Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 04 сарын 21 өдөр

Дугаар 181/ШШ2023/01247

 

 

 

 

 

2023 04 21

181/ШШ2023/01247

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Билгүүн даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Г.Н-н нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Ю ХХК -д холбогдох

 

Нэхэмжлэлийн шаардлага: 31,430,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

нэхэмжлэгч Г.Н ,

хариуцагчийн төлөөлөгч А.Х ,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Саранчимэг нар оролцов. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Г.Н нь хариуцагч Ю ХХКхолбогдуулан Аялал жуулчлалын гэрээний дагуу төлсөн 31,430,000 төгрөгийг буцаан гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:

...миний бие 2022 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр Ю ХХК-тай 1+1 хөтөлбөрийн Аялал жуулчлалын гэрээг байгуулан 4,490,000 төгрөгийн үнэ бүхий 7 багц авсан бөгөөд нийт 31,430,000 төгрөгийг тус компанийн Богд банкин дахь 8170001882 тоот дансанд шилжүүлсэн. Гэрээний дагуу 2022 оны 8 дугаар сарын 10-наас 30-ны өдрийн хооронд аялах байсан.

2022 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр гэрээ байгуулласнаас хойш хэд хэдэн удаа тус компанийн оффист очиж уулзан төлөвлөгөөт хугацаандаа аялуулах нь баталгаатай эсэхийг асууж лавлахад Санаа зоволтгүй, төлөвлөгөөний дагуу явуулна гэсэн хариуг өгч байсан.

Олон Улсын аялал зохион байгуулахад эртнээс онгоцны тийз бичигдэх учиртай байдаг гэтэл 2022 оны 7 дугаар сарын сүүл хүртэл ямар нэгэн арга хэмжээ авахгүй, аялалын тийз баталгаажихгүй байсан тул миний бие компани дээр очиж уулзсан. Гэтэл наадмаар Вьетнам улс руу явуулсан аялалын үеэр нисэхийн байгууллагаас шалтгаалан алдагдал хүлээж нөөцөөсөө их хэмжээний мөнгө гаргасан тул санхүүгийн асуудалд орсон, иймд төлөвлөсөн хугацаанд явуулах боломжгүй гэсэн хариу өгч аяллыг 9 сард болгон хойшлуулах санал тавьсан.

Миний зүгээс 9 сард аялуулж чадна гэсэн баталгаа гарган өгнө үү гэсэн хүсэлт тавьсан боловч Ю ХХК-иас ямар нэгэн баталгаа гарган өгөхөөс татгалзсан тул төлсөн мөнгөө нэхэмжилсэнд Мөнгөө буцаан авах өргөдөл бичиж өг гэсний дагуу өргөдөл бичиж өгсөн боловч өнөөг хүртэл авч чадаагүй байна.

Энэ хугацаанд миний бие Ю ХХК-ийн захирал Х.У т ихээхэн итгэж хүлээлгэн хүлээцтэй хандсан бөгөөд Х.У тэй удаа дараа утсаар холбогдоход /Тэр бүр уулзаж чаддаггүй, гадуур ажил хөөцөлдөж байна гэж хариу өгдөг/ мөнгийг өгөх тал дээр дорвитой арга хэмжээг авахгүй байгаа бөгөөд утсаар ярих үед Мөнгө төгрөг зохицуулах гээд гадуур ажил хөөцөлдөж байна, Удахгүй бүтнэ, Махны үйлдвэр зараад өгөх гэж байгаа, Хэзээ мөдгүй бүтэхээр болчихсон байгаа зэргээр аргацаасаар өнөөг хүрлээ.

2022 оны 8 дугаар сарын 26-ны өдөр биечлэн уулзах үед 2022 оны 9 дүгээр сарын 6-ны дотор төлж барагдуулна. Хэрвээ чадахгүй болбол хуулийн дагуу дараагийн шатны арга хэмжээ авахыг хүлээн зөвшөөрч байна гэсэн албан бичиг үйлдэж өгсөн боловч мөн хугацаандаа өгөлгүй өдийг хүрлээ.

Түүнээс хойш миний хохирлыг хэзээ барагдуулах талаар хэд хэдэн удаа утсаар холбогдон асуухад тэр бүрт Би өгөхгүй гээгүй өгнө, гэхдээ хэзээ өгч чадах вэ гэдгийг хэлэх боломжгүй байна гэсэн нь ихэд ойлгомжгүй, ямар нэгэн үүрэг хариуцлага хүлээх, хохирлыг барагдуулах сонирхолгүй байгаа сэтгэгдэлийг төрүүлж байсан.

Миний бие цаашид тэвчин хүлээх боломжгүй болсон ба надтай адил өөр олон хүн хуулийн байгууллагад хандан мөнгөө нэхэмжилж байгааг дуулсан бөгөөд мөн адил Хэзээ өгч чадах нь тодорхойгүй байна гэсэн хариу өгч байгаа гэж байсан нь намайг зайлшгүй албан ёсоор хууль, шүүхийн байгууллагаар шийдвэр гаргуулан хохирлоо барагдуулахаас өөр гарцгүй гэж бодоход хүргэсэн.

Иймд миний нэхэмжлэлийг хүлээн авч хуулийн дагуу шийдвэрлэж өгч хохиролгүй болгож өгнө үү. гэжээ.

 

2. Хариуцагч Ю ХХК-ийн захирал гэх Х.У нэхэмжлэлийн хувийг гардаж авсан боловч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан эсэх талаар хариу тайлбар гаргаагүй бөгөөд тус ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд А.Х шүүхэд гаргасан тайлбартаа:

... Ю ХХК-д холбогдуулан гаргасан Г.Н н нэхэмжлэлийг 2023 оны 4 дүгээр сарын 3-ны өдөр хүлээн авч, дараах хариу тайлбарыг гаргаж байна. Миний бие 2019 оны 2 дугаар сарын 1-ний өдрөөс 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл хугацаанд Ю ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан. Би холбогдох дүрэм, журмын дагуу ажлаас халагдах өргөдлөө үүсгэн байгуулагч Х.У т өгсөн. Тус өргөдлийг хүлээн авч ажлаас чөлөөлсөн боловч компанийн улсын бүртгэл дээр яагаад миний нэр бүртгэлтэй байгаа талаар мэдэхгүй байна. Мөн нэхэмжлэл гаргасан хүнийг огт танихгүй, гэрээ байгуулах үйл явцад ямар нэгэн байдлаар оролцоогүй болохыг үүгээр мэдэгдэж байна. 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр ажлаас гарснаас хойш тухайн компанийн үйл ажиллагаанд огт оролцоогүй болно. гэжээ.

 

3. Нэхэмжлэгчээс нотлох баримтаар: Өөрийн иргэний үнэмлэхийн хуулбар, Ю ХХК-тай байгуулсан 2022 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн №63 дугаартай 1+1 хөтөлбөрийн Аялал жуулчлалын гэрээний хуулбар, мөн өдөр Хаан банкин дахь Г.Н н 5027455952 дугаар данснаас Богд банкин дахь Ю ХХК-ийн 8170001882 дугаар дансанд 31,430,000 төгрөгийн гүйлгээ хийсэн тухай шилжүүлгийн мэдээллийн хуулбар, 2022 оны 8 дугаар сарын 26-ны өдөр Х.У ээс Г.Н д баталгаа гаргах тухай гар бичвэрийн эх хувь, Ю ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн мэдээлэл /хх 4-16, 30/ зэргийг шүүхэд гаргаж өгсөн.

 

Хариуцагчаас нотлох баримт шүүхэд гаргаагүй, хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүхийн журмаар нотлох баримт бүрдүүлээгүй болно.

 

Шүүх хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4 дэх хэсгүүдэд заасан шаардлага хангасан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь хянаад,   

 

ҮНДЭСЛЭХ нь

1. Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

  2. Нэхэмжлэгч Г.Н нь хариуцагч Ю ХХК-иас 2022 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр байгуулсан №63 дугаартай Аялал жуулчлалын гэрээний дагуу аялалын хөлсөнд төлсөн 31,430,000 төгрөгийг аялал зохион байгуулагдаагүй үндэслэлээр буцаан гаргуулахаар шаардах эрхээ тодорхойлсон.

3. Хариуцагч нь нэхэмжлэлийн хувийг гардаж авсан боловч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан эсэх талаар хариу тайлбар гаргаагүй, нотлох баримт шүүхэд ирүүлээгүй.

4. Г.Н нь Ю ХХК-тай 2022 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр №63 дугаартай Аялал жуулчлалын гэрээ /цаашид Гэрээ гэх/-г бичгээр байгуулж, аялал жуулчлал зохион байгуулагч Ю ХХК нь 2022 оны 8 дугаар сарын 10-ны өдрөөс 2022 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн хооронд Бүгд Найрамдах Турк Улсын 3 хотоор аялуулах үйлчилгээг үзүүлэх, жуулчин Г.Н нь аялалын үйлчилгээний хөлсөнд 31,430,000 төгрөг төлөхөөр харилцан тохиролцжээ. /хх 6-14/

 

Гэрээний агуулга, зорилгын хувьд дүгнэн үзвэл талуудын хооронд Иргэний хуулийн 370 дугаар зүйлийн 370.1 дэх хэсэгт зааснаар аялал жуулчлалын гэрээ байгуулагдсан, гэрээ хүчин төгөлдөр байна.

 

Аялал жуулчлалын гэрээгээр аялал жуулчлал зохион байгуулагч нь жуулчинд хэлэлцэн тохиролцсон үйлчилгээ үзүүлэх, жуулчин нь ийнхүү үйлчилгээ үзүүлсний төлөө хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээдэг.

 

5. Гэрээний дагуу Г.Н нь аялалын хөлс болох 31,430,000 төгрөгийг 2022 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр Ю ХХК-ийн Богд банк дахь 8170001882 дугаарын дансанд төлсөн болох нь мөнгөн шилжүүлгийн баримт /хх 15/-аар тогтоогдож байна.

 

Харин хэрэгт авагдсан Ю ХХК-ийн захирал гэх Х.У ээс гаргаж өгсөн 2022 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн баталгаа бүхий гар бичвэрийн эх хувь /хх 16/, зохигчийн тайлбараар жуулчин Г.Н г 2022 оны 8 дугаар сарын 10-ны өдрөөс 2022 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн хооронд Бүгд Найрамдах Турк Улсын 3 хотоор аялуулах үйлчилгээг хариуцагч үзүүлж чадаагүй нь тогтоогдсон бөгөөд чухам юуны учир ийнхүү аялал зохион байгуулагдаагүй талаарх баримтыг шүүхэд гаргаагүй, үүнтэй холбоотой нотлох баримт бүрдүүлэх хүсэлтийг шүүхээр шийдвэрлүүлээгүй тул байгаа баримтын хүрээнд хэргийг шийдвэрлэх нь зүйтэй гэж үзсэн болно.

6. Гэрээний 4.1-т Жуулчин аялалын компаниас гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг шаардах эрхтэй., 5.1-т Талуудын аль нэг нь энэхүү гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн болон хэсэгчлэн биелүүлээгүйн улмаас гэрээний нөгөө талд учирсан хохирлыг гэм буруутай тал хариуцаж, үүссэн хохирлыг нөхөн төлөх үүрэг хүлээнэ., гэж талууд тохиролцжээ.

Дээрх хугацаанд аялал зохион байгуулагдаагүй, нэхэмжлэгч нь аялалыг үргэлжлүүлэх хүсэлт гаргаагүй тул хариуцагч нь Иргэний хуулийн 378 дугаар зүйлийн 378.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн аялалын хөлсийг буцаан олгох үндэслэлтэй.

Иймд хариуцагч Ю ХХК-иас 31,430,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г.Н д олгохоор шийдвэрлэв.

7. Ийнхүү шийдвэрлэсэнтэй холбогдуулан улсын тэмдэгтийн хураамжийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт заасан зарчимд нийцүүлэн хуваарилав.

8. Хариуцагч Ю ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд А.Х нь тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...миний бие 2019 оны 2 дугаар сарын 1-ний өдрөөс 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл хугацаанд Ю ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан. Би холбогдох дүрэм, журмын дагуу ажлаас халагдах өргөдлөө үүсгэн байгуулагч Х.У т өгсөн. Тус өргөдлийг хүлээн авч ажлаас чөлөөлсөн боловч компанийн улсын бүртгэл дээр яагаад миний нэр бүртгэлтэй байгаа талаар мэдэхгүй байна. Мөн нэхэмжлэл гаргасан хүнийг огт танихгүй, гэрээ байгуулах үйл явцад ямар нэгэн байдлаар оролцоогүй. ... гэжээ.

Хариуцагч Ю ХХК нь 2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр улсын бүртгэлд бүртгүүлж, регистрийн 6251005 дугаарыг авсан, гадаад худалдаа, автомашин болон түрээсийн үйлчилгээ, аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 1 гишүүнтэй ХХК байх бөгөөд үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч нь Х.У , гүйцэтгэх захирал А.Х болох нь хуулийн этгээдийн улсын бүртгэлийн мэдээлэл /хх 30/-ээр тогтоогдож байна.

Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт заасны дагуу иргэний эрх зүйн чадвартай хуулийн этгээд болохынхоо хувьд өөрийн нэрээр эрх олж, үүрэг хүлээдэг, үйл ажиллагаанаасаа бий болох үр дагаврыг эд хөрөнгөөрөө өөрөө хариуцдаг тул тус ХХК-ийн гүйцэтгэх удирдлага солигдсон гэх асуудал нь компанийн дотогш чиглэсэн маргаанд хамаарахаас бус гадагшаа чиглэсэн харилцаанд буюу хуулийн этгээд өөрийн нэрээр эрх олж, үүрэг хүлээх Иргэний хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт заасан зохицуулалтад хамаарахгүй, ач холбогдолгүй болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 370 дугаар зүйлийн 370.1, 378 дугаар зүйлийн 378.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ю ХХК-иас 31,430,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Г.Н д олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Г.Н н улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 315,100 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ю ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 315,100 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г.Н д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсгүүдэд зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсгүүдэд зааснаар шүүх хуралдаанд оролцсон зохигч шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй явдал давж заалдах журмаар гомдол гаргах хугацаа тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БИЛГҮҮН