Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 04 сарын 28 өдөр

Дугаар 210/МА2023/00887

 

 

 

 

 

 

 

 

    2023          04           28                                         210/МА2023/00887

 

 

“П” ХХК-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Бадрах даргалж, шүүгч Г.Даваадорж, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 101/ШШ2023/00739 дугаар шийдвэртэй

П ХХК-ийн нэхэмжлэлтэй Е ХХК-д холбогдох

114,219,211 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Э, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ө.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Шолпан нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1. Хариуцагч Е ХХК-тай байнгын харилцаатай байж үйл ажиллагаа явуулж ирсэн. Талуудын хооронд өглөг, авлагын үлдэгдэлтэй талаар 2020 онд тооцоо нийлэхэд 114,219,221 төгрөгийн авлагатай гарсныг 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдөр баталгаажуулсан. Хариуцагчид төлбөр төлөхийг удаа дараа мэдэгдсэн боловч үүргээ гүйцэтгээгүй.

1.2. Нэхэмжлэлийг шүүхэд гаргасан боловч хүлээн авахаас татгалзсан бөгөөд захирамжид заасан зөрчлийг засаж буюу арбитрын хэлэлцээртэй холбоотой өр, авлагыг нэхэмжлээгүй. Өөрөөр хэлбэл 134,859,221 төгрөгийг нэхэмжилсэн ба шүүгчийн захирамжид...талуудын байгуулсан 2018 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн дээврийн засварын ажил гүйцэтгэх гэрээний 8 дугаар зүйлийн 8.2-т зааснаар зохигчид маргаан гарсан тохиолдолд Монголын барилгачдын холбооны дэргэдэх байнгын арбитраар шийдвэрлүүлэхээр тохиролцсон байна гэж дүгнэсэн. Манай компани 2018 оны 08 дугаар сарын 19-ний өдөр байгуулсан дээврийн засварын ажил гүйцэтгэх гэрээний үлдэгдэл төлбөрийг нэхэмжлэхээр арбитрт хандахаар болж уг гэрээний үлдэгдэл төлбөр 20,640,000 төгрөгийг хасаад 114,219,211 төгрөгийг нэхэмжилсэн.

1.3. Нягтлан бодох бүртгэлийн тухай хуульд зааснаар байгууллага хоорондын тооцоо нийлсэн акт нь нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримтанд тооцогддог бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигч нарт нягтлан бодогчоор ажиллаж байсан буюу тухайн актыг үйлдсэн хүмүүс гэрчийн мэдүүлэг өгөхдөө ийм авлага, өглөг байсан гэдгийг зөвшөөрсөн. Талууд хэн нэгэндээ төлбөртэй мэт харагдуулахаар тооцоо нийлсэн акт үйлдээгүй, зохигчид урьд өмнө нь ажил хэргийн байнгын харилцаатай байсан гэж гэрчийн мэдүүлэгт дурдсан.

1.4. Хариуцагчийн өгсөн хүүхдийн сургалтын төлбөр чөлөөлсөн гэх баримтууд хэрэгт ямар хамааралтай болох талаар тайлбар өгөөгүй. Иймд хариуцагч Е ХХК-аас 2020 оны тооцооны үлдэгдэл 114,219,211 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

2.1. Нэхэмжлэгч нь манай байгууллагын нягтлан бодогчтой 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар байгууллагын хоорондын тооцоо нийлсний дагуу төлбөрийн үлдэгдлийг нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь нэхэмжлэгч байгууллагын гүйцэтгэх захирал, хувьцаа эзэмшигч Б.Б нь 2019 онд манай байгууллагын санхүү эрхэлсэн захирлын албан тушаалыг эрхэлж байсан бөгөөд сургуулийн захирал, үүсгэн байгуулагч М.Т-д мэдэгдэлгүйгээр тооцоо нийлж өөрийн хувийн компанид их хэмжээний мөнгө зээлүүлсэн гэх мэтээр хувийн өмчлөлийн байгууллагад төлбөр мэтээр тооцоо нийлсэн.

Иймд манай байгууллагын зүгээс тус тооцоо нийлсэн актын хууль зүйн хувьд хүчин төгөлдөр эсэх дээр маргаж байна. Харин нэхэмжлэгчид шилжүүлсэн төлбөрүүдээ буцаан шаардаж нэхэмжлэх болно гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:

Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3, 186 дугаар зүйлийн 186.1-д тус тус заасныг үндэслэн хариуцагч Е ХХК-аас 114,219,221 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч П ХХК-д олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 729,100 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас 729,100 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн давж заалдах гомдлын агуулга:

4.1. Шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэргийн бодит байдлыг тогтоогоогүй, нотлох баримтыг дутуу үнэлсэн тул шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн татгалзал, тайлбарын агуулга:

5.1. Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан. Хэргийн бодит байдлыг тогтоогоогүй гэх боловч ямар бодит байдлыг тогтоох, ямар нотлох баримтыг дутуу үнэлсэн талаар гомдолд дурдаагүй. Мөн үндэслэл нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд болон шүүхийн шийдвэрт ямар байдлаар нөлөөлж байгаа талаар гомдол гаргаагүй. Шүүхийн шийдвэр Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасны дагуу нотлох баримтыг үнэлэх журмыг зөрчөөгүй.

5.2. Талуудын хооронд тооцоо нийлсэн актаар 2019 онд 243,039,221 төгрөг, 2020 оны 114,219,211 төгрөгийн тооцоотой гарсан. Шүүхийн шийдвэрт талуудын хооронд өр үүссэнтэй холбоотой холбогдох хууль тогтоомжуудыг иш татаж үндэслэлтэй дүгнэлт хийсэн. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2020 онд тооцоо үйлдэж байсан нягтлан бодогч н.Батбаяр, ерөнхий нягтлан бодогч Р.Энхцэцэг нарыг гэрчээр оролцуулж мэдүүлэг авсан. Гэрчүүд нь тооцооны талаар үнэн зөв мэдүүлгээ өгсөн. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч тал татгалзлаа өөрөө нотлох ёстой. Иймд шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

1.Давж заалдах шатны шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлын хүрээнд хэргийг хянаад түүний гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т зааснаар шийдвэрийг хэвээр үлдээв.

 

2.Нэхэмжлэгч П ХХК нь хариуцагч Е ХХК-д холбогдуулан 114,219,211 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3.Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

 

            3.а. Зохигчид 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдөр өглөг, авлагын талаар тооцоо нийлэхэд хариуцагч Е ХХК нь 343,671,590 төгрөгийн өглөгөөс нэхэмжлэгч П ХХК-д 218,184,572 төгрөгийг төлж, үлдэх 125,478,018 төгрөг дээр өмнөх оны үлдэгдэл 117,552,203 төгрөг, нийт 243,039,221 төгрөгийн тооцоо гарсан. /хх-9/

 

            3.б. Түүнчлэн, 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдөр өглөг, авлагын талаар тооцоо нийлэхэд хариуцагч Е ХХК нь 2019 оны тооцоо нийлсэн баримтаар төлөх 243,039,221 төгрөг дээр нэмж 25,140,000 төгрөг, нийт 268,179,221 төгрөг төлөхөөс хариуцагч нь 153,960,000 төгрөгийг төлсөн, үлдэх 114,219,221 төгрөгийг төлөхөөр тооцооны үлдэгдлийн баталгааны баримт үйлдэж хариуцагч байгууллагын нягтлан бодогч Ц.Б баталгаажуулж гарын үсэг зурсан үйл баримт хэргийн баримтаар тус тус тогтоогдсон байна. /хх11/

 

Анхан шатны шүүх дээрх үйл баримт болон зохигчийн хооронд Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1-д заасан харилцаа үүссэн гэж зөв дүгнэжээ.

 

3.в. Нэхмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон тайлбараа нотлохоор “П” ХХК-ийн нягтлан бодогч Р.Э, П ХХК-ийн нягтлан бодогч Ц.Б нарыг гэрчээр асуулгах хүсэлт гаргасан. Шүүхэд гэрчээр Ц.Б  “би 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдөр, 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн тооцооны бүртгэл дээр гарын үсэг зурсан...2020 онд 114,219,221 төгрөгийн эцсийн үлдэгдэлтэй гарсан” гэх, гэрч Р.Э “2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр 243,039,221 төгрөгийн авлагын дүнтэй, Энэ нь 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөр эхний үлдэгдэл болоод 153,960,000 төгрөг Шилдэг сургуулиас төлсөн. Манай өмнөх авлага дээрээ 25,143,000 төгрөгийн авлага нэмж бүртгэсэн тул үлдэгдэл авлага 114,219,221 төгрөг болсон” гэх мэдүүлгийг тус тус мэдүүлсэн. /хх88-90/

 

3.г. Зохигчдын үйлдсэн өглөг, авлагын тооцоо нийлсэн баримт, гэрчүүдийн мэдүүлгээр хариуцагч 114,219,221 төгрөгийн тооцооны үлдэгдэлтэй болох нь нотлогдож байх тул нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас 114,219,221 төгрөгийг гаргуулахаар шаардах эрхтэй.

 

3.д. Хариуцагч Е ХХК нь өглөг, авлагын тооцоо нийлсэн баримтаар 114,219,221 төгрөгийг нэхэмжлэгч П ХХК-д төлөх үүргээ биелүүлээгүй буруутай байна.

 

3.е. Анхан шатны шүүх хариуцагч Е ХХК-аас 114,219,221 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч П ХХК-д олгож шийдвэрлэсэн нь буруу биш байна.

 

4. Хариуцагч талаас нотлох баримтаар хүүхдүүдийн сургалтын төлбөр хөнгөлсөн гэх агуулга бүхий тодорхойлолтуудыг гаргаж өгсөн боловч дээрх баримтууд нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлтэй  холбоотой эсэх нь тодорхойгүй. Энэ талаар хийсэн  анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна. Нөгөөтэйгүүр хариуцагч нь татгалзал, тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй болно. /хх115-126/

 

5. Түүнчлэн, нэхэмжлэгч П ХХК-ийн захирал Б.Б нь хариуцагч байгууллагад санхүү, хөгжил хариуцсан захирлаар ажиллаж байхдаа албан тушаалаа урвуулан ашиглаж төлбөр тооцооны акт үйлдсэн гэх үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна.

 

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 101/ШШ2023/00739 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ү давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2023 оны 3 дугаар сарын 16-ны өдөр төлсөн 780,000 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3 дахь хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

               

                       ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Т.БАДРАХ

 

                                        ШҮҮГЧИД                                     Г.ДАВААДОРЖ

 

                                                                       Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ