Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 06 сарын 21 өдөр

Дугаар 210/МА2023/01228

 

2023 06 21 210/МА2023/01228

 

 

*.* гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Бямбасүрэн даргалж, шүүгч Г.Даваадорж, М.Баясгалан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 101/ШШ2023/01626 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч: *.*

Хариуцагч: ***** ХХК

Үндсэн нэхэмжлэл: Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс болон 6,673,407 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч М.Баясгалангийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч *.* , түүний өмгөөлөгч Б.Ургамалцэцэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Цэнгүүн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Минжээ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1 Миний бие нь ***** ХХК-д тогоочоор ажилладаг. Намайг ***** ХХК-ийн захирлын 2022 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 01/2022-045 дугаар тушаалаар ажлаас халсан нь үндэслэлгүй. Учир нь, би ажлаас чөлөөлөгдөх өргөдөл гаргаагүй.

1.2 Дээрх тушаалыг миний бие 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдөр гардан авч, хүлээн зөвшөөрөхгүй тухайгаа ажил олгогч байгууллагад мэдэгдэж, улмаар Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.1 дэх хэсэгт заасны дагуу Баянзүрх дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд хандсан боловч тус хорооноос шийдвэрлэх боломжгүй гэсэн хариу өгсөн.

Иймд намайг ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлсөнд 6,673,407 төгрөг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөх болон дэвтэрт бичилт хийхийг даалгаж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

2.1 ***** ХХК нь *.* тай 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдөр туршилтын 3 сарын хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулж, тогоочийн ажилд авч ажиллуулсан. Гэрээний хугацаа 2022 оны 08 дугаар сарын 16-ны өдөр дууссан хэдий ч нэхэмжлэгч нь ажил, үүргээ гүйцэтгүүлж байсан тул гэрээний хугацаа 3 сараар сунгагдсан.

2.2 *.* нь удирдлагаас өгсөн үүргийг биелүүлээгүй, мөн ажлын байранд маргаан үүсгэсэн. Улмаар тэрээр ажлаас чөлөөлөгдөх хүсэлтийг хүний нөөцийн ажилтанд 2022 оны 08 дугаар сарын 28-ны өдөр Ажлын талбар дээрх зөрчилдөөн арилгах саналын хуудас дээр бичиж өгсөн. Уг хүсэлтийг үндэслэн захирлын 2022 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 01/2022-045 дугаар тушаалаар түүнийг Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.9, 79 дүгээр зүйлийн 79.1, Хөдөлмөрийн дотоод журмын 9 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар үүрэгт ажлаас нь чөлөөлсөн.

2.3 Мөн нэхэмжлэгч нь 2022 оны 08 дугаар сарын 30-ны өдрөөс хойш ажилдаа ирээгүй тул дээр дурдсан хуулийн 79 дүгээр зүйлийн 79.2 дахь хэсэгт зааснаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон.

2.4 Нэхэмжлэгч нь тушаалыг 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдөр гардаж авсанаас хойш 3 сарын дараа гомдол гаргасан нь хуульд заасан хугацааг хэтрүүлсэн байна. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

3.1 Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2, 127 дугаар зүйлийн 127.1, 43 дугаар зүйлийн 43.2.7-д тус тус заасныг үндэслэн нэхэмжлэгч *.* г урьд эрхэлж байсан буюу тогоочийн ажил, албан тушаалд эгүүлэн тогтоож, хариуцагч ***** ХХК-иас ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 6,428,232.00 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, уг олговроос нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг суутган төлж, дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгаж, нэхэмжлэлийн шаардлагаас 245,175.00 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д тус тус заасныг үндэслэн нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 78,150.00 төгрөгийг Баянзүх дүүргийн Татварын хэлтсээс буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар хариуцагчаас 117,802.00 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулж шийдвэрлэсэн байна.

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

4.1 ***** ХХК нь *.* тай 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдөр Хөдөлмөрийн гэрээг туршилтын хугацаагаар буюу 3 сарын хугацаатай байгуулж, тогоочийн ажилд авч ажиллуулсан ба гэрээний хугацаа 2022 оны 08 дугаар сарын 16-ны өдөр дууссан боловч *.* гаар үүрэгт ажлыг нь гүйцэтгүүлж байсан тул гэрээний хугацааг туршилтын хугацаа буюу 3 сараар үргэлжлүүлж ажиллуулж байсан талаар бид маргаагүй. Харин *.* нь 2022 оны 08 дугаар сарын 25-ны өдөр ерөнхий нягтлан Д.Л тэй маргалдаж, 2022 оны 08 дугаар сарын 28-ны өдөр Ажлын талбар дээрх зөрчилдөөн арилгах саналын хуудас-т өөрийн гараар ажлаас гарах хүсэлтээ хүний нөөцийн ажилтан Н.Х д бичиж өгсөн.

Гэтэл шүүхийн шийдвэрийн 5-д ...*.* нь ажил, албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтийг бичгээр гаргаагүй буюу энэ талаар чөлөөтэй хүсэл зоригоо илэрхийлээгүй ба харин хэрүүл маргааны улмаас би ер нь гарья гэсэн шийдвэр гаргасан гэснийг ажил олгогч тал тэмдэглэн авч, хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.9-д заасныг үндэслэн нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн нь учир дутагдалтай болсон байна гэсэн нь хуульд нийцээгүй гэж үзэж байна.

Дээрх бичгийн баримтыг *.* өөрийн гараар бичиж өгсөн талаар маргаагүй байхад шүүх ажил олгогч тал тэмдэглэн авч гэж дүгнэсэн нь үндэслэлгүй бөгөөд ажилтан *.* нь ажлаас гарах хүсэл зоригоо Хөдөлмөрийн тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1 дэх хэсэгт заасны дагуу гаргасан гэж үзэж байна.

4.2 2022 оны 08 дугаар сарын 25-ны өдөр үүссэн маргаанаас болж *.* нь ажлаас гарья гэсэн хүсэл зоригоо тодорхой илэрхийлж, ажлын байрандаа 2022 оны 08 дугаар сарын 30-ны өдрөөс хойш ирж ажиллаагүй үйл баримт тогтоогдсон байхад дээрх дүгнэлтийг хийсэн нь үндэслэлгүй.

4.3 Анхан шатны шүүх шийдвэрийн үндэслэлд Иргэний хуулийн 369 дүгээр зүйл, 39 дүгээр зүйлийг тайлбарлан, хэрэглэж байгаа үндэслэл нь тодорхойгүй ба хөдөлмөрийн эрх зүйн харилцааг зохицуулсан бие даасан хуулийг баримтлаагүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

5. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хариу тайлбарын агуулга:

5.1 ***** ХХК *.* нарын хооронд 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдөр туршилтын 3 сарын хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулагдсан. Тухайн туршилтын 3 сарын хугацаа дууссан боловч үргэлжлүүлэн ажиллаж байсан талаар талууд маргаагүй. *.* гаар ажлын талбар дээрх зөрчилдөөн арилгах саналын хуудсыг бөглүүлсэн. *.* нь 2022 оны 08 дугаар сарын 25-ны өдөр хариуцагч ***** ХХК-ийн ерөнхий нягтлан бодогч Д.Л тэй маргаан үүсгэж, улмаар ажил олгогчийн зүгээс үүссэн зөрчилдөөнийг зохицуулахаар холбогдох үйл ажиллагааг явуулсан. Байгууллагын зүгээс 2022 оны 08 дугаар сарны 08-ны өдөр төв компанид гомдол гаргасан. 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 13 цагт 2 талт уулзалт зохион байгуулсан.

5.2 ***** ХХК Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.9, 79.1 дэх хэсгийг үндэслэсэн ажлаас чөлөөлөх тушаалыг гаргасан. 2006 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 33 дугаар Улсын Дээд шүүхийн тогтоолын 14 дэх хэсэгт Хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-д заасан хөдөлмөрийн гэрээг цуцлах ажилтны өргөдөл гэдэгт ажил олгогчийн шахалт шаардлага, зүй бус нөлөөлөл зэрэг хөндлөнгийн оролцоогүйгээр хугацаатай ба хугацаагүй хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай ажилтнаас зөвхөн өөрийн хүсэл зоригийн дагуу, сайн дурын үндсэн дээр гаргасан бичгийн хүсэлтийг хэлнэ гэж тайлбарласан. Иймд нэхэмжлэгч *.* албан ёсоор өргөдөл, хүсэлтээ өгөөгүй, үргэлжлүүлэн ажиллах хүсэлтэй байсан. Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй байх тул шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлын хүрээнд хэргийг хянаж, гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

2. Нэхэмжлэгч *.* нь хариуцагч ***** ХХК-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс 6,673,407 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

3. ***** ХХК нь *.* тай 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдрөөс туршилтын 3 сарын хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулсан байх бөгөөд нэхэмжлэгч нь туршилтын 3 сарын хугацаа дууссан боловч үргэлжлүүлэн ажиллаж байсан үйл баримтын талаар зохигч маргаагүй.

3.1 ***** ХХК-ийн захирлын 2022 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 01/2022-045 дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.9, 79 дүгээр зүйлийн 79.1, Компанийн Хөдөлмөрийн дотоод журам-ын 9 дүгээр зүйлийн 4 дэх заалт болон ***** ХХК-ийн удирдлагын шийдвэрийг тус тус үндэслэн *.* тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2022 оны 08 дугаар сарын 27-ны өдрөөс эхлэн дуусгавар болгожээ. /хх8/

4. Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2 дахь хэсэгт зааснаар ажилтан нь ажлаас чөлөөлсөн тухай ажил олгогчийн шийдвэрийг эс зөвшөөрвөл тухайн шийдвэрийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш 30 хоногийн дотор хөдөлмөрийн эрхийн маргааныг урьдчилан шийдвэрлүүлэхээр хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст, хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссгүй аж ахуйн нэгж, байгууллага болон иргэд хооронд үүссэн маргааныг сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд тус тус хандах эрхтэй. Баянзүрх дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны хуралдааны 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн тэмдэглэлээр Баянзүрх дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах 3 талт хороо нь шийдвэрлэх боломжгүй гэжээ. /хх9/

Нэхэмжлэгч *.* Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд гомдол гаргаж, улмаар 2022 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.8 дахь хэсэгт заасныг зөрчөөгүй байна.

5. Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.9-т хөдөлмөр эрхлэлтийн харилцаа хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах санаачилгыг ажилтан, ажил олгогчийн аль нэг нь гаргасан үндэслэлээр дуусгавар болохоор заасан. Нэхэмжлэгч нь ажлаас гарах хүсэлтээ бичгээр гаргаагүй байх тул ажил олгогч Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.9-д заасныг үндэслэн нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн нь учир дутагдалтай болсон талаар анхан шатны шүүх зөв дүгнэжээ.

5.1 Тодруулбал, ажлын талбар дээрх зөрчилдөөн арилгах саналын хуудас гэх баримтад нэхэмжлэгч би ер нь гарья гэсэн шийд гаргасан гэснийг ажлаас гарах хүсэлтээ бичгээр гаргасан гэж үзэхгүй. Нэхэмжлэгч ажлаас гарах хүсэл зоригоо илэрхийлсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдохгүй байна. /хх 45/

5.2 Түүнчлэн, нэхэмжлэгч нь 2022 оны 08 дугаар сарын 30-ны өдрөөс ажлын байрандаа ирээгүй нь ажил олгогчийн тухайн тушаалыг зөвтгөх үндэслэл болохгүй тул энэ талаарх давж заалдах гомдлыг хангахгүй.

Иймд анхан шатны шүүх нэхэмжлэгч *.* г урьд эрхэлж байсан буюу тогоочийн ажил, албан тушаалд эгүүлэн тогтоож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй.

6. Нэхэмжлэгчийн гурван сарын дундаж цалин 2,736,351 төгрөг байх ба анхан шатны шүүх нэхэмжлэгчийн ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 6,428,232 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт нийцсэн байхаас гадна хариуцагч нь мөн хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7-д зааснаар нэхэмжлэгчийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хураамжийг төлж, зохих бичилт хийх үүрэгтэй.

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 101/ШШ2023/01626 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагч талаас төлсөн 117,802 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.БЯМБАСҮРЭН

ШҮҮГЧИД Г.ДАВААДОРЖ

М.БАЯСГАЛАН