Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 06 сарын 23 өдөр

Дугаар 210/МА2023/01246

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2023  06  23  210/МА2023/01246

 

 

Д.*******ы нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Бадрах даргалж, шүүгч Д.Нямбазар, Д.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 102/ШШ2023/01514 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч Д.*******ы нэхэмжлэлтэй

Хариуцагч Б.*******ид холбогдох

15,155,160 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлоор шүүгч Д.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаан: нэхэмжлэгч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Билгүүн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Гүррагчаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. Б.******* нь Esse янжуур тамхийг хямд үнээр олж өгөхөөр тохирсны дагуу 2020 оны 02 дугаар сарын 16-ны өдөр 9,500,000 төгрөг, 2020 оны 03 дугаар сарын 03-ны өдөр 9,000,000 төгрөг, нийт 18,500,000 төгрөгийг түүний дансанд шилжүүлсэн.

1.2. Б.******* нь 2,500,000 төгрөгт тооцон тамхи өгсөн, 3,450,000 төгрөгийг цувуулж өгсөн. Үлдэгдэл 12,550,000 төгрөгийг өгөхгүй байсан тул түүний гуйснаар 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдөр төлбөр барагдуулах гэрээг бичгээр байгуулж, 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл хугацаанд сар бүр 1,041,600 төгрөгөөр хэсэгчлэн төлж барагдуулахаар тохирсон.

1.3. Дээрх гэрээний дагуу 2022 оны 08 дугаар сарын 17-ны өдөр 150,000 төгрөг, 2022 оны 08 дугаар сарын 22-ны өдөр 150,000 төгрөг, 2022 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр 300,000 төгрөг, 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 200,000 төгрөг, нийт 800,000 төгрөг төлсөн, үүнээс хойш гэрээний үүргээ биелүүлээгүй.

Иймд үлдэгдэл төлбөр 11,750,000 төгрөг, алданги 3,405,160 төгрөг, нийт 15,155,160 төгрөгийг гаргуулж өгнө үү. Алдангийг хэсэгчлэн төлөхөөр тогтоосон хугацаанаас хэтэрсэн хоногийг тооцсон гэжээ.

 

2. Хариуцагч тайлбар гаргаагүй болно.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.*******оос 11,700,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.*******д олгож, нэхэмжлэлээс 3,455,160 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 272,383 төгрөгөөс 233,726 төгрөгийг улсын орлогод үлдээж, улсын орлогоос илүү төлсөн 38,657 төгрөг, хариуцагч Б.*******оос улсын тэмдэгтийн хураамжид 202,150 төгрөг тус тус гаргуулж нэхэмжлэгч Д.*******д олгож шийдвэрлэсэн.

 

4. Хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

4.1. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчид хуулиар олгогдсон эрхийг эдлүүлээгүй бөгөөд энэ нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил юм. Шүүх шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт хариуцагч нь хариу тайлбар гаргаагүй гэжээ. Гэтэл зохигчид хоорондоо эвлэрэх талаар зөвшилцөж байх явцад хэргийг товлож, мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн нэхэмжлэгчтэй эвлэрэх боломжтой талаар дурдаж, хүндэтгэн үзэх шалтгаанаа дурдсан, хэргийг нэг удаа хойшлуулж өгнө үү гэсэн хүсэлтийг үл хайхран хэргийг шийдвэрлэсэн. Учир нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хүлээн зөвшөөрөх боломжгүй, нийт 18,500,000 төгрөгийг хүлээж аваагүй, энэ талаар банкны хуулга авч тодруулах шаардлагатай байсан, эвлэрэх юм чинь гэж бодож байтал шүүх хэргийг хариуцагчийг эзгүйд шийдвэрлэсэн нь энэ шийдвэр үндэслэлтэй болж чадаагүй гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:

2023 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр иргэний хэрэг үүсэж, шүүх хуралдаан 2023 оны 03 дугаар сарын 30-ны өдөр болсон бөгөөд тус хугацаанд хариуцагчаас нэг ч удаа тайлбар өгөөгүй. Мөн тус өдрийн шүүх хуралдаанд хариуцагч нь өвчтэй гэх хүсэлт гаргаж, шүүх хуралдааныг хойшлуулсан. 2023 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр хариуцагч өмгөөлөгч авах хүсэлт гаргаж, шүүх хуралдааныг мөн хойшлуулсан.

Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүхээс хариуцагчид хариу тайлбар гаргах, өмгөөлөгч авах хүсэлтийг хангаж хангалттай хугацаа олгосон. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч өмгөөлөгч авах мөнгө байхгүй гэх хүсэлтээ и-мэйл хаягаар явуулсан бөгөөд өөрөө шүүх хуралдаанд биечлэн ирээгүй, шүүх хуралдаанд оролцох боломжгүй талаарх хүсэлт, баримт ирүүлээгүй. Иймд хариуцагчийн гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэж өгнө үү.

Анхан шатны шүүх алдангийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Алдангитай холбоотой үндэслэл бүхий дүгнэлт хийж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад, гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулав.

 

2. Нэхэмжлэгч Д.******* нь хариуцагч Б.*******ид холбогдуулан төлбөр барагдуулах гэрээний үүрэгт 11,750,000 төгрөг, алданги 3,405,160 төгрөг, нийт 15,155,160 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан ба хариуцагч шүүхэд хариу тайлбар гаргаагүй.

 

3. Зохигчид 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдөр Төлбөр барагдуулах гэрээ байгуулж, Б.******* нь бараа материал нийлүүлэхээр авсан 12,500,000 төгрөгийг Д.*******д 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл сар бүрийн 20-ны өдөр 1,041,600 төгрөг төлөх, гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувийн алданги төлөхөөр харилцан тохиролцжээ.

Хаан банк ХХК дахь нэхэмжлэгчийн эзэмшлийн 5006728925 тоот данснаас 2020 оны 02 дугаар сарын 16-ны өдөр 9,500,000 төгрөгийг шонхор 5 эссэ 5 утгаар, 2020 оны 03 дугаар сарын 03-ны өдөр 9,000,000 төгрөгийг тамхи утгаар тус тус 5134042793 тоот дансанд шилжүүлсэн байна.

 

4. Анхан шатны шүүх нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, зохигчдын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсаныг зөв дүгнэжээ.

 

5. Талууд 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн төлбөр барагдуулах гэрээгээр нэхэмжлэгчийн барааны үнэд шилжүүлсэн төлбөрийн үлдэгдэл 12,500,000 төгрөгийг хариуцагч буцаан төлөхөөр тохиролцсон нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт Талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй гэж заасантай нийцжээ. Энэ үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоосон байна.

 

6. Хариуцагч нь нэхэмжлэлийн хувийг 2023 оны 02 дугаар сарын 02-ны өдөр гардан авсан боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2 дахь хэсэгт заасан нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүргээ биелүүлээгүй.

Иймээс шүүх нэхэмжлэгчийн тайлбар, нотлох баримтын хүрээнд хариуцагчаас үлдэгдэл төлбөр 11,700,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй.

Харин төлбөр барагдуулах гэрээгээр бие даасан үүргийн харилцаа үүсгээгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт үүргийн харилцааны ерөнхий зохицуулалт Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсгийг баримталсныг давж заалдах шатны шүүхээс залруулж нарийвчилсан зохицуулалт болох мөн хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсгээр зүйлчлэх нь зүйтэй.

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас төлбөрийн зөрүү 50,000 төгрөг болон алданги 3,405,160 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд нэхэмжлэгч давж заалдах гомдол гаргаагүй тул талуудын зарчмын дагуу энэ талаар эрх зүйн дүгнэлт өгөхгүй болно.

 

7. Хариуцагчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй. Учир нь, анхан шатны шүүх хариуцагчийн эрүүл мэндийн шалтгаанаар болон өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авах үндэслэлээр гаргасан хүсэлтүүдийг тухай бүр хүлээн авч, 2023 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн, 04 дүгээр сарын 12-ны өдрийн шүүх хуралдаануудыг хойшлуулсан, улмаар 04 дүгээр сарын 19-ний өдрийн шүүх хуралдаанд хариуцагч ирээгүй, хүндэтгэн үзэх шалтгаантай гэж дүгнэх нотлох баримт ирүүлээгүй. Тухайн шүүх хуралдаанд хүргүүлсэн нэхэмжлэгчтэй эвлэрэх боломжтой ... шүүх хуралдааныг хойшлуулах гэх хариуцагчийн хүсэлт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 105 дугаар зүйлийн 105.2 дахь хэсэгт нийцээгүй тул шүүх хариуцагчийн эрхийг эдлүүлээгүй гэх гомдол үндэслэлгүй.

Мөн гомдолд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хүлээн зөвшөөрөх боломжгүй, нийт 18,500,000 төгрөгийг хүлээн аваагүй, энэ талаар банкны хуулга авч тодруулах шаардлагатай байсан гэж дурдсан байх боловч дээр дурдсанчлан хариуцагч нэхэмжлэлийн хувийг гардаж аваад хариу тайлбар гаргах үүргээ хэрэгжүүлээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.4 дэх хэсэгт Нэг талын гаргасан тайлбарыг эсрэг тал эсэргүүцээгүй, эсхүл хуулиар тогтоосон хугацаанд тайлбар өгөөгүй бол тайлбарыг хүлээн зөвшөөрсөнд тооцно гэж зааснаар хариуцагчийг нэхэмжлэлд дурдсан нөхцөл байдлыг хүлээн зөвшөөрсөн гэж үзнэ.

 

8. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, хариуцагчийн гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 102/ШШ2023/01514 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 ... гэснийг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 225 дугаар зүйлийн 225.1 гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч Б.*******оос давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 202,150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Т.БАДРАХ

 

ШҮҮГЧИД  Д.НЯМБАЗАР

 

Д.ЗОЛЗАЯА