Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 01 сарын 12 өдөр

Дугаар 102/ШШ2023/00228

 

 

 

 

 

2023 оны 01 сарын 12 өдөр                         Дугаар 102/ШШ2023/00228                       Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Нийслэлийн Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Р.Алтантуяа даргалж, тус шүүхийн хуралдааны 1 дүгээр танхимд хийсэн хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүргийн ... дүгээр хороо, Энхтайваны өргөн чөлөө ...., өөрийн байр, регистр ..., Х... ХХК,

Хариуцагч: Баянгол дүүргийн ...дугаар хороо, Үйлдвэрийн төвийн бүс /16010/, Энхтайваны өргөн чөлөө ...-р байр, ... тоотод оршин суух, регистр  ., Х.. ов.огтой А...ийн М.,

Хариуцагч: Баянгол дүүргийн ... дугаар хороо, Үйлдвэрийн төвийн бүс /16010/, Энхтайваны өргөн чөлөө 45/1-р байр, 25 тоотод оршин суух, регистр ..., А... овогтой Б.ын Я..,

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээ цуцлах, 42 526 333 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг хүссэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Т...,  хариуцагчийн өмгөөлөгч Р.Б... /үнэмлэх 1023/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Э..нар оролцов.

Хариуцагч А.М.. Б.Я... нар нь шүүх хуралдааны мэдэгдлийг хүлээн авсан боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул тэдний эзгүйд хэргийг шийдвэрлэлээ. 

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Шүүх нэхэмжлэлийн шаардлагаас гэрээ цуцлах, 42 499 333 гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах шаардлагыг хангаж, 27 000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

2. Нэхэмжлэгч нь А.М..., Б.Я... нарт холбогдуулан зээлийн гэрээ цуцлах, 42 526 333 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэл гаргаж, үндэслэлээ дараах байдлаар тодорхойлжээ.  

Үүнд: Зээлдэгч А.М.., Б.Я.. нар нь “Х..” ХХК-тай 2012 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн ЗГ-12/107 тоот “Орон сууцны зээлийн гэрээ”, “Үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ”  байгуулан 46 000 000 төгрөгийг жилийн 18 хувийн хүүтэй, 15 жилийн хугацаатай зээлсэн. Зээлдэгч А.М..., Б.Я... нарын өмчлөлийн Улсын бүртгэлийн Ү-2205... дугаартай, Баянгол дүүрэг, ... дугаар хороо, Үйлдвэрийн төвийн бүс /16010/, Энхтайваны өргөн чөлөө ...-р байр, ... тоотод нэг өрөө 38,5 м.кв талбайтай орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг холбогдох хууль тогтоомжид заасны дагуу барьцаалж, үүргийн гүйцэтгэлийг баталгаажуулсан. Зээлдэгч нар нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж, зээлийн төлбөрийг хуваарийн дагуу төлж барагдуулаагүйгээс 2020 оны 8 дугаар сарын 09-ний өдрөөс үндсэн зээлийн өр үүссэн бөгөөд гэрээний үүрэг зөрчигдөж байгааг удаа дараа мэдэгдэж, 2017 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийг 7-460/714 тоот “Үүргээ гүйцэтгэхийг шаардах тухай”, 2018 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн 5/512 тоот “Үүргээ гүйцэтгэхийг шаардах тухай”, 2018 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 5/4258 тоот “Үүргээ гүйцэтгэхийг шаардах тухай”, 2022 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн “Үүргийн гүйцэтгэлийг шаардах тухай”  албан тоот мэдэгдлийг тухайн бүрт нь өгч,  зээлдэгч Б.Я...д танилцуулж, гарын үсэг зуруулан баталгаажуулж байсан. Зээлдэгч Б.Я... нь 2022 оны 8 дугаар сарын 19-ний өдөр төлж барагдуулна гэх хүсэлт гаргаж, зөрчлийг арилгах боломжийг олгосон боловч гэрээний үүргээ өнөөдрийг хүртэл биелүүлээгүй. Иймд гэрээг цуцлах, зээлдэгч нь 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн байдлаар үндсэн зээл 31 009 740.74 төгрөг, зээлийн үндсэн хүү 11 368 336.76 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 121  256.15 төгрөг, нотариатын зардал 27 000 төгрөг нийт 42 526 333.65 төгрөг гаргуулах, хариуцагч нар шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Баянгол дүүрэг, 5 дугаар хороо, Үйлдвэрийн төвийн бүс /16010/, Энхтайваны өргөн чөлөө ...-р байр, 25 тоотод нэг өрөө 38,5 м.кв талбайтай орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэв.

   2.Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: Б.Я.... А.Мөнгөнцэцэг 2 хүүхдийн хамт бид нар өөрийн орон сууцтай болгох зорилгоор Баянгол дүүргийн ... дугаар хороо Үйлдвэрчний төвийн бүс, Энхтайваны өргөн чөлөө ... дүгээр байрны ... тоот 1 өрөө орон сууцыг ипотекийн зээлээр худалдан авсан. 2012 оны 11 дугээр сарын 29 өдрөөс тасралтгүй зээлээ 2020 оны 08 дугаар сар хүртэл зээлээ графикийн дагүу төлсөн. Гэтэл тухайн үед Ковид-19 цар тахал гарч уг нөхцөл байдлын улмаас удаа дараагийн хөл хорио, хязгаарлалт тогтоосноор бидэнд их хүндээр тусаж, ажил хөдөлмөр хйих боломжгүй болсноор Худалдаа хөгжлийн банкинд ипотекийн зээлийн эргэн төлөлтийг хойшлуулж өгнө үү гэсэн хүсэлтийг тавьсан. Цар тахал, хөл хорионд дөрлүүлж, цаг үе бэрх байсан үед иргэдэд эдийн засгийн дэмжлэг үзүүлэх зорилгоор төрөөс хэд хэдэн арга хэмжээ авсны нэг нь орон сууцны ипотекийн зээлийг хойшлуулах явдал байсан бөгөөд Засгийн газраас 2020 оны 3 дугаар сард ипотекийн зээлийн эргэн төлөлтийг хойшлуулах, нэмэлт хүү төлбөр тооцохгүй байх шийдвэрийг гаргаж байсан. Түүнээс хойш цар тахлын хуулийг сунгасантай холбоотойгоор тус шийдвэрийг хэд хэдэн удаа сунгаж, хоёр жил гаруй хугацаанд хэрэгжиж байгаа. Энэ шийдвэр дахин сунгаж ирэх оны долоодугаар сар хүртэлх хугацаагаар хойшлуулж магадгүй гэж байгаа билээ. А.Мөнгөнцэцэг би нөхөртэйгээ машин угаалгын газар болон хаана л ажиллаж болох, хөл хорионы зав завсар зайгаар ажиллаж байгаа газар очиж цэвэрлэгээ болон хар бор ажлыг хийж байгаад зээлээс бага ч гэсэн хасагдаж бай гээд 2021 оны 1 сард ипотекийн зээлэнд 1 020 000 төгрөгийг хийж байсан. Өөрсдийн амьдарч байгаа орон байраа алдахгүйн тулд нөхөр бид хоёр ямар ч хамаагүй ажил хийж зээлээ хугацаанд нь төлж байсан. Гэтэл шүүхэд Үндсэн зээл 31,009,740,74 төгрөг, зээлийн үндсэн хүү 11,368,336,76 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 121,256,15 төгрөг, нотиариатын зардал 27000 төгрөг, нийт 42,526,333,65 төгрөгийг нэхэмжилснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Монгол Улсын Үндсэн хуулинд хүн бүр тэгш эрхтэй байх, Иргэний хуулинд иргэний эрх зүйн харилцаанд оролцогчдын эрх тэгш эрхтэйгээр байхаар заасан байхад манай гэр бүлд ганцхан яагаад цар тахлын хууль хэрэгждэггүйд гайхаж байна. Цар тахлын үед зээлээ төлөх байтлаа идэх уух зүйлгүй болоод хүнд хэцүү байсан бөгөөд зээл төлөх мөнгөө ахуйн хэрэглээндээ болон хүнсэндээ хэрэглэж Ковидыг даван туулж байсан. 2023 оны 01 сараас нөхөр бид хоёр зээлээ төлж эхлэх бөгөөд зээлийн гэрээний хугацаа дуусаагүй байхад зээлийн гэрээг цуцлаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна.Зээлийн гэрээний үүрэг зөрчсөн талаар ямар нэгэн мэдэгдэл өгч байгаагүй, гэрээ цуцлах журам хэрэгжээгүй , хэрвээ бид нарын гаргасан хүсэлтийг хүлээн аваагүй бол тэр талаараа мэдэгдэх ёстой бөгөөд зээлийн хүү бодогдож явж байгааг 2 жил гарангийн хугацаанд мэдэгдээгүй байтлаа гэнэт л шүүхэд нэхэмжлэл гаргасанд гайхаж байна. Бүхэл бүтэн 8 жил ипотекийн зээлийг төлөх гэж нөхөр бид хоёр 2 хүүхдээ ч үнэтэй ч хувцас авч өгч чадахгүй, хямдхан хувцас авч, хоол ундаа ч гэсэн хямагдаж зээлээ төлдөг байсан бөгөөд 2027 онд дуусах байсан хойшлогдоод 2029 онд дуусах ипотекийн зээлийг төлөөд орон байртай болно гэж бүх хүч хөдөлмөрөө зарцуүлж байсан. Иймд Х...ны гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байх тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 3.Хариуцагчийн өмгөөлөгч Р.Б... шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй. 2012 оны 11 дүгээр сарын 29-ний өдрөөс зээлээ тасралтгүй төлж байгаад 2020 оны 8 дугаар сараас зөрчил үүсэж эхэлсэн, тухайн үед ковид-19 цар тахал гарч, хөл хорио тогтоож, нийтэд илэрхий хүндэтгэн үзэх шалтгаан бий болсон. 2022 оны 2 дугаар сарын 14-ний өдөр гэхэд бүх нийтийн өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжих тухай Засгийн газрын 62 дугаар тогтоол гарсан. Энэ нь нийтэд илэрхий, хүндэтгэн үзэх шалтгаан мөн. Цар тахлаас урьдчилан сэргийлэх, үр нөлөөг арилгах Улсын их хурлын хуулийн үйлчлэл 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дуусгавар болсон. Өөрөөр хэлбэл, 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл хугацаанд цар тахлын хүндэтгэн үзэх нөхцөл байдал, түүний үр нөлөөг арилгах хууль хүчин төгөлдөр хэрэгжиж байгаа. Энэ хугацаанд хүндэтгэн үзэх шалтгааны улмаас эдийн засаг хямарч, хариуцагч нарын санхүүгийн боломжид хүндрэлтэй нөхцөл байдал бий болж, зээлийн эргэн төлөлтийн хуваарь зөрчигдсөн байдаг. Тиймээс гэрээний үүрэг шууд зөрчигдсөн гэж үзэх үндэслэл болохгүй. Тухайн үед хариуцагч нарын зүгээс хугацааг хойшлуулах хүсэлтийг банканд явуулсан. Хүсэлтийг хүлээж авсан гэж үзэж байгаа үндэслэл нь “Х...” ХХК шаардахгүй байж байгаад 2022 оны 8 дугаар сарын 05-ны өдрөөс эхэлж шаардсан. Тиймээс хүндэтгэн үзэх шалтгааны улмаас зээлийн эргэн төлөлтийн хуваарь зөрчигдсөн гэж үзэх үндэслэлтэй байна. Хүндэтгэн үзэх шалтгааны улмаас зээлийн эргэн төлөлт бөөгнөрсөн бол гэрээний үүрэг зөрчсөн гэж үзэхгүй. Бөөгнөрсөн мөнгөн дүнг хэзээ төлөх асуудал яригдах ёстой. Зээлийн гэрээний үүрэг дуусгавар болтол төлөх хуулийн зохицуулалт байгаа. Зээлийн гэрээний хугацаа 2027 онд дуусна. Хүндэтгэн үзэх шалтгаан арилснаас хойш хугацаагаараа төлөлтөө хийгээд явах эрх зүйн нөхцөл байгаа. Түүнээс биш гэрээг цуцлах үндэслэл болохгүй.  16 хувиар тооцсон зээлийн эргэн төлөлтийн хувиар дээр Б.Я... гэх хүн гарын үсэг зураагүй. Б.Я... гарын үсэг зураагүй байгаа учраас зээлийн гэрээний төгсгөлд төлөх эрх үүсэж байгаа. Б.Ядамдоржид зөрчигдсөн үүрэг байхгүй, зээлийн гэрээний эцэст төлөхөөр бол Б.Я...д өмчлөлийн байраар үүргийн гүйцэтгэл хангуулах шаардлага нь үндэслэлгүй. Гэрээ цуцлагдаагүй, хүчин төгөлдөр үйлчилж байгаа. Хэрвээ зөрчил гэж үзэж байгаа бол энэ нь ялимгүй зөрчил юм. Ялимгүй үндэслэлээр гэрээг цуцалж болохгүй гэсэн Иргэний хуулийн зохицуулалт байгаа. Эдгээр нөхцөл байдлыг харгалзан үзэхэд гэрээг цуцлах хангалттай үндэслэл бүрдээгүй байна. Гэрээ хүчин төгөлдөр үйлчилж байхад мөнгөө буцааж авна гэж ярьж байгаа нь үндэслэлгүй. Ковид-19 цар тахлын нөхцөл байдлын улмаас Монгол улсад санхүүгийн хүндрэлтэй нөхцөл байдал үүсэж, банкууд энэ байдлыг хүлээн зөвшөөрч зээлийн төлөлт хийх хугацааг хойшлуулах хүсэлтээ өгснөөр хугацааг нь хойшлуулж, хугацааг хойшлуулснаар зээлийн эргэн төлөлтийг яаж төлөх талаар талууд тохиролцож, хуваарь гаргаж явдаг. Энэ нь зээлийн хорооны шийдвэрээс тодорхой харагдаж байгаа. Бүх нийтээр илэрхий байгаа ч гэсэн банк үүрэг хүлээж, хүсэлтээ өгөх албан бичгийг зээлдэгч нарт хүргүүлж, хүсэлтээ өгөхийг сануулсаар байхад өгөөгүй асуудлуудыг тодорхой болгож байж зээлийн гэрээний үүрэг зөрчигдсөн асуудал яригдах болохоос биш, нэг тал нь дотооддоо шийдвэр гаргаж,  зээлдэгч нарт мэдэгдээгүй байж та нар шийдвэрийг хэрэгжүүлэх хүсэлтээ өгөөгүй учраас  гэрээний үүрэг зөрчсөн нь хүндэтгэн үзэх шалтгаан биш гэсэн агуулгатай нэхэмжлэл гаргаж байгаа нь үндэслэлгүй байна. 15 жилийн хугацаатай байгуулагдсан зээлийн гэрээний 10 жил нь төлөгдсөн, одоо 5 жилийн хугацаа байгаа. Эдгээр нөхцөл байдлыг шүүх анхаарч үзнэ үү, гэрээний үүрэг зөрчигдсөн гэж үзэхгүй байгаа бол хуримтлагдсан төлбөр хэзээ төлөх талаарх нөхцөлүүдийг анхаарч үзэх шаардлагатай. Хамтран үүрэг гүйцэтгэгчийн хувьд эргэн төлөлтийн хувиар  дээр гарын үсэг зураагүй учраас гэрээний эцэст үүргээ төлөх ёстой. Тиймээс “Х...” ХХК гаргасан нэхэмжлэлийн хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

4.Нэхэмжлэгчээс: ХХБ-ны улсын бүртгэлийн гэрчилгээ /хх 4-5/, нотариатын зардал төлсөн баримт /хх 5/, итгэмжлэл /хх 11-12/, Орон сууцны зээлийн гэрээ, барьцааны гэрээ хуваарь /хх 13-21/, ҮХЭХ-ийн гэрчилгээ, анкет /хх 22-24/, зээлийн тооцоолол /хх 25-28/, мэдэгдэх хуудас /хх 29-31/, тодорхойлолт /хх 32/,

Шүүхээс: Зээлийн хорооны 2020-12-01-ний өдрийн шийдвэр зэрэг баримтуудыг гаргажээ.    

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Нэхэмжлэгч Х... ХХК нь А.М.., Б.Я.. нарт холбогдох зээлийн гэрээ цуцалж, 42 526 333 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэлээ.

 

2.Хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдсон байна.

Худалдаа хөгжлийн банк нь А.М.., Б.Я.. нартай 2012 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн ЗГ-12/107 тоот орон сууцны зээлийн болон барьцааны гэрээ  байгуулж 46 000 000 төгрөгийг жилийн 6 хувийн хүүтэй, 15 жилийн хугацаатай зээлүүлэх, барьцааны гэрээ гэрээгээр улсын бүртгэлийн Ү-2205... дугаарт бүртгэгдсэн Баянгол дүүргийн 5 дугаар хороо, Үйлдвэрийн төвийн бүс /16010/, Энхтайваны өргөн чөлөө ..-р байр, ... тоот 1 өрөө 38.5 м.кв талбай бүхий сууцыг барьцаалахаар тохирчээ. Талууд 2016 оны 8-р сарын 26-ны өдөр “Орон сууцны нэмэлт гэрээ” байгуулж, гэрээнд 2.5 дахь заалт нэмж, зээлийн хүүг жилийн 18 хувь буюу сарын 1.5 хувь болгон өөрчилсөн байна.

Талуудын хооронд Иргэний хуулийн 451-р зүйлд заасан зээлийн гэрээ байгуулагдсан, барьцааны гэрээг энэ хуулийн 156-р зүйлийн 156.1, 156.2 дахь хэсэгт зааснаар бичгээр хийсэн, үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг нотариатаар гэрчлүүлж, улсын бүртгэлд бүртгүүлсэн, зээлийн болон барьцааны гэрээ хүчин төгөлдөр /хх 13-21, 59/ байна. 

Зээлдүүлэгч нь зээлдэгчийн 49000... тоот дансанд 2012 оны 12-р сарын 10-ны өдөр 46 000 000 төгрөг шилжүүлсэн /хх 15-17/, харин зээлдэгч гэрээний хугацаанд үндсэн зээлд 14 990 259.26 төгрөг, зээлийн хүүнд 30 555 575.72 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 28 501 төгрөг төлж, бусад зээл, зээлийн хүүг эргэн төлөх хуваарийн дагуу төлөөгүйгээс талуудын хооронд маргаан гарчээ. Хариуцагч зээл, хүү төлсөн үнийн дүнгийн талаар маргаагүй байна.

 

Зээлдэгч нь гэрээний 2.1, 2.5-д заасан зээл, зээлийн хүүгийн төлбөрийг гэрээний 3.1-д заасан хугацаа, хавсралт 1-д заасан хуваарийн дагуу төлөх үүргээ 2017 оноос зөрчсөн, улмаар 2017 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийг 7-460/714 тоот “Үүргээ гүйцэтгэхийг шаардах тухай”, 2018 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн 5/512 тоот “Үүргээ гүйцэтгэхийг шаардах тухай”, 2018 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 5/4258 тоот “Үүргээ гүйцэтгэхийг шаардах тухай” мэдэгдлийг удаа дараа өгч /хх 30-31/ байжээ.

 

Зээлдэгч нар  дахин 2020 оны 8-р сарын 9-ний өдрөөс үүргээ биелүүлээгүйгээс зээлдүүлэгч 2022 оны 08-р сарын 5-ны 5/7288 тоот мэдэгдэл /хх 29/ өгсөн, мэдэгдлийг зээлдэгч Б.Я... хүлээн авч 14 хоногийн дотор зөрчлөө арилгахаар тодорхойлсон, үүгээр зээлийг төлөх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй байна. Иймд гэрээг цуцлах, төлбөр гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцааны хөрөнгөөр хангуулах нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй.

 

Энэ нь гэрээний 9-р зүйлийн 9.2.3-т заасан зээлийн гэрээгээр тохиролцсон хуваарийн дагуу төлбөрөө бүрэн болон хэсэгчлэн төлөлгүй 90 хоног хугацаа хэтэрсэн гэрээг цуцлах үндэслэл болсон, нэхэмжлэгч  зээлийн гэрээг цуцлах, төлөгдөөгүй зээл 31 009 740.74 төгрөг, зээлийн хүү 11 368 336.76 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 121 256.15 төгрөгийн тооцооны талаар маргаагүй байна.

 

Харин хариуцагч ...ковид цар тахлын үед гарсан хууль бидэнд үйлчлээгүй, зээл төлөлтийг хойшлуулаагүй, зээл төлөх хуваарьт Б.Я... гарын үсэг зураагүй гэж маргадаг боловч энэхүү тайлбар, татгалзал нь зээлийн гэрээний үүргээ биелүүлэхгүй байх, зээлийн эргэн төлөлтийн хуваарьт Б.Я... гарын үсэг зураагүй нь гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэл болохгүй. 

 

Монгол улсын Их хурлаас 2020 оны 04 сарын 29 өдөр “Коронавируст халдвар  /ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай” хууль батлагдсан бөгөөд энэ хуулийн 10-р зүйлийн 10.7.Төрөөс хэрэгжүүлж байгаа орон сууцны ипотекийн хөнгөлөлттэй хүүтэй зээлийн төлбөрийн үүргийн гүйцэтгэлийг зээлийн үндсэн болон хүүгийн төлбөрийн үлдэгдэл хэмжээг нэмэгдүүлэхгүйгээр энэ хуулийн 18.1-д заасан хугацаа хүртэл хойшлуулах, 10.8.Энэ хуулийн 10.7-д заасан зээлийн гэрээний хугацааг сунгахад зээлдэгчийн саналыг үндэслэн банкны танилцуулсан зээлийн гэрээнд оруулах нэмэлт, өөрчлөлтийн саналыг зээлдэгч хүлээн зөвшөөрснөө энэ хуулийн 10.9-д зааснаар илэрхийлснийг банк хүлээн авснаар талууд гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулсанд тооцохоор хуульчилж, 18-р зүйлийн 18.1-д зааснаар хууль 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал үйлчилжээ.

 

Зээлдэгч нар хуулиар тогтоосон хугацаанд болон Худалдаа хөгжлийн банкны банкны Зээлийн хорооны 2020 оны 12-р сарын 01-ний өдрийн шийдвэрийн дагуу ипотекийн зээлийн эргэн төлөлтийн хугацааг хойшлуулах тухай хүсэлт гаргаагүй, хүсэлт гаргаснаа нотолсон баримтыг шүүхэд гаргаагүй байна.

 

3.Нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргахдаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62-р зүйлд заасан нэхэмжлэлийн бүрдүүлбэрийн шаардлага хангах үүрэгтэй бөгөөд  нотлох баримтыг эх хувиар нь өгөх боломжгүй гэж үзэж нотариатаар гэрчлүүлсэн хуулбарыг хавсаргажээ. Бүрдүүлбэрийн шаардлага хангаж нотариатын зардалд 27 000 төгрөг төлснийг хариуцагчаас гаргуулах үндэслэлгүй тул нэхэмжлэлийн шаардлагаас хасч шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115-р зүйлийн 115.2.2, 116, 118-р зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

            1.Иргэний хуулийн 225-р зүйлийн 225.1 дэх хэсэг, 451-р зүйлийн 451.1, 453-р зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан Худалдаа хөгжлийн банк болон А.М... Б.Я... нарын хооронд байгуулсан 2012 оны 11-р сарын 29-ний өдрийн ЗГ-12/107 тоот “Орон сууцны зээлийн гэрээ”, “Үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ”,  2016 оны 8-р сарын 26-ны өдрийн ЗГ-12/107-01 тоот “Орон сууцны зээлийн нэмэлт гэрээ”-г тус тус цуцалж, А.М..., Б.Я... нараас 42 499 333 /дөчин хоёр сая дөрвөн зуун ерэн есөн мянга гурван зуун гучин гурав/ төгрөг гаргуулж Худалдаа хөгжлийн банканд олгож, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг буюу 27 000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

            2.Иргэний хуулийн 175-р зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нар нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцааны зүйл болох  улсын бүртгэлийн Ү-2205... дугаарт бүртгэгдсэн Баянгол дүүргийн ... дугаар хороо, Үйлдвэрийн төвийн бүс /16010/, Энхтайваны өргөн чөлөө .-р б..айр, ... тоот 1 өрөө 38.5 м.кв талбай бүхий сууцыг дуудлага худалдаагаар худалдсан үнээс үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

            3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 370 581 төгрөгийг улсын орлогот хэвээр үлдээж, хариуцагч нараас 370 446 /гурван зуун далан мянга дөрвөн зуун дөчин зургаа/ төгрөг гаргуулж Х...д олгосугай.

 

4.Шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах  эрхтэй.

 

 

                     

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                          Р.АЛТАНТУЯА