Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 03 сарын 30 өдөр

Дугаар 101/ШШ2023/01626

 

 

 

 

 

 

 

 

 

 

2023 03 30

101/ШШ2023/01626

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мандалбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Д.Д-н гаргасан,

 

Хариуцагч: Б т ХХК-д холбогдох,

 

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс болон 3,950,000.00 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Д, өмгөөлөгч Б.Ургамалцэцэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Цэнгүүн, гэрч Б.Далайцэрэн, Н.Халиун, нарийн бичгийн дарга З.Амартүвшин нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчээс тус шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд өмгөөлөгчийн хамт гаргасан тайлбартаа:

 

Миний бие хариуцагч Б т ХХК-нд тогоочийн ажил, албан тушаал эрхэлдэг байсан бөгөөд 2022 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 01/2022-045 тоот тушаалаар ажлаас үндэслэлгүй халагдсан ба энэхүү тушаалыг 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдөр гардаж авсан.

 

Би, ажлаас чөлөөлөгдсөн тушаалыг хүлээн зөвшөөрөхгүй тухайгаа ажил олгогч байгууллагад мэдэгдэж, улмаар Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.1-т заасны дагуу Баянзүрх дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд хандсан боловч тус хорооноос 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдөр шийдвэрлэх боломжгүй гэсэн хариу өгсөн тул шүүхэд нэхэмжлэл гаргасан.

 

Миний бие ажлаас чөлөөлөгдөх өргөдөл гаргаагүй, харин 2022 оны 08 дугаар сарын 25-ны өдөр хариуцагч ерөнхий нягтлан Д.Лхагвасүрэнтэй маргаан үүсгэж, хэрүүл дуусахгүй нөхцөл байдал ширүүн болсон тул би эндээс гарлаа гэсэн утгатай үг хэлснийг минь үндэслэж намайг ажлаас чөлөөлсөн байна. Би, үүссэн асуудлыг шийдвэрлүүлэхээр хариуцагч компанийн толгой компанийн удирдлага руу өргөдөл өгсөн боловч үүнийг шийдвэрлээгүй. Намайг гэртээ орой амарч байхад хариуцагч Б т ХХК-ийн хүний нөөцийн ажилтан таныг ажлаас чөлөөлөх шийдвэр гаргасан, орой мэдэгдэж байгаад уучлаарай гэсэн зурвас ирсэн.

 

Ингээд тус өдрөөс хойш ажлаас чөлөөлсөн тушаалаа авах гэж удаа дараа хариуцагч байгууллагад хандсан боловч хариу өгөхгүй байж байгаад 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдөр ажлаас чөлөөлөгдсөн тушаалаа гардаж авсан.

 

Надад өөрийн санал, санаачилгаар ажлаас чөлөөлөгдөх хүсэл зориг байгаагүй, хамт ажилладаг хүнтэй зөрчилдөөн үүссэн боловч түүнтэй холбоотой ажлаасаа гарна гэж ямар нэгэн өргөдөл, гомдол өгөөгүй байхад хариуцагч нь намайг өөрийн хүсэлтээр ажлаас гарсан гэж тушаал гаргасанд гомдолтой байна.

 

Хариуцагч Буянт тэнгис" ХХК-ийн 2022 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 01/2022-045 тоот тушаалаанр нэхэмжлэгч намайг Хөдөлмөрийн тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1-д заасныг үндэслэн ажил албан тушаалаас минь чөлөөлсөн нь үндэслэлгүй тул энэ хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2-т зааснаар шүүхэд годмол гаргасан. Иймд, миний хүлээн авч, намайг эгүүлэн тогтоож, хариуцагчаас ажилгүй байсан хугацааны цалин хөлсөнд 6,673,407.00 төгрөгийг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөх болон дэвтэрт бичилт хийхийг даалгаж өгнө үү гэв.

 

Хариуцагчаас тус шүүхэд гаргасан хариу тайлбартаа болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

Манай компани нэхэмжлэгч Д.Дтай 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдөр туршилтын 3 сарын хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулж, тогоочийн ажилд авч ажиллуулсан бөгөөд гэрээний хугацаа 2022 оны 08 сарын 16-ны өдөр дууссан хэдий ч нэхэмжлэгчээр ажил, үүргийг нь гүйцэтгүүлж байсан тул гэрээний хугацаа 3 сараар сунгагдсан.

 

Гэвч нэхэмжлэгч Д.Д нь удирдлагаас буюу дээд албан тушаалтнаас өгсөн үүргийг биелүүлээгүй, мөн ажлын байранд маргаан үүсгэсэн ба өөрөө ажлаас чөлөөлөгдөх хүсэлтийг хүний нөөцийн ажилтан Н.Халиунд 2022 оны 08 дугаар сарын 28-ны өдөр ажлын талбар дээрх зөрчилдөөн арилгах саналын хуудас дээр бичиж өгсөн. Энэ хүсэлтийг үндэслэн ерөнхий захирлын 2022 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 01/2022-045 тоот тушаалаар нэхэмжлэгчийг Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.9, 79 дүгээр зүйлийн 79.1, түүнчлэн Хөдөлмөрийн дотоод журмын 9 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар үүрэгт ажлаас нь чөлөөлсөн тул хуульд нийцсэн гэж үзэж байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.9 дэх хэсэгт хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах санаачилгыг ажилтан, ажил олгогчийн аль нэг нь гаргасан, мөн хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1 дэх хэсэгт хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажилтан санаачилж цуцлах эрхтэй гэж, 79.2 дахь хэсэгт ажилтан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай ажил олгогчид бичгээр мэдэгдсэн өдрөөс хойш 30 хоног өнгөрмөгц ажлын байраа орхих эрхтэй бөгөөд энэ тохиолдолд хөдөлмөр эрхлэлтийн харилцаа цуцлагдсанд тооцно гэж заажээ.

 

Иймд, нэхэмжлэгч Д.Дгийн 2022 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн ажлын талбар дээрх зөрчилдөөн арилгах саналын хуудаст ажлаас чөлөөлөх хүсэлтийг нь үндэслэн дээрх тушаал гарсан тул нэхэмжлэгчийн нэхэмжлэл үндэслэлгүй болно. Үүнээс гадна нэхэмжлэгч нь 2022 оны 08 дугаар сарын 30-ны өдрөөс хойш ажилдаа огт ирээгүй тул дээр дурдсан хуулийн 79 дүгээр зүйлийн 79.2-т зааснаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон.

 

Мөн нэхэмжлэгч нь нэхэмжлэлдээ 94901918 тоот дугаараас мэссэж ирснээр ажлаас чөлөөлөгдөж байгаагаа мэдсэн, 2022 оны 08 дугаар сарын 30-ны өдрөөс хойш ажилдаа ирээгүй зэргээс үзэхэд өөрийгөө ажил, албан тушаалаасаа чөлөөлөгдсөнөө мэдсэн байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.1-т хөдөлмөр эрхлэлийг цуцалсан буюу дуусгавар болгосон, эсхүл өөр ажилд шилжүүлсэн сэлгэн ажиллуулсан тухай ажил олгогчийн шийдвэрийг үндэслэлгүй гэж үзвэл түүнийг хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногийн дотор гомдлоо гаргана гэж заасныг зөрчиж буюу тушаалыг 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдөр гардаж авсанаас хойш 3 сарын дараа гомдол гаргасан нь хуульд заасан хугацааг хэтрүүлсэн байна. Иймд, нэхэмжлэлийг дээр дурдсан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Талуудын шүүхэд өгсөн болон шүүхийн журмаар бүрдүүлсэн нотлох баримтаас нэхэмжлэгчийн өгсөн нотлох баримт нь:

 

1.      Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 101/ШЗ2022/ тоот нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай захирамж,

2.      Улсын тэмдэгтийн хураамжид 78,150.00 төгрөг төлсөн баримт,

3.      Б т ХХК-ийн ерөнхий захирлын 2022 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 01/2022-045 тоот ажлаас чөлөөлөх тухай захирлын тушаал,

4.      Баянзүрх дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны хуралдааны 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн тэмдэглэл,

5.      Голомт банк ХХК дахь дансны хуулга,

6.      Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 101/ШТ2022/0 тоот тогтоол,

7.      Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн шүүх хуралдааны тэмдэглэл,

8.      Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт,

9.      Хуурцаг,

10.   Зурвас

 

Хариуцагчийн өгсөн нотлох баримт:

 

1.   Хариу тайлбар,

2.   2022 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 04/045/2022 тоот дугаартай хөдөлмөрийн гэрээ,

3.   2022 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 04/045/2022 тоот дугаартай эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээх гэрээ,

4.   Ажлын талбар дээрх зөрчилдөөн арилгах саналын хуудас,

5.   Б т ХХК-ийн ерөнхий захирлын 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 01/2022-014 дугаартай ажилд томилох тухай тушаал,

6.   Б т ХХК-ийн ерөнхий захирлын 2022 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 01/2022-045 дугаартай ажлаас чөлөөлөх тухай тушаал,

7.   Хөдөлмөрийн дотоод журам,

 

Шүүхийн журмаар бүрдүүлсэн нотлох баримт:

 

1. Үзлэг хийсэн тэмдэглэл,

2. Гэрчийн мэдүүлэг.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Д.Дгаас хариуцагч Б т ХХК-нд холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс 6,673,407.00 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэл гаргасан.

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээс үзвэл хариуцагчид холбогдуулан Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.7-д зааснаар эрх зөрчсөн шийдвэрийг хүчингүй болгохыг хүсчээ. Шүүх, хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан бичгийн баримт, талуудын тайлбарыг тус тус үндэслэн нэхэмжлэлээс зарим шаардлагыг хангаж, үлдсэн хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

1.            Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2-т Хөдөлмөрийн эрхийн маргааныг маргалдагч тал эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш дараах хугацаанд хөдөлмөрийн эрхийн маргааныг урьдчилан шийдвэрлүүлэхээр хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст, хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссгүй аж ахуйн нэгж, байгууллага болон иргэд хооронд үүссэн маргааныг сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд тус тус хандах эрхтэй гэж заасан.

 

Тодруулбал, энэ хуулийн 155 дугаар зүйлийн 155.1-д Сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороо дараах бүрэн эрхтэй гээд 155.1.3-т хуулиар харьяалуулсан хөдөлмөрийн эрхийн маргааныг урьдчилан шийдвэрлэх арга хэмжээг авах гэж, 156 дугаар зүйлийн 156.1Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах орон тооны бус байнгын ажиллагаатай комиссыг 20 ба түүнээс дээш ажилтантай аж ахуйн нэгж, байгууллагад байгуулна гэж, түүнчлэн 156.5Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисс талуудын хооронд үүссэн хөдөлмөрийн эрхийн маргааныг шийдвэрлэхэд боломжтой бүх арга хэмжээг авах үүрэгтэй гэж тус тус зааснаар хөдөлмөрийн эрхийн маргааныг талууд юуны түрүүнд тухайн байгууллагын маргаан таслах комисст, хэрэв байхгүй бол сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд хандаж шийдвэрлүүлэх журамтай.

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар Баянзүрх дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн хурлын шийдвэрээр Д.Дгийн гомдолтой Б т ХХК-нд холбогдох хөдөлмөрийн эрхийн маргааныг шийдвэрлэх боломжгүй гэсэн хариу өгсөн ба зохигчид тус Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны үйл ажиллагаа нь зохих ёсоор явагдсан эсэх талаар маргаагүй /х.х-ийн 9 хуудас/.

 

2.            Талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар хариуцагч Б т ХХК-ийн ерөнхий захирлын 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 01/2022-014 тоот тушаалаар нэхэмжлэгч Д.Дг тус компанид тогоочийн ажил, албан тушаалд туршилтын 3 сарын хугацаатай томилж, хөдөлмөрийн гэрээ байгуулсан байна /х.х-ийн 40-42, 49 хуудас/.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.9-д хөдөлмөрийн гэрээ гэж хөдөлмөр эрхлэлтийн харилцааны үндсэн дээр ажил олгогч, ажилтан харилцан тохиролцсоны дагуу хийсэн тохиролцоог хэлнэ гэж, 4.1.15хөдөлмөр эрхлэлтийн харилцаа гэж ажилтан нь ажил олгогчийн удирдлага, заавар, хяналтын доор тодорхой ажил үүргийг энэ хуульд тусгайлан зааснаас бусад тохиолдолд ажил олгогчийн заасан ажлын байранд биечлэн гүйцэтгэх, ажил олгогч нь ажилтанд цалин хөлс олгох, хөдөлмөр эрхлэлтийн бусад нөхцөлөөр хангах талаар харилцан эрх эдэлж, үүрэг хүлээхээр тохиролцсоноор үүссэн харилцааг хэлнэ гэж тус тус заажээ.

 

Тодруулбал, хөдөлмөрийн харилцаа нь ажил олгогч болон ажилтны хооронд байгуулсан гэрээний үндсэн дээр болон бусад үндэслэлээр үүсэж, ажилтан нь хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолтонд заасан ажил үүргийг гүйцэтгэх, ажил олгогчийн зүгээс ажилтанд цалин хөлс олгох, бусад шаардлагатай нөхцлөөр хангах үүргийг хүлээнэ.

 

Мөн энэ хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2Ажил олгогч, эсхүл түүнийг төлөөлөх эрх бүхий этгээд нь ажилд орох гэж байгаа хүнтэй түүний гүйцэтгэх ажил үүрэг, цалин хөлсний хэмжээ, хөдөлмөр эрхлэлтийн бусад нөхцөлийг харилцан тохиролцох бөгөөд ажилтан ажил үүргээ гүйцэтгэж эхэлснээр хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүснэ гэж заасан бөгөөд зохигчид нэхэмжлэгч Д.Дг хариуцагч Б т ХХК-нд өнгөрсөн хугацаанд ажиллаж байсан үйл баримтын талаар маргаагүй.

 

3.            Хөдөлмөрийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1Хөдөлмөрийн гэрээг доор дурдсанаас бусад тохиолдолд хугацаагүй байгуулна гээд 50.1.2туршилтын хугацаагаар ажиллуулах гэж тус тус заасан. Тодруулбал, уг хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар ажилтны хийж гүйцэтгэх үүрэг хөдөлмөр эрхлэлтийн харилцааны шинжтэй бол талууд гагцхүү хөдөлмөрийн гэрээ байгуулах ба туршилтын хугацаагаар хөдөлмөрийн гэрээг байгуулж болно.

 

Энэ талаар тус хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1Ажил олгогч ажилтныг ажилд авахдаа тухайн ажлын байранд тавигдах шаардлагыг хангах эсэхийг нь шалгах зорилгоор туршилтаар ажиллуулах хөдөлмөрийн гэрээ байгуулж болно гэж, 64.2Туршилтаар ажиллуулах хөдөлмөрийн гэрээний хугацаа гурван сараас илүүгүй байх бөгөөд харилцан тохиролцсоноор нэг удаа гурван сараас илүүгүй хугацаагаар сунгаж болно гэж тус тус заажээ.

 

Иймд, зохигч нар нэхэмжлэгчийг хариуцагч компанид ажиллаж байсан үйл баримтын талаар маргаагүй, Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу ажил олгогч нь ажилтантай тохирч хөдөлмөрийн гэрээ байгуулсан байх тул талуудын хооронд

туршилтын хугацаагаар буюу 2022 оны 08 дугаар сарын 16-ны өдөр хүртэл хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүссэн байна гэж дүгнэв.

 

4.            Гэтэл хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар нэхэмжлэгч Д.Дг хариуцагч Б т ХХК-ийн ерөнхий захирлын 2022 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 01/2022-045 тоот тушаалаар 2022 оны 08 дугаар сарын 27-ны өдрөөр тасалбар болгож түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг ажилтны санаачилгаар цуцалсан байна /х.х-ийн 50 хуудас/.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа дараах үндэслэлээр дуусгавар болно гээд 78.1.9хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах санаачилгыг ажилтан, ажил олгогчийн аль нэг нь гаргасан гэж тус тус заажээ. Тодруулбал, Иргэний хуулийн 369 дүгээр зүйлийн 369.2Хөдөлмөрийн гэрээ байгуулах нөхцөл, журмыг хуулиар тогтооно гэж зааснаар хэдийгээр хөдөлмөрийн гэрээтэй холбоотой харилцааг тухайлан хуулиар зохицуулах боловч гэрээний тусгай төрлийн хувьд энэ хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д Гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй гэж заасны дагуу талууд гэрээг харилцан тохиролцож дуусгавар болгохоос гадна аль нэг талын хүсэлтийг үндэслэн цуцалж болно.

 

Энэ тухай Хөдөлмөрийн хуулийн 79 дүгээр зүйлийн 79.2Ажилтан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай ажил олгогчид бичгээр мэдэгдсэн өдрөөс хойш 30 хоног өнгөрмөгц ажлын байраа орхих эрхтэй бөгөөд энэ тохиолдолд хөдөлмөр эрхлэлтийн харилцаа цуцлагдсанд тооцно гэж заасан байдаг.

 

Өөрөөр хэлбэл, ажилтан нь хөдөлмөрийн гэрээг цуцлах бол энэ талаар ажил олгогчид заавал бичгээр мэдэгдэх ёстой бөгөөд бичгээр мэдэгдэх гэдэг нь Иргэний хуулийн 369 дүгээр зүйлийн 369.3-т Хуульд өөрөөр заагаагүй бол хөдөлмөрийн гэрээнд энэ хуулийн ерөнхий үндэслэлийг хэрэглэнэ гэж зааснаас авч үзвэл мөн хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-д Хүсэл зоригийн илэрхийлэл нь нөгөө тал түүнийг хүлээн авснаар хүчин төгөлдөр болно гэж, түүнчлэн 42.2Энгийн хэлбэртэй бичгийн хэлцэл нь хүсэл зоригоо илэрхийлэгч этгээд гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно гэж заасан журам нэгэн адил хэрэгжих учиртай.

 

Тодруулбал, ажилтны хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай хүсэлт нь Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-д зааснаар ажилтны хөдөлмөрийн эрхийн харилцааг дуусгавар болгож /иргэний эрх, үүргийг үүсгэх, өөрчлөх, шилжүүлэх, дуусгавар болгох зорилгоор илэрхийлсэн хүсэл зориг/ буй хүсэл зориг болохын хувьд нөгөө талдаа буюу ажил олгогчид бичгээр хүрсэн тохиолдолд хүчин төгөлдөр болсон гэж үзнэ.

 

5.            Гэтэл хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар нэхэмжлэгч Д.Д нь 2022 оны 08 дугаар сарын 25-ны өдөр хариуцагч Б т ХХК-ийн ерөнхий нягтлан Д.Лхагвасүрэнтэй маргаан үүсгэж, улмаар ажил олгогчийн зүгээс үүссэн зөрчилдөөнийг зохицуулахаар холбогдох үйл ажиллагааг явуулсан байна /х.х-ийн 45 хуудас/.

 

Ингээд зохигч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, гэрчүүдийн мэдүүлгээр нэхэмжлэгч Д.Д нь ажил, албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтийг бичгээр гаргаагүй буюу энэ талаар чөлөөтэй хүсэл зоригоо илэрхийлээгүй ба, харин хэрүүл маргааны улмаас би ер нь гарья гэсэн шийдвэр гаргасан гэснийг ажил олгогч тал тэмдэглэн авч, Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.9-д заасныг үндэслэн нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн нь учир дутагдалтай болсон байна.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн ажлын талбар дээрх зөрчилдөөн арилгах саналын хуудас, гэрч Н.Халиун болон нэхэмжлэгч Д.Д нарын харилцан бичсэн зурвас, үзлэг хийсэн баримт, талуудын гаргасан тайлбарт дурдсан хариуцагч Б т ХХК-ийн толгой компани гэх Түмэн төмөр ХХК-ийн удирдлагад нэхэмжлэгчийн бичсэн өргөдөл зэргээс тус тус үзвэл хариуцагч буюу ажил олгогч нь нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг чухам ямар үндэслэлээр цуцалсан нь тодорхойгүй байна /х.х-ийн 16-21, 45, 46, 74-77, 89-94 хуудас/.

 

Тодруулбал, ажлын талбар дээрх зөрчилдөөн арилгах саналын хуудаст нэхэмжлэгчийг ажлын байран дээр бусад хүмүүстэй хэрүүл маргаан хийсэн гэсэн үндэслэлээр ажлаас халах гэж бичсэн байхад, мөн ажил олгогч байгууллагын хүний нөөцийн ажилтнаас нэхэмжлэгчид илгээсэн зурвасын агуулга нь ажил олгогчийн зүгээс ажилтныг ажил, албан тушаалаас нь чөлөөлөх утгатай байхад, ажилтан хөдөлмөрийн гэрээг цуцлах хүсэлтийг бичгээр тодорхой илэрхийлээгүй байхад ажил олгогч нь ажилтны санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцалсан шийдвэр гаргасан нь хуульд нийцэхгүй байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.3хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусаж, цаашид сунгагдахгүй болсон гэсэн үндэслэлээр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох зохицуулалттай хэдий ч зохигчдын байгуулсан хөдөлмөрийн гэрээний 4 дүгээр зүйлийн 4.3-т зааснаар талууд туршилтын хугацаагаар буюу 2022 оны 08 дугаар сарын 16-ны өдөр хүртэл байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох талаар мэдэгдээгүй бол анх байгуулсан хугацаагаар сунгагдсанд тооцохоор тохиролцсон байх тул энэ үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг дуусгавар болсон гэж үзэхгүй.

 

Тус хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2Туршилтаар ажиллуулах хөдөлмөрийн гэрээний хугацаа гурван сараас илүүгүй байх бөгөөд харилцан тохиролцсоноор нэг удаа гурван сараас илүүгүй хугацаагаар сунгаж болно заасан бөгөөд нэхэмжлэгч Д.Дгийн хөдөлмөрийн гэрээний хугацаа нь дахин сунгагдахгүй тул цаашид ажиллуулахгүй байсан гэж ажилтны эрх зүйн байдлыг дордуулах байдлаар тайлбарлахгүй.

 

6.            Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.1-д хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан буюу дуусгавар болгосон, эсхүл өөр ажилд шилжүүлсэн, сэлгэн ажиллуулсан тухай ажил олгогчийн шийдвэрийг үндэслэлгүй гэж үзвэл түүнийг хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногийн дотор хөдөлмөрийн эрхийн маргааныг хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисс, сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд гаргах учиртай.

 

Талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, үзлэг хийсэн баримтаар нэхэмжлэгч Д.Д нь ажлаас чөлөөлөгдсөн тушаалыг 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдөр гардаж авсан бөгөөд Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд гомдол гаргаж, улмаар 2022 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.8-д заасныг зөрчөөгүй байна /х.х-ийн 6, 7 хуудас/.

 

Өөрөөр хэлбэл, Хөдөлмөрийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.4Ажил олгогч ажилтны хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон тухай шийдвэрийг ажил хүлээлцэхээс өмнө бичгээр гаргаж, ажилтанд танилцуулж, уг шийдвэрийн нэг хувийг хүлээлгэн өгнө. Хэрэв ажилтан тухайн шийдвэрийг хүлээн авахаас татгалзсан бол ажилтны оршин суугаа газрын хаягаар шийдвэрийг шуудангаар хүргүүлснээр тухайн шийдвэртэй танилцсанд тооцно гэж заасны дагуу ажил олгогч хариуцагч Б т ХХК нь нэхэмжлэгч Д.Дг 2022 оны 08 дугаар сарын 30-ны өдөр ажлаас нь чөлөөлсөн тушаалыг 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдөр бичгээр өгч, танилцуулсан байх тул нэхэмжлэгч нь хуульд заасан гомдол гаргах хугацааг хэтрүүлээгүй.

 

Иймд, шүүхээс дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгч Д.Дг ажлаас чөлөөлөх тухай хариуцагч Б т ХХК-ийн ерөнхий захирлын тушаалыг Хөдөлмөрийн тухай хуулийг зөрчсөн гэж үзэж, нэхэмжлэгчийг урьд өмнө эрхэлж байсан ажил, албан тушаалд нь буцаан томилох нь зүйтэй байна.

 

7.            Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон бол түүнд урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогч нөхөн олгоно гэж, мөн 42 дугаар зүйлийн 42.1.6нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлөлт, баталгаажилтад хяналт тавих, буруу, дутуу бичилт, алдааг залруулахыг шаардах гэж, түүнчлэн 43 дугаар зүйлийн 43.2.7-д ажилтныг нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд албан журмаар даатгуулах, хуульд заасан хэмжээгээр шимтгэл төлөх, тайлагнах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлснийг баталгаажуулах гэж тус тус заажээ.

 

Өөрөөр хэлбэл, тус хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1.2-т зааснаар ажлаас халагдсан ажилтныг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоосон тохиолдолд ажил олгогч нь тухайн ажилтанд ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг төлөх үүрэгтэйгээс гадна уг хугацаанд олговол зохих орлогоос Нийгмийн даатгалын тухай хуульд зааснаар шимтгэл төлөх үүргийг хүлээнэ.

 

8.            Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар нэхэмжлэгч нь ажлаас чөлөөлөгдөхөөс өмнөх 3 /гурав/ сарын хугацаанд 2,736,351.00 төгрөгийн цалин хөлс авсан ба нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлсийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/192 тоот тушаалаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журам-ын 1 дүгээр зүйлийн 1.6, 2 дугаар зүйлийн 2.3-т зааснаар тодорхойлвол 1 /нэг/ өдрийн цалин хөлс 43,434.00 төгрөг болж байна /2,736,351:3=912,117:21=43,434 төгрөг/.

 

Үүний дагуу нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацаа болох 2022 оны 08 дугаар сарын 28-ны өдрөөс шүүхийн шийдвэр гарах өдөр хүртэл ажлын 148 өдрөөр үржүүлэн тооцвол нийт 6,428,232.00 төгрөг болж байх тул үүнийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй /х.х-ийн 72 хуудас/.

 

Ингээд шүүхээс дээр дурдсаныг үндэслэн хариуцагчаас 6,428,232.00 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 245,175.00 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

9.            Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар энэхүү нэхэмжлэл нь гомдлоор авч хэлэлцэх хэргийн нэхэмжлэлд хамаарах тул нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг учир түүний төлсөн 78,150.00 төгрөгийг нэхэмжлэгчид буцаан олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56, 60 дугаар зүйлийг тус тус үндэслэн хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 117,802.00 төгрөгийг гаргуулж улсын орлогод төлүүлэх нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.            Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2, 127 дугаар зүйлийн 127.1, 43 дугаар зүйлийн 43.2.7-д тус тус заасныг үндэслэн нэхэмжлэгч Д.Дг урьд эрхэлж байсан буюу тогоочийн ажил, албан тушаалд эгүүлэн тогтоож, хариуцагч Б т ХХК-иас ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 6,428,232.00 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, уг олговроос нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг суутган төлж, дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгаж, нэхэмжлэлийн шаардлагаас 245,175.00 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.            Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д тус тус заасныг үндэслэн нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 78,150.00 төгрөгийг Баянзүх дүүргийн Татварын хэлтсээс буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар хариуцагчаас 117,802.00 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулсугай.

 

3.            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАНДАЛБАЯР