Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 06 сарын 19 өдөр

Дугаар 1141

 

 

 

 

 

 

 

 

 

                                          В.Б-ын нэхэмжлэлтэй

                                               иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Байгалмаа, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 101/ШШ2019/01203 дугаар шийдвэртэй

                         

Нэхэмжлэгч В.Б-ын нэхэмжлэлтэй

Хариуцагч Г.И-т холбогдох

 

Гэм хорын хохиролд 1 256 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

 

Нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Янжинлхам нар оролцов.

 

Нэхэмжлэгч В.Б- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 7-ны өдрийн 174 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 744 дугаар магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн 2017 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн 11 дугаар тогтоолтой 201625011041 дугаартай эрүүгийн хэргийн холбогдогч Байчууд овогт Гонгорболдын Идэрбаяраас Монгол Улсын Иргэний хуулийн 228, 229 дүгээр зүйлийн дагуу эрүүл мэндэд учирсан хохирлоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу нэхэмжилж байна. Г.И- нь 2016 оны 3 дугаар сарын 6-ны өдөр 20 цагийн үед Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны нутагт дэвсгэрт байрлах 14 дүгээр байрны гадна авто машины зогсоол дээр зогсож байхад 84-83 УНЗ улсын дугаартай миний машины араар мөргөчхөөд миний зогсоол яв зайл гээд хэл амаар доромжлон хэрүүл маргаан үүсгэн, намайг /хөгжлийн бэрхшээлтэй/ санаатайгаар зодож миний бие махбодод хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхээс тогтоогдсон. Гэтэл Г.И- үйлдсэн гэм буруугаа хүлээхгүй биднээс уучлал хүсээгүй бие махбодод учирсан гэмтлийг эмчлэх эмчилгээний зардлыг сайн дураараа барагдуулахгүй намайг хохироож байна. Түүнд зодуулснаас хойш байнга толгой өвддөг нойргүйдэн уналт таталт удаа дараа өгч эмчилгээ хийлгэж ухаан алдсанаас эм байнга уух шаардлагатай болсон. В.Б- миний бие эмчийн хяналтад уналт таталтын эм байнга уух нойрны ЭЭГ 3 сар тутамд нэг удаа хийлгэх МRI хийлгэх мөн нойрны ЭЭГ-г хийлгэх шаардлагатай, санхүүгийн боломжгүй тул хийлгэх чадахгүй байна. Иймд Г.И-аас 1 256 000 төгрөгийг гаргуулж В.Б- надад олгож өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.С шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Г.И- нь 2016 оны 3 дугаар сарын 16-ны өдөр үл ялих зүйлээр шалтаглан В.Б-, Буянхишиг нарыг зодож гэмтэл учруулсан. Энэ тухай асуудал нь Эрүүгийн шүүх хурлаар нотлогдож шийдвэр гарсан. Нотлох баримтуудаа цуглуулж, өөрт учирсан гэм хорын хохирлыг барагдуулах талаар шийтгэх тогтоол тусгагдсан. 2016 оны 3 дугаар сарын 7-ны өдрийн шүүх эмнэлгийн 33,31 тоот шинжээчийн дүгнэлтээр гэмтэл учирсан болохыг тогтоосон. Хэдийгээр хөнгөн гэмтэл гэж тогтоосон боловч эмчилгээний явц нь удаашралтай явагдаж, өнөөг хүртэл эдгэхгүй байгаа. Энэ хугацаанд В.Б- нь нэлээд их хэмжээний зардал гаргаж, эмчилгээ хийлгэсэн хэдий ч одоогоор өөрийнхөө гаргаж өгсөн нотлох баримтын хэмжээнд 1 256 000 төгрөгийн шаардлага гаргаж байгаа. Тухайн үед Г.И- мэдээгүй байж болно. В.Б- нь хөгжлийн бэрхшээлтэй, хиймэл хөлтэй учир Г.И- шиг баяр чадалтай хүнийг эсэргүүцэх чадвар байхгүй. Ганц түлхэхэд нь тархиараа газар савж унасан. Түүнээс хойш эмчилгээ хийлгэсээр байгаад өнөөг хүрсэн. Жижигхэн эд зүйл урагдсан, энд тэнд шалбарсан гэж байгаа боловч тийм зүйл байхгүй. В.Б- эд зүйлтэй холбоотой зүйлийг нэхээгүй. Зөвхөн эрүүл мэндийн үзлэг эмчилгээнд орсон зардлаа нэхэж байгаа. 1 256 000 төгрөг нь өөрөө нотолж өгсөн мөнгө бөгөөд түүнээс бариачаар үзүүлсэн бичиг нь байдаг. Энэ хэрэг 3 шатны шүүхээр явсан. Архивын баримт авах гэж их удсан учраас нэлээд хожим нэхэмжлэл гаргасан. Г.И- энэ хүмүүсээс зохих журмын дагуу уучлалт хүссэн асуудал байгаагүй. Ийм учраас энэ хүмүүс Г.И-т гомдолтой байгаа. Учруулсан хохирол нь баримтаар батлагдсаныг нь шүүхэд өгсөн. Шинжээчийн дүгнэлтээр гэмтэл учруулсан нотлогдож байгаа учир үүнийг хасах үндэслэлгүй. Хэдийгээр гэмтлийн зэрэг тогтоогдсон хэдий эмчилгээний явц удаашралтай байгаа. Иймээс эмчилгээний зардал 1 250 000 төгрөг нэхэмжилж байгаа гэжээ.

 

Хариуцагч Г.И- шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 174 дугаар шийтгэх тогтоолын 6 дугаар талд Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 3 дугаар сарын 7-ны өдрийн Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 3331 дугаар дүгнэлтэд шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэлд хамаарна. Хохирогч В.Б- нь шүүхийн хэлэлцүүлэгт эрүүл мэндэд учирсан гэм хорын хохиролд шүүгдэгч Г.И-аас нийт 1 035 000 төгрөгөөс шүүгдэгчийн төлсөн 180 000 төгрөг хасч үлдэх 855 000 төгрөгийг нэхэмжилсэн боловч тэрээр нотлох баримтаа шүүхэд гарган өгөөгүй тул, түүнчлэн хохирогч В.Б- нь хохиролтой холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэргийн шүүхэд хандан нэхэмжлэх эрхтэй хэмээн бичигдсэн байна. 2016 оны 3 дугаар сарын 6-ны өдөр зогсоол дээр тавих гэж байгаад иргэн В.Б-ын машиных нь арын куперийг шүргэсэн. Үүнээс үүдэн бидний дунд маргаан үүсэж В.Б- бид 2 хоорондоо барилцан авсан. Тухайн үедээ В.Б- надаас 250 000 төгрөг нэхэж байсан. Учир нь барилцаж байхдаа В.Б-ын цамцных нь зах урагдсан байсан. Бөөгийн толь тасарч алга болсон зүйл байгаа. Миний куртикны энгэрийн халаас урагдсан байсан. Тухайн үед хэн хэндээ хүлээцгүй хандсанаас болоод ийм зүйл боллоо гээд энэ хүмүүсээс уучлалт гуйсан. Тухайн үед замын цагдаа дуудсан. В.Б-ын эхнэр эрүүгийн цагдаа дуудсан. Энэ хүн надаас үндэслэлгүйгээр их мөнгө нэхэж байгаа. Хөнгөн зэргийн зулгаралт гэмтэл гарсан. Би В.Б-той уулзаж эмнэлэгт үзүүлсэн зардлыг төлсөн. В.Б-ын найз Буянхишиг нь надаас 3 500 000 төгрөг нэхээд нэхэмжлэл гаргасан байгаа. Би уг нь түүнтэй муудаагүй. В.Б- нь эмнэлгийн хяналтад байдаг групптэй хүн юм байна лээ. Тэр үед би мэдээгүй дараа нь мэдсэн. Энэ нь 3 шатны шүүхээр шийдвэрлэгдсэн асуудал гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар хариуцагч Г.И-т холбогдох гэм хорын хохиролд 1 256 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч В.Б-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч В.Б- нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэсэн байна.

 

Нэхэмжлэгч В.Б- давж заалдах гомдолдоо: ... Миний бие В.Б- 2016 оны 3 дугаар сарын 6-ны өдөр иргэн Г.И-т зодуулсны улмаас хөнгөн гэмтэл авсан. Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 7-ны өдрийн 174 тоот шийтгэх тогтоол нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 744 тоот магадлан, Монгол улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн 2017 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн 11 тоот тогтоолтой 201625011041 тоот эрүүгийн материалд авагдсан нотлох баримтуудаар надад учирсан гэмтлийн гэм хор нотлогдсон байгаа. Би Г.И-т зодуулсны улмаас учирсан гэмтлийг эмчлүүлэхдээ 1256000 /нэг сая хоёр зуун тавин зургаан мянган/ төгрөгийн зардал гаргаж учирсан гэм хорыг арилгуулахаар Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж 2017 оны 9 дүгээр сарын 5-ны өдөр, 2017 оны 9 дүгээр сарын 6-ны өдөр, 2019 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр Г.И-ын үйлдлээс болж эмчилгээ шинжилгээ хийлгэсэн баримтууд 2017оны 9 дүгээр сарын 6-ны өдрийн яаралтай тусламжийн 14678 хуудсанд бичигдсэн өвчний зовиур болон өвчний түүхийн тухай бичилт зэргийг нотлох баримтаар хавсаргаж өгсөн юм. Гэтэл Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх 2019оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 101/ШШ2019/01203 шийдвэр гаргахдаа хуулийн шаардлага хангаагүй буюу улсын ерөнхий прокурорын газрын эрүүгийн хэргийн төв архивын хуулбар дарсан мөн хавсаргасан баримтыг хавсаргасан гээд Монгол улсын ерөнхий прокурорын газраас өгсөн хууль ёсны баримтыг хуулийн шаардлага хангаагүй гэсэн шалтаг зааж нотлох баримтыг тооцолгүй хасаж хуулийг буруу тайлбарлаж миний гомдол нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосныг эс зөвшөөрч заалдах гомдол гаргаж байна гэжээ.

 

                                                            ХЯНАВАЛ:

 

            Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлээгүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

 

            Нэхэмжлэгч В.Б- хариуцагч Г.И-т холбогдуулан гэм хорын хохирол 1 256 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг, хариуцагч эс зөвшөөрөн маргасан байна.

 

            Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 7-ны өдрийн 174 дүгээр шийтгэх тогтоолоор Г.И- нь В.Б-той 2016 оны 3 дугаар сарын 6-ны өдөр хэрүүл маргаан үүсгэж В.Б-ыг зодож бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар 3 сар 10 хоног баривчлах ялаар шийтгүүлсэн, Улсын Дээд шүүхийн 2017 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн 11 дүгээр тогтоолоор анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон байна.

 

            Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.2 дахь хэсэгт зааснаар Г.И- нэхэмжлэгчид гэм хор учруулсан нь түүний буруугаас болоогүй болохыг нотолсон тохиолдолд гэм хор учруулсны хохирлоос чөлөөлөгдөх бөгөөд хариуцагч Г.И- гэм буруугүй болохоо нотолсон баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 25 дугаар зүйлийн 25.2 дахь хэсэгт зааснаар шүүхэд гаргаагүй байна. Иймд хариуцагч нь нэхэмжлэгчид гэм хор учруулсан хохирлыг нөхөн төлөх үүргээс чөлөөлөгдөхгүй.

 

            Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж заасан.

 

            Нэхэмжлэгч гэм хорын хохирол учирснаа нотлохоор “MRA” хийлгэсэн, эм тариа худалдаж авсан талаарх бичгийн баримтыг гаргасан байна. Нэхэмжлэгчийн 2019 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр “MRA” хийлгэсэн баримт нь 2019 оны 1 дүгээр сарын 18-ны өдрөөр огноологдсон, Улсын гуравдугаар төв эмнэлгээр КТГ тархины тодосгогчтой шинжилгээ хийлгэсэн баримт нь 2017 оны 9 дүгээр сарын 6-ны өдрөөр огноологдсон байгаа нь цаг хугацааны хувьд зөрүүтэй, хэргийн 6 дугаар талд байгаа баримт нь гаргагдахгүй байх тул уг баримтуудыг үндэслэн хохирлын мөнгө гаргуулах боломжгүй байна.

 

            Харин 2016 оны 8 дугаар сарын 1, 2016 оны 3 дугаар сарын 15-ны өдрүүдэд эм тариа авсан зарлагын баримтуудыг үндэслэн 850 000 (181 000+669 000) төгрөгийг хариуцагчаас гаргуулан олгох нь зүйтэй байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.

 

            Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт дээрх үндэслэлээр өөрчлөлт оруулж, энэ талаар давж заалдсан нэхэмжлэгчийн гомдлын зарим хэсгийг хангах боломжтой болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1.Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 101/ШШ2019/01203 дугаар шийдвэрийн

1 дэх заалтыг “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар Г.И-аас гэм хорын хохиролд 850 000 төгрөгийг гаргуулж В.Б-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 406 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч В.Б- нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                              Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                                                  ШҮҮГЧИД                               Д.БАЙГАЛМАА

 

                                                                                                  Ц.ИЧИНХОРЛОО