Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 04 сарын 27 өдөр

Дугаар 142/ШШ2023/00639

 

 

 

 

 

2023 оны 04 сарын 27 өдөр

Дугаар 142/ШШ2023/00639

Орхон аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Бямбасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Сити Тауэр бизнес төв 18 давхарт байрлах, Б ХХК /РД:**********, ******, ***********/

 

Хариуцагч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Оюут баг, 2 дугаар хороолол, 40а байр, 205 тоотод байрлах К  к ХХК /РД: *********, 99076853/

 

Нэхэмжлэлийн шаардлага: 14,677,000 төгрөг, 10 ширхэг заслын шат гаргуулах тухай нэхэмжлэлийг 2023 оны 03 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, 2023 оны 03 дугаар сарын 09-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ү.А, Г.Б-Э /цахимаар/

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Э,

Гэрч Б.Б /цахимаар/

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Сувд-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Б ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б ХХК нь К кХХК-тай 2021 оны 09 дугаар сарын 20-ны өдөр 21/65 дугаар бүхий Эд хөрөнгө хөлслөх гэрээ байгуулан барилгын хэв хашмал хөлслүүлсэн юм. Тус гэрээгээр хөлслүүлэгч нь хөлслүүлэгчид барилга барих, барилгын угсралт, засварын ажил явуулах аж ахуйн үндсэн үйл ажиллагаагаа хэрэгжүүлэхэд нь зориулж барилгын хэв хашмал хөлслүүлж, хөлслөгч нь төлбөрийг төлөх, хөлсний эд зүйлийг тогтоосон хугацаанд буцаан өгөхөөр харилцан тохиролцож дараах эд зүйлийг хөлслүүлсэн. Үүнд:

Заслын шат - 50 ширхгийг 10 хоногийн хугацаатай 1 ширхгийн 1 хоногийн үнийг 2000 төгрөгөөр тооцож, бүгд нийт үнэ 700,000 төгрөгөөр түрээслүүлсэн. Хөлслөгч нь хөлсний зүйлийг дараах хоногоор ашиглаж хэсэгчлэн хүлээлгэн өгөв. Үүнд:

1.10 ширхэг заслын шатыг 54 хоног ашигласан түрээсийн төлбөрт 1,080,000 төгрөг;

2.30 ширхэг заслын шатыг 49 хоног ашигласан түрээсийн төлбөрт 2,940,000 төгрөг;

3.10 ширхэг заслын шатыг 430 хоног ашигласан түрээсийн төлбөрт 8,600,000 төгрөг, нийт түрээсийн үндсэн төлбөр 12,620,000 төгрөг болсон. Үүнээс 2,700,000 төгрөгийг төлсөн бөгөөд одоо 9,920,000 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Мөн 10 ширхэг заслын шатыг хүлээлгэж өгөөгүй байна. Талуудын хооронд байгуулагдсан Эд хөрөнгө хөлслөх гэрээний /Барилгын хэв хашмал/-ний 6 дугаар зүйлийн 6.2-д Хөлслөгч нъ баршгын хэв хаишалын хөлсийг гэрээнд заасан хугацаанд төлөөгүй бол гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс хугацаа хэтэрсэн хоног тутамд 0.5%-ийн алданги төлнө гэж заасны дагуу алдангид 21,328,000 төгрөг бодогдож байна. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасны дагуу түрээсийн үндсэн төлбөрийн 50 хувиар алданги тооцоход 4,960,000 төгрөг болж байна. Түрээсийн үндсэн төлбөр 9,920,000 төгрөг, алдангид 4,960,000 төгрөг, нийт 14,880,000 төгрөгийн үлдэгдэл төлбөр тооцоотой байна.

1. К к ХХК-с Барилгын хэв хашмалын түрээсийн үндсэн төлбөр 9,920,000 төгрөг, алдангид 4,960,000 төгрөг, нэхэмжлэл гаргахтай холбогдсон зардалд 7,000 төгрөг, нийт 14,887,000 төгрөгөөс гэрээ байгуулахад байршуулсан барьцаа төлбөр 210,000 төгрөгийг хасч тооцон 14,677,000 төгрөг гаргуулах;

2.  ХХК-с 2021 оны 09 сарын 20-ны өдрийн 21/65 дугаар Эд хөрөнгө хөлслөх гэрээний дагуу ашиглуулсан 10 ширхэг заслын шат гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч К кХХК шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Манай компани нь Б ХХК-иас 2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 21/65 тоот дугаар бүхий эд хөрөнгө хөлслөх гэрээг байгуулж 50 ширхэг барилгын шатыг хөлсөлсөн. 40 ширхэг шатны төлбөр болох 2,940,000 төгрөг, 1,080,000 төгрөгийг төлбөрийг төлөх нь үнэн. Үлдэгдэл 10 ширхэг шатыг Б ХХК-ийн захирал Болдбаатартай утсаар ярин нэг бүрийн үнийг 100,000 төгрөгөөр тохиролцож, 1,000,000 төгрөг төлөхөөр тохирсон. Гэвч 2022 оны 09 сард Б ХХК-ийн хуулийн зөвлөх ярьж жилийн түрээс болсон гэж хэлсэн үүнээс хойш энэ асуудал шийдэгдэхгүй явсаар өдий хүрсэн иймд манай компанийн зүгээс дахин тооцоо нийлэх акт үйлдэн 40 ширхэг шатны төлбөр болох 1,080,000 төгрөг, 2,940,000 төгрөг, 10 ширхэг шатны үнэ болох 1,000,000 төгрөг, нийт 5,020,000 төгрөгийн төлбөрөөс манай төлсөн 2,700,000 төгрөгийг хасаж 2,320,000 төгрөгийг төлөх мөн хугацаандаа төлбөрөө төлөөгүйн алдангийг төлөхөө хүлээн зөвшөөрч байна гэжээ.

 

Нэхэмжлэгчээс: Б ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх-3/, эд хөрөнгө хөлслөх гэрээ /хх-4-8/, К кХХК-ийн түрээсэнд гарсан хэв хашмалын тооцоо 21/65 /хх-10/, итгэмжлэл /хх-11/, Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 181/ШШ2023/00082 дугаартай шийдвэр /хх-12-14/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-16-17/, Баянхонгор аймгийн Баян-Ооо сумын 1 дүгээр багийн Засаг даргын тодорхойлолт /хх-4/, 6101000526 дугаартай төрсний гэрчилгээний хуулбар /хх-5/ зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.

 

Хариуцагчаас: хариу тайлбар /хх-33/-ыг шүүхэд гаргаж өгсөн.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б ХХК нь хариуцагч К к ХХК-д холбогдуулан 14,677,000 төгрөг, 10 ширхэг заслын шат гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгч Б ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б ХХК нь К кХХК-тай 2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр 21/65 дугаар бүхий Эд хөрөнгө хөлслөх гэрээ байгуулан барилгын хэв хашмал хөлслүүлсэн, хөлслөгч нь төлбөрийг төлөх, хөлсний эд зүйлийг тогтоосон хугацаанд буцаан өгөхөөр харилцан тохиролцсон боловч мөнгөө гүйцэд төлөөгүй, 10 ширхэг шат эргүүлж өгөөгүй гэж нэхэмжлэлийнхээ шаардлагыг үндэслэж байна.

 

Хариуцагч нь нэхэмжлэгчээс 2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр эд хөрөнгө хөлслөх гэрээ байгуулж 50 ширхэг барилгын шатыг хөлсөлсөн, 40 ширхэг шатны төлбөр болох 2,940,000 төгрөг, 1,080,000 төгрөг, 10 ширхэг шатны үнэ болох 1,000,000 төгрөг, нийт 5,020,000 төгрөгийн төлбөрөөс манай төлсөн 2,700,000 төгрөгийг хасаж 2,320,000 төгрөгийг төлөх, мөн хугацаандаа төлбөрөө төлөөгүйн алдангийг төлөхийг зөвшөөрч байна гэж тайлбарлаж байна.

 

Нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд эд хөрөнгө хөлслөх гэрээ байгуулж Заслын шат - 50 ширхэгийг 10 хоногийн хугацаатай 1 ширхэгийн 1 хоногийн үнийг 2000 төгрөгөөр тооцож, бүгд нийт үнэ 700,000 төгрөгөөр түрээслүүлсэн.

 

Нэхэмжлэгч нь хариуцагч заслын шатыг дараах хоногоор ашиглаж хэсэгчлэн хүлээлгэн өгсөн. Үүнд:10 ширхэг заслын шатыг 54 хоног ашигласан түрээсийн төлбөрт 1,080,000 төгрөг, 30 ширхэг заслын шатыг 49 хоног ашигласан түрээсийн төлбөрт 2,940,000 төгрөг, 10 ширхэг заслын шатыг 430 хоног ашигласан түрээсийн төлбөрт 8,600,000 төгрөг, нийт түрээсийн үндсэн төлбөр 12,620,000 төгрөг болсон. Үүнээс 2,700,000 төгрөгийг төлсөн бөгөөд одоо 9,920,000 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Мөн 10 ширхэг заслын шатыг хүлээлгэж өгөөгүй байна. Хариуцагч нь түрээсийн үндсэн төлбөр 9,920,000 төгрөг, алдангид 4,960,000 төгрөг, нийт 14,880,000 төгрөгийн үлдэгдэл төлбөр тооцоотой байна гэж тайлбарлаж байна.

 

Талууд Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1-д зааснаар эд хөрөнгө хөлслөх гэрээг бичгээр байгуулжээ. Дээрх гэрээгээр хөлслүүлэгч нь хөлслөгчийн эзэмшил ашиглалтад тодорхой эд хөрөнгийг түр хугацаагаар шилжүүлэх, хөлслөгч нь эд хөрөнгө ашигласны хөлсийг төлөх үүргийг тус тус хүлээнэ.

 

Нэхэмжлэгч эд хөрөнгө хөлслөх гэрээний дагуу хариуцагчид 5 ширхэг заслын шатыг хүлээлгэж өгсөн, харин хариуцагч эд хөрөнгө ашигласны хөлсийг төлөх үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй хугацаа хэтрүүлсэн байна. Иргэний хуулийн 289 дүгээр зүйлийн 289.1.2-д зааснаар хөлслөгч нь эд хөрөнгө ашигласны хөлсийг хугацаанд нь төлөх үүргээ биелүүлээгүй байна. Түүнчлэн мөн хуулийн 289 дүгээр зүйлийн 289.1.5-д зааснаар гэрээ дуусгавар болоход эд хөрөнгийг хөлслүүлэгчид бүрэн бүтэн буцааж өгөх үүрэгтэй.

 

Хариуцагч нь 50 ширхэг шатнаас 10 ширхэг шатыг нь худалдаж авсан гэж тайлбарлаж байгаа боловч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа энэхүү үндэслэлээ нотлох баримтаар нотлож чадахгүй байна. Гэрч Болдбаатарын мэдүүлгээр нэхэмжлэгч нь хариуцагчаас шатаа буцаан өгөх, шат ашигласны төлбөрийг төлөхийг удаа дараа шаардаж байсан, худалдах-худалдан авах гэрээний талаар ярилцаагүй, шатыг буцааж өгч, хөлсийг төлснийхөө дараа энэ тухай ярь гэж хэлсэн гэж мэдүүлж байна.

 

Иргэний хуулийн 295 дугаар зүйлийн 295.4-д Гэрээ дуусгавар болоход хөлслөгч эд хөрөнгийг буцааж өгөх хугацааг хойшлуулсан бол хөлслүүлэгч өөрт учирсан хохирлоо хожимдуулсан хугацааны турш төлвөл зохих хөлсний хэмжээгээр шаардах эрхтэй гэж заасны дагуу эд хөрөнгө хөлслөх гэрээний харилцаа дуусгавар болсноос хойш хариуцагч эд хөрөнгө буюу 10 шатыг буцааж өгөөгүй, 40 шатыг хугацаа хэтрүүлж буцааж өгсөн нь батлагдаж байх тул нэхэмжлэгч шаардах эрхтэй, нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэстэй байна.

 

Талуудын хооронд байгуулагдсан Эд хөрөнгө хөлслөх гэрээ /Барилгын хэв хашмал/-ний 6 дугаар зүйлийн 6.2-д Хөлслөгч нь барилгын хэв хашмалын хөлсийг гэрээнд заасан хугацаанд төлөөгүй бол гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс хугацаа хэтэрсэн хоног тутамд 0.5%-ийн алданги төлнө гэж заасан боловч эд хөрөнгийг ашигласан хугацааны хоногоор тооцож эд хөрөнгө ашигласны хөлсийг нэхэмжлэгчид гаргуулж олгохоор шийдвэрлэсэн тул алданги гаргуулах үндэслэлгүй байна гэж шүүх дүгнэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116 , 118 дугаар зүйлд  заасныг удирдлага болгон  ТОГТООХ  нь:

 

1.Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1, 289 дүгэр зүйлийн 289.1.5, 295 дугаар зүйлийн 295.4-д заасныг баримтлан “К к” ХХК-иас 9,920,000 төгрөг, 10 ширхэг заслын шат гаргуулж “Б” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 4,960,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 301,535 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч К кХХК-иас 301,535 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б ХХК-д олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БЯМБАСҮРЭН