Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 06 сарын 07 өдөр

Дугаар 221/МА2023/0381

 

 

 

 

 

 

А.А-ийн

 нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

 

            Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч Ерөнхий шүүгч Д.Баатархүү

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Т.Энхмаа

Илтгэсэн шүүгч Н.Хонинхүү

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:

Нэхэмжлэгч А.А,

Нэхэмжлэлийн шаардлага: Өлгий сумын 5 дугаар багаас 438 м2 газрыг өөрт нь эзэмшүүлэхээс татгалзсан “Өлгий сумын Засаг даргын татгалзал хууль бус болохыг тогтоож, уг газрыг А.А-д эзэмшүүлэх шийдвэр гаргахыг Өлгий сумын Засаг даргад даалгах

 

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 0013 дугаар

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч А.А

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Н

Гуравдагч этгээд З.А

Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Х.Б

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Назгүль

Хэргийн индекс: 110/2022/0007/3

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч А.А нь анх шүүхэд Өлгий сумын 5 дугаар багаас 428 м2 газрыг өөрт нь эзэмшүүлэх шийдвэр гаргахыг Өлгий сумын Засаг даргад даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад маргаан бүхий газрын хэмжээ 438 м2 газар болох нь тогтоогдсон ба нэхэмжлэгчээс уг 438 м2 газрыг эзэмшүүлэхээс татгалзсан Өлгий сумын Засаг даргын шийдвэрийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэсэн байна. Үүний дараа нь нэхэмжлэлийн уг шаардлагаа өөрчилж, Өлгий сумын 5 дугаар багаас 438 м2 газрыг өөрт нь эзэмшүүлэхээс татгалзсан “Өлгий сумын Засаг даргын татгалзал хууль бус болохыг тогтоож, уг газрыг А.А-д эзэмшүүлэх шийдвэр гаргахыг Өлгий сумын Засаг даргад даалгах”-аар маргасан байна.

2. Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 0013 дугаар шийдвэрээр: Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3, 4.1.7, 29 дүгээр зүйлийн 29.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан “Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 5 дугаар багаас 438 м2 газрыг А.А-д эзэмшүүлэхээс татгалзсан Өлгий сумын Засаг даргын татгалзал хууль бус болохыг тогтоож, уг газрыг А.А-д эзэмшүүлэх шийдвэр гаргахыг Өлгий сумын Засаг даргад даалгах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

3. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгчээс дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

Нэхэмжлэгчийн зүгээс давж заалдах гомдолдоо хэргийн үйл баримтыг дурдаад “хэрэгт ач холбогдолтой нотлох баримтуудыг хууль журамд холбогдуулан тайлбарласан боловч шүүгч М.Риза нь шүүх хуралдаанд хэлсэн тайлбарыг товчлон бичсэн мөртлөө З.А-ын тайлбарыг дэлгэрүүлэн бичсэн байна. Шүүгч миний гаргасан хүсэлт, саналыг шийдвэрлэхдээ З.А-д давуу эрхийг эдлүүлсэн шийдвэрүүдийг гаргаж шударга бус хандаж байсан. Мөн Өлгий сумын Засаг даргын шийдвэрийг шүүх эсэргүүцэж чадахгүй мэтээр тайлбарласан нь хууль зүйн үндэслэлгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар гомдол гаргагчийн давж заалдах гомдлын хүрээнд анхан шатны шүүхийн шийдвэрийг хянаад, шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

2. Шүүх нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг дараах үндэслэлээр хангах үндэслэлгүй гэж үзлээ. Үүнд:

3. Анхан шатны шүүх “... иргэний хэргийн шүүхийн шийдвэрээр тухайн гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөнөөс дээрх 838 м.кв газрын З.А-ын гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар эзэмших эрхийн гэрчилгээтэй 400 м.кв хэмжээтэй газрыг энэ хэсэгт байрлах өвлийн сууц, гараж зэрэг эд хөрөнгийн хамтаар нэхэмжлэгчид, хашаалсан газрын үлдэх хэсэг болох 438 м.кв газарт баригдсан зуны байшин, түлээ нүүрсний амбаар зэрэг үл хөдлөх хөрөнгүүдийг гуравдагч этгээдэд хуваарилсан. Уг эд хөрөнгүүд нь гуравдагч этгээд З.А-ын эзэмшилд байгаа, зуны уг байшинд ... амьдардаг зэргээг 438 м.кв газрыг гуравдагч этгээд гэр бүлийн зориулалтаар ашигладаг зэрэг үйл баримт ... тогтоогдсон ... тохиолдолд 438 м.кв газрыг сул газар гэж үзэхээргүй ... нэхэмжлэгч уг ... газрыг эзэмших эрхтэй гэж үзэх үндэслэл ... тогтоогдоогүй ...” гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

3.1. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч А.А, гуравдагч этгээд 3. А нар нь 2006 оны 01 дүгээр сард гэр бүл болж, 2006 оноос 2018 он хүртэл хамтран амьдарсан хугацаанд Өлгий сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрээс 838 м.кв газрыг хашаалж, тус газарт амьдарсан, уг газрын зөвхөн 400 м.кв газрыг З.А-аас эзэмшихээр хүсэлт гаргаснаар Өлгий сумын Засаг даргын 2007 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 25 дугаар захирамжаар гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 50 жилийн хугацаагаар эзэмшүүлэхээр шийдвэрлэж,  нэгж талбарын 031301616 дугаар бүхий 400 м.кв газар эзэмших эрхийн 0067878 дугаартай гэрчилгээ З.А-д олгогдсон, Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 130/ШШ2020/000241 дугаартай шийдвэрээр А.А З.А нарын гэр бүлийн маргааныг шийдвэрлэхдээ гэр бүлийн дундын хөрөнгөөс ... нэгж талбарын 031301616 дугаартай 400 м.кв газар болон тус газарт байрлах өвлийн сууц, гүний худаг, автомашины гараж зэрэг эд хөрөнгийг А.А-д олгохоор, хашаалсан газрын үлдсэн хэсэг болох 438 м.кв газарт баригдсан зуны байр, түлээ нүүрсний амбаар зэрэг үл хөдлөх хөрөнгүүдийг З.А-д хуваарилсан үйл баримт тогтоогдсон, уг үйл баримтуудыг хэргийн оролцогчид үгүйсгэж маргаагүй байна.

3.2. Иргэний хэргийн шүүхээс дээрх байдлаар шийдвэрлэсний дараа нэхэмжлэгч А.А 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдөр, З.А нь 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр тус тус эрх бүхий этгээдэд хандаж 438 м.кв газрыг шинээр эзэмших хүсэлт гаргасан байх боловч Өлгий сумын Засаг даргаас З.А-д газар эзэмшүүлэх асуудлыг шийдвэрлээгүй, харин 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 1/62 дугаар албан бичгээр нэхэмжлэгч А.А-ийн хүсэлтэд “тухайн газарт байгаа 3 өрөө бүхий сууцыг шүүхийн шийдвэрээр З.А-д олгосон байна” гэж татгалзсан байна.

Шүүх хариуцагчийн энэхүү татгалзлыг хууль бус, үндэслэлгүй гэж үзэх боломжгүй, энэ талаарх анхан шатны дүгнэлт, шийдэл үндэстэй байна.

3.4. Анхан шатны шүүх “... нэхэмжлэгчид газрыг эзэмшүүлэхээс татгалзсан Өлгий сумын Засаг даргын татгалзал нь Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-т заасан “газар өмчлөх, эзэмших, ашиглахад шударга ёс, тэгш байдлыг хангах;” 4.1.7-д заасан “газар дээрх үл хөдлөх хөрөнгө нь тухайн газрын бүрдэл хэсэг байх” талаарх төрөөс газрын талаар баримтлах зарчмуудыг зөрчөөгүй гэж үзэхээр байна” гэж дүгнэсэн нь үндэслэлтэй байна.

3.5. Учир нь, нэгэнт иргэний хэргийн шүүхийн шийдвэрээр гэр бүлийн дундын хөрөнгөнөөс нэхэмжлэгчийн эзэмших хүсэлт гаргасан 438 м.кв газарт баригдсан зуны байр, түлээ нүүрсний амбаар зэрэг үл хөдлөх хөрөнгүүдийг З.А-д хуваарилж шийдвэрлэсэн, уг шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр, уг газарт гуравдагч этгээд амьдарч байгаа нь тогтоогдсон тохиолдолд шүүхээс бусдын үл хөдлөх хөрөнгө байрлаж, амьдарч байгаа газрыг сул газар гэж үзэх, мөн нэхэмжлэгч А.А-д уг газрыг эзэмшүүлэхээс татгалзсан хариуцагчийн татгалзлыг хууль бус гэж үзэх, улмаар түүнд эзэмшүүлэхийг даалгах үндэслэлгүй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг  нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг хангах хууль зүйн үндэслэлгүй байх тул хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 0013 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

                     ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                              Д.БААТАРХҮҮ

 

                     ШҮҮГЧ                                                 Т.ЭНХМАА

 

                     ШҮҮГЧ                                                 Н.ХОНИНХҮҮ