Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 06 сарын 26 өдөр

Дугаар 210/МА2023/01268

 

 

2023 оны 06 сарын 26 өдөр

Дугаар 210/МА2023/01268

 

 

А-н нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш даргалж, шүүгч М.Баясгалан, шүүгч Т.Бадрах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 181/ШШ2023/01247 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: А-н нэхэмжлэлтэй

Хариуцагч: Б ХХК-д холбогдох,

31,430,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Т.Бадрах илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч А-, хариуцагчийн төлөөлөгч Х-, хариуцагчийн өмгөөлөгч Ц.Мөнхбат, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Минжээ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга: 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр Б ХХК-тай 1+1 хөтөлбөрийн аялал жуулчлалын гэрээг байгуулан 4,490,000 төгрөгийн үнэ бүхий 7 багц авсан бөгөөд 31,430,000 төгрөгийг тус компанийн Богд банк дахь дансанд шилжүүлсэн.

Гэрээний дагуу 2022 оны 08 дугаар сарын 10-наас 30-ны өдрийн хооронд аялах байсан боловч өнөөг хүртэл аялуулаагүй. Б ХХК-ийн захирал У- хэзээ мөдгүй мөнгийг төлнө гэж аргацаасаар өнөөг хүрлээ. 2022 оны 08 дугаар сарын 26-ны өдөр биечлэн уулзах үед 2022 оны 09 дүгээр сарын 6-ны дотор төлж барагдуулна, хэрвээ чадахгүй болбол хуулийн дагуу дараагийн шатны арга хэмжээ авахыг хүлээн зөвшөөрч байна гэсэн албан бичиг үйлдэж өгсөн боловч мөн хугацаандаа өгөөгүй.

Миний бие цаашид тэвчин хүлээх боломжгүй болсон ба надтай адил өөр олон хүн хуулийн байгууллагад хандан мөнгөө нэхэмжилж байгааг дуулсан. Иймд хариуцагчаас 31,430,000 төгрөгийг гаргуулж өгнө үү.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга: Х- миний бие 2019 оны 2 дугаар сарын 1-ний өдрөөс 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл хугацаанд Б ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан. Би холбогдох дүрэм, журмын дагуу ажлаас халагдах өргөдлөө үүсгэн байгуулагч У-т өгсөн. Тус өргөдлийг хүлээн авч ажлаас чөлөөлсөн боловч компанийн улсын бүртгэл дээр яагаад миний нэр бүртгэлтэй байгааг мэдэхгүй байна. Мөн нэхэмжлэл гаргасан хүнийг огт танихгүй, гэрээ байгуулах үйл явцад ямар нэгэн байдлаар оролцоогүй. 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр ажлаас гарснаас хойш тухайн компанийн үйл ажиллагаанд огт оролцоогүй болно.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 370 дугаар зүйлийн 370.1, 378 дугаар зүйлийн 378.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б ХХК-аас 31,430,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч А-д олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч А-н улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 315,100 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 315,100 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч А-д олгож шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Б ХХК-ийн гүйцэтгэх захирал Х- нь хувьцаа эзэмшигч У-тэй 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулан ажилд орсон. 2019 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөж, хөдөлмөрийн гэрээ ажилтны санаачилгаар цуцлагдсан байна. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуульд зааснаар гүйцэтгэх захирлыг ажлаас чөлөөлсөн шийдвэрийг хувьцаа эзэмшигч бүртгүүлэх үүрэг хүлээнэ.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр, 2022 оны 08 дугаар сарын 26-ны өдрүүдэд Б ХХК-ийн захирлаар У- ажиллаж байсан, Х- ажиллаж байгаагүй нь тогтоогдсон атал Х-ыг хариуцагчаар татаж, шүүх хуралдаанд оролцуулж байгаа нь бодит үнэнийг тогтоох, мэтгэлцэх зарчмыг хэрэгжүүлээгүй гэж үзэх үндэслэлтэй юм. Учир нь хууль ёсны ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд биш бөгөөд зөвхөн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаанд байгаа гэсэн үндэслэлээр хариуцагчийг төлөөлүүлж байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нийцэхгүй.

Х- нь гүйцэтгэх захирлын албан тушаалаас чөлөөлөгдсөн нь нийгмийн даатгалын лавлагаагаа, мөн талуудын хооронд байгуулсан гэрээ, баталгаа зэрэг нотлох баримтаар нотлогдоно.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү.

 

5. Давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн гаргасан тайлбарын агуулга: У- шүүх хуралдааны товыг хүлээн авсан боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирэхгүй байсан тул түүнийг албадан ирүүлэх тухай хүсэлт гаргасан. Үүний дагуу тухайн компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд болох Х- шүүхэд ирсэн нь хуулийн дагуу болсон гэж үзэж байна. Эрүүгийн журмаар энэ маргаан шалгагдаагүй. Шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулав.

 

2. Нэхэмжлэгч А- нь хариуцагч Б ХХК-д холбогдуулан аялал жуулчлалын гэрээний дагуу аялалын хөлсөнд төлсөн 31,430,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

 

3. Анхан шатны шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлээд дараах үйл баримтыг зөв тогтоосон байна. Үүнд:

3.1. А- нь Б ХХК-тай 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр аялал жуулчлалын гэрээ бичгээр байгуулсан, уг гэрээгээр Б ХХК нь 2022 оны 08 дугаар сарын 10-ны өдрөөс 08 дугаар сарын 30-ны өдрийн хооронд Турк улсын 3 хотоор аялуулах үйлчилгээг үзүүлэх, жуулчин А- нь аяллын үйлчилгээний хөлс 31,430,000 төгрөг төлөхөөр харилцан тохиролцсон /хх 6-14/,

3.2. 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр А- нь Б ХХК руу 31,430,000 төгрөг шилжүүлсэн /хх 15/.

 

4. Талуудын хооронд Иргэний хуулийн 370 дугаар зүйлийн 370.1 дэх хэсэгт заасан аялал жуулчлалын гэрээ байгуулагдсан, гэрээ хүчин төгөлдөр гэж анхан шатны шүүх зөв дүгнэсэн байна.

 

4.1. Нэхэмжлэгч нь аялал зохион байгуулагдаагүй үндэслэлээр гэрээнээс татгалзаж, аяллын үйлчилгээний хөлсөнд төлсөн мөнгөн хөрөнгийг буцаан шаардсан. Хариуцагч нь аялал зохион байгуулагдаагүй гэх нэхэмжлэгчийн байр суурийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар няцааж маргаагүй.

Иймд анхан шатны шүүх хариуцагчаас 31,430,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.

 

4.2. Харин анхан шатны шүүх нэхэмжлэгч Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчийг үүргээ биелүүлээгүй үндэслэлээр гэрээнээс татгалзсан байхад үүнд хамааралгүй мөн хуулийн 378 дугаар зүйлийн 378.1 дэх хэсгийг баримтлан нэхэмжлэлийг шийдвэрлэсэн нь буруу байх тул залруулж өөрчлөлт оруулна.

Учир нь Иргэний хуулийн 378 дугаар зүйлийн 378.1 дэх хэсгийн хэм хэмжээ нь жуулчин аялал эхлэхээс өмнө хэдийд ч гэрээнээс татгалзах асуудлыг зохицуулсан байдаг.

 

5. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талаар гаргасан хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй.

 

5.1. Анхан шатны шүүх хариуцагч Б ХХК-ийн гүйцэтгэх захирал болох нь улсын бүртгэлийн лавлагаагаар тогтоогдсон Х-т нэхэмжлэлийн хувийг гардуулж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан нь Иргэний хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.1, 83.3, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1, 35.2 дахь хэсэгт нийцжээ /хх 30, 52/.

Мөн шүүхийн зүгээс 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Б ХХК-ийн хувьцаа эзэмшигч У-т нэхэмжлэлийн хувийг гардуулсан боловч хариу тайлбар ирүүлээгүй байна.

Х- нь хариуцагч байгууллагыг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхгүй гэж үзэх баримт хэрэгт авагдаагүй байх ба түүнийг гүйцэтгэх захирлын албан тушаалаас чөлөөлөгдсөн байхад холбогдох улсын бүртгэл хийгдээгүй гэх хариуцагчийн төлөөлөгчийн тайлбар нь энэ хэрэгт хамааралгүй, тухайн хуулийн этгээдийн дотоод асуудал болно.

 

6. Дээрх үндэслэлээр хариуцагчийн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 181/ШШ2023/01247 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтын 378 дугаар зүйлийн 378.1 гэснийг 205 дугаар зүйлийн 205.1 гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн төлөөлөгч давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 315,100 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЭНЭБИШ

 

ШҮҮГЧИД М.БАЯСГАЛАН

 

Т.БАДРАХ