Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 04 сарын 25 өдөр

Дугаар 101/ШШ2019/01203

 

                                     

 

 

 

 

2019 оны 04 сарын 25 өдөр         Дугаар 101/ШШ2019/01203             Улаанбаатар хот

 

 

 

                                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Г.Солонго даргалж, шүүгч Т.Болормаа, Т.Энхжаргал нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар:

 

   Нэхэмжлэгч: Ч дүүрэг, 0 дугаар хороо, сангийн 0 тоотод оршин, суух Ш овогт В.Б-ын нэхэмжлэлтэй,

 

   Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 0 дугаар хороо, 0 дүгээр байр, 0 тоотод оршин суух Б овогт Гэрч:-. И-т холбогдох,

 

Гэм хорын хохиролд 1.256.000 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

           

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.С, хариуцагч Г.И, хариуцагчийн өмгөөлөгч Б.Цг, иргэдийн төлөөлөгч Т.Даваадулам, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Бишдарь нар оролцов.

 

   ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч В.Б нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 174 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 744 дугаар магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 11 дугаар тогтоолтой 201625011041 дугаартай эрүүгийн хэргийн холбогдогч Байчууд овогт Г.И-аас Монгол Улсын Иргэний хуулийн 228, 229 дүгээр зүйлийн дагуу эрүүл мэндэд учирсан хохирлоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу нэхэмжилж байна. Г.И нь 2016 оны 03 дугаар сарын 06-ны өдөр 20 цагийн үед Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны нутагт дэвсгэрт байрлах 14 дүгээр байрны гадна авто машины зогсоол дээр зогсож байхад 84-83 УНЗ улсын дугаартай миний машины араар мөргөчхөөд миний зогсоол яв зайл гээд хэл амаар доромжлон хэрүүл маргаан үүсгэн, В.Б/хөгжлийн бэрхшээлтэй/ миний биеийг санаатайгаар зодож миний бие махбодод хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхээс тогтоогдсон. Гэтэл Г.И үйлдсэн гэм буруугаа хүлээхгүй биднээс уучлал хүсээгүй бие махбодод учирсан гэмтлийг эмчлэх эмчилгээний зардлыг сайн дураараа барагдуулахгүй намайг хохироож байна. Түүнд зодуулснаас хойш байнга толгой өвддөг нойргүйдэн уналт таталт удаа дараа өгч эмчилгээ хийлгэж ухаан алдсанаас эм байнга уух шаардлагатай болсон. Б миний бие эмчийн хяналтад уналт таталтын эм байнга уух нойрны ЭЭГ 3 сар тутамд нэг удаа хийлгэх МRI хийлгэх мөн нойрны ЭЭГ-г хийлгэх шаардлагатай, санхүүгийн боломжгүй тул хийлгэх чадахгүй байна.

Иймд Г.Иаас 1.256.000 төгрөгийг гаргуулж В.Бнадад олгож өгнө үү... гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.С шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Г.И нь 2016 оны 03 дугаар сарын 16-ны өдөр үл ялих зүйлээр шалтаглан Д.Б, Б нарыг зодож гэмтэл учруулсан. Энэ тухай асуудал нь Эрүүгийн шүүх хурлаар нотлогдож шийдвэр гарсан. Нотлох баримтуудаа цуглуулж, өөрт учирсан гэм хорын хохирлыг барагдуулах талаар шийтгэх тогтоол тусгагдсан. 2016 оны 3 дугаар сарын 7-ны өдрийн шүүх эмнэлгийн 33,31 тоот шинжээчийн дүгнэлтээр гэмтэл учирсан болохыг тогтоосон. Хэдийгээр хөнгөн гэмтэл гэж тогтоосон боловч эмчилгээний явц нь удаашралттай явагдаж, өнөөг хүртэл эдгэхгүй байгаа. Энэ хугацаанд Д.Б нь нэлээд их хэмжээний зардал гаргаж, эмчилгээ хийлгэсэн хэдий ч одоогоор өөрийнхөө гаргаж өгсөн нотлох баримтын хэмжээнд 1,256,000 төгрөгийн шаардлага гаргаж байгаа. Тухайн үед Г.И мэдээгүй байж болно. Д.Б нь хөгжлийн бэрхшээлтэй, хиймэл хөлтэй учир Г.И шиг баяр чадалтай хүнийг эсэргүүцэх чадвар байхгүй. Ганц түлхэхэд нь тархиараа газар савж унасан. Түүнээс хойш эмчилгээ хийлгэсээр байгаад өнөөг хүрсэн. Жижигхэн эд зүйл урагдсан, энд тэнд шалбарсан гэж байгаа боловч тийм зүйл байхгүй. Д.Бат-Очир эд зүйлтэй холбоотой зүйлийг нэхээгүй. Зөвхөн эрүүл мэндийн үзлэг эмчилгээнд орсон зардлаа нэхэж байгаа. 1,256,000 төгрөг нь өөрөө нотолж өгсөн мөнгө бөгөөд түүнээс бариачаар үзүүлсэн бичиг нь байдаг ба тэр нь нотлох баримтын шаардлага хангахгүй байгаа. Энэ хэрэг 3 шатны шүүхээр явсан. Архивын баримт авах гэж их удсан учраас нэлээд хожим нэхэмжлэл гаргасан. Г.И энэ хүмүүсээс зохих журмын дагуу уучлалт хүссэн асуудал байгаагүй. Ийм учраас энэ хүмүүс Г.Ит гомдолтой байгаа. Учруулсан хохирол нь баримтаар батлагдсаныг нь шүүхэд өгсөн. Шинжээчийн дүгнэлтээр гэмтэл учруулсан нотлогдож байгаа учир үүнийг хасах үндэслэлгүй. Хэдийгээр гэмтлийн зэрэг тогтоогдсон хэдий эмчилгээний явц удаашралтай байгаа. Иймээс эмчилгээний зардал 1,250,000 төгрөг нэхэмжилж байгаа гэв.

 

Хариуцагч Г.И шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Г.И нь 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан В.Б-ын эрүүл мэндэд учирсан хохирлоо нэхэмжилсэн нэхэмжлэлтэй иргэний хэрэгт хариуцагчаар татагдан оролцож байгаа билээ. Уг нэхэмжлэлийн шаардлагатай танилцан дараах хариу тайлбарыг гаргаж байна. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 174 дугаар шийтгэх тогтоолын 6 дугаар талд Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 3331 дугаар дүгнэлтэд “шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэлд хамаарна. Тус шийтгэх тогтоолын 11 дүгээр хуудсанд хохирогч В.Бнь шүүхийн хэлэлцүүлэгт эрүүл мэндэд учирсан гэм хорын хохиролд шүүгдэгч Г.Иаас нийт 1.035.000 төгрөгөөс шүүгдэгчийн төлсөн 180.000 төгрөг хасч үлдэх 855.000 төгрөгийг нэхэмжилсэн боловч тэрээр нотлох баримтаа шүүхэд гарган өгөөгүй тул, түүнчлэн хохирогч В.Бнь хохиролтой холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэргийн шүүхэд хандан нэхэмжлэх эрхтэй хэмээн бичигдсэн байна. 2016 оны 03 дугаар сарын 06-ны өдөр зогсоол дээр тавих гэж байгаад иргэн Д.Б-ын машиных нь арын куперийг шүргэсэн. Үүнээс үүдэн бидний дунд маргаан үүсэж Д.Б бид 2 хоорондоо барилцан авсан. Тухайн үедээ Д.Б надаас 250.000 төгрөг нэхэж байсан. Учир нь барилцаж байхдаа Д.Б-ын цамцных нь зах урагдсан байсан. Бөөгийн толь тасарч алга болсон зүйл байгаа. Миний куртикны энгэрийн халаас урагдсан байсан. Тухайн үед хэн хэндээ хүлээцгүй хандсанаас болоод ийм зүйл боллоо гээд энэ хүмүүсээс уучлалт гуйсан. Тухайн үед замын цагдаа дуудсан. Д.Б-ын эхнэр эрүүгийн цагдаа дуудсан. Энэ хүн надаас үндэслэлгүйгээр их мөнгө нэхэж байгаа. Би тийм хэмжээний хохирол учруулсан. Хөнгөн зэргийн зулгаралт гэмтэл гарсан. Би Д.Бат-Очиртой уулзаж эмнэлэгт үзүүлсэн зардлыг төлсөн. Д.Б-ын найз Б нь надаас 3,500,000 төгрөг нэхээд нэхэмжлэл гаргасан байгаа. Би уг нь түүнтэй муудаагүй. Д.Б нь эмнэлгийн хяналтад байдаг групптэй хүн юм байна лээ. Тэр үед би мэдээгүй дараа нь мэдсэн. Энэ нь 3 шатны шүүхээр шийдвэрлэгдсэн асуудал... гэв.

 

Хариуцагчийн өмгөөлөгч Б.Ц шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Шүүхийн шинжилгээний үндэсний төвийн шинжээчийн дүгнэлт дээр 2 гэмтэл тогтоогдсон. Доод уруул няцарсан шарх, эрүүний гэмтэл гэж энэ хоёр нь цаашид хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй, хөнгөн зэргийн гэмтэл гэж бичсэн байгаа. Уруулын няцрал шарх, эрүүний доод талын зулгаралтыг эмчлэхийн тулд энэ зардлууд гарсан байх ёстой. Шинжээчийн дүгнэлтээр тархины болон бусад гэмтэл тогтоогдоогүй. Энэ 2 гэмтлийг хэвийн байдалд оруулахын тулд эдгээр зардлууд гарсан гэдэг нь тогтоогдсонгүй. Эрүүгийн хэргийн материалаас авагдсан 2 баримт тухайн үедээ үнэлэгдээгүй шийтгэх тогтоолоор хохирлыг гаргахааргүй шийдсэн. Яагаад үнэлээгүй вэ гэвэл яг ямар өвчний оношны улмаас хэн гэдэг эмч энэ жорыг бичиж өгсөн бэ гэдэг ийм нөхцөл байдал тогтоогдоогүй байна гэж үзсэн. Энэ эмүүд нь Д гэдэг хүнд Г.И гэдэг хүнээс учруулсан хохиролд шаардлагатай баримт эмчилгээ мөн үү үгүй юу гэдэг нь тогтоогдохгүй байгаа. Тэгэхээр 2 баримт нь ийм үндэслэлээр үнэлэгдэж хохирол болох нь  тогтоогдохгүй байна гэдэг нөхцөл байдал бий болсон. Бусад баримт буюу 90,000 төгрөгийн баримт, 2017 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн баримт зэрэг нь гэмтлээс үүссэн эсэх нь тодорхой биш байна. 2019 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн баримтын хувьд энэ хэрэг үйлдэгдсэний дараах 3 жилийн дараа энэ эмчилгээ хийсэн. Энэ нь Г.И-ын үйлдэлтэй хамааралтай гэж мөнгө нэхэж байгаа нь үндэслэлгүй байна. Энэ хүн 2009 онд аваарт ороод таталт өгдөг болсон байна. Мөн эдгээр эмүүдийг судлан үзэхэд дандаа тархины мэдрэлийн системийн цусан хангамжийг сайжруулахад уудаг эм байна лээ. Энэ эмүүд нь уруулын зулгаралт, эрүүний доод няцарсан шархыг эмчлэхэд зориулагдсан, хэрэглэгдсэн гэдэг нь тогтоогдохгүй байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэв.

 

Хэрэгт авагдсан бөгөөд шүүхийн хэлэлцүүлгээр бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

 Нэхэмжлэгч В.Б хариуцагч Г.Ит холбогдуулан гэм хорын хохиролд 1.256.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг гаргуусныг хариуцагч Г.И бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.

Г.И нь 2016.03.06-ны өдөр В.Б-той хэрүүл маргаан үүсгэж, улмаар түүнийг зодож бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсны улмаас Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016.10.07-ны өдрийн 174 дүгээр шийтгэх тогтоолоор 3 сар 10 хоногийн баривчлах ялаар шийтгүүлжээ. /хх-ийн 19-25 дугаар тал/

Уг шийтгэх тогтоолыг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 744 дүгээр магадлалаар хэвээр үлдээж шийдвэрлэснийг Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 11 дүгээр тогтоолоор шийтгэх тогтоолын 4 дэх заалтыг өөрчлөн бусад заалтыг хэвээр үлдээжээ. /хх-ийн 26-34 дүгээр тал/

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлдээ хавсаргаж ирүүлсэн хэргийн 4-6 дугаар талд авагдсан баримтууд нь 2017 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр, 2017 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр, 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдрүүдийн баримтууд байх бөгөөд Г.И-ын үйлдлээс болж эмчилгээ, шинжилгээ хийлгэсэн үйл баримт тогтоогдохгүй байх бөгөөд 2017 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн Яаралтай тусламжийн 14678 дугаар хуудсанд “үндсэн зовиур” 2 хоногийн өмнө толгой өвдөж, унаж татсан, дүүргийн эмчид үзүүлсэн, “одоогийн өвчний түүх” 2 хоногийн өмнө зовиур эхэлсэн, 2009 онд аваарт орсон, түүнээс хойш татдаг болсон гэжээ. /хх-ийн 10 дугаар тал/

Хэргийн 7-8 дугаар талд авагдсан баримтууд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2.-т заасан “Бичмэл нотлох баримтыг шүүхэд эхээр нь, хэрэв эхийг өгөх боломжгүй бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг өгнө.” хуулийн шаардлагыг хангаагүй буюу УЕПГ-ын эрүүгийн хэргийн төв архивын хуулбар дарсан баримтыг хавсаргажээ.

В.Б-н итгэмжлэгдсэн төлөөлөгч С.С шүүх хуралдаанд тайлбарлахдаа “Г.И-ын үйлдлээс бодит хохирол учирсан, үүнийгээ баримтаар нэхэмжилж байгаа” гэх боловч эм тариа, шинжилгээг хэзээ, аль эмнэлгийн, хэн гэдэг эмчийн бичсэн жороор авсан, хийлгэсэн талаарх баримтгүй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2., 38 дугаар зүйлийн 38.1.1.-д зааснаар нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл, нотлох баримтаа өөрөө цуглуулж, гаргаж өгөх үүрэгтэй бөгөөд энэ үүргээ хэрэгжүүлээгүй байна.

2016 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн Г.Иын үйлдлийн улмаас эмчилгээ хийлгэсэн гэх В.Бгаргасан 1.256.000 төгрөгийн баримт нь хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдохгүй байх тул В.Бат-Очирын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3., 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1., 505 дугаар зүйлийн 505.1.-д зааснаар хариуцагч Г.Ит холбогдох гэм хорын хохиролд 1.256.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч В.Бат-Очирын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5.-д зааснаар нэхэмжлэгч В.Б нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл, гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119., 119.4., 119., 119.7‑д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш зохигч, тэдгээрийн төлөөлөгч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Г.СОЛОНГО

 

                  ШҮҮГЧИД                                     Т.БОЛОРМАА

 

                                                                         Т.ЭНХЖАРГАЛ