Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 05 сарын 29 өдөр

Дугаар 205/МА2023/00021

 

 

С.*******ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай 

Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн ерөнхий шүүгч Ж.Баттогтох даргалж, Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Энхтөр, Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Ариунбаяр нарын бүрэлдэхүүнтэй хийж,

Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 140/ШШ2023/00203 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч: С.*******ын нэхэмжлэлтэй Т.*******д холбогдох *******0.000 төгрөг гаргуулах тухай тухай иргэний хэргийг 2023 оны 05 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Ариунбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Баярмэнд, нэхэмжлэгч С.******* /цахимаар/ оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч С.******* хариуцагч Т.*******д холбогдуулан *******0.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэлийн үндэслэл: Намайг ******* шатахуун түгээх станцын захирал Т.******* нь ажлаас халах талаар надад 30 хоногийн өмнө мэдэгдэлгүйгээр гэнэт халсан учраас хуулийн дагуу тэтгэмжийн мөнгөө л нэхэмжилсэн юм. Тухайн үед надтай ямар ч гэрээ хийлгүй намайг ажиллуулж, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс доогуур хэмжээгээр цалинжуулдаг байсан. Мөн намайг ажил хаяж явсан, үйлчлэгч нартай буруу харьцсан гэж гүтгэсэн байсан. Ер нь бол өөрсдөө И баримт өгдөггүй учраас жолооч нар уурлаад хэл ам хийдэг. 05 сарын 15-наас 09 сарын 15 хүртэл намайг ажиллаж байх хугацаанд дансны гүйлгээнүүд нягтлан биш гээд байгаа *******ын дансаар ордог байсан. ******* нь ******* шатахуун түгээх станцын нягтлан мөн байж одоо нягтлан биш гэж худлаа хэлж ажил уяад нэмэгдэл зардал зөндөө гаргаж байна. Өнөөдөр хүртэл би 5000 төгрөгөөр дата авч утсандаа хийж, ажлаасаа чөлөө авчхаад явж байна. Би ажил хаяж явах нь битгий хэл хэдэн хоног дараалж ганцаараа ******* шатахуун түгээх станцад гарч байсан. Энэ шатахуун түгээх станцын хүмүүс хууль биелүүлэхгүй, хууль зөрчиж ажилладаг хүмүүс байна лээ. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр цалинжуулаад өгдөггүй, нийгмийн даатгал төлдөггүй, жолооч нарт И баримт өгдөггүй, тэр жолооч нар нь надаас нэхэж төвөг болоод байдаг. Тэгээд надаар машин засуулдаг, ачаа бараа буулгуулдаг, морины баас хүртэл цэвэрлүүлээд бүх юм аа хийлгээд нойртой нойргүй хонуулдаг. Үүнийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцож үзвэл хоногийн мөнгө *******.000-70.000 төгрөг болно. Тэр нь яах вэ гэхэд ажлаас халах гэж байгаа бол хүнтэй ярьж хөөрөөд сарын өмнө мэдэгдээд зардал мөнгийг нь өгөөд явуулж болно. Гэтэл гэнэт халаад чи явдаг газраараа яв гэж хэлээд сууж байж болохгүй шүү дээ. Энэ шүүх хурал дээр *******ыг нь авчирч болоогүй юм уу? Ер нь тэр ******* татвар төлдөг юм уу? Хууль бус үйл ажиллагаа явуулаад байдаг юм биш үү? Ямар ч байсан нийгмийн даатгал төлдөггүй юм байна лээ тайлбар дууслаа гэжээ.

Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч хариу тайлбартаа: Миний бие нь Улиастай сумын ******* багт байрлах ******* айлын ******* тоотод эхнэр, охины хамт амьдардаг. ******* ШТС-ын даргаар ажилладаг. ШТС-д 3 түгээгч ажилладаг. ШТС-д түгээгчээр ажиллаж байгаа ******* нь сүүлийн 2 жил тасралтгүй ажиллаж байгаа. 2022 оны 5-р сар Улаанбаатар хот явж хагалгаанд орохоор болсон тул төрсөн эгчийн хүүг гаргаж байя гээд *******ын авгайн хүүхдийг гаргаад явсан. Тэгтэл 3 удаа ээлжид гарсны дараа зээл хөөцөлдөөд *******ыг түр гаргаад явсан. Түүнээс хойш ******* энэ миний хийх ажил байна гээд 4 сар шахуу манайд ажилласан. 9-16-наас эхлэн ******* ажилдаа орж *******ыг өвчтэй хүнийг оронд гаргаж байсан. ******* нь биеийн байдал нь сайн биш байнга эм уудаг группэд байдаг хүн байна лээ. Ажиллах хугацаандаа ээлжид гарах хугацаандаа ажлын байраа орхин гэр лүүгээ явах үйлчлүүлэгч нартай зөв бус харьцдаг, удирдлагаас өгсөн үүрэг даалгавар биелүүлэхгүй хашаанд байгаа эд хөрөнгө харахгүй хашаан дотор орсон үхрийг гарга гэсэн чинь чадахгүй миний хийх ажил биш сумын захиргааны ажил гээд хэрэлдсэн. Ер нь алаад хаясан ч яадаг юм гээд аягүй ууртай юм байна лээ. Мөн манай эхнэр ******* нь төрийн байгууллагад ажилд байхад түүний нэр дээр өргөдөл өгч 300.000 төгрөг нэхэмжилж шүүхийн шийдвэрийг зөвшөөрөхгүй шүүгч нарт хахууль өгсөн гэх зэргээр бүдүүлэг үйлдэл гаргасан. Одоо нэхэмжилсэн мөнгө нь нугарч *******0.000 төгрөг болсон байна. ******* нь клонктой хөдөлмөрийн гэрээ хийгээгүй, хүний оронд ажиллаж байсан, ажиллах хугацаандаа ажлын цагийг баримталдаггүй дураараа эзгүй хаяж гэр лүүгээ явдаг, биеийн байдал хэцүү байнга олон тооны эм уудаг, группэд байдаг цаашид хүний оронд ажиллахад асуудалтай хүн байна лээ. Хүссэн мөнгийг өгөх боломжгүй гэжээ.

Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 140/ШШ2023/000203 дугаар шийдвэрээр

Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2, 82 дугаар зүйлийн 82.1, 82.1.1-д заасныг тус тус баримтлан хариуцагч Завхан аймгийн Улиастай сумын ******* шатахуун түгээх станцын газраас 350.000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч С.*******д олгож, түүний нэхэмжлэлийн шаардлагаас 250.000 төгрөгийг хасаж хэрэгсэхгүй болгож, Энэхүү нэхэмжлэл нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 18850 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Завхан аймгийн Улиастай сумын ******* шатахуун түгээх станцын газраас 11150 төгрөгийг, улсын төсвийн сан буюу тоот данснаас 7700 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч С.*******д олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч Т.******* давж заалдах гомдолдоо: ... нь 2022 оны 05 дугаар сард Улаанбаатар хот явж хагалгаанд орох боллоо би эргэж ирээд энэ ажлаа хиймээр байна ажлын байраа хадгалж үлдэх хэрэгтэй тул төрсөн эгчийн хүү 22 настай ыг гаргаж байя дүүтэйгээ би тохирчихлоо гээд явсан юм. Хэсэг хугацааны дараа нь зээл хөөцөлдөх ажилтай тул ахыг түр гаргаж байна гээд *******ыг орхиод явсан байсан. Би колонк борлуулалт байхгүй тул тээвэрт явж хүмүүсийг ажилтай байлгадаг байсан. Би *******ыг гаргахгүй чи дараа ээлжинд битгий ирээрэй би өнчин оюутан дүүгээ ажиллуулмаар байна гэхэд танайх ганцхан салиарк зардаг өөр юм зардаггүй учир амар юм би ногоо л тарьж амьдардаг зун орлого байхгүй хэцүү байна гэсээр байгаад хуучин түгээгч г ажилдаа ортол байсаар байсан юм. *******д 350.000 төгрөг өгөхгүй шалтгаан нь. 1. түгээгч эгчийнхээ дүү тай тохирлоо гээд тэр хүнийг өөрийнхөө оронд тавьсан. 2. нь ажилдаа орно гэж 30 хоногийн өмнө ч 3 хоногийн өмнө ч мэдэгдээгүй. 3. Хадам дүү хүргэн ах нар энэ тухайгаа эгчийн нь нөхөр ба эхнэрийн нь дүү нар юу ярьсныг би мэдээгүй. 4. Ажилд аваагүй хүнийг халсан гэдгийг би ойлгохгүй байна. 5. Миний нэр төрд халдаж байна. 6. Зохион байгуулалттай ах дүүс луйвар хийх гэж байна гэж үзэж байна. ******* нь чи морь малтай байртай, машинтай байж 350.000 төгрөг өг гэж намайг дарамталж байсан. Би чам шиг гэртээ хэвтдэггүй ******* гарсан өвгөн ясаа санжуулж махаа урж сэтгэлээ зовоож шөнө өдөргүй хөдөлмөрлөдөг хүн чадсангүй гэж хэлж байсан. Би шүүхдээд явна би чадна гэж дайрч байсан гэжээ.

Нэхэмжлэгч С.******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: намайг миний оронд ажиллаад өгөөч гэж гуйсан юм. Тэгээд миний бие өвдөөд эмнэлэгт хэвтсэн юм. танай аавын бие өвдсөн байна. Чи аавынхаа оронд ажиллачих гэж хэлээд манай хүүхдийг ажиллуулсан. Цалин нь хөдөлмөрийн хөлснөөс доогуур, шөнө нойртой нойргүй хонодог байсан. 24 цаг гараад 72 цаг амардаг. Тэгээд манай хүүхэд ийм ажил хийхгүй гээд явчихсан юм. Тэгээд яаж хаяж болох уу гээд би ажилласан юм. Хүр дүү гэдэг хүн ирээд гарсан. Би 7-8 хоног амарсан. Тэгээд тэр хүр дүү нь шантарсан байх ажиллахгүй явсан. Хөдөлмөрийн хөлснөөс доогуур цалин өгдөг болохоор хүн тогтдоггүй юм байна лээ. Ганц хоёр хүнийг гуйгаад ажиллуулж байдаг юм байна лээ. Хонож ажилладаг ажлууд чинь дор хаяж 4 ээлж байх ёстой гэтэл 2 хүн байдаг. Заримдаа нэг хүн ажил гарчихвал ганцаараа ажилладаг. Тэр газарт үзлэг хийгээд өгөөч гэж Т. шүүгчид хэлсэн чинь үзлэг хийж баримт хавсаргаагүй л байна. Таны ажилласан тэмдэглэлийг үзсэн та дараалаад олон хоног гарсан юм байна гэж хэлсэн. Ажилд аваагүй гэж яриад байх юм. Цалин өгчихөөд ажилд аваагүй гэсэн чинь юу гэж г юм бэ шийдээд өг. Яагаад хөдөлмөрийн хөлснөөс доогуур цалин өгөөд байдаг юм. Та нар нийгмийн даатгал төлөхгүй, хөдөлмөрийн хөлснөөс бага цалин өгөөд байхад үүн дээр арга хэмжээ авдаггүй юм бэ. E-barimt -ийг ч жолооч нарт өгдөггүй. Хуульгүй ажиллаад байгаа шатахуун түгээх газар байхад та нар яагаад арга хэмжээ авдаггүй юм бэ гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч С.******* нь хариуцагч Т.*******д холбогдуулан 2022 оны 05 дугаар сарын 15-ны өдөр ажлаас гэнэт халагдсаны тэтгэмж 350.000 төгрөг, бичгийн цаас каноны үнэ 4800 төгрөг, хөдөлмөр зарцуулалт автобус унааны мөнгө 200.000 төгрөг, нэгж датаны үнэ 10.000 төгрөг нийт *******0.000 төгрөг гаргуулах талаар нэхэмжлэл гаргажээ.

Хариуцагч Т.******* нь нэхэмжлэгч С.*******тай хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй, хүний оронд түр ажиллаж байсан, ажиллах хугацаандаа цаг баримталдаггүй, дураар эзгүй хаяж гэр лүүгээ явдаг. Би ажлаас халаагүй тул гэнэт халагдсаны тэтгэмж болон бусад мөнгийг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.

Нэхэмжлэгч С.******* нь Завхан аймгийн Улиастай сумын ******* багт байрлах ******* шатахуун түгээх станцын газарт 2022 оны 5 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн /эрүүл мэндийн шалтгаантай хүний оронд/ түгээгчээр сарын 350.000 төгрөгний хөлстэйгөөр 2022 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл ажилласан үйл баримт тогтоогдож байна.

Хариуцагч Т.******* нь С.*******ыг тус клонкод түгээгчээр ажиллуулан сарын 350.000 төгрөгний хөлс өгч байсан нь түүнийг ажиллуулахыг хүлээн зөвшөөрсөн гэж үзэх үндэслэлтэй, бөгөөд хариуцагч С.*******ын ажиллаж байсан талаар маргаагүй байна.

Дээрх үйл баримтаас харахад талуудын хооронд хөдөлмөрийн гэрээ байгуулагдсан гэж үзэх боломжгүй байна.

Хөдөлмөрийн гэрээ нь хөдөлмөрийн эрх зүйн харилцаа үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болох хууль зүйн ойлголт болохын хувьд ажилтан, ажил олгогч хоёр нь харилцан эдлэх эрх, үүрэг, ажиллах нөхцөл, баталгаа, цалин хөлс, хариуцлага, гэрээний хугацаа, гэрээг цуцлах үндэслэл зэргийг урьдчилан харилцан тохиролцож, тэгш байдлын үндсэн дээр байгуулагддаг.

Хэрэгт авагдсан баримтуудаас харахад нэхэмжлэгч, хариуцагч нар нь дээрх нөхцөл шаардлагыг тохирч хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй, ажил олгогч ажилтныг ажилд авсан, ажлаас чөлөөлсөн тушаал шийдвэр гаргаагүй, ажилтан зөвхөн ажил үүрэг гүйцэтгэж, ажлын хөлс авч байсан нь Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт заасан хөлсөөр ажиллах гэрээний шинжийг илүү агуулсан хэлцэл хийсэн гэж үзэхээр байна.

Дээрх дүгнэлтээр нэхэмжлэгч С.*******тай хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй гэсэн хариуцагчийн давж заалдах гомдол үндэслэлтэй байна.

Хөлсөөр ажиллах гэрээгээр ажиллагч нь тохиролцсон ажил, үйлчилгээг гүйцэтгэх, ажиллуулагч хөлс төлөх үүргийг тус тус хүлээдэг. Хөлсийг гүйцэтгэх ажлын шинж чанар, хир хэмжээнээс хамаарч талууд тохиролцох нь талуудын гэрээний чөлөөт байдлын зарчим хэдий ч ажил олгогч нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс багагүй цалин хөлсийг олгохоор хуульчилсан байна.

Тодоруулбал, Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т ...Ажилтныг хөдөлмөрийн гэрээ болон хөлсөөр ажиллах гэрээ, тэдгээртэй адилтгах бусад гэрээгээр ажиллуулж байгаа ажил олгогч нь түүнд Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт Үндэсний хорооноос тогтоосон хэмжээнээс багагүй үндсэн цалин /хөлс/-г олгох үүрэг хүлээх бөгөөд ажил олгогч нь энэ хуулийн 5.3-т заасан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнд хамаарах бол түүнээс багагүй үндсэн цалин /хөлс/-г өмчийн төрөл, хэлбэр болон тухайн салбарын ажил олгогч, ажилтны эрх, хууль ёсны ашиг сонирхлыг төлөөлөн хамгаалах салбарын байгууллагад гишүүнчлэлтэй эсэхээс үл хамааран олгоно гэж заажээ.

Гэтэл хариуцагч Т.******* нь нэхэмжлэгч С.*******тай тухайн үед мөрдөгдөж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ буюу 420.000 төгрөгнөөс доогуур 350.000 төгрөгний хөлс өгөхөөр тохиролцсон нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх хэсэгт заасан хууль зөрчсөн, хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэхээр байна.

Өөрөөр хэлбэл, хариуцагч Т.******* нь нэхэмжлэгч С.*******д хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс багагүй хөлс олгох үүрэг хуулиар хүлээсэн байхад бага хөлс олгосон нь хууль зөрчсөн байна. Иймд хариуцагчийн С.*******д 350.000 төгрөг өгөхгүй гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол үндэслэлгүй байна.

Нэхэмжлэгч С.******* нь нэхэмжлэлдээ ажлаас гэнэт халагдсаны тэтгэмж 350.000 төгрөг гэж дурдсан боловч үндэслэлээ тайлбарлахдаа хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс доогуур цалин хөлс олгосны зөрүү гэж тайлбарлаж байгаа нь Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний тухай хуульд нийцэж байна гэж үзэж, анхан шатны шүүхийн ажлаас халагдсаны тэтгэмж 350.000 төгрөгийг гэснийг хөдөлмөрийн хөлсний зөрүү 350.000 төгрөг гэж зөвтгөж шийдвэрт зохих өөрчлөлт оруулах нь үндэслэлтэй байна.

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтуудад үндэслэн талуудын хооронд үүссэн маргаантай харилцаанд эрх зүйн дүгнэлтийг оновчтой хийгээгүйгээс хууль хэрэглээний алдаа гаргасныг давж заалдах шатны шүүхээс зөвтгөж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

Харин анхан шатны шүүх нэхэмжлэгч С.******* нь бичгийн цаас канонын үнэ 4800 төгрөг, хөдөлмөр зарцуулалт, автобус унааны мөнгө нийлээд 200.000 төгрөг, нэгж дата үнэ 10.000 төгрөг нийт 250.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаа баримтаар нотлох Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2 дахь хэсэг, 38 дугаар зүйлийн 38.1-д заасан үүргээ биелүүлээгүй гэж үзэж, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь мөн хуулийн 116 дугаар зүйлийг 116.3 дахь хэсэгт нийцсэн байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 140/ШШ2023/00203 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтад Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.6, Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, 8.3, 7 дугаар зүйлийн 7.1-т заасныг баримтлан гэж нэмэлт өөрчлөлт оруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 11.150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.2, 172.2.3 дахь хэсгүүдэд зааснаар ...зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэсэн үндэслэлээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.БАТТОГТОХ

ШҮҮГЧИД Ч.ЭНХТӨР

Б.АРИУНБАЯР