Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 04 сарын 19 өдөр

Дугаар 102/ШШ2023/01514

 

 

 

 

 

2023 оны 04 сарын 19 өдөр

Дугаар 102/ШШ2023/01514

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Гандиймаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүрэг 29 дүгээр хороо   тоотод оршин суух Т овогт Д М

 

Хариуцагч:  Баянгол дүүрэг 9 дүгээр хороо   тоотод оршин суух Т овогт Б ийн Б

 

15,155,160 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв. 

 

Шүүх хуралдааны оролцогчид: нэхэмжлэгчийн төлөөлөгч Х.Б

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Н.Мөнгөнсаран.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн хүсэлтээр хариуцагч талын эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Д.М нь хариуцагч Б.Бид холбогдуулан 15,155,160 төгрөг гаргуулахаар шаардсан. Уг шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

 

1.1. Б.Б нь Esse янжуур тамхийг хямд үнээр олж өгөхөөр тохирсоны дагуу 2020 оны 2 дугаар сарын 16-ны өдөр 9,500,000 төгрөг, 2020 оны 3 дугаар сарын 03-ны өдөр 9,000,000 төгрөг нийт 18,500,000 төгрөгийг түүнийн дансаар шилжүүлсэн.

 

1.2. Хариуцагч нь тамхи өгөөгүй бөгөөд 3,450,000 төгрөгийг цувуулж, 2,500,000 төгрөгт тооцож esse тамхи авсан. Үлдэгдэл 12,550,000 төгрөгийг өгөхгүй байсан тул түүний гуйснаар 2022 оны 6 дугаар сарын 30-ны өдөр төлбөр барагдуулах гэрээ байгуулж, үлдэгдэл төлбөрийг 2023 оны 6 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл хугацаанд сар бүр 1,041,600 төгрөгөөр хэсэгчлэн төлж барагдуулахаар тохирч, гэрээг бичгээр байгуулж, нотариатчаар гэрчлүүлсэн.

 

1.3. Дээрх гэрээний дагуу 2022 оны 8 дугаар сарын 17-ны өдөр 150,000 төгрөг, 2022 оны 8 дугаар сарын 22-ны өдөр 150,000 төгрөг, 2022 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр 300,000 төгрөг, 2022 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр 200,000 төгрөг нийт 800,000 төгрөг төлсөн, үүнээс хойш гэрээний үүргээ биелүүлээгүй байна. Иймд үлдэгдэл төлбөр 11,750,000 төгрөг, алданги 3,405,160 төгрөг нийт 15,155,160 төгрөгийг гаргуулж өгнө үү. Алдангийг хэсэгчлэн төлөхөөр тогтоосон хугацаанаас хэтэрсэн хоногийг тооцсон гэжээ.

 

2. Хариуцагч хуульд заасан хугацаанд хариу тайлбар, нотлох баримт ирүүлээгүй байна.

 

3. Нэхэмжлэгчээс дараах нотлох баримтуудыг гаргаж өгсөн байна. Үүнд: Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга, 2022 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн төлбөр барагдуулах гэрээг нотлох баримтаар гаргаж өгсөн байна. /ХХ-5-8 дугаар тал/

4. Хариуцагчаас нотлох баримт гаргаж өгөөгүй.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангах үндэслэлтэй гэж үзэв.

2.  Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тайлбарласан байна. Үүнд: Б.Боос Esse янжуур тамхийг хямд үнээр авахаар тохирч 18,500,000 төгрөгийг дансаар шилжүүлсэн. Энэ гэрээний үүргээ биелүүлээгүй бөгөөд хариуцагч нь 3,450,000 төгрөг болон 2,500,000 төгрөгт тооцож esse тамхи өгсөн. Үлдэгдэл мөнгийг буцааж төлөхгүй байсан тул 2022 оны 6 дугаар сарын 30-ны өдөр төлбөр барагдуулах гэрээ байгуулж, үлдэгдэл төлбөр 12,500,000 төгрөгийг 2023 оны 6 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл хугацаанд сар бүр 1,041,600 төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тохирч, үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй тохиолдолд алданги төлөхөөр тохиролцож гэрээг бичгээр байгуулсан. Уг гэрээний дагуу 800,000 төгрөг төлсөн үлдэгдэл 11,750,000 төгрөгийг алданги 3,405,160 төгрөг нийт 15,155,160 төгрөгийг гаргуулж өгнө үү 

 

3. Хариуцагч нь хуульд заасан хугацаанд хариу тайлбар ирүүлээгүй байна.

 

4. Хэрэгт авагдсан баримтууд болон талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдов.

 

Д.М, Б.Б нар нь 2022 оны 6 дугаар сарын 30-ны өдөр “төлбөр барагдуулах гэрээ”-г бичгээр байгуулсан байх ба тухайн гэрээгээр хариуцагч Б.Б нь 2020 оны 3 дугаар сарын 03-ны өдөр бараа материал нийлүүлэхээр авсан 12,500,000 төгрөгийг төлөх, уг төлбөрийг 2023 оны 6 дугаар сарын 30-ны өдөр хүртэл сар бүрийн 20-ны өдөр 1,041,600 төгрөгөөр төлөх үүрэг хүлээжээ.

 

Нэхэмжлэгч нь гэрээний үлдэгдэл төлбөр 11,750,000 төгрөгийг алдангийн хамт нэхэмжлэгч шаардаж байгаа ба хариуцагч тал хариу тайлбараа бичгээр гаргаагүй боловч түүний төлөөлөгч нь шүүхэд гаргасан хүсэлтдээ “үндсэн төлбөр дээр эвлэрэх саналтай” гэсэн агуулга бүхий хүсэл зоригийг илэрхийлсэн байна. Иймд талуудыг 2022 оны 6 дугаар сарын 30-ны өдөр байгуулагдсан гэрээний асуудлаар маргаагүй гэж үзэх үндэслэлтэй. /ХХ-ийн 29 дүгээр тал/

 

Дээрх гэрээний 2.1-д заасан нөхцөлөөс дүгнэвэл хариуцагч нь нэхэмжлэгчид бараа нийлүүлэхээр тохирч, түүний үнийг хүлээн авсан, нийлүүлээгүй барааны үнэ болох 12,500,000 төгрөгийг буцаан төлөх хүсэл зоригийг илэрхийлсэн агуулгатай байна. Иймд гэрээний агуулга, нөхцөл, хүлээсэн үүргээс үзвэл талуудын хооронд 2020 оны 3 дугаар сарын 03-ны өдөр Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзэв.

 

Худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ. Энэхүү гэрээгээр хариуцагч нь эд хөрөнгө нийлүүлэх үүргээ биелүүлээгүйгээс Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 204 дүгээр зүйлийн 204.1, 205 дугаар зүйлийн 205.7 дахь хэсэгт заасан журмаар талууд гэрээнээс татгалзаж, түүний үр дагавар болох өгсөн, авсан зүйлээ харилцан буцаах үүргийн дагуу 12,500,000 төгрөгийг нэхэмжлэгчид төлөх үүргийг хариуцагч хүлээжээ. Уг үүргийг хэрхэн биелүүлэх талаар талууд харилцан тохиролцож, 2022 оны 6 дугаар сарын 30-ны өдөр “төлбөр барагдуулах гэрээ”-г байгуулсан байна. Иймд Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нь 12,500,000 төгрөг төлөх үүрэгтэй ба үүнээс 800,000 төгрөгийг төлсөн байх тул гүйцэтгээгүй үүргийн хэмжээ 11,700,000 төгрөг байна. Нэхэмжлэгч нь үлдэгдэл төлбөрийг 11,750,000 төгрөг гэж алдаатай тодорхойлсон байгааг дурдах нь зүйтэй.  

 

Хариуцагч гэрээгээр тохирсон хуваарийн дагуу тогтоосон хугацаа, хэмжээгээр төлөлт хийх үүргээ биелүүлээгүй нь Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1 дэх хэсэгт Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ”, мөн хуулийн 208 дугаар зүйлийн 208.1 дэх хэсэгт “Үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ” гэж заасан үүрэг гүйцэтгэх зарчмыг зөрчсөн байна. Иймд Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.1.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчийг үүрэг гүйцэтгэх хэсэгчлэн тогтоосон хугацааг хэтрүүлсэн, мөн үүргийг зохих ёсоор биелүүлээгүй гэж үзэх бөгөөд Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт “Талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй” гэж заасан журмаар нэхэмжлэгч гэрээг хугацааны өмнө цуцлах эрхтэй байна.  

 

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгтХууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ” гэж тодорхойлсон. Иймд алданги нь гэрээний үүргээ хугацаанд нь биелүүлээгүй тохиолдолд хүлээх хариуцлага бөгөөд алдангийг тооцоход үүрэг гүйцэтгэх хугацаа тодорхой байх шаардлагатай. Талууд үүргийг хэсэгчлэн гүйцэтгэхээр тохирсон боловч гэрээг хугацаанаас /ерөнхий хугацаа/ өмнө цуцлаж байгаа тохиолдолд алданги шаардах үндэслэлгүйгээс гадна 800,000 төгрөгийн үүргийг хэзээ биелүүлсэн болох нь тодорхойгүй, энэ талаар баримт ирүүлээгүй болохыг дурдах нь зүйтэй. Иймд алданги 3,405,160 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, хариуцагчаас 11,700,000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэв. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2 дахь хэсэгт “Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор, эсхүл шүүгчээс тогтоосон хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүрэгтэй” гэж заасан. Энэ үүргээ биелүүлээгүйн үр дагаврыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3 дахь хэсэгт “Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож энэ хуулийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэнэ” гэж зохицуулсан. Иймд дээрх хуулийн зохицуулалтыг баримтлан нэхэмжлэл болон хэрэгт авагдсан нотлох баримтыг үндэслэн хариуцагчийн гүйцэтгээгүй үүргийг тодорхойлов.

 

Хариуцагчийн төлөөлөгчид хуульд заасан журмын дагуу шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул нэхэмжлэгчийн төлөөлөгчийн хүсэлтийг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт “Хариуцагч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол нэхэмжлэгч хэргийг түүний эзгүйд хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргаж болно. Энэ тохиолдолд шүүх нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэнэ” гэж зааснаар хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3, 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б Боос 11,700,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д Мд олгож, нэхэмжлэлээс 3,455,160 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.  

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 272,383 төгрөгөөс 233,726 төгрөгийг улсын орлогод үлдээж, улсын орлогоос илүү төлсөн 38,657 төгрөг, хариуцагч Б.Боос улсын тэмдэгтийн хураамжид 202,150 төгрөг тус тус гаргуулж нэхэмжлэгч Д.Мд олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                              Т.ГАНДИЙМАА