Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 03 сарын 20 өдөр

Дугаар 110/ШШ2023/0013

 

             Баян-Өлгий аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Риза даргалж,  тус шүүхийн танхимд  нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

              Нэхэмжлэгч: А.А

              Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Засаг дарга,

              Гуравдагч этгээд: З.А нарын хоорондын  газрын маргааныг хянан  хэлэлцэв.

              Шүүх хуралдаанд нэхэмжлэгч А.А, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Нургайып, хариуцагч Өлгий сумын Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.С, гуравдагч этгээд З.А, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Х.Бакен, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Еркегүл нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь :

              1. Нэхэмжлэгч А.А нь анх шүүхэд  Өлгий сумын 5 дугаар багаас 428 м2 газрыг өөрт нь эзэмшүүлэх шийдвэр гаргахыг Өлгий сумын Засаг даргад  даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

              2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад маргаан бүхий газрын хэмжээ 438 м2 газар болох нь тогтоогдсон ба нэхэмжлэгчээс уг 438 м2 газрыг эзэмшүүлэхээс татгалзсан Өлгий сумын Засаг даргын шийдвэрийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэсэн байна. Үүний дараа нь нэхэмжлэлийн уг шаардлагаа өөрчилж, Өлгий сумын 5 дугаар багаас 438 м2 газрыг өөрт нь эзэмшүүлэхээс татгалзсан “Өлгий сумын Засаг даргын татгалзал хууль бус болохыг тогтоож, уг газрыг А.А эзэмшүүлэх шийдвэр гаргахыг Өлгий сумын Засаг даргад даалгах“-аар маргажээ.

            3. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тайлбарласан. Үүнд,

3.1. А.А би Өлгий сумын 5 дугаар багт 2006 оноос байнга оршин суусан.

2020 онд нөхөр З.А бид хоёрын гэрлэлтийг шүүхээс цуцалсан  шийдвэр хүчин төгөлдөр болсон. З.А, А.А бид нарын хууль ёсоор эзэмшилдээ авсан газрын хэмжээ 400 м2 байсан ба шүүхийн шийдвэрээр уг газрыг А.А надад олгохоор болсон. Гэтэл А.А миний олон жил амьдарч суусан хашаатай газрын нийт хэмжээ нь 838 м2 юм. Гэр бүлийн маргаанаа  шийдвэрлүүлэхээр шүүхээр 2 жил гаруй явж байх үед З.А нь Өлгий сумын Засаг даргаар  ажиллаж байсан Х.Б хуйвалдаж өөрийн төрсөн дүү З.Е 438 м2 газрыг хууль бусаар эзэмшүүлсэн захирамж гаргуулсныг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 38 дугаартай магадлалаар З.Е  газар эзэмшүүлсэн Өлгий сумын Засаг даргын 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн А/312 дугаартай захирамжийн З.Е холбогдох хэсгийг хүчингүй болгосон.

3.2. А.А би уг газарт цаашид байнга оршин суух шаардлагатай учраас З.Е эзэмшүүлсэн гэх одоо сул чөлөөтэй байгаа 438 м2 газрыг өөрийн эзэмшилд авахаар Өлгий сумын Засаг даргад  2021 оны 07 дугаар сарын 01-ний хүсэлт гаргасан боловч 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр 1/62 тоотоор миний хүсэлтийг шүүхийн журмаар шийдвэрлүүлэх тухай хариу өгсөн.

3.3. Шүүхээс надад хуваарилсан байшинд очих болгонд З.А надтай зүй бусаар харьцаж, хэл амаар доромжилж,  байшинд ороход саад болж байна.Энэ талаар тухайн үед цагдаа н.Д, н.Б нарт тэмдэглүүлж байсан. Сүүлийн үед байрны үнэ нэмэгдсэн учраас Өлгий сумын төвөөс 15 км-ийн зайтай хол газарт аавын жижиг зуны амбаарт амьдарч байна. Тэр газарт ямар ч усгүй, тоггүй. Сар болгон хүнд 40 000 төгрөгийн хөлс төлж, ус зөөлгөж байгаа. Тухайн газар тоггүй, өглөө эрт 8:00 цагт хичээлтэй учраас эрт 14:00 цагаас хойш гуанзанд сууж ажлаа хийдэг.

3.4. З.А нь одоо амьдарч байгаа байшингийн гэрчилгээгээ хуурамчаар үйлдэж аваад, Төрийн банкинд 30 000 000 төгрөгийн зээлийн барьцаанд тавьсан.

А  нь өөр газарт байшинтай, надад хуваарилсан байшингийн урд оршин суух юм бол миний эрхийг зөрчсөн зүйл болно гэв.

4. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:

4.1. Өлгий сумын 5 дугаар багт байрлах 400 м2 газрын гаднах 438 м2 газрыг А.А гэр бүлээрээ хашаалж, хаалга гаргаж, жорлон ухаж, зуны болон өвлийн байшин барьж амьдарч байсан нөхцөл байдал тогтоогдож байна.

4.2. Тухайн гэр бүлийн хууль ёсоор эзэмшдэг газрын хэмжээ нь 400 м2 байсан.

 Маргаан үүсээд гэр бүлээ шүүхийн шийдвэрээр цуцлуулах үед гэр бүлийн дундын хөрөнгийг хуваарилахдаа 400 м2 газар болон тухайн газарт байсан өвлийн байшинг А.А үлдээн шийдвэрлэсэн. Үлдсэн 438 м2 газар нь нийтийн эдэлбэр талбай бөгөөд тус газарт  байршилтай үл хөдлөх өмчлөх эрхийн гэрчилгээгүй эд хөрөнгийг З.А үлдээн шийдвэрлэсэн. Шүүхээс  “тухайн газарт цаашид хамтран амьдар” гэсэн шийдвэр гаргаагүй. Тухайн газарт байгаа үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээтэй байшин, эзэмших эрхийн гэрчилгээтэй газрыг А.А үлдээн шийдвэрлээд, эзэмших эрхийн гэрчилгээгүй газар дээр  байгаа үл хөдлөх хөрөнгийг З.А үлдээн шийдвэрлэсэн. Нэгэнт газрыг А.А эзэмшүүлсэн учраас З.А  нь өөрт хуваарилагдсан тухайн өмч хөрөнгөө өөр газарт нүүлгэн шилжүүлж барьж авах агуулгатай шүүхийн шийдвэр гаргасан байсан. Гэтэл тухайн хашааны 400 м2 газрын гаднах газрыг З.А өөрийнхөө дүү З.Е эзэмшүүлсэн хууль бус захирамж гаргуулсныг А.А шүүхэд нэхэмжлэл гаргаад хүчингүй болгуулсан. Яагаад гэвэл нэг л хашаа байна. Тэр хашааны холбогдох хэсгийг А.А эзэмшиж байна. Тухайн хашаанд нэг л хаалга байгаа учраас нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, өөр хүнд эзэмшүүлсэн шийдвэрийг хүчингүй болгосон.

4.3. Нэхэмжлэгч А.А өөрийнхөө эд хөрөнгө байгаа өмчлөл бүхий газартаа нэвтэрдэг, газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд орсон, олон жилийн турш хашаалж ашиглаж байгаа газрын үлдсэн хэсгийг эзэмших хүсэлт гаргасан. Уг газарт өөр хүний өмч хөрөнгө байгаа гэсэн шалтгаанаар татгалзсан эрх бүхий албан тушаалтны шийдвэр хууль бус юм.  Гуравдагч этгээдэд уг байршлаас эзэмших нэг метр ч  газар  байхгүй гэв.

5. Хариуцагчаас гаргасан тайлбарт:

5.1. Иргэн А.А эзэмшихийг хүссэн сул чөлөөтэй байгаа гэх 438 м2 газарт иргэн З.А сууц баригдсан байх тул тухайн газрыг А.А эзэмшүүлэх захирамж гаргасан тохиолдолд З.А эрх ашиг зөрчигдөх асуудал гарч байгаа учраас уг газрыг А.А шууд эзэмшүүлэх боломжгүй гэв.

6. Гуравдагч этгээдээс гаргасан тайлбарт:

6.1. Миний эцэг У.З нь 2007 онд Өлгий сумын 5 дугаар багийн иргэн н.Н 60 м2 талбайтай, 3 өрөө өвлийн байшинг худалдан авч З.А надад гэр бүл болоход өгсөн. Тухайн байшинг худалдаж авах үед  газрын хэмжээ нь 838 м2  байсан. Уг газрын 400 м2 газрыг З.А надад, үлдсэн хэсгийг дүү З.Е эзэмшүүлэхээр  зааж өгсөн. Иймээс би  нэгж талбарын  ,,,,,,, дугаартай  400 м2 газрыг Өлгий сумын Засаг даргын 2007 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 25 дугаар шийдвэрийн дагуу ,,,,,,, тоот газар эзэмших эрхийн  гэрчилгээгээр эзэмшсэн,  З.Е хувьд үлдсэн 438 м2 газарт тухайн үед газар эзэмших эрхийн гэрчилгээ аваагүй байсан.

6.2. 2009 онд хашааны 438 м2 талбайтай хэсэгт эцэг У.З болон  ах З.Ж, З.Е нар дүү З.Е зориулан 68.8 м2 талбайтай, 4 өрөө өвлийн байшин барьж өгсөн. З.Е нь тухайн байшинд 2009-2012 он хүртэл амьдарч байгаад 2012 онд ах З.Ж өөр газар руу нүүхэд аав ээжид бараа болох зорилгоор түүний байшинд нүүж орсон. З.Е нүүсний дараа түүний байшинг А.А бид хоёр зуны байрны зориулалтаар  түр ашиглаж байсан юм.

6.3. А.А бид хоёр хоорондоо таарч тохироогүй тул би 2018 онд Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд гэрлэлт цуцлуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад А.А нь гэр бүлийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн өөрт ноогдох хувийг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл  гаргаж, З.Е  зориулан барьсан өвлийн байшинг “...бид З.Е худалдаж авсан, бидний дундын өмчлөлийн эд хөрөнгө” гэж маргасан тул анхан шатны шүүх 2020 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 130/ШШ2020/00241 дугаартай шийдвэрээр бидний гэрлэлтийг цуцалж, дундын өмчлөлийн эд хөрөнгийг хуваарилахдаа   68.8 м2 талбайтай, 4 өрөө өвлийн байшинг гэр бүлийн гишүүдийн дундын өмчлөлийн эд хөрөнгөд тооцож миний эзэмшилд  үлдээсэн.  Харин Өлгий сумын Засаг даргын 2007 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 25 тоот шийдвэрийн үндсэн дээр эзэмшдэг, миний эзэмшлийн ,,,,,,, дугаар бүхий нэгж талбартай, ,,,,,,, тоот газар эзэмших эрхийн гэрчилгээтэй 400 м2 газрыг дээр нь байгаа үл хөдлөх хөрөнгүүдийн хамт А.А үлдээсэн.

6.4. Би шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсны дараа 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр эзэмших эрхийн гэрчилгээ байхгүй байгаа 438 м2 газрыг эзэмшихээр Өлгий сумын Засаг дарга, Баян-Өлгий аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт өргөдөл гаргасан.  Миний өргөдөл шийдэгдэх шатанд явж байхад А.А тухайн газрыг эзэмшихээр давхар өргөдөл гаргаж маргаан үүсгэсэн тул энэ асуудал одоо хүртэл шийдэгдээгүй.  68.8 м2 талбайтай, 4 өрөө байшинг шүүхийн шийдвэрээр надад хуваарилсан тул би тухайн эд хөрөнгийг 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдөр үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлд бүртгүүлж, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ авсан.

6.5. Нэгэнт тухайн 438 м2 газарт миний үл хөдлөх эд хөрөнгө байгаа учир тухайн газрыг би эзэмших ёстой. Би өөрийн эзэмшлийн 400 м2  газрыг А.А хуваарилсан шүүхийн шийдвэрт хүндэтгэлтэй хандаж, давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргаагүй. А.А хэлж байгаачлан тус газарт очих болгонд би түүнийг доромжилдог  гэдэг нь худлаа. Анх А.А өөрт нь шүүхээс хуваарилж өгсөн газраа дундаас нь хувааж, хашаандаа орж гарах хаалга  гаргаад авч болно гэж хэлсэн. Би А.А эд хөрөнгөө ашиглахад саад учруулсан зүйл байхгүй гэв.

7. Гуравдагч этгээдийн өмгөөлөгчөөс  гаргасан тайлбарт:

7.1.  Хашаалсан газрын нийт хэмжээ шүүхээс хийсэн үзлэгээр 838 м2 газар гэж албан ёсоор тогтоогдсон. Гэр бүлийн маргааныг иргэний хэргийн анхан шатны шүүх шийдвэрлэхдээ иргэн  З.Е эзэмшлийнх байсан маргаантай зуны байрыг гэр бүлийн дундын эд хөрөнгөөр тооцож,  З.А өмчлөлд үлдээсэн. 

7.2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс А.А нэхэмжлэлийг ханган шийдвэрлэсэн гол үндэслэл нь тухайн газарт байгаа хөрөнгө хэнийх вэ гэдгийг тогтоохгүйгээр З.Е шууд маргаан бүхий газрыг эзэмшүүлсэн  нь буруу  гэж үзсэн.

7.3. Газар эзэмших асуудал Газрын тухай хуулийн хүрээнд шийдэгдэх тул  нэхэмжлэгчийн “би тухайн газарт орж, эд хөрөнгөө захиран зарцуулж чадахгүй байна, З.А саад хийдэг.” гэдэг байдлаар  нэхэмжлэлийн үндэслэлээ тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй.  

7.4. 2006 оноос хойш маргаан бүхий 438 м2 газрыг З.А, А.А хоёрын аль аль нь  ашиглаж ирсэн. Энэ газрыг З.А юм уу, эсвэл А.А шууд эзэмшүүлсэн шийдвэр байхгүй. Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “Төрөөс газрын талаар дараахь зарчмыг баримтална”,  4.1.3-д “газар өмчлөх, эзэмших, ашиглахад шударга ёс, тэгш байдлыг хангах”, 4.1.7-д “газар дээрх үл хөдлөх хөрөнгө нь тухайн газрын бүрдэл хэсэг байх” гэж заасан. Тухайн газраас салгаж үл болох З.А хоёр том үл хөдлөх хөрөнгө байна. Нэгэнт ийм нөхцөл байдал байхад ямар нэгэн давуу эрхээр А.А эзэмшүүлэх хуулийн зохицуулалт байхгүй гэв.                 

                                                                                    ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан  “Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 5 дугаар багаас 438 м2 газрыг А.А эзэмшүүлэхээс татгалзсан Өлгий сумын Засаг даргын татгалзал хууль бус болохыг тогтоож, уг газрыг эзэмшүүлэх шийдвэр гаргахыг даалгах” тухай нэхэмжлэл нь үндэслэлгүй байна.

2. Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд нэхэмжлэгч А.А, гуравдагч этгээд З. А нар нь 2006 оны 01 дүгээр сард гэр бүл болж, 2006 оноос 2018 он хүртэл хамтран амьдарсан хугацаанд Өлгий сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрээс 838 м2 газрыг хашаалж, тус газарт амьдарсан байх боловч уг газрын зөвхөн 400 м2 газрыг З.А гаргасан хүсэлтийн дагуу Өлгий сумын Засаг даргын 2007 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 25 дугаар захирамжаар гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 50 жилийн хугацаагаар эзэмшүүлснээр нэгж талбарын ,,,,,, дугаартай 400 м2 газарт газар эзэмших эрхийн ,,,,,,, дугаартай гэрчилгээг мөн онд З.А олгосон байжээ.

3. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 130/ШШ2020/000241 дугаартай шийдвэрээр А.А, З.А нарын гэр бүлийн маргааныг шийдвэрлэхдээ гэр бүлийн дундын хөрөнгөөс ...нэгж талбарын ,,,,,,,, дугаартай 400 м2 газар болон тус газарт байрлах өвлийн сууц, гүний худаг, автомашины гараж зэрэг эд хөрөнгийг А.А олгохоор,  хашаалсан газрын үлдсэн хэсэг болох 438 м2 газарт баригдсан зуны байр, түлээ нүүрсний амбаар зэрэг үл хөдлөх хөрөнгүүдийг З.Айболатад хуваарилсан үйл баримт тогтоогдсон.

4. Иргэний хэргийн шүүхээс дээрх байдлаар шийдвэрлэсний дараа маргаан бүхий 438 м2 газрыг нь шинээр эзэмшүүлэх хүсэлтийг газар эзэмшүүлэх эрх бүхий этгээдэд нэхэмжлэгч А.А 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдөр, гуравдагч этгээд З.А нь 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр тус тус гаргасан боловч Өлгий сумын Засаг даргаас гуравдагч этгээд З.А газар эзэмшүүлэх асуудлыг шийдвэрлээгүй байх ба харин нэхэмжлэгчийн хүсэлтэд тухайн газарт байгаа 3 өрөө бүхий сууцыг шүүхийн шийдвэрээр З.А олгосон гэх үндэслэлээр газрыг А.А эзэмшүүлэх шийдвэр гаргахаас татгалзсан хариуг 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 1/62 дугаар албан бичгээр өгчээ.

5. Нэхэмжлэгч А.А, гуравдагч этгээд З.А нар нь хамтран амьдарсан хугацаанд тухайн гэр бүл /хэн хэн нь/ 838 м2 газарт олон жил амьдарсан, энэ хугацаанд тус газарт өвлийн сууц, зуны байшин зэрэг эд хөрөнгүүд баригдсан,  дээрх байдлаар иргэний хэргийн шүүхийн шийдвэрээр тухайн гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөнөөс дээрх 838 м2 газрын З.А гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар эзэмших эрхийн гэрчилгээтэй  400 мхэмжээтэй газрыг энэ хэсэгт байрлах өвлийн сууц, гараж зэрэг эд хөрөнгийн хамтаар нэхэмжлэгчид,  хашаалсан газрын үлдсэн хэсэг болох 438 м2 газарт баригдсан зуны байшин, түлээ нүүрсний амбаар зэрэг үл хөдлөх хөрөнгүүдийг гуравдагч этгээдэд хуваарилсан. Уг эд хөрөнгүүд нь гуравдагч этгээд З.А эзэмшилд байгаа, зуны уг байшинд одоогоор амьдардаг зэргээр 438 м2 газрыг гуравдагч этгээд гэр бүлийн зориулалтаар ашигладаг зэрэг үйл баримт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тогтоогдсон.

            6. Газрын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1-д “Иргэнд гэр бүлийнх нь хамтын хэрэгцээнд зориулан хувийн гэр, орон сууцны хашаа барих зориулалтаар үнэ төлбөргүй эзэмшүүлэх газрын хэмжээ 0,07 га-гаас илүүгүй байна.” гэж заасан. Дээрх А.А, З.А нарын гэр бүлийн хэрэгцээнд эзэмшиж, ашиглаж байсан 838 м2 газраас эрх бүхий этгээдийн шийдвэрээр З.А газар эзэмших эрхийн ,,,,,,, дугаартай гэрчилгээгээр олгосон 400 м2 газрыг  иргэний хэргийн шүүхийн шийдвэрээр нэхэмжлэгчид хуваарилснаар нэхэмжлэгч уг 400 м2 газрыг газар эзэмших эрхийн ,,,,,,,,,дугаартай гэрчилгээгээр газар эзэмшүүлэх эрх бүхий этгээдийн 2022 оны А/221 дугаартай шийдвэрийн дагуу эзэмшсэн байхад бусдын эзэмшилд байгаа эд хөрөнгө орших 438 м2 газрыг нэмж эзэмшихээр нэхэмжлэгчээс маргасан нь Газрын тухай хуулийн 29.1-д заасан зохицуулалт болон төрөөс газрын талаар баримтлах мөн хуулийн 4.1.3-т заасан “газар өмчлөх, эзэмших, ашиглахад шударга ёс, тэгш байдлыг хангах;” зарчимтай нийцээгүй байна.

7. Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ.” гэж заасан бөгөөд хэдийгээр маргаан бүхий 438 м2 газрыг эзэмших эрх гуравдагч этгээд З.А үүсээгүй, түүнд уг газрыг эзэмшүүлсэн шийдвэр хуульд заасан журмаар гараагүй боловч шүүхийн шийдвэрээр гуравдагч этгээдэд хуваарилсан эд хөрөнгүүд  нь уг газарт байрладаг, уг эд хөрөнгүүдийг хуульд зааснаар тухайн маргаан бүхий газрын бүрдэл хэсэг гэж үзэх  тул бусдын эзэмшил, ашиглалтад байгаа эд хөрөнгө оршдог, мөн гуравдагч этгээдийн хувьд ч 2006 оноос хойш гэр бүлийн зориулалтаар ашиглаж ирсэн, одоогоор амьдарч байгаа газрыг нэхэмжлэгчид эзэмшүүлэхээс татгалзсан Өлгий сумын Засаг даргын татгалзал нь Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-т заасан “газар өмчлөх, эзэмших, ашиглахад шударга ёс, тэгш байдлыг хангах;”, 4.1.7-д заасан “газар дээрх үл хөдлөх хөрөнгө нь тухайн газрын бүрдэл хэсэг байх.” талаарх төрөөс газрын талаар баримтлах зарчмуудыг зөрчөөгүй гэж үзэхээр байна.

            8. Нэхэмжлэгч талаас маргаан бүхий 438 м2 газрыг гуравдагч этгээдэд эзэмшүүлсэн эрх бүхий этгээдийн шийдвэр байхгүй, эзэмших эрх үүсээгүй уг газарт хууль бусаар зуны байшин барьсан гэж маргасан боловч уг газарт дээрх байдлаар гуравдагч этгээдийн эзэмшлийн эд хөрөнгүүд оршдог, тухайн газарт гуравдагч этгээд амьдарч байгаа тохиолдолд маргаан бүхий 438 м2 газрыг сул газар гэж үзэхээргүй байгаа ба нэхэмжлэгч уг 438 м2 газрыг эзэмших эрхтэй гэж үзэх үндэслэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тогтоогдоогүй.

            9. Нэхэмжлэгчээс маргаан бүхий газрыг эзэмшихийг хүссэн  үндэслэлээ өөрийн эзэмших эрхтэй 400 м2 газарт байрлах эд хөрөнгүүдийг эзэмшиж, ашиглах тухайн газарт оршин сууж амьдрах эрхээ хэрэгжүүлэхэд гуравдагч этгээд З.А саад учруулдаг, хашаандаа нэвтэрч чаддаггүй гэж тайлбарласан боловч нийт 838 м2 хэмжээтэй газрыг хашаагаар зааглаж хуваагаагүй, нэмж барилга байгууламж шинээр бариагүй нь хэрэгт авагдсан шинжээчийн 2020 оны 2020/а5 дугаартай дүгнэлт, шүүхээс хийсэн үзлэгийн тэмдэглэл, гуравдагч этгээдийн тайлбараар тогтоогдсон.

 Түүнчлэн  шүүх хуралдааны явцад нэхэмжлэгчийн дээрх маргааны талаар гуравдагч этгээдээс “Анх А.А өөрт нь шүүхээс хуваарилж өгсөн газраа дундаас нь хувааж, хашаандаа орж гарах хаалга  гаргаад авч болно гэж хэлсэн. Би А.А эд хөрөнгөө ашиглахад саад учруулсан зүйл байхгүй” гэх тайлбарыг гаргасан ба хэрэв нэхэмжлэгч, гуравдагч этгээдийн хооронд хөрш залгаа эд хөрөнгийг эзэмших, ашиглахтай холбоотой маргаан үүсвэл энэ нь хөршийн эрхтэй холбоотой иргэний журмаар шийдвэрлэгдвэл зохих тусдаа маргаан болохыг дурдах нь зүйтэй .

            10. Дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1,106.3.14,107 дугаар зүйлийн 107.5-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3, 4.1.7, 29 дүгээр зүйлийн 29.1-д  заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 5 дугаар багаас 438 м2 газрыг А.А эзэмшүүлэхээс татгалзсан Өлгий сумын Засаг даргын татгалзал хууль бус болохыг тогтоож, уг газрыг А.А эзэмшүүлэх шийдвэр гаргахыг Өлгий сумын Засаг даргад даалгах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар нэхэмжлэгчийн  улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200  төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

            3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар  хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч  шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

             

                       

 

                                     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       М.РИЗА