Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 04 сарын 28 өдөр

Дугаар 143/ШШ2023/00221

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Угтахбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: ******* ******* ХХК /регистрийн дугаар:2016486/.

Хариуцагч: Өмнөговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар

Хариуцагч: Улаанбаатар хот Баянзүрх дүүрэг 13 дугаар хороо, 14 дүгээр хороолол, Скайн таун хотхон, 90б байр, в1-3 тоот, Хөрөнгө-Эстимэйт ХХК /регистрийн дугаар:5932424/

Хөрөнгө- Эстимэйт ХХК-ийн 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 75/22 тоот хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч А.*******, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн өмгөөлөгч Ш.Энхмаа /цахимаар/, хариуцагч итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.*******, О.*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.*******, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Мөнхтуяа, нарийн бичгийн дарга Д.Хонгорзул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн төлөөлөгч А.******* болон түүний өмгөөлөгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Монгол Улсын Дээд шүүхийн 2022 оны 05-р сарын 30-ны өдрийн 001/ХТ2022/00659 тоот тогтоолоор 3 460 492 437/Гурван тэрбум дөрвөн зуун жаран сая дөрвөн зуун ерэн хоёр мянга дөрвөн зуун гучин долоон/ төгрөгийг манай компаниас гаргуулан Голомт банканд олгохоор шийдвэрлэсэн. Дээрх тогтоолын дагуу Өмнөговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08-р сарын 02-ны өдрийн 143/Ш32002/01332 тоот Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай шүүгчийн захирамж гарч, иргэний шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг эхлүүлсэн. Шийдвэр гүйцэтгэгч нь төлбөрт хураагдсан

1.    ******* ******* ХХК-ны өмчлөлд байгаа:

Өмнөговь аймаг Даланзадгад сум  дэлгүүрийн хойно байрлах 4608007314 нэгж талбарын дугаартай 455,4 м.кв талбайтай газар эзэмших эрх, 4608007313 нэгж талбарын дугаартай 578,3 м.кв талбайтай эзэмших эрхтэй газар, 4608007312 нэгж талбарын дугаартай 426,2 м.кв газар эзэмших эрх

2.    Гуравдагч этгээд Б.*******ын өмчлөлд байгаа:

Өмнөговь аймгийн Даланзадгад сум 2-р баг Хүнсний 3-р дэлгүүрийн хашаанд байрлах Ү-1105002288 эрхийн улсын бүртгэлийн дугаартай 119 м.кв талбайтай хувийн сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө

Өмнөговь аймгийн Даланзадгад сум 2-р баг Хүнсний 3-р дэлгүүрийн баруун талд байрлах Ү-1105001818 эрхийн улсын бүртгэлийн дугаартай 282,39 м.кв талбайтай хүнсний дэлгүүрийн зориулалттай үл хөдлөх хөрөнгө

Өмнөговь аймгийн Даланзадгад сум 2-р баг Хүнсний 3-р дэлгүүрийн баруун талд байрлах Ү-1105003018 эрхийн улсын бүртгэлийн дугаартай 510 м.кв талбайтай дэлгүүр, агуулахын зориулалттай үл хөдлөх хөрөнгө

3.    Гуравдагч этгээд Х.*******ийн өмчлөлд байгаа:

Өмнөговь аймгийн Даланзадгад сум 1-р баг Шат 4-4 тоот хаягт байрлалтай Г-1105003640 өмчлөх эрхийн улсын бүртгэлийн дугаартай, 1500 м.кв талбайтай өмчлөлийн газар

4.    Гуравдагч этгээд Д. *******ийн өмчлөлд байгаа:

Өмнөговь аймгийн Даланзадгад сум 1-р баг Шат 4-2 тоот хаягт байрлалтай Г-1105003644 өмчлөх эрхийн улсын бүртгэлийн дугаартай, 1500 м.кв талбайтай өмчлөлийн газар

5.    Гуравдагч этгээд А.ий өмчлөлд байгаа:

Өмнөговь аймгийн Даланзадгад сум 1-р баг  тоот хаягт байрлалтай Г-1105003648 өмчлөх эрхийн улсын бүртгэлийн дугаартай, 1500 м.кв талбайтай өмчлөлийн газар-уудад Хөрөнгө-Эстимэйт ХХК-иар хөрөнгийн үнэлгээг хийлгэсэн. Хөрөнгийн үнэлгээг буруу хийсэн болохыг доорх үндэслэлийг дурдаж бичлээ.

1. Шийдвэр гүйцэтгэгч нь хөрөнгийг үнэлүүлэхээр шинжээч томилсон нь хууль зөрчсөн үйлдэл болсон. Учир нь: Шүүхийн шийдвэр биелүүлэх тухай хуулийн 55-р зүйлийн 55.2-д ямар тохиолдолд шинжээч томилохыг хуульчилжээ. Хэрэв хөрөнгийн үнэлгээг талууд тохиролцоогүй мөн Иргэний хуулийн 177-р зүйлийн 177.1-д зааснаар: Дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийг дуудлага худалдаа явуулахаас өмнө үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч харилцан тохиролцож тогтоосон үнийн, хэрэв тохиролцоогүй бол үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнийн 70 хувиар тооцон тогтооно... бол шинжээч томилох байсан. Гэтэл төлбөр авагч болон төлбөр төлөгчөөс үнийн санал аваагүйгээр шууд шинжээч томилсон нь шийдвэр гүйцэтгэгчийн процессын алдаа болсон.

2. Хөрөнгө-Эстимэйт ХХК нь хөрөнгийн үнэлгээг хийсний дараа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль-д зааснаар дүгнэлт гаргах байтал Хөрөнгийн үнэлгээний тайлан гэгчийг гаргасан байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль-ийн 55-р зүйлийн 55.3-д зааснаар: ...Шийдвэр гүйцэтгэгч хөрөнгийн үнэлгээг шинжээчээр тогтоолгосон бол шинжээчийн дүгнэлтийг хүлээн авснаас хойш ажлын 3 өдрийн дотор талуудад мэдэгдэж, дүгнэлтийг танилцуулж, санал хүсэлтийг авч, тэмдэглэл хөтөлнө. гэжээ. Хуулийн энэ заалтаас харахад шинжээчийн дүгнэлт гарах юм. Мөн Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 9-р зүйлд хөрөнгийн үнэлгээний тайланг хэрхэн гаргах, тайланд тусгагдах зүйлийг хуульчилсан байна. Энэ хуулийн 9-р зүйлийн 9.3 дахь хэсэгт зааснаар тайланд бичигдэх зүйлд дүгнэлт байхаар тусгаагүй байна. Гэтэл Хөрөнгө Эстимэйт ХХК нь хөрөнгө үнэлгээний тайлангийнхаа 43-р хуудсанд: 3.5 Үнэлгээний дүгнэлт гэсэн бичгийг оруулжээ.

3. Монгол улсын дээд шүүхийн 2022 оны 05-р сарын 30-ны өдрийн 001/ХТ2022/00659 тоот тогтоолын ТОГТООХ хэсэгт: Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 02-р сарын 14-ний өдрийн 203/МА2022/00003 дугаар магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалтад ...А. гэснийг тус тус хасаж......өөрчилж, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй гэжээ. Энэ тогтоолоос харахад А.ий өмчлөлд байгаа Өмнөговь аймгийн Даланзадгад сум 1-р баг Шат 3-2 тоот хаягт байрлалтай эрхийн улсын бүртгэлийн Г-1105003648 дугаартай 1500 м.кв талбайтай өмчлөлийн газар-аар үүргийн гүйцэтгэлийг хангуулахааргүй шийдвэрлэсэн байхад хөрөнгийн үнэлгээ хийж, иргэний шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулсан.

4. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55-р зүйлийн 55.1 дэх хэсэгт: Шийдвэр гүйцэтгэгч төлбөр төлөгчийн битүүмжлэгдсэн, барьцаалагдсан, хураагдсан........

хөрөнгийн үнэлгээний талаар төлбөр төлөгчийн саналыг харгалзан орон нутгийн зах зээлийн тухайн үеийн ханшаар үнэлж, энэ тухай оролцогч талуудад мэдэгдэж, тэмдэглэл хөтөлнө. гэжээ. Гэтэл үнэлэх хөрөнгийн талаар төлбөр төлөгч болох манай компаниас ямар нэгэн санал аваагүй. Энэ нь хууль зөрчсөн үйлдэл гэж үзэж байна.

5. Хөрөнгийн үнэлгээний талаар төлбөр төлөгч болон төлбөр авагчийн саналыг аваагүй гүйцэтгэлийн ажиллагааг явуулсан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль-ийн 33-р зүйлийн 33.1.3-д заасан иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад үүссэн асуудлаар санал, хүсэлт гаргах 33.1.5-д заасан иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгахаас өмнө эвлэрэх эрхийг зөрчсөн.

Хөрөнгө-Эстимэйт ХХК нь хөрөнгийн үнэлгээг хийхдээ Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль-ийг зөрчсөн, манай компанийн Өмнөговь аймаг Даланзадгад сум Хаш дэлгүүрийн хойно байрлах 4608007314 нэгж талбарын дугаартай 455,4 м.кв талбайтай газар эзэмших эрх, 4608007313 нэгж талбарын дугаартай 578,3 м.кв талбайтай эзэмших эрхтэй газар, 4608007312 нэгж талбарын дугаартай 426,2 м.кв газар эзэмших эрхтэй газруудыг үнэлээгүй, мөн үнэлгээний тайлангийн 44-р хуудасны 3 газар 93 639 /мянган төгрөг/ гэсэн нь ойлгомжгүй байгаа тул уг хөрөнгүүдийг зах зээлийн үнээс бага үнэлсэн байна гэж үзэж байна. Иймд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55-р зүйлийн 55.7-д заасан эрхээ эдэлж, Хөрөнгө-Эстимэйт ХХК-ийн хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргаж байгааг хүлээн авч, хянан шийдвэрлэж өгнө үү гэв.

 

Хариуцагч Өмнөговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч Өмнөговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь Монгол улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2022 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 001/ХТ2022/00659 дугаар тогтоолоор ******* ******* ХХК /РД:2016486/-аас 3,460,492,437 төгрөг гаргуулж Голомт банк ХХК-нд олгохоор шийдвэрлэгдсэн.

Гүйцэтгэх баримт бичгийг тус газраас 2022 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 22160306 дугаар олгож гүйцэтгэлийн хувийн хэрэг үүсгэж шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд оруулсан бөгөөд өнөөдрийг хүртэл шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байна. Төлбөр төлөгч ******* ******* ХХК нь Хөрөнгө-Эстимэйт ХХК-ний 2022 оны 11 дүгээрс арын 02-ны өдөр хийсэн 75/22 тоот хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.

1. Шийдвэр гүйцэтгэгч нь хөрөнгийг үнэлүүлэхээр шинжээч томилсон нь хууль зөрчсөн үйлдэл болсон төлбөр авагч болон төлбөр төлөгчөөс үнийн санал аваагүйгээр шууд шинжээч томилсон нь шийдвэр гүйцэтгэгчийн процессын алдаа болсон гэжээ гэтэл Өмнөговь аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас төлбөр төлөгчид болон төлбөр авагчид бичгээр үнийн санал ирүүлэх тухай 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 03/891, 03/890 дугаар албан бичгийг тус тус монгол шуудангаар хүргүүлсэн бөгөөд төлбөр төлөгч ******* ******* ХХК нь үнийн санал ирүүлэх албан бичигтэй танилцсан мэдсэн атлаа хуулийн хугацаанд үнийн саналаа гаргаж өгөөгүй, гаргаж өгөхөөс зайлсхийсэн байна. Мөн төлбөр авагч Голомт банк ХХК нь 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 10/818 дугаар албан бичгээр ******* ******* ХХК-ний хураагдсан хөрөнгөд шинжээч томилож өгнө үү гэсэн хүсэлт ирүүлсэн. Уг хүсэлтийг төлбөр төлөгч ******* ******* ХХК-ний захирал А.*******ийн 99092302 дугаарын харилцах утсаар холбогдож мэдэгдэж тэмдэглэл үйлдэн баталгаажуулсан байх тул ямар нэгэн процессын алдаа гаргаагүй байна.

2. Хөрөнгө-Эстимэйт ХХК нь хөрөнгийн үнэлгээг хийсний дараа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль-д зааснаар дүгнэлт гаргах байтал Хөрөнгийн үнэлгээний тайлан гэгчийг гаргасан гэсэн байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага нь хөрөнгийн үнэлгээ хийдэггүй бөгөөд Хөрөнгийн үнэлгээг Хөрөнгийн үнэлгээний тухай хууль болон Шүүх шинжилгээний тухай хуульд заасны дагуу мэргэжлийн үнэлгээний байгууллагыг томилж үнэлгээ хийлгэдэг болно.

3. Монгол Улсын дээд шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 001/ХТ2022/00659 тоот тогтоолын ТОГТООХ хэсэгт: Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 203/МА2022/00003 дугаар магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалтад "...А. гэснийг тус тус хасч.... өөрчилж, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй гэжээ. Энэ тогтоолоос харахад А.ий өмчлөлд байгаа Өмнөговь аймгийн Даланзадгад сум 1 дүгээр баг Шат 3-2 тоот хаягт байрлалтай эрхийн улсын бүртгэлийн Г-1105003648 дугаартай 1500 м.кв талбайтай өмчлөлийн газар-аар үүргийн гүйцэтгэлийг хангуулахааргүй шийдвэрлэсэн байхад хөрөнгийн үнэлгээ хийж, иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулсан гэжээ. Гэтэл Монгол улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн 2022 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 001/ХТ2022/00659 дугаар шүүх хуралдааны тогтоолын ХЯНАВАЛ: хэсэгт БДГ5205112817-1 тоот батлан даалтын гэрээнд батлан даагч А.******* нь зээлдэгч ******* ******* ХХК-ийн үүрэг гүйцэтгээгүйн хариуцлагыг хамтран хариуцах бус нөхөх хариуцлагыг хүлээжээ. Гэвч давж заалдах шатны шүүх батлан даалтын гэрээний үүргээс батлан даалтын хөрөнгөөс үүргийг хангуулсанд хариуцагч буюу батлан даагч А.******* гомдол гаргаагүй тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны диспозитив зарчмын хүрээнд шийдлийг хэвээр үлдээнэ. Харин үүрэг гүйцэтгэгч Товийн ******* ХХК үүргээ гүйцэтгэх, гүйцэтгээгүй бол барьцааны зүйлээс хангуулах, үүрэг үлдвэл батлан даагчаас гаргуулах үүргийн зарчмыг шийдвэр гүйцэтгэх байгууллага баримтлах үүрэгтэйг дурдах нь зүйтэй гэж үзэв гэж Монгол улсын дээд шүүх дурдсан байгаа нь төлбөр авагч Голомт банк ХХК-ний барьцаанд бүртгэлтэй гуравдагч этгээд А.ий хөрөнгөөс гаргуулахгүй гэсэн ойлголт биш гэдэг нь дээд шүүхээс гаргасан тогтоолын хяналтаар тогтоогдож байна. Мөн Төлбөр төлөгч ******* ******* ХХК-ний захирал А.******* нь төлбөр авагч Голомт банк ХХК-ний үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан 11 хөдлөх болон үл хөдлөх хөрөнгөнөөс ЗБ5205112817-5 дугаартай ипотекийн гэрээнд заасан ******* ******* ХХК-ний эзэмшлийн 4608007312 нэгж талбарын дугаартай, Өмнөговь аймаг Даланзадгад сум 3 дугаар баг Далан Түмэн дэлгүүрийн урд хаягтай, ХУР ПЛАЗА 5174.84 м.кв талбайтай орон сууц үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг битүүмжлэн хураалгахгүйгээр бусад барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулахаар тус газарт 2022 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 66 дугаар албан бичгээр хүсэлт гаргасан нь шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлээр баталгаажсан байна.

4. Төлбөр төлөгч ******* ******* ХХК болон төлбөр авагч Голомт банк ХХК- ний төлбөрийн барьцаанд хураагдсан хөрөнгийн эзэмшигч гуравдагч этгээд нарт Хөрөнгө-Эстимэйт ХХК-ний хөрөнгийн үнэлгээний талаарх дүгнэлт тайланг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3-д заасны дагуу Өмнөговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 03/1071, 03/1072, 03/1073, 03/1075, 03/1076, дугаартай үнэлгээний дүгнэлт мэдэгдэх тухай албан тоотуудыг 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр 70 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгч биечлэн гардуулж тэмдэглэлээр баталгаажуулсан байна.

5. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 62 дугаар зүйл. Төлбөр төлөгч өөрийн хөрөнгөө худалдан борлуулах 62.1-д заасны дагуу Хөрөнгийн үнэлгээний талаар талуудаас гомдол гаргаагүй тохиолдолд төлбөр төлөгч энэ хуулийн 55.3-т заасан шийдвэрийг хүлээн авснаас хойш ажлын 3 өдрийн дотор өөрийн хөрөнгийг уг шийдвэрт зааснаас багагүй үнээр бие даан худалдан борлуулах тухай санал гаргаж болно. гэж заасны дагуу Төлбөр төлөгч Товийн ******* ХХК болон гуравдагч этгээд А., Б.*******, Д.******* нар нь 2022 оны 11 дүгээр сарын 21- ний өдөр өөрийн хөрөнгөө бие даан худалдан борлуулах хүсэлтээ бичгээр гаргаж өгсөн байх тул 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдрөөс хойш хөрөнгийг бие даан худалдан борлуулах хугацаа тоологдож шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байна.

6. Мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт зааснаар Талууд эд хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлоо энэ хуулийн 55.3-т заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно гэж заасны дагуу төлбөр төлөгч ******* ******* ХХК болон гуравдагч этгээд нарын хөрөнгийн үнэлгээтэй холбоотой шүүхэд гомдол гаргах хугацаа 2022 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр дуусгавар болсон бөгөөд ******* ******* ХХК болон гуравдагч этгээд нар нь хөрөнгийн үнэлгээг хүлээн зөвшөөрч бие даан худалдан борлуулах хүсэлт бичгээр гаргаж өгсний дараа буюу шүүхэд гомдол гаргах хуулийн хугацаа дуусмагц үнэлгээг хүчингүй болгуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа нь төлбөр төлөгч, нэхэмжлэгч ******* ******* ХХК-ний иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг санаатайгаар удаашруулах, хойшлуулах, цаг хугацаа хожих, шийдвэр гүйцэтгэх ажиллагаанаас зайлсхийж байгаа илт хууль бус үйлдэл юм.

Иймд төлбөр төлөгч ******* ******* ХХК болон гуравдагч этгээд нарын хүсэлтээр бие даан худалдан борлуулах хугацаа тоологдож байгаа тул нэхэмжлэгч ******* ******* ХХК-ний захирал А.*******ийн шүүхэд үнэлгээтэй холбоотой гаргасан гомдол нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасан хуулийн хугацаа дууссан байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж маргаж байна.

 

4. Хариуцагч Хөрөнгө Эстимэйт ХХК нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлд. Иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд шинжээч оролцох гэсэн хэсгийн 42.1-д Иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад мэргэжлийн тусгай мэдлэг шаардсан асуудлаар дүгнэлт гаргуулах зорилгоор шийдвэр гүйцэтгэгч өөрийн санаачилгаар, эсхүл оролцогч талын хүсэлтээр шинжилгээ хийж, дүгнэлт гаргах тусгай мэдлэг бүхий, иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны үр дүнд хувийн ашиг сонирхолгүй этгээдийг шинжээчээр томилон оролцуулж болно. 42.2.-д Шинжээч шинжилгээ хийж, дүгнэлт гаргахдаа Шүүхийн шинжилгээний тухай, Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд заасан журмыг баримтална гэжээ.

Мөн Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 5-р зүйл буюу Хөрөнгийн үнэлгээ хийх үндэслэл гэсэн хэсгийн 5.1.2,-д Хуульд тусгайлан заасан тохиолдолд эрх бүхий этгээдийн шийдвэрээр гэжээ. Иймд уг хөрөнгийн үнэлгээг гаргахдаа хөрөнгийн үнэлгээний тайлан гаргасан ба аливаа тайлан нь дүгнэлт хэсэгтэй байх нь зүйн хэрэг ба уг тайлангийн 3.5-д дүгнэлтээ оруулж өгсөн юм.

6. Хөрөнгө-Эстимэйт ХХК нь хөрөнгийн үнэлгээг хийхдээ Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийг зөрчсөн, манай компанийн Өмнөговь аймаг Даланзадгад сум Хаш дэлгүүрийн хойно байрлах 4608007314 нэгж талбарын дугаартай 455,4 м.кв талбайтай газар эзэмших эрх, 4608007313 нэгж талбарын дугаартай 578,3 м.кв эзэмших эрхтэй газар, 4608007312 нэгж талбарын дугаартай 426,2 м.кв талбайтай газруудыг үнэлээгүй, мөн тайлангийн 44-р хуудасны 3 газар 93639 /мян.төг/ гэсэн нь ойлгомжгүй байна гэжээ.

Тайлбар: Өмнөговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 70 р тойргийн шийдвэр гүйцэтгэгч, ахлах дэслэгч О.*******гийн 2022 оны 10-р дугаар сарын 13-ний өдрийн 22160306/16 тоот тогтоолд дурдагдсан бүх хөрөнгө нь үнэлгээний дүнд орсон болно.

Хөрөнгийн үнэлгээний тухай хууль болон Үнэлгээний олон улсын стандартад хөрөнгийн үнэлгээг 3 хандлагаар гүйцэтгэх тухай заасан байдаг. Үүнд: Зах зээлийн хандлага, Орлогын хандлага, Өртгийн хандлага гэсэн аргууд байна. Зах зээлийн хандлагаар хөрөнгийн үнэлгээг гүйцэтгэхдээ зах зээл дээр борлуулагдахаар зарлагдсан харьцуулсан хөрөнгүүд нь газар болон түүн дээрх барилгын хамт нэгдсэн үнээр зарлагдсан байдаг учир үнэлж буй үл хөдлөх хөрөнгүүдийн үнэ цэнэд нь газрын үнэ цэнэ орсон байдаг. Зах зээлийн хандлагаар хийсэн үнэлгээний тайлбар хэсэгт /30-31-р хуудаст/, газрын үнэ цэнэ орсон тухай дурдсан. Орлогын хандлага нь ч дээрх зарчмаар газар болон үл хөдлөх хөрөнгө нь хамтдаа үнэлэгдсэн.

Газар болон үл хөдлөх хөрөнгийн талбай, түүнийг аль хэсэгт оруулан үнэлсэн талаарх тайлбар уг үнэлгээний тайлангийн 20-р хуудсанд дэлгэрэнгүй дурдагдсан байгаа болно.

Харин өртгийн ханддагаар үнэлгээг хийхэд газар болон барилгын үнэлгээг тус тусад нь тооцож нийлбэрээр нь нэгдсэн үнэлгээг гаргадаг ба уг газруудын үнэлгээ нь үнэлгээний тайлангийн 38-р хуудсанд бий. Өртгийн хандлагаар хийсэн үнэлгээ нь зах зээлийн үнэ цэнийг илэрхийлэхдээ сул байдаг тул өртгийн хандлагаар хийсэн үнэлгээнд ач холбогдол өгөөгүй болно.

44-р хуудасны 3 газар гэсэн нь 93 639 /мян.төг/ гэсэн нь дээрх 3 газрын /нэхэмжлэлд дурдагдсан/ үнэлгээ биш ба үнэлгээ хийх тогтоод дурдагдсан Гуравдагч этгээд Х.*******ийн өмчлөлд байгаа Өмнөговь аймгийн Даланзадгад сум 1 дүгээр баг Шат 4-4 тоот хаягт байрлалтай эрхийн улсын бүртгэлийн Г-1105003640 дугаартай 1500 м.кв талбайтай өмчлөлийн газар, Гуравдагч этгээд Д.*******ийн өмчлөлд байгаа, Өмнөговь аймгийн Даланзадгад сум 1 дүгээр баг Шат 4-2 тоот хаягт байрлалтай эрхийн улсын бүртгэлийн Г-1105003644 дугаартай 1500 м.кв талбайтай өмчлөлийн газар, Гуравдагч этгээд А.ий өмчлөлд байгаа Өмнөговь аймгийн Даланзадгад сум 1 дүгээр баг Шат 3-2 тоот хаягт байрлалтай эрхийн улсын бүртгэлийн Г-1105003648 дугаартай 1500 м.кв гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хөрөнгийн үнэлгээний тайлантай холбоотой хэсэгт тайлбараа гаргая. Нэхэмжлэлийн 2 болон 6 дахь хэсэгт хөрөнгийн үнэлгээтэй холбоотой нэхэмжлэл гаргасан байсан. Нэхэмжлэлийн 2 дугаар зүйл дээр Хөрөнгө-Эстимэйт ХХК нь хөрөнгийн үнэлгээ хийсний дараа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд зааснаар дүгнэлт гаргах ёстой байтал хөрөнгийн үнэлгээний тайлан нэртэй гаргасан байна гэсэн байна. Тайлбар нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлд иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд шинжээч оролцох, 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад мэргэжлийн тусгай мэдлэг шаардсан асуудлаар дүгнэлт гаргуулах зорилгоор шийдвэр гүйцэтгэгч өөрийн санаачилгаар, эсхүл оролцогч талын хүсэлтээр шинжилгээ хийж, дүгнэлт гаргах тусгай мэдлэг бүхий, иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны үр дүнд хувийн ашиг сонирхолгүй этгээдийг шинжээчээр томилон оролцуулж болно. 42 дугаар зүйлийн 42.2 дахь хэсэгт Шинжээч шинжилгээ хийж, дүгнэлт гаргахдаа Шүүх шинжилгээний тухай, Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд заасан журмыг баримтална гэсэн байдаг. Би үнэлэхдээ Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийг баримтлаад хөрөнгийн үнэлгээг тайланг гаргасан. Мөн Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 5 дугаар зүйл буюу хөрөнгийн үнэлгээ хийх үндэслэл гэсэн хэсэг байгаа. Тэр хэсэгт хуульд тусгайлан заасан тохиолдолд эрх бүхий этгээдийн шийдвэрээр үнэлгээ хийх нөхцөл үүснэ гэсэн заалт байдаг. Энэ заалтыг үндэслээд үнэлгээ хийсэн. Дүгнэлт гээд хэсэг орчихсон байна гэж тайлбарласан. Аливаа тайланд дүгнэлттэй байх ёстой. Тайланд дүгнэлтээ гаргах ёстой. Дараа нь 6 дугаар хэсэгт  Хөрөнгө-Эстимэйт ХХК нь хөрөнгийн үнэлгээ хийхдээ  Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийг зөрчсөн. Манай компани Өмнөговь аймаг,  Даланзадгад сум, Хаш дэлгүүр барилга, 4608007314 нэгж талбарын дугаартай 455.4 метр квадрат талбайтай эзэмших эрхтэй газар, 460800731315 нэгж талбарын дугаартай 578.3 метр квадрат эзэмших эрхтэй газар, 4608731215 нэгж талбарын дугаартай 426.2 метр квадраттай газруудыг үнэлээгүй. Мөн тайлангийн 44 дүгээр хуудсанд 3 газар 93 693 000 төгрөг гэсэн нь ойлгомжгүй байна гэжээ. Үүн дээр тайлбар өгье. Өмнөговь аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 72 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгч ахлах дэслэгч О.*******гийн 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн тоотыг аваад, тоотод дурдагдсан бүх хөрөнгө нь үнэлгээний дүнд орсон. Хөрөнгийн үнэлгээний тухай хууль болон Үнэлгээний олон улсын стандартад хөрөнгийн үнэлгээг 3 хандлагаар дүгнэж тавьдаг. Үүнд зах зээлийн хандлага, орлогын хандлага, өртгийн хандлага гэсэн аргууд байна. Зах зээлийн хандлагаар хөрөнгийн үнэлгээг гүйцэтгэхдээ зах зээл дээр борлуулагдахаар зарлагдсан харьцуулсан хөрөнгүүд нь газар болон түүн дээр баригдсан барилгын хамт нэгдсэн үнээр зарлагдсан байдаг учир үнэлж буй үл хөдлөх хөрөнгүүдийн үнэ цэнэ, газрын үнэ цэнэ орсон гэж үзнэ. Харьцуулж байгаа хөрөнгүүд маань газар, хаус байлаа гэж бодоход дан байшингаа зарна гэж байхгүй. Тэгэхээр газартайгаа, хаус нь хамт байж байна гэсэн үг. Тэгээд зах зээлийн хандлагаар хийгдэхэд газрын үнэ цэнэ, хаусны үнэ цэнэ хамт орно. Орлогын хандлага нь жишээ нь тухайн объектыг түрээслүүлээд олсон орлогыг хөрөнгийн үнэ цэнэ рүү шилжүүлж тооцдог. Гэхээр үл хөдлөх хөрөнгийг газраас салгана гэдэг чинь ямар ч утгагүй. Үл хөдлөх хөрөнгө гэдэг нь газраас салгамагц зориулалтын дагуу ашиглаж үл болох хөрөнгийг үл хөдлөх хөрөнгө гэж байгаа. Тэгэхээр орлогын хувьд олж байгаа тэр орлого нь газар болон үл хөдлөх хөрөнгийн нийлбэрээр олж байгаа орлого учраас энд орлогын хандлагаар тооцсон тэр үнэлгээ нь газрын үнэ цэнд мөн багтсан. Өртгийн хандлагын хувьд энэ дээр газар болон үл хөдлөх хөрөнгийг дангаар нь худалдаж авах, үл хөдлөх хөрөнгийг дахин барьж, нөхөн сэргээж барих бол тэрний өртгийг тооцож, нийлбэрээр тооцдог тийм арга байгаа. Газар болгон үл хөдлөх хөрөнгийн талбай түүнийг үнэлгээний аль хэсэгт оруулан үнэлсэн талаарх тайлбар уг үнэлгээний тайлангийн 2 дугаар хуудсанд дэлгэрэнгүй тусгагдсан байгаа. Тэрийг та бүхэн харах хэрэгтэй. 121 000 000 төгрөг гээд газрын үнэлгээг хийсэн. Тэр 121 000 000 төгрөг бол миний хэлсэн өртгийн хандлага энд байхгүй. Газрын үнэ цэнэ 121 000 000 төгрөг гэж байна. Үүн дээр барилгын үнэ цэнэ, тэр дэлгүүр, хаус, агуулах, дэлгүүртэй залгаатай зоогийн газрын чиглэлтэй байж болохоор үйлчилгээний талбар байсан. Бид нар энэ дээр газрын үнэ цэнэ дээр нэмэх нь барилгын үнэ цэнийг өртгөөр нь бодсон байгаа. Ингээд тэр 121 000 000 төгрөг бол өртгийн хандлага орсон, газрын үнэ цэнийг илэрхийлж гарч ирсэн. Үнэлгээ хийхэд өртгийн хандлага бол хамгийн бага зах зээлийн үнэ цэнийг илэрхийлдэг гэж үздэг учраас өртгийн хандлагаар хийсэн үнэлгээнд ач холбогдол өгөөгүй. Зах зээлийн болон орлогын хандлагад ач холбогдол өгсөн. Тайлангийн 44 дүгээр хуудасны 3 газар гэсэн нь дээрх 3 газрын үнэлгээний хэсэг ба нэхэмжлэлд дурдагдсан газрын мэдээлэл, нэхэмжлэлийн 6 дахь хэсэгт дурдагдсан газрын мэдээлэл биш. 93 639 000 төгрөгийн газар бол гуравдагч этгээдийн буюу *******ийн өмчлөлд байгаа Өмнөговь аймаг,  Даланзадгад сум, 1 дүгээр баг, шатын 4-4 тоот хаягт байрлалтай эрхийн бүртгэлийн гэрээт 1105003640 дугаартай 1500 метр квадрат талбайтай өмчлөлийн газар, гуравдагч этгээд *******ийн өмчлөлд байгаа Өмнөговь аймаг, Даланзадгад сум 1-дүгээр баг шат 4-2 тоотод байгаа өмчлөлийн газар, гуравдагч этгээд Эрмүүний өмчлөлд байгаа Өмнөговь аймгийн Даланзадгад сум 1 дүгээр баг Шат 4-2 тоотод байрлалтай, эрхийн Г11003648 дугаартай 1500 метр квадрат талбайтай өмчлөлийн газруудын үнэ. Тэгээд энэ үнэлгээнд бүх газар, бүх үл хөдлөх хөрөнгүүдийн үнэлгээ багтсан гэв.

 

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Мөнхтуяа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч талын гаргасан нэхэмжлэлийн үндэслэлийг сонссон. Үүн дээр нэгдүгээрт шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаатай холбоотой процессын алдаа гаргасан талаар тайлбарладаг. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь шат бүрдээ процессын алдаа гараагүй. Үүнийг хууль зүйн үндэслэл болон хэргийн материалд авагдсан баримтуудаар тайлбарлаж байна. Ямар нэгэн байдлаар хууль зүйн алдаа гараагүй, ямар нэгэн байдлаар эрх зөрчсөн асуудал гараагүй гэдгийг төлбөр авагч талаас хэлмээр байна. Хоёрдугаарт, хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлоо Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт талууд эд хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлоо энэ хуулийн 55.3-т заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гарна гэж заасан байдаг. Хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлоо гаргана уу гэхээс шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын процессын ажиллагаа буюу шийдвэр гүйцэтгэгчийн гаргасан алдааны талаар шүүх дээр яригдах хууль үндэслэлгүй гэж үзэж байна. Яагаад гэхээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд шүүхийн шийдвэр гүйцэтгэгч нь ямар нэгэн хуулийн алдаа гаргасан бол ахлах шийдвэр гүйцэтгэгчид нь гомдол гаргах талаар дурдсан байдаг. Энэ талаар хэргийн материалд өгөгдсөн баримтууд байхгүй учраас энэ нь үндэслэлгүй гэж үзэж байна. Хоёрдугаарт, процессын алдаатай холбоотой өмгөөлөгчийн гаргасан тайлбар дээр төлбөр авагч талаас энэ хөрөнгийн үнэлгээний талаар санал аваагүй эрхийг нь зөрчсөн. Аль аль талынх нь эрхийг зөрчсөн гэдэг асуудал яригдаж байна. Голомт банканд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас хөрөнгийн үнэлгээний талаар, барьцаа хөрөнгүүдийн талаар албан бичиг ирүүлээч, саналаа ирүүлээч гэсэн албан бичиг хүлээж авсан. Манайхаас энэ хөрөнгүүд дээр тухайн зах зээлийн үнэлгээг үнэлэх боломжгүй байгаа учраас албан ёсных нь байгууллагаар үнэлүүлье гэсэн албан бичгийг өгсөн. Үүнийг өнөөдрийн хурал дээр давхар хэлмээр байна. Гуравдугаарт, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 25 дугаар зүйлд зохиогч талууд нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага үндэслэлээ дэмжих нотлох баримтуудыг өөрөө цуглуулж, гаргах үүрэгтэй байдаг. Гэтэл тухайн газруудын үнэлгээг бага байна гэж үнэлээд байгаа, жишээлбэл тухайн газруудыг манайх тэдэн төгрөгөөр борлуулж байгаа, тэдэн төгрөгөөр бага байна гэсэн байдлаар энэ үнэлгээг няцаасан нотлох баримтууд хэргийн материалд байхгүй байна гэж үзэж байна. Мөн шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаад, шүүхийн байгууллагаар манайх 2021 оноос явж эхэлсэн. Өнөөдөр 2023 оны 04 дүгээр сар буюу 05 дугаар сар болох гэж байна. Энэ 2 жил гаруй хугацаанд ажиллагаа явчихсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа 2022 оны 08 дугаар сараас эхэлсэн. Үүнээс хойш нэг ч төлбөр авагдах ажиллагаа хийгдээгүй. Манай төлбөр авагч Голомт банканд хохиролтой байна. Нэхэмжлэгч талыг манайх юу гэж харж байна вэ гэхээр үүргийн гүйцэтгэлээ хангуулахгүйгээр, ямар байдлаар хугацаа авах вэ гэсэн ийм байдлаар удаашруулж байна гэдэг нөхцөл байдал харагдаж байна. Тиймээс Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын дурдсан, хөрөнгө үнэлгээний газрын дурдсан болон манай энэ нөхцөл байдлуудыг харгалзан дээрх хөрөнгийн үнэлгээг хэвээр үлдээж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв. 

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон талуудын тайлбарыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ******* ХХК нь хариуцагч Өмнөговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, Хөрөнгө-Эстимэйт ХХК нарт холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар болон бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд нь шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасны дагуу явагдсан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж маргажээ.

Хавтас хэрэгт авагдсан бичгийн баримтуудаар дараах нөхцөл байдлууд тогтоогдов.

Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 он 10 дугаар сарын 15-ны 143/ШШ2021/00305 дугаартай шийдвэрийг зохигчийн давж заалдах болон хяналтын гомдлын дагуу хянаад Монгол улсын Дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2022 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 001/ХТ2022/00659 дугаартай тогтоолоор хянаж шийдвэрлэсэн байна. /хх-87-92/

  Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 143/ШЗ2022/01332 дугаартай захирамж гарч, мөн өдөр 143/ГХ2022/00312 дугаартай гүйцэтгэх хуудас бичигдсэн байх ба уг гүйцэтгэх хуудсанд төлбөр төлөгч  ******* ******* ХХК-иас 3 460 492 437 төгрөг гаргуулан Голомт банк ХХК-д олгохыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгахаар заажээ. /хх-86, 207-208/ 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлд төлбөр төлөгчийн битүүмжлэгдсэн, барьцаалагдсан, хураагдсан хөрөнгийг битүүмжилсэн, барьцаалсан, хурааснаас хойш 1 сарын дотор түүний чанар, эрэлт, элэгдлийн байдал болон хөрөнгийн үнэлгээний талаар төлбөр төлөгчийн саналыг харгалзан орон нутгийн зах зээлийн тухайн үеийн ханшаар үнэлж, энэ тухай оролцогчдод мэдэгдэн тэмдэглэл хөтөлж, мөн хуулийн 55.2.2-т үнэлгээг талууд, өмчлөгч Иргэний хуулийн 177.1-д заасны дагуу тохиролцоогүй бол шинжээчээр үнэлүүлнэ, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага нь төлбөр төлөгчийн өмчлөлийн эд хөрөнгийг битүүмжлэх,  хураах ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсны дараа үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээний талаар өмчлөгч нараас санал авч, уг үнэлгээг төлбөр авагчийн зүгээс хүлээн зөвшөөрөөгүй тохиолдолд шинжээч томилж, үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг гаргуулж, уг үнэлгээний 70 хувиар анхны дуудлага худалдааны доод үнийг тогтоох ажиллагааг хийх-ээр тус тус заажээ. 

Түүнчлэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-т зааснаар иргэний шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад мэргэжлийн тусгай мэдлэг шаардсан асуудлаар дүгнэлт гаргуулах зорилгоор шийдвэр гүйцэтгэгч өөрийн санаачилгаар, эсхүл оролцогч талын хүсэлтээр шинжилгээ хийж, дүгнэлт гаргах тусгай мэдлэг бүхий, хувийн ашиг сонирхолгүй этгээдийг шинжээчээр томилон оролцуулж, шинжээч нь хуулийн 42 дугаар зүйлийн 42.2-т зааснаар шинжилгээ хийж, дүгнэлт гаргахдаа Шүүхийн шинжилгээний тухай хууль, Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд заасан журмыг баримтална гэжээ.

Өмнөговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д зааснаар төлбөр авагч Голомт банк ХХК нь 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдөр шинжээч томилуулах хүсэлтийг гаргасан байна. /хх-101/ 

Хөрөнгө эстимэйт ХХК-ийн 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр гаргасан хөрөнгө үнэлгээний тайланд үнэлгээний тайлан бичсэн мэргэшсэн үнэлгээчин Д.******* гэх баримтаар маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг 2 251 357 000 төгрөгөөр үнэлсэн байна /2 дугаар хх-259-331/

Шинжээч нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2-т зааснаар шинжилгээ хийж, дүгнэлт гаргахдаа Шүүхийн шинжилгээний тухай хууль, Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд заасан журам, заалтыг мөрдлөгө болгох үүрэгтэй байх ба Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.4-д шинжилгээ хийлгэх эрх бүхий этгээд гэж мөрдөгч, прокурор, шүүгч, шүүхийг болон хуульд заасан төрийн эрх бүхий байгууллагыг, 6.1.2-т шинжээч гэж шүүхийн шинжилгээ хийж дүгнэлт гаргахаар хуульд заасан журмын дагуу томилогдсон, тусгай мэдлэг, мэргэжил эзэмшсэн этгээдийг ойлгоно гэжээ.

Гэтэл Д.******* нь Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.2-т заасан журмын дагуу томилогдсон этгээд мөн эсэх нь тодорхойгүй байна. Тодруулбал маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг гаргуулахаар шийдвэр гүйцэтгэгчээс хэнийг шинжээчээр томилсон, уг томилсон этгээдээс Д.Гантулгыг маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг тогтоолгохоор томилсон эсэх нь хавтас хэрэгт цугларсан бичгийн баримтуудаар тогтоогдохгүй байх ба шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасан үндэслэл, журмын дагуу явагдсан гэж үзэх үндэслэлгүй байх тул Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 он 10 дугаар сарын 15-ны 143/ШШ2021/00305 дугаартай шийдвэрийн дагуу явуулж буй шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад Өмнөговь аймгийн Даланзадгад сум 2 дугаар баг Хүнсний 3-р дэлгүүрийн хашаанд байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-1105002288 дугаартай 119м.кв талбайтай хувийн сууц. Эрхийн улсын бүртгэлийн Ү-1105001818 дугаартай 282,39 м.кв талбайтай хүнсний дэлгүүр, эрхийн улсын бүртгэлийн Ү-1105003018 дугаартай 510 м.кв талбайтай дэлгүүр, агуулах. Өмнөговь аймгийн Даланзадгад сум 1 дүгээр баг Шат-д байрлалтай тус бүр 1500 м.кв талбайтай өмчлөлийн 3 газарт үнэлгээ хийлгэсэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгох тухай нэхэмжлэгч ******* ******* ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангах үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2, 115.2.1, 116, 118, 156.1.1, 160.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт зааснаар Өмнөговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын нэхэмжлэгч ******* ******* ХХК-ийн Өмнөговь аймгийн Даланзадгад сум 2 дугаар баг Хүнсний 3-р дэлгүүрийн хашаанд байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-1105002288 дугаартай 119м.кв талбайтай хувийн сууц. Эрхийн улсын бүртгэлийн Ү-1105001818 дугаартай 282,39 м.кв талбайтай хүнсний дэлгүүр, эрхийн улсын бүртгэлийн Ү-1105003018 дугаартай 510 м.кв талбайтай дэлгүүр, агуулах. Өмнөговь аймгийн Даланзадгад сум 1 дүгээр баг Шат-д байрлалтай тус бүр 1500 м.кв талбайтай өмчлөлийн 3 газар зэрэгт үнэлгээ хийлгэсэн ажиллагааг хүчингүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч ******* ******* ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Өмнөговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 70 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор анхан шатны шүүхээр дамжуулан Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Л.УГТАХБАЯР