Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 10 сарын 31 өдөр

Дугаар 203/МА2023/00044

 

 

******* өгөөж ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Х.Гэрэлмаа даргалж, шүүгч Ш.Төмөрбаатар, Ц.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Өмнөговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 143/ШШ2023/00221 дүгээр шийдвэртэй,

 ******* өгөөж ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Өмнөговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, *******-Эстимэйт ХХК нарт хариуцагдах,

*******-Эстимэйт ХХК-ийн 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 75/22 тоот хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.*******, О.******* нарын хамтран гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2023 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч Ерөнхий шүүгч Х.Гэрэлмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч А.*******, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн өмгөөлөгч Ш.Энхмаа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.*******, О.*******, Д.*******, нарийн бичгийн дарга Б.Хулан нар оролцов.

 ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн төлөөлөгч А.Нарандэлгэр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Монгол Улсын Дээд шүүхийн 2022 оны 05-р сарын 30-ны өдрийн 001/ХТ2022/00659 тоот тогтоолоор 3460492 437 /гурван тэрбум дөрвөн зуун жаран сая дөрвөн зуун ерэн хоёр мянга дөрвөн зуун гучин долоон/ төгрөгийг манай компаниас гаргуулан Голомт банканд олгохоор шийдвэрлэсэн.

Дээрх тогтоолын дагуу Өмнөговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08-р сарын 02-ны өдрийн 143/Ш32002/01332 тоот Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай шүүгчийн захирамж гарч, иргэний шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг эхлүүлсэн. Шийдвэр гүйцэтгэгч нь төлбөрт хураагдсан.

1. ******* өгөөж ХХК-ны өмчлөлд байгаа: Өмнөговь аймаг Даланзадгад сум Хаш дэлгүүрийн хойно байрлах ******* нэгж талбарын дугаартай 455,4 м.кв талбайтай газар эзэмших эрх, 4608007313 нэгж талбарын дугаартай 578,3 м.кв талбайтай эзэмших эрхтэй газар, 4608007312 нэгж талбарын дугаартай 426,2 м.кв газар эзэмших эрх

2. Гуравдагч этгээд Б.Амгаланбаатарын өмчлөлд байгаа Өмнөговь аймаг, Даланзадгад сум, 2-р баг, Хүнсний 3-р дэлгүүрийн хашаанд байрлах Ү-1105002288 эрхийн улсын бүртгэлийн дугаартай 119 м.кв талбайтай хувийн сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө,

Өмнөговь аймаг, Даланзадгад сум, 2-р баг, Хүнсний 3-р дэлгүүрийн баруун талд байрлах Ү-******* эрхийн улсын бүртгэлийн дугаартай 282,39 м.кв талбайтай хүнсний дэлгүүрийн зориулалттай үл хөдлөх хөрөнгө,

Өмнөговь аймаг, Даланзадгад сум, 2-р баг, Хүнсний 3-р дэлгүүрийн баруун талд байрлах Y-******* эрхийн улсын бүртгэлийн дугаартай 510 м.кв талбайтай дэлгүүр, агуулахын зориулалттай үл хөдлөх хөрөнгө

3. Гуравдагч этгээд Х.ийн өмчлөлд байгаа Өмнөговь аймаг, Даланзадгад сум, 1-р баг, 4-4 тоот хаягт байрлалтай Г-1105003640 өмчлөх эрхийн улсын бүртгэлийн дугаартай, 1500 м.кв талбайтай өмчлөлийн газар,

4. Гуравдагч этгээд Д. ийн өмчлөлд байгаа Өмнөговь аймаг, Даланзадгад сум, 1-р баг, 4-2 тоот хаягт байрлалтай Г-1105003644 өмчлөх эрхийн улсын бүртгэлийн дугаартай, 1500 м.кв талбайтай өмчлөлийн газар

5. Гуравдагч этгээд А.ий өмчлөлд байгаа Өмнөговь аймаг, Даланзадгад сум, 1-р баг, 3-2 тоот хаягт байрлалтай Г-1105003648 өмчлөх эрхийн улсын бүртгэлийн дугаартай, 1500 м.кв талбайтай өмчлөлийн газар-уудад *******-Эстимэйт ХХК-иар хөрөнгийн үнэлгээг хийлгэсэн. Хөрөнгийн үнэлгээг буруу хийсэн болохыг доорх үндэслэлийг дурдаж бичлээ.

1. Шийдвэр гүйцэтгэгч нь хөрөнгийг үнэлүүлэхээр шинжээч томилсон нь хууль зөрчсөн үйлдэл болсон. Учир нь: Шүүхийн шийдвэр биелүүлэх тухай хуулийн 55-р зүйлийн 55.2-д ямар тохиолдолд шинжээч томилохыг хуульчилжээ. Хэрэв хөрөнгийн үнэлгээг талууд тохиролцоогүй мөн Иргэний хуулийн 177-р зүйлийн 177.1-д зааснаар: Дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийг дуудлага худалдаа явуулахаас өмнө үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч харилцан тохиролцож тогтоосон үнийн, хэрэв тохиролцоогүй бол үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнийн 70 хувиар тооцон тогтооно... бол шинжээч томилох байсан. Гэтэл төлбөр авагч болон төлбөр төлөгчөөс үнийн санал аваагүйгээр шууд шинжээч томилсон нь шийдвэр гүйцэтгэгчийн процессын алдаа болсон.

2. *******-Эстимэйт ХХК нь хөрөнгийн үнэлгээг хийсний дараа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль-д зааснаар дүгнэлт гаргах байтал Хөрөнгийн үнэлгээний тайлан гэгчийг гаргасан байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль-ийн 55-р зүйлийн 55.3-д зааснаар: ...Шийдвэр гүйцэтгэгч хөрөнгийн үнэлгээг шинжээчээр тогтоолгосон бол шинжээчийн дүгнэлтийг хүлээн авснаас хойш ажлын 3 өдрийн дотор талуудад мэдэгдэж, дүгнэлтийг танилцуулж, санал хүсэлтийг авч, тэмдэглэл хөтөлнө. гэжээ. Хуулийн энэ заалтаас харахад шинжээчийн дүгнэлт гарах юм. Мөн Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 9-р зүйлд хөрөнгийн үнэлгээний тайланг хэрхэн гаргах, тайланд тусгагдах зүйлийг хуульчилсан байна. Энэ хуулийн 9-р зүйлийн 9.3 дахь хэсэгт зааснаар тайланд бичигдэх зүйлд дүгнэлт байхаар тусгаагүй байна. Гэтэл *******-Эстимэйт ХХК нь хөрөнгө үнэлгээний тайлангийнхаа 43-р хуудсанд: 3.5 Үнэлгээний дүгнэлт гэсэн бичгийг оруулжээ.

3. Монгол улсын дээд шүүхийн 2022 оны 05-р сарын 30-ны өдрийн 001/ХТ2022/00659 тоот тогтоолын ТОГТООХ хэсэгт: Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 02-р сарын 14-ний өдрийн 203/МА2022/00003 дугаар магадлалын

тогтоох хэсгийн 1 дэх заалтад ...А. гэснийг тус тус хасаж өөрчилж, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй гэжээ. Энэ тогтоолоос харахад А.ий өмчлөлд байгаа Өмнөговь аймгийн Даланзадгад сум 1 -р баг 3-2 тоот хаягт байрлалтай эрхийн улсын бүртгэлийн Г-1105003648 дугаартай 1500 м.кв талбайтай өмчлөлийн газар-аар үүргийн гүйцэтгэлийг хангуулахааргүй шийдвэрлэсэн байхад хөрөнгийн үнэлгээ хийж, иргэний шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулсан.

4. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55-р зүйлийн 55.1 дэх хэсэгт: Шийдвэр гүйцэтгэгч төлбөр төлөгчийн битүүмжлэгдсэн, барьцаалагдсан, хураагдсан хөрөнгийн үнэлгээний талаар төлбөр төлөгчийн саналыг харгалзан орон нутгийн зах зээлийн тухайн үеийн ханшаар үнэлж, энэ тухай оролцогч талуудад мэдэгдэж, тэмдэглэл хөтөлнө. гэжээ. Гэтэл үнэлэх хөрөнгийн талаар төлбөр төлөгч болох манай компаниас ямар нэгэн санал аваагүй. Энэ нь хууль зөрчсөн үйлдэл гэж үзэж байна.

5. Хөрөнгийн үнэлгээний талаар төлбөр төлөгч болон төлбөр авагчийн саналыг аваагүй гүйцэтгэлийн ажиллагааг явуулсан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль- ийн 33-р зүйлийн 33.1.3-д заасан иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад үүссэн асуудлаар санал, хүсэлт гаргах 33.1.5-д заасан иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгахаас өмнө эвлэрэх эрхийг зөрчсөн.

6. *******-Эстимэйт ХХК нь хөрөнгийн үнэлгээг хийхдээ Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль-ийг зөрчсөн, манай компанийн Өмнөговь аймаг Даланзадгад сум Хаш дэлгүүрийн хойно байрлах ******* нэгж талбарын дугаартай 455,4 м.кв талбайтай газар эзэмших эрх, 4608007313 нэмж талбарын дугаартай 578,3 м.кв талбайтай эзэмших эрхтэй газар, 4608007312 нэгж талбарын дугаартай 426,2 м.кв газар эзэмших эрхтэй газруудыг үнэлээгүй, мөн үнэлгээний тайлангийн 44-р хуудасны 3 газар 93 639 /мянган төгрөг/ гэсэн нь ойлгомжгүй байгаа тул уг хөрөнгүүдийг зах зээлийн үнээс бага үнэлсэн байна гэж үзэж байна. Иймд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55-р зүйлийн 55.7-д заасан эрхээ эдэлж, *******-Эстимэйт ХХК-ийн хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргаж байгааг хүлээн авч, хянан шийдвэрлэж өгнө үү гэв.

 Хариуцагч Өмнөговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Хариуцагч Өмнөговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь Монгол улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2022 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 001/ХТ2022/00659 дугаар тогтоолоор ******* өгөөж ХХК /РД:2016486/-аас 3,460,492,437 төгрөг гаргуулж Голомт банк ХХК-нд олгохоор шийдвэрлэгдсэн гүйцэтгэх баримт бичгийг тус газраас 2022 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 22160306 дугаар олгож гүйцэтгэлийн хувийн хэрэг үүсгэж шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд оруулсан бөгөөд өнөөдрийг хүртэл шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байна. Төлбөр төлөгч ******* өгөөж ХХК нь *******-Эстимэйт" ХХК-ний 2022 оны 11 дүгээр сарын 02- ны өдөр хийсэн 75/22 тоот хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.

1. Шийдвэр гүйцэтгэгч нь хөрөнгийг үнэлүүлэхээр шинжээч томилсон нь хууль зөрчсөн үйлдэл болсон төлбөр авагч болон төлбөр төлөгчөөс үнийн санал аваагүйгээр шууд шинжээч томилсон нь шийдвэр гүйцэтгэгчийн процессын алдаа болсон гэжээ гэтэл Өмнөговь аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас төлбөр төлөгчид болон төлбөр авагчид бичгээр үнийн санал ирүүлэх тухай 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 03/891, 03/890 дугаар албан бичгийг тус тус Монгол шуудангаар хүргүүлсэн бөгөөд төлбөр төлөгч ******* өгөөж ХХК нь үнийн санал ирүүлэх албан бичигтэй танилцсан, мэдсэн атлаа хуулийн хугацаанд үнийн саналаа гаргаж өгөөгүй, гаргаж өгөхөөс зайлсхийсэн байна. Мөн төлбөр авагч Голомт банк" ХХК нь 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 10/818 дугаар албан бичгээр ******* өгөөж ХХК-ний хураагдсан хөрөнгөд шинжээч томилж өгнө үү гэсэн хүсэлт ирүүлсэн. Уг хүсэлтийг төлбөр төлөгч ******* өгөөж ХХК-ний захирал А.Нарандэлгэрийн 99092302 дугаарын харилцах утсаар холбогдож мэдэгдэж тэмдэглэл үйлдэн баталгаажуулсан байх тул ямар нэгэн процессын алдаа гаргаагүй байна.

2. *******-Эстимэйт ХХК нь хөрөнгийн үнэлгээг хийсний дараа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль-д зааснаар дүгнэлт гаргах байтал Хөрөнгийн үнэлгээний тайлан гэгчийг гаргасан гэсэн байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага нь хөрөнгийн үнэлгээ хийдэггүй бөгөөд Хөрөнгийн үнэлгээг Хөрөнгийн үнэлгээний тухай хууль болон Шүүх шинжилгээний тухай хуульд заасны дагуу мэргэжлийн үнэлгээний байгууллагыг томилж үнэлгээ хийлгэдэг болно.

3. Монгол Улсын дээд шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 001 /ХТ2022/00659 тоот тогтоолын ТОГТООХ хэсэгт: Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 203/МА2022/00003 дугаар магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалтад "...А. гэснийг тус тус хасч.... өөрчилж, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй гэжээ. Энэ тогтоолоос харахад А.ий өмчлөлд байгаа Өмнөговь аймгийн Даланзадгад сум 1 дүгээр баг 3-2 тоот хаягт байрлалтай эрхийн улсын бүртгэлийн Г-1105003648 дугаартай 1500 м.кв талбайтай өмчлөлийн газраар үүргийн гүйцэтгэлийг хангуулахааргүй шийдвэрлэсэн байхад хөрөнгийн үнэлгээ хийж, иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулсан гэжээ. Гэтэл Монгол улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн 2022 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 001/ХТ2022/00659 дугаар шүүх хуралдааны тогтоолын ХЯНАВАЛ: хэсэгт БДГ5205112817-1 тоот батлан даалтын гэрээнд батлан даагч А.Нарандэлгэр нь зээлдэгч ******* өгөөж" ХХК-ийн үүрэг гүйцэтгээгүйн хариуцлагыг хамтран хариуцах бус нөхөх хариуцлагыг хүлээжээ. Гэвч давж заалдах шатны шүүх батлан даалтын гэрээний үүргээс батлан даалтын хөрөнгөөс үүргийг хангуулсанд хариуцагч буюу батлан даагч А.Нарандэлгэр гомдол гаргаагүй тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны диспозитив зарчмын хүрээнд шийдлийг хэвээр үлдээнэ. Харин үүрэг гүйцэтгэгч Товийн өгөөж" ХХК үүргээ гүйцэтгэх, гүйцэтгээгүй бол барьцааны зүйлээс хангуулах, үүрэг үлдвэл батлан даагчаас гаргуулах үүргийн зарчмыг шийдвэр гүйцэтгэх байгууллага баримтлах үүрэгтэйг дурдах нь зүйтэй гэж үзэв гэж Монгол Улсын Дээд шүүх дурдсан байгаа нь төлбөр авагч Голомт банк ХХК-ний барьцаанд бүртгэлтэй гуравдагч этгээд А.ий хөрөнгөөс гаргуулахгүй гэсэн ойлголт биш гэдэг нь дээд шүүхээс гаргасан тогтоолын хяналтаар тогтоогдож байна. Мөн Төлбөр төлөгч ******* өгөөж ХХК-ний захирал А.Нарандэлгэр нь төлбөр авагч Голомт банк ХХК-ний үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан 11 хөдлөх болон үл хөдлөх хөрөнгөнөөс ЗБ5205112817-5 дугаартай ипотекийн гэрээнд заасан ******* өгөөж ХХК-ний эзэмшлийн 4608007312 нэгж талбарын дугаартай, Өмнөговь аймаг Даланзадгад сум 3 дугаар баг Далан Түмэн дэлгүүрийн урд хаягтай, ХУР ПЛАЗА 5174.84 м.кв талбайтай орон сууц үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг битүүмжлэн хураалгахгүйгээр бусад барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулахаар тус газарт 2022 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 66 дугаар албан бичгээр хүсэлт гаргасан нь шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлээр баталгаажсан байна.

4. Төлбөр төлөгч ******* өгөөж ХХК болон төлбөр авагч Голомт банк ХХК-ний төлбөрийн барьцаанд хураагдсан хөрөнгийн эзэмшигч гуравдагч этгээд нарт *******- Эстимэйт ХХК-ний хөрөнгийн үнэлгээний талаарх дүгнэлт тайланг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3-д заасны дагуу Өмнөговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 03/1071, 03/1072, 03/1073, 03/1075, 03/1076, дугаартай үнэлгээний дүгнэлт мэдэгдэх тухай албан тоотуудыг 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр 70 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгч биечлэн гардуулж тэмдэглэлээр баталгаажуулсан байна.

5. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 62 дугаар зүйл. Төлбөр төлөгч өөрийн хөрөнгөө худалдан борлуулах 62.1-д заасны дагуу Хөрөнгийн үнэлгээний талаар талуудаас гомдол гаргаагүй тохиолдолд төлбөр төлөгч энэ хуулийн 55.3-т заасан шийдвэрийг хүлээн авснаас хойш ажлын 3 өдрийн дотор өөрийн хөрөнгийг уг шийдвэрт зааснаас багагүй үнээр бие даан худалдан борлуулах тухай санал гаргаж болно. гэж заасны дагуу төлбөр төлөгч ******* өгөөж ХХК болон гуравдагч этгээд А., Б., Д. нар нь 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр өөрийн хөрөнгөө бие даан худалдан борлуулах хүсэлтээ бичгээр гаргаж өгсөн байх тул 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдрөөс хойш хөрөнгийг бие даан худалдан борлуулах хугацаа тоологдож шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байна.

6. Мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт зааснаар талууд эд хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлоо энэ хуулийн 55.3-т заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно гэж заасны дагуу төлбөр төлөгч ******* өгөөж ХХК болон гуравдагч этгээд нарын хөрөнгийн үнэлгээтэй холбоотой шүүхэд гомдол гаргах хугацаа 2022 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр дуусгавар болсон бөгөөд ******* өгөөж ХХК болон гуравдагч этгээд нар нь хөрөнгийн үнэлгээг хүлээн зөвшөөрч бие даан худалдан борлуулах хүсэлт бичгээр гаргаж өгсний дараа буюу шүүхэд гомдол гаргах хуулийн хугацаа дуусмагц үнэлгээг хүчингүй болгуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа нь төлбөр төлөгч, нэхэмжлэгч ******* өгөөж ХХК-ний иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг санаатайгаар удаашруулах, хойшлуулах, цаг хугацаа хожих, шийдвэр гүйцэтгэх ажиллагаанаас зайлсхийж байгаа илт хууль бус үйлдэл юм.

Иймд төлбөр төлөгч ******* өгөөж ХХК болон гуравдагч этгээд нарын хүсэлтээр бие даан худалдан борлуулах хугацаа тоологдож байгаа тул нэхэмжлэгч ******* өгөөж ХХК- ний захирал А.Нарандэлгэрийн шүүхэд үнэлгээтэй холбоотой гаргасан гомдол нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасан хуулийн хугацаа дууссан байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 Хариуцагч ******* Эстимэйт ХХК шүүхэд гаргасан хариу тайлбартаа: *******-Өгөөж ХХК нь *******-Эстимэйт ХХК-ийн 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 75/22 тоот хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Өмнөговь аймгийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргажээ. Уг нэхэмжлэлд хөрөнгийн үнэлгээг буруу хийсэн болохыг дурдсан үндэслэлүүд гэх зүйлсэд хөрөнгийн үнэлгээтэй холбоотой хэсгүүдэд дараах тайлбарыг хүргүүлж байна.

*******-Эстимэйт ХХК нь хөрөнгийн үнэлгээг хийсний дараа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль-д зааснаар дүгнэлт гаргах ёстой байтал Хөрөнгийн үнэлгээний тайлан гэгчийг гаргасан байна гэжээ.

Тайлбар: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлд. Иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд шинжээч оролцох гэсэн хэсгийн 42.1-д Иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад мэргэжлийн тусгай мэдлэг шаардсан асуудлаар дүгнэлт гаргуулах зорилгоор шийдвэр гүйцэтгэгч өөрийн санаачилгаар, эсхүл оролцогч талын хүсэлтээр шинжилгээ хийж, дүгнэлт гаргах тусгай мэдлэг бүхий, иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны үр дүнд хувийн ашиг сонирхолгүй этгээдийг шинжээчээр томилон оролцуулж болно. 42.2.-д Шинжээч шинжилгээ хийж, дүгнэлт гаргахдаа Шүүхийн шинжилгээний тухай, Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд заасан журмыг баримтална гэжээ.

Мөн Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 5-р зүйл буюу Хөрөнгийн үнэлгээ хийх үндэслэл гэсэн хэсгийн 5.1.2-д Хуульд тусгайлан заасан тохиолдолд эрх бүхий этгээдийн шийдвэрээр гэжээ. Иймд уг хөрөнгийн үнэлгээг гаргахдаа хөрөнгийн үнэлгээний тайлан гаргасан ба аливаа тайлан нь дүгнэлт хэсэгтэй байх нь зүйн хэрэг ба уг тайлангийн 3,5-д дүгнэлтээ оруулж өгсөн юм.

*******-Эстимэйт ХХК нь хөрөнгийн үнэлгээг хийхдээ Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийг зөрчсөн, манай компанийн Өмнөговь аймаг Даланзадгад сум Хаш дэлгүүрийн хойно байрлах ******* нэгж талбарын дугаартай 455,4 м.кв талбайтай газар эзэмших эрх, 4608007313 нэгж талбарын дугаартай 578,3 м.кв эзэмших эрхтэй газар, 4608007312 нэгж талбарын дугаартай 426,2 м.кв талбайтай газруудыг үнэлээгүй, мөн тайлангийн 44-р хуудасны 3 газар 93639 /мян.төг/ гэсэн нь ойлгомжгүй байна гэжээ.

Тайлбар: Өмнөговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 70-р тойргийн шийдвэр гүйцэтгэгч, ахлах дэслэгч О.*******гийн 2022 оны 10-р дугаар сарын 13-ны өдрийн 22160306/16 тоот тогтоолд дурдагдсан бүх хөрөнгө нь үнэлгээний дүнд орсон болно. Хөрөнгийн үнэлгээний тухай хууль болон Үнэлгээний олон улсын стандартад хөрөнгийн үнэлгээг 3 хандлагаар гүйцэтгэх тухай заасан байдаг. Үүнд: Зах зээлийн хандлага, орлогын хандлага, өртгийн хандлага гэсэн аргууд байна.

Зах зээлийн хандлагаар хөрөнгийн үнэлгээг гүйцэтгэхдээ зах зээл дээр борлуулагдахаар зарлагдсан харьцуулсан хөрөнгүүд нь газар болон түүн дээрх барилгын хамт нэгдсэн үнээр зарлагдсан байдаг учир үнэлж буй үл хөдлөх хөрөнгүүдийн үнэ цэнэд нь газрын үнэ цэнэ орсон байдаг. Зах зээлийн хандлагаар хийсэн үнэлгээний тайлбар хэсэгт /30-31-р хуудаст/, газрын үнэ цэнэ орсон тухай дурдсан. Орлогын хандлага нь ч дээрх зарчмаар газар болон үл хөдлөх хөрөнгө нь хамтдаа үнэлэгдсэн.

Газар болон үл хөдлөх хөрөнгийн талбай, түүнийг аль хэсэгт оруулан үнэлсэн талаарх тайлбар уг үнэлгээний тайлангийн 20-р хуудсанд дэлгэрэнгүй дурдагдсан байгаа болно.

Харин өртгийн хандлагаар үнэлгээг хийхэд газар болон барилгын үнэлгээг тус тусад нь тооцож нийлбэрээр нь нэгдсэн үнэлгээг гаргадаг ба уг газруудын үнэлгээ нь үнэлгээний тайлангийн 38-р хуудсанд бий. Өртгийн хандлагаар хийсэн үнэлгээ нь зах зээлийн үнэ цэнийг илэрхийлэхдээ сул байдаг тул өртгийн хандлагаар хийсэн үнэлгээнд ач холбогдол өгөөгүй болно гэжээ.

44-р хуудасны 3 газар гэсэн нь 93 639 /мян.төг/ гэсэн нь дээрхи 3 газрын /нэхэмжлэлд дурдагдсан/ үнэлгээ биш ба үнэлгээ хийх тогтоолд дурдагдсан гуравдагч этгээд Х.ийн өмчлөлд байгаа Өмнөговь аймгийн Даланзадгад сум 1 дүгээр баг 4-4 тоот хаягт байрлалтай эрхийн улсын бүртгэлийн Г-1105003640 дугаартай 1500 м.кв талбайтай өмчлөлийн газар, гуравдагч этгээд Д.ийн өмчлөлд байгаа, Өмнөговь аймгийн Даланзадгад сум 1 дүгээр баг 4-2 тоот хаягт байрлалтай эрхийн улсын бүртгэлийн Г-1105003644 дугаартай 1500 м.кв талбайтай өмчлөлийн газар, гуравдагч этгээд А.ий өмчлөлд байгаа Өмнөговь аймгийн Даланзадгад сум 1 дүгээр баг 3-2 тоот хаягт байрлалтай эрхийн улсын бүртгэлийн Г-1105003648 дугаартай 1500 м.кв талбайтай өмчлөлийн газрууд юм гэжээ.

 Өмнөговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх:

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт зааснаар Өмнөговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын нэхэмжлэгч ******* өгөөж ХХК-ийн Өмнөговь аймгийн Даланзадгад сум 2 дугаар баг Хүнсний 3-р дэлгүүрийн хашаанд байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-1105002288 дугаартай 119 м.кв талбайтай хувийн сууц. Эрхийн улсын бүртгэлийн Ү-******* дугаартай 282,39 м.кв талбайтай хүнсний дэлгүүр, эрхийн улсын бүртгэлийн Ү-******* дугаартай 510 м.кв талбайтай дэлгүүр, агуулах, Өмнөговь аймгийн Даланзадгад сум 1 дүгээр баг -д байрлалтай тус бүр 1500 м.кв талбайтай өмчлөлийн 3 газар зэрэгт үнэлгээ хийлгэсэн ажиллагааг хүчингүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч ******* өгөөж ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Өмнөговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 70 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.*******, О.******* нар хамтран гаргасан давж заалдах гомдолдоо: Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 143/ШШ2023/00221 дугаартай шийдвэрийн үндэслэх хэсэгт Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1,2-т үндэслэсэн боловч Шүүхийн шинжилгээний тухай хуульд 6.1.2 гэсэн заалт байхгүй, тогтоох хэсэгт Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт зааснаар үнэлгээг хийлгэсэн ажиллагааг хүчингүй болгож шийдвэрлэсэн боловч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт Шийдвэр гүйцэтгэгч эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэснээс хойш 5 хоногийн дотор ялтныг төрийн албанд томилсон, сонгосон, мэргэжлийн үйл ажиллагаа явуулах болон шүүхээс хориглолт, хязгаарлалт тогтоосон бусад эрх, зөвшөөрлийг олгосон байгууллага, албан тушаалтанд шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх тухай мэдэгдлийг хүргүүлнэ гэж заасан нь эрх хасах ял оногдуулсан шүүхийн шийдвэрийг мэдэгдэх хуулийн зүйл заалтыг иргэний хэргийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд хэрэглэсэн нь хуулийн зүйлчлэлийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна.

Иймд Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 143/ШШ2023/00221 дугаартай шийдвэрийн үндэслэл, тогтоох хэсгийн хуулийн зүйлчлэлийг шүүгч буруу хэрэглэж шийдвэр гаргасан болох нь дээрх шийдвэрээр нотлогдож байх тул шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч А.Нарандэлгэр давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Өмгөөлөгчийнхөө гаргасан саналыг дэмжиж байна гэв.

 Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн өмгөөлөгч Ш.Энхмаа давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Өмнөговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 143/ШШ2023/00221 дугаартай шүүхийн шийдвэр үндэслэлтэй гарсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт Иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад мэргэжлийн тусгай мэдлэг шаардсан асуудлаар дүгнэлт гаргуулах зорилгоор шийдвэр гүйцэтгэгч өөрийн санаачилгаар, эсхүл оролцогч талын хүсэлтээр шинжилгээ хийж, дүгнэлт гаргах тусгай мэдлэг бүхий, иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны үр дүнд хувийн ашиг сонирхолгүй этгээдийг шинжээчээр томилон оролцуулж болно гэж заасан. Үүнд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Гантулгыг хэн шинжээчээр томилсон, ямар үүрэг хариуцлагатай оролцсон, юунд шинжээчийн дүгнэлт гаргасан нь нотлох баримтаар тогтоогдоогүй. Д.******* нь шинжээчээр оролцох эрхгүй этгээд. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдлыг хүлээж авах боломжгүй буюу үндэслэлгүй бол түүнийг хангахгүй орхиж анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх үндэслэлтэй байна. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

 Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэгдүгээрт Өмнөговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 143/ШШ2023/00221 дугаартай шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт Шүүх шинжилгээний тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасныг үндэслэсэн гэсэн боловч Шүүх шинжилгээний тухай хуулинд ийм заалт байхгүй. Тогтоох хэсэгт Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 177 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Шийдвэр гүйцэтгэгч эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэснээс хойш 5 хоногийн дотор ялтныг төрийн албанд томилсон, сонгосон, мэргэжлийн үйл ажиллагаа явуулах болон шүүхээс хориглолт, хязгаарлалт тогтоосон бусад эрх, зөвшөөрлийг олгосон байгууллага, албан тушаалтанд шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх тухай мэдэгдлийг хүргүүлнэ гэх заалтаар хөрөнгийн үнэлгээ хийгдсэн ажиллагааг хүчингүй болгож шийдвэрлэсэн боловч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 177 дугаар зүйлийн 1 дэх хэсэг нь Эрүүгийн хэргийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны хууль юм. Иргэний хэргийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд хэрэглэсэн нь 2023 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 143/ШШ2023/00221 дугаартай шүүхийн шийдвэр хуулийн зүйл заалтыг буруу хэрэглэсэн байна. Хоёрдугаарт Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас томилсон хөрөнгийн үнэлгээ хууль зүйн үндэслэлтэй байгаа. Анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 7 дахь хэсэгт Талууд эд хөрөнгийн үнэлгээний талаархи гомдлоо энэ хуулийн 55.3-т заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно гэх заалт байдаг. ******* өгөөж ХХК шүүхэд гомдлоо гаргаж өгөх хугацаа өнгөрсөн байхад анхан шатны шүүх гомдлыг хүлээн авсан. Иймд анхан шатны шүүхэд гаргах үндэслэл нь бүрдээгүй гомдол хүлээж авсан болж байна. Анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү гэв.

 ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасны дагуу ******* өгөөж ХХК-ийн нэхэмжлэлтэй, Өмнөговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, *******-Эстимэйт ХХК нарт холбогдох иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.*******, О.******* нарын хамтран гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзлээ.

 Нэхэмжлэгчийн төлөөлөгч А.Нарандэлгэр нь хариуцагч Өмнөговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, *******-Эстимэйт ХХК нарт холбогдуулан *******-Эстимэйт ХХК-ийн 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 75/22 тоот хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч шийдвэр гүйцэтгэх ажиллагаа болон хөрөнгийн үнэлгээг хуульд заасны дагуу явуулсан тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж маргажээ.

Анхан шатны шүүх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт зааснаар Өмнөговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын нэхэмжлэгч ******* өгөөж ХХК-ийн Өмнөговь аймгийн Даланзадгад сум 2 дугаар баг, Хүнсний 3-р дэлгүүрийн хашаанд байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-1105002288 дугаартай 119 м.кв талбайтай хувийн сууц. Эрхийн улсын бүртгэлийн Ү-******* дугаартай 282,39 м.кв талбайтай хүнсний дэлгүүр, эрхийн улсын бүртгэлийн Ү-******* дугаартай 510 м.кв талбайтай дэлгүүр, агуулах, Өмнөговь аймгийн Даланзадгад сум 1 дүгээр баг -д байрлалтай тус бүр 1500 м.кв талбайтай өмчлөлийн 3 газар зэрэгт үнэлгээ хийлгэсэн ажиллагааг хүчингүй болгож шийдвэрлэснийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар эс зөвшөөрч Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.2 гэсэн заалт байхгүй, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсгийн заалтыг буруу хэрэглэсэн нь шийдвэрээр нотлогдож байх тул шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгох агуулга бүхий гомдлыг гаргажээ.

 Өмнөговь аймгийн сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэгчийн төлөөлөгч А.Нарандэлгэр нь /1 дүгээр хавтас хэргийн 1-3/ *******-Эстимэйт ХХК-ийн 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 75/22 тоот хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг шаардлагыг гаргажээ.

Шүүхийн шийдвэрийг хянахад Өмнөговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 143/ШШ2023/00221 дугаартай шийдвэрийн ҮНДЭСЛЭХ НЬ: хэсэгт Д.******* нь Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.2-т заасан журмын дагуу томилогдсон этгээд мөн эсэх нь тодорхойгүй байна. Тодруулбал маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг гаргуулахаар шийдвэр гүйцэтгэгчээс хэнийг шинжээчээр томилсон, уг томилсон этгээдээс Д.Гантулгыг маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг тогтоолгохоор томилсон эсэх нь хавтас хэрэгт цугларсан бичгийн баримтуудаар тогтоогдохгүй байх ба шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасан үндэслэл, журмын дагуу явагдсан гэж үзэх үндэслэлгүй байх тул Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 он 10 дугаар сарын 15-ны 143/ШШ2021/00305 дугаартай шийдвэрийн дагуу явуулж буй шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад Өмнөговь аймгийн Даланзадгад сум 2 дугаар баг Хүнсний 3-р дэлгүүрийн хашаанд байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-1105002288 дугаартай 119 м.кв талбайтай хувийн сууц. Эрхийн улсын бүртгэлийн Ү-******* дугаартай 282,39 м.кв талбайтай хүнсний дэлгүүр, эрхийн улсын бүртгэлийн Ү-******* дугаартай 510 м.кв талбайтай дэлгүүр, агуулах. Өмнөговь аймгийн Даланзадгад сум 1 дүгээр баг -д байрлалтай тус бүр 1500 м.кв талбайтай өмчлөлийн 3 газарт үнэлгээ хийлгэсэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгох тухай нэхэмжлэгч ******* өгөөж ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангах үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв. гэж, шийдвэрийн ТОГТООХ нь: хэсэгт Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт зааснаар Өмнөговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын нэхэмжлэгч ******* өгөөж ХХК-ийн Өмнөговь аймгийн Даланзадгад сум 2 дугаар баг, Хүнсний 3-р дэлгүүрийн хашаанд байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-1105002288 дугаартай 119 м.кв талбайтай хувийн сууц. Эрхийн улсын бүртгэлийн Ү-******* дугаартай 282,39 м.кв талбайтай хүнсний дэлгүүр, эрхийн улсын бүртгэлийн Ү-******* дугаартай 510 м.кв талбайтай дэлгүүр, агуулах, Өмнөговь аймгийн Даланзадгад сум 1 дүгээр баг -д байрлалтай тус бүр 1500 м.кв талбайтай өмчлөлийн 3 газар зэрэгт үнэлгээ хийлгэсэн ажиллагааг хүчингүй болгосугай. гэж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэсэн шийдвэрт тавигдах үндсэн шаардлагыг хангаагүй байна.

 Анхан шатны шүүх нь нэхэмжлэгчийн *******-Эстимэйт ХХК-ийн 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 75/22 тоот хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлээгүй, харин үл хөдлөх хөрөнгүүдэд шийдвэр гүйцэтгэгчээс үнэлгээ хийлгэсэн ажиллагааг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

Давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлэх хуульд заасан эрх олгогдоогүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-т зааснаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг тодруулаагүй, нэхэмжлэлийн шаардлагад дүгнэлт хийгээгүй байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсгийн заалтыг шүүх буруу хэрэглэсэн гэх гомдлыг давж заалдах шатны шүүх хүлээн авах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Өмнөговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 143/ШШ2023/00221 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 2. Өмнөговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 143/ШЗ2023/01450 дугаартай шүүгчийн захирамжаар Өмнөговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрыг улсын тэмдэгтийн хураамж 70200 төгрөг төлөхөөс чөлөөлсөн болохыг дурдсугай.

 3. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй  хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч нь магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 4.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тус тус дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.ГЭРЭЛМАА

 

ШҮҮГЧИД Ш.ТӨМӨРБААТАР

 

Ц.ОТГОНЦЭЦЭГ