пүрэвцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 101/ШШ2018/03019 дугаар захирамжийн дагуу Б- нь А ХХК-д төлөх 100,000,000 төгрөгийг төлөх талаар 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 18/14 тоот төлбөр тооцоог барагдуулах гэрээг хийсэн. Б-д гэрээний дагуу барилга засварын ажил олж өгсөн боловч ганцхан удаа 2019 онд эмнэлгийн гадна фасадны ажил хийж гүйцэтгэж 1,250,000 төгрөгийг манай байгууллагын дансанд шилжүүлсэн. Үүнээс хойш удаа дараа ажлын санал тавихад ажиллах бригад байхгүйгээс гадна төсөвт өртөг нь хямдхан байна гэсэн нэрийдлээр ажилладаггүй байсан. Харин өөрөө өнөөдрийг хүртэл нийт 11,050,000 төгрөгийг төлсөн.

Хариуцагчаас төлбөр барагдуулах гэрээний дагуу 88,950,000 төгрөг, алданги 44,475,000 төгрөг, нийт 133,425 000 төгрөгийг гаргуулж өгнө үү.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга: А ХХК В-д 100,000,000 төгрөг төлөхөд би 11,000,000 төгрөг төлсөн. Бидний тохиролцоогоор А ХХК нь барилгын ажил надаар хийлгэж төлбөрийг барагдуулахаар тохиролцсон. Ийнхүү тохиролцсон учраас би барилгын ажлыг нь хийж өгөхөөр хичээл зүтгэл гаргасан.

Бодит байдал дээр дурдсанаар 89,000,000 төгрөгт ажил хийж өгөх байсан. А ХХК-ийн захиалгаар барилга угсралтын ажил хийх байсан ч нэхэмжлэгч нь ажил санал болгодоггүй, өөр ажил буюу зах зээлийн ханшнаас хэт доогуур, эсхүл хугацаа нь хэт тулсан буюу гүйцэтгэх боломжгүй, өрөнд орох магадлалтай гэх мэт надад илт хохиролтой хийх боломжгүй ажилд зуучилж байсан.

Төлбөр барагдуулах гэрээг үндэслэж нэхэмжлэл гаргаж буйг зөвшөөрөхгүй. Учир нь миний компанийн бичиг баримт, тусгай зөвшөөрлийг барьцаанд авсан ба гэрээ гэх баримтад гарын үсэг зурвал компанийн бичиг баримтыг буцаан өгөх болно гэж хэлсэн тул аргагүйн эрхэнд гарын үсэг зурсан. Надад тухайн гэрээг байгуулах ямар нэгэн санаа байгаагүй. Гэтэл одоо уг гэрээг үндэслэж их хэмжээний мөнгө нэхэмжилж байгааг зөвшөөрөхгүй. Уг нь 89,000,000 төгрөгийн ажил хийх асуудал байсан бөгөөд уг мөнгөнөөс миний төлсөн 11,050,000 төгрөгийг хасвал 77,050,000 төгрөгийн ажил хийх тооцоо л үлдсэн. Тиймээс нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.1, 186 дугаар зүйлийн 186.1, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар хариуцагч Б-аас 116,925,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч А ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 16,500,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 826,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 742,575 төгрөг, Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн 100200300941 тоот данснаас 925 төгрөг гаргуулж, тус тус нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Хариуцагч нь энэхүү төлбөр тооцоо барагдуулах гэрээг хуурч мэхлэх замаар байгуулсан гэж маргасан боловч өөрийн тайлбарыг нотлоогүй гэж анхан шатны шүүх дүгнэсэн. Хариуцагч Б-ын хувьд эрүүл мэндийн шалтгааны улмаас асуудлыг бүрэн ойлгох, дүгнэлт хийх, нотлох баримт цуглуулах боломж хомс байсан бөгөөд энэ нь хэргийн материалаас харагдана. Тиймээс өөрийгөө төлөөлүүлэхээр итгэмжлэгдсэн төлөөлөгчид итгэмжлэл хийж өгсөн. Гэтэл надад хэргийн материалтай танилцахад ердөө хоёр хоногийн хугацаа шүүхээс өгсөн. Энэ хугацаанд хариуцагчтай ярьж мэдээлэл, нотлох баримтуудыг авч, татгалзлаа нотлохын тулд шүүх хуралдаан дээр сөрөг нэхэмжлэл гаргаж, мөн үзлэг хийлгэх, гэрч асуулгах хүсэлтүүдийг гаргасан. Гэтэл шүүгч нь бүгдийг нь хүлээн авахаас татгалзаад хурлыг үргэлжлүүлсэн. Татгалзлаа нотлох гээд хүсэлт гаргахаар хүлээн аваагүй атлаа татгалзлаа нотлоогүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй.

Гэрчийг асууж байж бодит нөхцөл байдлыг тодруулж, үзлэгийг хийж байж нэхэмжлэгчийн хүсэл зоригийг мэдэх боломжтой байхад зөвхөн хүсэлт дээр дүгнэлт хийж байгааг зөвшөөрөхгүй. Төлбөр барагдуулах гэрээг байгуулахдаа Б-ын хүсэл зоригийг асуугаагүй бэлдсэн гэрээнд гарын үсэг зуруулсныг хүчин төгөлдөр гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Б-ыг хуурч, компанийн бичиг баримтыг барьцаалж гарын үсэг зуруулсан нь одоо шүүхэд гаргаж өгөөд байгаа баримт нь юм.

Б- нэхэмжлэгчийн санал болгосон ажил болгоныг нь хийж байсан. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 24-ний 03019 дугаар Зохигчдын эвлэрлийн баталж хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамжийн тодорхойлох хэсэгт эвлэрлийн гэрээний агуулгыг тусгасан байдаг. Эвлэрлийн гэрээний 3-т Б- нь А ХХК-д 89,000,000 төгрөгийн төлбөрийг А ХХК-ийн захиалгаар барилга угсралтын ажил хийж гүйцэтгэх бөгөөд гэж заасан байдаг. Өөрөөр хэлбэл мөнгөн дүн нь 89,000,000 төгрөг. Уг үүргийг мөнгөөр бус ажил хийж гүйцэтгэх-ээр талууд тохиролцсон. Гэтэл анхан шатны шүүх нь хууль буруу хэрэглэж, нэгэнт шийдвэрлэчихсэн асуудлыг дахин шийдвэрлэсэн.

Иймд тухайн үед талуудын тохиролцсоноор мөнгөн дүн нь 89,000,000 төгрөг байсан бөгөөд 11,050,000 төгрөгийн ажлыг хийж гүйцэтгэсэн. Тиймээс одоо 77,950,000 төгрөгийн ажил хийх үүрэг үлдэж байгаа. Талууд нэгэнт тохиролцсон байхад ажил гүйцэтгэх үүргийг мөнгө төлөх үүрэг болгож, мөн алданги тооцож шийдсэн нь үндэслэлгүй.

Хариуцагчийн зүгээс сөрөг нэхэмжлэл гаргасныг үндсэн нэхэмжлэлтэй хамтатган шийдвэрлэсэн тохиолдолд хэргийн бодит нөхцөл байдал тодорхой болох байсан. Гэтэл анхан шатны шүүх нь сөрөг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан атлаа шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэж, нэхэмжлэгч компанид давуу байдал олгосон.

Тухайн үед итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хариуцагчийн тоогоор хувилсан байсан ба гаргаж өгөх боломжтой байсан, тэмдэгтийн хураамжийн дутуу төлсөн гэж үзвэл нэмж төлөх боломжтой байсан. Гэтэл шүүгч анхнаасаа сөрөг нэхэмжлэлийг, хүсэлтийг хамт шийдвэрлэхийг хүсээгүй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү.

 

5. Давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга: Б-д 5, 6 удаа барилгын засал чимэглэлийн ажил олж өгч байсан ч хийгээгүй. Шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

2. Нэхэмжлэгч А ХХК нь хариуцагч Б-д холбогдуулан төлбөр барагдуулах гэрээний үндсэн төлбөр 88,950,000 төгрөг, алданги 44,475,000 төгрөг, нийт 133,425,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3. Анхан шатны шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлээд дараах үйл баримтыг зөв тогтоожээ. Үүнд:

3.1 Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 101/ШШ2018/03019 дүгээр захирамжаар хариуцагч Б-, Л.Батжаргал нар нь Баянзүрх дүүрэг, 4 дүгээр хороо, 15 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө, 37 дугаар байрны 19 тоот хаягт байрлах 109.72 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг нэхэмжлэгч А ХХК-ийн өмчлөлд шилжүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, орон сууцны өмчлөх эрхийг А ХХК-ийн өмчлөлд гуравдагч этгээд В- нь шилжүүлж өгөх, нэхэмжлэгч А ХХК нь хариуцагч Б-ын өмнөөс гуравдагч этгээд В-д 100,000,000 төгрөгийг шилжүүлэн өгөх, уг орон сууцыг хариуцагч Б- нь А ХХК-ийн шаардсанаар чөлөөлж өгөхөөр тохиролцож, эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, Б-, Л.Батжаргал нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн /хх 4-6/,

3.2. А ХХК нь Б-тай 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдөр Төлбөр тооцоо барагдуулах гэрээ- байгуулж, уг гэрээгээр Б- нь А ХХК-д төлөх 100,000,000 төгрөгийг 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд төлж барагдуулахдаа 55,000,000 төгрөгт барилгын засвар үйлчилгээний ажил олж өгөх, үлдэх 45,000,000 төгрөгийг өөрийн хөрөнгөөр барагдуулахаар, дээрх хугацаанд төлбөрийг барагдуулаагүй бол 0.5 хувийн алданги тооцохоор тус тус тохиролцсон /хх 7/,

3.3. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 101/ШШ2018/03019 дүгээр захирамжийн дагуу А ХХК нь В-д 100,000,000 төгрөг төлөхөд Б-ын 11,000,000 төгрөгийг оруулан тооцсон,

3.4. 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдөр байгуулсан Төлбөр тооцоо барагдуулах гэрээ-ний дагуу Б- нь А ХХК-нд 11,050,000 төгрөгийн төлбөрийг барагдуулсан.

 

4. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 101/ШШ2018/03019 дүгээр захирамжийн үр дагаврыг шийдвэрлэх үүднээс А ХХК болон Б- нь төлбөр тооцоо барагдуулах гэрээ байгуулсан, гэрээ хүчин төгөлдөр гэж анхан шатны шүүх дүгнэсэн нь Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1, 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт нийцсэн байна.

 

4.1. Дээрх гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулахаар гаргасан хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг тухайн шүүхийн шүүгчийн 2023 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 101/ШЗ2023/09942 дугаар захирамжаар нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй үндэслэлээр хүлээн авахаас татгалзсаныг буруутгахгүй.

Учир нь хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэл нь татгалзлын үндэслэл байх бөгөөд гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулснаар үүсэх ямар үр дагаврыг шаардаж байгаа нь тодорхойгүй байна. Энэ талаар гаргасан хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй.

 

4.2. Хэдийгээр анхан шатны шүүх хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангах үүднээс 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдөр байгуулсан Төлбөр тооцоо барагдуулах гэрээ нь хүчин төгөлдөр эсэхийг хянаад хүчин төгөлдөр гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлд нийцжээ.

Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч нь хариуцагчийг хуур мэхлэх аргаар Төлбөр тооцоо барагдуулах гэрээ байгуулсан нь нотлогдоогүй, зохигч нь төлбөр тооцооны талаар гэрээ байгуулах шаардлагатай байсан нь Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 101/ШШ2018/03019 дүгээр захирамжаар нотлогдож байна.

 

5. Анхан шатны шүүх А ХХК нь В-д 100,000,000 төгрөг төлөхөд Б-ын 11,000,000 төгрөгийг оруулан тооцсон, мөн Б- нь гэрээний дагуу А ХХК-нд 11,050,000 төгрөгийн төлбөр төлж барагдуулсан зэргийг харьцуулан дүгнэж Төлбөр тооцоо барагдуулах гэрээ-ний үндсэн төлбөрт 77,950,000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт нийцэж байна.

Хариуцагч нь гэрээнд зааснаар ажил гүйцэтгэх хэлбэрээр төлбөрийг төлөх ёстой гэж маргасан ч гэрээний дээрх тохиролцоог хугацаанд нь гүйцэтгээгүй тул нэхэмжлэгч мөнгөн хэлбэрээр үүргийн гүйцэтгэлийг шаардсан нь зөв юм.

 

6. Талуудын байгуулсан гэрээний 5-д заасан алдангийн тохиролцоо нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасантай нийцсэн, гэрээнд заасан үүрэг гүйцэтгэх хугацааг хариуцагч хэтрүүлсэн гэж анхан шатны шүүх дүгнэсэн нь үндэслэл бүхий болжээ.

 

6.1. Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1 дэх хэсэгт зааснаар тайлбарлан авч үзвэл гэрээний 3-т нэхэмжлэгч нь 55,000,000 төгрөгийн төлбөрийг хариуцагчид олж өгсөн барилгын засвар үйлчилгээний ажлын хөлснөөс төлүүлэх, 45,000,000 төгрөгийг мөнгөн хэлбэрээр төлүүлэхээр заасан байна.

Гэрээ байгуулахаас өмнө хариуцагчийн мөнгөн хэлбэрээр төлсөн 11,000,000 төгрөгийг гэрээний дагуу мөнгөн хэлбэрээр төлөх ёстой 45,000,000 төгрөгөөс хасч тооцоход 34,000,000 төгрөг болж байна.

Харин гэрээ байгуулагдсаны дараа төлөгдсөн 11,050,000 төгрөг нь ажил гүйцэтгэж, эсхүл мөнгөн хэлбэрээр төлөгдсөнийг нотлох баримтгүй, нэхэмжлэгчийн гаргаж өгсөн харилцагчийн гүйлгээ гэх нэг талын баримтаар ялгаж зааглах боломжгүй тул мөнгөн хэлбэрээр төлөх төлөлтийн дүнд шууд оруулан тооцохгүй.

 

6.2. Хариуцагчийн барилга засварын ажил гүйцэтгэж төлбөр төлөх гэрээний нөхцөл нь нэхэмжлэгчийн үйл ажиллагаатай хамааралтай байх тул үүнд холбогдох төлбөрийг хугацаандаа төлөөгүйд Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.2 дахь хэсэгт зааснаар хариуцагчийг буруутгахгүй.

Мөнгөн хэлбэрээр төлөх ёстой үүрэг болох 34,000,000 төгрөгийг хугацаанд нь төлөөгүйд буруугүй болохоо хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлоогүй.

Хариуцагчийн мөнгөн хэлбэрээр төлөх ёстой үүрэг болох 34,000,000 төгрөгөөс Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4, 232.6 дахь хэсэгт нийцүүлэн алдангид 17,000,000 төгрөгийг нэхэмжлэгч шаардах эрхтэй байна.

 

6.3. Иймд Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт нийцүүлж хариуцагчаас үндсэн төлбөр 77,950,000 төгрөг, алданги 17,000,000 төгрөг, нийт 94,950,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэр өөрчлөлт оруулах нь зүйтэй. Хариуцагчийн гаргасан төлөх ёстой төлбөрийн хэмжээний талаар гаргасан гомдлыг зарим хэсгийг ийнхүү хангаж байна.

Үүнтэй холбоотойгоор улсын тэмдэгтийн хураамжийн хуваарилалтад зохих өөрчлөлт орно. Түүнчлэн анхан шатны шүүх шийдвэрийн тогтоох гэрээний бус үүргийн харилцаанд хэрэглэх хуулийн зохицуулалтыг баримталсан нь оновчгүй болсныг хасч залруулна.

 

7. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг дараах байдлаар хангахгүй орхив.

 

7.1. Анхан шатны шүүх хариуцагчид 2023 оны 01 дүгээр сарын 30-ны нэхэмжлэлийн хувийг гардуулж, хэргийн оролцогчийн эдлэх эрх, хүлээх үүргийг тайлбарлан өгсөн, 2023 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр хууль зүйн туслалцаа авах эрхийг нь хангаж шүүх хуралдааныг хойшлуулсан тул түүний эрх, үүргийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд үргэлжлүүлэн оролцож буй итгэмжлэгдсэн төлөөлөгчид хэргийн материалыг боломжит хугацаанд танилцуулаагүй гэх гомдол үндэслэлгүй.

Мөн тухайн шүүхийн шүүгчийн 2023 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 101/ШЗ2023/09942 дугаар захирамжаар гэрчээр нотлуулах үйл баримттай нэхэмжлэгч маргаагүй, үзлэгээр бэхжүүлэх бичлэг нь хэрэг хянан шийдвэрлэхэд ямар ач холбогдолтой нь тодорхойгүй, хэргийн оролцогч бус этгээдийн утсанд үзлэг хийхгүй гэж шийдвэрлэсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 105 дугаар зүйлийн 105.1 дэх хэсгийг зөрчөөгүй гэж үзэв.

7.2. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 101/ШШ2018/03019 дүгээр захирамжаар А ХХК-ийн нэхэмжлэлтэй Б-, Л.Батжаргал нарт холбогдох хэргээр орон сууц худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах, орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэлийг шийдвэрлэсэн нь энэ хэргийн маргааны зүйлийг урьд шүүхээр шийдвэрлэсэн гэх үндэслэлд хамаарахгүй байна.

 

8. Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 101/ШШ2023/01984 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтын 496 дугаар зүйлийн 496.1 гэснийг хасч, 116,925,000 төгрөг гэснийг 94,950,000 төгрөг гэж, 16,500,000 төгрөг гэснийг 38,475,000 төгрөг гэж өөрчилж,

2 дахь заалтын 742,575 төгрөг гэснийг 632,700 төгрөг гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 826,000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЭНЭБИШ

 

ШҮҮГЧИД Д.БЯМБАСҮРЭН

 

Т.БАДРАХ