Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 05 сарын 02 өдөр

Дугаар 142/ШШ2023/00655

 

 

 

 

 

2023 оны 05 сарын 02 өдөр

Дугаар 142/ШШ2023/00655

Орхон аймаг

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Дэлгэрцэцэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот Баянгол дүүрэг 26 дугаар хороо ******* тоотод оршин суух, ******* ******* ******* ******* *******-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум Булаг баг ******* тоотод оршин суух, ******* ******* ******* -т холбогдох

 

Нэхэмжлэлийн шаардлага: зээлийн төлбөр 26,745,080 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, 2023 оны 03 дугаар сарын 07-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Оюумаа нар оролцов.

 

Хариуцагч Т.т шүүх хуралдааны тов мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр хариуцагчийн эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Л.******* нь хариуцагч Т.т холбогдуулан зэлийн төлбөр 26,745,080 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан.

 

2.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Т.т Орхон аймгийн барааны захын тэнд найзтайгаа хамт хоолны газар нээх гэж байгаа хэдэн хувийн хүүтэй мөнгө төгрөг зээлээч гэхээр нь 2021 оны 10 сарын 01 -ны өдөр 10,000,000 төгрөгийг 6 хувийн хүүтэй зээлсэн. Л.******* нь Т.т 2022 оны 04 дүгээр сарын 04-ны өдөр 19,000,000 төгрөгийг 6 хувийн хүүтэй зээлдүүлсэн, Т. нь зээлж авсан мөнгөнөөс 2022 оны 04 сарын 22-ны өдөр 1,882,000 төгрөг, 2022 оны 05 сарын 22-ны өдөр 372,920 төгрөг нийтдээ 2,254,920 төгрөгийг Л.*******д төлсөн ба үлдэгдэл төлбөр 26,745,080 төгрөгийг Л.******* авах ёстой. Т. нь Л.*******гаас зээлсэн мөнгөнийхөө хүүнд 9,295,080 төгрөг төлсөн. Иймд Т.ээс 26,745,080 төгрөгийг гаргуулж Л.*******д олгож өгнө үү ... гэв.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Л.******* нь Т.т Орхон аймгийн барааны захын тэнд найзтайгаа хамт хоолны газар нээх гэж байгаа, хэдэн хувийн хүүтэй мөнгө төгрөг зээлээч гэсэн саналыг тавихдаа , ******* нар чатаар харилцаж, хүүтэй мөнгө зээлэх саналыг хариуцагч хүлээн авч, 2021 оны 10 сарын 01-ний өдөр 10,000,000 төгрөгийг 6 хувийн хүүтэй зээлсэн. Дараа нь дахиж мөнгө хэрэгтэй байна гээд 30 сая төгрөг хэрэгтэй байна гэхэд нь Л.******* нь надад 19 сая төгрөг байна гээд 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр 19,000,000 төгрөгийг 6 хувийн хүүтэй зээлдүүлж Т.ийн дансны руу шилжүүлсэн. Нийт 29 сая төгрөгийг зээлсэн, Т. нь зээлж авсан мөнгөнөөс 2022 оны 04 сарын 22-ны өдөр 1,882,000 төгрөг, 2022 оны 05 сарын 22-ны өдөр 372,920 төгрөг нийтдээ 2,254,920 төгрөгийг Л.*******д төлсөн ба үлдэгдэл төлбөр 26,745,080 төгрөг Л.******* авах ёстой. Т. нь Л.*******гаас зээлсэн мөнгөнийхөө хүүнд 9,295,080 төгрөг төлсөн. Иймд Т.ээс 26,745,080 төгрөгийг гаргуулж Л.*******д олгож өгнө үү... гэв.

 

3. Хариуцагч Т. шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ...Миний бие Л.*******гаас 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдөр 10,000,000 төгрөг, 2022 оны 04 дүгээр сарын 04-нд 19,000,000 төгрөг, нийт 29,000,000 төгрөгийг авсан нь үнэн. 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр 1,882,000 төгрөг, 2022 оны 05 дугаар сарын 22-ны өдөр 3,72,920 төгрөг, 9,295,080 төгрөгийг тус тус өгсөн ба нийт 11,550,000 төгрөгийг 29,000,000 төгрөгөөс хасуулаад үлдэгдэл 17,453,000 төгрөгийг нэг жилийн хугацаанд сард 1,454,500 төгрөгөөр төлж барагдуулах хүсэлтэй байна. Л.*******гаас 2017 оноос хойш удаа дараа мөнгө хүүтэй зээлж өгдөг байсан. Энэ удаад 2022 оны 10 дуугаар сарын 18-нд ханиа алдаж орлогын эх үүсвэргүй болсон тул хүндэтгэн үзэж шийдвэрлэж өгнө үү... гэжээ.

 

4. Нэхэмжлэгчээс: иргэний үнэмлэхийн хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, хэргийн 5-39-р хуудсанд Л.*******,Т. нарын хоорондоо харилцсан чат, Л.*******гийн Хаан банкны 5028196857 дансны дэлгэрэнгүй хуулгыг нотлох баримтаар гаргаж өгсөн.

 

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад                                                                                                                   

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзэв.

 

2. Нэхэмжлэгч дараах байдлаар шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: ...т 2021 оны 10 сарын 01 -ны өдөр 10,000,000 төгрөг, 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр 19,000,000 төгрөгийг тус тус 6 хувийн хүүтэй зээлдүүлсэн. Т. нь зээлж авсан мөнгөнөөс 2022 оны 04 сарын 22-ны өдөр 1,882,000 төгрөг, 2022 оны 05 сарын 22-ны өдөр 372,920 төгрөг, нийт 2,254,920 төгрөгийг Л.*******д төлсөн ба үлдэгдэл төлбөр 26,745,080 төгрөгийг гаргуулж өгнө үү... гэсэн.

 

3.Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй үндэслэлийг ...*******гаас нийт 29,000,000 төгрөг зээлж авсан нь үнэн, уг мөнгийг хүүтэй аваад хүүг нь төлдөг байсан. Үндсэн мөнгөнөөс 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр 1,882,000 төгрөг, 2022 оны 05 дугаар сарын 22-ны өдөр 372,920 төгрөгийг төлсөн ба хүүнд 9,295,080 төгрөгийг төлсөн, нийт 11,550,000 төгрөгийг 29,000,000 төгрөгөөс хасуулаад үлдэгдэл 17,453,000 төгрөгийг нэг жилийн хугацаанд сард 1,454,500 төгрөгөөр төлж барагдуулах хүсэлтэй байна... гэсэн.

 

4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд, зохигчийн тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч Л.******* нь хариуцагч Т.т 2021 оны 10 дугаар сарын 01-нд 10,000,000 төгрөг, 2022 оны 04 дүгээр сарын 04-нд 19,000,000 төгрөгийг зээлсэн, хариуцагч нэхэмжлэгчид 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр 1,882,000 төгрөг, 2022 оны 05 дугаар сарын 22-ны өдөр 372,920 төгрөгийг тус тус төлсөн болох нь хэрэгт нотлох баримтаар авагдсан нэхэмжлэгчийн Хаан банкны 5028196857 тоот дансны дэлгэрэнгүй хуулга болон зохигчийн тайлбараар тогтоогдож байна.

 

5. Иймд талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ. гэж заасан гэрээний харилцаа үүссэн, нэхэмжлэгч зээлийн төлбөрийг хариуцагчаас шаардах эрх үүссэн байна.

 

6. Талууд зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь Л.*******, Т. нарын хоорондоо харилцсан чатны зургийг шүүхэд нотлох баримтаар гарган өгч уг баримтаар тэдний хооронд хүүтэй мөнгө зээлж авах хүсэл сонирхол байсан нь тогтоогдоно гэж тайлбарлаж байх боловч талуудын хоорондоо харилцсан гэх чатны зураг нь тэднийх гэдгийг тогтоох боломжгүй, мөн нотлох баримтын шаардлага хангахгүй байх тул шүүх нотлох баримтаар үнэлж шийдвэрийн үндэслэл болгох боломжгүй юм.

 

7. Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-т Хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана. гэж заасан.

 

8. Нэхэмжлэгч нь зээлсэн үндсэн мөнгө 26,745,080 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжлэл гаргасан бөгөөд хариуцагч Т. нь ...зээлсэн мөнгөний хүүнд 9,295,080 төгрөг төлснийг зээлийн төлбөрөөс хасуулна... гэсэн тайлбар гаргаж мэтгэлцсэн боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1, 38.7-д заасан шүүх хуралдаан эхлэхийн өмнө өөрийн шаардлага, тайлбар, татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтыг гаргаж өгөх үүргээ хэрэгжүүлээгүй, түүний тайлбар нотлох баримтаар нотлогдохгүй байх тул хариуцагчийн хүүнд төлсөн гэх 9,295,080 төгрөгийг зээлийн төлбөрөөс шүүх хасч тооцох боломжгүй байна.

 

9. Иймд хариуцагч Т.ээс зээлийн төлбөр 26,745,080 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Л.*******д олгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

10. Нэхэмжлэгч Л.*******гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 255,671 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т.ээс улсын тэмдэгтийн хураамжид 255,671 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Л.*******д олгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасныг баримтлан хариуцагч Т.ээс зээлийн төлбөр 26,745,080 /хорин зургаан сая долоон зуун дөчин таван мянга ная/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Л.*******д олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгч Л.*******гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 255,671 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т.ээс улсын тэмдэгтийн хураамжид 255,671 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Л.*******д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ДЭЛГЭРЦЭЦЭГ