Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 04 сарын 07 өдөр

Дугаар 101/ШШ2023/01785

 

2023 04 07 101/ШШ2023/01785

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мандалбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Б.О-н гаргасан,

 

Хариуцагч: Д.Э,

 

Хариуцагч: М.Н нарт холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 55,839,500.00 төгрөг гаргуулах үндсэн болон 2,500,000.00 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.О, нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Амгаланбаатар, хариуцагч М.Н, өмгөөлөгч Б.Гүнтэвчимэг, хариуцагч Д.Э, өмгөөлөгч Г.Мөнхбуян, гуравдагч этгээд Б.О, нарийн бичгийн дарга З.Амартүвшин нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчээс тус шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд өмгөөлөгчийн хамт гаргасан тайлбартаа:

 

Би, өөрийн төрсөн дүү М.Н, түүний нөхөр Д.Э нар Австрали улсад дуудлага худалдаагаар хямд үнээр автомашин худалдан авч, Монгол Улсад худалдан борлуулвал их хэмжээний ашиг олдог гэж надад хэлээд тусламж гуйхад нь хэд, хэдэн удаагийн гүйлгээгээр буюу нийт 15 удаагийн шилжүүлгээр 54,228,000.00 төгрөгийг зээлдүүлсэн. Ингэхдээ Австрали болон Монгол Улсын хооронд валютын гүйлгээ хийдэг Г.Жигжиддорж, Б.Ариунжаргал, Б.Бумаа, Б.Энхсайхан нарын дансаар дамжуулахын сацуу мөн М.Н, Д.Э нарын тоот дансанд хэд, хэдэн удаа мөнгө шилжүүлсэн.

 

Тухайлбал, 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр Г.Жигжиддоржийн тоот дансанд 5,500,000.00 төгрөг, 2018 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр Б.Ариунжаргалын тоот дансанд 3,700,000.00 төгрөг, 2018 оны 02 дугаар сарын 19-ний өдөр Б.Бумаагийн тоот дансанд 5,000,000.00 төгрөг, 2018 оны 02 дугаар сарын 21-ний өдөр Б.Энхсайханы тоот дансанд 3,615,000.00 төгрөг, 160.000.00 төгрөг, 2018 оны 02 дугаар сарын 24-ний өдөр Б.Бумаагийн тоот дансанд 9,728,000.00 төгрөг, 2018 оны 03 дгаар сарын 21-ний өдөр 962,000.00 төгрөг, 2018 оны 05 дугаар сарын 03-ны өдөр 25,513,000.00 төгрөгийг тус тус шилжүүлсэн. Эдгээр мөнгийг урьд өмнө Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасан үндэслэлээр нэхэмжилсэн боловч хожим нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ өөрчлөөд 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар хариуцагч нараас 34,228,000.00 төгрөгийг нэхэмжилж байсан. Өөрөөр хэлбэл, 34,228,000.00 төгрөгийг хариуцагч нарт Австрали улсаас Монгол Улс руу машин оруулж ирж худалдан борлуулахад нь зориулж зээлдүүлсэн бөгөөд хариуцагч нар автомашинаа худалдан борлуулаад дараа нь зээлсэн мөнгөө буцаан төлөх үүрэгтэй байсан.

 

Хариуцагч Д.Э, М.Н нарын визний хугацаа 2018 оны 03 дугаар сарын 21-ний өдөр дуусаад Монгол Улсад ирсэн байхад нь автомашинууд гааль дээр ирсэн бөгөөд эгчээ туслаач мөнгө хэрэгтэй байна гэснээр 2018 оны 03 дугаар 21-ний өдөр 962,000.00 төгрөгийг хариуагч М.Над, мөн 1 саяаас дээш төгрөгийн гүйлгээ нь өнжиж орно гэсэн тул 2018 оны 05 дугаар сарын 02-ны өдөр хариуцагч нарын дундын дансанд 1 сая төгрөгөөр 3 удаа, мөн 607,500.00 төгрөг, нийт 3,607,500.00 төгрөгийг шилжүүлсэн. Түүнчлэн н.Ононбаяр гэдэг хүнээс 15,000,000.00 төгрөгийн зээл аваад М.Над өгсөн ба эдгээр мөнгөөр Австралиас ирсэн автомашинуудын гаалын татвар, хураамжийг төлсөн. Ингээд 2018 оны 06 дугаар сарын 24-ний өдөр эхний автомашин зарагдах үеэс Д.Э, М.Н нар хоорондоо хэрэлдэж, муудалцаад Д.Э нь дундын данснаасаа мөнгө авч зугатсан тул 2018 оны 06 дугаар сарын 30-ны өдөр манай гэрт ирэхдээ мөнгө төгрөгөө өгнө гэж хэлсэн. Би, өмнө нь энэ хоёрт мексер захиж байсан тул надад нэг мексер авчирж өгөхдөө түүний үнэ 60,000.00 төгрөгийг хасаад 19,940,000.00 төгрөгийг миний төрсөн ээж Б.Оын хамт эзэмшдэг дансанд шилжүүлсэн тул зээлээс төлөгдсөн гэж ойлгож байсан.

 

Гэтэл хариуцагч Д.Э нь надаас авсан зээлээ буцаж төлөхдөө гүйлгээний утгыг зээл өгөв гэж бичээд улмаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд ээж Б.От холбогдуулан нэхэмжлэл гаргасан байсан тул миний бие нэхэмжлэлийн шаардлагаа 19,940,000.00 төгрөгөөр нэмэгдүүлсэн. Хариуцагч нар 2018 оны 07 дугаар сарын 25-ны өдөр авчирсан бүх автомашинуудаа зарж дууссан боловч хэрэлдэж, муудалцаад миний мөнгийг өгөөгүй. Тиймээс хариуцагч нараас 55,839,500.00 төгрөгийг нэхэмжилсэн юм.

 

Хэрэгт цугларсан нотлох баримтыг харахад талуудын хооронд иргэний эрх зүйн харилцаа үүссэн буюу хэлцлийн шинж харагдаж байна. Хариуцагч нар нэхэмжлэгчээс мөнгө зээлээч, мөнгө явуулаач гэдэг хүсэлтийг тавихаар нэхэмжлэгч нь хүлээн зөвшөөрсөн байдаг. Энэ нь, цаад утгаараа Иргэний хуулийн 40.1-т заасан хэлцэл байгуулагдсан болохыг илэрхийлдэг ба хэлцэл хийгдсэнээр Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд заасан зээлийн гэрээг амаар байгуулсан болох нь тогтоогдож байна. Нэхэмжлэгч нь хариуцагч нарт мөнгө шилжүүлэхдээ мөнгөн гуйвуулга хийдэг хүмүүсийг ашиглаж шилжүүлсэн ба эдгээр хүмүүс Австрали улсад хямд үнээр ам.доллар зардаг байсан. Хариуцагч Д.Эийн тайлбараар бол Австрали улсад байхдаа өөрийнхөө дансаар орсон төлбөрийг хүлээн зөвшөөрөөд бусад мөнгийг аваагүй гэж мэлздэг. Гэвч хариуцагч нар нэхэмжлэгчээс мөнгө авсан болох нь тэр хүмүүстэй харилцсан бичсэн зурвасаар нотлогддог.

 

Хэрэгт энэ талаар ямар баримт байдаг бэ гэхээр хариуцагч М.Н, Д.Э нарын зургийг нь тавиад та нараас энэ хоёр хүн очиж ам.доллар сольж авсан уу гэж асуухаар мөн, тийм байна гэж хариулдаг бөгөөд хариуцагч нар Австрали улсад байхдаа нэхэмжлэгчээс авсан мөнгөөрөө автомашин худалдаж аваад ашиг олсон нь хариуцагч нарын данснаас тодорхой харагддаг. Тодорхой хэлбэл, автомашин худалдсанаас 173,000,000.00 төгрөгийн орлого орж ирснээс өөр ямар нэгэн орлого олсон гэж харагддаггүй ба дундын данс гэдэг бол хуулийн дагуу талууд тэнцүү захиран зарцуулах эрхтэй гэсэн үг. Хариуцагч нар 2018 оны 02 дугаар сарын 27-ны өдөр Монгол Улсад ирээд нэхэмжлэгчээс автомашинуудаа гаалийн бүрдүүлэлт хийхтэй холбоотой мөнгө бас зээлж авсан. Нэхэмжлэгч нь 2018 оны 05 дугаар сарын 03-ны өдөр н.Ононбаяр гэж хүнээс 15,000,000.00 төгрөгийг зээлээд хариуцагч М.Н, Д.Э нарын данс руу шилжүүлсэн. Яагаад өөр хүнээс уг зээлийг авсан гэрээгээ хэрэгт өгсөн бэ гэхээр хариуцагч нар нэхэмжлэгчийг зээл олгоогүй, түүний мөнгө биш гэж маргадаг.

 

Хариуцагч Д.Эийн хариу тайлбарыг харвал нэхэмжлэгч Б.Од 30,000,000.00 төгрөгийн үнтэй автомашин авч ирж өгсөн гэдэг. Гэтэл анх энэ хүмүүс ярилцахдаа мөнгө зээлээд, зээлийн хүүнд автомашины татвар болон тээвэрлэлтийг төлөхөөр болсон гэсэн тайлбарыг гаргадаг боловч хуульд зааснаар хүүгийн талаар тухайлан тохирч гэрээг бичгээр байгуулаагүй тул энэ талаар нэмэлт тайлбар хэлэхгүй. Бид нарын гаргасан тооцоогоор нэхэмжлэгч Б.О нь хариуцагч М.Н болон Д.Э нарт 60,847,500.00 төгрөгийг өгсөн байна. Гэхдээ нэхэмжлэл гаргахдаа нэхэмжлэгч тал хариуцагч нараас хүлээж авсан автомашины үнэ 6,000,000.00 гаруй төгрөгийг хасаад 55,839,500.00 төгрөгийг нэхэмжилсэн юм.

 

Сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай холбоотойгоор 2,500,000.00 төгрөгийн асуудлын талаар гэрчүүд засвар хийсэн байтал хариуцагч Д.Э нь өөрөө засвар хийсэн мэт худал тайлбар өгч байна. Гэтэл хэрэгт авагдсан баримтаар дээрх мөнгийг хариуцагч нарын өөрсдийнхөн худалдан авсан орон сууцанд засвар хийсэн, үүнийг нотлох баримтууд хэрэгт авагдсан. Хариуцагч Д.Э нь хэн нэгэн хүнд мөнгө шилжүүлэхдээ зээл өгөв гэсэн утга бичээд дараа нь энэ мэт тайлбар тавьж мэтгэлцдэг.

 

Тэр 19,940,000.00 төгрөгийг ч хүртэл тийм утгаар бичээд Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд Б.От холбогдуулан нэхэмжлэл гаргасан байсан. Өмгөөлөгч миний бие тус хэрэгт хариуцагч Б.Оын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байгаа бөгөөд Д.Эөөс зээл авах ямар ч шаардлага байхгүй гэдгээ нотлохоор хэдэн төгрөгийн хөрөнгөтэй, сард хэдэн төгрөгийн орлого олдог вэ гэдгийг харуулахаар нотлох баримтууд өгсөн. Уг 19,940,000.00 төгрөг бол хариуцагч нар нэхэмжлэгчээс авсан мөнгөө л буцааж төлж байгаа зүйл юм. Иймд, үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Хариуцагч Д.Эөөс шүүхэд өгсөн хариу тайлбар болон шүүх хуралдаанд өмгөөлөгчийн хамт шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

Би, нэхэмжлэгч Б.Оаас мөнгө зээлж байгаагүй, харин нэхэмжлэгчид мөнгө зээлдүүлж байсан тухай 3,100,000.00 төгрөгийн тооцоо байдаг тул надад түүнд өгөх өр төлбөр байхгүй. Миний бие нэхэмжлэгчийн дүү М.Нтай гэр бүл байсан боловч гэрлэлтээ цуцлуулж, гэр бүлийн дундын хөрөнгийг шүүхээр тогтоолгон хуваарилуулсан. Би, өнгөрсөн хугацаанд гадаадад ажиллаж мөнгө олж, эхнэр М.Н нь анагаахын их сургуулийн оюутан байсан бөгөөд нэхэмжлэгч Б.О нь намайг Австрали улсад сургуулиа төгсөөд буцах үед автомашин захисан ба тухайн үед хүргэн нь байсан учир уг саналыг зөвшөөрсөн. Тэгээд нэхэмжлэгчээс автомашины мөнгийг татаж авсан, бусад мөнгийг бол аваагүй, энэ хүмүүсийн яриад байгаа зүйлийг мэдэхгүй, нийт яригдаж байгаа мөнгөнөөс 9,070,000.00 төгрөгийг авсан ба 600,000.00 гаруй төгрөгөөр радиатор эвдэрсэн машин байсан тул Австрали улсаас аваад хамт Монгол Улс руу ачуулсан.

 

Ер нь нэхэмжлэгч нь дүүгийнхээ гэр бүл салалтын дундаас үндэслэлгүй хөрөнгөжих байдлаар хэрэг үүсгэж байгаад мөнгө гаргуулъя гэдэг санаагаар намайг худал гүжирдээд цагдаа болон шүүхэд өгсөн. Би, нэхэмжлэгч Б.Оы авсан 2017 оны Тоёото кулюгер маркийн автомашиныг далайн тээвэр хийлгээд Монгол Улсын хилээр орж ирсний дараа надад зээл олгосон гэж яриад мөнгө нэхээд байна гэдгийг дахин дахин хэлье. Нэхэмжлэлд дурдсан гүйлгээнээс гурван гүйлгээг миний бие мэдэх ба бусад гүйлгээг ерөөсөө мэдэхгүй. Надад зээл өгсөн гэдэг юм, гэхдээ миний Австрали улсад ажиллаж олсон мөнгийг энэ хүмүүс аваад түрээсийн төлбөртөө шилжүүлээд л байдаг байсан. Би, н.Бумаа гэж хүний дансаар 5,000,000.00 төгрөг, 9,070,000.00 төгрөг, мөн 658,000.00 төгрөг, нийт 14,728,000.00 төгрөгийг хүлээн авсан гэдгээ зөвшөөрч байна. Үүнээс бусад мөнгийг хариуцагч М.Н авсан тул тэрээр өөрөө төлөх ёстой, эгчтэйгээ нийлээд надаас ийм аргаар мөнгө салгах гэж байгаад харамсаж байна.

 

Би, нэхэмжлэгч Б.Оы хүсэлтээр түүнд 2,500,000.00 төгрөг, мөн бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Б.От 19,940,000.00 төгрөгийг тус тус зээлдүүлсэн. Зээлийг шилжүүлсэн гүйлгээнд зээл өгөв гэж тодорхой бичсэн байхад надаас огт мөнгө зээлээгүй юм шиг тайлбар гаргаж байгааг зөвшөөрөхгүй. Хариуцагч М.Нын зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч байгаа нь надад хамаагүй, яагаад намайг энэ гэр бүлийн хүмүүс нийлээд ийм аргаар мөнгө авах гэж байгааг гайхаж байна.

 

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ өөрөө нотлох үүрэгтэй ба 55,000,000.00 төгрөгийг хоёр хуваагаад 27,000,000.00 төгрөгийг хариуцагч нараас гаргуулна гэснээ дахиад 10,000,000.00 төгрөгийг ийм агуулгаар нэхэмжлэгчийн өмгөөлөгч нь авна гэсэн утгатай зүйл хэлж байна. Гэтэл нэхэмжлэгч нь хэдэн төгрөгийг чухам хэнээс нэхэж байгаагаа тодорхойлж чадахгүй байна. Энэ маргаанд хэд, хэдэн автомашины асуудал яригддаг. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Янжиндуламын шийдвэрлэсэн хэрэгт талууд давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан байгаа учир шийдвэрийг үнэлэхгүй байх. Гэвч тухайн хэрэгт ямар зүйл яригдсан бэ гэхээр Носа ХХК нь 2 ширхэг автолмашиныг Смарт импекс ХХК-иар дамжуулж захиалсан байсан ба уг автомашинуудыг хариуцагч Д.Эийн нэр дээр итгэмжлэл хийж олгоод 4 дүгээр сард худалдан борлуулж, гэр бүлийн дундын хөрөнгөд 129,000,000.00 төгрөг олсон байна гэдэг нь мэдэгдэж байгаа.

 

Яриад байгаа 36,000,000.00 төгрөгийг Австрали улс руу шилжүүлээд 19,940,000.00 төгрөгийг Б.О гэж хүнд зээлдүүлсэн ба тус мөнгөтэй холбоотой хэсгийг шүүх шийдвэрлэхдээ ногдох хувийг хариуцагч М.Наас гаргуулах эрхтэй гэсэн боловч шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болоогүй. Энэ манай хэрэгтэй хамааралгүй юу, хамааралтай юу гэдэг нь маргаж байгаа нөхцөл байдал ойлгомжгүй байгаа учир янз бүрээр тайлбарлаад байгаа тул тодруулж байна. Тус гуравдахь автомашин гэдэг бол нэхэмжлэгч Б.Оы худалдан авсан автомашин юм. Энэ автомашин нь н.Энхбат гэж хүний нэр дээр орж ирсэн бөгөөд 2,800 Австрали доллароор худалдаж авсан гэдэгтэй талууд маргахгүй байна. Бодит зардлыг сая талууд тооцож гаргахад 15,362,650.00 төгрөг болж байна гэсэн.

 

Нэхэмжлэлд дурдаад байгаа зурвасууд бол хариуцагч М.Нын илэрхийлсэн буюу зээл авъя гэсэн хүсэл зориг байдаг бол хариуцагч Д.Эийн хувьд ийм утгатай зурвас бичиж тодорхой хүсэл зоригоо илэрхийлээгүй болохыг үүгээр тодруулж хэлмээр байна. Уг нь бол зээл авах гэдэг нь бусдын өмчлөлд хөрөнгө шилжүүлснээр тухайн хөрөнгийг буцааж төлөх ойлголт бөгөөд бидний харж байгаагаар зээлийн харилцаа гэдэг нь ойлгомжгүй, нэг бол дунд нь мөнгө шилжүүлэх процесс яваад байна, нөгөө нь гадаад улс руу мөнгөн гуйвуулга хийснийг нь өөр хүн авах гээд байгаа нь тодорхойгүй, бас даалгаврын харилцаа явж байгаа эсэхийг тодруулах хэрэгтэй байна. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч М.Н нь төлнө гэж байна. Гэвч тэр нэгдүгээрт, өөрөө нэхэмжлэгч Б.Оы дүү нь учир хүлээн зөвшөөрч байна. Хоёрдугаарт, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар бол хариуцагч нь зөвшөөрөх зохицуулалт байгаа ч үүнийг хариуцагч М.Н нь өөрөө зөвшөөрсөн тул хариуцагч Д.Эөд хамаатай гэсэн үг биш.

 

н.Бумаагийн дансаар орж ирсэн 5,000,000 төгрөг нь байна. Нэгдүгээр хавтаст хэргийн 187 дугаар талд н.Энхбат гэж хүний данс авагдсан байгаа. 02-р сарын 15-ны өдрийн 5,000,000.00 төгрөгийн зарлага байгаа. Энэ нь нэхэмжлэгчийн данс руу орсон мөнгө нь 02-р сарын 19-ний өдөр н.Бумаагийн данс руу орсон болох үйл баримт байдаг. Тэгэхээр зээлсэн гэх мөнгө биш болж байна. Нэхэмжлэгч Б.Оаас хариуцагч М.Над мөнгө зээлэхэд н.Энхбат гэж хүн өмнөөс нь төлөөд байгааг нь ойлгохгүй байгаа бөгөөд ийм төрлийн харилцаа иргэний эрх зүйд байдаггүй. Хариуцагч нарын дундын данс руу орсон мөнгө бүрийг нэхэмжлэгч Б.О өөрийнхөө мөнгө гэж тайлбарладаг боловч үнийн дүн болон цаг минут, өдөр нь таарахгүй байна.

 

Нэхэмжлэгч нь Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гэрчээр 2020 онд шүүхэд мэдүүлэг өгөхдөө хариуцагч нараас ямар ч авлага, өглөг байхгүй гэж хэлсэн. Гэтэл энэ хүмүүс юунд шарлахаад байгаа вэ гэхээр шүүхийн шийдвэрээр хариуцагч Д.Эөөс хариуцагч М.Над 45,000,000.00 төгрөгийг өгөөд орон сууц өгөхгүй гэж шийдвэрлэсэнд гомдоод ийм нэхэмжлэл гаргасан гэж хардаж байна. Хариуцагч М.Нын ээж Б.От зээлдүүлсэн мөнгийг хариуцагч Д.Э нь буцаагаад шаардахад эхэндээ энэ мөнгийг байхгүй болгох зорилготой байсан бол сүүлдээ нэхэмжлэгч Б.Оы зээлийн төлбөр болгож тайлбарлаж байна.

 

Сөрөг нэхэмжлэлд дурдсан 2,500,000.00 төгрөгийг нэхэмжлэгч нь засвар хийсэн хүмүүст бэлнээр өгсөн гэж хэлсэн боловч баримтаар нотлоогүй, гуравдугаар хавтаст хэрэгт авагдсан гэрчийн мэдүүлэгт нэхэмжлэгч нь асуухдаа 2,500,000.00 төгрөгийг дансаар авсан талаар хүлээн зөвшөөрч 400,000.00 төгрөгийг яасан бэ гэдэг асуудал яригддаг. Тэгэхээр дахиад мэдүүлгээсээ буцаад байгаа юм уу, аль эсхүл өнгөрсөнд болсон үйл явдал өөрчлөгдөөд байна уу гэдгийг заавал тодруулах хэрэгтэй. Хэрэгт байгаа үйл баримтаас 20,000,000.00 төгрөгийг зээлж байгаа үйл баримтыг огт харсангүй. Мөн 55,000,000.00 төгрөг хэзээ, хэн, хаана зээлсэн талаар тодорхой баримтгүй байхад 25,000,000.00 төгрөгийг хэрхэн тооцсон талаар тайлбар хэлсэнгүй. Хэрэв энэ нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй байна гэж үзвэл зөвшөөрч байгаа этгээд болох М.Н л төлбөрийг хариуцах ёстой. Иймд, дээр дурдсан үндэслэлээр хариуцагч Д.Эөд холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэв.

 

Хариуцагч М.Наас шүүхэд өгсөн хариу тайлбар болон шүүх хуралдаанд тайлбартаа:

 

Миний бие 2016 оноос хойш Д.Этэй гэр бүл болж, хамт амьдарч байгаад 2016 оны 12 дугаар сараас Австрали улсад амьдарч эхэлсэн. Нөхөр Д.Э нь Австрали улсад сурдаг оюутан, би ажиллах эрхийн визтэй байсан. Бид ажиллаж, амьдрах хугацаандаа 45,000,000.00 төгрөгийн хуримтлал үүсгэсэн бөгөөд тухайн үед бидэнд ямар ч автомашин, орон сууц байгаагүй тул өөрийнхөө аав, ээждээ хэлж мөнгөний тусламж нэмж аваад Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо, 87 дугаар байр, 37 тоот хаягт байрлах орон сууцыг худалдаж авсан ба 2018 онд Д.Э бид хоёр ярилцаад виз дуусах дөхсөн тул Монгол Улс руу буцахдаа автомашин аваад заръя гэж тохирсон юм.

 

Ингээд 2018 оны 01 дүгээр сард ээж Б.О болон эгч Б.О нарт Автралиас автомашин аваад Монгол Улсад очиж худалдах болсон тухайгаа хэлж, мөнгө зээлээч гэж гуйсан. Энэ үед ээж, эгч хоёр кафе, ресторанаа зараад мөнгөтэй байсан тул эгч маань бидэнд мөнгө зээлсэн. Ингэхдээ зарим тохиолдолд гадаад руу мөнгөн гуйвуулга хийдэг компаниар дамжуулж, зарим үед Австралид амьдардаг Монгол хүмүүсийн дансаар дамжуулан тэдгээр хүмүүсээс бэлнээр очиж мөнгөө авдаг байсан. Мөнгө зээлсний хариуд эгч Б.Од Тоёота кулюгер маркийн автомашиныг хямд үнээр авчирч өгөхийг санал болгоход эгч ч зөвшөөрсөн. Мөн эгчээс зээлсэн мөнгөө Монгол Улсад очоод автомашинуудаа зараад буцааж өгөхөөр тохирсон байсан.

 

2018 оны 05 дугаар сард Австрали улсаас автомашинуудыг Улаанбаатар хотын гааль дээр буулгаж улмаар 6, 7 сард Д.Э бид хоёр автомашинуудаа худалдаад ээж, эгч хоёроос зээлсэн мөнгөнөөс 19,940,000.00 төгрөгийг төлсөн. Үлдэгдэл мөнгөө дараагийн автомашинуудаа худалдаж дуусаад өгөхөөр тохирсон юм. 2018 оны 8, 9 дүгээр сард Австрали улсаас дараагийн автомашинууд болох Lexus RX450, мөн Lexus Is300 болон Тоёото кулюгер маркийн автомашинууд гааль дээр буусан боловч 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Д.Э нь өөрийн ах н.Энхбатын хамт надад мэдэгдэлгүй гааль дээрээс эдгээр автомашинуудыг авч зугтаасан. Энэ үйл явдал болон бусад шалтгааны улмаас бид хоёр 2018 оны 11 дүгээр сард гэрлэлтээ цуцлуулсан.

 

Бид нэхэмжлэгч Б.Оаас зээлсэн мөнгөө буцааж өгөх боломжтой байсан боловч хариуцагч Д.Эийн үйлдэлтэй холбоотой үлдэгдэл төлбөрийг төлж чадахгүй байгаатай маргахгүй. Миний бие хариуцагч Д.Э рүү удаа дараа холбогдож эгчид өгөх үлдсэн мөнгөө өгөөч, чи автомашинуудыг зарсан юм чинь төлөх ёстой биздээ гэхэд тэр намайг ална шүү, дуугүй байгаарай, чамайг хоосон болгож чадна шүү гэх зэргээр доромжилж хараасан.

 

Хариуцагч Д.Э бид хоёр анх Австрали улсад байхдаа автомашин худалдаж авах мөнгөний эх үүсвэрээ эгч Б.Оаас зээлсэн мөнгөөрөө тухайн автомашинуудыг авсан нь үнэн. Сүүлд Монгол Улсад ирээд худалдсан автомашинуудын орлогоос 19,940,000.00 төгрөгийг нэхэмжлэгчид төлөөд үлдэх төлбөрийг дараагийн автомашинуудаа зараад төлөх байсан ч тухайн автомашинуудыг хариуцагч Д.Э нь ахтайгаа нийлж авч, өөрсдөө зарж мөнгийг нь авсан тул нэхэмжлэгч Б.Од өгөх ёстой төлбөрийг Д.Э хариуцах ёстой.

 

Энэхүү 19,940,000.00 төгрөгтэй холбоотой асуудлын хувьд шүүхийн хэлэлцүүлэгт нэхэмжлэгч нь хариуцагч нараас Б.Отай хамтран эзэмшдэг дансаар хүлээн авч зарцуулсан гэдгээ хэлсэн. Тэгвэл 25,839,500.00 төгрөгт энэ мөнгө багтсан байгаа гэж тайлбарласан учир энэ мөнгийг хасаад хамтран үүрэг гүйцэтгэгч нар үүргээ биелүүлсэн байна гэж үзэж байна. Тэгэхээр 35,899,700.00 төгрөг үлдэж байгаагаас өнөөдөр хариуцагч Д.Э нь шүүхийн хэлэлцүүлэгт тодорхой хэмжээний буюу 20,785,500.00 төгрөгийг зөвшөөрч байна. Тиймээс 35,899,500.00 төгрөгөөс үүнийг хасаад үлдэх төлбөрийг хариуцагч М.Н миний бие төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч нар шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүлээн зөвшөөрсөн хэмжээгээр шийдвэрлэх боломжтой.

 

Дундын данснаас гарсан мөнгө 2,500,000.00 төгрөг нь нэхэмжлэгч Б.Од өгсөн зээл биш, харин манай орон сууцны засвар хийхэд зарцуулсан мөнгө бөгөөд н.Батбаяр гэж хүнд ажил гүйцэтгэх гэрээний төлбөр гэж төлсөн юм. Хариуцагч Д.Эийн өмгөөлөгч нь М.Наа чи бүрэн хариуц гэдэг. Тэгвэл одоо энэ асуудлыг амархан шийдвэрлэе. Д.Э гэж хүн яг дундын дансанд орсон мөнгийг хүлээн зөвшөөрч байгаа юм байна. Тухайн мөнгө дүнг нэмээд үзэхэд 20,785,500.00 төгрөгийг энэ хүн хүлээн зөвшөөрсөн байна. Үүнээс одоо нотлогдохгүй байгаа 5,500,000.00 төгрөг, 3,615,000.00 төгрөг, 3,700,000.00 төгрөг, 160,000.00 төгрөгийг миний бие төлье. Гэхдээ өмнө нь төлсөн 19,940,000.00 төгрөгийг дахиж төлж чадахгүй гэв.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд шүүхэд болон шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

 

2016 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр Д.Э, М.Н хоёр гадаад явна гэж ярьж байгаад бид нарт хэлэхгүйгээр гэрлэлтээ батлуулсан байсан. Д.Э нь анх манайд ирэх үед ямар ч мөнгөгүй, өртэй байна, Хаан банк ХХК-иас шүүхэд хандаад энэ танай хүргэн юм байна, энэ хүн өр төлбөрөө төлөхгүй байгаа учир танайхаас нэхнэ гэж байсан. Ингээд 2016 оны 08 дугаар сараас эхлээд охин М.Н надаас ээж Австрали явахад батлан даагаад өгөөч гээд гуйсаар байгаад батлан даагч болсноор энэ хоёр тус улс руу явсан. Орон сууц худалдан авах үед нь Б.Оы автомашиныг зарсан мөнгө болон надаас 10,000,000.00 төгрөгийг авч таньдаг хүнтэйгээ ярьж байрыг нь авч өгч байсан.

 

Д.Э, М.Н нар 2018 оны 01 дүгээр сараас 05 дугаар сар хүртэлх хугацаанд Австрали улсаас 4 ширхэг автомашиныг авч Монгол Улс руу ачуулсан. Бид нар Төмөр замд кафе, пабтай байсан ба намайг зарсан гэдгийг мэдээд гуйсаар байгаад 60,000,000.00 төгрөгийг шилжүүлж авсан. Түүнээс хойш Б.Оыг мөнгөө төлөөрэй гэхэд удахгүй төлнө л гэдэг байсан 2018 оны 07 дугаар сарын 25-ны өдөр хоёр автомашин ирсэн ба зээлээ төлөөч гэхээр нь 19,940,000.00 төгрөгийг миний данс руу шилжүүлсэн байсан. Тухайн дансанд мөнгө хийхдээ зээл хийв гэж бичсэн байсныг анзаараагүй. Тэгсэн дараа нь Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд Д.Э нь надад зээл өгсөн гэж гүтгэж нэхэмжлэл гаргасан байсан. Энэ мөнгө бол зээл биш, харин хариуцагч нар нэхэмжлэгчээс авсан зээлийн төлбөрийг буцааж төлсөн гэдэг тайлбарыг өгөх байна гэв.

 

Талуудын шүүхэд өгсөн болон шүүхийн журмаар бүрдүүлсэн нотлох баримтаас нэхэмжлэгчийн өгсөн нотлох баримт нь:

 

1.     Улсын тэмдэгтийн хураамжид 595,437.00 төгрөг төлсөн баримт,

2.     Б.Оы Хас банк ХХК, Хаан банк дахь дансны хуулга,

3.     Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай 14661 тоот захирамж,

4.     Б.Оы Голомт банк ХХК-ийн дансны хуулга,

5.     Д.Э, М.Н нарын Хаан банк ХХК дахь дансны хуулга,

6.     М.Нын Хас банк ХХК дахь дансны хуулга,

7.     Д.Э, М.Н нарын Худалдаа хөгжлийн банк ХХК дахь дансны хуулга,

8.     Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн  тоот шийдвэр,

9.     Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн  тоот магадлал,

10.  Гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлэг,

11.  Хаан банк ХХК дахь мөнгөн шилжүүлгийн баримт,

12.  Сүхбаатар дүүргийн прокурорын газрын 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн  тоот тогтоол,

13.  Д.Энхбат, Д.Э нарын Хаан банк ХХК дахь дансны хуулга,

14.  Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 00 тоот шийдвэр,

15.  2018 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн бэлэн мөнгөний зарлагын баримт,

16.  2018 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн зээлийн гэрээ,

17.  Д.Энхбатын Хаан банк ХХК дахь депозит дансны дэлгэрэнгүй хуулга,

18.  Хил хамгалах ерөнхий газрын 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 2-5а/279 тоот албан бичиг, түүний хавсралт лавлагааны хариу,

19.  Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Б.Оаас гэрчийн мэдүүлэг авсан тэмдэглэл,

20.  Үзлэг хийсэн тэмдэглэл,

21.  Б.Ариунжаргалын гараар бичсэн тодорхойлолт,

22.  Голомт банк ХХК дахь мемориалын баримт,

23.  Б.Оы Голомт банк ХХК дахь дансны хуулга,

24.  Смарт импекс ХХК-ийн арилжааны нэхэмжлэх,

25.  С.Мөнхжаргалын гараар бичсэн тодорхойлолт,

26.  Хаан банк ХХК-ийн 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 06/1653 дугаартай захирлын тушаал,

27.  Эртэч Эм Жи Эл ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, дүрэм,

28.  Гаалийн ерөнхий газрын 2021 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 01-1/716 тоот дугаартай тодорхойлолт,

29.  2018 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн зээлийн гэрээ,

30.  Б.Оы Голомт банк ХХК дахь зээлийн дансны хуулга,

31.  Хаан банк ХХК-ийн 2021 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 5037/412 тоот дугаартай тодорхойлолт,

32.  Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн  тоот магадлал,

33.  Р.Баттөрийн гараар бичсэн тодорхойлолт,

34.  Монгол Улсын Дээд Шүүхийн Иргэний хэргийн шүүх хуралдааны 2021 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 00 тоот тогтоол,

35.  Монгол Улсын Шинжлэх Ухааны академийн Хэл зохиолын хүрээлэнгийн 2021 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 01/64 дугаар албан бичиг, түүний хавсралт болох үгийн тайлбар,

36.  Кэнт дээд сургуулийн оюутны статусын тухай бичиг,

37.  Гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлэг,

38.  Татвар төлсөн баримт,

39.  Чонон Бүрт ХХК-ийн 2021 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 080/21 тоот дугаартай тодорхойлолт,

40.  Бэлэн мөнгөний орлогын баримт,

41.  2018 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн ажил гүйцэтгэх гэрээ,

42.  Д.Эийн оюутны үнэмлэх,

43.  Гэрлэлт бүртгэлгүй болон гэрлэлт цуцлалтын бүртгэлийн лавлагаа,

44.  Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай  тоот захирамж,

45.  Австрали, Шинэ зеландийн банк групп лимитед орлогын баримт,

46.  Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлт,

47.  Фото зураг,

48.  Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 7/7647 дугаартай албан бичиг,

49.  Баянзүрх дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн 2022 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн тодорхойлолт,

50.  Пролог солюшн ХХК-ийн 2022 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 01/43 тоот дугаартай албан бичиг,

51.  Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Банк, хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын албаны 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 3/4233 тоот дугаартай албан бичиг,

52.  Австралийн Засгийн газар Цагаачлал, хил хамгаалах хэлтсийн виз олгох тухай мэдэгдэл,

53.  Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн  тоот захирамж,

54.  Б.Лхагвасүрэнгийн Сүхбаатар дүүргийн шүүхэд гаргасан тодорхойлолт,

55.  Б.Оын Хас банк ХХК-нд гаргасан хугацаатай хадгаламжийн гэрээний дуусахаас өмнө зарлагын гүйлгээ хийлгэх хүсэлт,

56.  2017 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ,

57.  Итгэмжлэл,

58.  Тээврийн хэрэгслийн гэрчилгээ, бүртгэлийн маягт,

59.  Т.Бат-Эрдэнийн Сүхбаатар дүүргийн шүүхэд гаргасан тодорхойлолт,

60.  2018 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн болон 2018 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн барьцааны гэрээ, зээлийн гэрээ,

61.  Зээл эргэн төлөлтийн хуваарь,

62.  Тээврийн хэрэгслийн лавлагаа,

63.  Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн  тоот захирамж,

64.  Хас банк ХХЪ-ийн хадгаламж хамтран эзэмшигчийн тодорхойлолт,

65.  Хугацаатай хадгаламжийн гэрээ,

66.  М.Нын Хаан банк ХХК дахь депозит дансны дэлгэрэнгүй хуулга,

67.  Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 27758 тоот захирамж,

68.  Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн шүүх хуралдааны тэмдэглэл,

69.  Д.Эийн Хаан банк ХХК дахь дансны хуулга,

70.  Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн  тоот шийдвэр,

71.  Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 6 тоот магадлал,

72.  Хаан банк ХХК-ийн 2021 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 5015/206 тоот дугаартай тодорхойлолт,

73.  Үндэсний татварын албаны тодорхойлолт,

 

Шүүх хуралдаанаар зохигчдын гаргасан тайлбар, хэрэгт авагдсан болон хэлэлцүүлсэн бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Оаас хариуцагч Д.Э, М.Н нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 55,839,500.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Д.Э нь нэхэмжлэгч Б.Од холбогдуулан мөн адил зээлийн гэрээний үүрэгт 2,500,000.00 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргасан.

 

Зохигч нарын нэхэмжлэлээс үзвэл Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3-т зааснаар зээлийн гэрээгээр хүлээсэн үүргийг гүйцэтгүүлэхийг хүсчээ. Гэвч шүүх, хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан бичгийн баримт, талуудын тайлбарыг тус тус үндэслэн үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж, сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

1.            Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримт болох нэхэмжлэгч Б.Оы Голомт банк ХХК дахь тоот дансны хуулгыг үзвэл тэрээр 2018 оны 02 дугаар сарын 21-ний өдөр хариуцагч Д.Эөд 2,835,000.00 төгрөг болон 3,384,990.00 төгрөг, нийт 6,219,990.00 төгрөгийг шилжүүлсэн байна /1-х.х-ийн 49 хуудас/.

 

Мөн шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн хариуцагч М.Н, Д.Э нарын Хаан банк ХХК дахь тоот дансны орлого, зарлагын гүйлгээгээр нэхэмжлэгч Б.О нь 2018 оны 05 дугаар сарын 02-ны өдөр 3 /гурав/ удаагийн шилжүүлгээр 1,000,000.00 төгрөг буюу 3,000,000.00 төгрөг, мөн 607,500.00 төгрөг, 2018 оны 05 дугаар сарын 03-ны өдөр 2,540,000.00 төгрөг, 5,726,000.00 төгрөг болон 6,820,000.00 төгрөг, 2018 оны 05 дугаар сарын 12-ны өдөр 3,970,000.00 төгрөг, түүнчлэн 1,000,000.00 төгрөг, 2018 оны 05 дугаар сарын 27-ны өдөр 130,000.00 төгрөг, түүнчлэн 2018 оны 06 дугаар сарын 12-ны өдөр 2,280,000.00 төгрөг, нийт 26,073,500.00 төгрөгийг шилжүүлжээ /1-р х.х-ийн 60-62, 65, 67, 2-р х.х-ийн 67-71 хуудас/.

 

Тодруулбал, зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч Б.Оы Голомт банк ХХК дахь тоот данс, Хас банк ХХК дахь тоот данс болон мөн Хаан банк ХХК дахь тоот данснаас хариуцагч М.Н, Д.Э нарын Хаан банк ХХК дахь тоот дансанд дээр дурдсан 26,073,500.00 төгрөгийг шилжүүлсэн болох нь тогтоогдож байна

 

Харин шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн хариуцагч М.Нын Хас банк ХХК дахь тоот дансны хуулгыг үзвэл хариуцагч нь нэхэмжлэгч Б.Оаас 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдөр 962,000.00 төгрөгийг авсан бол нэхэмжлэгч нь 2018 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр н.Жигмэддорж гэж хүний тоот дансанд 5,550,000.00 төгрөг, н.Ариунжаргал гэж хүний тоот дансанд 3,700,000.00 төгрөг, 2018 оны 02 дугаар сарын 19-ний өдөр н.Бумаа гэж хүний тоот дансанд 5,000,000.00 төгрөг, 2018 оны 02 дугаар сарын 21-ний өдөр н.Энхсайхан гэж хүний тоот дансанд 3,615,000.00 төгрөг, мөн 160,000.00 төгрөг, 2018 оны 02 дугаар сарын 24-ний өдөр н.Бумаа гэж хүний тоот дансанд 9,070,000.00 төгрөг, түүнчлэн 658,000.00 төгрөг, нийт 27,753,000.00 төгрөгийг шилжүүлжээ /1-р х.х-ийн 22, 23, 51, 52, 81 хуудас/.

 

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч Б.О нь хариуцагч М.Н, Д.Э нарт Голомт банк ХХК дахь өөрийн эзэмшлийн тоот данснаас тэдгээрт 6,219,990.00 төгрөг, мөн Хас банк ХХК дахь тоот болон Хаан банк ХХК дахь тоот данснаас 26,073,500.00 төгрөг, хариуцагч М.Над 962,000.00 төгрөгийг тус тус, бусдын дансаар дамжуулж 27,753,000.00 төгрөг, нийт 61,008,490.00 төгрөгийг шилжүүлсэн гэж тайлбарласан.

 

Үүнээс хариуцагч Д.Э нь 2018 оны 02 дугаар сарын 19-ний өдөр н.Бумаа гэж хүний тоот дансаар 5,000,000.00 төгрөг, 2018 оны 02 дугаар сарын 24-ний өдөр 9,070,000.00 төгрөг, мөн 658,000.00 төгрөг, нийт 14,728,000.00 төгрөгийг хүлээн авсан гэдгээ зөвшөөрсөн боловч бусад гүйлгээг эсэргүүцэж татгалзаж байна.

 

Гэтэл хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар хариуцагч М.Н, Д.Э нарын Хаан банк ХХК дахь тоот дансны дэлгэрэнгүй хуулгаар нэхэмжлэгч Б.О нь 2018 оны 05 дугаар сарын 02-ны өдөр 3 /гурав/ удаагийн гүйлгээгээр 3,000,000.00 төгрөг, мөн 607,500.00 төгрөг, 2018 оны 05 дугаар сарын 03-н өдөр 6,820,000.00 төгрөг, 2018 оны 05 дугаар сарын 27-ны өдөр 130,000.00 төгрөг, нийт 10,557,500.00 төгрөгийг тэдгээрт шилжүүлсэн болох нь тогтоогдож байх тул хариуцагч Д.Эийн хүлээн зөвшөөрсөн тус 14,728,000.00 төгрөг дээр баримтаар тогтоогдож буй 10,557,500.00 төгрөгийг нэмэхэд нийт 25,285,500.00 төгрөгийг нэхэмжлэгч нь хариуцагч нарт шилжүүлсэн байх тул нотлогдсон гэж үзэх бөгөөд нэхэмжлэгч нь үүн дээр нэмж 35,722,990.00 төгрөгийг өгсөн эсэхийг тогтоох нь маргааны зүйл мөн юм /1-р х.х-ийн 81 хуудас/.

 

2.            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2-т Хэргийн нотлох баримт нь зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгчийн тайлбар, гэрчийн мэдүүлэг, бичмэл ба цахим баримт, эд мөрийн баримт, эсхүл баримт бичиг, шинжээчийн дүгнэлт, кино ба гэрэл зураг, зураглал, дүрс, дууны бичлэг, ул мөрнөөс буулгаж авсан хэв, үзлэг, туршилт, таньж олуулах ажиллагааны болон шүүх хуралдааны тэмдэглэл зэрэг нотолгооны хэрэгслээр тогтоогдоно гэж заажээ.

 

Тодруулбал, хариуцагч М.Н нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа хариуцагч Д.Эийн хүлээн зөвшөөрсөн 14,728,000.00 төгрөгөөс гадна 46,280,490.00 төгрөгийг нэхэмжлэгч Б.Оаас хүлээн авсан гэсэн тул энэхүү тайлбарыг нь нотлох баримтаар үнэлэх учиртай. Гэвч хариуцагч Д.Э нь энэ талаар маргаж байгаа учир шүүхийн зүгээс нэхэмжлэгч Б.Оыг хариуцагч М.Н, Д.Э нарт нэмж 46,280,490.00 төгрөгийг өгсөн эсэхийг шалгах шаардлагатай болсон.

 

Ингээд шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн хариуцагч нарын Хаан банк ХХК дахь эзэмшлийн тоот дансны хуулгыг шалгахад тэд 2018 оны 05 дугаар сарын 03-ны өдөр 2,540,000.00 төгрөг, 5,726,000.00 төгрөг, 2018 оны 05 дугаар сарын 12-ны өдөр 3,970,000.00 төгрөг, 1,000,000.00 төгрөг, түүнчлэн 2018 оны 06 дугаар сарын 12-ны өдөр 2,280,000.00 төгрөг, нийт 15,516,000.00 төгрөг, мөн хариуцагч М.Н нь Хас банк ХХК дахь өөрийн эзэмшлийн тоот дансанд 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдөр 962,000.00 төгрөг, эдгээрийн гүйлгээний нийлбэр дүн нийт 16,478,000.00 төгрөг болж байх тул хариуцагч М.Н, Д.Э нар нэхэмжлэгч Б.Оаас 16,478,000.00 төгрөгийг хүлээж авсан байна /15,516,000+962,000 төгрөг/.

 

Үүнээс үзвэл хариуцагч М.Н, Д.Э нар нэхэмжлэгч Б.Оаас н.Булгаа гэж хүний дансаар дамжуулан авсан 14,728,000.00 төгрөг, Хаан банк ХХК дахь өөрсдийн эзэмшлийн тоот дансаар 26,073,500.00 төгрөг /10,557,500+15,516,000 төгрөг/, хариуцагч М.Н нь Хас банк ХХК дахь өөрийн эзэмшлийн тоот дансаар 962,000.00 төгрөг, нэхэмжлэгч Б.Оы Голомт банк ХХК дахь тоот данснаас 6,219,990.00 төгрөгийг тус тус авсан болох тогтоогдож байх тул хариуцагч нарыг нийт 47,983,490.00 төгрөгийг нэхэмжлэгчээс хүлээн авсан гэж үзэв.

 

3.            Хариуцагч Д.Э нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа 2018 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр н.Жигмэддорж гэж хүний тоот дансаар 5,550,000.00 төгрөг, н.Ариунжаргал гэж хүний тоот дансаар 3,700,000.00 төгрөг, 2018 оны 02 дугаар сарын 21-ний өдөр н.Энхсайхан гэж хүний тоот дансаар 3,615,000.00 төгрөг, мөн 160,000.00 төгрөг, нийт 13,025,000.00 төгрөгийг аваагүй гэсэн.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигч нарын хүсэлтийг үндэслэн үзлэг хийсэн баримтаар хариуцагч М.Н, Д.Э нар бусдын дансаар дамжуулан 2,835,000.00 төгрөг, 3,615,000.00 төгрөг, 5,550,000.00 төгрөг, 3,384,000.00 төгрөг, 9,070,000.00 төгрөг, 658,000.00 төгрөгийг тус тус нэхэмжлэгч Б.Оаас хүлээж авсан байна /4-р х.х-ийн 11-56, 137-156 хуудас/.

 

Харин хариуцагч М.Н нь үзлэг хийсэн баримтанд дурдагдаагүй боловч н.Аринжаргалын дансаар дамжуулсан 3,700,000.00 төгрөг, н.Энхсайханы дансаар дамжуулсан 160,000.00 төгрөгийг тус тус хүлээн авсан гэж зөвшөөрсөн. Тодруулбал, хариуцагч нар Австрали улсад ажиллаж, амьдарч байхдаа хүмүүсээс хямд үнээр ам.доллар худалдан авах зорилгоор тэдгээрийн Монгол Улс дахь арилжааны банкны дансанд төгрөг шилжүүлээд улмаар ам.доллар хүлээж авдаг байжээ.

 

Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211.1-д Үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид, эсхүл хууль, гэрээ буюу шүүх, арбитрын шийдвэрт заасан эрх бүхий этгээдэд хүлээлгэж өгнө гэж, 211.2-т Үүргийн гүйцэтгэлийг хүлээн авах эрхгүй этгээдэд хүлээлгэн өгсөн бол гагцхүү үүрэг гүйцэтгүүлэгч зөвшөөрсөн буюу ийнхүү гүйцэтгэснээр үүрэг гүйцэтгүүлэгч ашиг олсон нөхцөлд уул үүргийг гүйцэтгэсэнд тооцно гэж тус тус заажээ.

 

Тайлбарлавал, зарчмын хувьд үүргийн гүйцэтгэлийг гагцхүү үүрэг гүйцэтгүүлэгчид хүлээлгэн өгөх бөгөөд хэрэв өгөх боломжгүй бол түүний зөвшөөрсөн этгээдэд, аль эсхүл үүргийг өөр этгээдэд хүлээлгэн өгсөн боловч хожим энэ нь үүрэг гүйцэтгүүлэгчид ашигтай нөхцөл байдлыг бий болгосон тохиолдолд үүрэг гүйцэтгэгчийг үүргийг эрх бүхий этгээдийн өмнө гүйцэтгэсэн гэж үздэг.

 

Гэвч шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нэхэмжлэгч Б.Оы Хаан банк ХХК дахь тоот дансны гүйлгээний утгыг үзвэл бусдын дансаар дамжуулсан хэд хэдэн гүйлгээний утгыг хариуцагч Д.Эөд гэж бичсэн, хариуцагч тэрээр үүнээс н.Бумаа гэж хүний дансаар 14,728,000.00 төгрөгийг хүлээн авсан гэдгээ зөвшөөрсөн, түүнчлэн үзлэг хийсэн баримт болон хариуцагч М.Нын тайлбараар бусад мөнгийг хариуцагч нар хүлээж авсан болох нь тогтоогдож байх тул нэхэмжлэгч Б.Оыг үүрэг гүйцэтгүүлэгч буюу зээлдэгч нарын өмнө үүргээ гүйцэтгэсэн гэж тооцно.

 

Үүнээс дүгнэвэл хариуцагч М.Н, Д.Э нар нэхэмжлэгч Б.Оаас нийт 61,008,490.00 төгрөгийг хүлээн авсан бөгөөд хэдийгээр хариуцагч Д.Э нь хариуцагч М.Ныг миний хүлээн зөвшөөрсөн 14,728,000.00 төгрөгөөс бусад 46,280,490.00 төгрөгийг авсан гэж худал мэдүүлсэн гэсэн боловч зохигч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан баримтаар хариуцагч нар өөр этгээдийн дансаар 27,753,000.00 төгрөг, мөн өөрсдийн хувийн данс болон хамтран эзэмших дансаар 33,255,490.00 төгрөгийг хүлээн авсан болох нь тогтоогдож байна.

 

4.            Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж, мөн 282 дугаар зүйлийн 282.4-т Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно гэж тус тус заасан.

 

Тайлбарлавал, энэ хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1-д эд хөрөнгө шилжүүснээр гэрээ байгуулахаар хуульд заасан бол гэрээний гол нөхцлийн талаар талууд тохиролцож, тухайн эд хөрөнгийг шилжүүлснээр гэрээ байгуулагдсанд тооцно гэж заасны дагуу тус хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар зээлдэгчийн хувьд зээлийг буцаан төлөх болон зээлдүүлэгч зээлийг шаардах эрх, үүрэг үүсэх гол үндэслэл нь гэрээгээр тохиролцсон мөнгө болон бусад төрлийн шинжээр тодорхойлогдох эд хөрөнгийг шилжүүлсэн байх ёстой.

 

Гэтэл хариуцагч Д.Э нь шүүх хуралдаанд өмгөөлөгч Г.Мөнхбуяны хамт гаргасан тайлбартаа нэхэмжлэгч Б.Оаас зээл аваагүй, харин түүнд Австрали улсаас автомашин авч өгөх зорилгоор тийнхүү мөнгө авсан гэсэн боловч энэхүү тайлбараа баримтаар нотлохгүй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх гэж, мөн 107 дугаар зүйлийн 107.3-д Хариуцагч, хариуцагчийн талд оролцож буй гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нэхэмжлэлийн шаардлага, маргааны үйл баримтыг татгалзаж буй үндэслэлээ нотолж, нотлох баримтаа гаргана гэж тус тус заажээ.

 

Тодруулбал, нотлох үүргийн хуваарилалтын хувьд талууд өөрт ашигтай тайлбар, татгалзлаа баримтаар нотлох үүрэтэй бөгөөд зохигч нарын тайлбар, үзлэг хийсэн баримт болон дансны хуулга дахь мөнгөн шилжүүлгийн утгыг тус тус зэргээс үзвэл нэхэмжлэгч Б.О нь анхнаасаа хариуцагч М.Н, Д.Э нараас автомашин худалдан авах гэж, мөн тэдгээрийн тусламжтайгаар Австрали улсаас автомашин худалдан авахаар 61,008,490.00 төгрөгийг шилжүүлээгүй ба хариуцагч М.Н нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа тус мөнгийг зээл байсан гэж хүлээн зөвшөөрч байна.

 

Нөгөө талаар зээлийг хүүтэй байхаар зохигчид тохиролцсон тохиолдолд бичгээр гэрээ байгуулах ёстой бөгөөд амаар харилцан тохиролцсон нөхцөлийг хүчингүй гэж үзэх үндэслэлгүй юм. Энэ талаар Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.1Амаар хийх хэлцлийг дараахь тохиолдолд хийсэн гэж үзнэ гээд 43.1.1хэлцлийн гол нөхцөлийн талаар талууд хэлэлцэн тохиролцсон гэж тус тус заасан байдаг. Иймд, шүүхээс дээр дурдсаныг нэгтгэн дүгнээд зохигчдын хооронд тус хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1, 281 дүгээр зүйлийн 281.1-т тус тус зааснаар зээлийн гэрээний харилцаа үүссэн байна гэж дүгнэв.

 

5.            Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ гэж, мөн 207 дугаар зүйлийн 207.1.3-т мөнгөн төлбөрийн үүргийг үүрэг гүйцэтгүүлэгчийн оршин суугаа /оршин байгаа/ газар, харин үүрэг гүйцэтгүүлэгч дээрх газраа өөрчилсөн тухай үүрэг гүйцэтгэгчид мэдэгдсэн бол түүний шинээр оршин суугаа /оршин байгаа/ газар гүйцэтгэнэ гэж, 208 дугаар зүйлийн 208.1-д Үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ гэж тус тус заажээ.

 

Тайлбарлавал, зээлийн гэрээгээр үүрэг хүлээсэн хариуцагч нь мөнгө буцаан төлөх үүргийг үүрэг гүйцэтгүүлэгчийн оршин суугаа газар, гэрээнд заасан хугацаанд заавал гүйцэтгэх ёстой бөгөөд тийнхүү биелүүлээгүй тохиолдолд түүнийг үүргээ зөрчсөнд тооцож, үүний улмаас зээлдүүлэгч буюу нэхэмжлэгчид учирсан хохирлыг төлөх үүрэг хүлээнэ.

 

Гэтэл зохигч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар хариуцагч М.Н, Д.Э нар зээлийн гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүй байна. Тодруулбал, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар хариуцагч Д.Э нь 2018 оны 07 дугаар сарын 30-ны өдөр бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд болох Б.Оын Хаан банк ХХК дахь тоот дансанд 19,940,000.00 төгрөгийг зээл өгөв гэсэн утгатай шилжүүснийг нэхэмжлэгч Б.О нь зээл биш, надаас авсан 61,008,490.00 төгрөгийн зээлээсээ буцааж төлсөн юм гэж маргасан /1-р х.х-ийн 100 хуудас/.

 

Гэвч шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар нэхэмжлэгч Б.О, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд болох Б.О нар дээр дурдсан тоот дансыг хамтран эзэмшдэг байх тул хариуцагч Д.Эийн 2018 оны 07 дугаар сарын 30-ны өдөр шилжүүлсэн 19,940,000.00 төгрөгийг зээлийн төлбөрт суутгаж авсан нь хууль зөрчсөн үйлдэл биш юм /2-р х.х-ийн 140 хуудас/.

 

Учир нь, Иргэний хуулийн 238 дугаар зүйлийн 238.1Биелүүлэх хугацаа нь болсон, хоёр этгээдийн хоорондох ижил төрлийн харилцан шаардлагыг хооронд нь тооцож үүргийг дуусгавар болгож болно гэж зааснаар хариуцагч Д.Э, М.Н нар нэхэмжлэгч Б.Оаас урьд өмнө зээлж авсан 61,008,490.00 төгрөгийг буцааж төлөөгүй байсан бөгөөд хариуцагч Д.Э нь хэдийгээр бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд болох Б.От 19,940,000.00 төгрөгийг зээлдүүлсэн гэсэн боловч түүний шилжүүлсэн уг мөнгийг нэхэмжлэгч Б.О нь зээлийн төлбөрт тооцож авсан нь харилцан тооцож болох үүргийн хүрээнд авч үзвэл хариуцагч нарын авсан зээлийн үнийн дүнгээс хасах нь шударга юм.

 

6.            Түүнчлэн зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар буюу хариуцагч Д.Э, М.Н нарын хэрэгт авагдсан баримтын хүрээнд тооцсон тооцооллоор нэхэмжлэгч Б.О нь хариуцагч нараас 15,362,650.00 төгрөгийн өртөгтэй /Австрали улсаас худалдан авч Монгол Улсад импортолсон автомашины тээвэр, гааль, татвар болон бусад зардал/ автомашиныг хүлээж авсан нь тогтоогдож байгаа бөгөөд нэхэмжлэгч нь 15,362,650.00 төгрөгийн талаар маргаагүй. Тодруулбал, мөнгөн хөрөнгийн зээлийн харилцаанд тухайн төрлийн шинжээр тодорхойлогдох зүйлийг хариуцагч нар зээлдэгч буюу нэхэмжлэгчид буцааж өгөх үүрэгтэй боловч өөр зүйл хүлээлгэн өгснийг зээлдэгч нь авсан тохиолдолд үүргийн зүйлийг хүлээлгэж өгсөнд тооцдог журамтай.

 

Энэ талаар Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1-д Үүрэг дараахь үндэслэлээр дуусгавар болно гээд 236.1.2-т үүрэг гүйцэтгүүлэгч нь гүйцэтгэвэл зохих үүргийн гүйцэтгэлийн оронд өөр үүргийн гүйцэтгэлийг хүлээн авсан гэж заасан. Иймд, хариуцагч Д.Э, М.Н нар нэхэмжлэгч Б.Оаас авсан 61,008,490.00 төгрөгөөс 19,940,000.00 төгрөгийг мөнгөөр, 15,362,650.00 төгрөгийн өртөгтэй автомашиныг тус тус хүлээлгэн өгч, нийт 35,302,650.00 төгрөгийг төлсөн байх тул үлдэгдэл буюу төлбөл зохих дүнг 25,705,840.00 төгрөг байна гэж дүгнэв.

 

7.            Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1-д Үүрэг гүйцэтгэгчдийн хэн хэн нь үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид бүхэлд нь буюу хэсэгчлэн хүлээлгэн өгөх, үүрэг гүйцэтгүүлэгч нь үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн үүрэг гүйцэтгэгч тус бүрээс шаардах эрх бүхий байвал хамтран үүрэг гүйцэтгэгчид гэнэ гэж, мөн 242.2-т Хамтран хүлээх үүрэг нь хууль буюу гэрээнд зааснаар, эсхүл үүргийн зүйлийн үл хуваагдах шинж чанартай холбоотой үүснэ гэж тус тус заасан.

 

Тайлбарвал, хариуцагч Д.Э, М.Н нар хэдийгээр Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 181/ШШ2020/00 тоот шийдвэрээр гэрлэлтээ цуцлуулсан боловч тэд үүнээс өмнө хамт амьдарч байхдаа Австрали улсаас автомашин худалдан авч Монгол Улсад худалдан борлуулах зорилгоор нэхэмжлэгч Б.Оаас 61,008,490.00 төгрөгийг зээлсэн байх тул нэхэмжлэгчийн өмнө үүргийг хүлээсэн хамтран хариуцагч нар юм /1-р х.х-ийн 85-97, 2-р х.х-ийн 243-249 хуудас/.

 

Нэхэмжлэгч Б.О болон түүний өмгөөлөгч П.Амгаланбаатар нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа хариуцагч Д.Э, М.Н нараас 55,839,500.00 төгрөгийг тэнцүү хэмжээгээр нэхэмжилж байна гэсэн. Иймд, Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.11Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй, эсхүл үүрэг гүйцэтгэгч тус бүрийн хүлээх үүргийг тодорхойлох боломжгүй бол тэдгээрийн үүрэг тэнцүү байна гэж заасныг үндэслэн хариуцагч Д.Э, М.Н нарын нэхэмжлэгч Б.Оаас авсан 61,008,490.00 төгрөгийн зээлээс хариуцагчдын төлбөл зохих хэмжээг тодорхойлох боломжгүй байгааг, хариуцагч нар энэ талаар тухайлан тохироогүй тул тэдгээрийн нэхэмжлэгчид төлбөл зохих 25,705,840.00 төгрөгийг тэнцүү хэмжээгээр хувааж нэхэмжлэгч Б.Од хариуцагч Д.Эөөс 12,852,920.00 төгрөг, хариуцагч М.Наас 12,852,920.00 төгрөгийг тус тус гаргуулж олгохоор шийдвэрлэв.

 

8.            Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар хариуцагч Д.Э, М.Н нар Хаан банк ХХК дахь өөрсдийн тоот данснаас 2018 оны 06 дугаар сарын 14-ний өдөр 2,500,000.00 төгрөгийг нэхэмжлэгч Б.Оы тус банк дахь тоот дансанд зээлэв гэсэн утгатай шилжүүснийг хариуцагч Д.Э нь зээлдүүлсэн гэснийг хариуцагч М.Н нь орон сууц худалдан авсан бөгөөд засваруулах шаардлагатай байсан тул уг мөнгийг нэхэмжлэгч Б.Од шилжүүлж, түүгээр дамжуулан засварын ажил гүйцэтгүүлсэн гэсэн /1-р х.х-ийн 25 хуудас/.

 

Зохигчид шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа хариуцагч Д.Э, М.Н нар Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо,  дугаар байр,  тоот хаягт байрлах 79.84 м.кв талбайтай орон сууцыг худалдан авсан үйл баримтын талаар маргаагүй ба тухайн орон сууцанд засвар хийлгэсэн байна. Ингээд шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар хариуцагч М.Н 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдөр Б.Батбаяр, Р.Баттөр гэж хүмүүстэй ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, тус орон сууцыг засварлуулахаар тохироод 2,900,000.00 төгрөгийг төлжээ /2-р х.х-ийн 34, 35, 3-р х.х-ийн 31-35 хуудас/.

 

Түүнчлэн хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн шүүх хуралдааны хурлын тэмдэглэлээс үзвэл ажил гүйцэтгэгч Б.Батбаяр нь гэрчийн мэдүүлэг өгөхдөө Р.Баттөрийн хамт засвар хийсэн, нэхэмжлэгч Б.Оаар дамжуулан 2,900,000.00 төгрөгийг хүлээн авсан гэсэн байна /3-р х.х-ийн 113-116 хуудас/.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2, 43 дугаар зүйлийн 43.1-д тус тус зааснаар хөндлөнгийн гэрч этгээд өөрийн мэдэж буй үйл баримтыг гэрчлэн хэргийн талаар мэдүүлэг өгч болох хэдий ч тэр нь бусад баримтаар нотлогдсон байх учиртай бөгөөд тус шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн шүүх хуралдаанд гэрчээр оролцсон Б.Батбаярын 2,900,000.00 төгрөгөөр засвар хийсэн гэсэн мэдүүлэг нь хариуцагч М.Н, нэхэмжлэгч Б.О нарын тайлбартай нийцэж байгаагаас гадна ажил гүйцэтгэх гэрээ, төлбөр хүлээн авсан баримт зэргээр тогтоогдож байна.

 

Тиймээс хариуцагч Д.Эийн сөрөг нэхэмжлэлд дурдсан нэхэмжлэгч Б.Од 2018 оны 06 дугаар сарын 14-ний өдөр 2,500,000.00 төгрөгийг зээлдүүлсэн гэсэн тайлбар үндэслэлгүй байх тул сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй ба тухайн 2,500,000.00 төгрөгийг хариуцагч нарын нэхэмжлэгчээс зээлсэн зээлийн төлбөрөөс хасаж тооцохгүй. Учир нь, нэхэмжлэгч нь тус мөнгийг хариуцагч нарын орон сууцны засварын ажилд зарцуулсан байх тул зээл төлүүлэхээр нэхэмжлэгч нь хүлээн авсан төлбөр биш юм.

 

Иймд, шүүхээс дээр дурдсаныг тус тус нэгтгэн дүгнээд хариуцагч нараас 25,705,840.00 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 30,133,660.00 төгрөгт холбогдох хэсэг болон сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.            Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасныг үндэслэн хариуцагч Д.Эөөс 12,852,920.00 төгрөг, хариуцагч М.Наас 12,852,920.00 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Б.Од олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 30,133,660.00 төгрөгт холбогдох хэсэг болон хариуцагч Д.Эийн гаргасан нэхэмжлэгч Б.Од холбогдох 2,500,000.00 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгч Б.Оы улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 595,437.00 төгрөг, хариуцагч Д.Эийн төлсөн 54,950.00 төгрөгийг тус тус улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч М.Наас 143,239.05 төгрөг, хариуцагч Д.Эөөс 143,239.05 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3.            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАНДАЛБАЯР