Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 01 сарын 11 өдөр

Дугаар 102/ШШ2023/00216

 

 

 

 

 

 

                                                       

2023 оны 01 сарын 11 өдөр                         Дугаар 102/ШШ2023/00216                             Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Р.Алтантуяа даргалж, шүүгч Ч.Мөнхцэцэг, Ш.Оюунтуул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны 1 дүгээр танхимд хийсэн хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Баянгол дүүргийн .... дүгээр хороо, Энгельсийн гудамж, регистр ..., М... ХХК,

Хариуцагч: Баянгол дүүргийн .... дүгээр хороо, Тээвэрчдийн гудамж-..., регистр ..., Ма... ХХК,

Нэхэмжлэлийн шаардлага: Эд хөрөнгөд учирсан гэм хорын хохирол 4 546 605 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Б., өмгөөлөгч Д.О. /үнэмлэх .../, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ш.. өмгөөлөгч Г.М../үнэмлэх .../, Э.А.. /үнэмлэх.., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Э...нар оролцов.

Иргэдийн төлөөлөгч О.О...д шүүх хуралдааны тов мэдэгдсэн боловч ирээгүй, зохигчийн хүсэлтээр түүний эзгүйд шийдвэрлэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч М... ХХК нь Ма... ХХК-нд холбогдуулан эд хөрөнгөд учирсан гэм хорын хохиролд 4 546 605 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргаж, шаардлага үндэслэлээ дараах байдлаар тодорхойлжээ. Үүнд:

“М...” ХХК нь 2021 оны 5 дугаар сарын 27-ны өдөр “Ма..” ХХК-д холбогдуулан тус шүүхэд хандаж, эд хөрөнгөд учруулсан гэм хорын хохирол 4 546 605 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Хариуцагч “Ма...” ХХК-ийн зүгээс өөрсдийн дулааны шугам хоолой, засвар шинэчлэлтийн ажил нэрийдлээр тус компанийн аж ахуйн хашааг 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдөр техникээр шууд хүч түрэн эвдэж, нурааж, манай компанийн өмчлөлд халдаж, хохирол учруулсан. Мөн түүнчлэн завсарлаж шинэчлэнэ гэсэн шугам хоолойгоо янзалсан ч зүйлгүй 20 гаруй метр газар ухаж, манай компанийн хашааг эвдэж тэр чигт нь орхиж явсан. Тухайн үед хариуцагчийн зүгээс эвдсэн хашааг анх байсан байдлаар нь шинээр босгож өгнө гэсэн боловч өнөөдрийг хүртэл манай компанид учруулсан хохирлоо барагдуулаагүй. Эвдэрч нурсан хашааг дахин босгоход шаардагдах зардлыг үнэлгээний байгууллагаар гаргуулахад 4 506 605 төгрөг болсон болно. “Ма...” ХХК-ийн зүгээс манай компанийн хашааг нурааж эвдсэнээс үүдэн тухайн хэсгээр манай эзэмшил газар онгорхой байгаагаас компанийн өмч, хөрөнгө хулгайд алдагдах улмаар бид нэмж хохирох нөхцөл байдал бүрдээд удаж байгаа болно. Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дахь хэсэгт зааснаар гэм хорын хохирлыг гаргуулж өгнө үү гэв.

2. Хариуцагч хариу тайлбартаа: “Ма...” ХХК нь 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдөр “М...” ХХК-ийн хашааг нурааж, эвдэлсэн гэж ярьдаг. Эдгээр нь хэрэгт авагдсан дараах баримтуудаар няцаагдана. 1 дүгээр хавтасны 47 талд авагдсан Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 0203/4251 дугаартай албан мэдэгдлийг нэхэмжлэгч “М...” ХХК-д хүргүүлсэн. Мэргэжлийн хяналтын газрын үйл ажиллагааны үр дүн нь 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдөр маргаан бүхий газар дээр очиж үзлэг, хяналт шалгалтын явуулсан баримт бичиг юм. Уг баримт бичигт 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн байдлаар 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдөр нурсан гэх хашаа хэвийн байдалтай, бусдын эзэмшлийн газар дээр шугам хоолой дамжиж, дээгүүр нь дарж баригдсан байдалтай байсныг Мэргэжлийн хяналтын газар шалган тогтоож, холбогдох арга хэмжээ авах, чөлөөлөх, шугам хоолойноос тодорхой зайнд шилжүүлэх талаарх мэдэгдлийг өгч байсан үйл баримтууд байгаа. Энэ нь он, сар, цаг хугацааны хувьд үгүйсгэгдэж байна. 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн Мэргэжлийн хяналтын газрын хяналт шалгалтын үйл ажиллагаагаар хашаа хэвийн байсан. Хэдний өдөр, хэний буруутай буруутай үйл ажиллагааны улмаас хашаа эвдэрсэн нь ойлгомжгүй. Хэрэгт авагдсан баримтуудаас харахад хашаа хэвийн бөгөөд хажууд нь барилгын хог хаясан байдалтай байсан. “Т...” ХХК, Г...” ХХК нарын эзэмшлийн газраар дайран өнгөрч байгаа шугам сүлжээ дээр “М...” ХХК-ийн хашаа байрласан байдаг. Манай шугам сүлжээ явж байгаа газар “Т...” ХХК-ийн барьж ашиглалтад оруулсан Алтай хотхоны нийтийн эзэмшлийн хашаагаар дайрч, дамжиж гарсан процесс байгаа. Үүнтэй холбоотой маргаан явагдаж, анхан шатны шүүх хашааг хэн нураасан талаарх буруутай үйл ажиллагаа нотлогдохгүй байна гэж үзсэн. Манай компанийн хашаа нураасан үйл баримт нотлогдохгүй, өөрөөр хэлбэл, хэзээ, хэний эзэмшлийн ямар техникээр хэн нураасан нь тодорхойгүй. “М..” ХХК-ийн нэхэмжлэлтэй, “Т..” ХХК, “Г...” ХХК, “М...” ХХК нарт холбогдох хэрэг маргааны хүрээнд манай шугам сүлжээг дайран өнгөрч байгаа “Г...” ХХК болон Т...” ХХК-ийн эзэмшлийн газар дээр 6 метр доош ухалттай шугам дээр ашиглаж, засвар үйлчилгээ хийх хэвийн үйл ажиллагааг хангахад саад болж байгаа үйлдлийг таслан зогсоолгох нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж, бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн. “М...” ХХК нь шүүхэд тайлбар гаргахдаа гэм хорын хохирол шаардсан хашааг газартай нь хамт “Г...” ХХК-д 2017 онд зарсан, 2019 онд гэрээ байгуулагдаж, 2020 онд гэрчилгээ нь гарсан гэсэн. Тус шүүхийн 2022 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 102/ШШ2022/01773 дугаартай шийдвэрээр тогтоогдож байгаа үйл баримт нь хашааг газартайгаа хамт шилжүүлж өгсөн, бид хашааны өмчлөгч биш, энэхүү хэргийн хариуцагч биш учраас хариуцагчаас чөлөөлүүлэх тайлбар гаргасныг үндэслэж “М...” ХХК-ийг хариуцагчаас чөлөөлсөн. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн холбогдох заалтад зааснаар нэгэнт шүүхээр тогтоогдсон үйл баримтын талаар дахин маргахгүй, хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр байгаа. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

3.Нэхэмжлэгчээс: М... ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, фото зураг /хх 4-11/, М... ХХК-ийн эзэмшлийн хашаа болон саравчны эвдрэл хохирлыг үнэлсэн үнэлгээний тайлан /хх 12-17/, Г... ХХК-ийн 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 2021/29 дугаартай тодорхойлолт гаргах тухай албан бичиг, М.. ХХК-ийн 2015 оны 2, 4 дүгээр улирлын санхүүгийн тайлан, нэг талаас М... ХХК, нөгөө талаас Ц.. ХХК-ийн хооронд 2015 оны 06 дугаар сарын 02-ны өдөр байгуулагдсан ажил гүйцэтгэх гэрээ, уг гэрээний дагуу талуудын хооронд төлбөр төлсөн баримтууд /2-р хавтас 43-62/,

Хариуцагчаас: Ма.. ХХК-ийн 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 20/148 дугаартай УБДС ТӨХК-нд шаардлага хүргүүлэх тухай албан бичиг, Эрчим хүчний зохицуулах хорооны 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 5/1324 дугаартай Ма... ХХК-нд мэдээлэл хүргүүлэх тухай албан бичиг, Маг.... ХХК-ийн 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 20/144 дугаартай Эрчим хүчний зохицуулах хороонд гомдол гаргах тухай албан бичиг, Ма... ХХК-ийн 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 20/143 дугаартай Эрчим хүчний сайдад гомдол гаргах тухай албан бичиг, Ма... ХХК-ийн 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 20/142 дугаартай Монгол Улсын Ерөнхий сайдад гомдол гаргах тухай албан бичиг, Ма... ХХК болон Т... ХХК-ийн хооронд 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдөр үйлдсэн хөрөнгө хүлээлцсэн акт, Мэргэжлийн хяналтын газрын 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 02-03/4251 дугаартай М. ХХК..-нд мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичиг, Ма... ХХК-ийн 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 20/145 дугаартай УБДС ТӨХК-нд гомдол гаргах тухай албан бичиг, Ма... ХХК-ийн 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 20/130 дугаартай Ус сувгийн газарт мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичиг, Ма... ХХК-ийн 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 20/129 дугаартай Т... ХХК-нд мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичиг, УБДС ТӨХК-ийн 2020 оны 10 дугаар сарын 12-ны 13/2211 дугаартай М... ХХК-нд хандсан албан бичиг, Ма... ХХК-ийн 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 20/137 дугаартай М... ХХК-нд мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичиг, Ма... ХХК-ийн 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 20/127 дугаартай Нийслэлийн газар зохион байгуулалтын албанд хүсэлт гаргах тухай албан бичиг, Ма... ХХК-ийн 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 20/128 дугаартай Нийслэлийн мэргэжлийн хяналтын газарт хүсэлт гаргах тухай албан бичиг, Ма... ХХК-ийн 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 20/139 дугаартай УБДС ТӨХК-нд дэмжлэг хүсэх тухай албан бичиг, Ма... ХХК-ийн 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 20/121 дугаартай М.. ХХК-нд шаардлага хүргүүлэх тухай албан бичиг, УБДС ТӨХК-ийн 2020 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 13/1989 дугаартай Т... ХХК-нд хандсан албан бичиг /хх 34-58/, Ма... ХХК болон УБДС ТӨХК, Т..  ХХК-ийн хооронд 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн гэрээ, Хот байгуулалт, хөгжлийн газрын 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн шугам сүлжээний схем /хх 62-65, 134-136/, БГДИХАШШ-ийн 2022 оны 5-р сарын 11-ний өдрийн 1773 дугаар шийдвэр /2-р хавтас 117-131/, НИХДЗШШ-ийн 2022 оны 8-р сарын 31-ний 1621 дүгээр магадлал /2-р хавтас 132-142/, шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай 2022 оны 11-р сарын 16-ны өдрийн 19283 дугаар захирамж, гүйцэтгэх хуудас /2-р хавтас 151-154/, Дээд шүүхийн Хяналтын гомдлыг хэлэлцүүлэхээс татгалзах тухай тогтоо /2-р хавтас 155/ зураг зэрэг нотлох баримтуудыг тус тус гаргаж өгсөн,

Шүүх Баянгол дүүрэг дэх Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсээс М... ХХК-аас гаргасан Баянгол дүүргийн 24 дүгээр хороо, Энгельсийн гудамжид байршилтай хашаа нураасан талаарх гомдол, түүнийг шалгах ажиллагааны болон хэрхэн шийдвэрлэсэн талаарх баримтуудыг /хх 244-246, 2-р хавтас 8-34/, хариуцагчийн хүсэлтээр Нийслэлийн газар зохион байгуулалтын албанаас М... ХХК-ийн хашаа, байгууламж барьсан газрын эзэмших эрхийн бүртгэлийн талаарх баримтуудыг /хх 70-110/ тус тус бүрдүүлж, нэхэмжлэгчийн хүсэлтээр гэрчээр С.Д..аас мэдүүлэг авсан.

ҮНДЭСЛЭХ нь:

1.Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

2.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.

Нийслэлийн Засаг даргын 2014 оны А/53 дугаар захирамж, 2019 оны 12-р сарын 30-ны өдрийн А/1394 дугаар захирамжаар М... ХХК нь Баянгол дүүргийн ... дүгээр хорооны /одоо ...-р хороо/ нутаг дэвсгэрт нэгж талбарын 168... дугаар бүхий 7729 м.кв газрыг үйлдвэрлэлийн зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмшиж байгаад 2021 оны 05 дугаар сарын 31-ний өдөр Г... ХХК-тай газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ байгуулж, улмаар Нийслэлийн Засаг даргын 2021 оны 9-р сарын 23-ны өдрийн А/731 дугаар захирамжаар тухайн газрыг Г... ХХК-д 15 жилийн хугацаатай эзэмшүүлжээ. /1-р хавтас 70-110/.

Г... ХХК-ний эзэмшлийн нэгж талбарын 168... дугаар бүхий 7729 м.кв газраар Ма... ХХК-ийн эзэмшлийн албан контор, үйлчилгээний барилгын 5а магистраль шугамаас холболттой 200 мм голчтой дулааны салбар шугам дамжин өнгөрдөг бөгөөд шугамын засварын ажил гүйцэтгэхэд шугам сүлжээний хамгаалалтын зурваст баригдсан хашаа, саравчийг нүүлгэх, шугам сүлжээний ажлыг гүйцэтгэхэд саад болж байгаа үйлдэл гаргасантай холбоотой маргаан гарсан байна.

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 5 дугаар  сарын 11-ний өдрийн 1773 дугаар шийдвэрээр Ма... ХХК-ний нэхэмжлэлтэй М... ХХК, Г... ХХК, Т... ХХК-д холбогдох дулааны шугамын хамгаалалтын зурваст баригдсан хашаа, саравчийг нүүлгэн шилжүүлэх, зурвасыг чөлөөлөхийг даалгах, шугам солих ажил гүйцэтгэхэд саад учруулахгүй байхыг даалгахыг хүссэн хэргийг хянан шийдвэрлэсэн, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 1621 дүгээр магадлалаар шийдвэрийг хэвээр үлдээсэн, шийдвэр, магадлал хүчин төгөлдөр байна. /2-р хавтас 117-142/

Дээрх шийдвэрээр Г.. ХХК-д ...дээрх дулааны шугамын хамгаалалтын зурваст баригдсан хашаа, саравчийг нүүлгэн шилжүүлэх, зурвасыг чөлөөлөх...саад учруулахгүй байхыг даалгасан, харин хариуцагч М.. ХХК нь газраа Г..ХХК-д шилжүүлсэн, хариуцагч биш гэж үзсэн тул нэхэмжлэгч Ма.. ХХК нь түүнд холбогдох нэхэмжлэлээсээ татгалзжээ.

М... ХХК нь 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Ма.. ХХК  дулааны шугам засварын ажил хийхээр Баянгол дүүргийн 1 дүгээр хороонд байрлах аж ахуйн хашааг эвдэж 4 546 605 төгрөгийн хохирол учруулсан талаар маргасан байх ба хариуцагч нь М.. ХХК-ний хашаа мөн эсэх, манайх нураасан баримтгүй, зөвшөөрөхгүй гэж маргасан байна.

Нэхэмжлэгчээс шаардлагатайгаа холбогдуулан гаргасан фото зураг /хх 4-11/ нь нотлох баримтын шаардлага хангаагүй, М... ХХК-ийн эзэмшлийн хийлгэсэн хохирлын үнэлгээгээр хашаа болон саравчны эвдрэл хохирлыг үнэлсэн нь хашааны хохирол нэхэмжилсэн шаардлагааас зөрүүтэй /1-р хавтас 12-17/, Г... ХХК-ийн 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 2021/29 дугаартай тодорхойлолт гаргах тухай албан бичиг, М... ХХК-ийн 2015 оны 2, 4 дүгээр улирлын санхүүгийн тайлан, нэг талаас М... ХХК, нөгөө талаас Ц... ХХК-ийн хооронд 2015 оны 06 дугаар сарын 02-ны өдөр байгуулагдсан ажил гүйцэтгэх гэрээ, уг гэрээний дагуу талуудын хооронд төлбөр төлсөн баримтууд /2-р хавтас 43-62/ нь нурааж хохирол учруулсан гэх хашааны өмчлөгч болохыг нотлоогүй гэж дүгнэлээ.

Нөгөө талаас, нэхэмжлэгч нь Ма... ХХК-ний буруутай үйл ажиллагааны улмаас хохирол учруулсныг нотлоогүй байна. Өөрөөр хэлбэл,  зурагт харуулсан техникийн улсын дугаар тодорхойгүй, хариуцагчийн эзэмшлийн техник болох нь тогтоогдоогүй болно. 

Түүнчлэн гэрч С.Д.ын мэдүүлгийг хуульд зааснаар гэрчийн мэдүүлэг өгсөн гэж үзсэн бөгөөд захирлын хүүхэд биш, О...ын дүү гэж тайлбарласан байна. Гэрч нь Ма... компаний хэн гэх ажилтан, албан тушаалтан байсан, тухайн эксковатор нь Ма... ХХК-нийх байсан талаар тодорхой мэдүүлээгүй байна.

Хариуцагч Ма... ХХК-иас эрх нь зөрчигдсөн талаар эрх бүхий байгууллага, албан тушаалтанд гаргасан 1-р хавтаст хэргийн 34-58, 62-65, 135-136 дахь талд авагдсан нотлох баримтууд нь Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 5 дугаар  сарын 11-ний өдрийн 1773 дугаар шийдвэрийн үндэслэл болсон байна.

Энэ шийдвэрийн “Үндэслэх” хэсгийн 7.2-т Ма... ХХК-ний дулааны хос шугамын дамжин өнгөрч буй газар дээр хариуцагч Г...д ХХК-ний өмчлөлийн саравч, хашаа байрласан болох нь шүүхээс хийсэн үзлэгийн тэмдэглэл, бэхжүүлсэн фото зургаар тогтоогдсон гэж дүгнэсэн, өөрөөр хэлбэл, шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримт гэж үзнэ.

Үүнээс дүгнэвэл, М... ХХК-ний өмчлөлийн хашааны талаар үзлэгээр тогтоогдоогүй гэж дүгнэлээ. 

Нэхэмжлэгч нь М... ХХК-ний хашааг эвдэж сүйтгэсэн талаарх гомдлыг цагдаагийн байгууллагад гаргасан байх ба гомдол, мэдээллийн мөрдөн шалгах ажиллагааны явцад М... ХХК нь зөвшөөрөлгүй газар хашаа барьсан гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэж үзэж хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзжээ. /2-р хавтас 8-34/.

Эдгээрээс дүгнэвэл, Ма... ХХК-ний хууль бус үйлдлийн улмаас хохирол учирсан нь баримтаар тогтоогдоогүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

3. Нэхэмжлэгч М... ХХК шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 87 700 төгрөг төлсөн, шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул тэмдэгтийн хураамжийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т заасныг баримтлан Ма... ХХК-аас 4 546 605 /дөрвөн сая таван зуун дөчин зургаан мянга зургаан зуун тав/ төгрөг гаргуулахыг хүссэн М... ХХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар М... ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 87 700 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                       Р.АЛТАНТУЯА

                                               ШҮҮГЧИД                       Ч.МӨНХЦЭЦЭГ

                                                                                        Ш.ОЮУНТУУЛ