Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 10 сарын 31 өдөр

Дугаар 203/МА2023/00041

 

Д.*******ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Х.Гэрэлмаа даргалж, шүүгч Ш.Төмөрбаатар, Ц.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Өмнөговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 143/ШШ2023/00205 дугаар шийдвэртэй,

Д.*******ийн нэхэмжлэлтэй,

Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Дулааны цахилгаан станцын ажилчдын Үйлдвэрчний эвлэлийн хороо-д хариуцагдах,

Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Дулааны цахилгаан станцын ажилчдын Үйлдвэрчний эвлэлийн хорооны тэргүүлэгч гишүүдийн 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хурлын шийдвэрийг хүчингүй болгуулах, 7,537,128 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгч Д.*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Баярмаа нарын хамтран гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2023 оны 07 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Х.Гэрэлмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Баярмаа, хариуцагчийн төлөөлөгч О.*******, нарийн бичгийн дарга Б.Хулан нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь: 

Нэхэмжлэгч Д.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие нь эзэмшсэн мэргэжлээрээ эрчим хүчний салбарт 35.8 жил ажилласан ба 2012 оноос хамт олны итгэлийг хүлээж Даланзадгадын дулааны цахилгаан станцын ажилчдын үйлдвэрчний хорооны орон тооны даргын сонгуульт ажилтнаар 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн бүх гишүүдийн тайлан сонгуулийн хурлаар дахин сонгогдон идэвх зүтгэлтэй чин шударгаар ажиллаж байгаад 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр сонгуулийн хугацаа дуусгавар болсон, тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн гэх тохиолдлоор сонгуульт ажилтнаас чөлөөлөгдсөн болно. Монголын эрчим хүч, геологи, уул уурхайн үйлдвэрчний эвлэлийн холбооны журмын 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн тэргүүлэгчдийн хурлын 23 тоот тогтоолоор баталсан сонгуульт ажилтнуудын нийгмийн хамгааллын журмын 2.1 дэх заалтын дагуу буцалтгүй тусламжийг олгуулах бүрэн үндэслэлтэй.

Манай үйлдвэрчний эвлэлийн байгууллага нь Үйлдвэрчний эвлэлийн эрхийн тухай хууль болон ажилчид өөрөө өөрийнхөө эвлэлдэн нэгдэх эрх ашгийг хамгаалж байгуулсан тусдаа статустай ямар нэгэн засгийн газар, ажил олгогч бусад хуулийн этгээдээс хараат бус байж, өөрөө өөрийгөө санхүүжүүлнэ гэсэн ийм зарчмын дор ажилласан. Хариуцагч талаас гаргасан тэтгэмжтэй холбоотой асуудал нь миний нэхээд байгаа буцалтгүй тусламжийн хэмжээ байгаа. Тэтгэмж нь эрчим хүчний салбарт ажилласан жилийг тооцож хөдөлмөрийн салбарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2 дахин нэмэгдүүлсэн гээд эрчим хүчний салбар хамтын хэлэлцээр болон байгууллагын захиргаа үйлчилгээний хорооны хооронд байгуулсан хамтын гэрээгээр зохицуулсан тусгай зохицуулалттай.

Миний нэхэмжилж байгаа буцалтгүй тусламж нь Төрийн хэмнэлтийн тухай хууль болон хамтын гэрээний холбогдох заалттай, өөрөө өөрийгөө санхүүжүүлдэг тусдаа байгууллага гэв.

Хариуцагчийн төлөөлөгч О.******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Монголын эрчим хүч, геологи, уул уурхайн үйлдвэрчний эвлэлийн холбооны сонгуульт ажилтнуудын нийгмийн хамгааллын журам-ын 2 дугаар зүйлийн 2.1-т зааснаар 6 сарын буцалтгүй тусламжийг Тэргүүлэгчдийн хурлын шийдвэрийг үндэслэн олгохоор журамласан байна. Гүйцэтгэх хорооны хуралдааны хооронд үйлдвэрчний эвлэлийн холбооны дээд удирдлагыг тэргүүлэгчдийн хурал хэрэгжүүлдэг.

Хурлаас гарах шийдвэрийг гаргахдаа Монголын эрчим хүч, геологи уул уурхайн үйлдвэрчний эвлэлийн холбооны дүрэм-д заасан зарчмын дагуу Шийдвэр гаргах үйл ажиллагаандаа хамтын удирдлагын зарчмыг баримталж шийдвэр гаргаж тогтоол баталдаг билээ.

Үүний дагуу Даланзадгадын дулааны цахилгаан станц *******-ийн Ажилчдын Үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга О.*******, үйлдвэрчний эвлэлийн хорооны тэргүүлэгч гишүүд Г.Мөнх-Амгалан, Ж.Баттөмөр, З.Өлзийноров, Э.Энхболд нар нь Монголын эрчим хүч, геологи, уул уурхайн үйлдвэрчний эвлэлийн холбооны дүрэм, журмын эмхэтгэлийн 2.1 дэх заалтыг үндэслэн 2023.01.12-ны өдрийн 10 цаг 00 минутад тэргүүлэгчдийн 100% ирцтэй хуралдан дараах шийдвэрүүдийг гаргасан.

Үүнд дээр дурдсан журмын 2.1 дэх заалтын дагуу тэтгэмжийг Д.*******д тэргүүлэгчдийн 100% саналаар олгохгүй шийдвэр гаргаж, амралт, сувиллын газарт амрах 1 000 000 төгрөгийн эрх, мөн үнэ бүхий зүйлийн хамт хүндэтгэл үзүүлэн, 1 удаагийн буцалтгүй тусламж олгохоор шийдвэрлэсэн.

Уг шийдвэрийнхээ дагуу Д.*******д хүндэтгэл үзүүлсэн.

Даланзадгадын дулааны цахилгаан станц *******-аас хамтын хэлэлцээр болон хамтын гэрээний заалтын дагуу Эрчим хүчний салбарт ажиллаад тэтгэвэрт гарсны тэтгэмж болох 63,008,000 төгрөгийг авч байгаа.

Монголын эрчим хүч, геологи, уул уурхайн үйлдвэрчний эвлэлийн холбооны сонгуульт ажилтнуудын нийгмийн хамгааллын журам-ын 2 дугаар зүйлийн 2.1-т заасны дагуу /Д.*******/-д буцалтгүй тусламж болгон өгөх 7,537.128 /долоон сая таван зуун гучин долоон мянга нэг зуун хорин найм/ төгрөг үйлдвэрчний эвлэлийн хороонд байхгүй. Үйлдвэрчний эвлэлийн холбоо болон гишүүн байгууллагууд нь өөрийгөө санхүүжүүлэх зарчмаар ажилладаг.

2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр хүртэл ******* нь удирдах эрх бүхий этгээд байсан бөгөөд ажил хүлээлгэн өгөхдөө дансандаа мөнгөгүй байсан.

Үйлдвэрчний эвлэлийн гишүүд бидний эрх ашиг, нийгмийн асуудлын төлөө учир дутагдалтай ажиллаж ирсэн. Нийт ажилчдын нийгмийн даатгалын шимтгэл, хүн амын орлогын албан татвар олон жил төлөгдөөгүй 2 тэрбумын өр үүссэн байдлыг гишүүд бидэнд цаг тухайд нь мэдэгдэж байгаагүй, байгууллага удирдлагуудад шаардаж арга хэмжээ аваагүй бөгөөд нийт ажилтан албан хаагчийн эрх ашгийг хамгаалж чадаагүй.

Төрийн хэмнэлтийн тухай хуулийн 11 дүгээр зүйл 11.1 дэх заалтыг баримталсан. Даланзадгадын дулааны цахилгаан станц *******-ийн Ажилчдын үйлдвэрчний эвлэлийн хорооны тэргүүлэгчид нь нийт ажилтны дундаас албан ёсоор сонгогдсон тэдний нэрийн өмнөөс эрх ашгийг нь хамгаалсан, эрх ашгийг дээрдүүлсэн шийдвэр тогтоол гаргахаар сонгогдсон эрх бүхий этгээд бөгөөд ҮЭ-ийн холбооны өмч, хөрөнгө санхүүг ашиглахтай холбоотой шийдвэр гаргах эрхтэй юм. Үйлдвэрчний эвлэлийн тэргүүлэгчид бид хэний ч хөндлөнгийн нөлөө, хараат байдалгүйгээр нийт гишүүдийн эрх ашгийг хамгаалсан шийдвэрийг хамтын хэлэлцэх зарчмын дагуу гаргах бүрэн эрхтэй байгууллага юм.

Дээрх үндэслэлүүдийн дагуу Д.*******д буцалтгүй тусламж үзүүлэх боломжгүй байсан тул Үйлдвэрчний Эвлэлийн хорооны тэргүүлэгчид 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн шийдвэрийг хэлэлцэн баталсан. Уг шийдвэр нь хууль болон холбогдох дүрэм, журмыг зөрчөөгүй, Үйлдвэрчний эвлэлийн хорооны нийт гишүүдийн эрх ашгийг хамгаалсан шийдвэр гэж үзэж байгаа тул үйлдвэрчний эвлэлийн хорооны тэргүүлэгчдийн хурлаас гаргасан 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн шийдвэрийг хэвээр үлдээж нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Өмнөговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх:

Үйлдвэрчний эвлэлүүдийн эрхийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 5.1.10 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д.*******ийн Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Дулааны цахилгаан станцын ажилчдын Үйлдвэрчний эвлэлийн хорооны тэргүүлэгч гишүүдийн 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хурлын шийдвэр хүчингүй болгуулах, 7 537 128 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Д.*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Баярмаа нар хамтран гаргасан давж заалдах гомдолдоо: Шүүхийн шийдвэр нь Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан: хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй. Мөн хуулийн 116 дугаар зүйлийн 116.3 дахь хэсэгт заасан:.шийдвэрийг анхан шатны шуух хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтын үндсэн дээр гаргана гэсэн заалтыг тус тус зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн, хэргийн бодит нөхцөл байдалтай нийцээгүй хууль зүйн дүгнэлтийг хийж нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь хууль зүйн үндэслэлгүй юм.

Шийдвэрийн үндэслэх хэсэгт: ...Үйлдвэрчний эвлэлүүдийн эрхийн тухай хуулийн 6 дугаар зүйлд үйл ажиллагааны болон түүний сонгуульт ажилтны эрхийн баталгааг хуульчилсан байх ба нэхэмжлэгч нь өндөр насны тэтгэвэрт гарч, хуульд заасан тэтгэмжийг олгохоор холбогдох шийдвэр гаргасан нь зохигчдын тайлбараар нотлогдож байна. Түүнчлэн мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт үйлдвэрчний эвлэлүүд мэргэжил үйлдвэрлэлийн шинжээр байгуулагдаж үйл ажиллагаагаа хуулийн хүрээнд бие даан чөлөөтэй явуулна гэж заасан байх ба мөн хуулийн 5 дугаар зүйлийн 1.10 дахь хэсэгт заасан үндсэн эрхийнхээ хүрээнд Даланзадгадын дулааны цахилгаан станцын ажилчдын үйлдвэрчний эвлэлийн хорооны Тэргүүлэгчдийн хурлын шийдвэрээр олгогдохооргүй шийдвэрлэсэн төлбөрийг шүүх хариуцагчаас гаргуулах үндэслэлгүй байх тул нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ... гэх хууль зүйн дүгнэлт хийжээ.

Энэхүү хууль зүйн дүгнэлтээс харвал анхан шатны шүүх нэхэмжлэгчийн эрх ашиг зөрчигдсөн эсэх, тухайн шийдвэр үндэслэлтэй эсэх, хариуцагчийн болоод нэхэмжлэгчийн маргаж буй үйл баримт, гол үндэслэлээ хэр бодитой хууль зүйн үндэслэлтэй тайлбарлаж байгаад ямар ч дүгнэлт хийгээгүй нь шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй.

Бичгийн нотлох баримтад заагдсан дүрэм, журмын дагуу буцалтгүй тусламж, тэтгэмжийг авах эрх зүйн үндэслэл байгаа эсэхэд дүгнэлт хийгээгүй, орхигдуулсан ба анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтын үндсэн дээр шийдвэр гаргаагүй.

Шүүхийн шийдвэрийнхээ үндэслэл болгож буй Үйлдвэрчний эвлэлүүдийн эрхийн тухай хуулийн заалтуудаар нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь хуулийг зөв оновчтой хэрэглээгүй буюу хууль буруу хэрэглэсэн.

Үйлдвэрчний эвлэлүүдийн эрхийн тухай хуулийн 6 дугаар зүйлд уйл ажиллагааны болон түүний сонгуульт ажилтны эрхийн баталгааг хуульчилсан байх ба нэхэмжлэгч нь өндөр насны тэтгэвэрт гарч, хуульд заасан тэтгэмжийг олгохоор холбогдох шийдвэр гаргасан нь зохигчдын тайлбараар нотлогдож байна гэх дүгнэлтийг шүүх хийсэн атлаа нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь ойлгомжгүй. Тэтгэмж олгохоор заасныг шүүх үгүйсгээгүй.

Дулааны цахилгаан станцын ажилчдын үйлдвэрчний эвлэлийн хорооны тэргүүлэгчдийн хурлын шийдвэрээр олгогдохооргүй шийдвэрлэсэн төлбөрийг шүүх хариуцагчаас гаргуулах үндэслэлгүй гэх. Шүүх шийдвэрлэх эрх хэмжээ олгогдоогүй юм уу аль эсвэл шийдвэрийг хүчингүй болгох эрх зүйн үндэслэлгүй гэж үзэв үү гэдэг нь ойлгомжгүй байгаа ба шүүхийн шийдвэр нь эргэлзээгүй, ойлгомжтой байх хуулийн шаардлага хангагдаагүй байна.

Иймээс шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулан, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Д.******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1987-2023 он хүртэл эрчим хүчний салбарт ажиллаж байсан. Эрчим хүч, Геологи, Уул уурхайн Үйлдвэрчний эвлэлийн холбооны гишүүнчлэлээр манай байгуулага 1996 оноос эхэлж хамтарч ажилласан. Эрчим хүч, Геологи, Уул уурхайн Үйлдвэрчний эвлэлийн холбоо өөрийн гэсэн дүрэм, журамтай байгуулага. 2023 оны 01 дүгээр сараас миний бие үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөн, тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн гэх үндэслэлээр тайлант сонгуулийн хурлыг зохион байгуулж, шинээр тэргүүлэгчдийг сонгосон. Шинээр орсон хорооны тэргүүлэгчдэд буцалтгүй тусламж олгох тухай Эрчим хүч, Геологи, Уул уурхайн Үйлдвэрчний эвлэлийн холбооны журмыг танилцуулж, буцалтгүй тусламж олгох хүсэлт гаргахад хүлээж аваагүй. Уг шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргасан гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Баярмаа давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүх хуулийг буруу хэрэглэсэн. Хэргийн бодит нөхцөл байдалд нийцээгүй хууль зүйн дүгнэлт гаргаж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон. Тухайн нэхэмжлэл хоёр үндсэн шаардлагатай байтал анхан шатны шүүх нэг үндсэн шаардлагыг нь онцлон авч шийдвэрлэж, нэг үндсэн шаардлагыг нь орхигдуулсан. Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Дулааны цахилгаан станцын ажилчдын Үйлдвэрчний эвлэлийн хорооны тэргүүлэгчдийн хурлын тэмдэглэлийг уншихад тэргүүлэгч О.******* тухайн тусламжийг тодорхой хувьчилж олгох талаар, 2 тэргүүлэгч нь тухайн тусламжийг олгохын тулд хуулийг сайн харах хэрэгтэй гэх өөрсдийн саналыг гаргасан. Гэтэл эцсийн байдлаар уг хурлын тэмдэглэлд санал хураалт явагдаагүй. 7 537 128 төгрөгийн буцалтгүй тусламжаас 1 299 000 төгрөгийг олгохоор шийдвэрлэсэн гэж хэлдэг. Уг 1 299 000 төгрөгийг олгоно гэх мөртлөө хурлын тэмдэглэлд 100%-ийн саналаар олгохгүй гэж заасан. Миний үйлчлүүлэгчийн хувьд тухайн журамд заасны дагуу уг тусламжийг авах бүрэн эрхтэй. Авах эрх нээлттэй, хориглосон заалт байхгүй байтал олгох боломжгүй гэж шийдвэрлээд байгаа нь журамд нийцэхгүй байна. Журамд нийцэж буй талаар тэргүүлэгчдийн шийдвэрийг шийдвэрлүүлэх гэж анхан шатны шүүхэд хандсан боловч үүнийг авч хэлэлцээгүй тул анхан шатны шүүхийн шийдвэр хуульд нийцээгүй байна гэв.

Хариуцагчийн төлөөлөгч О.******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Төрийн хэмнэлтийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан Төрийн албаны тухай хуулиас бусад хуульд албан хаагчид тэтгэвэрт гарахад нь нэг удаагийн мөнгөн тэтгэмж олгохоор заасан бол албан хаагч тэдгээрээс аль илүүг сонгох эрхтэй бөгөөд давхардуулан олгохгүй гэх заалтыг баримтлан шийдвэр гаргасан. Д.******* тухайн байгуулагад 35 жил ажилласан гэж тэтгэмж авсан. Гэтэл Үйлдвэрчний эвлэлийн хорооны даргаар 10 жил ажилласан гэх үндэслэлээр дахин тэтгэмж авах хүсэлт гаргасан. Дулааны цахилгаан станц, Үйлдвэрчний эвлэлийн хороог тусдаа 2 байгуулага гэж авч үзээд байгаа нь үндэслэлгүй. Тусдаа тэтгэмж авах байсан юм бол Дулааны цахилгаан станцаас 35 жил ажилласан гэж авсан тэтгэмжээсээ Үйлдвэрчний эвлэлийн хороонд ажилласан 10 жилийг хасуулж авах хэрэгтэй байсан. Гэтэл тийм зүйл болоогүй. Бидний зүгээс тэтгэмж олгоогүй биш олгосон. Тухайн Эрчим хүч, Геологи, Уул уурхайн Үйлдвэрчний эвлэлийн холбооны журамд тэргүүлэгчдийн шийдвэрээр тусламж олгоно гэж заасан. Тэргүүлэгчдээс 1 000 000 төгрөгийн буцалтгүй тусламж болон хүндэтгэлийн зүйл олгоно гэх шийдвэр гаргасан. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

ХЯНАВАЛ 

Давж заалдах шатны шүүх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасны дагуу Д.*******ийн нэхэмжлэлтэй, Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Дулааны цахилгаан станцын ажилчдын Үйлдвэрчний эвлэлийн хороо-д холбогдох иргэний хэргийг нэхэмжлэгч Д.*******, түүний өмгөөлөгч Ц.Баярмаа нарын хамтран гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзлээ.

Нэхэмжлэгч Д.******* нь хариуцагч Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Дулааны цахилгаан станцын ажилчдын Үйлдвэрчний эвлэлийн хороо-д холбогдуулан Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Дулааны цахилгаан станцын ажилчдын Үйлдвэрчний эвлэлийн хорооны тэргүүлэгч гишүүдийн 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хурлын шийдвэрийг хүчингүй болгуулах, буцалтгүй тусламж 7537128 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч тал эс зөвшөөрч журмын 2.1 дэх заалтын дагуу тэтгэмжийг Д.*******д тэргүүлэгчдийн 100%-ийн саналаар олгохгүй шийдвэр гаргасан, Даланзадгадын дулааны цахилгаан станц *******-аас хамтын хэлэлцээр болон хамтын гэрээний заалтын дагуу Эрчим хүчний салбарт ажиллаад тэтгэвэрт гарсны тэтгэмж болох 63008000 төгрөгийг Д.*******д өгсөн тул давхардуулан тэтгэмжийг олгохгүй, Монголын эрчим хүч, геологи, уул уурхайн үйлдвэрчний эвлэлийн холбооны сонгуульт ажилтнуудын нийгмийн хамгааллын журам-ын 2 дугаар зүйлийн 2.1-т заасны дагуу Д.*******д буцалтгүй тусламж 7537128 төгрөгийг өгөх мөнгө үйлдвэрчний эвлэлийн хороонд байхгүй. Д.*******д буцалтгүй тусламж үзүүлэх боломжгүй гэж маргажээ.

Анхан шатны шүүх Д.*******ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нар эс зөвшөөрч шүүх нэхэмжлэгчийн эрх ашиг зөрчигдсөн эсэх, тухайн шийдвэр үндэслэлтэй эсэх, хариуцагчийн болоод нэхэмжлэгчийн маргаж буй үйл баримт, гол үндэслэлээ хэр бодитой хууль зүйн үндэслэлтэй тайлбарлаж байгаад ямар ч дүгнэлт хийгээгүй нь шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй, шийдвэр нь эргэлзээгүй, ойлгомжтой байх хуулийн шаардлага хангаагүй учир шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулан, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах агуулга бүхий гомдлыг гаргажээ.

Өмнөговь аймгийн сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэгч Б.******* нь /хавтас хэргийн 2/ Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Дулааны цахилгаан станцын ажилчдын Үйлдвэрчний эвлэлийн хорооны тэргүүлэгч гишүүдийн 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хурлын шийдвэрийг хүчингүй болгуулах, буцалтгүй тусламж 7537128 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шаардлагыг гаргажээ.

Шүүхийн шийдвэрийг хянахад 2023 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 143/ШШ2023/00205 дугаартай шийдвэрийн ҮНДЭСЛЭХ НЬ: хэсэгт Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Дулааны цахилгаан станцын ажилчдын Үйлдвэрчний эвлэлийн хорооны тэргүүлэгч гишүүдийн 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хурлын шийдвэр нь хууль зүйн үндэслэлтэй эсэх, уг шийдвэрийг хүчингүй болгох эсэхэд шүүхээс дүгнэлт хийгээгүй атлаа шийдвэрийн ТОГТООХ нь: хэсэгт Үйлдвэрчний эвлэлүүдийн эрхийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 5.1.10 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д.*******ийн Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Дулааны цахилгаан станцын ажилчдын Үйлдвэрчний эвлэлийн хорооны тэргүүлэгч гишүүдийн 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хурлын шийдвэр хүчингүй болгуулах, 7537128 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай гэж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэсэн шийдвэрт тавигдах үндсэн шаардлагыг хангаагүй байна.

Монголын эрчим хүч, геологи, уул уурхайн ҮЭ-ийн холбооны в Тэргүүлэгчдийн хурлын 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 23 тоот тогтоолоор баталсан Монголын эрчим хүч, геологи, уул уурхайн ҮЭ-ийн холбооны сонгуульт ажилтнуудын нийгмийн хамгааллын журмын 2.1 дэх хэсэгт Салбарын ҮЭ-ийн холбооны дарга болон орон тооны ҮЭ-ийн хороодын дарга нарын сонгуулийн хугацаа нь дуусгавар болж дахин сонгогдоогүй, ҮЭ-ийн эвлэл нь татан буугдсан, орон тоо хасагдсан, тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн, биеийн эрүүл мэндийн улмаас ажлаа үргэлжлүүлэн гүйцэтгэх боломжгүй болсон тохиолдолд 6 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн буцалтгүй тусламжийг Тэргүүлэгчдийн хурлын шийдвэрийг үндэслэн олгоно. гэсэн заалтыг анхан шатны шүүх анхаарч үзээгүй байна.

Анхан шатны шүүх Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Дулааны цахилгаан станцын ажилчдын Үйлдвэрчний эвлэлийн хорооны тэргүүлэгч гишүүдийн 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хурлын шийдвэрт хууль зүйн дүгнэлт хийж шийдвэрлээгүйг давж заалдах шатны шүүхээс шийдвэрлэх хуульд заасан эрх олгогдоогүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-т зааснаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэсэн тул нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нараас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохоор тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Өмнөговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 143/ШШ2023/00205 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4, 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д.*******, түүний өмгөөлөгч Ц.Баярмаа нараас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй  хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч нь магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

4.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тус тус дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.ГЭРЭЛМАА

 

ШҮҮГЧИД Ш.ТӨМӨРБААТАР

 

Ц.ОТГОНЦЭЦЭГ