Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 01 сарын 24 өдөр

Дугаар 101/ШШ2023/00572

 

 

 

 

 

 

 

 

 

 

2023 01 24

101/ШШ2023/00572

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мандалбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: А.Д-н гаргасан,

 

Хариуцагч: С.Б-д холбогдох,

 

Худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж 12,000,000.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Алтангэрэл, нарийн бичгийн дарга З.Амартүвшин нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчээс тус шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн өмгөөлөгч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

Би, 2022 оны 05 дугаар сарын 13-ны өдөр хариуцагч С.Бтай худалдах, худалдах, авах гэрээ байгуулж  УБЯ тоот улсын дугаартай тоёота кроун-175 маркийн авто машиныг 12,000,000.00 төгрөгөөр худалдаж авахаар харилцан тохиролцсон. Миний бие тус гэрээний урьдчилгаа төлбөрт 10,000,000.00 төгрөгийг 2022 оны 05 дугаар сарын 13-ны өдөр хариуцагч С.Бгийн Хаан банк ХХК дахь тоот дансанд шилжүүлж, үлдэгдэл 2,000,000.00 төгрөгийг 3 хоногийн дараа өгөөд автомашины тээврийн хэрэгслийн гэрчилгээг өөрийн нэр рүү шилжүүлж авахаар болсон.

 

Гэтэл 3 хоногийн дараа буюу 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдөр худалдаж авсан автомашиныхаа тээврийн хэрэгслийн гэрчилгээг өөрийн нэр дээр шилжүүлж авах гэтэл хариуцагч С.Б нь өөр хүний дугаар өгч тухайн хүнтэй ярьж байгаад очоод шилжүүлээд авчих гэсэн юм. Ингээд хариуцагчийн хэлсэн хүнтэй уулзсан чинь шүүхээс уг автомашиныг битүүмжилсэн, тийм болохоор нэр шилжүүлж өгөх боломжгүй гэж хэлсэн.

 

Тэгэхээр нь хариуцагч С.Бд энэ талаар хэлэхэд тэрээр автомашиныг битүүмжилсэн эсэхийг мэдэхгүй, удахгүй шилжүүлээд өгье гэсэн. Би, үүнийг нь үл зөвшөөрч, ийм асуудалтай, дээр нь чиний автомашин биш юм бол зарна гэж байхгүй, тиймээс автомашинаа буцааж ав, харин миний мөнгийг өг гэхэд хариуцагч нь надад яг наадмын амралт дуусаад ажил эхлэхээр шилжүүлээд өгье гэсэн.

 

Гэвч наадмын дараа тээврийн хэрэгслийн гэрчилгээгээ шилжүүлж авъя гэхэд юун сүртэй юм, хүлээж бай, авсан автомашиныг чинь чамаас буцааж авна гэж байхгүй гэж хэлээд үүнээс хойш утсаа ч авахгүй алга болсон. Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-т талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй гэж заасан байна. Хариуцагч С.Б одоог хүртэл автомашины тээврийн хэрэгслийн гэрчилгээг шилжүүлж өгөхгүй байх тул хариуцагчаас автомашины үнэ болох 12,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагчаас шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

 

Миний бие 2022 оны 05 дугаар сарын 13-ны өдөр нэхэмжлэгч Ц.Дтай худалдах, худалдан авах тухай гэрээ байгуулж  УБЯ тоот дугаартай тоёота кроун-175 маркийн авто машиныг 12,000,000.00 төгрөгөөр худалдахаар болсон ба уг автомашины тээврийн хэрэгслийн гэрчилгээг HKB ХХК-ийн нэр дээр байдаг. Улмаар би нэхэмжлэгчид тухайн автомашины тээврийн хэрэгслийн гэрчилгээг шилжүүлэх боломжтой болмогц нь шилжүүлж өгнө гэж хэлсэн, мөн бид энэ талаар олон удаа харилцан зурвас бичиж байсан. Би, утсаа аваагүй, аль эсхүл сураггүй болсон зүйл огт байхгүй.

 

Нэхэмжлэгч Ц.Д нь Баянгол дүүргийн цагдаад надад холбогдуулан гомдол гаргаж, улмаар надаас байцаалт авсан. Би, нэхэмжлэгчид болон цагдаад HKB ХХК нь шүүхийн маргааны улмаас эд хөрөнгийн битүүмжилсэн байна, энэ асуудал дуусахаар шилжүүлж өгөх боломжтой байж гэж тайлбар өгсөн. Би, 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр HKB ХХК дээр очиж албан бичиг авсан ба битүүмж тавигдмагц уг автомашиныг шилжүүлэхэд ямар нэг асуудал байхгүй гэсэн.

 

Би, нэхэмжлэгч Ц.Даас авсан мөнгийг тухайн үед хэрэглээд дууссан учир одоо надад түүнд өгөх мөнгө байхгүй, тиймээс анх тохирсон аман гэрээний дагуу тус автомашиныг нэхэмжлэгчид шилжүүлж өгөөд энэ асуудлыг дуусгавар болгох хүсэлтэй байна. Энэ асуудал надаас шалтгаалахгүйгээр удааширч байгаа ч нэхэмжлэгчид хүндрэл учруулсандаа уучлалт хүсэж байна.

 

Иймд, HKB ХХК-иас миний бие аль болох хурдан хугацаанд тус автомашиныг нэхэмжлэгч Ц.Дад шилжүүлж өгөх асуудлыг түргэн шуурхай шилжүүлж өгөх талаас боломжтой бүх зүйлийг хийхэд бэлэн байна гэжээ.

 

Талуудын шүүхэд өгсөн болон шүүхийн журмаар бүрдүүлсэн нотлох баримтаас нэхэмжлэгчийн өгсөн нотлох баримт нь:

 

1.     Улсын тэмдэгтийн хураамжид 206,950.00 төгрөг төлсөн баримт,

2.     Голомт банк ХХК-ийн дансны хуулга,

3.     Хаан банк ХХК-ийн депозит дансны дэлгэрэнгүй хуулга,

4.     Баянгол дүүргийн прокрорын газрын 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 5192 тоот тогтоол,

 

Хариуцагчаас өгсөн нотлох баримт:

 

1.     Эйч кэй би интернэшнл ХХК-ийн тайлбар,

2.     Хариу тайлбар,

 

Шүүх хуралдаанаар зохигчдын гаргасан тайлбар, хэрэгт авагдсан болон хэлэлцүүлсэн бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ц.Даас хариуцагч С.Бд холбогдуулан худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж 12,000,000.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан ба энэ хэрэгт шүүхээс 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдөр иргэний хэрэг үүсгэж, хариуцагчдад нэхэмжлэлийн хувийг гардуулж, талуудад хуульд заасан эрх, үүргийг тайлбарлан, танилцуулсан байна.

 

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээс үзвэл хариуцагчид холбогдуулан Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3-д зааснаар хүлээсэн үүргийг гүйцэтгүүлэхийг хүсчээ. Шүүх, хэрэгт авагдсан болоод шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримт, нэхэмжлэгчийн тайлбарыг тус тус үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

 

Энэ хэргийг хянан хэлэлцэхээр шүүх хуралдааныг 2023 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 09:00 цагт товлож, энэ талаар зохигчдод мэдэгдсэн боловч хариуцагч нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй тул нэхэмжлэгчийн хүсэлтийг үндэслэн хариуцагчийн эзгүйд шүүх хуралдааныг хийсэн болно.

 

1.            Нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар, мөн хариуцагчийн шүүхэд өгсөн тайлбараар нэхэмжлэгч Ц.Д нь 2022 оны 05 дугаар сарын 13-ны өдөр хариуцагч С.Бтай  УБЯ тоот улсын дугаартай тоёото кроун 175 маркийн автомашиныг 12,000,000.00 төгрөгөөр худалдан авахаар тохиролцсон байна.

 

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж заажээ.

 

Тодруулбал, худалдагч нь гэрээний зүйлийг аливаа эрхийн болон биет байдлын доголдолгүйгээр худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх үүрэг хүлээх бол худалдан авагч тал үнийг нь тохирсон хугацаанд бүрэн төлсөн тохиолдолд тэдгээрийг гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлсэнд тооцно. Ингээд зохигч нарын тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар нэхэмжлэгч Ц.Д нь 2022 оны 05 дугаар сарын 13-ны өдөр 10,000,000.00 төгрөг, 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдөр 2,000,000.00 төгрөгийг тус тус хариуцагч С.Бгийн Хаан банк ХХК дахь тоот дансанд шилжүүлээд улмаар автомашиныг өөрийн эзэмшилд хүлээн авсан байна /х.х-ийн 5, 6 хуудас/.

 

Иргэний хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-д Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол өмчлөх эрх олж авч байгаа этгээдийн зохих журмын дагуу тавьсан шаардлагаар түүний эзэмшилд тухайн эд хөрөнгийг шилжүүлснээр хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно гэж, 111.2-т Дараахь тохиолдолд эд хөрөнгийг шилжүүлсэн гэж үзнэ гээд 111.2.1-д өмчлөх эрх олж авч байгаа этгээдийн эзэмшилд шилжүүлснээр гэж тус тус заасан.

 

Тайлбарлавал, худалдах, худалдан авах гэрээний зүйл буюу хөдлөх хөрөнгийг худалдан авагчид шилжүүлснээр түүнд өмчлөх эрх үүсэх ба тийнхүү хүлээн авсан бол мөн хуулийн 248 дугаар зүйлийн 248.2-т Худалдан авагч эд хөрөнгийг хүлээн авсныг гэрчлэх тодорхой үйлдэл хийсэн бол түүнийг эд хөрөнгө хүлээн авсанд тооцно гэж зааснаар нэхэмжлэгч Ц.Д нь  УБЯ тоот улсын дугаартай тоёото кроун 175 маркийн автомашиныг хүлээн авсан, худалдах, худалдан авах гэрээний үнэ 12,000,000.00 төгрөгийг төлсөн талаар зохигчид маргаагүй.

 

Энэ тохиолдолд талуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.4-т Нэг талын гаргасан тайлбарыг эсрэг тал эсэргүүцээгүй, эсхүл хуулиар тогтоосон хугацаанд тайлбар өгөөгүй бол тайлбарыг хүлээн зөвшөөрсөнд тооцно гэж зааснаар уг үйл баримтыг хүлээн зөвшөөрсөн гэж үзэх тул зохигчдын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах, худалдан авах тухай гэрээ байгуулагдсан байна гэж дүгнэв.

 

2.            Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ гэж, 208 дугаар зүйлийн 208.1Үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ гэж тус тус заасан. Өөрөөр хэлбэл, худалдах, худалдан авах гэрээний талууд гэрээнд заасан үүргээ зохих ёсоор биелүүлэх ёстой ба тийнхүү биелүүлээгүйгээс нөгөө талдаа учирсан хохирлыг нөхөн төлөх үүрэг хүлээнэ.

 

Худалдах, худалдан авах гэрээний зүйл болоод талуудын хүлээсэн эрх, үүргийн агуулгыг үзвэл худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгийг худалдан авагчид шилжүүлэх үүрэгтэйгээс гадна холбогдох бичиг баримтыг хүлээлгэж өгөх ёстой.

 

Энэ талаар Иргэний хуулийн 251 дүгээр зүйлийн 251.1Гэрээгээр тогтоосон тоо, хэмжээ, чанар бүхий эд хөрөнгийг биет байдлын хувьд доголдолгүй гэж үзнэ гэж, 251.2Хэрэв гэрээнд эд хөрөнгийн чанарын талаар заагаагүй бол гэрээнд заасан зориулалтаар ашиглах боломжтой эд хөрөнгийг биет байдлын доголдолгүй гэж үзнэ гэж, мөн 252 дугаар зүйлийн 252.1-д Худалдсан эд хөрөнгийн хувьд гуравдагч этгээд өөрийн эдлэх эрхийн талаар худалдагчид гомдлын шаардлага гаргахааргүй бол эрхийн доголдолгүй эд хөрөнгө гэнэ гэж тус тус заажээ.

 

Тодруулбал, худалдагч нь гэрээгээр тохирсон, хэрэв тохироогүй бол ердийн шаардлагад нийцүүлж буюу зориулалтын дагуу ашиглаж болох автомашиныг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлж өгсөн тохиолдолд үүнийг биет байдлын доголдолгүй гэж үзэх бол, харин тухайн гэрээний зүйлтэй холбоотой өөр этгээдийн зүгээс өөрийн эдлэх эрхийн талаар худалдагчид гомдол гаргах эрхтэй бол эрхийн доголдолтой гэж үзнэ.

 

3.            Гэтэл хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримт, талуудын тайлбараар нэхэмжлэгчийн худалдан авсан дээрх автомашины тээврийн хэрэгслийн гэрчилгээ нь Эйч Кэй Би холдинг ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй байдаг, тус компани нь Цагаан констракшн ХХК-тай холбоотой иргэний хэрэг маргааны хүрээнд шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээнийн улмаас битүүмжлэгдсэн тул тээврийн хэрэгслийн гэрчилгээг нэхэмжлэгч Ц.Дын нэр дээр шилжүүлэх боломжгүй байгаа ажээ /х.х-ийн 7, 8, 17 хуудас/.

 

Хэдийгээр нэхэмжлэгч Ц.Д нь худалдах, худалдан авах гэрээний зүйл болох  УБЯ тоот улсын дугаартай тоёото кроун 175 маркийн автомашиныг хүлээн авсан боловч дээр дурдсан шалтгааны улмаас тээврийн хэрэгслийн гэрчилгээг өөрийн нэр дээр шилжүүлэх боломжгүй, уг автомашин нь Эйч Кэй Би холдинг ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй байдаг, тус компани болон Цагаан констракшн ХХК нарын хоорондын үүссэн иргэний хэрэг маргаан цаашид хэрхэн шийдвэрлэгдэх нь тодорхойгүй, үүнтэй холбоотой нэхэмжлэгч нь тухайн автомашиныг чөлөөтэй эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхээ хэрэгжүүлэхэд тодорхойгүй нөхцөл байдал үүссэн байгааг эрхийн доголдолтой гэж үзнэ.

 

Автомашиныг өмчлөх эрх нь хэдийгээр бүртгэлээр үүсдэггүй боловч Зам, тээврийн хөгжлийн сайдын 2020 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн А/222 тоот тушаалын хавсралтаар батлагдсан Автотээврийн хэрэгслийн бүртгэл хөтлөх, улсын дугаар олгох журмын дагуу Монгол Улсад ашиглагдаж буй автотээврийн хэрэгслийн өмчлөгчийг бүртгэдэг тул нэхэмжлэгч Ц.Д нь тус автомашиныг бүртгүүлж чадахгүй байгаагаас улбаалан тээврийн хэрэгслийг чөлөөтэй эзэмших, ашиглах буюу бусдад шилжүүлэх зэргээр захиран зарцуулахад саад учирч байх тул эрхийн доголдолгүй гэж үзэхэд учир дутагдалтай байна.

 

4.            Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1Талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй гэж, 225.2Үүрэг гүйцэтгүүлэгч нэмэлт хугацаа тогтоож өгөөгүй боловч үүрэг гүйцэтгэхийг үүрэг гүйцэтгэгчид урьдчилан сануулсан бол нэмэлт хугацаа тогтоосонтой адилтгаж үзнэ гэж тус тус заажээ.

 

Тодруулбал, гэрээний аль нэг тал хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд нөгөө тал нь түүнд үүргээ биелүүлэхийг сануулж, тодорхой хугацаа тогтоох, аль эсхүл энэ талаар урьдчилан сануулж байсан бол нэмэлт хугацаа олгохгүйгээр гэрээг цуцлах эрхтэй юм. Нэхэмжлэгч Ц.Дын нэхэмжлэл, түүний өмгөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараар хариуцагч С.Б нь өнгөрсөн 7 сарын хугацаанд автомашины тээврийн хэрэгслийн нэрийг шилжүүлээгүй ба тухайн автомашины тээврийн хэрэгслийн гэрчилгээ нь Эйч Кэй Би холдинг ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй байдаг, битүүмжлэлээс чөлөөлөгдсөн эсэх нь тодорхойгүй хэвээр байна.

 

Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелсэнээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй гэж заажээ. Тайлбарлавал, гэрээнээс татгалзсанаар гэрээг байгуулахын өмнөх нөхцөл байдал сэргээгдэх зарчимтай бөгөөд талууд харилцан өгсөн, авсан зүйлээ буцаах эрх зүйн үр дагаврыг үүсгэдэг. Иймээс уг үндэслэлээр нэхэмжлэгч Ц.Д нь худалдах, худалдан авах гэрээг цуцлаж, хариуцагч С.Бгаас 12,000,000.00 төгрөгийг буцаан нэхэмжилж байгааг буруутгах боломжгүй юм.

 

5.            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор, эсхүл шүүгчээс тогтоосон хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүрэгтэй гэж, мөн 72.3Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож энэ хуулийн 100.3-д зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэнэ гэж тус тус заасан.

 

Гэтэл хариуцагч С.Б нь нэхэмжлэлийн хувийг 2022 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч, татгалзсан хариу тайлбарыг өгсөн боловч өөрийн татгалзалтай холбоотой нотлох баримт өгөөгүйн сацуу шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй байна.

 

Тус хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх гэж, мөн 107 дугаар зүйлийн 107.3-д Хариуцагч, хариуцагчийн талд оролцож буй гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нэхэмжлэлийн шаардлага, маргааны үйл баримтыг татгалзаж буй үндэслэлээ нотолж, нотлох баримтаа гаргана гэж тус тус заажээ.

 

Үүнээс үзвэл тухайн хэрэг маргааны талууд нотлох үүргийн хуваарилалтын хувьд өөрт ашигтай тайлбар, татгалзлаа баримтаар нотлох үүрэгтэй бөгөөд хариуцагч С.Б нь  УБЯ тоот улсын дугаартай тоёото кроун 175 маркийн автомашины тээврийн хэрэгслийн гэрчилгээг Эйч Кэй Би холдинг ХХК-иас өөрийн нэр дээр шилжүүлж авсан, мөн битүүмжлэлээс чөлөөлсөн эсэх талаар тодорхой тайлбар гаргаагүй, үүнтэй холбоотой баримт өгөөгүй. Иймд, шүүхээс дээр дурдсаныг тус тус нэгтгэн дүгнээд хариуцагчаас 12,000,000.00 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.            Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1-д тус тус заасныг үндэслэн хариуцагч С.Бгаас 12,000,000.00 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ц.Дад олгосугай.

 

2.            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 206,950.00 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас 206,950.00 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3.            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАНДАЛБАЯР