Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 06 сарын 12 өдөр

Дугаар 210/МА2023/01177

 

 

 

 

 

 

 

 

 

2023 06 12 210/МА2023/01177

 

 

А.А гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Нямбазар даргалж, шүүгч Т.Бадрах, М.Баясгалан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 101/ШШ2023/01560 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч: А.А

Хариуцагч: Б.Б

Үндсэн нэхэмжлэл: зээлийн гэрээний үүрэгт 32,250,000 төгрөг гаргуулах,

Сөрөг нэхэмжлэл: хэлцэл хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох, илүү төлсөн 14,316,500 төгрөгийг буцаан гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч М.Баясгалан илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Мөнхтулга, хариуцагч Б.Б , түүний өмгөөлөгч Б.Ариунбуян, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Чулуунчимэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1 А.А нь 2019 оны 05 дугаар сарын 14-ний өдөр Б.Б тэй зээлийн гэрээ байгуулсан. Гэрээгээр нэхэмжлэгч нь хариуцагчид 22,790,000 төгрөгийг 3 сарын хугацаатай, хүүгүй зээлүүлэх, алдангийг төлөгдөөгүй үнийн дүнгийн 0,5 хувь байхаар тохиролцсон.

1.2 Б.Б нь өнөөдрийг хүртэл зээлийг буцаан төлөөгүй тул үндсэн зээл 21,500,000 төгрөг, алданги 10,750,000 төгрөг, нийт 32,250,000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн хариу тайлбар, татгалзлын агуулга:

2.1 Миний бие 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр А.А гээс 10,000,000 төгрөгийг 1 жилийн хугацаатай зээлээд 2019 оны 12 сар хүртэлх түүнд нийт 21,476,500 төгрөг төлсөн. Тус зээлийг төлөөд явж байтал А.А нь 2019 оны 05 дугаар сарын 14-ний өдөр намайг ...мөнгөө өдөр бүр төлж чадахгүй байгаа тул хүү, алданги нийлээд 22,790,000 төгрөг болсон, хоёулаа гэрээгүй тул нотариат орж гэрээ хийе, гэхдээ нотариатын гэрээ хүчингүй тул Б ХХК дахь чиний данс руу 21,500,000 төгрөгийг оруулаад буцааж авна, энэ мөнгө миний байр захиалах мөнгө гэж хэлээд миний данс руу дээрх мөнгийг шилжүүлсэн. Улмаар миний бие уг 21,500,000 төгрөгийг тэр өдрөө данснаасаа бэлнээр авч, эргүүлээд А.А д шилжүүлсэн.

2.2 Бидний хооронд байгуулагдсан гэх дээрх 2019 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн зээлийн гэрээ нь дүр үзүүлсэн хэлцэл. Уг гэрээний дагуу миний бие 22,790,000 төгрөгийг аваагүй тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэжээ.

3. Хариуцагчийн сөрөг шаардлага, үндэслэлийн агуулга:

3.1 Миний бие 2019 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн зээлийн гэрээний дагуу нэхэмжлэгчээс 22,790,000 төгрөгийг аваагүй тул уг гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2 дахь хэсэгт заасны дагуу хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож өгнө үү.

3.2 Миний бие 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр нэхэмжлэгчээс 10,000,000 төгрөгийг зээлэхээр тохиролцож, 10,000,000 төгрөгийг нэхэмжлэгчээс шилжүүлж авсан боловч тэр өдөр нь нэхэмжлэгчийн хүсэлтээр 2,840,000 төгрөгийг түүнд буцааж өгсөн. Үлдэх 7,160,000 төгрөгийн зээлд нийт 14,316,500 төгрөгийн хүүгийн төлбөр төлж, нийт 21,476,500 төгрөгийг нэхэмжлэгчид төлсөн.

Дээрх гэрээг бичгээр байгуулаагүй тул нэхэмжлэгч нь надаас хүүгийн төлбөрт 14,316,500 төгрөг авсан үндэслэлгүй. Иймд нэхэмжлэгчээс хүүгийн төлбөрт төлсөн 14,316,500 төгрөгийг буцаан гаргуулж өгнө үү гэжээ.

4. Нэхэмжлэгчийн сөрөг шаардлагын хариу тайлбар, татгалзлын агуулга:

4.1 А.А гийн Х ХХК дахь дансны хуулгаар түүнийг 2019 оны 05 дугаар сарын 14-ний өдөр өөрийн дансандаа 21,500,000 төгрөгийн орлогын гүйлгээ хийсэн гэсэн үйл баримтаар хариуцагч Б.Б ийг авсан зээлээ буцааж төлсөн гэдгийг шууд нотлохгүй. Энэхүү мөнгө нь нэхэмжлэгчийн өөр төрлийн эх үүсвэр тул хариуцагчийн татгалзал үндэслэлгүй.

4.2 Хариуцагч нь өөрийн дансаар 21,500,000 төгрөгийг авсан, гэрээнд гарын үсэг зурсан, үүнээс өмнө нэхэмжлэгчтэй энэ төрлийн харилцаатай байсан гэж өөрөө тайлбарласан тул зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцох үндэслэлгүй.

4.3 Хариуцагч нь нэхэмжлэгчээс мөнгө зээлсэн атлаа уг зээлийн хүүгийн төлбөрт төлсөн 14,316,500 төгрөгийг буцаан шаардаж байгаа нь үндэслэлгүй тул сөрөг нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэжээ.

5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

5.1 Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1-д тус тус заасныг үндэслэн нэхэмжлэгч А.А гийн гаргасан хариуцагч Б.Б т холбогдох 34,185,000.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг тус тус үндэслэн нэхэмжлэгч А.А гээс 14,295,500 төгрөг гаргуулж хариуцагч Б.Б т олгож, сөрөг нэхэмжлэлээс 21,000 төгрөгт холбогдох хэсэг болон 2019 оны 05 дугаар сарын 14-ний өдөр байгуулсан зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох тухай шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 328,880.00 төгрөг, хариуцагчийн төлсөн 501,433.00 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс 229,427.00 төгрөгийг гаргуулж хариуцагчид олгож шийдвэрлэсэн байна.

6. Нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын агуулга:

6.1 Хариуцагч нь 2019 оны 05 дугаар сарын 14-ний өдөр хүртэл 10 гаруй удаагийн гүйлгээгээр нийт 49,500,000 төгрөг хүү тооцоогүй дүнгээр авсан байсан. Бид 2019 оны 05 сарын 14-ний өдөр тооцоо нийлэхэд надад 26,710,000 төгрөг төлсөн байсан. Үлдэгдэл 22,790,000 төгрөг байсан. Энэ дүнд бид ямар хүү алданги тооцоогүй. Тус өдөр Б.Б тэй бид хоёр нотариат орж зээлийн үлдэгдлийн баталгаагаа баталгаажуулан гэрээ байгуулж тус гэрээндээ энэ мөнгийг 3 сарын хугацаанд төлж дуусгах хэрэв төлж дуусгахгүй бол хожимдуулсан хоног тутамд 0,5 хувийн алданги тооцох нөхцөлөөр гэрээ байгуулсан. Энэ гэрээний дагуу 22,790,000 төгрөг дээр алданги 11,935,000 төгрөг нийт 34,185,000 төгрөг нэхэмжилсэн.

Бид хуулийн мэдлэггүйгээсээ болж Б.Б т мөнгө олж хийж өгөөд буцаад авсан. Энэ нь дүр эсгэж хийсэн хэлцэл болно. Б.Б ийн төлсөн 21,476,500 төгрөг нь 2015 оноос эхэлж авсан 49,500,000 төгрөгөөс төлсөн дүн болно.

6.2 Иргэний хуулийн 199 дүгээр зүйлийн 199.3 дахь хэсэгт төлбөр гүйцэтгэснээр өрийг хүлээн зөвшөөрсөн буюу талууд хэлэлцэн тохиролцсон бол хуульд заасан тодорхой хэлбэрээр гэрээ хийхийг шаардахгүй гэж заасан байхад хууль хэрэглээний алдаатай дүгнэлт өгч надаас 14,295,500 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй. Бидний 2019 оны 05 дугаар сарын 14-ний өдөр байгуулсан гэрээний үүргийн тодорхой хэсгийг Б.Б биелүүлж байгаа үйл баримтад анхан шатны шүүх үнэлэлт дүгнэлт өгөөгүй. Иймээс анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

7. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагчийн өмгөөлөгчийн хариу тайлбарын агуулга:

 

7.1 Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан. 2019 оны 05 дугаар сарын 14-ний өдөр 21,500,000 төгрөгийг Б.Б ийн данс руу шилжүүлээд бэлнээр авч, Х ХХК-ийн данс руу шилжүүлсэн талаарх нотлох баримт хэрэгт авагдсан. Хариуцагчийн зүгээс камерын бичлэгийг шалгах гэсэн боловч бичлэгийг 6 сарын хугацаатай хадгалдаг гэсэн учраас бид камерын бичлэгийг үзэж чадаагүй. 2019 оны 05 дугаар сарын 14-ний өдөр 21,500,000 төгрөг Х ХХК-ийн дансанд орсон байдаг. Эдгээр нотлох баримтуудыг үндэслэн анхан шатны шүүх хэргийг үнэн зөв шийдвэрлэсэн. Зээлийн гэрээний дагуу дансаар төлөлт хийж байсан нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогддог. Гэвч бэлэн мөнгөөр зээлийн эргэн төлөлт хийж байсан нь тооцоонд ороогүй буюу баримт байдаггүй. Анхан шатны шүүх хэргийг үнэн зөв, шударга шийдвэрлэсэн гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

2. Нэхэмжлэгч А.А нь хариуцагч Б.Б т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 21,500,000 төгрөг, алданги 10,750,000 төгрөг, нийт 32,250,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, хэлцэл хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох, илүү төлсөн 14,316,500 төгрөгийг буцаан гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гарган маргажээ.

3. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгөн хөрөнгийг шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээдэг бөгөөд мөнгөн хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцдог. Өөрөөр хэлбэл, зээлдүүлэгч нь зээлийн мөнгөн хөрөнгийг зээлдэгчид шилжүүлснээр зээлдэгчид мөнгөн хөрөнгийг буцаан төлөх үүрэг үүснэ.

4. Хэрэгт авагдсан Б ХХК-ийн дансны хуулгаас үзэхэд 2019 оны 05 дугаар сарын 14-ний өдөр А.А гийн данснаас Б.Б ийн данс руу 21,500,000 төгрөгийг шилжүүлсэн, улмаар тухайн өдөр Х ХХК дахь А.А гийн данс руу 21,500,000 төгрөг шилжсэн үйл баримт тогтоогдсон байна. /хх 104, 137/ Уг үйл баримтыг анхан шатны шүүх нэхэмжлэгч нь хариуцагчид зээлийн мөнгөн хөрөнгийг бодитоор ашиглах боломж олгоогүй үндэслэлээр талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүсээгүй гэж дүгнэсэн нь үндэслэл бүхий болжээ.

Иймд анхан шатны шүүх Б.Б ээс зээлийн гэрээний үүрэгт нийт 32,250,000 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй. Энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй.

Түүнчлэн, нэхэмжлэгч нь анхан шатны шүүхэд ...зээлийн гэрээ байгуулсан, зээлийн гэрээний үүргийг шилжүүлсэн гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлж, талууд мэтгэлцсэн. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг ...өмнөх зээлийн гэрээнүүдийн үлдэгдлийг баталгаажуулж гэрээ хийсэн гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй.

Учир нь, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5 дахь хэсэгт ...анхан шатны шүүхэд гаргаагүй нотлох баримтыг давж заалдах ... журмаар гаргасан тохиолдолд шүүх түүнийг үнэлэхгүй гэж, 161 дүгээр зүйлийн 161.4 дэх хэсэгт ...давж заалдах гомдлын үндэслэлд анхан шатны шүүхээр хэлэлцэгдээгүй шинэ нотлох баримтыг заах эрхгүй гэж тус тус зохицуулжээ.

5. 2019 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох тухай сөрөг шаардлага нь сөрөг нэхэмжлэлийн шинжийг агуулаагүй, татгалзлын үндэслэл болсон байхад анхан шатны шүүх сөрөг нэхэмжлэл гэж үзэн шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2 дахь хэсэгт нийцээгүй байна. Тодруулбал, шүүх зээлийн гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар дүгнэлт хийж маргааныг шийдвэрлэх учиртай. Гэвч хариуцагч анхан шатны шүүхийн уг шийдэлд давж заалдах гомдол гаргаагүй тул талуудын зарчимд үндэслэн энэ талаар дүгнэлт хийх шаардлагагүй.

6. Талууд 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 7,160,000 төгрөгийн зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй, тухайн гэрээний үүрэгт нэхэмжлэгчээс хариуцагчид нийт 21,455,500 төгрөг төлсөн үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоосон байна.

Анхан шатны шүүх талууд дээрх зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй тул нэхэмжлэгч нь хүү шаардах эрхгүй, улмаар хариуцагчаас илүү төлсөн 14,295,500 төгрөгийн хэмжээнд нэхэмжлэгчийг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж дүгнэсэн нь үндэслэл бүхий болж чадаагүй байна. Учир нь, Иргэний хуулийн 199 дүгээр зүйлийн 199.3 дахь хэсэгт зааснаар төлбөр гүйцэтгэснээр өрийг хүлээн зөвшөөрсөн буюу талууд хэлэлцэн тохиролцсон бол хуульд заасан тодорхой хэлбэрээр гэрээ хийхийг шаардахгүй юм.

Өөрөөр хэлбэл, хариуцагч Б.Б нь нэхэмжлэгч А.А д 7,160,000 төгрөгийн зээлийн хүүгийн төлбөрт 14,295,000 төгрөгийг хүлээн зөвшөөрч төлсөн байх тул уг мөнгөн хөрөнгийг буцаан шаардах эрхгүй. Иймд нэхэмжлэгчийн ...14,295,500 төгрөгийг хариуцагч хүү гэж хүлээн зөвшөөрч төлсөн гэх давж заалдах гомдлыг хангана.

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 101/ШШ2023/01560 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

2 дахь заалтыг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 199 дүгээр зүйлийн 199.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч А.А д холбогдох, 2019 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох, 14,316,500 төгрөг гаргуулах тухай хариуцагч Б.Б ийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай. гэж өөрчлөн найруулж,

3 дахь заалтын 56.2, гэснийг хасч, үлдээж, нэхэмжлэгчээс 229,427.00 төгрөгийг гаргуулж хариуцагчид олгосугай. гэснийг үлдээсүгэй. гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2023 оны 05 дугаар сарын 03-ны өдөр урьдчилан төлсөн 328,875 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.НЯМБАЗАР

 

ШҮҮГЧИД Т.БАДРАХ

 

М.БАЯСГАЛАН