Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 03 сарын 28 өдөр

Дугаар 101/ШШ2023/01560

 

 

 

 

 

 

 

 

2023 03 28

101/ШШ2023/01560

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мандалбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: П.Б-н гаргасан,

 

Хариуцагч: Д.Н-д холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 34,185,000.00 төгрөг гаргуулах тухай үндсэн болон хэлцэл хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгож, илүү төлсөн 14,316,500.00 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Т, хариуцагч Д.Н, өмгөөлөгч Б.А, гэрч С.Мандахнаран, нарийн бичгийн дарга З.Амартүвшин нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчээс тус шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

Нэхэмжлэгч П.Б нь 2019 оны 05 дугаар сарын 14-ний өдөр хариуцагч Д.Нтэй зээлийн гэрээ байгуулж, уг гэрээний дагуу 22,790,000.00 төгрөгийг 3 сарын хугацаатай хүүгүй зээлүүлэхээр тохиролцсон ба хариуцагч тал зээлийг хугацаандаа буцааж төлөх үүргээ зөрчвөл хоног тутамд Иргэний хуулийн 232.6 дахь хэсэгт зааснаар төлөгдөөгүй үнийн дүнгийн 0.5 хувиар алданги тооцож төлнө гэж заасан.

 

Гэтэл хариуцагч нь 2019 оны 08 дугаар сарын 14-ний өдөр зээлийг төлөх ёстой байтал өнөөдрийг хүртэлх хугацаанд буцааж төлөөгүй тул гэрээнд зааснаар алдангийг тооцоход хоног тутамд 113,950.00 төгрөг бодогдсон ба гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас аль хэдийн давсан. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т Анз нь торгууль алданги гэсэн төрөлтэй байна, анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэж заажээ. Иймээс хариуцагч Д.Н нь алдангид 11,935,000.00 төгрөгийг төлөх үүрэгтэй байна.

 

Хэдийгээр нэхэмжлэгч нь хариуцагчаас 22,790,000.00 төгрөг, алданги 11,935,000.00 төгрөг, нийт 34,185,000.00 төгрөгийг нэхэмжилсэн боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн шүүхэд өгсөн дансны хуулгыг үзвэл нэхэмжлэгч нь хариуцагчид 21,500,000.00 төгрөгийг шилжүүлсэн байх тул үндсэн зээлийг 21,500,000.00 төгрөгөөр тооцож мөн алданги 10,750,000.00 төгрөгийн хамт нэхэмжилж байна.

 

Харин сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. Тодруулбал, нэхэмжлэгч П.Бгийн Хас банк ХХК-ийн дансны хуулгаар түүнийг 2019 оны 05 дугаар сарын 14-ний өдөр өөрийн дансандаа 21,500,000.00 төгрөгийн орлогын гүйлгээ хийсэн гэсэн үйл баримтаар хариуцагч Д.Нийг авсан зээлээ буцааж төлсөн гэдгийг шууд нотлохгүй, энэхүү мөнгө нь нэхэмжлэгчийн өөр төрлийн эх үүсвэр тул хариуцагчийн татгалзал үндэслэлгүй.

 

Үүнээс гадна зохигч ямар чухам ямар нөхцөл байдлын хүрээнд дүр үзүүлсэн гэж хариуцагч нь тайлбарлаад байгааг тодруулах хэрэгтэй. Дүр үзүүлсэн хэлцэл нь гэрээ, хэлэлцээрийн гадаад илэрхийллийг бий болгодог ч үр дагаврыг үүсгэх хүсэлгүй байдаг. Тийм байтал хариуцагч нь өөрийн дансаар 21,500,000.00 төгрөгийг авсан, гэрээнд гарын үсэг зурсан, үүнээс өмнө нэхэмжлэгчтэй энэ төрлийн харилцаатай байсан гэж өөрөө тайлбарласан тул зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцох үндэслэл байхгүй.

 

Мөн хариуцагч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа нэхэмжлэгчид төлж байсан мөнгийг зээлийн хүү байсан гэж хэлсэн атлаа одоо болохоор бичгээр гэрээ байгуулаагүй, хүүгийн хэмжээний талаар тухайлан тохироогүй гэж тайлбарлаж байгааг зөвшөөрөхгүй, хүнээс мөнгө аваад түүнийг нь ашиглачихаад зээл биш гэж байгаа нь үндэслэлгүй тул сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Хариуцагчаас тус шүүхэд гаргасан хариу тайлбар, сөрөг нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд өмгөөлөгчийн хамт гаргасан тайлбартаа:

 

Миний бие 2013 онд "Wellmart" худалдааны төвд бэлэн хувцасны лангуу ажиллуулдаг байхдаа нэхэмжлэгч П.Бьэй танилцсан бөгөөд 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр нэхэмжлэгчээс 10,000,000.00 төгрөгийг 1 жилийн хугацаатай зээлээд 2019 оны 12 сар хүртэлх хугцаанд түүнд нийт 21,476,500 төгрөгийг төлсөн байна.

 

Ингээд тус мөнгийг төлөөд явж байтал нэхэмжлэгч П.Б нь 2019 оны 05 дугаар сарын 14-ний өдөр намайг гэртээ дуудаад чи мөнгөө өдөр бүр төлж чадахгүй байгаа болохоор хүү, алданги чинь нийлээд 22,790,000.00 төгрөг болсон, хоёулаа гэрээгүй учир нотариат орж гэрээ хийе, гэхдээ нотариатын гэрээ хүчингүй тул Хаан банк ХХК дахь чиний данс руу 21,500,000.00 төгрөгийг оруулаад буцааж авна, энэ мөнгө миний байр захиалах мөнгө гэж хэлээд нэхэмжлэгч нь миний тоот данс руу дээр мөнгийг шилжүүлсэн.

 

Үүний дараа тэр өдөр бид хоёр Баянзүрх дүүргийн Офицеруудын ордны Хаан банк ХХК-ийн салбарт очоод урдаасаа 3 дахь теллер дээрээс миний бие 21,500,000.00 төгрөгийг данснаасаа авч, эргүүлээд бэлнээр нэхэмжлэгч П.Бд өгсөн. Гэтэл нэхэмжлэгч нь намайг тухайн зээлийг буцааж төлөөгүй мэт худал тайлбар гаргаж надаас үндэслэлгүйгээр 34,185,000.00 төгрөгийг нэхэмжилж байгааг зөвшөөрөхгүй.

 

Энэ үйл явдлын дараагаар нэхэмжлэгч П.Б нь намайг Баянзүрхийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст 21,500,000.00 төгрөгийг залилан мэхэлж авсан гэж шалгуулсан боловч гэмт хэргийн шинжтэй үйлдэл байхгүй гэсэн үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан. Би, нэхэмжлэгчээс хамгийн анх 2013 онд 300,000.00 төгрөгийг бэлнээр авч төлснөөр нийтдээ 2019 он хүртэл 37,040,000.00 төгрөгийг зээлж аваад буцаагаад 71,914,500.00 төгрөгийг төлсөн байдаг.

 

Гэвч бид хоёрын 2019 оны 05 дугаар сарын 19-ний өдөр байгуулсан зээлийн гэрээ нь дүр үзүүлсэн хэлцэл бөгөөд би нэхэмжлэгчээс энэ гэрээний дагуу 22,790,000.00 төгрөгийг аваагүй. Харин 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр авсан 10,000,000.00 төгрөгөөс тэр өдөр нь нэхэмжлэгчийн хүсэлтээр 2,840,000.00 төгрөгийг буцааж өгсөн бөгөөд үлдэх 7,160,000.00 төгрөгийг төлөхдөө нийт 21,476,500.00 төгрөгийг төлсөн байна.

 

Би, өөртөө ийм хохиролтой гэрээ байгуулж байгаагаа мэдэлгүй нэхэмжлэгч П.Бтэй олон жил харилцаж явсан нөхөрлөлөө бодож, найзыгаа гомдоочих вий гэж санаж тухайн гэрээг байгуулсан. Гэтэл найз минь сүүлд ийм зүйл сэдэж надаас их хэмжээний мөнгө шаардаж байгааг зөвшөөрөхгүй. Одоо ингээд бодоход надад энэ хугацаанд амьдарсан амьдрал байхгүй, нэхэмжлэгчийн зээлийг төлөх гэж өрнөөс өрний хооронд явж байснаа ойлгож ухаарч, хуульчаас зөвлөгөө аваад ийнхүү үнэн мөнөөр шийдүүлэх гэж сөрөг нэхэмжлэл гаргасан юм.

 

Би, зөвхөн дотуур хувцас зарж өдөр бүр 60,000.00-360,000.00 төгрөгийг олдог байсан боловч бүгдийг нь нэхэмжлэгчид өгч хохирч байсан байна. Энэ үед миний бие гэр бүлээ тэжээх нь битгий хэл үр хүүхдүүдээ хаячихаад гадаа гудамжинд бараагаа зарж өөрийнхөө эрхээр аяга хоол ч авч идэж чаддаггүй байсан. Иймд, П.Б болон Д.Н нарын хооронд 2019 оны 05 дугаар сарын 14-ний өдөр байгуулсан 22,790,000.00 төгрөгийн зээлийн гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан дүр үзүүлэн хийсэн хэлцэл болохыг тогтоож, нэхэмжлэгч П.Бд 7,160,000.00 төгрөгийг төлөх ёстой байтал хүү гэж илүү авсан 14,316,500.00 төгрөгийг буцаан шаардаж байна.

 

Учир нь, талууд Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-т Хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана гэсний дагуу хүү тооцох эрхгүй гэж зааснаар зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй, өнгөрсөн хугацаанд нэхэмжлэгч нь хариуцагчаас мөнгө хүүлж маш ихээр санхүүгийн өрөнд оруулж байсан байна. Иймд, үндсэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийг хангаж буюу нэхэмжлэгчээс 14,316,500.00 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Талуудын шүүхэд өгсөн болон шүүхийн журмаар бүрдүүлсэн нотлох баримтаас нэхэмжлэгчийн өгсөн нотлох баримт нь:

 

1.            Улсын тэмдэгтийн хураамжид 328,880.00 төгрөг төлсөн баримт,

2.            Зээлийн гэрээ,

3.            Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай захирамж,

4.            Итгэмжлэл,

5.            Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн газрын гуравдугаар хэлтсийн тодорхойлолт,

 

Хариуцагчийн өгсөн нотлох баримт нь:

 

1.            Хариу тайлбар,

2.            Улсын тэмдэгтийн хураамжид 271,900.00 төгрөг төлсөн баримт,

3.            Д.Нийн Хаан банк дахь депозит дансны дэлгэрэнгүй хуулга,

 

Шүүхийн журмаар бүрдүүлсэн нотлох баримт:

 

1.            Хаан банк ХХК-ийн 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 29/10125 дугаар албан бичиг, П.Бгийн депозит дансны дэлгэрэнгүй хуулга,

2.            Чингис хаан банк ХХК-ийн 2023 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн албан бичиг, Ариг банк ХХК-ийн 2023 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн албан бичиг, Капитрон банк ХХК-ийн 2023 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн албан бичиг, Худалдаа хөгжлийн банк ХХК-ийн 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн албан бичиг, Хас банк ХХК-ийн 2023 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн албан бичиг,
П.Бгийн дансны хуулга, Тээвэр хөгжлийн банк ХХК-ийн 2023 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн албан бичиг, Үндэсний хөрөнгө оруулалтын банк ХХК-ийн 2023 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн албан бичиг, Богд банк ХХК-ийн 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн албан бичиг, П.Бгийн дансны хуулга, Голомт банк ХХК-ийн 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн албан бичиг, П.Бгийн дансны хуулга, Төрийн банк ХХК-ийн 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн албан бичиг,

3. Шүүхийн тусгай архивын 2023 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн албан бичиг, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 564 дугаар магадлал, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 4241 дүгээр шийдвэр, Монгол Улсын Дээд шүүхийн иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2022 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 517 дугаар тогтоол.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын гаргасан тайлбар, хэрэгт авагдсан болон хэлэлцүүлсэн бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч П.Бгээс хариуцагч Д.Нт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 34,185,000.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан ба хэрэг хянан шийдвэлэх ажиллагааны явцад хариуцагч нь хэлцэл хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгож, илүү төлсөн 14,316,500.00 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргасан.

 

Зохигч нарын нэхэмжлэгчийг үзвэл Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3-д зааснаар хүлээсэн үүргийг нь гүйцэтгүүлэхийг хүсчээ. Гэвч шүүх, хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан бичгийн баримт, талуудын тайлбарыг тус тус үндэслэн үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлээс зарим хэсгийг хангаж, үлдсэн хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

1.            Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар нэхэмжлэгч П.Б нь 2019 оны 05 дугаар сарын 14-ний өдөр хариуцагч Д.Нтэй зээлийн гэрээ байгуулж, түүнд 22,790,000.00 төгрөгийг 2019 оны 08 дугаар сарын 14-ний өдөр хүртэлх хугацаанд хүүгүй зээлээр тохиролцсон байна /х.х-ийн 4 хуудас/.

 

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж, мөн 282 дугаар зүйлийн 282.4-т Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно гэж тус тус заасан.

 

Тайлбарлавал, энэ хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1-д эд хөрөнгө шилжүүснээр гэрээ байгуулахаар хуульд заасан бол гэрээний гол нөхцлийн талаар талууд тохиролцож, тухайн эд хөрөнгийг шилжүүлснээр гэрээ байгуулагдсанд тооцно гэж заасны дагуу тус хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар зээлдэгчийн хувьд зээлийг буцаан төлөх болон зээлдүүлэгч зээлийг шаардах эрх, үүрэг үүсэх гол үндэслэл нь гэрээгээр тохиролцсон мөнгө болон бусад төрлийн шинжээр тодорхойлогдох эд хөрөнгийг шилжүүлсэн байх ёстой.

 

Зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч П.Б нь 2019 оны 05 дугаар сарын 14-ний өдөр Хаан банк ХХК нь өөрийн тоот данснаас хариуцагч Д.Нийн тоот дансанд 21,500,000.00 төгрөгийг шилжүүлсэн үйл баримтын талаар маргаагүй /х.х-ийн 62 хуудас/.

 

2.            Гэтэл хариуцагч Д.Н нь зохигч нарын 2019 оны 05 дугаар сарын 14-ний өдөр байгуулсан зээлийн гэрээг дүр үзүүлсэн, уг 21,500,000.00 төгрөгийг авах зорилгогүйгээр өөрийн дансаар авч, буцаан тус өдөр нэхэмжлэгчид өгсөн тул хүчин төгөлдөр бус гэж маргаж байна.

 

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д Дараахь хэлцэл хүчин төгөлдөр бус байна гээд 56.1.2-т дүр үзүүлэн хийсэн хэлцэл гэж заажээ. Тодруулбал, дүр үзүүлсэн хэлцэл гэдэг нь талууд огт хэлцэл хийх хүсэл зорилгогүйгээр /иргэний эрх, үүргийг үүсгэх, өөрчлөх, дуусгавар болгох/ бусдад хэлцэл хийсэн юм шиг харагдахын тулд хэлцлийн гадаад илэрхийллийг бий болгодог буюу тус хэлцлийн үр дагаврыг хүсээгүй боловч хэлцэл хийсэн мэт ойлгогдох нөхцөл байдлыг үүсгэдэг.

 

Гэтэл зохигчид чухам ямар зорилгоор 2019 оны 05 дугаар сарын 14-ний өдөр байгуулсан зээлийн гэрээг дүр үзүүлэхээр байгуулсан болох нь тодорхойгүй, хариуцагч нь анхнаасаа тухайн хэлцлийн үр дагаврыг бий болгохыг хүсээгүй гэсэн боловч үүнтэй холбоотой нотлох баримт өгөөгүй.

 

Харин зохигч нарын тайлбар, хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч П.Б, хариуцагч Д.Н нар урьд өмнө зээлийн гэрээний дагуу өглөг, авлагатай байсан буюу хариуцагч нь нэхэмжлэгчээс тодорхой хэмжээний мөнгө авч, буцаан төлдөг харилцаатай байснаас үзэхэд 21,500,000.00 төгрөгийг дүр үзүүлсэн гэрээний дагуу авсан гэж дүгнэхэд учир дутагдалтай байна.

 

Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д Хүсэл зоригийн илэрхийлэл нь нөгөө тал түүнийг хүлээн авснаар хүчин төгөлдөр болно гэж, 40.2.-т Нөгөө тал хүсэл зоригийн илэрхийллийг хүлээж авахаас урьдчилан буюу шууд татгалзсан бол хүсэл зоригийн илэрхийллийг хүчин төгөлдөр бус гэж тооцно гэж тус тус заажээ.

 

Тодруулбал, зохигчид зээлийн гэрээний эрх, үүргийг үүсгэх зорилгоор хүсэл зоригоо чөлөөтэй илэрхийлж, үйлдэл, эс үйлдэхүйгээр нөгөө талдаа мэдэгдсэнийг хандсан этгээд хүлээн авч, зөвшөөрсөн тохиолдолд уг хэлцэл хуульд зааснаас бусад тохиолдолд хүчин төгөлдөр байх учиртай юм. Нөгөө талаар хариуцагч нь 2019 оны 05 дугаар сарын 14-ний өдөр авсан 21,500,000.00 төгрөгийг тэр өдөр нь буцааж нэхэмжлэгчид төлсөн гэсэн нь дүр үзүүлсэн хэлцлийг шинж чанарыг шууд илэрхийлэхгүй, хариуцагч тал тухайн мөнгийг бусад үндэслэл, тодорхой шалтгааны улмаас буцааж өгсөн нөхцөл байдлыг хэлцэл хийх хүсэл зорилгогүй байсан гэж шууд дүгнэх боломжгүй байна.

 

Иймд, талууд 2019 оны 05 дугаар сарын 14-ний өдөр зээлийн гэрээ байгуулж, нэхэмжлэгч нь тус гэрээний дагуу хариуцагчид 21,500,000.00 төгрөгийг зээлдүүлсэн байх тул тэдгээрийн хооронд тус хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1, 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар хүчин төгөлдөр зээлийн гэрээ байгуулагдаж, гэрээний харилцаа үүссэн байна гэж дүгнэв.

 

3.            Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ гэж, мөн 207 дугаар зүйлийн 207.1.3-т мөнгөн төлбөрийн үүргийг үүрэг гүйцэтгүүлэгчийн оршин суугаа /оршин байгаа/ газар, харин үүрэг гүйцэтгүүлэгч дээрх газраа өөрчилсөн тухай үүрэг гүйцэтгэгчид мэдэгдсэн бол түүний шинээр оршин суугаа /оршин байгаа/ газар гүйцэтгэнэ гэж, 208 дугаар зүйлийн 208.1Үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ гэж тус тус заажээ.

 

Тайлбарлавал, зээлийн гэрээгээр үүрэг хүлээсэн хариуцагч нь мөнгө буцаан төлөх үүргийг үүрэг гүйцэтгүүлэгчийн оршин суугаа газар, гэрээнд заасан хугацаанд заавал гүйцэтгэх ёстой бөгөөд тийнхүү биелүүлээгүй тохиолдолд түүнийг үүргээ зөрчсөнд тооцож, үүний улмаас зээлдүүлэгч буюу нэхэмжлэгчид учирсан хохирлыг төлөх үүрэг хүлээнэ.

 

Ингээд нэхэмжлэгч П.Б нь хариуцагч Д.Нийг зээлийн гэрээнд заасан 22,790,000.00 төгрөгийг буцаан төлөөгүй гэсэн үндэслэлээр алданги 11,935,000.00 төгрөгийн хамт нийт 34,185,000.00 төгрөг нэхэмжилснийг хариуцагч нь үл хүлээн зөвшөөрч 2019 оны 05 дугаар сарын 14-ний өдөр 21,500,000.00 төгрөгийг Хаан банк ХХК-ийн офицеруудын ордны салбарт өөрийн данснаасаа авч, нэхэмжлэгчид бэлнээр буцааж төлсөн гэж маргасан.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Хаан банк ХХК-иас ирүүлсэн албан бичигт дурдсанаар тус банкны офицеруудын ордны салбарын өмнөх жилүүдийн бичлэгийг хадгалах хугацаа нь дууссан гэсэн үндэслэлээр 2019 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн бичлэгийг өгөх боломжгүй гэсэн боловч хариуцагч Д.Нийн хүсэлтийг үндэслэн бүрдүүлсэн арилжааны банк дахь нэхэмжлэгч П.Бгийн тус өдрийн орлогын гүйлгээг шүүж үзэхэд тэрбээр Хас банк ХХК дахь тоот дансанд 21,500,000.00 төгрөгийг бэлнээр тушаасан байна /х.х-ийн 137 хуудас/.

 

Энэ тохиолдолд хариуцагчийн би зээлийг өөрийн дансаар авсан даруй тэр өдрөө буцааж төлсөн, нэхэмжлэгч нь надаас 21,500,000.00 төгрөгийг бэлнээр авсан бөгөөд өөр банк дахь дансандаа тушаасан гэсэн тайлбар нь баримтаар нотлогдсон гэж үзэх бөгөөд хариуцагч нь тухайн тайлбараа нотлох зорилгоор нэхэмжлэгчийн арилжааны банк дахь дансны зөвхөн 2019 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн орлогын гүйлгээг шүүхийн журмаар шалгуулсан нь талуудын мэтгэлцэх эрхийг зөрчсөн үйлдэл биш болно.

 

Харин нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа нэхэмжлэгчийг 21,500,000.00 төгрөгийг бэлнээр Хас банк ХХК дахь тоот дансанд тушаасан үйлдлийг өөр төрлийн эх үүсвэр байсан, хариуцагчийн төлсөн төлбөр биш гэсэн боловч тухайн тайлбараа баримтаар нотлоогүй.

 

4.            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх гэж, мөн 107 дугаар зүйлийн 107.2-т Нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн талд оролцож буй гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нэхэмжлэлийн шаардлага, маргааны үйл баримт, хариуцагчийн гэм бурууг нотолж, түүний татгалзлыг үгүйсгэж байгаа үндэслэлээ нотолно гэж тус тус заажээ.

 

Өөрөөр хэлбэл, тухайн хэрэг маргааны талууд нотлох үүргийн хуваарилалтын хувьд өөрт ашигтай тайлбар, татгалзлаа баримтаар нотлох үүрэгтэй ба хариуцагч Д.Н нь 21,500,000.00 төгрөгийг нэхэмжлэгч П.Бд буцааж өгсөн гэдгээ ийнхүү нотолсон бол нэхэмжлэгч П.Б нь 2019 оны 05 дугаар сарын 14-ний өдөр хариуцагч Д.Нээс 21,500,000.00 төгрөгийг хүлээж аваагүй, мөн Хас банк ХХК дахь тоот дансанд тушаасан мөнгийг өөр мөнгө байсан гэсэн тайлбараа тодорхой баримтаар нотлоогүй тул хариуцагчийг гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн гэж дүгнэх боломжгүй юм.

 

Иргэний хуулийн 87 дугаар зүйлийн 87.1-д Өөр эрхтэй салшгүй холбоотой, түүнгүйгээр бие даан хэрэгжиж үл чадах эрхийг салгаж үл болох эрх гэнэ гэж зааснаар алданги нь зээлийн гэрээтэй салшгүй холбоотой буюу зээлийн гэрээний шаардлага нь оршин байгаа тохиолдолд алдангийн талаарх тохиролцоо нь хэвээр хадгалагдах бөгөөд зээлийн гэрээний үүрэг дуусгавар болсон бол алданги шаардах эрх дуусгавар болдог журамтай.

 

Иймд, хариуцагч Д.Н нь нэхэмжлэгч П.Бтэй 2019 оны 05 дугаар сарын 19-ний өдөр байгуулсан зээлийн гэрээгээр авсан 21,500,000.00 төгрөгийг буцааж өгсөн байх тул хариуцагчаас 22,790,000.00 төгрөгийг алданги 11,935,000.00 төгрөгийн хамт нэхэмжлэх эрхгүй.

 

5.            Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар нэхэмжлэгч П.Б нь 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр хариуцагч Д.Нт 10,000,000.00 төгрөгийг түүний Хаан банк ХХК дахь тоот дансанд шилжүүлсэн үйл баримтын талаар зохигчид маргаагүй /х.х-ийн 43 хуудас/.

 

Хариуцагч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа тус 10,000,000.00 төгрөгийг 1 /нэг/ жилийн хугацаатай зээлсэн боловч мөн өдөр нэхэмжлэгчид 2,840,000.00 төгрөгийг буцааж өгсөн бөгөөд хүүтэй зээлэх талаар бичгээр гэрээ байгуулаагүй байтал нэхэмжлэгч нь надаас 14,316,500.00 төгрөгийг хүүнд авч, нийт 21,476,500.00 төгрөгийг төлүүлсэн гэсэн.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар хариуцагч Д.Н нь нэхэмжлэгч П.Бгээс 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр 10,000,000.00 төгрөгийг авсан хэдий ч 2,840,000.00 төгрөгийг буцааж өгсөн ба 2019 оны 01 дүгээр сарын 12-ны өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийг дуустал хугацаанд 21,455,500.00 төгрөгийг нэхэмжлэгчид төлсөн ба зохигчид энэ талаар маргаагүй /х.х-ийн 43-73 хуудас/.

 

Тодруулбал, хэрэгт авагдсан Г.Мөнхцэцэгийн нэхэмжлэлтэй Д.Баярсайханд холбогдох иргэний хэргийг хянан шийдвэрлэсэн Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 564 тоот магадлалд хариуцагч Д.Нээс нэхэмжлэгч П.Бгийн Хаан банк ХХК дахь тоот данс руу шилжүүлсэн 3,540,000.00 төгрөгийг нэхэмжлэгч Г.Мөнхцэцэгийн зээлд төлсөн гэж дүгнэсэн ба хариуцагч нь үүнээс гадна өөрийн авсан 7,160,000.00 төгрөгийн зээлд 21,455,500.00 төгрөгийг төлсөн, хариуцагч тал үүнийг хүлээн зөвшөөрч байна /х.х-ийн 158-164 хуудас/.

 

Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1-д Зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоож болно гэж, мөн 282.4-т Хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана гэж тус тус заасан. Тайлбарлавал, хуульд өөрөөр заагаагүй бол талууд зээлийн гэрээг хүүтэй байхаар тохиролцсон бол гэрээг заавал бичгээр байгуулах ёстой бөгөөд энэ нь тус хуулийн 42 дугаар зүйлийн 42.2-т Энгийн хэлбэртэй бичгийн хэлцэл нь хүсэл зоригоо илэрхийлэгч этгээд гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно гэж зааснаар хүчин төгөлдөр болох учиртай.

 

Энэхүү бичгээр гэдэг ойлголтод мэдээллийг тэмдэглэсэн цаасан болон харилцаа холбооны арга хэлбэр хамаарах бөгөөд нөхөн хуулбарлах боломжтой байхыг ойлгодог. Гэтэл зохигчид тус 10,000,000.00 төгрөгийг хэдэн хувийн хүүтэй ямар хугацаатайгаар зээлж байгаа талаар тухайлан тохиролцоогүй, хариуцагчийн төлж байсан төлбөрөөс зээлийн хүүгийн хувь хэмжээг шууд тогтоох боломжгүй байх тул нэхэмжлэгч П.Б нь хариуцагч Д.Нээс хүү шаардах эрхгүй.

 

6.            Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1-д Хууль буюу гэрээгээр үүрэг гүйцэтгэгч нь ямар нэгэн үйлдэл хийх, эсхүл тодорхой үйлдэл хийхээс татгалзах үүргийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө хүлээх бөгөөд үүрэг гүйцэтгүүлэгч нь түүнээс уг үүргээ гүйцэтгэхийг шаардах эрхтэй гэж заажээ. Тайлбарлавал, иргэний эрх зүйн субъектуудын хооронд гэрээ, хэлэлцээр байгуулах замаар, аль эсхүл хуульд заасан үндэслэл бий болсноор иргэний эрх зүйн харилцаа үүсэх ба нэхэмжлэгч П.Б, хариуцагч Д.Н нарын хооронд мөн хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1, 281 дүгээр зүйлийн 281.1-д тус тус зааснаар зээлийн гэрээний харилцаа үүссэн байсан.

 

Гэвч зохигчид 7,160,000.00 төгрөгийг хүүтэй зээлэхээр бичгээр гэрээ байгуулаагүй тул хариуцагч нь нэхэмжлэгчид 7,160,000.00 төгрөгийг төлөх ёстойгоос 21,455,500.00 төгрөгийг буюу илүү 14,295,500.00 төгрөгийг төлсөн нь гэрээ, аль эсхүл хуульд заасан үндэслэлээр үүссэн буюу нэхэмжлэгчид төлбөл зохих үүрэг биш тул хариуцагчийг хууль болон гэрээнд заасан үндэслэлгүй-ээр 14,295,500.00 төгрөгийг нэхэмжлэгчид шилжүүлсэн гэж үзнэ.

 

Үүнийг Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-д Бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө дараахь тохиолдолд буцаан шаардах эрхтэй гээд 492 дугаар зүйлийн 492.1.1хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон гэж тус тус заасан.

 

Тодруулбал, энэ тохиолдолд хариуцагч Д.Н нь зээлийн хүү төлөх үүрэг байхгүй байхад нэхэмжлэгч П.Бд 14,295,500.00 төгрөгийг төлсөн гэж үзэх ба хэрэгт авагдсан баримт, зохигч нарын тайлбараар тус мөнгийг нэхэмжлэгчид үлдээх зөвтгөх буюу хууль зүйн үндэслэл байхгүй байх тул нэхэмжлэгч нь хариуцагчид буцаан төлөх үүрэгтэй болно.

 

Иймд, шүүхээс дээр дурдсаныг тус тус нэгтгэн дүгнээд үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 14,295,500.00 төгрөгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.            Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1-д тус тус заасныг үндэслэн нэхэмжлэгч П.Бгийн гаргасан хариуцагч Д.Нт холбогдох 34,185,000.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.            Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг тус тус үндэслэн нэхэмжлэгч П.Бгээс 14,295,500.00 төгрөгийг гаргуулж хариуцагч Д.Нт олгож, сөрөг нэхэмжлэлээс 21,000.00 төгрөгт холбогдох хэсэг болон 2019 оны 05 дугаар сарын 14-ний өдөр байгуулсан зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох тухай шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

3.            Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 328,880.00 төгрөг, хариуцагчийн төлсөн 501,433.00 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс 229,427.00 төгрөгийг гаргуулж хариуцагчид олгосугай.

 

4.            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАНДАЛБАЯР