Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 04 сарын 25 өдөр

Дугаар 140/ШШ2023/00203

 

 

2023 оны 04 сарын 25 өдөр

Дугаар 140/ШШ2023/00203

Завхан аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Балжинням даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Завхан,*******, 5-р баг, ******* хэсэг ******* тоот хаягт оршин суух, ******* овогт *******ын *******ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Завхан,*******, 2-р баг, ******* хэсэг ******* тоот хаягт оршин суух, *******ын захирал овогт ын д холбогдох,

600,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2023 оны 2 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, 2023 оны 2 дугаар сарын 24-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С.******* /онлайнаар/, нарийн бичгийн дарга Ч. нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь: 

Нэхэмжлэгч С.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Намайг ын захирал Т. нь ажлаас халах талаар надад 30 хоногийн өмнө мэдэгдэлгүйгээр гэнэт халсан учраас хуулийн дагуу тэтгэмжийн мөнгөө л нэхэмжилсэн юм. Тухайн үед надтай ямар ч гэрээ хийлгүй намайг ажиллуулж, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс доогуур хэмжээгээр цалинжуулдаг байсан.

Мөн намайг ажил хаяж явсан, үйлчлэгч нартай буруу харьцсан гэж гүтгэсэн байсан. Ер нь бол өөрсдөө И баримт өгдөггүй учраас жолооч нар уурлаад хэл ам хийдэг. 05 сарын 15-наас 09 сарын 15 хүртэл намайг ажиллаж байх хугацаанд дансны гүйлгээнүүд нягтлан биш гээд байгаа ын дансаар ордог байсан. нь ын нягтлан мөн байж одоо нягтлан биш гэж худлаа хэлж ажил уяад нэмэгдэл зардал зөндөө гаргаж байна.

Өнөөдөр хүртэл би 5000 төгрөгөөр дата авч утсандаа хийж, ажлаасаа чөлөө авчхаад явж байна. Би ажил хаяж явах нь битгий хэл хэдэн хоног дараалж ганцаараа *******ад гарч байсан. Энэ шатахуун түгээх станцын хүмүүс хууль биелүүлэхгүй, хууль зөрчиж ажилладаг хүмүүс байна лээ.

Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр цалинжуулаад өгдөггүй, нийгмийн даатгал төлдөггүй, жолооч нарт И баримт өгдөггүй, тэр жолооч нар нь надаас нэхэж төвөг болоод байдаг. Тэгээд надаар машин засуулдаг, ачаа бараа буулгуулдаг, морины баас хүртэл цэвэрлүүлээд бүх юм аа хийлгээд нойртой нойргүй хонуулдаг.

Үүнийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцож үзвэл хоногийн мөнгө 60.000- 70.000 төгрөг болно. Тэр нь яах вэ гэхэд ажлаас халах гэж байгаа бол хүнтэй ярьж хөөрөөд сарын өмнө мэдэгдээд зардал мөнгийг нь өгөөд явуулж болно. Гэтэл гэнэт халаад чи явдаг газраараа яв гэж хэлээд сууж байж болохгүй шүү дээ. Энэ шүүх хурал дээр ыг нь авчирч болоогүй юм уу? Ер нь тэр татвар төлдөг юм уу? Хууль бус үйл ажиллагаа явуулаад байдаг юм биш үү? Ямар ч байсан нийгмийн даатгал төлдөггүй юм байна лээ тайлбар дууслаа гэв.  

Хариуцагч Т. шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие нь******* сумын багт байрлах тоотод эхнэр, охины хамт амьдардаг. ШТС-ын ажилладаг. ШТС-д 3 түгээгч ажилладаг. ШТС-д түгээгчээр ажиллаж байгаа нь сүүлийн 2 жил тасралтгүй ажиллаж байгаа. 2022 оны 5-р сар Улаанбаатар хот явж хагалгаанд орохоор болсон тул төрсөн эгчийн хүүг гаргаж байя гээд *******ын авгайн хүүхдийг гаргаад явсан. Тэгтэл 3 удаа ээлжид гарсны дараа зээл хөөцөлдөөд *******ыг түр гаргаад явсан. Түүнээс хойш ******* энэ миний хийх ажил байна гээд 4 сар шахуу манайд ажилласан. 9-16-наас эхлэн ажилдаа орж *******ыг өвчтэй хүнийг оронд гаргаж байсан. ******* нь биеийн байдал нь сайн биш байнга эм уудаг группэд байдаг хүн байна лээ. Ажиллах хугацаандаа ээлжид гарах хугацаандаа ажлын байраа орхин гэр лүүгээ явах үйлчлүүлэгч нартай зөв бус харьцдаг, удирдлагаас өгсөн үүрэг даалгавар биелүүлэхгүй хашаанд байгаа эд хөрөнгө харахгүй хашаан дотор орсон үхрийг гарга гэсэн чинь чадахгүй миний хийх ажил биш сумын захиргааны ажил гээд хэрэлдсэн. Ер нь алаад хаясан ч яадаг юм гээд аягүй ууртай юм байна лээ. Мөн манай эхнэр нь төрийн байгууллагад ажилд байхад түүний нэр дээр өргөдөл өгч 300.000 төгрөг нэхэмжилж шүүхийн шийдвэрийг зөвшөөрөхгүй шүүгч нарт хахууль өгсөн гэх зэргээр бүдүүлэг үйлдэл гаргасан. Одоо нэхэмжилсэн мөнгө нь нугарч 600.000 төгрөг болсон байна. ******* нь той хөдөлмөрийн гэрээ хийгээгүй, хүний оронд ажиллаж байсан, ажиллах хугацаандаа ажлын цагийг баримталдаггүй дураараа эзгүй хаяж гэр лүүгээ явдаг, биеийн байдал хэцүү байнга олон тооны эм уудаг, группэд байдаг цаашид хүний оронд ажиллахад асуудалтай хүн байна лээ. Хүссэн мөнгийг өгөх боломжгүй гэжээ.

Нэхэмжлэгч тал нотлох баримтаар: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, хэргийн зарлагын баримт, шүүхийн журмаар олж авсан үзлэг хийсэн тэмдэглэл, *******ын кассын дэвтэр зэрэг баримтуудыг ирүүлжээ.

Хариуцагч тал нотлох баримтаар: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа хариу тайлбараа нотлох баримтаар ирүүлсэн байна.  

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч С.******* нь Т.д холбогдуулан 2022 оны 5 дугаар сарын 15-ны өдөр ажлаас гэнэт халагдсаны тэтгэмж 350.000 төгрөг, бичгийн цаас, каноны үнэ 4800 төгрөг, хөдөлмөр зарцуулалт, автобус унааны мөнгө нийлээд 200.000 төгрөг, нэгж, дата үнэ 10000 төгрөг, нийт 600.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд гаргажээ.

Хариуцагч нь нэхэмжлэгчийг хөдөлмөрийн гэрээ хийгээгүй, хүний оронд ажиллаж байсан, ажиллах хугацаандаа ажлын цагийг баримталдаггүй, дураараа эзгүй хаяж гэр лүүгээ явдаг, биеийн байдал хэцүү байнга олон тооны эм уудаг, группэд байдаг цаашид хүний оронд ажиллахад асуудалтай хүн учир нэхэмжилсэн мөнгийг өгөхгүй гэж маргасан.

Шүүхээс хэргийн оролцогчдын тайлбар, хавтаст хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаан дээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн дүгнээд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь үндэслэлтэй байна гэж үзэв.

Нэхэмжлэгч С.******* нь Завхан аймгийн******* сумын баг хаягт байрлах *******ын газарт 2022 оны 5 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн түгээгчээр ажиллаж байсан болох нь зохигч талуудын тайлбар болон хавтаст хэрэгт авагдсан тус шүүхийн үзлэг хийсэн тухай тэмдэглэл, *******ын газрын кассын дэвтэр зэрэг баримтуудаар нотлогдож байна.

Хариуцагч тал нэхэмжлэгч С.*******тай хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй, хүний оронд ажиллаж байсан гэх боловч ажил олгогч хөдөлмөрийн гэрээ байгуулахгүйгээр ажилтнаар ажил үүрэг гүйцэтгүүлсэн тохиолдолд тэдний хооронд хөдөлмөрийн харилцаа үүссэн гэж үзнэ.

Тухайлбал Хөдөлмөрийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар ажил олгогч нь хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулах үүрэгтэй, мөн хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т зааснаар хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулаагүй тохиолдолд ажилтан ажил үүргээ гүйцэтгэж эхэлснээр хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүссэнд тооцно гэж хуульчилсан.

Хэдийгээр С.*******ыг хүний оронд ажиллаж байсан, ажиллах хугацаандаа ажлын цагийг баримталдаггүй, дураараа эзгүй хаяж гэр лүүгээ явдаг гэж тайлбарласан тайлбарыг нотолсон баримтгүй байна.

Өөрөөр хэлбэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2. .., 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар хэргийн оролцогч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх тайлбар түүнтэй холбоотой үйл баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй гэж заасныг хариуцагч биелүүлээгүй байна.

Мөн С.******* нь хэзээ, ямар хугацаагаар ажил тасалсан нь тодорхойгүй байх бөгөөд энэ талаар цагийн бүртгэл хөтлөөгүй, улмаар С.*******ын цагийг бүртгээгүй байгааг түүний ажил тасалсан гэж үзэх боломжгүй юм.

Нэхэмжлэгчийн гол маргаж байгаа шалтгаан нь ажил олгогч ажлаас чөлөөлөхдөө Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.5, 80.4-т заасны дагуу 30 хоногийн өмнө мэдэгдэх үүрэгтэй. Үүний дагуу надад мэдэгдээгүй ба намайг ажиллуулахгүй байгаа гэж тайлбарлаж байна.

Үүнээс үзвэл ажил олгогч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.3-т заасныг баримтлан ажилтны хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгохдоо 30-аас доошгүй хоногийн өмнө бичгээр мэдэгдэж, мөн хуулийн 80 дугаар зүйлийн 80.4-т заасны дагуу ажилтанд мэдэгдэл өгсөн тухайгаа нотлох үүрэгтэй.

Гэтэл Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.4-т заасны дагуу ажилтанд мэдэгдэл өгсөн тухайгаа нотлох үүргээ ажил олгогч буюу хариуцагч тал биелүүлээгүй, хариуцагчийн тайлбар нь хуульд заасантай нийцэхгүй байна.

Өөрөөр хэлбэл ажил олгогч нь ажилтныг эрүүл мэндийн хувьд ажил үүргээ гүйцэтгэх боломжгүй гэж үзсэн тохиолдолд энэ талаар ажилтанд 30 хоногийн өмнө мэдэгдэх үүрэгтэй. Энэ үүргээ хариуцагч тал биелүүлээгүй гэж нэхэмжлэгч үзэж гэнэт халагдсаны тэтгэмж нэхэмжилж байгааг үгүйсгэх боломжгүй байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1-д энэ хуулийн 65.4.2, 80.1.1, 80.1.2, 80.1.3-т заасан үндэслэлээр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан ажилтанд нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмж авах эрхтэй эсэхээс үл хамааран ажил олгогч дараах тэтгэмжийг нэг удаа олгоно, 80 дугаар зүйлийн 82.1.1-д тухай аж ахуйн нэгж, байгууллагад зургаан сараас хоёр жил хүртэл ажилласан бол нэг ба түүнээс дээш сарын үндсэн цалинтай тэнцэх гэжээ.

Нэхэмжлэгч С.******* нь Завхан аймгийн******* сумын *******ад 2022 оны 5 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн ажилласан байх ба түүнийг ажлаас халах тушаал гаргаагүй байх тул нэхэмжлэгчид ашигтай байдлаар шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ. Иймд түүнийг 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл хугацаагаар ажилласан гэж шүүх үзэж Хөдөлмөрийн тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1-д зааснаар ажилгүйдлийн тэтгэмж авах эрх үүссэн байна.

Иймд Завхан аймгийн******* сумын *******ын газраас нэг сарын үндсэн цалинтай тэнцэх нэг удаагийн тэтгэмж болох 350.000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч С.*******д олгох нь зүйтэй.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч С.******* нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр цалинждаг байсан ба сард 350.000 төгрөг авч байсан гэж тайлбарлаж, үүнийг хариуцагч тал үгүйсгэсэн, няцаасан баримтгүй учир түүнд нэг сарын үндсэн цалинг 350.000 төгрөг гэж тооцож нэг удаагийн тэтгэмжийг олгох нь зүйтэй байна.

Харин нэхэмжлэгчийн зарим шаардлага буюу бичгийн цаас, каноны үнэ 4800 төгрөг, хөдөлмөр зарцуулалт, автобус унааны мөнгө нийлээд 200.000 төгрөг, нэгж, дата үнэ 10000 төгрөг буюу нэхэмжлэлийн шаардлагаас 250.000 төгрөгийг гаргуулах тухай шаардлагыг шүүх хасаж хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Учир нь нэхэмжлэгч С.******* нь дээрх шаардлагаа баримтаар нотлоогүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах, үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүргээ нэхэмжлэгч мөн биелүүлээгүй байна.

Иймд түүний нэхэмжлэлийн шаардлагаас 250.000 төгрөгийг хасаж хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Түүнчлэн нэхэмжлэгч нь дээрх маргааны талаар шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлэх журам зөрчсөн харагдаж байгаа боловч Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2-т зааснаар шүүхэд нэхэмжлэл гаргасан гэж тайлбарласан. Иймд шүүх хэргийг хэрэгсэхгүй болгох бус харин нэхэмжлэлийг хянан шийдвэрлэх нь зүйтэй байна гэж шүүх үзсэн.

Нөгөөтээгүүр нэхэмжлэгч нь хариуцагчийг иргэн Т., *******ын захирал гэж тодорхойлсон ба хариуцагч үүнийг үгүйсгээгүй, харин ч ШТС-ын ажилладаг гэж тайлбартаа дурдсан байх тул нэхэмжлэгчийг хариуцагчаа тодорхойлоогүй гэх боломжгүй, түүнчлэн энэ талаар зохигчид хэн аль нь хөндөөгүй байгааг дурдах нь зүйтэй.

Нэхэмжлэгч нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдах нь зүйтэй гэж үзээд

ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 115 ДУГААР ЗҮЙЛИЙН 115.1, 115.2.2, 116, 118 ДУГААР ЗҮЙЛҮҮДЭД ЗААСНЫГ УДИРДЛАГА БОЛГОН ТОГТООХ НЬ:

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2, 82 дугаар зүйлийн 82.1, 82.1.1-д заасныг тус тус баримтлан хариуцагч Завхан аймгийн******* сумын *******ын газраас 350.000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч С.*******д олгож,

түүний нэхэмжлэлийн шаардлагаас 250.000 төгрөгийг хасаж хэрэгсэхгүй болгосугай.

2. Энэхүү нэхэмжлэл нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 18850 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Завхан аймгийн******* сумын *******ын газраас 11150 төгрөгийг, улсын төсвийн сан буюу 100090000941 тоот данснаас 7700 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч С.*******д олгосугай.  

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн хугацаа өнгөрмөгц хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг мэдэгдсүгэй. 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БАЛЖИННЯМ