Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 04 сарын 17 өдөр

Дугаар 210/МА2023/00797

 

 

 

 

 

 

 

 

2023 04 17 210/МА2023/00797

 

 

Ц.Д-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Бадрах даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 сарын 24-ний өдрийн 101/ШШ2023/00572 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Ц.Д-ын нэхэмжлэлтэй, хариуцагч С.Б-д холбогдох, худалдах, худалдан авах гэрээний дагуу шилжүүлсэн 12,000,000 төгрөгийг буцаан гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Нямбазар илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.А-, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Шолпан нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.   Нэхэмжлэгч нэхэмжлэл, тайлбартаа: 2022 оны 05 сарын 13-ны өдөр С.Б-тай худалдах, худалдах, авах гэрээ байгуулж 16-02 УБЯ улсын дугаартай Тоёота Кроун-175 маркийн авто машиныг 12,000,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцож, тухайн өдрөө урьдчилгаа төлбөрт 10,000,000 төгрөгийг С.Б-гийн Хаан банкны 5132099898 тоот дансанд шилжүүлж, үлдэгдэл 2,000,000 төгрөгийг 3 хоногийн дараа өгөөд автомашины тээврийн хэрэгслийн гэрчилгээг өөрийн нэр рүү шилжүүлж авахаар болсон. Ингээд 2022 оны 05 сарын 16-ны өдөр тээврийн хэрэгслийн гэрчилгээг өөрийн нэр дээр шилжүүлж авах гэтэл хариуцагч С.Б- өөр хүний дугаар өгч тухайн хүнтэй ярьж байгаад очоод шилжүүлээд авчих гэж хэлсэн. Ингээд хариуцагчийн хэлсэн хүнтэй уулзахад ...шүүхээс уг автомашиныг битүүмжилсэн, тийм болохоор нэр шилжүүлж өгөх боломжгүй... гэж хэлсэн. С.Б-д энэ талаар хэлэхэд тэрээр автомашиныг битүүмжилсэн эсэхийг мэдэхгүй, удахгүй шилжүүлээд өгье гэсээр утсаа ч авахгүй алга болсон. Хариуцагч С.Б- одоог хүртэл автомашины тээврийн хэрэгслийн гэрчилгээг шилжүүлж өгөхгүй байх гэрээнээс татгалзаж, автомашины үнэ болох 12,000,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна гэжээ.

 

2.   Хариуцагч хариу тайлбартаа: 2022 оны 05 сарын 13-ны өдөр нэхэмжлэгч Ц.Д-тай худалдах, худалдан авах тухай гэрээ байгуулж, 16-02 УБЯ улсын дугаартай, Тоёота Кроун-175 маркийн авто машиныг 12,000,000 төгрөгөөр худалдахаар болсон. Уг автомашины тээврийн хэрэгслийн гэрчилгээ Э ХХК-ийн нэр дээр байдаг. Улмаар би нэхэмжлэгчид тухайн автомашины тээврийн хэрэгслийн гэрчилгээг шилжүүлэх боломжтой болмогц нь шилжүүлж өгнө гэж хэлсэн. Утсаа аваагүй, аль эсхүл сураггүй болсон зүйл огт байхгүй. Нэхэмжлэгч нь Баянгол дүүргийн цагдаад гомдол гаргасан ба тухайн үед ...Э ХХК нь шүүхийн маргааны улмаас эд хөрөнгийг битүүмжилсэн байна, энэ асуудал дуусахаар шилжүүлж өгөх боломжтой... гэдэг тайлбараа өгсөн. Улмаар 2022 оны 11 сарын 02-ны өдөр Э ХХК-д очиж албан бичиг авсан ба битүүмж тавигдмагц уг автомашиныг шилжүүлэхэд ямар нэг асуудал байхгүй гэсэн. Ц.Д-аас авсан мөнгийг тухайн үед хэрэглээд дууссан учир одоо өгөх мөнгө байхгүй. Тиймээс анх тохирсон аман гэрээний дагуу тус автомашиныг нэхэмжлэгчид шилжүүлж өгөөд энэ асуудлыг дуусгавар болгох хүсэлтэй байна гэжээ.

 

3.   Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт тус тус заасныг үндэслэн хариуцагч С.Б-гаас 12,000,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ц.Д-ад олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 206,950 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас 206,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

4.   Хариуцагч тал давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна.

4.а. Талууд 2022 оны 05 сарын 13-ны өдөр тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээг амаар байгуулж, гэрээний дагуу төлбөрийг төлж, тээврийн хэрэгслийг шууд шилжүүлэн өгөх ба тодорхой хугацааны дараа нэрийг шилжүүлэн өгөхөөр тохиролцсон. Хэрэгт авагдсан Э ХХК-ийн зүгээс С.Б-д тээврийн хэрэгслийг түүний нэр дээр өмчлөх эрхийг шилжүүлэх боломжтой талаарх нотлох баримтыг анхан шатны шүүх үнэлэлгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн нь учир дутагдалтай. Мөн 2022 оны 05 сарын 13-ны өдөр 10,000,000 төгрөгийг төлж, үлдэгдэл төлбөрийг нэр шилжүүлсэн даруй шилжүүлэхээр тохиролцсон гэж нэхэмжлэгч нэхэмжлэлдээ бичсэн байдаг. Гэвч хэрэгт авагдсан дансны хуулгаар тээврийн хэрэгслийн нэрийг шилжүүлээгүй атал 2022 оны 05 сарын 16-ны өдөр үлдэгдэл 2,000,000 төгрөгийг төлсөн нь нэхэмжлэгч анхнаасаа өмчлөх эрхийг шууд шилжүүлэх боломжгүйг мэдэж байсныг харуулж байгаа бөгөөд уг асуудлыг хүлээн зөвшөөрсний үндсэнд гэрээ байгуулсныг нотолж байна.

4.б. Нэхэмжлэгч нь тээврийн хэрэгслийг хүлээн авч, төлбөрийн бүрэн төлөх үед тодорхой хугацааны эрхийн доголдлыг мэдэж байсан бөгөөд Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.1-д зааснаар нэхэмжлэгч шаардлага гаргах эрхээ алдсан атал шүүхээс хэрэглэх ёстой хуулийг хэрэглэлгүй хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй.

4.в. Мөн маргаан бүхий тээврийн хэрэгслийг нэхэмжлэгч одоог хүртэл эзэмшиж ашиглаж байгаа. Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар гэрээнээс татгалзсанаар талууд өгсөн, авсан зүйлээ буцаах эрх зүйн үр дагаврыг үүсгэдэг атал тухайн тээврийн хэрэгслийг буцаан олгох талаар анхан шатны шүүх дүгнэлт хийгээгүй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

5.   Нэхэмжлэгч тал давж заалдах гомдолд гаргасан тайлбартаа: Хариуцагчийн гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй. Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан тул шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1.   Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

2.   Нэхэмжлэгч Ц.Д- нь хариуцагч С.Б-д холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний дагуу шилжүүлсэн 12,000,000 төгрөгийг буцаан гаргуулах шаардлага гаргасныг хариуцагч ...Э ХХК нь автомашиныг битүүмжилсэн нөхцөл байдал арилмагц өмчлөлд шилжүүлэн өгөх боломжтой гэсэн, гэрээний дагуу авсан мөнгийг зарцуулаад дууссан учир өгөх боломжгүй... гэсэн үндэслэлээр эс зөвшөөрч маргажээ. /хх 1-2, 18-19/

 

3.   Талууд 2022 оны 05 сарын 13-ны өдөр худалдах, худалдан авах гэрээг амаар байгуулж, С.Б- нь 16-02 УБЯ улсын дугаартай Тоёота Кроун-175 маркийн автомашиныг Ц.Д-ын өмчлөлд шилжүүлэн өгөх, Ц.Д- нь автомашины үнэ 12,000,000 төгрөгийг төлөх нөхцөлийг тус тус харилцан тохиролцсон болох нь хэрэгт авагдсан Ц.Д-ын эзэмшлийн Хаан банк дахь 5017370499 тоот дансны хуулга, Голомт банк дахь 3455142398 тоот дансны хуулга, Баянгол дүүргийн Прокурорын газрын Прокурорын 2022 оны 09 сарын 01-ний өдрийн 5192 тоот Хэрэг бүртгэлийн хэрэг нээхээс татгалзах тухай тогтоол, зохигчдын тайлбар зэргээр тогтоогдсон. /хх 5, 6, 7-8/

Анхан шатны шүүх дээрх үйл баримтыг хэргийн баримтад үндэслэн зөв тогтоож, талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн талаар зөв дүгнэжээ.

 

4.   Худалдан авагч Ц.Д- нь 2022 оны 05 сарын 13-ны өдөр 10,000,000 төгрөг, 2022 оны 05 сарын 16-ны өдөр 2,000,000 төгрөг, нийт 12,000,000 төгрөгийг худалдагч С.Б-гийн өмчлөлд шилжүүлэн өгч, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн бол худалдагч С.Б- нь 16-03 УБЯ улсын дугаартай Тоёота Кроун-175 маркийн автомашины эзэмшил, ашиглалтыг худалдан авагч Ц.Д-ад шилжүүлэн өгсөн боловч өмчлөлд нь шилжүүлэн өгөөгүй, гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй байна. /хх 5-6/

Худалдах, худалдан авах гэрээний зүйл болох 16-02 УБЯ улсын дугаартай Тоёота Кроун-175 маркийн автомашин нь Э ХХК-ийн өмчлөлд бүртгэлтэй бөгөөд эрх бүхий байгууллагын шийдвэрээр битүүмжлэгдсэн байгаа үйл баримт тогтоогдсон.

 

5.   Иймд хариуцагч С.Б- нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэн өгөх үүргээ биелүүлээгүй тул нэхэмжлэгч Ц.Д- нь Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж, гэрээний дагуу шилжүүлэн өгсөн 12,000,000 төгрөгийг буцаан гаргуулахаар хариуцагчаас шаардах эрхтэй.

 

6.   Худалдах, худалдан авах гэрээ байгуулагдах үед автомашин нь эрхийн зөрчилтэй байсан ба энэ талаар худалдагч С.Б- мэдсээр байж худалдан авагч Ц.Д-тай худалдах, худалдан авах гэрээ байгуулжээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Э ХХК-ийн зүгээс шүүхэд ...хэрэг шийдэгдэж бичиг баримт жигдэрсэн даруйд автомашиныг С.Б-гийн өмчлөлд шилжүүлэн өгөх боломжтой... гэсэн агуулгатай албан бичгийг ирүүлсэн байх боловч уг албан бичиг нь зохигчдын хооронд үүссэн маргааныг хянан шийдвэрлэхэд ач холбогдолгүй байна. /хх 17/

Иймд ...Э ХХК-ийн албан бичгийг шүүх үнэлэлгүй хэргийг шийдвэрлэсэн... гэсэн хариуцагч талын давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй.

 

7.   Нэхэмжлэгч Ц.Д- нь худалдах, худалдан авах гэрээний зүйл болох автомашиныг бусдын өмчлөлд бүртгэлтэй, битүүмжлэгдсэн байсан болохыг мэдсэн гэж үзэх нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй тул ...нэхэмжлэгч анхнаасаа өмчлөх эрхийг шууд шилжүүлэх боломжгүйг мэдэж байсан бөгөөд уг асуудлыг хүлээн зөвшөөрсний үндсэн дээр гэрээг байгуулсан... гэсэн хариуцагчийн давж заалдах гомдол мөн үндэслэлгүй.

 

8.   Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь зөв боловч Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасан зохицуулалтын дагуу гэрээнээс татгалзсаны үр дагавар буюу автомашиныг хариуцагчийн эзэмшил, ашиглалтад буцаан шилжүүлэхийг орхигдуулсныг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжтой. Энэ талаарх хариуцагч талын давж заалдах гомдлыг хангах үндэслэлтэй.

 

9.   Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлтийг оруулж, хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.   Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 сарын 24-ний өдрийн 101/ШШ2023/00572 дугаар шийдвэрийн

тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч С.Б-гаас 12,000,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ц.Д-ад олгож, нэхэмжлэгч Ц.Д-ын эзэмшил, ашиглалтаас 16-02 УБЯ улсын дугаартай Тоёота Кроун-175 маркийн автомашиныг гаргуулж хариуцагч С.Б-гийн эзэмшил, ашиглалтад шилжүүлсүгэй гэж өөрчлөн найруулж,

шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч талаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2023 оны 03 сарын 03-ны өдөр урьдчилан төлсөн 206,950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БАДРАХ

 

 

ШҮҮГЧИД Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

 

Д.НЯМБАЗАР