Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 04 сарын 18 өдөр

Дугаар 143/ШШ2023/00205

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Л.Угтахбаяр даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: Д.Ц

Хариуцагч: 

Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Дулааны цахилгаан станцын ажилчдын Үйлдвэрчний эвлэлийн хорооны тэргүүлэгч гишүүдийн 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хурлын шийдвэр хүчингүй болгуулах, 7 537 128 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.*******, хариуцагчийн төлөөлөгч О.*******, нарийн бичгийн дарга Д.Хонгорзул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: *******гийн ******* нь эзэмшсэн мэргэжлээрээ эрчим хүчний салбарт 35.8 жил ажилласан ба 2012 оноос хамт олны итгэлийг хүлээж Даланзадгадын дулааны цахилгаан станцын ажилчдын үйлдвэрчний хорооны орон тооны даргын сонгуульт ажилтнаар 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн бүх гишүүдийн тайлан сонгуулийн хурлаар дахин сонгогдон идэвх зүтгэлтэй чин шударгаар ажиллаж байгаад 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр сонгуулийн хугацаа дуусгавар болсон, тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн гэх тохиолдлоор сонгуульт ажилтнаас чөлөөлөгдсөн болно. Үйл ажиллагааны хувьд тус үйлдвэрчний эвлэлийн хороо нь 1996 оноос эхлэн Монголын эрчим хүч, Геологи, Уул уурхайн үйлдвэрчний эвлэлийн холбооны гишүүн байгууллагад элсэн орж, гишүүн байгууллагын батламж аван хариуцлага үр дүнгийн гэрээ байгуулан татвараа төлж, тус холбооны дүрэм, журмын хүрээнд хамтын үйл ажиллагаатай ажилладаг. Монголын эрчим хүч, геологи, уул уурхайн үйлдвэрчний эвлэлийн холбооны журмын 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн тэргүүлэгчдийн хурлын 23 тоот тогтоолоор баталсан сонгуульт ажилтнуудын нийгмийн хамгааллын журмын 2.1 дэх заалтын дагуу буцалтгүй тусламжийг олгуулах бүрэн үндэслэлтэй болно гэжээ.

Нэхэмжлэгч Д.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлага гаргах болсон үндэслэлээ нэхэмжлэл дээрээ гаргасан байгаа. Манай үйлдвэрчний эвлэлийн байгууллага нь үйлдвэрчний эвлэлийн эрхийн тухай хууль болон ажилчид өөрөө өөрийнхөө эвлэлдэн нэгдэх эрх ашгийг хамгаалж  байгуулсан тусдаа статустай ямар нэгэн засгийн газар, ажил олгогч бусад хуулийн этгээдээс хараат бус байж, өөрөө өөрийгөө санхүүжүүлнэ гэсэн ийм зарчмын дор ажилласан. 100 гаруй жилийн түүхтэй байгууллага. Манай үйлдвэрчний эвлэлийн байгууллага нь 1966 оноос үүсэлтэй бөгөөд 1996 онд ажил мэргэжлийн шинжээр Монголын эрчим хүчний геологи, уурхайн үйлдвэрчний эвлэлийн холбоог байгуулсан. Урьд нь Өмнөговь аймгийн эрчим хүчний үйлдвэрийн ажилчдын үйлдвэрчний хороо гэж байсан. Тэгээд 1996 оноос хойш ажил мэргэжлийн үйлдвэрлэлийн шинжээр эвлэлдэн нэгдэж, Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбооны дүрэм журам болон салбар үйлдвэрчний эвлэлийн холбооны дүрэм журмыг дагаж, хариуцлага үр дүнгийн гэрээ байгуулж, жил бүр гишүүдийн тоо гишүүдийн татварын орлогоос хамааруулж гишүүнчлэлийн хариуцлага, үр дүнгийн гэрээ байгуулж гишүүнчлэлийн татвараа төвлөрүүлж байсан. Дүрэм журмын хүрээнд нийт ажилчдыг хамгаалах, эрх ашгийг нь хамгаалах, сонгуульт ажилтнуудын нийгмийн хамгаалал нь хөндөгдөх асуудал байдаг учраас тухайн цаг үед нь нийгмийн хамгааллын ажилтнуудыг хамгаалсан журмыг 2016 онд анх гаргасан. 2016 оноос хойш явж байгаад 2019 оны 10 дугаар сарын тэргүүлэгчдийн хурлаар дахин хэлэлцэж хүчин төгөлдөр хэвээр үргэлжилж байгаа. Хариуцагч талаас гаргасан тэтгэмжтэй холбоотой асуудал нь миний нэхээд байгаа нь буцалтгүй тусламжийн хэмжээ байгаа. Тэтгэмж нь эрчим хүчний салбарт ажилласан жилийг тооцож хөдөлмөрийн салбарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2 дахин нэмэгдүүлсэн гээд эрчим хүчний салбар хамтын хэлэлцээр болон байгууллагын захиргаа үйлчилгээний хорооны хооронд байгуулсан хамтын гэрээгээр зохицуулсан тусгай зохицуулалттай. Миний нэхэмжилж байгаа буцалтгүй тусламж нь Төрийн хэмнэлтийн тухай хууль болон хамтын гэрээний холбогдох заалттай, өөрөө өөрийгөө санхүүжүүлдэг тусдаа байгууллага. Ийм баталгаатай. Би ямар нэгэн мөнгөн дүнд шунасан зүйл байхгүй. Нийгмийн хамгааллын журмыг зөрчсөн болон байгууллагын эдийн засгийн байдлыг дордуулах гэсэн хүсэлт гаргаагүй. Зохих дүрэм журмын дагуу хүсэлтээ гаргаж өгсөн болно. 10 жил Үйлдвэрчний эвлэлийн хорооны сонгуульт ажилчин хийсний хүрээнд 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр бүх гишүүдийн хурал хийж, дүрэм журмынхаа дагуу шинээр орсон, сонгогдсон гишүүдэд ажил үүргийн чиг хувиар, ажил үүргийнхээ зохицуулалтыг хэлж, хамгааллын журмаа танилцуулж, албан ёсоор хүсэлт гаргасан боловч энэ дүрэм журмаа мэдээгүйгээс болж үл ойлголцол үүссэн учраас би зохих байгууллагаар нь шийдвэрлүүлэхээр асуудлаа дэвшүүлсэн. Энэ тухайгаа 2023 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн уулзалт дээр Үйлдвэрчний эвлэлийн хорооны сонгуулиар сонгогдсон О.*******д танилцуулсан. Тэгээд бусад үйл явцаа шүүхийн шугамаар танилцуулаад явсан болно гэв.

Хариуцагчийн төлөөлөгч О.******* шүүх хуралдаанд  гаргасан тайлбартаа: Манайх 175 ажилтантай.Үйлдвэрчний эвлэлийн хороо гэдэг маань энэ 175 хүний эрх ашиг, хөдөлмөрлөх эрхийг зөрчихгүйн тулд хамгаалж байдаг байгууллага. Д.******* нь эрчим хүчний салбараас тэтгэмж авах гэж байгаа болон энэ үйлдвэрчний хорооны эмхэтгэлийн тэтгэмж авах гэж байгаа, энэ 2 тусдаа статус гэж тайлбарлаад байгаа. Яагаад тусдаа статус гэж үзээд байна вэ? Энэ хүн байгууллагаасаа үндсэн цалингаа авдаг байсан. Манай байгууллагаас удаан жилийн нэмэгдэл, сар, жилийн үр дүн, сар жилийн үр зэрэг бусад бүх тусламж урамшуулал, хөнгөлөлт тэтгэмжүүдийг бүгдийг манай байгууллагын ажилтны нэгэн адил авдаг байсан.Тусдаа статус гэж үзэж байгаа бол эрчим хүчний салбарт ажилласан жилийн тэтгэмжийг тэр хамтын хэлэлцээр хамтын гэрээний заалтын дагуу энэ хүнд олгох ёсгүй гэж үзэж байгаа. Хоёрдугаарт, Төрийн хэмнэлтийн хуулийг давсан дүрэм журам гэж байхгүй. Энэ дүрэм журамд Төрийн хэмнэлтийн хууль шууд хамааралтай гэж үзэж шийдвэрлэсэн. Дээрээс нь энэ 2 дугаар зүйлийн 2.1 дэх тэтгэмж, буцалтгүй тусламж гэсэн заалтыг Монголын эрчим хүч, геологи, уул уурхай, үйлдвэрчний эвлэлийн холбооны тэргүүлэгчдийн хурлын 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдөр 23 тоот тогтоолоор баталсан. Энэ заалт нь тэтгэвэрт гарсан хүнд 6 сарын буцалтгүй тусламжийг тэргүүлэгчдийн хурлын шийдвэрийг үндэслэн олгоно гэж байгаа. Энэ чинь олгохгүй ч байсан болно. Яагаад гэвэл тэргүүлэгчдийн шийдвэрийг үндэслэнэ гэж байгаа. Тэргүүлэгчид нь хурлаа хийгээд хурлын шийдвэрээ гаргаад байхад эсэргүүцээд байна гэдэг нь бид бүгдийн хувьд нийцэшгүй асуудал гэж үзэж байгаа. Манай тэргүүлэгчид надаас гадна 4 хүн байгаа даргатайгаа 5 хүн байгаа. Бид 4 бол 175 хүнийг төлөөлж оролцож байгаа ийм төлөөлөл. Ингээд 5 гишүүн маань Д.*******ийг төдийгөөс өдий хүртэл 10 жил бид нар татвараараа цалинжуулаад, ямар ч ажил, гарт баригдаж нүдэнд харагдах зүйлгүй байсан ч төдийгөөс өдий хүртэл ажилласан, за яах вэ дээ ээж шиг минь хүн гэдэг утгаар ханддаг байсан. Энэ хүнийг тэтгэвэрт гарах нас нь болж байсан учраас дахин сонгож, ажлыг нь үргэлжлүүлж, цааш нь дэмжиж ажилладаг байсан. Ингээд Дулааны цахилгаан станцын ажилчдын нийгмийн асуудал, нийгмийн даатгал, хүн амын албан татварт өдий олон жилийн өртэй, бид нар утасны лизинг ч авч чадахгүй байна. Банкны зээл ч авч чадахгүй байна. Өөрсдөө гадаад руу ч аялж чадахгүй, оюутнаа сургуульд явуулж чадахгүй, өр зээлээ авч чадахгүй, байр байшингийн зээлд хамрагдаж чадахгүй байна. Ийм эрх зүйн дарамтад орсон учраас бид бүгдийн, ажилчдын төлөөлөл болж, бид бүгдийн итгэлийг хүлээж энэ байгууллагыг удирдаж байхдаа учир дутагдалтай ажилласан гэж бид бүгд үзэж, тэргүүлэгчид маань ингэж шийдвэрлэсэн. Ажилчдын нийгмийн асуудалд анхаарч байгаагүй. Байгууллагын удирдлагуудтай ажилладаг байсан. Байгууллагын удирдлагатай ажиллаж болно. Гэхдээ манай станц 14 000 000 000 төгрөгийн өртэй гэдгийг ажилчид бид нар нэг ч удаа мэдэж байгаагүй. Тэгээд шинэ захиралтай болж захирал солигдоход 14 000 000 000 төгрөгийн өртэй, нийгмийн даатгалд 2 000 000 000 төгрөгийн өртэй гэдгийг мэдсэн.  Ажилчдын эрх ашиг зөрчигдөж байхад энэ асуудлыг хөндөж, бидний төлөө явж байгаагүй учраас бид нар энэ 7 500 000 төгрөгийг олгохгүй. Бид нар 5585041160 гэсэн Хаан банкны дансандаа 23 221 төгрөгтэйгөөр 01 дүгээр сарын 12-ны өдөр ажил хүлээлгэж өгсөн. Байгууллагаас 15 000 000 төгрөгийн авлагатай гэсэн ийм байдалтай ажил хүлээлгэж өгсөн. Дансандаа мөнгөгүй хүлээлгэж өгчхөөд 7 500 000 төгрөг нэхэмжлээд байгаа. Бид нар үүнийг өгчихвөл үйлдвэрчний хорооны 175 хүний ажил хагас жилээр хоцрох, зогсох байдалд хүрнэ. Ингэхээр цаана нь 175 хүний эрх ашиг зөрчигдөж байгаа гэж үзсэн учраас энэ хүнд энэ мөнгийг олгохгүй, харин энэ хүнийг 10 жил энэ үйлдвэрчний хорооны байгууллагад ажилласан итгэл зүтгэлийг нь үнэлээд, хүндэтгэл үзүүлээд ямар нэгэн баярын арга хэмжээн дээр ойрхон гаргаж өгье гэдгээ ярилцаад мөнгөн аяга, хадагтай гаргаж өгөөд, амралт сувиллын газарт амарч ирээд, амарсан эрхийн бичгээ авч ирээд 1 000 000 төгрөг авч болно гэсэн шийдвэрийг хурлаасаа гаргасан. Би 01 дүгээр сарын 30-ны өдөр эндээс Улаанбаатар хот руу явсан. Би оюутан хүн тэгээд 02 сард цагаан сарын өмнө өдөр ирээд байж байгаад мартынхаа арга хэмжээг 03 дугаар сарын 03-ны өдөр зохион байгуулаад, Д.******* даргадаа бид нар хүндэтгэл үзүүлэх гэж байна гээд албан ёсны арга хэмжээн дээрээ уриад, хүндэтгэл үзүүлээд гаргаж өгсөн. Надад шүүхэд хандана гэж хэлээгүй. Би мэдээгүй байсан. Нэхэмжлэлийг хүлээж аваагүй байсан. Сэтгэл өндөр энэ хүнийг гаргаж өгсөн. Гэтэл бид бүгдийг шүүхэд өгчихсөн байхад эвгүй сэтгэгдэл төрдөг юм байна. Насаараа энэ байгууллагад ажиллачихаад бидний төлөө ингэж явчихаад эргээд үлдсэн мөнгөө аваад аваад гарна гэдэг бол ажилчид бидний хувьд эмгэнэлтэй байна гэж үзэж байна. Мөн надад их дарамт шахалт орж ирж байгаа. Ажилчид маань энэ мөнгийг өгөхгүй шүү. Яагаад бид нар өгөх ёстой гэж, бид нарын мөнгө, бид нар цалинжуулж байсан. Наад хүн чинь байгууллагаас тэтгэмж гээд 60 000 000 төгрөг гаруй мөнгө авч байгаа. Яагаад байгууллагаас өөр тусдаа байгууллага гэж үзэж байгаа юм бэ гэх байдлаар санал гомдол ирүүлж байгаа. Манай үйлдвэрчний хороо бол компанийн орон тооны ажилтан гэж явдаг байсан. Бүтэц зохион байгуулалт бүгдэд нь оролцож явдаг байсан. Тиймээс энэ үйлдвэрчний хорооны байгууллага гэдэг маань Даланзадгадын Дулааны цахилгаан станцаас салшгүй холбоотой гэж үзэж байна. Гэтэл тусдаа статус гэж үзээд байна. Үүнийг эсэргүүцэж байна. Мөн тайлбар дээрээ үйлдвэрчний хорооны тэргүүлэгчдийг зөвхөн эрх бүхий ажилчдын төлөөлөл болохоос энэ заалтын дагуу, энэ тогтоолоор энэ мөнгийг шийдэх ёсгүй шийдэх үндэслэлгүй гэж бидний ажлыг үгүйсгэсэн байна. Тэргүүлэгч бид нар үүнд гомдолтой байгаа. Тэргүүлэгчдийн шийдвэрийг үндэслэн олгоно гэсэн журам байхад яагаад үүнийг үгүйсгээд байгаа нь сонирхолтой байна. Хуулийг давсан дүрэм журам гэж байдаггүй гэж үзэж байна. Хэмнэлтийн тухай хуулийг үгүйсгээд, байгууллагаасаа 63 000 000 төгрөг авч байгаа хэрнээ,  энэ ажилчдын татвараас цалинжиж ирчихээд 7 500 000 төгрөг авна гээд байгаа нь сэтгэлд нийцэшгүй. Үнэхээр сайн ажиллаад, бидний төлөө яваад, өнөөдөр бид нар эдлэх ёстой зүйлээ эдлээд явж байсан бол энэ хүнд бид нар өгөөд л гаргана. Өөрөө ч гэсэн сая тэтгэвэрт гараад ойлгосон шүү дээ. Тэтгэврийн сүүлийн 2 жил нь бодогдохгүй багаар тогтоно гээд явж байсан. Манай тэтгэвэрт гарсан хүмүүсийн тэтгэвэр багаар тогтсон, эмчилгээ сувилгаа авч чадахгүй, актын мөнгөө ч авч чадахгүй ийм байдалтай байгаа ажилчдаас ийм зүйл нэхээд байж байна гэдэг нь ажилчид бидний хувьд нийцэшгүй зүйл гэж үзэж бид нар энэ мөнгөн хөрөнгийг олгоогүй. Дээрээс нь бид нар шийдвэрлээгүй биш шийдвэрлэсэн. 1 299 000 төгрөгийн үнэ бүхий зүйл шийдвэрлэсэн. 100 хувь хоосон үлдээгээгүй. Энэ хүний хийсэн ажлыг нь үнэлээд бага хэмжээний тэтгэмж албан олгоё гэж үзсэн. Мөн нэмж хэлэхэд энэ хүн жаргал зовлон ярьсан учраас би тэргүүлэгчдээсээ 3 сараар гуйгаад үзье гэсэн. Гэтэл тэргүүлэгчдийг дахин хуралдуулахад 4 сараар өгөөч гэж өргөдөл бичсэн. Ингэж итгэл алдсан. Тэргүүлэгчид 100 хувь анх гаргасан шийдвэртээ бат зогсоно. Бид нар энэ 175 ажилчдын төлөөлөл байж энэ мөнгөн хөрөнгийг ийм зүйлд зарцуулах ёсгүй.  Зөвхөн ажилчдын нийгмийн асуудал тэр бүгдэд зарцуулах ёстой. Дүрэм журмын заалтуудаараа явна гэсэн ийм шийдвэрийг гаргасан. Энэ бол ганцхан миний шийдвэр биш. Энэ мөнгөнөөс болж энэ хүний хань ижил нь намайг янз бүрээр заналхийлж, утсаар ярьсан. Бидний хамтын гэрээ жил болгон шинэчлэгдэж байдаг. Халамжийн газарт бүртгүүлдэг. Энд очиж бидний үйл ажиллагаанд саад хийсэн. Хөндлөнгөөс оролцож, бид нарын заалтыг буруу байна, ийм байна, тийм байна гэж мэдээлэл өгч бид нарын ажилд саад хийсэн. Тэгээд та яагаад ингэж байгаа юм бэ гээд утсаар ярихад нөхөр нь хажуугаас нь хэлэх хэлэхгүй үгээр хэлж заналхийлсэн. Мөн 2, 3 хоногийн өмнө би хувийн фейсбүүк дээрээ ажлынхаа чиг баримжаагаар томилолтоор явсан тухай зургаа оруулахад  доор нь боловсон хүчгүй болжээ гэж намайг гутаан доромжилсон. Би хувийн чатаар эгчээ яаж байна вэ гэж асуухад намайг хуулиа мэдэхгүй улсууд дүүрчээ гэх мэтээр ах дүү төрөл садан, хань ижлээрээ намайг доромжилж байна. Энд тэнд явахад тайван явах баталгаа байхгүй байна. Би айж байна. Би охинтойгоо 2 амьдардаг хүн. Үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга өөрийн байгууллагын ажилтны нэгэн адил хамтын гэрээнд тусгагдсан бүх тэтгэмж, тусламж, урамшуулал хөнгөлөлт, жилийн болон сарын ажлын үр дүнгээр батлагдсан журмын дагуу шагнал олгож, төр засгийн шагналд тодорхойлоход хамруулна гээд байгууллагын ажилтны нэгэн адил гэж  үзээд энэ хүнийг тэтгэвэр тэтгэмжийг нь хүртэл олгоод яваад байхад 2 байгууллага гэж үзээд, 2 байгууллагаас тэтгэмж авах гээд байгаа. Хэрвээ энэ хүн энэ байгууллагаас тусдаа, би энэ компанийн ажилтан биш, Үйлдвэрчний эвлэлийн байгууллага тусдаа статустай гэж үзэж байгаа юм бол тэр 60 000 000 төгрөгийн тэтгэмжийг авах шаардлага юу байна вэ? Үгүй бол нэг тэтгэмжээ авч болно шүү дээ. Зөвхөн энэ Үйлдвэрчний хорооноос 7 500 000 төгрөгөө аваад, байгууллагаас ирэх тэтгэмжээ авахгүй байж болно шүү дээ. Мөн Төрийн хэмнэлтийн тухай хуультайгаа холбож тайлбарлаж байгаа. Хуулиас давсан дүрэм журам гэж байхгүй гэж үзэж байгаа гэв.

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхийн хуулбар, нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, 2023 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 02 дугаартай хорооны тогтоол, 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 01 дугаартай  Үйлдвэрчний эвлэлийн хорооны тогтоол, 2020 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 09 дугаартай Үйлдвэрчний эвлэлийн хорооны тогтоол, 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 06 дугаартай Монголын Эрчим хүч, геологи, уул уурхай, үйлдвэрчний эвлэлийн холбооны хүсэлт гаргах тухай, эвлэлийн хорооны гишүүдийн хурлын тэмдэглэл, хариуцлага үр дүнгийн гэрээ, Монголын эрчим хүч, геологи, уул уурхай, үйлдвэрчний эвлэлийн холбооны дүрэм журмын эмхэтгэл, хариуцлага үр дүнгийн гэрээ, гишүүн байгууллагын батламж, Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, хариуцагчийн төлөөлөгч О.*******аас гаргасан хариу тайлбар, Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 051 дугаартай комиссын тогтоол, хурлын тэмдэглэл, 2023 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 05/23 дугаартай тэргүүлэгч гишүүдийн тогтоол, Хаан банк ХХК-ийн дансны хуулга, Төрийн хэмнэлтийн тухай хуулийн мөнгөн тэтгэмж олгох тухай заалтын хуулбар, Даланзадгадын Дулааны цахилгаан станцын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн 03 дугаар сарын тайлан,  цахилгаан станцад ажиллаж буй даатгуулагчдын 03 дугаар сарын нийгмийн даатгалын шимтгэлийн ногдуулалт, Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, нэхэмжлэгчээс гаргасан хариу тайлбар, 02 дугаартай нэхэмжлэх, хариуцагчийн төлөөлөгчийн хариу тайлбар зэргийг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Д.******* нь  Үйлдвэрчний эвлэлийн хорооны тэргүүлэгч гишүүдийн 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хурлын шийдвэр хүчингүй болгуулах, 7 537 128 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг, хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Үйлдвэрчний эвлэлүүдийн эрхийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4 дэх хэсэгт Үйлдвэрчний эвлэлүүд болон тэдгээрийн холбоод хуулийн этгээдийн эрх эдэлнэ гэж заасан байна.

Хэрэгт авагдсан баримтуудаар Үйлдвэрчний эвлэлүүдийн эрхийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт Иргэд хөдөлмөрлөх эрхээ хэрэгжүүлэх, түүнтэй холбогдсон хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалах зорилгоор аливаа зөвшөөрөл авалгүй, гагцхүү өөрсдийн сайн дурын үндсэн дээр ямар нэг ялгаваргүйгээр үйлдвэрчний эвлэлд чөлөөтэй эвлэлдэн нэгдэх эрхтэй гэж зааснаар Даланзадгадын дулааны цахилгаан станц ТӨХК-ийн ажилчдын Үйлдвэрчний эвлэлийн хороо нь үйл ажиллагаагаа явуулж, нэхэмжлэгч Д.******* нь 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр Даланзадгадын дулааны цахилгаан станцын ажилчдын Үйлдвэрчний эвлэлийн хорооны бүх гишүүдийн хурлаас тус хорооны даргаар сонгогдож, мөн хорооны 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 01 дугаартай тогтоолоор сонгуулийн хугацаа дуусгавар болсон, тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн үндэслэлээр сонгуульт ажилтнаас чөлөөлөгдсөн үйл баримт талуудын тайлбар болон  хх-6-7 дугаар талд авагдсан баримтуудаар тогтоогдож байна.

Нэхэмжлэгч Д.******* нь нэхэмжлэлийн үндэслэлээ “... Монголын эрчим хүч, геологи, уул уурхайн үйлдвэрчний эвлэлийн холбооны журмын 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн тэргүүлэгчдийн хурлын 23 тоот тогтоолоор баталсан сонгуульт ажилтнуудын нийгмийн хамгааллын журмын 2.1 дэх заалтын дагуу буцалтгүй тусламжийг олгуулах бүрэн үндэслэлтэй...” гэж,

Хариуцагчийн төлөөлөгч О.******* татгалзлын үндэслэлээ “... Бид нар 5585041160 гэсэн Хаан банкны дансандаа 23 221 төгрөгтэйгөөр 01 дүгээр сарын 12-ны өдөр ажил хүлээлгэж өгсөн. Байгууллагаас 15 000 000 төгрөгийн авлагатай гэсэн ийм байдалтай ажил хүлээлгэж өгсөн. Дансандаа мөнгөгүй хүлээлгэж өгчхөөд 7 500 000 төгрөг нэхэмжлээд байгаа. Бид нар үүнийг өгчихвөл үйлдвэрчний хорооны 175 хүний ажил хагас жилээр хоцрох, зогсох байдалд хүрнэ. Ингэхээр цаана нь 175 хүний эрх ашиг зөрчигдөж байгаа гэж үзсэн учраас энэ хүнд энэ мөнгийг олгохгүй...”  гэж  тус тус тайлбарладаг.

Монголын Эрчим хүч, геологи, уул уурхайн үйлдвэрчний эвлэлийн холбооны в Тэргүүлэгчдийн хурлын 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 23 тоот тогтоолоор баталсан Монголын Эрчим хүч, геологи, уул уурхайн үйлдвэрчний эвлэлийн холбооны сонгуульт ажилтнуудын нийгмийн хамгааллын журмын 2.1 дэх заалтад Салбарын үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга болон орон тооны ҮЭ-ийн хороодын дарга нарын сонгуулийн хугацаа нь дуусгавар болж дахин сонгогдоогүй, ҮЭ-ийн эвлэл нь татан буугдсан, орон тоо хасагдсан, тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн, биеийн эрүүл мэндийн улмаас ажлаа гүйцэтгэх боломжгүй болсон тохиолдолд 6 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн буцалтгүй тусламжийг Тэргүүлэгчдийн хурлын шийдвэрийг үндэслэн олгохоор зохицуулжээ.

Үйлдвэрчний эвлэлүүдийн эрхийн тухай хуулийн 6 дугаар зүйлд үйлдвэрчний эвлэлүүдийн үйл ажиллагааны болон түүний сонгуульт ажилтны эрхийн баталгааг хуульчилсан байх ба нэхэмжлэгч нь өндөр насны тэтгэвэрт гарч, хуульд заасан тэтгэмжийг олгохоор холбогдох шийдвэр гарсан нь зохигчдын тайлбараар нотлогдож байна. Түүнчлэн мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт Үйлдвэрчний эвлэлүүд нь мэргэжил, үйлдвэрлэлийн шинжээр байгуулагдаж үйл ажиллагаагаа хуулийн хүрээнд бие даан чөлөөтэй явуулна гэж заасан байх ба мөн хуулийн 5 дугаар зүйлийн 1.10 дахь хэсэгт заасан үндсэн эрхийнхээ хүрээнд Даланзадгадын Дулааны цахилгаан станцын ажилчдын үйлдвэрчний эвлэлийн хорооны тэргүүлэгчдийн хурлын шийдвэрээр олгогдохооргүй шийдвэрлэсэн төлбөрийг шүүх хариуцагчаас гаргуулах үндэслэлгүй байх тул нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Үйлдвэрчний эвлэлүүдийн эрхийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 5.1.10 дахь хэсэгт зааснаар м Үйлдвэрчний эвлэлийн хорооны тэргүүлэгч гишүүдийн 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хурлын шийдвэр хүчингүй болгуулах, 7 537 128 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
  2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
  3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор анхан шатны шүүхээр дамжуулан Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Л.УГТАХБАЯР