Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 02 сарын 02 өдөр

Дугаар 101/ШШ2023/00739

 

 

 

 

 

 

 

2023 02 02

101/ШШ2023/00739

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мандалбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: П а с ХХК-ийн гаргасан,

 

Хариуцагч: ЕБС Ш с-д холбогдох,

 

114,219,211.00 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Энхтайван, өмгөөлөгч Ө.Сайнбаяр, нарийн бичгийн дарга З.Амартүвшин нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчээс тус шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд өмгөөлөгчийн хамт гаргасан тайлбартаа:

 

Манай компани 2012 онд барилгын засал чимэглэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар байгуулагдсан бөгөөд барилгын дээвэр болон гадна фасадны угсралтыг гүйцэтгэдэг. Бид, хариуцагч Ебс ш с ХХК-тай байнгын харилцаатай байж үйл ажиллагаа явуулж ирсэн. Талуудын хооронд өглөг, авлагын үлдэгдэлтэй талаар 2020 онд тооцоо нийлэхэд 114,219,221.00 төгрөгийн авлагатай гарсныг 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдөр тооцоо нийлж баталгаажуулсан юм. Гэтэл хариуцагч нь үүнээс хойш тус төлбөрийг төлөх төлөөгүй ба төлөхийг удаа дараа мэдэгдсэн боловч үүргээ гүйцэтгээгүй тул 114,219,211.00 төгрөгийг нэхэмжилж байна.

 

Энэхүү нэхэмжлэлийг Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 101/ШЗ2022/0 тоот, мөн 2022 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 101/ШЗ2022/ тоот захирамжаар тус тус хүлээн авахаас татгалзсан бөгөөд захирамжид заасан зөрчлийг засаж буюу арбитрын хэлэлцээртэй холбоотой өр, авлагыг нэхэмжлээгүй.

 

Өөрөөр хэлбэл, бид анх 134,859,221.00 төгрөгийн нэхэмжилсэн ба 101/ШЗ2022/0 тоот захирамжид ...... талуудын байгуулсан 2018 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн дээврийн засварын ажил гүйцэтгэх гэрээний 8 дугаар зүйлийн 8.2-т зааснаар зохигчид маргаан гарсан тохиолдолд Монголын барилгачдын холбооны дэргэдэх байнгын арбитраар шийдвэрлүүлэхээр тохиролцсон байна гэж дүгнэсэн.

 

Тиймээс манай компани 2018 оны 08 дугаар сарын 19-ний өдөр байгуулсан дээврийн засварын ажил гүйцэтгэх гэрээний үлдэгдэл төлбөрийг нэхэмжлэхээр арбитрт хандахаар болж, уг гэрээний үлдэгдэл төлбөр 20,640,000.00 төгрөгийг хасаад 114,219,211.00 төгрөгийг нэхэмжилсэн. Одоо нэхэмжилж буй 114,219,211.00 төгрөгийг зохигчид 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдөр тооцоо нийлсэн актаар баталгаажуулсан. Тодруулбал, нэхэмжлэлийн шаардлагад дээврийн засварын ажил гүйцэтгэх гэрээний үлдэгдэл төлбөр 20,640,000.00 төгрөг багтаагүй болно.

 

Нягтлан бодох бүртгэлийн тухай хуульд зааснаар байгууллага хоорондын тооцоо нийлсэн акт нь нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримтанд тооцогддог бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигч нарт нягтлан бодогчоор ажиллаж байсан буюу тухайн актыг үйлдсэн хүмүүс гэрчийн мэдүүлэг өгөхдөө ийм авлага, өглөг байсан гэдгийг зөвшөөрсөн.

 

Хариуцагчийн хариу тайлбарт дурдсан шиг талууд хэн нэгэндээ төлбөртэй мэт харагдуулахаар тооцоо нийлсэн акт үйлдээгүй, зохигчид урьд өмнө нь ажил хэргийн байнгын харилцаатай байсан гэж гэрчийн мэдүүлэгт тодорхой дурдсан. Мөн хариуцагчийн хэрэгт өгсөн хүүхдийн сургалтын төлбөр чөлөөлсөн гэх баримтууд манай хэрэгт чухам ямар хамааралтай болох талаар тодорхой тайлбар өгөөгүй. Иймд, хариуцагч Ебс ш с ХХК-иас 2020 оны тооцооны үлдэгдэл 114,219,211.00 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагчаас шүүхэд өгсөн хариу тайлбартаа:

 

Нэхэмжлэгч нь манай байгууллагын нягтлан бодогчтой 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар байгууллагын хоорондын тооцоо нийлсний дагуу төлбөрийн үлдэгдлийг нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Учир нь, нэхэмжлэгч байгууллагын гүйцэтгэх захирал, хувьцаа эзэмшигч Б.Баттүвшин нь 2019 онд манай байгууллагын санхүү эрхэлсэн захирлын албан тушаалыг эрхэлж байсан бөгөөд сургуулийн захирал, үүсгэн байгуулагч М.Туяад мэдэгдэлгүйгээр тооцоо нийлж, өөрийн хувийн компанид их хэмжээний мөнгө зээлүүлсэн гэх мэтээр хувийн өмчлөлийн байгууллагад төлбөр мэтээр тооцоо нийлсэн байна.

 

Иймд, манай байгууллагын зүгээс тус тооцоо нийлсэн актын хууль зүйн хувьд хүчин төгөлдөр эсэх дээр маргаж байгаа бөгөөд харин нэхэмжлэгчид шилжүүлсэн төлбөрүүдээ буцаан шаардаж нэхэмжлэх болно гэжээ.

 

Талуудын шүүхэд өгсөн болон шүүхийн журмаар бүрдүүлсэн нотлох баримтаас нэхэмжлэгчийн өгсөн нотлох баримт нь:

 

1.            Улсын тэмдэгтийн хураамжид 729,100 төгрөг төлсөн баримт,

2.            Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ,

3.            Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа,

4.            Итгэмжлэл,

5.            Байгууллагатай хийх тооцооны бүртгэл,

6.            Авлагын тооцоо,

7.            Байгууллагатай хийх тооцооны бүртгэл,

8.            Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн  тоот захирамж,

9.            Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн тоот захирамж,

10.         Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 101/ШТ2022/ дугаар шүүхийн тогтоол,

11.         Эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ,

12.         2018.08.19-ний өдрийн дээврийн засварын ажил гүйцэтгэх гэрээ,

13.         2018.08.30-ны өдрийн ажил хүлээлцэх акт гэрэл зургийн хамт.

 

Хариуцагчаас өгсөн нотлох баримт:

 

1.            Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ,

2.            Итгэмжлэл,

3.            2018-2021 оны хооронд сургалтын төлбөрийн хөнгөлөлт авч байсан сурагчдын тодорхойлолт,

4.            Ерөнхий боловсролын Шилдэг сургуулийн захирлын Б/130 тоот тушаал,

5.            2018.12.04-ний өдрийн бэлэн мөнгөний орлогын баримт,

6.            2018.09.01-ний өдрийн бэлэн мөнгөний зарлагын баримт,

7.            2018.08.29, 2018.12.04-ний өдрүүдийн кассын зарлагын ордер

8.            2019.06.03-ны өдрийн бэлэн мөнгөний орлогын баримт

9.            2019.06.03-ны өдрийн сөнгө олгохыг хүссэн өргөдөл, олгох зөвшөөрлийн цохолт, кассын зарлагын ордер

10.         2019.08.02, 2019.08.26, 2019.08.30-ны өдрүүдийн кассын зарлагын ордер

 

Шүүх хуралдаанаар зохигчдын гаргасан тайлбар, хэрэгт авагдсан болон хэлэлцүүлсэн бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад

 

     ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч П А Э ХХК-иас хариуцагч Ебс ш с ХХК-нд холбогдуулан 114,219,211.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээс үзвэл хариуцагчид холбогдуулан Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3-д зааснаар хүлээсэн үүргийг гүйцэтгүүлэхийг хүсчээ. Шүүх, хэрэгт авагдсан болоод шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримт, зохигч нарын тайлбарыг тус тус үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

 

1.            Тус хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдааныг 2023 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 15:30 цагт товлож, энэ талаар зохигчдод мэдэгдсэн боловч хариуцагч нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй байна.

 

Тодруулбал, хариуцагч Ебс ш с ХХК нь уг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр дамжуулан оролцохоор С.Үлэмж, Д.Энхбулаг нарт итгэмжлэл олгосон ба тэдгээрийн хүсэлтийг үндэслэн шүүх хуралдааныг хэд хэдэн удаа хойшлуулж байжээ. Гэтэл хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Үлэмж нь 2023 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн шүүх хуралдааныг өөр шүүх хуралдаан давхацсан гэсэн үндэслэлээр хойшлуулах хүсэлт ирүүлсэн бол харин нөгөө итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Энхбулаг нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтийн дагуу хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

2.            Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар нэхэмжлэгч П А Э ХХК, хариуцагч Ебс ш с ХХК нар 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдөр, мөн 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдөр тус тус хоорондын өглөг, авлагын талаар тооцоо нийлсэн байна. Тодруулбал, 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн тооцоо нийлсэн баримтаар хариуцагч нь 343,671,590.00 төгрөгийн өглөгөөс нэхэмжлэгчид 218,184,572.00 төгрөгийг төлж, үлдэх 125,478,018.00 төгрөг дээр өмнөх оны үлдэгдэл 117,552,203.00 төгрөгийг нэмж нийт 243,039,221.00 төгрөг төлөх үүрэгтэй болохыг баталгаажуулсан байна /х.х-ийн 9, 10 хуудас/.

 

Үүний дараа зохигчид 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдөр тооцоо нийлсэн акт үйлдэж, улмаар хариуцагч Ебс ш с ХХК нь өмнөх жилийн буюу 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн тооцоо нийлсэн баримтаар төлөх ёстой 243,039,221.00 төгрөг дээр нэмж 25,140,000.00 төгрөг, нийт 268,179,221.00 төгрөг төлөх ёстой байснаас 153,960,000.00 төгрөгийг төлж, 114,219,221.00 төгрөгийг төлөх тооцоотой үлдсэн болохыг харилцан зөвшөөрсөн байна /х.х-ийн 11 хуудас/

 

3.            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2-т Хэргийн нотлох баримт нь зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгчийн тайлбар, гэрчийн мэдүүлэг, бичмэл ба цахим баримт, эд мөрийн баримт, эсхүл баримт бичиг, шинжээчийн дүгнэлт, кино ба гэрэл зураг, зураглал, дүрс, дууны бичлэг, ул мөрнөөс буулгаж авсан хэв, үзлэг, туршилт, таньж олуулах ажиллагааны болон шүүх хуралдааны тэмдэглэл зэрэг нотолгооны хэрэгслээр тогтоогдоно гэж заажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч П А Э ХХК-ийн хүсэлтийг үндэслэн тус компанид нягтлан бодогчоор ажиллаж байсан Р.Энхцэцэг, мөн хариуцагч Ебс ш с ХХК-нд нягтлан бодогчоор ажиллаж байсан Ц.Батбаяр нарыг тус тус гэрчээр оролцуулж, тэдгээрээс мэдүүлэг авахад гэрчүүд зохигч нарыг 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдөр, мөн 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдөр тус тус өглөг, авлагын талаар тооцоо нийлсэн, улмаар хариуцагчийг нэхэмжлэгчид 114,219,221.00 төгрөгийн өглөгтэй болохыг үгүйсгээгүй ба эдгээр хүмүүс тухайн тооцоо нийлсэн актыг үйлдсэн байна /х.х-ийн 86-90 хуудас/.

 

4.            Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т анхан шатны баримт гэж ажил, гүйлгээ гарсныг нотолж бүрдүүлдэг гэрээ, нэхэмжлэх, төлбөр төлсөн баримт болон бусад нотолгоог хэлнэ гэж, 13 дугаар зүйлийн 13.1-д Анхан шатны баримт нь нягтлан бодох бүртгэл хөтлөх, санхүүгийн тайлан, мэдээллийг үнэн, зөв гаргах үндэслэл болно гэж, 13.4-т Аж ахуйн нэгж, байгууллагын гүйцэтгэх удирдлага, нягтлан бодогч нь үйлдвэрлэл, үйлчилгээний шат дамжлага, аж ахуйн үйл ажиллагааны хүрээнд гарсан хөрөнгө, эх үүсвэрийн хөдлөл, өөрчлөлт бүрийг анхан шатны баримтад бичгээр болон цахимаар бичилт хийж баталгаажуулна гэж, 14.5-д Анхан шатны баримтад түүнийг үйлдсэн, зөвшөөрсөн буюу шалгасан ажилтан гарын үсэг зурж, тамга, тэмдэг дарснаар уг баримт хүчин төгөлдөр болно. Цахим хэлбэрээр бүрдүүлсэн анхан шатны баримт нь цахим гарын үсгээр баталгаажсан байна гэж тус тус заажээ.

 

Тодруулбал, нягтлан бодох бүртгэлийн аккруэл суурь зарчмын хүрээнд ажил үйлчилгээ, мөнгөн гүйлгээний баримтыг ийнхүү бүрдүүлэх бөгөөд уг анхны шатны баримтын үнэн зөвийг тус хуулийн 13 дугаар зүйлийн 13.6-д зааснаар түүнийг үйлдсэн, зөвшөөрсөн, шалгаж хүлээн авсан ажилтан хариуцах ба зохигч нарын нягтлан бодогчоор ажиллаж байсан ажилтнууд өглөг, авлагын талаар зөрүүтэй тайлбар өгөөгүй.

 

5.            Иргэний хуулийн 199 дүгээр зүйлийн 199.1-д Нэгэнт үүссэн үүргийн харилцааг гэрчлэх гэрээг хүчин төгөлдөр гэж тооцоход үүрэг гүйцэтгэгч нь үүргийг хүлээн зөвшөөрсөн тухай бичгээр мэдэгдсэн байвал зохино гэж заасан. Тодруулбал, талууд хуульд зааснаар заавал бичгээр байгуулах ёстойгоос бусад төрлийн гэрээ, хэлэлцээрийг бичгээр байгуулаагүй боловч хожим ийнхүү харилцан зөвшөөрч, энэ талаар бичгээр мэдэгдсэн байвал тэдгээрийн хооронд үүрэг үүссэн гэж үзнэ.

 

Тус хуулийн 186 дугаар зүйлийн 186.1-д Хууль буюу гэрээгээр үүрэг гүйцэтгэгч нь ямар нэгэн үйлдэл хийх, эсхүл тодорхой үйлдэл хийхээс татгалзах үүргийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө хүлээх бөгөөд үүрэг гүйцэтгүүлэгч нь түүнээс уг үүргээ гүйцэтгэхийг шаардах эрхтэй гэж заажээ. Тайлбарлавал, иргэний эрх зүйн субъектуудын хооронд гэрээ, хэлэлцээр байгуулах замаар, аль эсхүл хуульд заасан үндэслэл бий болсноор иргэний эрх зүйн харилцаа үүсэх ба нэхэмжлэгч П А Э ХХК, хариуцагч Ебс ш с ХХК нарын 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдөр, мөн 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдөр үйлдсэн өглөг, авлагын талаар тооцоо нийлсэн баримтаас үзвэл зохигчдын хооронд мөн хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1-д зааснаар гэрээний харилцаа үүссэн байна.

 

6.            Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ гэж, мөн 207 дугаар зүйлийн 207.1.3-т мөнгөн төлбөрийн үүргийг үүрэг гүйцэтгүүлэгчийн оршин суугаа /оршин байгаа/ газар, харин үүрэг гүйцэтгүүлэгч дээрх газраа өөрчилсөн тухай үүрэг гүйцэтгэгчид мэдэгдсэн бол түүний шинээр оршин суугаа /оршин байгаа/ газар гүйцэтгэнэ гэж, 208 дугаар зүйлийн 208.1-д Үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ гэж тус тус заажээ.

 

Тодруулбал, гэрээгээр үүрэг хүлээсэн хариуцагч нь мөнгө буцаан төлөх үүргийг үүрэг гүйцэтгүүлэгчийн оршин суугаа газар, гэрээнд заасан хугацаанд заавал гүйцэтгэх ёстой бөгөөд тийнхүү биелүүлээгүй тохиолдолд түүнийг үүргээ зөрчсөнд тооцож, үүний улмаас нэхэмжлэгчид учирсан хохирлыг төлөх үүрэг хүлээнэ.

 

Гэтэл шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримт, талуудын шүүхэд өгсөн тайлбараар хариуцагч Ебс ш с ХХК нь эдгээр тооцоо нийлсэн баримтаар хүлээн зөвшөөрсөн 114,219,221.00 төгрөгийг төлөөгүй байна.

 

7.            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх гэж, мөн 107 дугаар зүйлийн 107.3-д Хариуцагч, хариуцагчийн талд оролцож буй гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нэхэмжлэлийн шаардлага, маргааны үйл баримтыг татгалзаж буй үндэслэлээ нотолж, нотлох баримтаа гаргана гэж тус тус заажээ.

 

Үүнээс үзвэл тухайн хэрэг маргааны талууд нотлох үүргийн хуваарилалтын хувьд өөрт ашигтай тайлбар, татгалзлаа баримтаар нотлох үүрэгтэй бөгөөд хариуцагч Ерөнхий боловсролын шилдэг сурууль ХХК нь 114,219,221.00 төгрөгийг төлөх үүрэггүй талаар үндэслэл бүхий тайлбар өгөөгүй, хэдийгээр нэр бүхий хүүхдүүдийн сургалтын төлбөрийг хөнгөлсөн гэсэн баримт өгсөн боловч энэ нь нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагатай хэрхэн холбоотой болох нь тодорхойгүй байна.

 

Иймд, шүүхээс дээр дурдсаныг тус тус нэгтгэн дүгнээд хариуцагчаас 114,219,221.00 төгрөгийг нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв. Хэдийгээр нэхэмжлэгч нь хариуцагчаас гэрээгээр хүлээсэн үүргийг шаардсан боловч зохигч нарын тооцоо нийлсэн баримтын агуулгаас үзвэл зээлийн гэрээ, түрээсийн гэрээ, худалдах, худалдан авах гэрээ, засварын ажил буюу хөлсөөр ажиллах гэрээ гэх зэрэг хэд хэдэн төрлийн гэрээний харилцаа үүссэн байх тул Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1-д заасан үүргийн эрх зүйн харилцааг үндэслэх нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.            Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3, 186 дугаар зүйлийн 186.1-д тус тус заасныг үндэслэн хариуцагч Ебс ш с ХХК-иас 114,219,221.00 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч П А Э ХХК-нд олгосугай.

 

2.            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 729,100.00 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас 729,100.00 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3.            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй.

 

 

                                  
                 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Б.МАНДАЛБАЯР