Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 08 сарын 24 өдөр

Дугаар 207/МА2023/00070

 

2023 08 24 207/МА2023/00070

 

 

Л.Г-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Т.Н-т холбогдох

иргэний хэргийн тухай

 

О аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Б даргалж, Булган аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.А, шүүгч С.У нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн 107 дугаар танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

О аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 142/ШШ2023/...... дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Л.Г-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Т.Нт холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 26.745.080 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

Хариуцагч Т.Нийн шүүхэд гаргасан давж заалдсан гомдлын үндэслэн 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Уийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б, нарийн бичгийн дарга Ц.Нэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Т.Нт О аймгийн барааны захын тэнд найзтайгаа хамт хоолны газар нээх гэж байгаа хэдэн хувийн хүүтэй мөнгө төгрөг зээлээч гэхээр нь 2021 оны 10 сарын 01 -ны өдөр 10.000.000 төгрөгийг 6 хувийн хүүтэй зээлсэн. Л.Г нь Т.Нт 2022 оны 04 дүгээр сарын 04-ны өдөр 19.000.000 төгрөгийг 6 хувийн хүүтэй зээлдүүлсэн, Т.Н нь зээлж авсан мөнгөнөөс 2022 оны 04 сарын 22-ны өдөр 1.882.000 төгрөг, 2022 оны 05 сарын 22-ны өдөр 372.920 төгрөг нийтдээ 2.254.920 төгрөгийг Л.Г-д төлсөн ба үлдэгдэл төлбөр 26.745.080 төгрөгийг Л.Г авах ёстой. Т.Н нь Л.Г-аас зээлсэн мөнгөнийхөө хүүнд 9.295.080 төгрөг төлсөн. Иймд Т.Нээс 26.745.080 төгрөгийг гаргуулж Л.Гд олгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 

Л.Г нь Т.Нт О аймгийн барааны захын тэнд найзтайгаа хамт хоолны газар нээх гэж байгаа, хэдэн хувийн хүүтэй мөнгө төгрөг зээлээч гэсэн саналыг тавихдаа Т.Н, Г нар чатаар харилцаж, хүүтэй мөнгө зээлэх саналыг хариуцагч хүлээн авч, 2021 оны 10 сарын 01-ний өдөр 10.000.000 төгрөгийг 6 хувийн хүүтэй зээлсэн. Дараа нь дахиж мөнгө хэрэгтэй байна гээд 30 сая төгрөг хэрэгтэй байна гэхэд нь Л.Г нь надад 19 сая төгрөг байна гээд 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр 19.000.000 төгрөгийг 6 хувийн хүүтэй зээлдүүлж Т.Нийн дансны руу шилжүүлсэн. Нийт 29 сая төгрөгийг зээлсэн, Т.Н нь зээлж авсан мөнгөнөөс 2022 оны 04 сарын 22-ны өдөр 1.882.000 төгрөг, 2022 оны 05 сарын 22-ны өдөр 372.920 төгрөг нийтдээ 2.254.920 төгрөгийг Л.Гд төлсөн ба үлдэгдэл төлбөр 26.745.080 төгрөг Л.Г авах ёстой. Т.Н нь Л.Г-аас зээлсэн мөнгөнийхөө хүүнд 9.295.080 төгрөг төлсөн. Иймд Т.Нээс 26.745.080 төгрөгийг гаргуулж Л.Гд олгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Т.Н шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Миний бие Л.Г-аас 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдөр 10.000.000 төгрөг, 2022 оны 04 дүгээр сарын 04-нд 19.000.000 төгрөг, нийт 29.000.000 төгрөгийг авсан нь үнэн. 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр 1.882.000 төгрөг, 2022 оны 05 дугаар сарын 22-ны өдөр 372.920 төгрөг, 9.295.080 төгрөгийг тус тус өгсөн ба нийт 11.550.000 төгрөгийг 29.000.000 төгрөгөөс хасуулаад үлдэгдэл 17.453.000 төгрөгийг нэг жилийн хугацаанд сард 1.454.500 төгрөгөөр төлж барагдуулах хүсэлтэй байна. Л.Г-аас 2017 оноос хойш удаа дараа мөнгө хүүтэй зээлж өгдөг байсан. Энэ удаад 2022 оны 10 дуугаар сарын 18-нд ханиа алдаж орлогын эх үүсвэргүй болсон тул хүндэтгэн үзэж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

О аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 142/ШШ2023/...... дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасныг баримтлан хариуцагч Т.Нээс зээлийн төлбөр 26.745.080 /хорин зургаан сая долоон зуун дөчин таван мянга ная/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Л.Гд олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгч Л.Г-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 255.671 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т.Нээс улсын тэмдэгтийн хураамжид 255.671 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Л.Гд олгож дурдаж шийдвэрлэжээ.

Хариуцагч Т.Н шүүхэд гаргасан давж заалдсан гомдолдоо:

Хариуцагч Т.Н миний бие О аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 142/ШШ2023/..... тоот шийдвэрийг 2023 оны 05 дугаар сарын 17-ны өдөр хүлээж авч танилцаад эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.Нэхэмжлэгч Л.Г-аас зээлийн төлбөрт 26745080 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан үүнээс хариуцагч Т.Н миний бие нэхэмжлэгчээс 29 000 000 төгрөг зээлж 11 550 000 төгрөгийг төлсөн. Үлдэгдэл 17453000 төгрөгийг төлөхийг зөвшөөрсөн Нэхэмжлэгч тал нийт төлсөн 11 550 000 төгрөгийг хүлээн зөвшөөрсөн. Гэтэл тус шүүхээс хариуцагч өөрийн шаардлага тайлбар, татгалзлалын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтыг гаргаж өгөх үүргээ хэрэгжүүлээгүй, түүний тайлбар нотлох баримтаар нотлогдоогүй байх тул хариуцагчийн хүүд төлсөн гэх 9.295.080 төгрөгийг зээлийн төлбөрөөс хасч тооцох боломжгүй гэж шийдсэнд гомдолтой байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж 9295080 төгрөгийг зээлийн төлбөрөөс хасч тооцож өгнө үү. Мөн хариуцагч миний бие ар гэрийн байдлаас болж яаралтайгаар Улаанбаатар хотод очсон бөгөөд хуралд оролцож чадаагүй мөн нэхэмжпэгч нэгэнт төлсөн мөнгөн дээр маргаан гаргаагүй учир 11.550.000 төгрөг төлсөн баримтыг гаргаж өгөөгүй нь хууль мэдэхгүй надад ингэж хүнд тусна гэж бодоогүй юм. Иймд гомдлыг маань хүлээн авч хуулийн дагуу үнэн зөвөөр нь шийдвэрлэж өгнө үү. Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримтыг хавсаргав гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг бүрэн эдлүүлээгүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тухай Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т заасан шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч Л.Г нь хариуцагч Т.Нээс зээлийн гэрээний үүрэгт 26.745.080 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч Т.Н зөвшөөрөхгүй маргажээ.

Нэхэмжлэгч Л.Г нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: Хариуцагч Т.Н нь 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдөр 10.000.000 төгрөг, 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр 19.000.000 төгрөгийг тус бүр 6 хувийн хүүтэй зээлдүүлсэн.

Эдгээр зээлсэн мөнгөнөөс 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр 1.882.000 төгрөг, 2022 оны 05 дугаар сарын 22-ны 372.920 төгрөг нийт 2.254.920 төгрөг төлсөн үлдэгдэл 26.745.080 төгрөг гаргуулна гэсэн тайлбар гарган тодорхойлсон. Хариуцагч Т.Н нь 29.000.000 төгрөгийг зээлж авсан нь үнэн, хүүтэй мөнгө авч хүүтэй нь төлдөг байсан гэсэн тайлбар гаргажээ.

2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр 1.882.000 төгрөг, 2022 оны 05 дугаар сарын 22-нд 372.950 төгрөг төлж нийт хүүнд 9.295.080 төгрөг төлсөн. Нийт 11.550.000 төгрөгийг 29.000.000 төгрөгөөс хасуулж үлдэгдэл 17.453.000 төгрөгийг нэг жилийн хугацаанд хувааж төлж барагдуулна гэсэн үнийн дүнг зөвшөөрөхгүй татгалзсан тайлбар гаргаж мэтгэлцсэн байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үнэлэхэд нэхэмжлэгч Л.Г нь хариуцагч Т.Нт 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдөр 10.000.000 төгрөг, 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр 19.000.000 төгрөгийг тус бүр 6 хувийн хүүтэй зээлүүлсэн.

Зохигчид зээлийн гэрээг бичгээр үйлдээгүй амаар тохиролцсон. Хариуцагч Т.Н нь 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр 1.882.000 төгрөг, 2022 оны 05 дугаар сарын 22-ны өдөр 372.920 төгрөгийг хүүнд тооцож төлсөн зэрэг үйл баримт тогтоогджээ.

Харин хариуцагч Т.Н нь зээлсэн мөнгөнөөс хүүнд 9.295.080 төгрөгийг төлсөн гэсэн татгалзал тайлбараа нотлох баримтаар нотлоогүй байна.

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа дуусч хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх тухай захирамж гарсаны дараа хэргийн оролцогчдыг хэргийн материалтай танилцуулах тухай хуулийн заалтыг хэрэгжүүлж хариуцагчид хэргийн материал танилцуулаагүй, хэргийн материалтай танилцах эрхийг хангаагүй байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2. дахь заалтыг зөрчсөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан /ХХ-58/ байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5. дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.О аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 142/ШШ2023/...... дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар хариуцагч Т.Нийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 163.671 төгрөгийг төрийн сангаас шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5., 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.Б

ШҮҮГЧ Л.А

ШҮҮГЧ С.У