Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 06 сарын 15 өдөр

Дугаар 207/МА2023/00063

 

 

 

 

 

 

 

 

2023 06 15 207/МА2023/00063

 

 

 

БХХК-ийн нэхэмжлэлтэй,

хариуцагч К ХХК-д

холбогдох иргэний хэргийн тухай

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Б даргалж, Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.А, шүүгч С.У нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн 107 дугаар танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн ...................... дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: БХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: К ХХК-д холбогдох,

Гэрээний үүрэгт 14.677.000 төгрөг, 10 ширхэг заслын шат гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ү.А-ын гаргасан давж заалдсан гомдлын үндэслэн 2023 оны 06 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Уийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ү.А-, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Р, нарийн бичгийн дарга Н.Б нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч БХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

БХХК нь К ХХК-тай 2021 оны 09 дугаар сарын 20-ны өдөр .... дугаар бүхий Эд хөрөнгө хөлслөх гэрээ байгуулан барилгын хэв хашмал хөлслүүлсэн юм. Тус гэрээгээр хөлслүүлэгч нь хөлслүүлэгчид барилга барих, барилгын угсралт, засварын ажил явуулах аж ахуйн үндсэн үйл ажиллагаагаа хэрэгжүүлэхэд нь зориулж барилгын хэв хашмал хөлслүүлж, хөлслөгч нь төлбөрийг төлөх, хөлсний эд зүйлийг тогтоосон хугацаанд буцаан өгөхөөр харилцан тохиролцож дараах эд зүйлийг хөлслүүлсэн. Үүнд: Заслын шат- 50 ширхэгийг 10 хоногийн хугацаатай 1 ширхэгийн 1 хоногийн үнийг 2000 төгрөгөөр тооцож, бүгд нийт үнэ 700.000 төгрөгөөр түрээслүүлсэн. Хөлслөгч нь хөлсний зүйлийг дараах хоногоор ашиглаж хэсэгчлэн хүлээлгэн өгөв. Үүнд: Нэг.10 ширхэг заслын шатыг 54 хоног ашигласан түрээсийн төлбөрт 1.080.000 төгрөг, Хоёр. 30 ширхэг заслын шатыг 49 хоног ашигласан түрээсийн төлбөрт 2.940.000 төгрөг, Гурав.10 ширхэг заслын шатыг 430 хоног ашигласан түрээсийн төлбөрт 8.600.000 төгрөг, нийт түрээсийн үндсэн төлбөр 12.620.000 төгрөг болсон. Үүнээс 2.700.000 төгрөгийг төлсөн бөгөөд одоо 9.920.000 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Мөн 10 ширхэг заслын шатыг хүлээлгэж өгөөгүй байна. Талуудын хооронд байгуулагдсан Эд хөрөнгө хөлслөх гэрээний /Барилгын хэв хашмал/-ний 6 дугаар зүйлийн 6.2-д хөлслөгч нь барилгын хэв хашмалын хөлсийг гэрээнд заасан хугацаанд төлөөгүй бол гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс хугацаа хэтэрсэн хоног тутамд 0.5%-ийн алданги төлнө гэж заасны дагуу алдангид 21.328.000 төгрөг бодогдож байна. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасны дагуу түрээсийн үндсэн төлбөрийн 50 хувиар алданги тооцоход 4.960.000 төгрөг болж байна. Түрээсийн үндсэн төлбөр 9.920.000 төгрөг, алдангид 4.960.000 төгрөг, нийт 14.880.000 төгрөгийн үлдэгдэл төлбөр тооцоотой байна. Нэг. К ХХК-с барилгын хэв хашмалын түрээсийн үндсэн төлбөр 9.920.000 төгрөг, алдангид 4.960.000 төгрөг, нэхэмжлэл гаргахтай холбогдсон зардалд 7.000 төгрөг, нийт 14.887.000 төгрөгөөс гэрээ байгуулахад байршуулсан барьцаа төлбөр 210.000 төгрөгийг хасч тооцон 14.677.000 төгрөг гаргуулах, Хоёр. К ХХК-с 2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн .... дугаар эд хөрөнгө хөлслөх гэрээний дагуу ашиглуулсан 10 ширхэг заслын шат гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч К ХХК шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

Манай компани нь БХХК-иас 2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн .... дугаар бүхий эд хөрөнгө хөлслөх гэрээг байгуулж 50 ширхэг барилгын шатыг хөлсөлсөн. 40 ширхэг шатны төлбөр болох 2.940.000 төгрөг, 1.080.000 төгрөгийн төлбөрийг төлөх нь үнэн. Үлдэгдэл 10 ширхэг шатыг БХХК-ийн захирал Б-тай утсаар ярин нэг бүрийн үнийг 100.000 төгрөгөөр тохиролцож, 1.000.000 төгрөг төлөхөөр тохирсон. Гэвч 2022 оны 09 дүгээр сард БХХК-ийн хуулийн зөвлөх ярьж жилийн түрээс болсон гэж хэлсэн. Үүнээс хойш энэ асуудал шийдэгдэхгүй явсаар өдий хүрсэн. Иймд манай компанийн зүгээс дахин тооцоо нийлэх акт үйлдэн 40 ширхэг шатны төлбөр болох 1.080.000 төгрөг, 2.940.000 төгрөг, 10 ширхэг шатны үнэ болох 1.000.000 төгрөг, нийт 5.020.000 төгрөгийн төлбөрөөс манай төлсөн 2.700.000 төгрөгийг хасаж 2.320.000 төгрөгийг төлөх мөн хугацаандаа төлбөрөө төлөөгүйн алдангийг төлөхөө хүлээн зөвшөөрч байна гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн ....................... дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1, 289 дүгэр зүйлийн 289.1.5, 295 дугаар зүйлийн 295.4-д заасныг баримтлан К ХХК-иас 9.920.000 төгрөг, 10 ширхэг заслын шат гаргуулж БХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 4.960.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 301.535 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч К ХХК-иас 301.535 төгрөг гаргуулан нэхэмжлэгч БХХК-д олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ү.А- давж заалдах гомдолдоо:

БХХК-ийн нэхэмжлэлтэй, К ХХК-д холбогдох иргэний хэргийг Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн ...................... дугаар шийдвэрээр К ХХК-с 9.920.000 төгрөг, 10 ширхэг заслын шат гаргуулж БХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 4.960.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэжээ. Дээрх шийдвэрийн холбогдох хэсгийг БХХК дараах үндэслэлээр эс зөвшөөрч, давж заалдах шатны журмаар гомдол гаргаж байна. БХХК нь К ХХК-с барилгын хэв хашмалын түрээсийн үндсэн төлбөр 9.920.000 төгрөг, алдангид 4.960.000 төгрөг, нэхэмжлэл гаргахтай холбогдсон зардалд 7.000 төгрөг, нийт 14.887.000 төгрөгөөс гэрээ байгуулахад байршуулсан барьцаа төлбөр 210.000 төгрөгийг хасч тооцон 14.677.000 төгрөг гаргуулах, К ХХК-с 2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн .... дугаар эд хөрөнгө хөлслөх гэрээний дагуу ашиглуулсан 10 ширхэг гаргуулах тус тус нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Гэвч алданги шаардсан 4.960.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгожээ. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт талуудын хооронд байгуулагдсан эд хөрөнгө хөлслөх гэрээ /Барилгын хэв хашмал/-ний 6 дугаар зүйлийн 6.2-д Хөлслөгч нь барилгын хэв хашмалын хөлсийг гэрээнд заасан хугацаанд төлөөгүй бол гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс хугацаа хэтэрсэн хоног тутамд 0.5%-ийн алданги төлнө гэж заасан боловч эд хөрөнгийг ашигласан хугацааны хоногоор тооцож эд хөрөнгө ашигласны хөлсийг нэхэмжлэгчид гаргуулж олгохоор шийдвэрлэсэн тул алданги гаргуулах үндэслэлгүй байна гэж шүүх дүгнэлээ" гэж үзсэн байна. Гэвч Б" ХХК болон К ХХК нь эд хөрөнгө хөлслөх гэрээний 2.2 дахь хэсэгт гэрээнд заасан хугацаа өнгөрсөн ч үргэлжлүүлэн хөлсөлсөн буюу гэрээг цуцлах саналыг гаргаагүй бол гэрээ тухайн нөхцөлөөр 1 сар сунгагдахаар тохирсон. Өөрөөр хэлбэл, заслын шат хөлсөлсний төлбөрийг сар бүр төлөх ёстой байсан тул 10 ширхэг шатыг 430 хоног хөлсөлсөн нь сар бүр төлөх ёстой байсан түрээсийн төлбөрийг гүйцэтгээгүй алдангиас чөлөөлөгдөх үндэслэл болохгүй юм. К ХХК-ийн зөвхөн 10 ширхэг шат хөлсөлсний сар бүр гүйцэтгэх буюу төлөх ёстой байсан үүргийн үнийн дүнгээс алданги тооцоход нийт 9.928.600 төгрөг (хавсралт№1) болж байна. Мөн "Б" ХХК нь нийт 10 ширхэг заслын шатыг 430 хоног хөлсөлсөн алдангиас гадна 10 ширхэг заслын шатыг 54 хоног хөлсөлсний төлбөрт 1,080,000 төгрөг, 30 ширхэг заслын шатыг 49 хоног хөлсөлсөн төлбөрт 2,940,000 төгрөг" тус тус төлөгдөөгүй буюу хариуцагчийн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс алдангийг мөн нэхэмжилсэн байдаг. Энэхүү хөлсний төлбөрөөс алданги тооцоход 8,643,000 төгрөг болж байна. Гэвч шүүхээс дээрх заслын шатны түрээсийн төлбөрт төлөх ёстой байсан 4,020,000 төгрөгийн 50 хувиар алданги тооцсон 2,010,000 төгрөгийг анхаарч үзээгүй байна. Ийнхүү нийт 50 ширхэг заслын шат хөлсөлсний төлбөрийг хугацаандаа төлөөгүй алдангийг тооцоход нийт 18.571.600 төгрөг болж байна. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасны дагуу заслын шат хөлсөлсөн үндсэн төлбөр болох 9.920.000 төгрөгөөс 50 хувиас хэтрүүлэлгүй алданги тооцож 4.960.000 төгрөгийг гаргуулах шаардлага гаргахад үндэслэлгүйгээр хэрэгсэхгүй болгожээ. Мөн шүүхэд нэхэмжлэл гаргахтай холбогдсон нотариатын зардал 7.000 төгрөгийг хариуцагч К ХХК-с гаргуулах шаардлага гаргасан боловч энэхүү шаардлагын тухай шүүхээс огт дүгнэлт өгөөгүй, шийдвэрийн тогтоох хэсэгт огт дурьдаагүй орхигдуулж нэхэмжлэгчийн шүүхэд хандах эрхийг ноцтой зөрчсөн байна. Иймд хариуцагч К ХХК-с алдангид 4.960.000 төгрөг, нотариатын зардалд 7.000 төгрөг гаргуулж, Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн ...................... дугаар шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү. Хавсралтаар10 шатанд холбогдох алдангийн тооцоолол хавсаргав гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т заасан шаардлагыг хангаагүй байна.

Давж заалдах шатны шүүх хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4.-т заасан үндэслэлээр хянав.

Нэхэмжлэгч БХХК нь хариуцагч К ХХК-д холбогдуулан 14.677.000 төгрөг, 10 ширхэг заслын шат гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хариуцагч К ХХК нь нэхэмжлэлийн зарим шаардлагыг зөвшөөрөөгүй маргажээ.

Нэхэмжлэгч БХХК нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ 2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр талуудын хооронд байгуулсан .... дугаар бүхий эд хөрөнгө хөлслөх тухай гэрээнд үндэслэн тодорхойлжээ.

Хариуцагч К ХХК нь нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгээс татгалзсан үндэслэлээ 50 ширхэг заслын шатнаас 10 ширхэг шатны нэг бүрийг нь 100.000 төгрөгөөр тооцож худалдан авахаар тохирсон гэсэн татгалзсан тайлбар гаргаж мэтгэлцсэн байна.

Шүүх хариуцагч эд хөрөнгө хөлслөх гэрээгээр 50 ширхэг заслын шат авснаас 40 ширхэг шатыг буцаан өгсөн, 10 ширхэг шатыг буцаан өгөөгүй 10 ширхэг шатыг худалдаж авсан гэж тайлбарлаж байгаа боловч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ нотлох баримтаар нотолж чадаагүй гэсэн дүгнэлт хийж Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1., 289 дүгээр зүйлийн 289.1.5., 295 дугаар зүйлийн 295.4.-т заасныг баримтлан хариуцагч К ХХК-иас 9.920.000 төгрөг, 10 ширхэг заслын шат гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэжээ.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үнэлэхэд зохигчдын хооронд 2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр эд хөрөнгө хөлслөх гэрээ байгуулж, заслын 50 ширхэг шатыг 10 хоногийн хугацаатай 1 ширхэг шатыг нэг хоногийн 2000 төгрөгөөр хөлсөлж нийт 700.000 төгрөгийн хөлс авахаар тохиролцсон байна.

Эд хөрөнгө хөлслөх гэрээний дагуу нэхэмжлэгч БХХК нь 50 ширхэг заслын шатыг хариуцагч талд хүлээлгэн өгч хариуцагч барилга барих, барилгын угсралт, засварын ажил явуулах аж ахуйн үндсэн үйл ажиллагаагаа хэрэгжүүлэхэд нь зориулж барилгын хэв хашмал хөлсөлж, үнийг тогтоосон хугацаанд төлж, буцаан өгөх үүрэг хүлээжээ. Гэрээний дагуу хариуцагч тал 10 ширхэг заслын шатыг 54 хоног, 30 ширхэг заслын шатыг 49 хоног, 10 ширхэг шатыг 430 хоног тус тус ашигласан, гэрээгээр тохирсон хугацаанд шатыг буцаан өгөөгүй хугацаа хэтрүүлэн ашигласан, тухайн хугацаанд эд хөрөнгө хөлсөлсөн төлбөрөө бүрэн төлөөгүй нийт 2.700.000 төгрөг төлсөн зэрэг үйл баримт тогтоогдсон байна.

Иргэний хуулийн 289 дүгээр зүйлийн 289.1.2.-т зааснаар хөлслөгч нь эд хөрөнгө ашигласны хөлсийг хугацаанд нь төлөх үүргээ хариуцагч тал биелүүлээгүй, Иргэний хуулийн 295 дугаар зүйлийн 295.4.-т гэрээ дуусгавар болоход хөлслөгч эд хөрөнгийг буцаан өгөх үүрэгтэй, буцаан өгөх хугацааг хойшлуулсан бол хөлслүүлэгч өөрт учирсан хохирлоо хожимдуулсан хугацааны турш төлбөл зохих хөлсний хэмжээгээр шаардах эрхтэй гэж заасны дагуу нэхэмжлэгч БХХК нь хариуцагч К ХХК-иас гэрээний хугацаа хэтрүүлсэн хоногийн тоогоор эд хөрөнгө ашигласан хугацааны хөлс төлөхийг шаардах эрхтэй, хариуцагч К ХХК нь хөлсийг төлөх үүрэгтэй тул эд хөрөнгө ашигласны хөлсийг төлүүлэхээр шийдвэрлэсэн нь Иргэний хуульд нийцсэн байна.

Хариуцагч тал 10 ширхэг заслын шатыг худалдан авахаар тохирсон гэж маргаж буй боловч нэхэмжлэлийн шаардлагын талаар татгалзлаа нотлох баримтаар нотлоогүй Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2.-т заасан үүргээ биелүүлээгүй байна.

Харин шүүх талууд гэрээндээ хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс хугацаа хэтэрсэн хоног тутамд 0.5 хувийн алданги төлнө гэж заасан боловч эд хөрөнгө хөлсөлсөн хугацааны хоногоор тооцож хөлсийг нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн тул алданги гаргуулах үндэслэлгүй гэсэн дүгнэлт хийж нэхэмжилсэн алдангийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6.-д заасантай нийцээгүй, хэрэгт хариуцагчийг алдангиас чөлөөлөх хүндэтгэн үзэх шалтгаан тогтоогдоогүй, энэ талаар нотлох баримт авагдаагүй хуульд заагаагүй үндэслэл заасан нь буруу байна.

Талууд гэрээндээ Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6.-д заасан алданги төлөхөөр тохирсон, хариуцагч К ХХК нь гэрээнд заасан хугацааг хэтрүүлсэн болох нь тогтоогдсон байх тул хуульд заасан гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн хариуцлага болох алдангийг төлөх үүрэгтэй. Мөн шүүх нэхэмжлэлийн нэг шаардлага болох нотариатын зардал 7.000 төгрөг гаргуулах тухай шаардлагыг шийдвэрлээгүй орхигдуулсан байх тул дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2. дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн ...................... дугаар шийдвэрийн 1 дүгээр заалтанд ...үндсэн төлбөр 9.920.000 төгрөг, алданги 4.960.000 төгрөг, нотариатын зардал 7.000 төгрөг нийт 14.677.000 төгрөг гаргуулсугай гэж,

Шийдвэрийн 2 дахь заалтанд 301.535 төгрөг гэснийг ...231.335 төгрөг гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар нэхэмжлэгч БХХК-ийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 94.422 төгрөгийг шүүгчийн захирамжаар төрийн сангаас буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5., 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.Б

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.А

ШҮҮГЧ С.У