Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 04 сарын 03 өдөр

Дугаар 101/ШШ2023/01676

 

 

 

 

 

 

 

 

 

2023 04 03 101/ШШ2023/01676

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Сарангүн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: хххххххххххххххххххххххх тоот хаягт оршин суух, О.Г /РД: ххххххххххххх/ нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ххххххххххххххххххххххххх тоот хаягт оршин суух, Ж.Мд /РД: хххххххх/ холбогдох

8,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч О.Г,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Нэмэхбаяр,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Чанцал,

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Хатантуул нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч О.Г шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

О.Г миний бие Ж.Мтай 2022 оны 08 сарын 16-ны өдөр тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээ байгуулсан ба уг гэрээгээр би өөрийн өмчлөлийн хххххххххххх арлын дугаартай, тоёота алфард маркийн 60-79УНВ улсын дугаартай авто машиныг 8,000,000 төгрөгөөр түүнд худалдсан.

Ингээд Ж.Мд авто машиныхаа өмчлөх эрхийг шилжүүлэн өгсөн. Авто машин Тайгын булаг авто ХХК-ийн ломбардад байсан ба ломбарднаас аваад түүнд худалдсан.

Ж.М авто машины үнэ 8,000,000 төгрөгийг мөнгөн хэлбэрээр нь эсхүл уг үнэтэй дүйцэх газар өгнө гэсэн боловч алийг нь ч өгөөгүй. Машинаа буцааж авах гэтэл бусдад худалдсан байсан. Иймд Ж.Маас авто машин үнэ 8,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Чанцал шүүхэд гаргасан тайлбартаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Ж.М нь О.Гтой 2022 оны 08 сарын 16-ны өдөр авто машин худалдах, худалдан авах гэрээ байгуулан О.Гийн өмчлөлийн Тайгын булаг ломбарданд байсан тоёота алфард маркийн авто машиныг 8,000,000 төгрөгөөр худалдан авахаар тохирсон.

Авто машиныг бусдад худалдсан. О.Гид Б м.кв талбай бүхий газрыг 8,000,000 төгрөгт тооцон өгөхөөр тохирсон байсан ба уг газрыг Засгийн газрын тогтоолын дагуу үнэлэхэд 27,000,000 төгрөгөөр үнэлэгдсэн бөгөөд газрын татвар 2,700,000 төгрөг, газрын ашигласны төлбөр 700,000 төгрөг тус тус төлөгдөөгүй.

Ж.М, О.Г нар уг татварыг хэн нь төлөх тал дээр маргасан юм билээ. О.Г чи татвараа төл гэдэг шаардлагыг Ж.Мд тавьсан.

Тухайн газар нь Ж.Мы бэрийн нэр дээр эзэмших эрхийн гэрчилгээтэй газар бөгөөд тохиролцсон газрыг шилжүүлэн өгөхөд татгалзах зүйлгүй гэв.

 

Нэхэмжлэгч О.Г нь нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, иргэний үнэмлэхийн лавлагаа,

2022 оны 08 сарын 16-ны өдөр байгуулсан тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээ-Ж.Мы иргэний үнэмлэхийн хуулбар-О.Гийн Хур системээс авсан иргэний үнэмлэхийн лавлагаа,

Тоёота алфард маркийн 6079 УНВ улсын дугаар бүхий авто машины тээврийн хэрэгсэл эзэмшигчийн гэрчилгээний хуулбар, Э.Нэмэхбаяр өмгөөлөгчтэй байгуулсан хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ зэрэг баримтуудыг ирүүлсэн байна.

 

Хариуцагч Ж.М нь Ш.Чанцалд олгосон итгэмжлэл, хариу тайлбарыг баримтаар ирүүлжээ.

 

Зохигчдын тайлбар, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч О.Г нь хариуцагч Ж.Мд холбогдуулан 8,000,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байна.

 

Нэхэмжлэгч О.Г нь хариуцагч Ж.Мтай 2022 оны 08 сарын 16-ны өдөр Тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээ-г байгуулан өөрийн өмчлөлийн хххххххххххх арлын дугаартай, тоёота алфард маркийн 2004 онд үйлдвэрлэгдсэн, 2013 оны 08 сарын 28-ны өдөр импортлогдсон, суудлын зориулалттай, ххххх улсын дугаартай авто машиныг худалдахаар,

худалдан авагч Ж.М нь авто машины үнэд 8,000,000 төгрөгийг гэрээ байгуулсан өдөр төлөхөөр харилцан тохиролцон гэрээ байгуулсан байна.

Талууд хүсэл зоригын илэрхийлэлээ болгон гарын үсгээ зуран баталгаажуулсан, хуулийн шаардлага хангасан хүчин төгөлдөр хэлцэл гэж үзэв.

/ХХ-ийн 4-5 дугаар тал/

Худалдах, худалдан авах гэрээ байгуулах үед тоёота алфард маркийн авто машин Тайгын булаг авто ХХК-ийн барьцаалан зээлдэх газрын барьцаанд байсныг чөлөөлөн Ж.Мд худалдсан талаар талууд хэн аль нь тайлбарлалаа.

 

Талуудын хооронд байгуулсан гэрээний 3.1-т Гэрээний зүйлийн үнэ: Тээврийн хэрэгслийг худалдагч тал худалдан авагч талд 8,000,000 төгрөгөөр худалдахаар тохиролцов,

3.2-т Төлбөр төлөх нөхцөл, хугацаа: 2022.08.16 гэж тус тус заасан бөгөөд талууд авто машины үнэд 8,000,000 төгрөгийг эсхүл уг 8,000,000 төгрөгт эзэмшлийн газар шилжүүлэн өгөх талаар тохиролцсон гэж хэн аль нь тайлбарлаж байна.

 

Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д Талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй гэж заасны дагуу нэхэмжлэгч тал хариуцагчид гэрээний үүргийг биелүүлэхийг удаа дараа мэдэгдсэн ба хариуцагч тал гэрээний үүргээ биелүүлээгүй тул худалдагч гэрээнээс татгалзах эрхтэй.

 

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т Худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ,

мөн хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-т Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелсэнээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй гэж тус тус заажээ.

 

Талууд худалдах, худалдан авах гэрээний төлбөрт хөдлөх болон үл эд хөрөнгө шилжүүлэн өгөхөөр тохиролцож болох хэдий ч гагцхүү уг шилжүүлэн өгч буй үл хөдлөх эд хөрөнгө нь эрхийн зөрчилгүй хөрөнгө байх шаардлагатай бөгөөд бусдын эзэмшилд бүртгэлтэй газрыг гэрээний төлбөрт шилжүүлэн өгөх тухай хариуцагч талын тайлбарыг хүлээн авах үндэслэлгүй.

 

Хариуцагч Ж.М тоёота алфард маркийн хххххххххх улсын дугаар бүхий авто машиныг бусдад худалдсан талаараа тайлбарлаж байх тул уг авто машины гэрээгээр тохирсон үнэ 8,000,000 төгрөгийг хариуцагч Ж.Маас гаргуулан нэхэмжлэгч О.Гид олгох нь зүйтэй.

 

Иймд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т заасныг баримтлан хариуцагч Ж.Маас 8,000,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч О.Гид олгох үндэслэлтэй гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т заасныг баримтлан хариуцагч Ж.Маас 8,000,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч О.Гид олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч О.Гийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 142,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ж.Маас 142,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч О.Гид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.САРАНГҮН