| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Багашарын Азбаяр |
| Хэргийн индекс | 102/2022/05038/И |
| Дугаар | 102/ШШ2023/01341 |
| Огноо | 2023-04-06 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 04 сарын 06 өдөр
Дугаар 102/ШШ2023/01341
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Азбаяр даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, .................. тоотод оршин суух хаягтай, Б ургийн овогтой Д.Ш нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүрэг, ............ тоотод байрлах хаягтай, А ХХК /РД:/-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Ажилд эгүүлэн тогтоолгох, 2022 оны 01 сарын 01-2023 оны 02 сарын 01-ний өдөр хүртэл хугацааны цалин 11,633,582 төгрөг, алданги 6,534,801 төгрөг, 2010-2023 он хүртэл хугацааны ээлжийн амралтын мөнгө 6,851,306 төгрөг, нэмэлтээр хийж гүйцэтгэсэн ажлын хөлс 121,256,080 төгрөг гаргуулах, 2010 оны 10 сарын 19-ний өдрөөс шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлж, баталгаажуулалт хийлгэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч Д.Ш,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Б,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Л,
Хариуцагчийн өмгөөлөгч Э.Т,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Урансайхан нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Д.Ш нь хариуцагч А ХХК-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, 2022 оны 01 сарын 01-ний өдрөөс 2023 оны 02 сарын 01-ний өдөр хүртэл хугацааны цалин 11,633,582 төгрөг, алданги 6,534,801 төгрөг, 2010-2023 он хүртэл хугацааны ээлжийн амралтын мөнгө 6,851,306 төгрөг, нэмэлтээр хийж гүйцэтгэсэн ажлын хөлс 121,256,080 төгрөг гаргуулах, 2010 оны 10 сарын 19-ний өдрөөс шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлж, баталгаажуулалт хийлгэх тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
2.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагын талаар гаргасан тайлбартаа: Д.Ш миний бие "А " ХХК-ний "А " зочид буудалд сантехникчээр 2009 оны 10 сард ажилд орж, 2010 оны 10 дугаар сарын 19-ний өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж эхэлсэн. Тус компанид хөдөлмөрийн гэрээнд заасны дагуу сантехникийн угсралт, засварын ажлуудыг хийж гүйцэтгэхээс гадна хөдөлмөрийн гэрээнд дурдсанаас өөр ажил, үүргийг ч төвөгшөөхгүй, цалгардуулахгүй хийж гүйцэтгэдэг байсан. Ажиллах хугацаандаа ажлаа сайн гүйцэтгэж, тус компанидаа шударгаар, үнэнчээр, хоёргүй сэтгэлээр ажилласаар ирсэн. "А ХХК-аас 2013 оны 06 дугаар сарын 12-ны өдөр Баянгол дүүрэг, ................ 1 өрөө байрыг нэхэмжлэгч Д.Ш-д эзэмшүүлэх, өмчлөлд шилжүүлж өгөхөөр тохиролцон орон сууц эзэмшүүлэх гэрээг байгуулсан. Компани зүгээс ийнхүү итгэл найдвар өгөхөд итгэл найдвар алдахгүйг хичээж хөдөлмөрийн гэрээнд заасан ажлаас гадна зочид буудлуудын цэвэр бохир шугам хоолойг шинээр барих ажлыг дангаар хийж гүйцэтгэсэн байдаг. Гэтэл хариуцагч гэрээгээр амласан орон сууцыг Д.Шд шилжүүлэхгүй янз бүрийн башир арга хэрэглэж өнөөдөр хүрсэн. Тус компанид сантехникчээр ганцаараа ажилладаг байсан бөгөөд "А " ХХК-ний ашиглалтад оруулсан орон сууц болон зочид буудлуудын сантехникийн ажлыг бүгдийг нь хийсээр өнөөдрийг хүрсэн. Өөрийнхөө хийж гүйцэтгэж байсан ажлуудаас цухас дурдвал тус компани ашиглалтад оруулсан орон сууц болон зочид буудлаас дурдвал "Г" зочид буудал, Баянгол дүүрэгт байрлах 16 давхар 100 гаран айлын орон сууц, мөн тус дүүрэгт байрлах 100 гаран айлын орон сууц гэх мэт газруудад сантехникчээр ажилласан. Үүнээс гадна маш олон ажилд сантехникийн угсралт, засварын ажлыг хийж гүйцэтгэж байсан болно. 121,256,080 төгрөгийн төсөвт өртөгтэй ажлыг дангаар хийж гүйцэтгэсэн. Иймд хариуцагчаас 121,256,080 төгрөгийг гаргуулж өгнө үү. Мөн 2022 оны 01 сарын 01-2023 оны 02 сарын 01-ний өдөр хүртэл хугацааны цалин 11,633,582 төгрөг, алданги 6,534,801 төгрөг, 2010-2023 он хүртэл хугацааны ээлжийн амралтын мөнгө 6,851,306 төгрөг гаргуулах, 2010 оны 10 сарын 19-ний өдрөөс шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэхээр шаардаж байна. Сантехникчийн ажилд эгүүлэн тогтоолгох шаардлага гаргасан. Энэ шаардлагаасаа татгалзаж байна гэжээ.
3.Хариуцагч нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Манай А зочид буудал 2003 онд ашиглалтад орж, хэвийн үйл ажиллагаатай, сантехникийн ямар ч асуудал гардаггүй байсан. Д.Ш хүсэлт гаргасны үндсэн дээр би ажилд авсан. Д.Ш 2010 онд хөдөлмөрийн гэрээ хийж ажилд орсон нь худлаа. Манай рестораны захилгын менежер хэзээ ч гэрээ хийх эрх мэдэлтэй хүн биш юм. Гэрээг би хийдэг байсан. Манай шаардлагатай ажилчдаа өөрийн орон сууцанд боломжоороо суулгадаг байсан. Эхлээд Д.Шг 50,000 төгрөг төлөөд тухайн орон сууцад суулгадаг байсан. 2013 онд Д.Ш-ийн ажиллаж байгаа байдлыг хараад тогтвор суурьшилтай компанид ажиллаад энэ байрыг аваарай гэж гэрээ хийсэн. Би гэрээг өөрт нь тайлбарлаж хэлсэн. Үнэ төлбөргүй орон сууцаа ашиглуулж байгаа гол зорилго нь тогтвортой суурьшилтай, удаан ажиллах нөхцөл учраас нийгмийн асуудлыг хангаж шийдэж байгаа юм. Д.Ш 2017 онд халагдах хүртлээ манай үндсэн ажилтнаар ажиллаж байсан учир бид нар монтаж холболтын ажил хийлгэдэг байсан. Нэхэмжлэгчийн яриад байгаа нэхэмжлэл ямар ч үндэслэлгүй байна. Би Д.Ш-д хангалттай урамшуулал өгч байсан. Д.Ш хоёргүй сэтгэлээр үнэнч ажиллаагүй. Д.Ш манай компаниас хулгай хийсэн тогтоогдсон. Д.Шгээс хийсэн ажлынхаа төсөв гаргаж өгсөн байна. 121,000,000 төгрөгийн гэрээ хийгээгүй. Илүү цагаар ажилласан бол манай компани илүү цагийн мөнгө бодож олгодог. Иймд үндэслэлгүй нэхэмжлэл гаргасан байна. Үндсэн хөдөлмөрийн гэрээг 2013 оны 6 дугаар сард хийсэн тул 2013 оны 6 сараас 2017 онд халагдах хүртэл нийгмийн даатгалын шимтгэлийг төлөхөд татгалзах зүйл байхгүй. Ээлжийн амралтын мөнгийг өгөхгүй. Амралтын мөнгөнөөс хэд давсан урамшуулал өгсөн. Энэ хүн Ковид-19 эхэлснээс хойш манайд ажиллаагүй. Ажиллаагүй болох нь ажилласан цагийн хурууны бүртгэлээр нотлогдож байгаа. Өөрийнхөн дансны хуулгаар өөр газар ажиллаж байсан нотлогдож байгаа учир хийгээгүй ажлынхан төлөө цалин өгөхгүй. Иймд нэхэмжлэлээс үлдэх хэсгийг зөвшөөрөхгүй гэжээ.
4.Хэрэгт нэхэмжлэгчээс Хөдөлмөрийн гэрээний нотариатаар баталгаажуулсан хуулбар /1хх-ийн 5/, А зочид буудлын ажилчдын дагаж мөрдөх журмын нотариатаар баталгаажуулсан хуулбар /1хх-ийн 6,7/, 2013 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн орон сууц эзэмшүүлэх гэрээний нотариатаар баталгаажуулсан хуулбар /1хх-ийн 7/, Д.Ш-ийн 2022 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн хүсэлтийн нотариатаар баталгаажуулсан хуулбар /1хх-ийн 8/, Барилгын төсвийн ..... программын төсөвт өртгийн нэгдсэн товчоо /1хх-ийн 9/, Барилгын төсвийн ..... программын цалингийн нэгтгэл /1хх-ийн 10-21/, Д.Шгийн иргэний үнэмлэхний хуулбар /1хх-ийн 22/, Д.Шгийн Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /1хх-ийн 34-143/, Баянгол дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны хуралдааны тэмдэглэл, шийдвэр /1хх-ийн 204/, хариуцагчаас Д.Ш-ийн цалингийн хүснэгт /1хх-ийн 162-175/, Д.Шгийн цаг бүртгэлийн мэдээлэл /1хх-ийн 177-181/, Д.Ш-ийн хүсэлт /1хх-ийн 182/, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар баталгаажуулсан хуулбар /1хх-ийн 186/, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн лавлагаа /1хх-ийн 187/, төлбөрийн баримт /1хх-ийн 188/, А л ХХК-ийн 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 10/20-1 тоот мэдэгдэл /1хх-ийн 189/, А ХХК-ийн хөдөлмөрийн дотоор журмын нотариатаар баталгаажуулсан хуулбар /1хх-ийн 231-240/, А ХХК-ийн Гүйцэтгэх захирлын тушаал /1хх-ийн 241/, А ХХК-ийн Гүйцэтгэх захирлын тушаал /1хх-ийн 243, 244/, Д.Шгийн цаг бүртгэлийн мэдээлэл /1хх-ийн 245/, эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн мэдүүлгийн хуулбар /2хх-ийн 6/, Улсын бүртгэлийн ерөнхий газрын эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газарт гаргасан өргөдлийн хуулбар /2хх-ийн 7/, Гүнж Мөрөн ХХК-ийн хүсэлтийн хуулбар /2хх-ийн 8/, 2020 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн орон сууц захиалан бариулах гэрээний хуулбар /2хх-ийн 9/, 2009 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн барилга байгууламжийг ашиглалтад оруулах улсын комиссын актын хуулбар /2хх-ийн 11/, Барилга, хот байгуулалт, төлөвлөлтийн газрын мэдээлэл, технологийн хэлтэсийн албан бичгийн хуулбар /2хх-ийн 13/, 67 дугаар байрны зургийн хуулбар /2хх-ийн 14/, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /2хх-ийн 15/, цалин файл 2017 оны 1 дүгээр улирал /1 хавтас/, цалин файл 2017 оны 2 дугаар улирал /1 хавтас/, цалин файл 2021 оны 1-6 сар /1 хавтас/, цалин файл 2021 оны 7-12 сар /1 хавтас/, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээс 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн сантехникийн ажил гүйцэтгэх гэрээ /хх-ийн 28/, Барилга, хот байгуулалтын яамны тусгай зөвшөөрлийн хуулбар /хх-ийн 20/, Б ХХК-ийн тодорхойлолт /2хх-ийн 31, Г зочид буудлын дотор цэвэр бохир усны шугамын угсралтын ажлыг хийж гүйцэтгэсэн ажлын төсөв /2хх-ийн 35/, цалингийн нэгтгэл /2хх-ийн 37-48/, шүүхээс Д.А-ийн гэрчийн мэдүүлэг /1хх-ийн 152/, С.Г-ийн гэрчийн мэдүүлэг /1хх-ийн 154/, С.Э-ийн гэрчийн мэдүүлэг /1хх-ийн 156/, Н.Б-ийн гэрчийн мэдүүлэг /1хх-ийн 222-224/, Б.Н-ийн гэрчийн мэдүүлэг /1хх-ийн 225/, М.Х-ийн гэрчийн мэдүүлэг /1хх-ийн 227-229/ зэрэг баримтууд нотлох баримтаар бүрдүүлсэн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Шүүх нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгох үндэслэл тогтоогдож байна гэж үзэв.
2.Нэхэмжлэгч Д.Ш нь хариуцагч А ХХК-д холбогдуулан Баянгол дүүрэг, ............ тоот орон сууцыг өмчлөлд шилжүүлэхийг даалгах нэхэмжлэл гаргасан байх бөгөөд нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэн ажилд эгүүлэн тогтоолгох, 2022 оны 01 сарын 01-2023 оны 02 сарын 01-ний өдөр хүртэл хугацааны цалин 11,633,582 төгрөг, алданги 6,534,801 төгрөг, 2010-2023 он хүртэл хугацааны ээлжийн амралтын мөнгө 6,851,306 төгрөг гаргуулах, 2010 оны 10 сарын 19-ний өдрөөс шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлж, баталгаажуулалт хийлгэхээр шаардсан байна.
2.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Баянгол дүүрэг, 18 дугаар хороо, 4 дүгээр хороолол 67 дугаар байр 57 тоот орон сууцыг Д.Шгийн өмчлөлд шилжүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж, нэмэлтээр хийж гүйцэтгэсэн ажлын хөлс 121,256,080 төгрөг гаргуулахаар шаардаж, ажилд эгүүлэн тогтоолгох шаардлагаасаа татгалзсан.
3.Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ..."А Оргил" ХХК-ний "А " зочид буудалд сантехникчээр 2009 оны 10 сард ажилд орж, 2010 оны 10 дугаар сарын 19-ний өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж эхэлсэн. Тус компанид хөдөлмөрийн гэрээнд заасны дагуу сантехникийн угсралт, засварын ажлуудыг хийж гүйцэтгэхээс гадна хөдөлмөрийн гэрээнд дурдсанаас өөр ажил, үүргийг ч төвөгшөөхгүй, цалгардуулахгүй хийж гүйцэтгэдэг байсан. "А ХХК-аас 2013 оны 06 дугаар сарын 12-ны өдөр Баянгол дүүрэг, ................ 1 өрөө байрыг нэхэмжлэгч Д.Ш-д эзэмшүүлэх, өмчлөлд шилжүүлж өгөхөөр тохиролцон орон сууц эзэмшүүлэх гэрээг байгуулсан. Компани зүгээс амласан орон сууцыг шилжүүлэхгүй янз бүрийн башир арга хэрэглэж өнөөдөр хүрсэн. Өөрийнхөө хийж гүйцэтгэж байсан ажлуудаас цухас дурдвал тус компани ашиглалтад оруулсан орон сууц болон зочид буудлаас дурдвал "Г" зочид буудал, Баянгол дүүрэгт байрлах ... давхар 100 гаран айлын орон сууц, мөн тус дүүрэгт байрлах 100 гаран айлын орон сууц гэх мэт газруудад сантехникчээр ажилласан. Үүнээс гадна маш олон ажилд сантехникийн угсралт, засварын ажлыг хийж гүйцэтгэж байсан болно. Уг ажлын хөлс орон сууц өгөхөөр гэрээ хийсэн. Орон сууц өгөхөөс татгалзсан тул ажлын хөлс 121,256,080 төгрөгийг гаргуулна. Хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хугацаанд цалинг хугацаандаа бүрэн олгоогүй, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлөөгүй учир 2022 оны 01 сарын 01-2023 оны 02 сарын 01-ний өдөр хүртэл хугацааны цалин 11,633,582 төгрөг, алданги 6,534,801 төгрөг, 2010-2023 он хүртэл хугацааны ээлжийн амралтын мөнгө 6,851,306 төгрөг гаргуулна 2010 оны 10 сарын 19-ний өдрөөс шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэхээр шаардаж байна. гэж тайлбарласан.
4.Хариуцагч нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй үндэслэлээ ...Манай А зочид буудал 2003 онд ашиглалтад орж, хэвийн үйл ажиллагаатай, сантехникийн ямар ч асуудал гардаггүй байсан. ...Д.Ш-тэй 2010 онд хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй. Хэрэгт авагдан гэрээ хуурамчаар үйлдсэн байна. 2013 онд ажилд ороход нь хөдөлмөрийн гэрээ байгуулсан. ...Манайх ажилчдаа өөрийн орон сууцанд боломжоороо суулгадаг байсан. 2013 онд Д.Ш-г тогтвор суурьшилтай компанид ажиллаад энэ байрыг аваарай гэж гэрээ хийсэн. ...Д.Ш 2017 онд халагдах хүртлээ манай үндсэн ажилтнаар ажиллаж байсан учир бид нар монтаж холболтын ажил хийлгэдэг байсан. 121,000,000 төгрөгийн гэрээ хийгээгүй. Илүү хийсэн ажил байхгүй. Д.Ш манай компаниас хулгай хийсэн. Илүү цагаар ажилласан бол манай компани илүү цагийн мөнгө бодож олгодог. Үндсэн хөдөлмөрийн гэрээг 2013 оны 6 дугаар сард хийсэн тул 2013 оны 6 сараас 2017 онд халагдах хүртэл нийгмийн даатгалын шимтгэлийг төлөхөд татгалзах зүйл байхгүй. Ээлжийн амралтын мөнгийг өгөхгүй. Амралтын мөнгөнөөс хэд давсан урамшуулал өгсөн. 2017 оноос хойш хөдөлмөрийн гэрээгээр ажиллаагүй. Ажиллаагүй болох нь ажилласан цагийн хурууны бүртгэлээр нотлогдож байгаа. Өөрийнхөн дансны хуулгаар өөр газар ажиллаж байсан нотлогдож байгаа. гэж тайлбарласан.
5.Хэрэгт нотлох баримтаар авагдсан А ХХК-ийн цалингийн карт хөтөлсөн баримт 2010-2022 он /1хх-ийн 162-176/, Д.Ш болон А ХХК-ийн хооронд 2013 оны 06 дугаар сарын 12-ны өдөр байгуулагдсан Орон сууц эзэмшүүлэх гэрээ /1хх-ийн 7/, шүүхэд гэрч С.Э-ийн ...Ш манайхаас гараад А ХХК-д ажилд орж байсан, 2011, 2012 онд байх гэх мэдүүлэг /1хх-ийн 156/, гэрч Д.А-ын ...2013 оноос эхэлсэн. Түүнээс өмнө хийж байсан гэсэн. Би 2013 онд Г дээр зочид буудлын барилга угсралтын ажил дээр ажиллаж байсан гэх мэдээлэг /1хх-ийн 152-153/, гэрч С.Г-ийн ...2009-2014 онд ажилласан гэх мэдүүлэг /1хх-ийн 154-155/ зэрэг баримтаар нэхэмжлэгч Д.Ш нь хариуцагч А ХХК-д 2010 оны 11 дүгээр сараас эхлэн хөдөлмөрийн гэрээний дагуу сантехникийн угсралт, засварчнаар ажилласан болох нь тогтоогдож байна.
6.Мөн А ХХК-ийн цалингийн карт хөтөлсөн баримт 2010-2022 онд 2017 оны 2, 3 дугаар сард цалин аваагүй бичилт /1хх-ийн 162-176/, А ХХК-д 2017 оны 02 дугаар сарын 21-ны өдөр Д.Шгийн гаргасан хүсэлт /1хх-ийн 182/, шүүхэд гэрч Н.Б-ийн ...2017 онд халагдсан, ...захирал бид нарыг оффист цуглуулаад камерын бичлэг бид нарт үзүүлж байсан. ...машинд паар гаргаж байгаа бичлэгийг нь харсан гэх мэдүүлэг /1хх-ийн 223/, гэрч Б.Н-ийн хулгайн хэргээр халагдсан гэж яригдаж байсан. ...Хулгай гарсан гэсэн яриа гарснаас хойш нэг хэсэг ажилдаа ирээгүй гэх мэдүүлэг /1хх-ийн 225/, гэрч М.Х-ы 20174 оны 2 сард хулгай хийгээд ажлаас халагдаад 4 сард буцаж ирж байсан гэх мэдүүлэг /1хх-ийн 227/, нэхэмжлэгч шүүх хуралдаанд ...2017 оны 02 дугаар сараас 04 дүгээр сард ажлаас халагдсан учир ажилд ирээгүй, цалин аваагүй гэх тайлбар зэргээр нэхэмжлэгч Д.Штэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг хариуцагч А ХХК 2017 оны 02 дугаар сарын 21-ний өдөр цуцалж, ажлаас халагдсан болох нь тогтоогдож байна.
7.Зохигч талууд нэхэмжлэгч Д.Ш-г 2017 оны 02 дугаар сарын 21-ний өдрөөс 2017 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр хүртэл хугацаанд ажиллаагүй, 2017 оны 04 дүгээр сарын 05-ны өдрөөс эхлэн А ХХК-д сантехникийн засвар, үйлчилгээний ажил гүйцэтгэж ажиллах болсон талаар маргаагүй.
8.Хэрэгт А ХХК-ийн захирлын 2017 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 306/1 дугаартай Гэрээт ажилтан авах тухай тушаал авагдсан байх боловч уг тушаалыг Д.Ш-д танилцуулсан болохыг нотлох баримтгүй, талууд харилцан тохиролцсоны дагуу тус гэрээг байгуулж, баталгаажуулсан байдал тогтоогдохгүй байна.
9.А ХХК-ийн цалингийн карт хөтөлсөн баримт 2010-2022 он /1хх-ийн 162-176/, Цалингийн файл 2017 оны 2 дугаар улирал, цалингийн файл 2021 оны 1-6 сар, 7-12 сар зэргээс үзвэл Д.Шгийн ажлын цагаар ажиллуулж, цалинг үндсэн ажилтаар тооцож олгожээ.
10.1999 оны Хөдөлмөрийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-т Ажил олгогч буюу түүний эрх олгосон албан тушаалтан иргэнтэй хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулж, гэрээний нэг хувийг ажилтанд өгөх үүрэгтэй. Байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээнээс бусад төрлийн гэрээ байгуулахыг хориглоно гэж заасан.
11.Талууд харилцан тохиролцсоноор хөлсөөр ажиллах гэрээ байгуулаагүй. Хуульд зааснаар байнгын ажлын байранд хөлсөөр ажиллах гэрээ байгуулахыг хориглох бөгөөд нэхэмжлэгч Д.Ш сантехникийн угсралт, засварчны ажил үүргийг гүйцэтгэж, түүнд тогтсон цалинг олгож байсан зэргээр хөдөлмөрийн гэрээний харилцаа 2017 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр шинээр үүссэн гэж үзэх үндэслэлтэй байна.
12.Хариуцагч А ХХК-ийн захирлын 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 562 дугаар Хөлсөөр ажиллах гэрээг дуусгавар болгох тухай тушаалаар Д.Штэй байгуулсан хөлсөөр ажиллах гэрээний харилцааг дуусгавар болгохоор шийдвэрлэсэн байна. /1хх-ийн 241/
13.1999 оны Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлд ажил олгогчийн санаачилгаар буюу нэг талын санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцалж дуусгавар болгох үндэслэлийг тодорхойлсон. Ажил олгогч хуульд заасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцлаагүй учир 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Д.Ш-тэй байгуулсан гэрээний харилцаа дуусгавар болсон гэх хариуцагчийн тайлбар үндэслэлгүй.
14.Харин нэхэмжлэгч шүүх хуралдаанд ажилд эгүүлэн тогтоолгох шаардлагаас татгалзсан тул мөн өдрөөс талуудын хооронд үүссэн хөдөлмөрийн гэрээний харилцаа дуусгавар болох үндэслэл болно.
15.Нэхэмжлэгч 2010 оны 10 дугаар сарын 19-ний өдрөөс шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгал нөхөн төлүүлэх, ээлжийн амралтын мөнгө гаргуулахаар шаардсан.
16.Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2-т зааснаар хөдөлмөрийн эрхийн маргааныг маргалдагч тал эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш дараах хугацаанд хөдөлмөрийн эрхийн маргааныг урьдчилан шийдвэрлүүлэхээр хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст, хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссгүй аж ахуйн нэгж, байгууллага болон иргэд хооронд үүссэн маргааныг сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд тус тус хандах эрхтэй, мөн хуулийн 154.2.2-т энэ хуулийн 154.2.1-д зааснаас бусад хөдөлмөрийн эрхийн маргаантай асуудлыг 90 хоногийн дотор гомдол гаргах эрхтэй.
17.Нэхэмжлэгч 2017 оны 02 дугаар сарын 21-ний өдөр ажлаас халагдахдаа нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлүүлэх, ээлжийн амралтын мөнгө гаргуулах гомдлоо гаргаагүй, гомдол гаргах хуульд заасан хугацаа дууссан байна.
18.Хариуцагч 2013 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 2017 оны 02 дугаар сарын 21-ний өдөр хүртэл хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлөхийг зөвшөөрсөн. Үүний дагуу хариуцагч нэхэмжлэлийн шаардлагаас зөвшөөрсөн хэмжээнд нэхэмжлэлийг хангах нь зүйтэй.
19.Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7-д зааснаар ажилтныг нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд албан журмаар даатгуулах, хуульд заасан хэмжээгээр шимтгэл төлөх, тайлагнах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлснийг баталгаажуулах үүрэгтэй. Хариуцагч нь нэхэмжлэгчийг 2017 оны 04 дүгээр сарын 05-ны өдрөөс шүүхийн шийдвэр гаргах өдөр хүртэл хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд албан журмаар даатгуулж, хуульд заасан хэмжээгээр шимтгэл төлж, баталгаажуулах үүрэгтэй.
20.Нэхэмжлэгч Д.Ш нь хариуцагч А ХХК-аас 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хугацааны цалин 11,633,582 төгрөг, алданги 6,534,801 төгрөг нэхэмжилсэн.
21.Хөдөлмөрийн тухай хуулийн 104 дүгээр зүйлийн 104.1-т Цалин хөлсийг сард хоёроос доошгүй удаа тогтсон өдөр олгох бөгөөд олгох өдрийг хөдөлмөрийн дотоод хэм хэмжээ, эсхүл хөдөлмөрийн гэрээнд тусгана мөн хуулийн 116 дугаар зүйлийн 116.1-т Ажил олгогчоос үл шалтгаалан гэнэтийн буюу давагдашгүй хүчний шинжтэй нөхцөл байдал, Гамшгаас хамгаалах тухай хуулийн 4.1.2-т заасан аюулт үзэгдэл, эрх бүхий төрийн байгууллагын шийдвэрийн улмаас, эсхүл ажилтнаас үл шалтгаалах сул зогсолтын хугацаанд түүнийг өөр ажилд шилжүүлэх боломжгүй бол түүнд үндсэн цалингийнх нь 60-аас доошгүй хувьтай тэнцэх хэмжээний олговор олгох бөгөөд олговрын хэмжээ нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс доогуур байж болохгүй гэж заасан.
22.Хариуцагч нь нэхэмжлэгчийг Ковид-19 цар тахлын үед шаардлагатай үед дуудлагаар ирж ажиллуулж байсан болохоо зөвшөөрч маргаагүй. 2020 онд Ковид-19 цар тахал гарч, ажлын цаг багассан ч сул зогсолт хийгээгүй, шаардлагатай үед ажиллаж байсан нь хэрэгт авагдсан нотлох баримт, талуудын тайлбараар тогтоогдож байх тул 2022 оны 01 сараас 2023 оны 02 сар хүртэл үндсэн цалингаас бага цалин олгосон нь үндэслэлгүй .
23.Нэхэмжлэгч Д.Шгийн цалинг сард 1,000,000 төгрөгөөр тогтоож олгож байсан болох нь цалингийн баримтаар тогтоогдож байна. 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хүртэл нийт 13,000,000 төгрөгийн цалин олгохоос 2,499,455 төгрөг олгосон нь Цалингийн карт, талуудын тайлбараар нотлогдож байна. Хариуцагч дутуу 11,633,582 төгрөгийг нэхэмжлэгчид олгоогүй байна.
24.Алдангийн талаар Хөдөлмөрийн тухай хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1-т Энэ хуулийн 104.1-д заасан өдөр ажил олгогч цалин хөлсийг олгоогүй бол хугацаа хэтэрсэн хоног тутамд олгох ёстой цалин хөлсний тэг аравны гурван хувьтай тэнцэх алданги тооцож ажилтанд нөхөн олгоно гэж заасан. Цалин 11,633,582 төгрөгт тооцогдох алданги 5,816,791 төгрөг болно. Хариуцагч цалин, алданги нийт 17,450,373 төгрөгийг нэхэмжлэгчид олгох үүрэгтэй.
25.Хөдөлмөрийн тухай хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1-т Ажилтанд ажлын жил бүр ээлжийн амралт олгож биеэр эдлүүлнэ. Ажлын зайлшгүй шаардлагаар ээлжийн амралтаа биеэр эдэлж чадаагүй ажилтанд олгох мөнгөн урамшууллын хэмжээг энэ хуулийн 110.2-т заасан хэмжээнээс нэмэгдүүлж олгох асуудлыг хамтын гэрээгээр, хамтын гэрээгүй бол ажилтантай тохиролцон олгоно, 110 дугаар зүйлийн 110.1-т элжийн амралтын цалинг ажилтны тухайн ажлын жилийн дундаж цалин хөлснөөс тооцож олгоно, 110.3-т Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь дуусгавар болж байгаа ажилтанд ажилласан хугацаанд ногдох ээлжийн амралтын тооцоо хийж, цалинг олгоно гэж тус тус заасан.
26.Нэхэмжлэгч 2022 оны 10-12 сард, 2023 онд ажиллаагүй бөгөөд энэ хугацааны цалинг бүтэн гаргуулахаар шаардсан тул ээлжийн амралт биечлэн эдлээгүй гэж үзэх үндэслэлгүй.
27.Мөн нэхэмжлэгч нэмэлтээр Г зочид буудлын дотор цэвэр бохир усны шугамын угсралтын ажлыг хийж гүйцэтгэсний хөлс 121,256,080 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шаардсан. Тус шаардлагаа Г зочид буудлын дотор цэвэр бохир усны шугамын угсралтын ажлыг хийж гүйцэтгэсэн төсвийг үндэслэн гаргасан байх бөгөөд ажлаа 2016 онд хийж гүйцэтгэсэн гэж тайлбарласан.
28.Хариуцагч А ХХК-тай байгууллагад хөдөлмөрийн гэрээний дагуу нэхэмжлэгч 2010-2017 онд сантехникийн угсралт, засварчаар ажилласан бөгөөд энэ хугацаанд хөдөлмөрийн гэрээнд зааснаас өөр ажил үүргийг буюу нэмэлтээр Г зочид буудлын дотор цэвэр бохир усны шугамын угсралтын ажлыг нэмэлтээр хийсэн эсэх, дангаар хийж гүйцэтгэсэн талаар нотлох баримт хэрэгт авагдаагүй.
29.Шүүхэд гэрч С.Г, С.Э, Н.Б Б.Н, М.Х нар нэхэмжлэгч Д.Ш№г А ХХК-д 2010-2017 онд хөдөлмөрийн гэрээнд заасан ажил үүргийн хуваарийн дагуу сантехникийн угсралт, засварчнаар ажилласан талаар гэрчилсэн.
30.Нэхэмжлэгч Д.Ш болон хариуцагч А ХХК-ийн хооронд 2013 оны 06 дугаар сарын 12-ны өдөр Орон сууц эзэмшүүлэх гэрээ байгуулагдсан байх бөгөөд гэрээний 2.1-т Гэрээ хийснээс хойш ажилтан 9 жил тасралтгүй үр бүтээл, идэвх зүтгэлтэй ажилласан тохиолдолд орон сууцыг ажилтны өмчлөлд шилжүүлэх нөхцөлийг тусгасан. Энэхүү гэрээнд илүү ажил хийж гүйцэтгэсэнтэй холбоотой орон сууц, төлбөр олгох тохиролцоо тусгагдаагүй байна.
31.Дээрхээс дүгнэвэл нэхэмжлэгч хөдөлмөрийн гэрээнд заасан ажил үүргээс гадна нэмэлт 121,256,080 төгрөгийн ажил хийж гүйцэтгэсэн, мөн талууд нэмэлтээр ажил, үүрэг гүйцэтгэж, төлбөр авахаар тохиролцсон гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.
32.Иймд нэхэмжлэгч Д.Шд 2013 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 2017 оны 02 дугаар сарын 21-ний өдөр хүртэл, 2017 оны 04 дүгээр сарын 05-ны өдрөөс 2023 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр хүртэл хугацаанд олгосон цалин хөлснөөс тооцож нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлж, баталгаажуулалт хийхийг хариуцагч А ХХК-д даалгаж, хариуцагчаас цалин, алданги 17,450,373 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Шд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2010 оны 10 дугаар сарын 19-ний өдрөөс 2013 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хугацаанд нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлж, баталгаажуулалт хийхийг даалгах, цалин, алданги 718,010 төгрөг, ээлжийн амралтын мөнгө 6,851,306 төгрөг, нэмэлт ажлын хөлс 121,256,080 төгрөгт гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.
33.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасны дагуу нэхэмжлэгч Д.Ш нь хариуцагч А ХХК-д холбогдуулан гаргасан сантехникийн угсралт, засварчны ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлээс татгалзсаныг баталж, хэргээс холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгов.
34.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 764,275 төгрөгөөс 694,075 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, 70,200 төгрөгийг улсын төсвөөс буцаан гаргуулж нэхэмжлэгчид, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 245,202 төгрөг гаргуулан улсын төсөвт оруулахаар хуваарилав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7, 104 дүгээр зүйлийн 104.1, 124 дүгээр зүйлийн 124.1 дэх хэсэгт заасны дагуу хариуцагч А ХХК-д 2013 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 2017 оны 02 дугаар сарын 21-ний өдөр хүртэл, 2017 оны 04 дүгээр сарын 05-ны өдрөөс 2023 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр хүртэл хугацаанд Д.Шд олгосон цалин хөлснөөс тооцож нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлж, баталгаажуулалт хийхийг даалгаж, хариуцагч А ХХК-аас 17,450,373 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Шд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2010 оны 10 дугаар сарын 19-ний өдрөөс 2013 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хугацаанд нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлж, баталгаажуулалт хийхийг даалгах, цалин, алданги 718,010 төгрөг, ээлжийн амралтын мөнгө 6,851,306 төгрөг, нэмэлт ажлын хөлс 121,256,080 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Нэхэмжлэгч Д.Ш нь хариуцагч А ХХК-д холбогдох сантехникийн угсралт, засварчны ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлээс татгалзсаныг баталж, хэргээс холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д заасны дагуу нэхэмжлэгч Д.Шгээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 764,275 төгрөгөөс 694,075 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, 70,200 төгрөгийг улсын төсвөөс буцаан гаргуулж нэхэмжлэгчид, хариуцагч А ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 245,202 төгрөг гаргуулан улсын төсөвт оруулсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.АЗБАЯР