Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 06 сарын 28 өдөр

Дугаар 210/МА2023/01279

 

 

 

 

О.Г-ийн нэхэмжлэлтэй иргэний

хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Бямбасүрэн даргалж, шүүгч Д.Золзаяа, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 101/ШШ2023/01676 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч О.Г-ийн хариуцагч Ж.М-д холбогдуулан гаргасан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 8,000,000 төгрөг гаргуулах тухай маргаантай хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч О.Г-, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Н, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Ч, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Б нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: Миний бие Ж.М-тай 2022 оны 08 дугаар сарын 16-ны өдөр тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Уг гэрээгээр өөрийн өмчлөлийн “тоёота алфард” маркийн 60-79 УНВ улсын дугаартай автомашиныг 8,000,000 төгрөгөөр худалдсан. Хариуцагч Ж.М-д автомашины өмчлөх эрхийг шилжүүлэн өгсөн. Ж.М- нь автомашины үнэ 8,000,000 төгрөгийг мөнгөн хэлбэрээр эсхүл уг үнэтэй дүйцэх газар өгнө гэсэн боловч алийг нь ч өгөөгүй. Машинаа буцааж авах гэтэл бусдад худалдсан байсан. Иймд Ж.М-аас автомашины үнэ 8,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

            2.Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: Нэхэмжлэгч О.Г-ид Баянзүрх дүүрэг, 20-р хороон дахь 699 м.кв талбай бүхий газрыг 8,000,000 төгрөгт тооцон өгөхөөр тохирсон байсан ба уг газрыг Засгийн газрын тогтоолын дагуу үнэлэхэд 27,000,000 төгрөгөөр үнэлэгдсэн. Газрын татвар 2,700,000 төгрөг, газар ашигласны төлбөр 700,000 төгрөг тус тус төлөгдөөгүй. Ж.М-, О.Г- нар уг татварыг хэн нь төлөх тал дээр маргасан. О.Г- чи татвараа төл гэдэг шаардлагыг Ж.М-д тавьсан. Тухайн газар нь Ж.М-ы бэрийн нэр дээр эзэмших эрхийн гэрчилгээтэй газар бөгөөд тохиролцсон газрыг шилжүүлэн өгөхөд татгалзах зүйлгүй гэжээ.

            3.Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т заасныг баримтлан хариуцагч Ж.М-аас 8,000,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч О.Г-ид олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 142,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ж.М-аас 142,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч О.Г-ид олгуулахаар шийдвэрлэжээ.

            4.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч доорх гомдлыг гаргаж байна. Талуудын тохиролцсон хэлцэл бол тээврийн хэрэгслийн оронд хэлэлцэн тохиролцсон газрыг шилжүүлэх хэлцэл хийгдсэн ба энэ талаар маргасан зүйлгүй нэхэмжлэгч хүлээн зөвшөөрсөн. Газрыг О.Г-ийн эзэмшилд шилжүүлэх хүртэл тээврийн хэрэгслийг Ж.М-ы өмчлөлд шилжүүлэхийн тулд дүр үзүүлсэн хэлцэл хийсэн.

4.а.Нэхэмжлэгчийн өмчлөлд газрыг шилжүүлэх боломжгүй нөхцөл байдал үүссэн тохиолдолд тээврийн хэрэгслийн үнийг 6,000,000 төгрөг байхаар хэлэлцэн тохиролцсон бөгөөд нэхэмжлэгч өөрөө энэ талаараа шүүх хуралдааны явцад хүлээн зөвшөөрсөн. Гэтэл шүүхээс 8,000,000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Хариуцагчаас 8,000,000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь Ж.М-ы эрх ашиг зөрчигдсөн гэж үзэх үндэслэлтэй байна. Иймээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхэд буцаан шийдвэрлэж өгнө үү гэжээ.

            5.Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгч талын тайлбарын агуулга: Анхан шатны шүүх хэргийн нотлох баримтыг тал бүрээс нь бодитой, үнэн зөв, эргэлзээгүй үнэлж, талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан гэж дүгнэсэн нь үндэслэлтэй. Хариуцагч нь нэхэмжлэгчтэй худалдах, худалдан авах гэрээ байгуулснаа хүлээн зөвшөөрдөг бөгөөд мөнгө болон газрын аль алиныг нэхэмжлэгчид өгөөгүй. Харин 8,000,000 төгрөгийг 6,000,000 төгрөг гэж маргаж байна. Нэхэмжлэгч нь хариуцагчаас газар болон мөнгөний аль алиныг аваагүй гэжээ.

ХЯНАВАЛ:

1.Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад хариуцагчийн итгэмжэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв. 

2.Нэхэмжлэгч О.Г- нь хариуцагч Ж.М-д холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 8,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

3.Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн, зөв тогтоосон байна.

3.а.Талууд 2022 оны 08 дугаар сарын 16-ны өдөр худалдах, худалдан авах гэрээ байгуулж, уг гэрээгээр нэхэмжлэгч О.Г- нь 60-79 УНВ улсын дугаартай, “Тоёота алфард” маркийн суудлын автомашиныг 8,000,000 төгрөгөөр худалдах, хариуцагч Ж.М- нь автомашиныг хүлээн авч, үнийг төлөхөөр харилцан тохиролцож, нэхэмжлэгч нь автомашин өмчлөх эрхийг хариуцагчид шилжүүлсэн болох нь талуудын тайлбар, худалдах, худалдан авах гэрээ зэргээр тогтоогджээ. /хх-ийн 4-р тал/ 

3.б.Анхан шатны шүүх талуудын байгуулсан гэрээг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээ гэж дүгнэсэн нь үндэслэлтэй. Худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээдэг тул нэхэмжлэгч О.Г-  нь хариуцагч Ж.М-аас автомашины үнийг шаардах эрхтэй.

3.в.Хариуцагч татгалзалдаа “автомашины үнэд газар өгөхөөр тохиролцсон боловч тус газар нь 27,000,000 төгрөгөөр үнэлэгдсэн, газрын татвар болох 2,700,000 төгрөгийг төлөх боломжгүй явсаар өнөөдрийг хүрсэн” гэж тайлбарлажээ.

 

3.г.Иргэний эрх зүйн диспозитив зарчмын хүрээнд нэхэмжлэлийн шаардлагаа хэрхэн тодорхойлох нь нэхэмжлэгчийн эрх бөгөөд “хариуцагч тал тохиролцсон ёсоор газраа өгөөгүй учраас гэрээнд заасны дагуу автомашины үнэд 8,000,000 төгрөг гаргуулна” гэх нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй. Учир нь Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар хууль буюу гэрээгээр үүрэг үүсдэг ба хариуцагч Ж.М- нь худалдан авсан автомашины үнийг төлөх үүргийг нэхэмжлэгч О.Г-ийн өмнө гэрээгээр хүлээсэн байх тул энэ талаарх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй.

 

4.Иймд хариуцагч Ж.М-аас 8,000,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч О.Г-ид олгуулахаар шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасанд нийцжээ.

 

5.Харин анхан шатны шүүх шийдвэрийн үндэслэх хэсэгт талуудыг гэрээнээс татгалзсан мэтээр дүгнэлт хийсэн нь учир дутагдалтай боловч энэ нь шийдвэрт өөрчлөлт оруулах, хүчингүй болгох үндэслэлд хамаарахгүй болохыг дурдах нь зүйтэй. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэлийн шаардлага нь гэрээнээс татгалзах биш, худалдсан эд зүйлийн үнийг шаардсан агуулгатай байна.

 

6.Түүнчлэн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь давж заалдах гомдолдоо: Автомашиныг 6,000,000 төгрөгөөр авахаар тохиролцсон, энэ талаар нэхэмжлэгч шүүх хуралдаанд тайлбарласан гэх боловч энэхүү нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй буюу шүүх хуралдааны тэмдэглэлд ийм агуулгатай тайлбар тусгагдаагүй байна. Иймд энэ талаарх гомдлыг мөн хангах боломжгүй.

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 101/ШШ2023/01676 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 142,950  төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3 дахь хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Д.БЯМБАСҮРЭН

                         ШҮҮГЧИД                               Д.ЗОЛЗАЯА

  Г.ДАВААДОРЖ